Фулбрайтын Монгол хэлний туслах багшийн хөтөлбөр

Фулбрайтын Монгол хэлний туслах багшийн хөтөлбөр гэж юу вэ?

АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын товчооны санхүүжилттэй Фулбрайтын Монгол хэлний туслах багшийн (МХТБ) хөтөлбөр нь АНУ-ын коллеж, их дээд сургуулиуд дахь гадаад хэлний сургалтыг бэхжүүлэхийн зэрэгцээ Англи хэлний монгол багш нарт Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, заах ур чадвараа сайжруулах, Америкийн соёл, зан заншлын талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх боломжийг олгодог.

Тус хөтөлбөр нь 1968 оноос хойш Фулбрайтын Гадаад оюутны хөтөлбөрийн салшгүй хэсэг байсаар ирсэн бөгөөд Англи хэлний залуу багш нарт (долоогоос дээшгүй жил багшилсан туршлагатай) АНУ-ын их дээд сургуульд нэг хичээлийн жилийн хугацаанд Монгол хэлний туслах багшаар ажиллах боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Америк судлал, Сэтгүүл зүй, Хэвлэл мэдээлэл, Америк/Англи уран зохиолын болон Монгол хэлний багш нар тус хөтөлбөрт өргөдөл гаргах боломжтой ба зарим онцгой тохиолдолд хөтөлбөрт хамрагдах боломжтой.

АНУ-ын Засгийн газрын бүх тэтгэлэгт хөтөлбөрүүд тэгш боломжийн зарчмуудыг баримталдаг. Хөтөлбөрийн шалгуурыг хангасан хүн бүр хүйс, бэлгийн чиг хандлага, хөгжлийн бэрхшээл, арьсны өнгө, нас, улс төр, шашны итгэл үнэмшлээс үл хамааран өргөдөл гаргах боломжтой.

Сонирхсон багш нар Фулбрайтын МХТБ-ын хөтөлбөрийн вебсайтаар орж нэмэлт мэдээлэл аваарай: https://foreign.fulbrightonline.org/about/flta-program

Фулбрайтын МХТБ-ын хөтөлбөрт хамрагдагч нь хүлээн авагч институт дээрх Монгол хэлний хөтөлбөрийг дэмжиж эсвэл шинээр Монгол хэлний хөтөлбөр хөгжүүлж, долоо хоногт 20 хүртэл цагийн Монгол хэлний хичээл хамтран заах, Америк оюутнуудад Монгол хэл, соёлоо хуваалцах үүрэгтэй. Хүлээн авагч сургууль болгон дээрх МХТБ-ын үүрэг харилцан адилгүй байна – зарим МХТБ нь хичээлээ бие даан удирдан явуулдаг бол зарим нь харилцан ярианы групп удирдах, олон нийтийн ажилд оролцох, хэлний лабораторид ажиллах, хичээлийн материал хөгжүүлэх чиглэлээр ажиллах гэх мэт хичээлээс гадуурх тогтсон хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлэн ажилладаг. арга хэмжээ, лекц унших, хувь нэмэр оруулах.

МХТБ нь хичээл заах үндсэн үүргээс гадна өөрийн хүлээн авагч сургууль дээрээ хувийн болон мэргэжлийн зорилготойгоо холбоотой мэдлэг нэмэгдүүлэх, хамт суралцах Америк оюутнуудтай өөрийн санал бодол, соёлоо хуваалцах боломж олгох хичээлүүдийг дагалдан эсвэл кредиттэй судлах үүрэгтэй.

Фулбрайтын МХТБ нь өөрийн хүлээн авагч институт дээрээ хичээлээс гадуурх соёлын өдөрлөг, ярианы клуб зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахаас гадна амьдарч буй орчин, хороондоо олон нийтийг хамарсан ижил төстэй хөтөлбөрүүдийг зохион байгуулах үүрэгтэй.

Фулбрайтын МХТБ-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага болох Олон Улсын Боловсролын Хүрээлэнгээс (ОУБХ) АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын товчооны санхүүжилттэй дараах хоёр арга хэмжээг МХТБ нар санал болгодог. Үүнд АНУ-д хөтөлбөрөө эхлүүлэхээс өмнөх хөтөлбөрийн чиглүүлэх сургалт болон хөтөлбөрийн дунд үед зохион байгуулагддаг чадваржуулах сургалт орно.

