Говийн Чоно 2016 Монгол Улсын хүмүүнлэгийн болон гамшгийн тусламжийн чадавхыг шалгалаа

(Зургийг: АНУ-ын армийн 1-р ангийн түрүүч Иоел F. Гибсон)
(Зургийг: АНУ-ын армийн 1-р ангийн түрүүч Иоел F. Гибсон)

2016 оны 4-р сарын 4-8-ний өдрүүдэд Номхон далай дахь АНУ-ын Хуурай Замын Цэргийнхэн олон улсын багийн хамтаар газар хөдлөлтийн үеийн бэлэн байдлын дасгал сургуулилтад оролцлоо.

Говийн Чоно 2016 нь байгалийн болон хүний үйл ажиллагаанаас улбаатай гамшигтай тэмцэх, бүс нутгийн бэлэн байдлыг хангах иргэний-цэргийн дасгал сургууль юм.

Говийн Чоно нь байгууллага хоорондын хамтын ажиллагаа, олон улсын хүмүүнлэгийн тусламж дээр тулгуурлан Номхон далайн бүс дэх байгалийн гамшигтай тэмцэх дадлагын болон туршлага солилцох хөтөлбөр юм. Өгөгдөх гамшгийн нөхцөл байдлуудыг бодитоор дүрслэн гамшгийн үеийн бэлэн байдлыг шалгах зорилготой.

Говийн чоно 2016 дасгал сургуулийн үеэр Монгол Улсын гурав дахь том хот болох Эрдэнэт хотын ойролцоо нутагт хүчтэй газар хөдлөлтийн улмаас тус хотод нүүрлэх гамшгийн байдал болон Улаанбаатар хотод илрэх хор уршгийг бодитоор дүрсэлсэн гамшгийн нөхцөл байдал өгөгдөнө.

Энэхүү дасгал сургуульд Номхон далай дахь АНУ-ын Хуурай Замын Цэрэг, АНУ-ын Аляскийн Хуурай Замын Цэрэг, Аляскийн Үндэсний Гварди, Аляскийн Үндэсний Гвардийн Агаарын Хүчин, АНУ-ын Хуурай Замын Цэргийн инженерийн корпус, АНУ-ын Холбооны Онцгой байдлын газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Гадаад дахь гамшгийн туслалцаа үзүүлэх газрын цэргийн болон иргэний төлөөллүүд, АНУ-ын болон олон улсын тусламжийн байгууллагууд, Монгол Улсын 30 гаруй төрийн болон төрийн бус, орон нутгийн болон цэргийн байгууллагуудын 100 гаруй ажилчид оролцлоо.

(Зургийг: АНУ-ын армийн 1-р ангийн түрүүч Иоел F. Гибсон)
(Зургийг: АНУ-ын армийн 1-р ангийн түрүүч Иоел F. Гибсон)

Гамшгийн хариу арга хэмжээ зохицуулах үндсэн бүлгийн сургагч багшаар АНУ, Япон, Солонгос, болон Балба улсын цэргийн болон засгийн газрын төлөөлөгчид ажилласан бөгөөд улсын онцгой байдлын удирдлага, хүмүүнлэгийн тусламж зохицуулахад цэргийн талаас үзүүлэх дэмжлэг болон харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн оролцоо гэсэн чиглэлүүдээр олон улсын оролцогчдод мэдлэг олголоо.

АНУ-ын Хуурай Замын Цэргийн инженерийн корпусын Номхон далайн салбарын Бэлэн байдал ба гэнэтийн үйл ажиллагааны ахлагч Андрюв Р. Бензигер хэлэхдээ, “Энэ нь хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, гамшгийн үеийн чадавхыг дэмжихээс гадна Монгол дахь түншүүдтэйгээ агентлаг хоорондын уялдаа холбоог дэмжин ажиллах, харилцааг бэхжүүлэх сайхан боломж юм.”

Говийн Чоно нь Монгол Улсын Засгийн газар нь гамшигтай тэмцэх үйл ажиллагаа явуулахад олон улсаас авч болох тусламж, үйлчилгээг сайжруулах мөн Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, АНУ болон бусад байгууллага хоорондын хамтын ажиллагаа, иргэний цэргийн ажиллагааг дэмжих гэсэн үндсэн хоёр зорилттой.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Гамшгийн туслалцаа үзүүлэх газрын ахлах зөвлөх Скотт Аронсон “Газар дээрх нөхцөл байдлаас шалтгаалан Гамшгийн туслалцаа үзүүлэх газраас хэдхэн цагийн дотор тухайн улстай шаардлагатай гэрээ хэлэлцээрийг байгуулж, гамшгийн дараах арга хэмжээ авч эхэлдэг” гэлээ.

ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал нь “Монгол Улс Говийн Чоно дасгал сургуулийг 2009 оноос зохион байгуулж байгаа ба Номхон далай дахь АНУ-ын Цэргийн Командлалтай хамтран газар хөдлөл, төмөр зам ба уурхайн осол зэрэг Монгол улсын түгээмэл гамшгуудын бэлэн байдлын сургуулиудыг хийж байсан” гэлээ.

Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын зохицуулагч Г. Ууганбаяр, “Онцгой байдлын гамшгийн тусламжийн үеэр хамтран ажиллах байгууллагуудтай харилцаа тогтоох сайхан боломж байлаа” гэж тодотгов.

Дөрвөн өдөр үргэлжилсэн бэлтгэл сургуулилтаар гамшгийн эрсдэл ба байгууллага хоорондын туршлага солилцох үйл ажиллагаа, танхимын дадлага болон хээрийн дасгал сургуулиудыг Улаанбаатар болон Эрдэнэт хотуудад зохион байгууллаа.

Энэхүү сургууль нь далан нурах гамшгийн нөхцөл байдлыг бодитоор дүрслэн Монголын эрэн хайх, аврах чадавх болон нүүлгэн шилжүүлэх бэлэн байдлыг шалгасан.

Тус дасгал сургуулиар дамжуулан Монголын гамшгийн бэлэн байдлыг улсын онцгой байдлын менежмент, хэвлэл мэдээллийн сүлжээ, харилцаа холбоо, цэргийн, анхны тусламж үзүүлэгчид болон олон улсын төрийн ба төрийн бус байгууллагууд гэсэн таван чиглэлээр үнэлсэн байна.

Жинхэнэ газар хөдлөлтөөс улбаалсан гамшгийн нөхцөлд өртсөн хүмүүст тусламж үзүүлэх 30 гаруй байгууллагын үйл ажиллагааг үнэлэх бодитоор дүрсэлсэн дасгал сургуулилтын нөхцөл байдлыг эдгээр таван ажлын хэсгүүд хамтдаа хийсэн.

Сургалтын үед илэрсэн давуу болон сул талуудыг тэмдэглэн дүгнэж, дүгнэлтийг гамшгийн хариу төлөвлөлтийг сайжруулахад ашиглана.

Дасгал сургуульд Балба болон Японы мэргэжилтнүүд оролцож, тус улсуудад болсон хүчтэй газар хөдлөлтийн үеийн туршлагуудаас хуваалцсан байна.

АНУ-ын Элчин сайд Женифер Зимдал Галт “Гамшгийн нөхцөл байдалд олон улс орон нэмэлт туслалцаа үзүүлэхэд хэзээд бэлэн байдаг ба гамшгийн нөхцөл байдалд төрийн бус байгууллагуудын туслалцаа нэн чухал тул энэхүү дасгал сургуульд олон төрийн бус байгууллагууд оролцож байгаа явдалд бид баяртай байна” гэж тэмдэглэв.

Говийн Чоно нь Номхон далай дахь АНУ-ын Хуурай Замын Цэргийн Pacific Resilience хөтөлбөрийн нэг хэсэг нь бөгөөд хүмүүнлэгийн тусламж болон гамшгийн тусламжийн чиглэлээр туршлага солилцох үндэс суурь нь юм. Үүний зорилго нь оролцогч талуудын гамшгийн хариу арга хэмжээ авах, гамшгийн онцгой нөхцөл байдлаас нөхөн сэргэх чадавхыг сайжруулах явдал юм.