Багш судлаачдын SUSI хөтөлбөр

Багш судлаачдын SUSI хөтөлбөр гэж юу вэ?

Багш судлаачдын Study of the U.S. Institutes for Scholars (Багш судлаачдын SUSI) нь их дээд сургуулийн багш нар болон судлаач нарт зориулсан 5-6 долоо хоногийн бүрэн тэтгэлэгт, солилцооны хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн зорилго нь хилийн чанад дахь боловсролын байгууллагуудын АНУ-ын тухай хичээл, сургалтуудын чанар болон хөтөлбөрийг сайжруулах. Хөтөлбөр их дээд сургуулийн зуны амралт буюу 6-8-р сард ихэвчлэн зохион байгуулагддаг. Жилд нэг удаа зарлагдаж, 3-4 багш хамрагддаг.

Тэтгэлэгт дараах зүйлсийг хамруулан ойлгоно:

  • Тээврийн бүх зардал: Олон улсын болон дотоодын аялал (нэр дэвшигч нь Улаанбаатар хотоос өөр газар оршин суудаг тохиолдолд дотоодод хийгдэх визтэй холбоотой аяллын зардал зэрэг орно);
  • Амьдрах буюу хоол унд, орон байрны зардал: Оролцогчид их сургуулийн дотуур байранд байрлаж, хоолны болон нэмэлт зардлын тэтгэмж авна;
  • Эрүүл мэндийн даатгал: Оролцогчид өөрсдийн хөтөлбөрийн хугацаанд гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалаар хангагдана;
  • Визний зардал: АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт оролцогчдыг визний төлбөрөөс чөлөөлнө;
  • Аяллын тэтгэмж: Оролцогчид ачаа болон аялалтай холбогдолтой бага хэмжээний бусад тэтгэмжийг олгоно.

SUSI хөтөлбөрийн оролцогчид гэр бүлийнхэнтэйгээ аялах боломжгүйг анхаарна уу.

Хөтөлбөрт нэр дэвшигч нь сонгосон чиглэлээрээ 5-аас доошгүй жил бүтэн цагаар багшилсан эсвэл тэр чиглэлээрээ магистрын зэрэг эзэмшсэн их дээд сургуулийн багш байна. Сургалтын хөтөлбөрөө шинэчлэх гэж байгаа эсвэл дээрх сэдвүүдийн дагуу шинэ хичээл эхлүүлэхээр бэлтгэж буй их дээд сургуулиудад давуу эрхийг олгоно. Хөтөлбөр үндсэн хоёр хэсэгтэй:

Академик сургалт: Оролцогчид эхний дөрвөн долоо хоног орчмыг АНУ-ын их дээд сургууль дээр лекц, семинар хэлэлцүүлэг болон сайт айлчлалд оролцож өнгөрүүлнэ. Энэ хугацаандаа АНУ-ын боловсролын философи, сургалтын арга барилыг судалж, өөрийн судалгааны чиглэлээр судалгаа явуулах боломжтой.

Судалгааны аялал: Оролцогчид үлдсэн хоёр долоо хоногт академик сургалтын хөтөлбөрийг баяжуулах зорилгоор АНУ-ын өөр нэг хотод айлчлал хийдэг. Хөтөлбөр ихэвчлэн Вашингтон ДС дэх уулзалт болон судалгааны талаарх дүгнэлтээр өндөрлөдөг.

SUSI for Scholars нь ерөнхий долоон чиглэлээр зарлагддаг ба өргөдөл гаргагч нь өөрийн мэргэжлийн эсвэл судалгааны сэдэвтэй нийтсэн чиглэлийг сонгоно:

  • Америкийн соёл ба нийгэм;
  • Америкийн орчин үеийн уран зохиол;
  • Америкийн гадаад бодлого;
  • Америкийн улс төр ба улс төрийн бодлого;
  • Америкийн сэтгүүлзүй;
  • Америкийн үндэсний аюулгүй байдлын бодлого;
  • Шашны олон ургалч үзэл.

Хөтөлбөрт хамрагдагсдад тавигдах үндсэн шалгууруудад:

  1. Монгол Улсын иргэн бөгөөд Монголд оршин сууж байх;
  2. Их дээд сургууль юм уу судалгааны институтийн судлаач эсвэл их дээд сургуулийн багш байх;
  3. Өргөдөл гаргаж буй чиглэлээрээ магистрын түвшний мэргэжлийн туршлагатай байх;
  4. Англи хэлний чадвар сайтай байх (академик Англи хэлний чадвартай байж, магистрын түвшний хичээлийн хэлэлцүүлэгт чөлөөтэй оролцох боломжтой байх);
  5. АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай. АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу.

