Фулбрайтын Дунд сургуулийн багшийн TEA хөтөлбөр

Дунд сургуулийн багш нарт зориулсан Фулбрайтын TEA хөтөлбөр гэж юу вэ?

Дунд сургуулийн багш нарт зориулсан Fulbright Teaching Excellence and Achievement буюу Фулбрайтын TEA хөтөлбөр нь Англи хэл болон бусад гадаад хэл, математик болон бусад шинжлэх ухаан, нийгэм судлал болон тусгай боловсролын багш нарт АНУ-д мэргэжил дээшлүүлэх, туршлага солилцох, АНУ-ын талаарх мэдлэг нэмэгдүүлэх боломжийг олгодог зургаан долоо хоногийн академик сургалтын хөтөлбөр юм.  Тус хөтөлбөр нь хавар, намрын хоёр групптэй бөгөөд жилд 3-4 багш хамрагддаг.

Тэтгэлэгт дараах зүйлсийг хамруулан ойлгоно:

  • Тээврийн бүх зардал: Олон улсын болон дотоодын аялал (нэр дэвшигч нь Улаанбаатар хотоос өөр газар оршин суудаг тохиолдолд дотоодод хийгдэх визтэй холбоотой аяллын зардал зэрэг орно)
  • Амьдрах буюу хоол унд, орон байрны зардал: Оролцогчид их сургуулийн дотуур байранд байрлаж, хоолны болон нэмэлт зардлын тэтгэмж авна
  • Эрүүл мэндийн даатгал: Оролцогчид өөрсдийн хөтөлбөрийн хугацаанд гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалаар хангагдана
  • Визний зардал: АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдыг визний төлбөрөөс чөлөөлнө
  • Аяллын тэтгэмж: Оролцогчид ачаа болон аялалтай холбогдолтой бага хэмжээний бусад тэтгэмжийг олгоно

Хөтөлбөр нь академик сургалт болон багшлах дадлагаас бүрдэнэ:

Академик сургалт: Шинэ заах арга зүй, хичээлийн төлөвлөгөө боловсруулалт, сургалтын стратеги, сургалтын технологи зэрэг сэдвүүдээр академик сургалтад хамрагдана. Англи хэлний чадвараа ахиулах шаардлагатай багш нарт хэлний эрчимжүүлсэн сургалтыг мөн санал болгодог.

Багшлах дадлага: Дадлагыг АНУ-ын дунд сургууль дээр явуулах ба энэ нь дадлагажигч багшид Америк багш, оюутнуудтай ажиллаж, туршлага судлах боломжийг олгодог. Оролцогчийг дэмжлэг, зөвлөгөө авах, соёлын хөтөлбөрт оролцох боломжуудаар мөн хангана.

Хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн багш байрлаж байсан Америкийн дунд сургууль болон өөрийн сургуулийн хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, багш нарт сургалт явуулах, нэн шаардлагатай сургалтын материалын тусламж авах зэрэг солилцоотойгоо холбоотой төсөл хөтөлбөрүүдэд ЭСЯ-аас туслалцаа хүсэх боломжтой.

Фулбрайтын TEA хөтөлбөр нь эмэгтэй хүүхдийн боловсролын дэмжих АНУ-ын Төрийн департаментын санаачилгыг дэмжиж жил болгон нэг групп оролцогчдыг тус чиглэлээр илгээдэг. Тус чиглэлийг сонирхсон багш нар өргөдөл дээрээ тодорхойлж өгөх боломжтой. Гэвч энэ нь хөтөлбөрт сонгогдох баталгаа биш болохыг мөн анхаарна уу.

Хөтөлбөрт хамрагдагчдад тавигдах үндсэн шалгууруудад:

  • Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсад оршин сууж байх
  • Дунд сургуульд бүтэн цагаар ажиллаж байгаа Англи хэл болон бусад гадаад хэл, математик болон бусад шинжлэх ухаан, нийгэм судлал эсвэл тусгай боловсролын багш байх*
  • Бакалаврын эсвэл зүйл зэрэгтэй байх
  • Өргөдөл гаргаж буй чиглэлээрээ гурав болон түүнээс дээш жилийн мэргэжлийн туршлагатай байх (тав болон түүнээс дээш жил байвал давуу тал болно)
  • Хөтөлбөрт хамрагдаж ирээд үргэлжлүүлэн дунд сургууль багшлах сонирхолтойгоо харуулсан байх
  • Сургууль эсвэл амьдарч буй хотдоо манлайлах чанараа харуулсан байх
  • АНУ-ын сургуулиудад тусгайлсан семинарт оролцох, илтгэл тавихад ярианы болон бичгийн Англи хэлний чадвар сайтай байх.  Өргөдөл гаргах үед Англи хэлний шалгалтын оноо заавал байх албагүй.  Хөтөлбөрт амжилттай сонгон шалгарсан тохиолдолд нэр дэвшигчид TOEFL IBT өгөх ба хамгийн багадаа TOEFL IBT-ын 45 эсвэл TOEFL ITP/PBT-ын 450 авах чадвартай байх шаардлагатай. Англи хэлний ур чадвар багатай (TOEFL IBT 38-44 эсвэл TOEFL ITP/PBT 425-449) боловч бусад байдлаар хөтөлбөрт тэнцсэн цөөн тооны багшийг хөтөлбөрөөс өмнөх нэмэлт Англи хэлний сургалтад хамруулах боломжтой.

*Дунд сургуулийн багш гэдэгт долоо хоногт зааж буй нийт хичээлийн цагийн 50 болон түүнээс дээш хувь нь 12-18 насны сурагчидтай ажилладаг дунд болон ахлах ангийн багш нар багтана.

Доор өргөдөл гаргагч нарт давуу талтай:

  • English Access Microscholarship Program, English Language Fellow Program болон Fulbright English Teaching Assistant Program хамтран хэрэгжүүлж буй багш
  • English Teaching Mentors Program эсвэл OPEN Program-т хамрагдаж байсан багш
  • Нөөц бололцоо хязгаарлагдмал нөхцөлд ажилладаг багш
  • Урьд нь Фулбрайтын багш нарт зориулсан хөтөлбөрт хамрагдаж эсвэл АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй солилцооны хөтөлбөрөөр АНУ-ыг зорьж байгаагүй багш
  • АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон

Фулбрайтын TEA хөтөлбөр нь дадлагад суурилсан тул боловсролын яамны ажилчин, сургуулийн удирдлага, их дээд сургуулийн багш, хувиараа Англи хэлний багш, сурагчдын дийлэнх хувийг гаднынхан эзэлдэг сургуулийн багш нар хамрагдах боломжгүй болно.

Энэхүү хөтөлбөр нь мэргэжлээрээ идэвхтэй ажиллаж буй багш нарт зориулсан дээд болон ахисан түвшний сургалтын хөтөлбөр болохыг анхаарна уу.  Боловсролын удирдлагын чиглэлээр ажиллаж буй мэргэжилтэн (боловсролын яамны төлөөлөгч, албан тушаалтан гэх мэт) болон ажлын нийт цагийн 50-аас доошгүй хувийг багшлахад зарцуулдаггүй сургуулийн удирдлага, багш сургагч багш, их дээд сургуулийн факультет, хувиараа хичээл заадаг Англи хэлний багш, гол төлөв гадаад иргэдэд үйлчилдэг багш нар хамрагдах боломжгүй болно.

АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу.

АНУ-ын Элчин сайдын яамны боловсрол, соёлын хөтөлбөр хариуцсан Олон нийттэй харилцах алба нь 2024 оны Фулбрайтын TEA хөтөлбөрт онлайн өргөдлийн материал хүлээн авч байна.  Онлайн өргөдлийн материал хүлээн авах сүүлийн хугацаа нь 2023 оны 2 дугаар сарын 13-нд Улаанбаатарын цагаар өглөөний 8 цаг.

2024 оны Фулбрайтын TEA хөтөлбөрт өргөдөл гаргахдаа дараах алхмуудыг дагана уу:

  1. IREX онлайн сайт дээр бүртгүүлэх: fulbright.irex.org
  2. Онлайн өргөдлийн маягтыг бөглөн илгээх

Бүрэн гүйцэд бөглөсөн онлайн өргөдлийн маягтад дараах материалуудыг заавал хавсаргасан байна:

  1. Байгууллагын дэмжлэг үзүүлэх бичиг (Institutional Support and Reference Form)
  2. Хичээлийн төлөвлөгөө (Lesson Plan)
  3. Түр чөлөө зөвшөөрсөн бичиг (Leave Approval Form)
  4. Диплом/нуудын сканердсан хуулбар (Монгол хэл, Монгол бичиг, Англи хэл зэрэг бүх хэл дээр үйлдсэн хувилбаруудыг багтаана уу)

Өргөдлийн маягт, нэмэлт материалуудыг зарласан хугацааны дотор онлайнаар илгээх шаардлагатай.

