Хюберт Х. Хамфригийн хөтөлбөр

Хюберт Х. Хамфригийн хөтөлбөр гэж юу вэ?

Хюберт Х. Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөр нь арван сарын хугацаатай, магистрын түвшний зэргийн бус хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь мэргэжлийн туршлагатай залуу манлайлагчдад АНУ-д ур чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ АНУ дахь мэргэжил нэгтнүүдтэйгээ бодитой хамтын ажиллагааг үүсгэж, мэргэжлийн харилцаа тогтоох боломжийг олгодог.

Хамфригийн хөтөлбөрийн оролцогчид нь хамтын ажиллагааны чухал чиглэлүүд болох хууль ба хүний эрх, нийтийн эрүүл мэнд, халдварт өвчин, уур амьсгалын өөрчлөлт болон нийтийн удирдлага зэрэг чиглэлүүдээр ажилладаг. Хөтөлбөрт хамрагдагсад академик болон мэргэжлийн чиглэлээр туршлага хуримтлуулснаар АНУ-ын талаарх ойлголтоо сайжруулж, салбарынхаа талаарх мэдлэгээ тэлж, мэргэжлийн ур чадвараа гүнзгийрүүлэхийн зэрэгцээ АНУ болоод олон улс дахь түншлэлийн цар хүрээгээ өргөжүүлдэг.

Хюберт Х. Хамфригийн тэтгэлэгт хөтөлбөр нь анх 1978 онд дэлхийн 140 улсаас салбартаа манлайлагч туршлагатай залуу мэргэжлийн төлөөллүүдээр дамжуулан АНУ-ын гадаад бодлогын зорилтуудыг ахиулах зорилготойгоор үүсгэн байгуулагдсан Фулбрайтын солилцооны хөтөлбөр юм. Нийт Хамфригийн төгсөгчдийн 61 хувь нь эх орондоо эргэн ирээд төрийн албанд ажиллаж байна гэж сүүлийн хийсэн судалгаа харуулдаг. Бусад манлайлагчид нь өөрсдийн салбартаа бодлого гаргах, шинэ сайн туршлагыг нэвтрүүлэх, болон удирдлагын шинэлэг арга замыг өөрсдийн байгууллагууддаа нэвтрүүлсэн байна. Мөн түүнчлэн нийт төгсөгчдийн 46 хувь нь үндэсний хэмжээний бодлогууд гаргасан, улс орныг хамарсан хөтөлбөрүүд бий болгосон, үндэсний сургагч багшаар ажилласнаас гадна хууль тогтоомж санаачлагч төрийн албан тушаалтнуудад зөвлөхөөр эх орондоо ажилласан туршлагатай байдаг.

Хамфригийн хөтөлбөрт хамрагдагч нь зэрэг горилохгүйгээр АНУ-ын 13 их сургууль ба харьяа мэргэжлийн хүрээнд АНУ-ын төрийн, төрийн бус, хувийн, эсвэл олон улсын байгууллагад хамгийн багадаа зургаан долоо хоногийн хугацаанд суралцдаг. Тэд академик болон мэргэжлийн чиглэлээр туршлага хуримтлуулснаар АНУ-ын талаарх ойлголтоо сайжруулж, салбарынхаа талаарх мэдлэгээ тэлж, мэргэжлийн ур чадвараа гүнзгийрүүлэхийн зэрэгцээ АНУ болоод олон улс дахь түншлэлийн цар хүрээгээ өргөжүүлдэг. АНУ-ын гадаад бодлогын зорилтууд ба улс хоорондын хамтын харилцааг ахиулахад Хамфригийн төгсөгчид дэлхийн даяарх АНУ-ын ЭСЯ-уудад холбоо тогтооход чухал ач холбогдолтой.

Төгсөгчид нь хөтөлбөрийн явцад суралцаж эзэмшсэн мэдлэг туршлагаа нийгэмд үр ашигтай нөлөөллийг бэхжүүлэхэд зориулж цаашлаад өргөн хүрээний өөрчлөлтийг байгууллагуудад болон мэргэжлийн салбартаа бий болгодог.

