Хэвлэлийн мэдэгдэл
Рекс В. Тиллерсон
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга
Вашингтон хот
2017 оны 11-р сарын 22-ны өдөр
11-р сарын 25-ны Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр болон тус өдрөөс эхлэн үргэлжлэх Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг тохиолдуулан охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид амьдрах эрхийг хамгаалахын төлөө Америкийн Нэгдсэн Улс нь тууштай тэмцсээр байх болно гэдгээ энд онцлон тэмдэглэж байна.
Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр болон Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян нь охид, хүүхдүүдийг гэрлүүлэх, богтлох, гэр бүлийн хүчирхийлэл болон бүх төрлийн хүний наймаа зэрэг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн гай гамшигт олон улсын анхаарлыг хандуулах зорилготой олон улсын аян билээ. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь дэлхийн энх тайван, аюулгүй байдалд саад тотгор учруулж буйг бид бүхэн мэдэж байгаа. Хүчирхийлэл нь гэр бүл, олон нийтийн бат бөх барилдлагаа болсон нийгмийн бүтцийг сулруулж, улмаар улс орнуудыг нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилд хүрэхэд нь чөдөр тушаа болж байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей нь анх Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдрийг санаачлан хэрэгжүүлснээс хойш хорь гаруй жил болж буй өнөөдөр ч эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь эмэгтэйчүүдийг тэгш эрхээ эдлэхэд нь аюул заналхийлэл, саад бэрхшээл учруулж байгааг бид бэлхнээ харж байна. Харгис хэрцгий хэт даврагсдын бүлгүүд эмэгтэйчүүдийг нухчин дарах, террористуудыг эгнээндээ элсүүлэх болон олон нийтийг хавчин гадуурхах зорилгоор эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг айдас түгшүүрийн тактик болгон ашиглаж байгаад Америкийн Нэгдсэн Улс онцгойлон анхаарч байна. Террорист байгууллагуудын цэргийн албадан татлага, бэлгийн мөлжлөг болон хүчирхийлэл, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалах явдлыг бид эрс буруушааж байна.
Америкийн Нэгдсэн Улс нь эмэгтэйчүүдийн тэгш эрхийн төлөө цаашид тууштай дэмжиж ажиллах болно. Дэлхий нийтээр охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоож, тэднийг тэгш эрхээ эдэлж, эрх тэгш боломжоор хангахын тулд бид дэлхийн улс орны засгийн газрууд, олон улсын байгууллагууд болон иргэний нийгэмтэй түншилж, хамтран ажиллах болно. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр болон Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяны хүрээнд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох хамтын хариуцлагад бид бүхэнтэй нэгдэхийг бүх засгийн газруудад уриалж байна.