Өргөдлийн маягт бөглөхдөө анхаарах зүйлс:

  • Бүх асуултад үнэн зөв хариулах.  Эссэ нь өөрийн бодлыг тусгасан өөрийн бүтээл байх. Бусдын ажил, санааг ашигласан аливаа үйлдлийг зохих ёсоор нь иш татаж ашигласан байх.  Бусдын санаа, бүтээлийг хулгайлах нь хөтөлбөрөөс шууд хасах үндэслэл болно.
  • Зөвхөн дээр дурьдсан бичиг баримтуудыг л хавсаргана уу.
  • Хавсаргасан бичиг баримтууд нь Англи хэл дээр байх эсвэл Англи хэл рүү хөрвүүлсэн албан ёсны орчуулгатай нь хавсаргасан байх.
  • Хавсаргасан бичиг баримтууд нь дараах форматтай байна: .PDF эсвэл зургийн файлууд (жишээ нь: .JPEG, .PNG, гэх мэт)

Анхан шатны сонгон шалгаруулалтын хариу 2023 оны 3 дугаар сард гарч, нийт өргөдөл гаргасан багш нарт э-мэйлээр мэдэгдэнэ.

Хөтөлбөртэй холбоотой асуултад утсаар хариу өгөх боломжгүй.  Хэрвээ танд асуулт байвал exchange@usembassy.mn хаягт хандана уу.

АНУ-ын Засгийн газрын бүхий л тэтгэлэгт хөтөлбөр нь сонгон шалгаруулалт дээр суурилсан байдаг. Нэр дэвшигчдийн онцгой нөхцөлийг тооцон үзэх ч эцсийн шийдвэрийг өргөдөл болон ярилцлагаар харуулсан ерөнхий чадамж дээр тулгуурлан хийнэ. Бид нэр дэвшигчийн соёлын элч байх, нийгэмдээ буцаад сайн сайхныг авчрах хүсэл эрмэлзэл, чадамжийг давхар тооцно.

Фулбрайтын TEA хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын үндсэн шатуудад:

Техникийн шалгалт: Өргөдлийг бүрэн гүйцэд бөглөсөн эсэхийг шалгах анхан шатны шалгуур. Энэ шатанд бид дараахийг шалгана:

  • Өргөдөл болон хавсралт материалууд бүрэн байгаа эсэх
  • Өргөдөл гаргагч нь тавигдсан үндсэн шалгуурыг хангасан эсэх

Эдгээрийг хангаагүй өргөдлийн материал нь сонгон шалгаруулалтаас хасагдана.

Өргөдөл хяналт: Техникийн шалгуурыг давсан өргөдлүүдийг ЭСЯ-аас зохион байгуулсан өргөдөл хяналтын хороонд илгээнэ.

Анхан шатны шалгаруулалт: Өргөдөл шалгах хорооны зөвлөмжийн дагуу шилдэг өргөдөл гаргагчдыг тодруулна. Анхан шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг ярилцлагад урина.

Ярилцлага: Ярилцлагын ЭСЯ-ны болон мэргэжилтнүүд удирдан явуулах ба дэлхийн хэмжээнд өрсөлдүүлэх нэр дэвшигчдийг сонгон шалгаруулна.

Нэр дэвшүүлэлт: Сонгогдсон нэр дэвшигчдийн өргөдлийг ЭСЯ-аас АНУ-ын Вашингтон хотноо байрлах Фулбрайтын TEA хөтөлбөрийн оффист илгээнэ.  Энд бусад орон дахь ЭСЯ-уудаас илгээсэн нэр дэвшигчидтэй өрсөлдөнө.

 

Эцсийн шалгаруулалт: Дэлхийн хэмжээний шалгаруулалтаас шалгарсан оролцогчид хөтөлбөрт хамрагдах эрхтэй болно.

11-2 сар: Хөтөлбөр зарлагдаж, онлайн өргөдөл хүлээн авна

2-3 сар: Техникийн болон анхан шатны шалгаруулалтыг хийнэ

8 сар: Эцсийн шалгаруулалтын хариуг мэдэгдэнэ

1 сар: Хөтөлбөр эхэлж хаврын групп АНУ-ыг зорино

8 сар: Хөтөлбөр эхэлж намрын групп АНУ-ыг зорино