
2015 оны 4 сарын 22 буюу Дэлхийн өдрөөр АНУ-ын Элчин сайдын яамны Байгаль орчин, шинжлэх ухаан, эрүүл мэндийн хэлтсээс Жэфф Орловскийн найруулсан “Мөсний мөрөөр” баримтат киног Америкийн соёл мэдээллийн төвд монгол хэл дээр толилууллаа. Тус арга хэмжээг Цэнгэг усны хүрээлэнтэй хамтран зохион байгуулав. Мөсний мөрөөр баримтат кино нь гэрэл зурагчин Жэймс Балог болон түүний багийнхан хайлан алга болж буй мөсөн голуудын зургийг баримтжуулж байгаа тухай өгүүлдэг.
Уг киног үзэхээр уур амьсгалын судлаачид, оюутан сурагчид ирсэн бөгөөд хэлэлцүүлэгт Монгол Улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн багш З.Мөнхцэцэг, Цэнгэг усны хүрээлэнгийн мэргэжилтэн Г. Анар болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн зохицуулах албаны мэргэжилтэн Ц.Гэрэлт-Од нар уригдан оролцов.
Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй орнуудын нэг бөгөөд албаны хүмүүсийн ярьж байгаагаар, 1940 оноос хойш Монголын агаарын температур дэлхийн дунджаас гурав дахин өссөн байна.

Хэлэлцүүлгийн үеэр зочид болон оролцогчид Улаанбаатар хот болон Монгол улсын уур амьсгалын өөрчлөлт, түүний үзүүлэх нөлөө, үүнийг хэрхэн шийдвэрлэж болох талаар санал бодлоо солилцлоо. Нэгэн залуу оролцогч, уг баримтат киног үзсэнээр уур амьсгалын өөрчлөлт гэж юу болох, энэ талаарх түүний ойлголтыг өөрчилж нүдийг нь нээсэн арга хэмжээ боллоо хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Мөн нэг оролцогч агаарын дундаж температурын өөрчлөлт усны нөөцөд хэрхэн нөлөөлж байгаа талаар мэдэхийг хүсэж байсан бол өөр нэг нь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдээллийг олон нийт, мэргэжлийн бус хүмүүст ойлгуулах, хамгийн чухал нь, нүүрс төрөгчийн ялгарлыг багасгахын тулд иргэн бүр юу хийж болох талаар нийтэд илүү сайн сурталчлах хэрэгтэй байгаа тухай ярьж байв.
Тэд мөн уур амьсгалын өөрчлөлтийг Балогийн гэрэл зургуудаар харуулсан нь ямар нэгэн график, статистик тоо харуулснаас илүү үнэмшилтэй, сэтгэлд хүрч чадсан бүтээл боллоо хэмээн дүгнэсэн бөгөөд зарим нь энэ киног өөр олон мэргэжилтэн, жирийн иргэдэд үзүүлэх хэрэгтэйг онцоллоо.