Делоитт Онч Аудит ХХК-ийг үүсгэн байгуулагч төгсөгчид, залуу удирдагчидтай уулзаж “Миний амжилтын аялал: 7+1 дадал” сэдвээр яриа хийлээ

Blue Sky цамхгийн Diamond зааланд хийсэн илтгэл дээрээ Ончинсүрэн өөрийн амжилтад хөтөлсөн дадлуудаасаа хуваалцлаа.
Blue Sky цамхгийн Diamond зааланд хийсэн илтгэл дээрээ Ончинсүрэн өөрийн амжилтад хөтөлсөн дадлуудаасаа хуваалцлаа.

2015 оны 3 сарын 27-нд Делоитт Онч Аудит ХХК-ийг үүсгэн байгуулагч Дэндэвсамбуугийн Ончинсүрэн Америкт төгсөгч монголчуудын “Хөгжлийн элч” (ХЭ) холбооны “Хүндэт зочин” хөтөлбөрийн 2015 оны гуравдагч зочноор оролцож өөрийн туршлага, санхүүгийн салбарын талаар яриа хийлээ.

Түүний “Миний амжилтын аялал: 7+1 дадал” илтгэлийг нийт 200 орчим АНУ-ын Төрийн департаментын хөтөлбөрт хамрагдсан төгсөгчид болон Монголын залуу удирдагчдад сонсож, түүнээс сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Хүндэт зочин хөтөлбөр бол Төгсөгчдийн холбооны Төгсөгчдийн хамтын инновацийн сангийн санхүүжилтээр хийгдэж буй есөн сар үргэлжлэх цуврал илтгэлийн хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр нь ардчилал болон хүний эрх, бизнес болон CSR буюу (аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлага), байгаль орчин ба шинжлэх ухаан гэсэн сэдвүүд дээр голчлон анхаарлаа төвлөрүүлнэ. Сэдэв тус бүрд гурван зочныг урьж оролцуулна.

Хөтөлбөр нь төгсөгчдийг нөлөө бүхий удирдагчид, хувь хүмүүстэй дээрх чухал сэдвүүдээр хамтарсан хэлэлцүүлэг хийх замаар үзэл санаа, урам зоригийг бий болгон төлөвшүүлэх нийтлэг платформ бүтээх зорилготой юм.