Марк Трейнэр
2020 оны 12-р сарын 1
Америкийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль нь 56,3 сая Америкчуудыг хөдөлмөр эрхлэх, боловсрох, тээврийн хэрэгслээр зорчих зэрэг амьдралын бүхий л салбарт ялгаварлан гадуурхалд өртөхгүй байхаас хамгаалдаг. 1990 оны 7-р сарын 26-ны өдөр батлагдсан энэхүү хууль хөгжлийн бэрхшээлтэй Америк иргэдийн төрийн байгууллагын барилгад саадгүй орох, хөдөлмөр эрхлэхэд тэгш боломжоор хангагдах, төрийн үйлчилгээг тэгш хүртэх эрхийг баталгаажуулсан юм.
Хэдэн арван жилийн тэмцэл, нөлөөллийн ажлын үр дүнд энэ цогц хууль боловсорсон. Батлагдсан цагаасаа хойш Америкийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль нь зорилгоо илүү өргөжүүлж, бүх хүний иргэний эрхийг илүү үр нөлөөтэй хангахын тулд хэд хэдэн удаа шинэчлэгдсэн байдаг. Уг хуулийн туулсан түүхийн товчооныг дурдвал:

1920 оны Смиф-Фэсийн хууль
Энэ хуулийг Иргэний мэргэжил сургалт, сэргээн заслын тухай хууль гэж бас нэрлэдэг агаад бие эрхтний хөгжлийн бэрхшээлтэй Америк иргэдэд мэргэжлийн сургалтын туслалцаа үзүүлэх талаарх холбооны улсын хууль юм. Смиф-Фэсийн хуулийг өмнө хэрэгжиж байсан Дэлхийн 1-р дайнд шархдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон ахмад дайчдад сэргээн засах үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн загвар дээр үндэслэж боловсруулжээ.

1935 оны Нийгмийн даатгалын тухай хууль
Ерөнхийлөгч Франклин Рүүзвэлт гарын үсэг зурж, өндөр настнуудад тэтгэмж олгох системийг бий болгосон 1935 оны Нийгмийн даатгалын тухай хуулиар хараагүй болон бие эрхтний хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэтгэмж авах болсон.

1956 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн даатгал бий болсон нь
Ерөнхийлөгч Двайт Айзэнхауэр Нийгмийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталж гарын үсэг зурснаар 50-64 насны хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тусгай нийгмийн даатгалын хөтөлбөрт хамрагдах болсон. 2 жилийн дараа энэ халамжийн хөтөлбөр өргөжиж хөдөлмөр эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй хүний гэр бүлийн гишүүд мөн хамрагддаг болсон.

1968 оны Барилга, байгууламжийн саадыг арилгах тухай хууль
Энэ хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэхэд учирдаг хамгийн том саад буюу барилга, байгууламжийн загварын асуудлыг зохицуулсан байдаг. Төрийн санхүүжилтээр барих, засварлах, эсвэл түрээслэх бүх барилга, байгууламж хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй байх ёстойг уг хуульд зааж өгсөн.

1973 оны Сэргээн заслын тухай хууль
Энэ хуулиар мэргэжлийн сургалтын хөтөлбөрүүдийг өргөжүүлснээс гадна холбооны улсын хөрөнгөөр санхүүждэг болон түүний туслалцаатайгаар хэрэгждэг хөтөлбөр, холбооны улсын ажил олгогч, гэрээт гүйцэтгэгч нарыг хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалж ялгаварлан гадуурхахыг хориглосон.

1990 оны Америкийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль
Ерөнхийлөгч Жорж Бушийн гарын үсэг зурж баталгаажуулсан Америкийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангасан түүхэн дэх хамгийн цогц хууль юм. Энэ хуулинд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авахад ялгаварлан гадуурхахыг хориглох, боловсрол эзэмших болон нийтийн өмчлөлийн барилга, байгууламжийг ашиглах тэгш боломжоор хангах зэрэг заалтууд оржээ.

2008 оны Америкийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хуулийн нэмэлт өөрчлөлт
Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр “хөгжлийн бэрхшээл” гэдгийг хэрхэн тодорхойлох тал дээр чухал өөрчлөлт орж, энэ тодорхойлолтыг илүү өргөн хүрээнд тайлбарласан. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүн хуулийн дагуу хууль ёсны эрхээ эдлэхэд илүү хялбар болсон.
Энэ нийтлэл анх 2017 оын 7-р сарын 26-ны өдөр гарсан.