
2015 оны 9-р сарын 28-аас 10-р сарын 2-ны өдрүүдэд АНУ-ын Элчин сайдын яамнаас санаачлан, АНУ-ын Төрийн департаментын Олон улсын мэдээллийн хөтөлбөрийн товчооны (IIp) АНУ-ын илтгэгч хөтөлбөрийн дагуу АНУ дахь Сэтгүүлзүй ба байгалийн нөөцийн хүрээлэнг (IJNR) үүсгэн байгуулагч, Wall Street Journal сурвалжлагч асан ноён Фрэнк Аллен Монгол Улс дахь айлчлалыг зохион байгуулж, сэтгүүлзүйн мэргэжилтнүүдтэй уулзалт, олон нийтийн лекц, байгаль орчны сэтгүүл зүйн сургалтуудыг зохион байгууллаа.
Айлчлалынхаа хүрээнд Ноён Аллен Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (ХМЗ)-ийн төлөөлөл, ХУИС-ийн Сэтгүүлзүй, медиатехнологийн тэнхимийн багш нартай уулзаж, Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх байгаль орчны клубийн гишүүн сэтгүүлчидтэй дугуй ширээний уулзалт хийлээ. Түүнчлэн тэрээр байгаль орчны чиглэлээр сонирхон бичдэг залуу сэтгүүлчдэд хөтөлбөр-семинар явуулж, ХУИС-ын сэтгүүлзүйн ангийн оюутнууд, мөн Америкийн соёл мэдээллийн төвд байгаль орчны талаар хичээл, яриа хийсэн байна.
ХМЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Гүнжидмаа: “Сэтгүүлчийн ёс зүй, хэвлэл мэдээллийн хариуцлага болон нийгэмд гүйцэтгэх үүргийн талаар Ноён Аллентай санал солилцоход таатай байлаа. Ардчиллыг улам бүр бэхжүүлэхэд хараат бус, ёс зүйтэй сэтгүүл зүй, сэтгүүлчид түүчээлнэ гэдэг түүний үгтэй санал нэг байна” хэмээн уулзалтын талаарх сэтгэгдлээ хувалцсан юм.

Монголын залуу сэтгүүлчид хүрээлэн буй орчны талаарх асуудлыг үнэлж цэгнэх, үүнийхээ дагуу мэдээлэх чадварыг сайжруулах нь уг хөтөлбөрийн гол зорилго байв. Семинар болон бусад сэтгүүлч, оюутнуудтай уулзах уулзалтын үеэр Фрэнк Аллен хүрээлэн буй орчны талаар мэдээлэл бэлтгэхэд тулгардаг өвөрмөц сорилтуудын талаар таниулж, монгол сэтгүүлчдийн ёс зүйн асуудлын талаар ярилцаж, өөрийн 40 жилийн сэтгүүлзүйн туршлагын үеэр тохиолдож байсан ярвигтай түүхээсээ өгүүлж, зөвлөгөө харамгүй өгч байлаа.
АНУ-ын Төрийн департаментын Олон улсын мэдээллийн хөтөлбөрийн товчоо (IIP) Америк мэргэжилтнүүдийг бусад орны иргэд хүлээн авагчидтай холбоо тогтоох арга хэмжээг биетээр болон цахимаар жилд 1,300 гаруй удаа зохион байгуулдаг. Олон улсын мэдээллийн хөтөлбөрийн товчооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.