Англи хэлний фэллов багш хөтөлбөр 2024-2025

АНУ-ын Элчин сайдын яам 2024-2025 оны хичээлийн жилд Англи хэлний фэллов багш авч хамтран ажиллах сонирхолтой их дээд сургуулиас өргөдлийн материал хүлээн авч байна. Өргөдлийн материал хүлээн авах сүүлийн хугацаа нь 2023 оны 9 дүгээр сарын 24-ний Ням гараг Улаанбаатарын цагаар өглөөний 8 цаг.

Англи хэлний фэллов багш хөтөлбөр гэж юу вэ?

АНУ-ын Төрийн департаментын Боловсрол соёлын товчооны санхүүжилтээр хэрэгждэг Англи хэлний фэллов багш хөтөлбөр нь Англи хэлний мэргэжлийн өндөр мэдлэг чадвартай TESOL зэрэгтэй Америк багшийг Монгол улсын их, дээд сургуулиуд, дээд боловсролын байгууллагад арван сарын хугацаагаар ажиллуулах солилцооны хөтөлбөр юм.

Англи хэлний фэллов багш нь 10 сарын туршид Америкийн соёлын элчээр ажиллаж өөрийн туршлагыг хуваалцан, Англи хэлний мэргэжлийн багш нарын үйл ажиллагаанд оролцож өөрийн мэргэжлийн чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ оюутанд хичээл заах, англи хэлний багш нарт багшийн хөгжлийн сургалт зохион байгуулах, сургалтын хөтөлбөр боловсруулах зэргээр бусад багш нартай хамтран ажиллана. Хөтөлбөр дууссаны дараа Америк багш нар болон мэргэжлийн байгууллагатай өөрийн сурсан зүйлээ хуваалцана. Англи хэлний фэллов багш хөтөлбөрт жилд 150 гаруй фэллов багш оролцон дэлхийн 80 гаруй оронд Англи хэлний багш нар болон суралцагчидтай ажилладаг бөгөөд мянга мянган багш оюутантай хамтран ажилладаг.

  • Долоо хоногт 14 хүртэлх цагийн Англи хэлний хичээл заах
  • Долоо хоногт 2-4 хүртэл цагийн хичээлээс гадуур үйл ажиллагаа зохион байгуулах эсвэл багшийн хөгжлийн сургалт зохион байгуулах
  • Хүлээн авагч байгууллага, амьдарч буй орчиндоо Америкийн элч төлөөлөгч байж, Америкийн тухай мэдээлэл түгээх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
  • Шинжлэх ухаан, боловсрол, мэдээллийн технологийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэнийн C2 виз болон Монгол Улсад ажиллах, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой бүх зардал
  • Хүлээн авагч сургуулийн байртай ойролцоо эсвэл хотын төвд байршилтай, аюулгүй тав тухтай (нэгдсэн халаалт, төвийн цахилгаанд холбогдсон, халуун хүйтэн устай, угаалгын машин, ариун цэврийн өрөө, гал тогоотой, бүрэн тавилгатай, найдвартай интернэттэй, г.м.) орон сууцаар хангах эсвэл үүнтэй дүйх түрээсийн байрны зардал буюу 2’000’000₮ хүртэлх тэтгэмжийг сар болгон олгох
  • Хүлээн авч буй тэнхимийн багш нарын өрөөнд ажиллах боломжоор хангах.  Үүнд ширээ, сандал, компьютер, интернэт холболт байхаас гадна хэвлэгч, хувилагч зэрэг багш нарт олгогддог хичээлд, хичээлийн бэлтгэлд ашиглах тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, мэдээллийн сан, номын сангийн карт зэрэг мөн орно.

Өргөдөл гаргахыг хүссэн Монгол улсын их, дээд сургуулиуд, дээд боловсролын байгууллага өргөдлийн маягтыг бөглөж englishprograms@usembassy.mn хаягаар 2023 оны 9 дүгээр сарын 24-ний Ням гарагийн өглөөний 8 цагаас өмнө явуулна уу.