2023-2024 оны хичээлийн жилийн хөтөлбөрт ковид-19 цар тахалтай холбоотой хичээлийн бэлтгэлийг онлайнаар хангах, хичээлээ зайнаас заах, хөтөлбөрийн чиглүүлэх сургалт болон чадваржуулах сургалтад виртуалаар оролцох зэрэг өөрчлөлт гарах магадлалтай тул сонирхсон багш нар уян хатан байх шаардлагатайг анхаарна уу.

Тус хөтөлбөр нь Америкийн боловсролын олон талт байдлыг илэрхийлсэн АНУ-ын бүх 50 муж дахь байгууллагуудад оролцогчдыг байрлуулах зорилготой ба Фулбрайтын МХТБ нь хүлээн авагч байгууллагаа өөрөө сонгох боломжгүй байдаг болно.

Фулбрайтын МХТБ нь хөтөлбөрт хамрагдаж байх хугацаандаа соёлын солилцоонд хамрагдахаас гадна өөрийн заах аргазүйн болон Англи хэлний мэдлэгээ нэмэгдүүлэх боломжтой ба Америк оюутнуудаагаа харилцах, амьдарч буй хотынхоо олон нийтийн үйл ажиллагаанд оролцох замаар хоёр орны харилцан ойлголцлыг дэмжин ажилладаг.

МХТБ нь хөтөлбөрийн төгсгөлд эх орондоо эргэн ирж, АНУ-д байх хугацаандаа олж авсан мэдлэг, туршлагаа хуваалцах үүрэгтэй.

Фулбрайтын МХТБ-ын хөтөлбөр нь жил болгон нэг монгол Англи хэлний багшийг АНУ-ын их дээд сургуульд нэг хичээлийн жилийн турш Монгол хэлний багшаар ажиллах боломжоор хангадаг.

Хөтөлбөрийн үндсэн шалгуурууд:

  • Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсад оршин сууж байх
  • Их дээд сургууль, МСҮТ, коллеж эсвэл ЕБС-ийн Англи хэлний багш байх
  • 2024 оны 6 дугаар сарын 1-ны байдлаар TESOL, Монгол хэл эсвэл Англи хэлний чиглэлээрх дээд боловсролын зэрэг эзэмшсэн байх (бакалаврын эсвэл дүйх зэрэг)
  • Англи хэлний чадвар сайтай байх (TOEFL IBT 79-80, TOEFL ITP 550 эсвэл IELTS 6.0 оноотой байх)

Фулбрайтын МХТБ-ын хөтөлбөрт өргөдөл гаргагч нь туслах багшийн болон оюутны үүргийг амжилттай гүйцэтгэх чадвартай, эрч хүчтэй, карьерийн эхэн үедээ яваа сурган хүмүүжүүлэгч байх ёстой. Хөтөлбөрт оролцогч нь мэргэжлийн ур чадвартай байхаас гадна багш ажилтнуудтай нээлттэй харилцаатай байж, оюутны дотуур байранд байрлан амьдрах чадвартай байх шаардлагатай.

Хөтөлбөрийн ерөнхий шаардлагыг хангасан бөгөөд АНУ-ын Элчин сайдын яамнаас хэрэгжүүлдэг English Teaching Mentors хөтөлбөрт хамрагдагч эсвэл Фулбрайтын Англи хэлний туслах багш болон Access хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж байсан багш нарыг Фулбрайтын МХТБ-ийн хөтөлбөрт түлхүү дэмжих болно.  Иймд эдгээр хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж, хамрагдаж байсан багш нар өргөдлийн материал дээрээ дурьдаж өгнө үү.

Хөтөлбөрт өргөдөл гаргагч нь сонгон шалгаруулалтад оролцох, нэр дэвшигч байх бүх хугацаанд эх орондоо оршин сууж байх ёстой.  Хөтөлбөрт оролцогч нь хөтөлбөрийн төгсгөлд эх орондоо шууд буцан ирж J-1 визний хоёр жилийн хугацаанд эх орондоо оршин суух шаардлагыг хангах шаардлагатай бөгөөд хөтөлбөрийн хүрээнд олж авсан ур чадвар, мэдлэгээ хуваалцах замаар хоёр орны хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах үүрэгтэй.

