Монгол дахь ACCESS хөтөлбөрийн төгсөгчдийн анхны бага хурлыг “Giving Back to Community” сэдвийн дор АНУ-ын Элчин сайдын яам, Боловсролын зөвлөгөө мэдээллийн төвтэй (БЗМТ) хамтран 2016 оны 1-р сарын 23-нд зохион байгууллаа.
АНУ-ын Төрийн департаментын Боловсрол, соёлын албанаас явуулдаг ACCESS нь 2 жилийн англи хэлний эрчимжүүлсэн сургалт бөгөөд энэхүү сургалт нь хотын захын хорооллын, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур өрхийн 14-18 насны хүүхдүүдэд зориулагдсан хэлний эрчимжүүлсэн сургалт юм.
Бага хуралд Улаанбаатар хот, Дорнод болон Ховд аймгийн нийт 70 гаруй төгсөгчид хамрагдсан ба хурлын зорилго нь залуус, орон нутгийн хөгжилд чиглэсэн хэлэлцүүлэг явуулах, төсөл хөтөлбөрийн санаачлага гаргах байлаа.
ЭСЯ-ны Англи хэлний хөтөлбөр хариуцсан ажилтан Т.Алтанцэцэг, Америкт төгсөгчдийг хариуцсан ажилтан Г.Идэр-Ууган нар хурлыг нээж, АНУ-ын Төрийн департаментаас хөтөлбөрт хамрагдагчдад зориулсан Alumni Engagement Innovation Fund (AEIF) зэрэг хөтөлбөрүүдийг танилцуулсан. Мөн Фулбрайтэр Б.Хонгорзул AEIF2015-ын санхүүжилттэй хэрэгжиж буй “Empowering Women and Girls through Entrepreneurship” төслийг танилцуулж, тус төсөл дээр хамтран ажилласан Global UGRAD хөтөлбөрийн төгсөгч Д.Мөнххишиг өөрийн туршлагаас хуваалцсан.
Хөтөлбөрийн үндсэн илтгэлийг ACCESS болон Global UGRAD хөтөлбөрийн төгсөгч, www.iVolunteer.mn вэбсайтыг үүсгэн байгуулагч Т.Пүрэвжав тависан ба тэрбээр хэлсэн үгэндээ нийгэмдээ эргүүлэн сайн үйлс хийхийн чухлыг онцолсон юм. Хурлыг төгсгөлд ACCESS төгсөгчид Англи хэл, сургуулийн өмнөх боловсрол, эрүүл мэндийн боловсрол, сайн дурын үйл ажиллагаа, хувь хүний хөгжил, ACCESS-ын цуврал илтгэл зэрэг сэдвээр хэлэлцүүлэг явуулан санал бодлоо солилцож, төсөл хөтөлбөрийн санаануудаа нэгтгэсэн.
Монгол дахь ACCESS хөтөлбөр Улаанбаатар хотноо 2006 онд анх эхэлсэн ба энэ хугацаанд таван хөтөлбөр амжилттайгаар хэрэгжиж, 13-20 насны ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулсан байна. АНУ-ын ЭСЯ хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан явуулдаг ба одоогоор хоёр ACCESS хөтөлбөр хэрэгжиж байна. Тус хөтөлбөрийн талаар хөтөлбөрийг зохион байгуулагч БЗМТ болон Монгол дахь Америк их сургуультай шууд холбогдож лавлана уу.