Хэвлэлийн мэдээ
2018 оны 3 дугаар сарын 6
Улаанбаатар хот
Мянганы Сорилтын Корпорацийн хөрөнгө оруулалтын явц ахицтай үргэлжилж байна
АНУ-ын Засгийн газрын Мянганы Сорилтын Корпорацийн (МСК) Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Жонатан Нэшээр ахлуулсан төлөөлөгчид энэ долоо хоногт Монгол Улсад айлчлан Ерөнхий сайд У. Хүрэлсүх болон бусад албаны хүмүүстэй уулзан усны асуудалд чиглэсэн тусламжийн томоохон хөрөнгө оруулалтыг урагш ахиулах талаар ярилцлаа.
“Монгол улсын Засгийн газрын гишүүдтэй хийсэн бидний уулзалт үр дүнтэй байж МСК-ийн тусламжийн үйл ажиллагаа амжилттай урагшилж байна” хэмээн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Жонатан Нэш хэлэв. Тэрээр мөн “МСК нь Монгол улстай байгуулсан харилцаагаа өндрөөр үнэлж байна. Иймд бид Улаанбаатар хотын урт хугацааны тогтвортой усны хангамжийг сайжруулах зорилттойгоор хамтран ажиллахдаа таатай байна. Ингэснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулж амьжиргааны чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой юм” хэмээлээ.
МСК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 2014 оны 12-р сард Монгол улсыг хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор сонгон шалгаруулсан. Түүнээс хойш МСК нь Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах хөтөлбөр боловсруулах чиглэлээр Монгол улсын Засгийн газартай хамтран ажиллаж байна. Хамтарсан эдийн засгийн дүн шинжилгээний үр дүнд ус болон эрүүл ахуйн хүртээмж нь үйлдвэрлэлийн салбар болон ядуу өрхүүдийн хувьд өртөг зардал өндөртэй байгаа нь Монгол улсын эдийн засгийн өсөлтөд саад учруулж буй хүчин зүйл гэдгийг тодорхойлжээ.
АНУ-ын Засгийн газрын бие даасан агентлаг болох МСК нь цэвэр ус, газар өмчлөх эрх, эрчим хүч, дэд бүтэц зам зэрэг төслүүдийг санхүүжүүлэхийн зэрэгцээ тухайн улс орны ард түмэн нь ядуурлыг даван туулж, тогтвортой аюулгүй улс орныг цогцлоож, бизнесийн шинэ боломжийг бий болгох бодлогын ба институцийн шинэтгэлийг давхар хийдэг. Компакт гэрээнд гарын үсэг зурсны дараа МСК-ийн түншлэгч орнууд компакт гэрээний хэрэгжилтийг хариуцах дотоодын найдвартай аж ахуйн нэгжийг байгуулдаг юм.
Монгол дахь МСК-ийн хөрөнгө оруулалт-ын тухай эндээс харж болно. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл press@mcc.gov хаягаар холбогдоно уу.
###