Хилийн чанад дахь аюулгүй байдлын зөвлөл

Хилийн Чанадын Аюулгүй Байдлын Зөвлөгөө Өгөх Зөвлөл (ХЧАБЗӨЗ) нь анх 1985 онд Холбооны Зөвлөгөө өгөх зөвлөлийн хуулийн дагуу Америкийн хувийн хэвшил, АНУ-ын Төрийн Департаментийн хоорондох аюулгүй байдлын хамтын ажиллагааг дэлхийн өнцөг булан бүрт дэмжих зорилгоор байгуулагджээ. Тус байгууллага АНУ-ын компани, байгууллагууд гадаад орон дахь аюулгүй байдлын асуудлаар хэрэгцээт дэмжлэг, хэрэгсэлээ авдаг хамтын ажиллагааны томоохон байгууллага болон өргөжсөн байна. ХЧАБЗӨЗ нь АНУ-д байрладаг болон гадаад улс оронд бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллагуудад үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг юм.

ХЧАБЗӨЗ нь Америкийн хувийн хэвшилтэй ялангуяа боловсон хүчин, барилга байгууламж, хөрөнгө оруулалт, ашиг сонирхол мөн оюуны өмчид нь учирч буй заналхийлэл, аюул ослыг тодорхойлон илрүүлэх, мөрдөх чиглэлийн үр ашигтай хамтын ажиллагааг дэмжиж ирсэн. Түүнчлэн, гэмт хэргийн талаархи цаг үеэ олсон мэдээллийг хүргэж шинэ зах зээлийн орчны аюулгүй байдлын өнөөгийн болон ирээдүйн талаархи үнэн зөв үнэлгээг бий болгоход тусладаг.  Аюулгүй байдлын чухал мэдээллүүдийг хэрэгцээтэй хүнд хэрэгтэй үед нь хүргэхээр ХЧАБЗӨЗ нь өдөр бүр 24 цаг нээлттэй ажиллаж хурдацтай өөрчлөгдөн буй гадаад орнуудын аюулгүй байдлын талаархи асуултанд шинжээчийн дүгнэлт хариултыг өгдөг.

ХЧАБЗӨЗ-ийн цахим хуудсанд www.OSAC.gov аюулгүй байдал, хамгааллын талаархи сүүлийн үеийн мэдээлэл, олон нийтийн зар мэдээлэл, Консулын хэлтсийн тойм мэдээ, аялалын зөвлөгөө, чухал тэмдэглэлт үйл явдлууд, террорист бүлгүүдийн мэдээлэл, тухайн орны гэмт хэрэг, аюулгүй байдлын тайлан, тодорхой сэдвүүдээр гарсан тайлан, олон улсын мэдээний агентлагуудын тайлан гэх мэт олон талын мэдээлэл багтсан буй.  Мөн түүнчлэн, зөвхөн АНУ-ын хувийн хэвшлүүдэд үйлчлэх зорилготой олон улсын аюулгүй байдлын судлаач нарын баг ажиллаж мэдээлэл солилцдог юм. Түүнээс гадна ХЧАБЗӨЗ дэлхийн олон улсад байрладаг АНУ-ын ЭСЯ, Консулын газруудыг тухайн оронд ажиллаж амьдардаг Америкийн иргэдтэй холбон мэдээлэл солилцох бололцоог хангадаг Гадаад орны зөвлөлүүдийн сүлжээг ажиллуулдаг.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.OSAC.gov цахим хуудаснаас авна уу.