
2015 оны 9-р сарын 21-25-нд АНУ-ын орчин үеийн бүжгийн Northwest Dance Project (NWDP) компанийн хамт олон Улаанбаатар хотноо ирж, Монгол Улсад анхныхаа айлчлан тоглолтыг хийлээ. Монголын Урлагийн Зөвлөлөөс (МУЗ) санаачилж, АНУ-ын Төрийн Департаментын Соёлын элч хөтөлбөр болон Монголын дэмжигч байгууллагуудын дэмжлэгтэйгээр АНУ-ын Элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулсан тус айлчлалын хүрээнд бүрэн хэмжээний тоглолт болон семинар, сургалтыг зохион байгуулсан юм. Соёлын элч хөтөлбөрийн зорилго нь “АНУ-ын соёлыг дэлхийд сурталчлах, хоёр орны хоорондын соёлын ойлголт, хамтын ажиллагааг хөгжүүлэх” юм.
NWDP Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын бүжигчдийг оруулсан нийт 100 гаруй залуу бүжигчдэд семинар, мастер хичээл явуулж аялан тоглолтоо нээсэн ба гэрэлтүүлгийн болон тайзны 50 гаруй мэргэжлийн инженерүүд, зохион бүтээгчдэд тайзны гэрэлтүүлгийн дизайн, тайзны менежмент чиглэлээр мөн сургалт зохион байгууллаа. NWDP-ын айлчлалын багт найман бүжигчин, гурван продакшин багийнхнаас гадна тус компанийн Уран сайхны найруулагч Сара Слипэр нар байсан.

9-р сарын 25-ны Баасан гарагт NWDP Дуурь бүжгийн эрдмийн театр дээр “АНУ-ын орчин үеийн бүжгийн шөнө” тоглолтоо тавьсан ба тус тоглолтоор Лукас Кранделын “Цэнхэр,” Сара Слипэрийн “Дурсамжийн гэр,” Жири Покорнигийн “Чамайг иргэж ирэх хооронд”болон Ихсан Рустаны “Эх хэл” зэрэг шинээр гарч ирж буй бүжиг дэглээчдийн бүтээлүүдийг үзэгчдэд хүргэсэн.
МУЗ-ийн Урлагийн хөтөлбөрийн захирал Б.Номинтуяа хэлэхдээ, “Бид NWDP-ыг авчирсандаа маш их баяртай байна. Учир нь тэдний уран сайхны мэдлэг, өвөрмөц бүтээлүүд болон соёлын олон талт байдал нь Монголын үзэгчид, урлагийнхантай холбогдож, бидний нүдийг нээсэн, туршлага судлах боломжийг олгосон сайхан хөтөлбөр байлаа.”
NWDP нь 2004 онд үүсгэн байгуулагдсан ба хэрвээ та тус компанийн тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл вэб хуудсанд нь зочилно уу. NWDP-ын аяллын зургаас үзэхийг хүсвэл энд дарна уу.