Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн ой арга хэмжээ Фулбрайтуудыг холбож, мянга мянган хүнд хүрлээ
2020 оны 12 дугаар сарын 19-ны Бямба гарагт АНУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурсны 10 жилийн ойг онлайн арга хэмжээгээр тэмдэглэн өнгөрүүллээ.
Дөрвөн цаг үргэлжилсэн зургаан хэлэлцүүлэг, гуч гарам АНУ-ын их дээд сургуулиудын танилцуулга бүхий виртуал арга хэмжээнд 750 гаруй хүмүүс оролцож, нийт хөтөлбөрийн үйл ажиллагаа нь мянга мянга хүмүүст хүрсэн. Элчин сайдын яамны Фэйсбүүк хуудсаар цацагдсан нээлтийн үйл ажиллагаа нь 12 дугаар сарын 21-ны Даваа гарагийн байдлаар 11,500 хүнд хүрч, 5,600 удаа үзсэн байна.
Тус үйл ажиллагаанд АНУ-ын Элчин сайд Майкл С. Клечески болон Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд Л. Цэдэвсүрэн нар оролцсон.
Үйл ажиллагааг нээж Элчин сайд Клечески хэлэхдээ, “Би хаана ч байсан, хэн нэг нь надад өөрийг би Фулбрайт гэж танилцуулахад үргэлж бахархалтай байдаг. Энэ нь бусдаас онцгойлж өгдөг. Фулбрайт нь зөвхөн аль нэг улс орон бус, АНУ – Монгол Улсын харилцаанд төдийгүй дэлхий дахинд асар их нөлөө бүхий гайхалтай, нэр хүнд бүхий хүмүүсийн сүлжээ юм.”
Фулбрайт хөтөлбөр нь үргэлжид хувьсан өөрчлөгдөж байдаг ертөнцөд хүмүүсийг хооронд нь холбож байх зорилготой. АНУ-ын засгийн газраас дэлхийн 160 оронтой түншлэн явуулж буй Фулбрайт хөтөлбөр нь олон улсын боловсрол, соёлын хосгүй туршлагыг санал болгодог. Дэлхийн Фулбрайтуудын сүлжээ нь АНУ болон хамтрагч улс орнуудын хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, мэдлэг мэдээллийг түгээж, дэлхийн өнцөг булан бүрд амьдрах нөхцөлийг сайжруулсаар байна.
Элчин сайд үргэлжлүүлэн, “Хөтөлбөр эхэлсэн цагаасаа хойш энэ 10 жилийн хугацаанд 97 Монголчуудыг миний төгссөн Колумбиа их сургуулийг оролцуулсан 50 гаруй АНУ-ын их дээд сургуульд магистерийн түвшинд суралцах боломжоор хангасан байна. Та бүхний сурлагын гайхалтай амжилтаас илүүтэйгээр та бүхэн Монгол Улсдаа эргэж ирснээс хойш хийж бүтээсэн зүйлс юм. Энэ талаар нь өнөөдөр илүү ихийг олж мэдэхдээ баяртай байх болно.”
Ойн арга хэмжээнд 40 Фулбрайтууд Бизнес эдийн засаг, Байгаль орчин, Мэдээллийн технологи, Төрийн бодлого, Боловсрол, Нийтийн эрүүл мэнд гэсэн зургаан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг явуулж, АНУ-д Фулбрайтаар эзэмшсэн мэдлэг туршлага болон хөтөлбөрт оролцож ирснээс хойш Монгол Улсын хөгжил дэвшилд оруулж буй өөрсдийн хувь нэмрийн талаар хуваалцсан. Мөн 34 хөтөлбөрт хамрагдагчид өөрсдийн суралцсан АНУ-ын их дээд сургуулийн танилцуулга хийж АНУ-д суралцах болон Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн талаар сонирхсон хүмүүст мэдээлэл өгсөн.
Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн анхны Монгол сурагч 1994 онд АНУ-ыг зорьсноор хойш Фулбрайтын хөтөлбөр нь Монгол Улсад тасралтгүй 26 жилийн турш хэрэгжиж байгаа ба энэ хугацаанд АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хоёр чиглэлийн нийт 300 орчим солилцоог хэрэгжүүлээд байна.
Монгол Улсын Засгийн газраас Фулбрайтын Оюутны хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг 2009 онд анх гаргаж, 2010 оны 12 дугаар сарын 15-нд хоёр тал хамтарсан хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн суурь тавигдсан ба өдгөө нийт 97 Монголчуудад боловсрол, байгаль орчин, эрүүл мэнд, геологи, инженерчлэл зэрэг Монгол Улсын Засгийн газрын тодорхойлсон тэргүүлэх болон бусад нэн шаардлагатай чиглэлүүдээр АНУ-д магистерийн зэрэг эзэмших боломжоор хангаад байна.
Мөн үйл ажиллагааг нээж Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны Сайд Л. Цэдэвсүрэн хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн амжилттай хэрэгжиж буй 10 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Боловсролын салбар дахь АНУ тай хамтран хэрэгжүүлдэг хөтөлбөр төсөл, хамтын ажиллагаа маань улам бүр өргөжиж, чанаржсаар байгаа. Үүний нэг нь АНУ-ын Засгийн газартай байгуулсан Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн гэрээний хүрээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 97 оюутан АНУ-д тухайн улсын шилдэг их дээд сургуулиудад Монгол Улсад нэн хэрэгцээтэй мэргэжлүүдээр мэдлэг боловсролоо дээшлүүлээд, мэргэжил эзэмшээд ирсэн оюутнууддаа талархал илэрхийлж байна.”
Тус үйл ажиллагаа нь хамтарсан хөтөлбөрийн эхний 10 жилийн үйл ажиллагаа, үр дүнг нэгтгээд зогсохгүй хөтөлбөрт хамрагдагчдыг холбож, туршлага мэдлэг хуваалцах боломжоор хангасан.
Боловсролын сайд үргэлжлүүлэн, “Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн төгсөгчид та бүхэн бидний хоёр улсын хоорондын хөгжил дэвшлийн үйл ажиллагааны гүүр болж, хамтын ажиллагааг маань улам бэхжүүлж, өргөжүүлэх үйлсэд хамтран ажиллаж байгаад сайшаалтай байгаа. Энэ хөтөлбөр нь та бүхэнд үнэ цэнэтэй, үлдэцтэй оюуны хөрөнгө оруулалт болж үлдсэн гэж би найдаж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд суралцаж ирсэн та бүхэн маань эх орондоо хэрэгтэй эрдэмлэг, чадварлаг мэргэжилтэн болж хөтөлбөрийн үр дүнд олж авсан мэдлэгээ Монгол Улсынхаа хөгжил дэвшилд үр бүтээлтэй, бүтээлч санаачилгатайгаар хувь нэмрээ оруулна гэдэгт бас итгэж байна.”
АНУ болон Монгол Улс нь хүний эрх, ардчилал, сайн засаглал, тусгаар байдал, энх тайван, хөгжил цэцэглэлтийг боловсрол, соёлын солилцоо болон эдгээр хөтөлбөрт хамрагдагчдаараа дамжуулан дэмжих, хамгаалах хамтын ойлголцол, нягт холбоо бүхий түншүүд билээ. Фулбрайтын Оюутны хөтөлбөрийн талаарх мэдээллийг эндээс авна уу.