Өргөдөл гаргагчид Хамфри тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудаснаас авна уу: https://www.humphreyfellowship.org

Академик: Хамфри хөтөлбөрийг Оюутны болон зочин солилцооны мэдээллийн системээс (SEVIS) зэргийн бус хөтөлбөр гэж ангилдаг ба ямар ч нөхцөлд зэргийнх болгон хөрвүүлэх боломжгүй болохыг анхаарна уу. Иймд оролцогч өөрийн байрлах сургууль дээрээ хүссэн чиглэлээр чөлөөтэй судалгаа явуулах боломжтой. Оролцогчийн байрлах сургуулийг хөтөлбөрөөс тодруулахдаа оролцогчийн судлах чиглэл, сэдвийг чухалчлан үзэж 15 орчим сургуулиас сонгон шалгаруулдаг. Сургууль болгон дээр хөтөлбөрт оролцогчийг даан ажиллах зөвлөх байх ба тус зөвлөхийн үүрэгт хөтөлбөрт оролцогчид академик болон мэргэжлийн хөтөлбөртөө амжилттай оролцоход дэмжлэг үзүүлэх зэрэг орно.

Мэргэжлийн: Хөтөлбөрт хамрагдагч нь хурал чуулганд оролцох, мэргэжлийн сургалтад хамрагдах, өөрийн чиглэлийн байгууллагатай танилцах зэргээр мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдана. Эдгээрээс гадна Америкийн байгууллагад 6-аас доошгүй долоо хоног ажлын дадлага хийж туршлага судлах боломжийг олгодог.

Хамфри хөтөлбөр нь олон чиглэлээр хэрэгждэг ба жил болгон улс болгоны хүсэлт, хэрэгцээнд тулгуурлан зарлагддаг. Ерөнхий чиглэлийн жагсаалтыг доороос харна уу:

Тогтвортой хөгжлийн чиглэлээр:

  • Хөдөө аж ахуйн болон хөдөөгийн хөгжил;
  • Эдийн засгийн хөгжил / Санхүү ба банк;
  • Байгалийн баялаг, хүрээлэн буй орчны талаарх бодлого, цаг уурын өөрчлөлт;
  • Хот ба бүс нутгийн төлөвлөлт.

Ардчилсан институтийг байгуулах чиглэлээр:

  • Харилцаа холбоо  / Сэтгүүл зүй;
  • Хууль ба хүний эрх;
  • Олон нийтийн бодлогын дүн шинжилгээ, олон нийтийн удирдлага;
  • Хүний наймаа, бодлого, түүнээс урьдчилан сэргийлэх;
  • Технологийн бодлого, менежмент;
  • Хүний нөөцийн менежмент.

Боловсролын чиглэлээр:

  • Боловсролын удирдлага, төлөвлөгөө, бодлого;
  • Дээд боловсролын удирдлага;
  • Англи хэлийг хоёрдогч хэлний хүрээнд заах.

Олон нийтийн эрүүл мэндийн чиглэлээр:

  • Нийтийн эрүүл мэндийн бодлого, менежмент;
  • ДОХ өвчний талаар баримтлах бодлого, урьдчилан сэргийлэх;
  • Мансууруулах бодисын хэрэглээ, эмчилгээ, урьдчилан сэргийлэх.

Хамфри хөтөлбөр нь олон нийтийн болон хувийн хэвшлийн салбар дахь төрийн үйлчилгээний чиглэлээр тууштай зүтгэсэн мэргэжлийн нэр дэвшигчдийн дунд өрсөлдөөнтэй явагддаг ба тохиромжит нэр дэвшигч нь төрийн үйлчилгээний чиглэлээр ажиллах хүсэл эрмэлзэлтэй, ажлын амжилттай залуугаас дунд насны удирдах албан тушаалын мэргэжилтэн байна.

Нэр дэвшигч нь өргөдөл гаргах үеийн байдлаар дээд боловсролтой, сонирхсон чиглэлээрээ дор хаяж таван жилийн ажлын туршлагатай байх ёстойгоос гадна тухайн салбарынхаа бодлогын чиглэлээр дур сонирхолтой байх шаардлагатай. Нэр дэвшигч нь АНУ-ын их дээд сургуульд магистрын төвшний хөтөлбөрт оролцох боломжийг хангасан буюу их дээд сургуулийн зэрэгтэй байх ёстой.

Нэр дэвшигч нь ярианы болон бичгийн Англи хэл сайтай буюу TOEFL IBT-ын 72, TOEFL PBT/ITP-ын 525 буюу түүнээс дээш оноотой байх шаардлагатай. Хэлний чадвараас бусдаар (TOEFL IBT 52-71, TOEFL ITP 470-520) онцгой шилдэг нэр дэвшигчид Long-Term English сургалтад хамрагдах хүсэлт гаргах боломжтой.

