AНУ-ын Цэргийн болон Тэнгисийн цэргийн академийн хөтөлбөр

AНУ-ын Цэргийн болон Тэнгисийн цэргийн академийн хөтөлбөр гэж юу вэ?

АНУ-ын Цэргийн академийн АНУ-ын Цэргийн атташе Монгол Улсын Батлан хамгаалах Их сургуультай хамтран 2012 оноос Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн. Тус дөрвөн жилийн бүрэн тэтгэлэг, зэргийн хөтөлбөр нь сүүлийн жилүүдэд хүрээгээ тэлэж АНУ-ын Тэнгисийн цэргийн академид мөн сурагч илгээж байна. Хөтөлбөрийн тэтгэлэгт олон улсын аялал, дүрэмт хувцас, сургалтын төлбөр болон бусад шаардлагатай сургалт, тэтгэмжийг хамруулах боловч визний зардал хамрахгүй болохыг анхаарна уу. Хөтөлбөрт хамрагдагч нь Монгол Улсын Зэвсэгт хүчинд таван жил алба хаших нөхцөлийг хангах шаардлагатай.

Хөтөлбөрт хамрагдах оюутнууд дараах үндсэн шалгууруудыг хангасан байна:

  1. Нас: Хөтөлбөр эхлэхэд буюу хөтөлбөрийн зарлал гарсны дараа жилийн 7 сарын 1-ны байдлаар 17-23 настай оюутан залуус байх;
  2. Гэр бүлийн байдал: Ганц бие байх бөгөөд, жирэмслээгүй, хүүхэд харж хандах хариуцлагатай хуулийн этгээд биш байх;
  3. Ерөнхий мэдлэг боловсрол: АНУ-ын ахлах сургуулийг дүүргэсэнтэй дүйцэхүйц эсвэл түүнээс дээд төвшний мэдлэг боловсролтой байх. Тухайн академид бүртгэлтэй гадаад оюутнууд сурлагаараа тус орныхоо дүүргэсэн ерөнхий боловсролын сургуулийн эхний 10%-д бичигддэг оюутнууд байдаг бөгөөд ахлах сургуулийн математик, алгебр, онгоцны геометр, тригонометр зэрэг хичээлүүдтэй дүйцэхүйц хичээлүүдийн суурь мэдлэгтэй байдаг. Академик Англи хэлний чадвартай байх;
  4. Ерөнхий боловсролын ур чадварын шалгалт:
    • SAT/ACT: Сонирхогч оюутан залуус АНУ-ын Ерөнхий боловсролын ур чадварын/ Мэдлэгийн шалгалт (Scholastic Aptitude Test – SAT), эсвэл Америкийн коллежийн шалгалт (American College Test – ACT) өгсөн байх. Цэргийн академид амжилттай элссэн орсон олон улсын сурагчдын дийлэнх нь SAT дээр Verbal 470, Mathematics 620 оноо авсан байсан бол ACT дээр English 23, Mathematics 29, Science Reasoning 23, Reading Comprehension 27 авсан байна. Аль ч шалгалтыг нь өгсөн шалгалтынхаа хариуг өөрийн сонирхсон сургуульд шууд очих сонголтыг ашиглана уу. Эссегээ мөн хавсаргах шаардлагатай;
    • TOEFL: Өргөдлийн маягтдаа TOEFL-ийн оноо хавсаргах шаардлагатай ба өргөдөл гаргагч хөтөлбөрт амжилттай сонгогдсон тохиолдолд сонгосон сургууль руугаа Англи хэлний шалгалтын оноогоо мөн явуулах шаардлагатай. Цэргийн академид амжилттай элссэн орсон олон улсын сурагчдын дийлэнх нь TOEFL IBT-ын 100 болон түүнээс дээш оноотой байсан. TOEFL-д бүртгүүлэхдээ сонирхсон сургууль руугаа шалгалтын хариуг шууд очих сонголтыг ашиглана уу;
  5. Манлайлал: Энэхүү Цэргийн Академид гадаад оюутан залуусыг урин элсүүлэх ажлын эрхэм зорилго нь тэдний “удирдан манлайлах, бусаддаа үлгэр дуурайл болох” зан байдалд сурган хүмүүжүүлэхэд оршино. Иймээс сонирхож буй оюутнууд удирдах, манлайлах чадвартай, доорх шаардлагыг хангасан байх хэрэгтэй:
    • Сургуулиас гадуурх дугуйлан, секц, арга хэмжээнд идэвхтэй, хүсэл эрмэлзэлтэй, тууштай оролцдог байх;
    • Сургуулийн ганцаарчилсан болон багийн спортын төрөлд амжилттай, хичээл зүтгэлтэй оролцдог байх;
    • Ерөнхий боловсролын сургуулийн эсвэл их дээд сургуулийн захиргаанаас бичгээр тодорхойлолт авсан байх (Англи хэл дээр бичсэн байх, аль эсвэл баталгаат орчуулгатай байх).
  6. Биеийн хүч бялдар: Цэргийн болон академик хөтөлбөрийг амжилттай дүүргэхэд биеийн байдал, эрүүл мэнд, тэсвэр тэвчээр амин чухал. Сонирхогч оюутан залуус Candidate Fitness Assessment буюу Бие бялдар чийрэгжилт болон эрүүл мэндийн шалгалтад орж үнэлгээ авна. Тус үнэлгээтэй эндээс танилцана уу;
  7. Эрүүл мэнд: Сонирхогч эмчийн үзлэг, шинжилгээ хийлгэж хөтөлбөрт оролцох, амжилттай дуусгахад нь саад болохуйц эрүүл мэнд, сэтгэцийн эсвэл шүдний асуудал, халдварт ямар нэг өвчингүй болохыг баталсан оношлогооны үр дүнг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Амжилттай сонгогдсон оролцогчид сургууль дээрээ мөн ижил төстэй шинжилгээ, үзлэгт дахин хамрагдана.

10-11 сар: Хөтөлбөрийг АНУ-ын ЭСЯ-ны цахим хуудсаар зарлана;

12 сар: АНУ-ын цэргийн атташегаас Бие бялдар чийрэгжилт болон эрүүл мэндийн шалгалт явуулна;

1 сар: АНУ-ын цэргийн атташегаас ярилцлага явуулж, зургаан оролцогчийг сонгон шалгаруулна;

2 сар: Шалгарсан оролцогчид сургуулиуд руу өргөдлийн материалаа онлайнаар болон АНУ-ын цэргийн атташегаар дамжуулан явуулна;

4 сарын сүүл: Сургуулийн хариу гарна;

6 сар: Шалгарсан сурагч АНУ-ыг зорино.

Хөтөлбөрийн зарлал гарах хүртэлх хугацаанд та юун дээр анхаарч бэлтгэж байж болох вэ?

  • Хөтөлбөрийн шалгууртай сайтар танилцах;
  • Англи хэлний чадвараа хөгжүүлэх;
  • Бие бялдартаа анхаарч Бие бялдар чийрэгжилт болон эрүүл мэндийн шалгалтад бэлтгэх;
  • Жилийн сүүлээр ЭСЯ-ны вебсайт-ыг шалгаж тухайн жилийн хөтөлбөрийн зарлалыг унших.

Сургуулиудын шалгууруудтай доорх хаягаас танилцах: