Монголын Мянганы Сорилтын Сан
Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой боловсруулсан Хөтөлбөрийг АНУ-ын буцалтгүй тусламжийн 285 сая орчим ам. долларын санхүүжилтээр 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх Гэрээнд 2007 оны 10 сарын 22 –нд гарын үсэг зурсан.
Энэхүү хөтөлбөр Монгол улсаас эдийн засгийн хөгжлийг өргөжүүлэн, гүнзгийрүүлэх үйл ажиллагаанд гол хүчин зүйл болсон цагийн механизм лугаа уялдаа, холбоо бүхий хүний нөөц, бүтэц зохион байгуулалт, байгууллагын хөгжил, болон материаллаг тодорхой эх үүсвэрүүдийн нөөц боломжийг дайчлан гаргаж, ашиглахыг зорисон.
Хөтөлбөр ядуу амьдралтай хүмүүсийн амьдралд дорвитойгоор шууд нөлөөлж, эдийн засгийн шинэ боломж олгохын зэрэгцээ, хувь хүмүүс, бүлэг, хамт олны эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмрийг дээшлүүлэх чадвар, чадавхийг нь дээшлүүлэх замаар шууд бус, давхар үр өгөөж хүртээнэ гэж үзсэн. Гэрээний дагуу олгох санхүүжилтээс Хөрөнгийн эрх, Хот орчмын бэлчээр, Мэргэжлийн боловсрол сургалт, Эрүүл мэнд, Авто зам, Цэвэр агаар гэсэн зургаан гол салбарт хөрөнгө оруулалт хийх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
2008 оны 1 сарын 8 –нд Монгол Улсын Их хурал Мянганы сорилтын анхны гэрээг соёрхон баталж, Монголын Мянганы Сорилтын Сангийн Удирдах зөвлөлийг байгуулан, Гэрээ, Хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хяналт, удирдлагаар хангах чиг үүрэг бүхий хуулийн этгээд, бие даасан байгууллага болох ММСС-г байгуулах тогтоол гаргасан.
ММСС хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүх талын үйл ажиллагааг явуулах, түүний дотор Гэрээ болон Хөтөлбөрийн хэрэгжилтийн гэрээний дагуу хүлээсэн эрх, үүрэг хариуцлагаа биелүүлэн ажиллахад Монгол Улсын Засгийн газар хяналт тавьж ажилласан.
ММСС-ын төслүүд
Хөрөнгийн эрхийн төсөл: Монгол Улс иргэддээ гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэн, түүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулж, хүн амын ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хууль баталсан билээ. Уг хуулийн хэрэгжилтийг хангах болон газар өмчлөх, бүртгэлийн үйл ажиллагааг боловсронгуй болгох олон талт арга хэмжээ шаардлагатай байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд газар өмчлөл, бүртгэлтэй холбоотой асуудлаар төрийн байгууллагуудын зүгээс иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчилгээ үзүүлэх орчин, техник хэрэгслийн чадавхийг нэмэгдүүлэх, кадастрын зургийн нарийвчлалыг сайжруулах, хаягжуулалт буюу хашааны газрын хаягийг цэгцлэх, газар өмчлөл, бүртгэлийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх зэрэг газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулахад саад болж буй хүндрэл бэрхшээлүүдийг арилгах юм. Газрыг өмчлүүлж, хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлэхэд тулгарч буй дээрх хүндрэлтэй асуудлууд нь банк санхүүгийн байгууллагууд хашааны газрыг барьцаалан зээл олгох харилцааг зах зээлд нэвтрүүлэхэд сөргөөр нөлөөлж байгаа юм.
Хөрөнгийн эрхийн төслийн зорилго нь гэр хорооллын иргэд хашааны газраа өмчилж, хөрөнгийн эрхийн бүргэлд бүртгүүлэхэд нь цогц дэмжлэг үзүүлэхэд оршино. Төсөл нь Улаанбаатар хот түүний дүүргүүд, бүсийн 8 тулгуур төвүүдэд хэрэгжих бөгөөд гэр хорооллын иргэд болон хөрөнгийн эрхийн бүртгэл, газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын бүтцийн байгууллагуудыг хамрах юм.
Хот орчмын бэлчээрийн төсөл: Монголын мянганы сорилтын сангийн Хот орчмын бэлчээрийн төсөл (ММСС-ХОБТ) нь хот орчимд эрчимжсэн мал аж ахуй эрхлэх сонирхол өндөр хэдий ч газрын эрх нь баталгаажаагүй, ашиг шим багатай олон малаас ашиг шим өндөртэй цөөн малтай болох сонирхол малчдын дунд сүүлийн үед ихэсч байгаа гэсэн шалтгаан дээр үндэслэн хот орчмын бэлчээрийн ашиглалт хамгаалалтыг сайжруулан цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах, саалийн эрчимжсэн аж ахуйг дэмжин хөгжүүлсэнээр томоохон хотуудын хүн амыг сүүн бүтээгдэхүүнээр хангах, бэлчээрийн усан хангамжийг сайжруулсанаар бэлчээрийн даацыг сайжруулж, хэт төвлөрлийг багасгах гэсэн хүчин зүйлс дээр үндэслэн 2008 оны 9 сараас эхлэн хэрэгжсэн.
Төслийн зорилго нь хот орчмын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг (сүүний гарцыг) дээшлүүлэн малчдын орлогыг нэмэгдүүлэх, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Хархорин, Чойбалсан хот орчмын 465 орчим бэлчээрийн нэгж талбайг малчдын бүлэгт гэрээгээр ашиглуулах системийг нэвтрүүлж газрын эрхийг нь баталгаажуулан бэлчээрийн усан хангамжийг сайжруулах болон малчид болон төрийн албан хаагчдын эрчимжсэн болон хагас эрчимжсэн мал аж ахуй эрхлэх мэдлэг, ур чадварыг сайжруулах явдал юм.
Мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл: Мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хувийн хэвшил давамгайлсан хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн хөгжүүлэх шаардлага нийгмийн өмнө тулгарсан. Үүнтэй холбоотойгоор хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын багш нарын мэдлэг, ур чадварыг орчин үеийн шаардлагын дагуу хөгжүүлэх, материаллаг орчинг сайжруулах явдал зүй ёсоор гарч ирсэн тул ММСС-гийн хүрээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийг хэрэгжүүлэхээр болсон юм.
Төсөл нь орчин үеийн техник мэргэжлийн боловсролын чанар, стандарт, үйлчилгээг хангасан сургалтын шинэ тогтолцоо, шинэлэг орчинг бүрдүүлж, дэс дараатай цогц үйл ажиллагаануудыг хэрэгжүүлснээр салбарын шинэчлэлд тодорхой хувь нэмэр, томоохон хөрөнгө оруулалт оруулж байна. МБС-ын салбарыг бүхэлд нь хамарсан үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаагаараа энэхүү төсөл нь энэ чиглэлийн бусад төсөл, хөтөлбөрүүдээс ялгагдах онцлоготой.
Төслийн зорилго нь эрэлтэд тулгуурласан мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог дэмжсэн шинэ бүтцийг бий болгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг хангасан, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн чанартай сургалтын тогтолцоог хөгжүүлэхэд төслийн үндсэн зорилго оршиж байгаа болно.
Төслийн үр дүнд техник мэргэжлийн боловсролын салбарт ажиллаж буй багш, мэргэжилтэн 1500 орчим боловсон хүчний мэдлэг, мэргэжлийг дээшлүүлж, эдийн засгийн тэргүүлэх чиглэл бүхий 28 мэргэжлийн сургалтын загвар хөтөлбөрийг шинээр боловсруулж, 15 сургуулийн сургалтын орчинг сайжруулж, Эрүүл мэнд, Барилга, Уул уурхайн салбарын жишиг 3 сургуулийг байгуулж дэмжих юм. Таван жилийн хугацаатай энэхүү төслийн үр шимийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн багш, удирдах ажилтан, оюутан залуус болон салбарын бодлого боловсруулагчид, ажил олгогч нар хүртэх юм.
Эрүүл мэндийн төсөл: Монгол Улсын хүн амын дунд ХБӨОГ, ялангуяа зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар, ослоос шалтгаалсан гэмтлийн түвшин нэмэгдэж байна. Зүрх судасны өвчин, хавдрын нас баралт болон өвчлөл Барууны орнуудтай харьцуулахад онцгой өндөр байгаа бөгөөд одоогоор ялангуяа залуу хүмүүс (ө.х. 35-55 насанд) нас барах, хөдөлмөрийн чадвар алдах явдлын гол шалтгаан болж байна.
Осол гэмтлийн үед үзүүлэх тусламж, үйлчилгээний арга хэмжээ, яаралтай тусламж хангалтгүй байна. Мөн, одоогийн Монгол Улсын ХБӨОГ-ийн хөтөлбөрүүд нь эмчилгээнд тулгуурладаг бөгөөд ХБӨОГ-ээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх болон өвчний менежментийг явуулах өртөг хямдтай арга замыг нэвтрүүлэх талаар дорвитой ажил хийгдээгүй байна. Эдгээр бүр хүчин зүйл ажиллах хүчний хөдөлмөрийн бүтээмжид сөргөөр нөлөөлж, нийгмийн эрүүл мэндийн хомсхон зардлаас үлэмж хувийг зарцуулж байна.
Төслийн зорилго нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, умайн хүзүүний болон хөхний хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлж оношлох, үр дүнтэй өртөг багатай эмчилгээгээр хангах олон улсын шилдэг арга туршлагыг нэвтрүүлж, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн дадал, хандлагыг өөрчлөх, эрүүл амьдрах хэв маягийг хэвшүүлэхэд чиглэсэн боловсрол, мэдээллийн үйл ажиллагаа явуулах зэрэг байна. Мөн төсөл нь Монгол улсын хүн амын нилээд хэсгийг (хамарч ажиллах нутгийн хүн амын тооцоогоор нийт хүн амын 60% хүртэлх хувь) хамруулна.
Цэвэр агаар төсөл: Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах шинэ төслийн саналыг АНУ-ын Мянганы сорилтын корпораци (МСК)-д өргөн барьсаны дагуу 2009 оны 6-р сараас 2009 оны 11-р сарын хооронд МСК-ийн мэргэжилтэнгүүд Монгол Улсад хүрэлцэн ирж, төслийн суурь судалгааны ажлыг хийсний үндсэн дээр 2010 оны 2-р сарын 2-ны өдөр гэр хорооллын иргэдэд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн болон сууцыг ашиглуулах, түүнчлэн сэргээгдэх эрчим хүч боловсруулахад дэмжлэг үзүүлэх замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах Цэвэр агаар төслийг МСК-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр хоёр улсын засгийн газар Мянганы сорилтын сангийн гэрээнд гарын үсэг зурсан.
Монгол Улс өвлийн улиралд эрс хүйтэн байдаг бөгөөд халаалтын улирал 8 сар үргэлжилдэг. Өвлийн улирлын дунд үед (12 дугаар сарын сүүл, 1 дүгээр сарын эхээр) өдрийн цагаар агаарын температур -10оС -ээс – 30оС хүртэл, шөнийн цагаар -40оС хүртэл хүйтэрдэг. Нийт хүн амын бараг хагас шахам хувь нь оршин суудаг Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотуудын нэг юм. Олон улсын агаарын бохирдлын стандартаас 2-10 дахин илүү болж байгаа Улаанбаатар хотын агаарын хэт бохирдлоос болж оршин суугчдад амьсгалын ноцтой асуудал тулгардаг. Үүнд ядуу, хоол хүнс муутай, бага насны буюу ахмад насны, амьсгалын болон бусад төрлийн архаг хууч өвчтэй хүмүүс элбэг өртдөг. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 90 хувь нь гэр хороололд оршин суудаг иргэд чанаргүй, үр ашиг муутай зууханд түүхий нүүрс түлж буйгаас үүдэлтэй байдаг.
Төслийн зорилт нь Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн болон сууцыг хэрэглэх хүрээг нэмэгдүүлэх, түүнчлэн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг тогтвортой бууруулах.
Авто замын төсөл: Монгол улсын эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий Алтанбулаг, Замын-Үүдийн хилийн боомтуудыг холбосон босоо тэнхлэгийн авто зам нь төмөр замын гол шугамтай зэрэгцэн оршдог, төвийн бүсийн томоохон хот сууринг улсын нийслэлтэй холбож, өсөн нэмэгдэж байгаа зорчигч болон ачаа тээврийн хэрэгцээг ханган, бүс нутгийн худалдааг өргөжүүлэх, Монгол улсын авто тээврийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Энэ нь улсын чанартай авто замын үндсэн чиглэлүүдийн нэг бөгөөд уг замыг хөгжүүлэх шаардлага өсөн нэмэгдэж байна. Үүнд Монгол улсын Засгийн газар онцгой ач холбогдол өгч ирсэн ба гадаадын хөрөнгө оруулагчдын тусламжтайгаар уг замыг хэсэгчлэн сайжруулах, шинээр барих ажлуудыг үе шаттай хийж байгаа билээ. Энэ хүрээнд Монгол улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын хооронд байгуулсан компакт гэрээний тодорхой хэсгийг Мянганы сорилтын корпорациар дамжуулан Монголын Мянганы сорилтын сангийн (ММСС) Авто замын төсөл хэрэгжүүлж байна.
Төслийн зорилго нь Монгол улсын хойд ба урд хилийн боомтуудыг авто замаар холбож, авто тээвэр, ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, зорчигчдын ая тухтай аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, авто замын салбарын ажилтан, ажиллагсдын чадамжийг дээшлүүлэхэд оршино. Авто замын төсөл хэрэгжүүлэх тухай Компакт гэрээний нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар 2010 оны 2 дугаар сарын 2-ны өдөр баталснаар төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2013 оны 9 дүгээр сард дуусгавар болно.
ММСС-ын хаалт
Нийт: 284911363 ам.доллар
Амласан: 274217841 ам.доллар
Зарцуулсан: 268809037 ам.доллар
Гэрээг үзэглэсэн: 2007 оны 10-р сарын 22
Хүчин төгөлдөр болсон: 2008 оны 9-р сарын 17
Хаагдсан: 2013 оны 9-р сарын 17
Монголын Мянганы Сорилтын Сан таван жилийн гэрээний гүйцэгтэлээ тэмдэглэж 2013 оны 9 дүгээр сарын 9-нд хаалтын баяраа хийсэн. Хаалтын баярын зургийг эндээс үзнэ үү.