Багш судлаачдын SUSI хөтөлбөрт өргөдөл гаргахдаа дараах алхамуудыг дагана уу:

  1. Чиглэлээ сонгох;
  2. Өргөдлийн маягт бөглөх: Өргөдлийн маягтыг хөтөлбөрийн зарлалд хавсаргах ба зарлал ЭСЯ-ын вэбсайт дээр тавигдана.
  3. Өргөдлийг SUSI@usembassy.mn хаягт зарласан хугацааны дотор илгээх шаардлагатай.

Өргөдлийг бөглөхдөө анхаарах зүйлс:

  • Зарлалыг анхааралтайгаар, бүрэн гүйцэт уншиж танилцах;
  • Өргөдлийг Англи хэл дээр, электрон хэлбэрээр бүрэн зөв бөглөсөн байх;
  • Өргөдлийн маягт дээрх бүх л асуултад хариулсан байх. Бүрэн гүйцэд бөглөөгүй өргөдлүүдийг техникийн хувьд шалгуур хангаагүй гэж үзнэ. Бүх асуултад хариулна уу. Хэрвээ өөрт холбогдолгүй асуултад гарвал N/A гэж бичнэ үү;
  • Өргөдлийг компьютер дээр бөглөсөн байх. Гараар бичсэн өргөдлийг тэнцээгүйд тооцоно;
  • Эссэ нь таны өөрийн санааг тусгасан таны ажил байх ёстой. Өргөдлийг хаана нэгтээ хэрэглэгдсэн бусдын ажил/санааг зохих ёсоор тэмдэглэх;
  • Өргөдлийн эссэний хэсгүүдийн үг болон тэмдэгтийн тоог анхаарна уу. Тус хязгаарын дотор хариултаа багтаан бичиж өгнө үү.

АНУ-ын Засгийн газрын бүхий л тэтгэлэгт хөтөлбөр нь сонгон шалгаруулалт дээр суурилсан байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй болон эмзэг бүлгийн нэр дэвшигчдийн онцгой нөхцөлийг тооцон үзэх ч эцсийн шийдвэрийг өргөдлийн чанар болон ярилцлагын үеэр үзүүлж буй нэр дэвшигчийн ерөнхий чадамж дээр тулгуурлан хийнэ. Бид нэр дэвшигчийн соёлын элч байх, нийгэмдээ буцаад сайн сайхныг авчрах хүсэл эрмэлзэл, чадамжийг давхар хардаг.

SUSI хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын үндсэн шатуудад:

Техникийн шалгалт: Өргөдлийг бүрэн гүйцэд бөглөсөн эсэхийг шалгах анхан шатны шалгуур. Энэ шатанд бид дараах хоёр зүйлийг шалгадаг:

  • Өргөдөл болон хавсралт материалууд бүрэн байгаа эсэх
  • Өргөдөл гаргагч нь тавигдсан үндсэн шалгуурыг хангасан эсэх

Өргөдөл хяналт: Техникийн шалгуурыг давсан өргөдлүүдийг өргөдөл хянах хороонд илгээнэ. Энэ шатанд нэг өргөдөлтэй дор хаяж гурван хүн уншиж танилцана.

Анхан шатны шалгаруулалт: Өргөдөл шалгах хорооны зөвлөмжийн дагуу ярилцлаганд дуудах өргөдөл гаргагчдыг тодруулна. Анхан шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг ярилцлаганд биеэр ирж оролцохыг урина.

Ярилцлага: Ярилцлагын ЭСЯ-ны, АНУ-д Засгийн газрын тэтгэлгээр суралцаж ирсэн төгсөгчид нарын төлөөллүүд удирдан явуулах ба дэлхийн хэмжээнд өрсөлдөх нэр дэвшигчдийг сонгон шалгаруулна.

Эцсийн шалгаруулалт: Ярилцлагын шатнаас сонгогдсон нэр дэвшигчдийн өргөдлийг ЭСЯ-аас АНУ-ын Вашингтон хотноо байрлах SUSI хөтөлбөрийн оффист илгээнэ. Дэлхийн хэмжээний шалгаруулалтаас шалгарсан оролцогчид хөтөлбөрт хамрагдах эрхтэй болно.

10-11 сар: Хөтөлбөрийг АНУ-ын ЭСЯ-ны цахим хуудсаар зарлаж, өргөдөл хүлээн авна;

11-1 сар: Анхан шатны шалгаруулалтыг хийнэ;

3-4 сар: Эцсийн шалгаруулалтын хариуг мэдэгдэнэ;

6-7 сар: Хөтөлбөр эхэлж, оролцогчид АНУ-ыг зорино.