Тус хөтөлбөрт АНУ-д байнгын оршин суугч статустай хүмүүс өргөдөл гаргах эрхгүй бөгөөд АНУ-д амьдарч байгаагүй эсвэл богино хугацаанд амьдарч байсан нэр дэвшигчдэд давуу эрх олгоно. АНУ д урт хугацаанд амьдарч байсан гэсэнд дараахийг хамруулж ойлгоно:

  • АНУ-д ойрын хугацаанд ажиллаж амьдарч байсан хүмүүс (сүүлийн таван жилд зургаа болон түүнээс олон сараар)
  • Сүүлийн долоон жилийн хугацаанд АНУ-ын их дээд сургуульд нэг болон түүнээс олон жилээр суралцсан хүмүүс.

Фулбрайт хөтөлбөрийн дүрэм журмын дагуу дараах хүмүүс ажил, холбоо, үйлчилгээгээ явагдаж байх хугацаанд эсвэл дуусгавар болсноос нэг жилийн дотор тус тэтгэлэгт хамрагдах боломжгүй болохыг анхаарна уу:

  • АНУ-ын Төрийн департамент эсвэл АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагт ажилладаг гадаад дахь АНУ-ын төлөөлөгчийн газрын ажилтнууд. Энэ заалтад цалинтай болон цалингүй бүх ажилчдыг (цагийн болон түр ажилчид, зөвлөхүүд, гадны ажилтан, хамт ажиллагсад, гэрээт ажилчид орно) багтаасан болно. Энэ заалт нь дадлагажигчдад хамаарахгүй.
  • Боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчооны аливаа солилцооны хөтөлбөрт оролцох хүмүүсийг сонгох, нэр дэвшүүлэх үүрэг хүлээсэн байгууллагатай холбоотой АНУ болон гадаадад байгаа байгууллагууд, тухайн байгууллагуудын хэлтсүүд, ажилтнууд, түүний дотор төлөөлөн удирдах зөвлөл эсвэл ижил төстэй бүлгийн гишүүд болон тухайн байгууллагуудтай холбоо бүхий хувь хүмүүс.
  • Дээрх заалтуудад дурьдсан хүмүүсийн ойрын гэр бүл (эхнэр эсвэл нөхөр болон асран хамгаалагч хүүхдүүд). Энэ заалт нь эцэг эхээсээ тусдаа, бие даан амьдардаг хүүхдүүдэд хамаарахгүй.

Фулбрайтын МХТБ-ийн хөтөлбөр нь гэр бүлтэй аялахыг зөвшөөрдөггүй болно.  Хөтөлбөрт оролцогч нь хөтөлбөрийн хугацаанд гэр бүлийн аль нэг гишүүнийг хүлээн авах боломжгүй болно.  Гэр бүл, найз нөхөд нь баярын амралтаар л зочлон ирэх боломжтой.  Хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаанд төрөх магадлалтай бие давхар оролцогчид хөтөлбөрт хамрагдах боломжгүй.

2023-2024 оны Фулбрайтын МХТБ-ий хөтөлбөрт өргөдөл гаргах сонирхолтой багш нар онлайн өргөдлийг материалын линкийг 2024 оны 6 дугаар сард хөтөлбөр зарлагдахад энэ хуудаснаас авна уу.

Бүрэн гүйцэд бөглөсөн онлайн өргөдлийн формд дараах материалыг хавсаргах шаардлагатай:

  • Дипломны хуулбар/ууд
    *Нотариатаар баталгаажуулсан их дээд сургуулийн дипломын бүх хэл дээрх хувилбаруудын скандсан хуулбарыг хавсаргах.
  • Дүнгийн хавтгайн хуулбар/ууд
    *Их дээд сургуулийн сургалтын албанаас албан тоот дээр хэвлэсэн, тамга тэмдэг бүхий дүнгийн хавтгайн эх хувийг скандсан хуулбарыг хавсаргах. Дипломын хавсралт нь дүнгийн хавтгайд тооцогдохгүй болохыг анхаарна уу.
    **Монгол хэл дээр үйлдэгдсэн тохиолдолд дүнгийн хавтгайн эх хувийг Англи хэл дээрх баталгаат орчуулгын хуулбарын хамт илгээнэ үү.
  • Тодорхойлох захидал
    *Таны академийн болон мэргэжлийн ур чадварыг гэрчилсэн гурван тодорхойлох захидал
    **Тодорхойлох захидлыг зөвхөн Англи хэл дээр хүлээн авна. Монгол хэл дээр үйлдэгдсэн тодорхойлох захидлын эх хувийг Англи хэл дээрх баталгаат орчуулгын хуулбарын хамт хавсаргана уу.
  • Англи хэлний албан ёсны шалгалтын оноо
    *TOEFL эсвэл IELTS онооны скандсан хуулбар
  • Товч намтар (дээд тал нь хоёр нүүр)

