Ли Хартмэн
2020 оны 9 дүгээр сарын 17
Хятадын Коммунист Нам (ХКН) нь Өвөр Монголын сургуулиудад үзэх хичээлийг монгол хэлнээс мандарин хэлээр сольж, үндэсний хэл бичгээр нь дамжуулан үндэстний цөөнхийн соёлыг хавчих бодлогоо үргэлжлүүлж байна.
Хэвлэлд мэдээлснээр 9 дүгээр сарын 1-нд ХКН-аас БНХАУ-ын Монгол Улстай хиллэдэг хойд нутгийн бага болон дунд сургуулиудад хэл, нийгэм, түүхийн хичээлүүдийг тухайн бүс нутгийн унаган хэл болох монгол хэлний оронд мандарин хэлээр заах тушаал гаргажээ.
Радио Фрий Ази байгууллагын мэдээлж байгаагаар энэхүү шийдвэр нь эсэргүүцэлтэй тулгарч, улмаар ХКН-аас хэдэн зуун Монгол угсаатныг баривчилж хорих, эсвэл төрийн албан тушаалаас нь халах хариу арга хэмжээ авсан байна. “Сурах бичгийн үндэсний бодлогыг хэрэгжүүлэхэд саад учруулах зорилгоор ВиЧат группт дүрс бичлэг түгээсэн”, “хэрүүл маргаан өдөөж, үймээн самуун дэгдээсэн” гэх зэргээр ял оногдуулсан талаар Ассошиэйтэд Прессээс мэдээлжээ.
Өвөр Монголын Их сургуулийн багш Чимэддоржийн хувьд анги танхимаас Монгол хэл бичгийг арилгах нь Монголчуудын соёл уламжлалд халдаж буй хэрэг хэмээн үзэж байгаа аж.
Тэрээр мөн “Хэрэв бидний хэл соёл устаж үгүй болбоос өвөрмөц онцлогтой ард түмэн маань ч бас устах болно” гэж Нью-Йорк дахь Өмнөд Монголын Хүний эрхийн мэдээллийн төвд хэлжээ.
Энэ бодлогоороо ХКН өөрөө өөрийнхөө хуулийг зөрчиж буй юм. АНУ-ын Төрийн департаментийн 2019 оны Хүний эрхийн тайланд мэдээлснээр ХКН-ын хууль журмаар дийлэнх сурагчид нь үндэстний цөөнхөөс бүрдсэн сургууль болон бусад боловсролын байгууллагуудад боломжтой тохиолдолд сурагчид өөрсдийн хэл дээрх сурах бичгийг ашиглаж, өөрсдийн хэл дээр хичээл үзвэл зохистой” гэсэн заалт тусгагдсан байдаг байна.
Гэсэн хэдий ч өнгөрсөн жилүүдэд ХКН-аас “эв хамтын нийгэм”-ийг бүтээж, нийгмийн тогтвортой байдлыг хадгалах нэрийн дор шашин шүтлэг, соёл уламжлалаа хадгалах тайван хөдөлгөөнүүдийн эсрэг хатуу арга хэмжээ авч эхэлсэн гэж тус тайланд дурджээ.
Үндэстний хэл соёлыг хязгаарлах нь ХКН-ын хавчлага үзүүлэх түгээмэл хэлбэрүүдийн нэг. Шинжаанд оршин суугаа 1 сая гаруй Уйгур болон бусад үндэстний цөөнх иргэд өөрсдийн үндэсний хэв шинжээс татгалзаж, хятад хэл сурах ёстой болсон байна. Үүнтэй зэрэгцэн тэдний хүүхдүүдийг асрамжийн газрууд руу илгээж, хятад хэл сургахын хажуугаар намын уриа лоозонг чангаар уншуулдаг болжээ.
2018 оны 12 дугаар сард ХКН-ын удирдагчид Төвдийн сүм хийдүүдэд төвд хэл заахыг хориглосон.
Үүнээс өмнө ч ХКН Өвөр Монголын түүх соёлын эсрэг үйлдлүүд гаргаж байсан. Соёлын хувьсгалын үед ХКН-аас Өвөр Монголд явуулсан харгис хэрцгий үйлдлүүдийг баримтжуулсан ном нийтэлснийх нь төлөө Монгол түүхч Боржгины Лхамжавыг Хятадын удирдлагууд 2019 онд баривчилсан.
“Өөрсдийн эх хэл бичгээ хадгалан үлдэхээр хичээж буй Хятад дахь Монголчууддаа дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна” гэж Монгол Улсын ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж 8 дугаар сарын 31-ний жиргээндээ бичжээ. Тэрээр мөн “Эх хэлээ сурах, хэрэглэх нь бид бүгдийн салшгүй эрх юм” гэсэн байна.
ын U. S. Embassy Ulaanbaatar | 2020 оны 09-р сарын 18 | Нийтлэлүүдийг шүүх: Мэдээ мэдээлэл, Соёл