Нэр дэвшигчид тус хөтөлбөрт оролцох бодит хэрэгцээ болон түүнээс гарах боломжит ашиг тус нь тодорхой байх ёстой. Иймд шаардлагатай туршлага, чадвар, тууштай оролцох амлалтаа болон Хамфри хөтөлбөрийн тусламжтайгаар хүрэх, урьд нь боломжгүй байсан ашиг тусыг эссэгээрээ батлан харуулах шаардлагатай. Онцгой гойд туршлагатай боловч хөтөлбөрт оролцох жинхэнэ хэрэгцээгүй өргөдөл гаргагч нь тохиромжит нэр дэвшигч биш юм.

Хамфри хөтөлбөрт хамрагдагчдад тавигдах үндсэн шалгууруудад:

  1. Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсад оршин сууж байх;
  2. Дээд боловсролтой байх (бакалаврын эсвэл дүйх зэрэг);
  3. Өргөдөл гаргах үеийн байдлаар мэргэжлээрээ таваас доошгүй жил тасралтгүй ажилласан ажлын туршлагатай байх;
  4. Удирдах чадвар болон нийгмийн үйлчилгээгээ батлан үзүүлэх;
  5. Англи хэлний чадвар сайтай байх;
  6. АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай. АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу.

Оролцох боломжгүй нөхцөлүүд:

  • Саяхан төгссөн шинэ төгсөгчид (албан тушаалаас үл хамааран);
  • Менежментийн үүрэг хүлээгээгүй их сургуулийн багш нар (мансууруулах бодисын талаарх боловсрол олгох, урьдчилан сэргийлэх болон Англи хэлийг хоёрдогч хэлний хүрээнд заах чиглэлээс бусад);
  • Таваас доош жилийн ажлын туршлагатай;
  • АНУ-д ойрын хугацаанд зорчоод ирсэн (сүүлийн 5 жилийн дотор 6-аас илүү сарын хугацаатай);
  • АНУ-д магистр, докторын зэрэг хамгаалах сургалтад нэг болон түүнээс дээш жил оролцсон;
  • АНУ-д байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэд тус тус уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжгүй.

Хамфри хөтөлбөрт өргөдөл гаргахдаа дараах алхмуудыг дагана уу:

  1. Цахим өргөдлийн маягт: Цахим өргөдлийн маягт нь хөтөлбөрийн бүртгэлийн туршид олон нийтэд нээлттэй тавигдана.
  2. Нэмэлт материал:
  • Тодорхойлох захидал
    *Таны академийн болон мэргэжлийн ур чадварыг гэрчилж чадах хоёр хүнээс авсан тодорхойлох захидлыг хавсаргана.
    **Тодорхойлох захидлыг зөвхөн Англи хэл дээр хүлээн авна. Монгол хэл дээр үйлдэгдсэн тодорхойлох захидлын эх хувийг Англи хэл дээрх баталгаат орчуулгын хуулбарын хамт хавсаргана уу.
  • Диплом
    *Их дээд сургуулийн дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбарыг Англи хэл дээрх баталгаат орчуулгын хамт хавсаргана уу.
  • Дүнгийн хавтгай
    *Их дээд сургуулийн сургалтын албанаас албан тоот дээр хэвлэсэн, тамга бүхий дүнгийн хавтгайг эх хувиар нь хавсаргана уу. Дипломын хавсралт нь дүнгийн хавтгайд тооцогдохгүй болохыг анхаарна уу.
    **Монгол хэл дээр үйлдэгдсэн тохиолдолд дүнгийн хавтгайн эх хувийг Англи хэл дээрх баталгаат орчуулгын хуулбарын хамт илгээнэ үү.
  • TOEFL эсвэл IELTS шалгалтын албан ёсны онооны репортны баталгаажуулсан хуулбар

Өргөдлийг бөглөхдөө анхаарах зүйлс:

  • Хөтөлбөрийн зарлал, шалгууруудтай бүрэн гүйцэд уншиж танилцах;
  • Эссэ болон өргөдлийн маягтын бүх хэсэг таны өөрийн санаа болон бичлэг байх ёстой. Өргөдлийн хаана нэгтээ хэрэглэгдсэн бусдын ажил, санааг зохих ёсоор тэмдэглэх. Аливаа худал мэдээлэл, хууран мэхлэлт нь хөтөлбөрөөс өргөдлийг нэн даруй халах үндэслэл болохыг анхаарна уу;
  • Өргөдлийг Англи хэл дээр, электроноор бүрэн зөв бөглөсөн байх;
  • Өргөдлийн маягтын бүх асуултад хариулах. Өөрт холбогдолгүй асуултад Not Applicable буюу N/A гэж хариулна уу;
  • Хөтөлбөрийн зарлалд дурьдаагүй нэмэлт материал өгөхгүй байх;
  • Бүрэн гүйцэд бус өргөдөлийн материал нь техникийн хувьд шаардлага хангаагүйд тооцогдож дараагийн шатны шалгаруулалтад дэвшихгүй болохыг анхаарна уу.

Хэрэв танд хөтөлбөрийн материал ирүүлэх үйл явцын талаар нэмэлт асуулт байвал Alumni@usembassy.mn имэйл хаягаар тодруулна уу.

АНУ-ын Засгийн газрын бүх тэтгэлэгт хөтөлбөр нь сонгон шалгаруулалт дээр суурилсан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн нэр дэвшигчдийн онцгой нөхцөлийг тооцон үзэх ч эцсийн шийдвэрийг өргөдлийн чанар болон ярилцлагын үеэр үзүүлж буй нэр дэвшигчийн ерөнхий чадамж дээр тулгуурлан хийнэ. Бид нэр дэвшигчийн соёлын элч байх, нийгэмдээ буцаад сайн сайхныг авчрах хүсэл эрмэлзэл, чадамжийг давхар хардаг.

Хамфри хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын үндсэн шатуудад:

Техникийн шалгалт: Өргөдлийг бүрэн гүйцэд бөглөсөн эсэхийг шалгах анхан шатны шалгуур. Энэ шатанд бид дараах хоёр зүйлийг шалгадаг:

  • Өргөдлийн маягт болон хавсралт материалууд бүрэн байгаа эсэх
  • Өргөдөл гаргагч нь тавигдсан үндсэн шалгууруудыг хангасан эсэх

Өргөдөл хяналт: Техникийн шалгуурыг давсан өргөдлүүдийг өргөдөл хяналтын хороонд илгээнэ. Энэ шатанд нэг өргөдөлтэй дор хаяж гурван хүн уншиж танилцана.

Анхан шатны шалгаруулалт: Өргөдөл шалгах хорооны зөвлөмжийн дагуу ярилцлагад дуудах өргөдөл гаргагчдыг тодруулна. Анхан шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг ярилцлагад биеэр ирж оролцоно.

Ярилцлага: Ярилцлагыг ЭСЯ, АНУ-д Засгийн газрын тэтгэлэгт хамрагдагч нарын төлөөллүүд удирдан явуулах ба дэлхийн хэмжээнд өрсөлдүүлэх нэр дэвшигчдийг сонгон шалгаруулна.

Эцсийн шалгаруулалт: Вашингтон ДС дэх Хамфри хөтөлбөрөөс зөвшөөрөгдсөн оролцогчид хөтөлбөрт хамрагдах эрхтэй болно.

4-6 сар: Хөтөлбөрийг АНУ-ын ЭСЯ-ны цахим хуудсаар зарлана;
8-9 сар: Өргөдлийн материалыг хүлээн авч шалгаруулалт явагдана;
9-10 сар: Шалгарсан оролцогчид дараагийн шатны сонгон шалгаруулалтад оролцох бэлтгэл хийнэ;
10-11 сар: Шалгарсан материалыг Вашингтон ДС дэх Хамфри хөтөлбөр хянана;
2-3 сар: Эцсийн шалгаруулалтын хариуг мэдэгдэнэ;
3 сар: LTE Хамфри хөтөлбөрт оролцогч аяллаас өмнөх уулзалтад оролцоно;
4 сар: LTE Хамфри хөтөлбөр эхэлж, оролцогч АНУ-ыг зорино;
7 сар: Энгийн хөтөлбөрт оролцогч аяллаас өмнөх уулзалтад оролцоно;
7-8 сар: Энгийн Хамфри хөтөлбөр эхэлж, оролцогч АНУ-ыг зорино.