Өргөдлийг бөглөхдөө анхаарах зүйлс:

  • Өргөдлийн бүх материалыг Англи хэл дээр бүрдүүлэх.
  • Өргөдлийн материалын бүх асуултад хариулах.
  • Хөтөлбөрийн зарлалд дурьдаагүй нэмэлт материал өгөхгүй байх.
  • Монгол хэл дээр үйлдэгдсэн материалын эх хувийг Англи хэл дээрх баталгаат орчуулгын хуулбарын хамт хавсаргана уу.
  • Бүрэн гүйцэд бус өргөдлийн материал нь техникийн хувьд шаардлага хангаагүйд тооцогдож дараагийн шатны шалгаруулалтад дэвшихгүй болохыг анхаарна уу.

Өргөдлийн материалын аль ч хэсэгт бусдын санаа, судалгааг дурьдахдаа тодорхой ишлэл, дүрэм журмын дагуу оруулна уу.  Өргөдөл материал бүрийг тусгай програмаар шалгана.  Фулбрайт хөтөлбөр нь бусдын санааг санаатай болон санаандгүй хулгайлсан ямар ч үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй болно.

АНУ-ын Засгийн газрын бүх тэтгэлэгт хөтөлбөр нь сонгон шалгаруулалт дээр суурилсан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн нэр дэвшигчдийн онцгой нөхцөлийг тооцон үзэх ч эцсийн шийдвэрийг өргөдлийн чанар болон ярилцлагын үеэр үзүүлж буй нэр дэвшигчийн ерөнхий чадамж дээр тулгуурлан хийнэ. Бид нэр дэвшигчийн соёлын элч байх, нийгэмдээ буцаад сайн сайхныг авчрах хүсэл эрмэлзэл, чадамжийг давхар хардаг.

Фулбрайтын МХТБ-ын хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын үндсэн шатуудад:

Хөтөлбөрийн зарлал жил болгоны 6 дугаар сард тавигдаж, хоёр сарын хугацаанд өргөдлийн материалыг онлайнаар хүлээн авна. Өргөдлийн материал авч дууссаны дараа буюу 8-9 дүгээр саруудад Техникийн шалгалт, Өргөдлийн материалын хяналт хийгдэнэ.

Техникийн шалгалтаар дараах хоёр зүйлийг шалгадаг:

  • Өргөдөл гаргагч нь тавигдсан үндсэн шалгууруудыг хангасан эсэх
  • Өргөдлийн маягт болон хавсралт материалууд бүрэн байгаа эсэх

Техникийн шалгуурыг давсан өргөдлүүдийг Өргөдөл хяналтын хороонд илгээнэ. Энэ шатанд нэг өргөдөлтэй дор хаяж гурван хүн уншиж танилцана. Тус шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргачид нь ярилцлагын шатанд уригдана.

Ярилцлагыг ЭСЯ, АНУ-д Засгийн газрын тэтгэлэгт хамрагдагч болон болон мэргэжилтнүүдийн төлөөлөл удирдан явуулах ба дэлхийн хэмжээний өрсөлдөөнд Монгол Улсаас оролцох нэр дэвшигчийг сонгон шалгаруулна.

Энэхүү эцсийн шат буюу Фулбрайтын Гадаад Тэтгэлгийн Зөвлөлийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигч нь хөтөлбөрт хамрагдах эрхтэй болно.

Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад өргөдөл гаргагч нарын манлайлах болон оюутнуудтай ажиллах ур чадвар, Америк оюутнуудад төрөлх хэл, соёлоо заах сонирхол зэргийг онцлон авч үзнэ. Мөн олон нийтийн болон сургууль дээрх үйл ажиллагаанд оролцох замаар хүмүүстэй харилцаа холбоо тогтоож, амьдарч буй орчин, нийгмийнхээ нэг хэсэг болох чадамж, хүсэл эрмэлзэлтэй харилцааны өндөр чадамжтай, бүтээлч бөгөөд багаар ажиллах чадвартай бие даасан багш байх шаардлагатай.

Хөтөлбөрийн тухай ямар нэг асуултад утсаар хариу өгөхгүй болохыг анхаарна уу. Танд тодруулах зүйл байвал exchange@usembassy.mn хаягт хандана уу.