Жөү Байден: Америкийн дараагийн Ерөнхийлөгч

President-elect Joe Biden gestures on stage after speaking, Saturday, Nov. 7, 2020, in Wilmington, Del. (AP Photo/Andrew Harnik, Pool)

Хууль тогтоох Конгрессийн гишүүний албыг урт хугацааны турш хашихдаа, улс төрийн намын эгнээ жигүүрийг харгалзалгүй гаталж, аливаа ажлын ард гардгаараа алдаршсан, Дэд Ерөнхийлөгч асан Жозеф Р. Байден Жуниор 1 дүгээр сарын 20-нд АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн албыг хүлээн авч байна.

Байден нь Ерөнхийлөгч Барак Обамагийн Дэд ерөнхийлөгчөөр найман жил ажилласан бөгөөд өнөөгийн Ерөнхийлөгч Доналд Ж. Трампыг сонгуульд ялсан юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын коллежийн 270 санал авснаар ялалт байгуулах нөхцөл бүрддэг бол Байден сонгогчдын коллежийн 306 саналыг авч, нийт 81 сая саналаар сонгогдсон нь Америкийн түүхэн дэх Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан нэр дэвшигч болж байна.

11 сарын 7-нд ялалтаа тэмдэглэх үеэрээ хэлсэн үгэндээ Байден “Намайг гайхшруулсан гэдгийг хэлье” гэсэн байдаг. Тэрээр “Бид өнөөдөр улс орон даяарх өнцөг булан бүр, хот бүрээс, түүнчлэн олон улс даяар маргааш илүү сайхан өдөр болно гэдэгт итгэх итгэл, баяр хөөрийг харлаа. Та бүхний хүлээлгэсэн итгэл найдварт талархаж байна” гэжээ.

Байден гадаад харилцааны туршлагатай

Joe Biden smiling, with U.S. flag in background (© AP Images)
Делавэр мужаас шинээр сонгогдсон Ардчилсан намын сенатын гишүүн Жөү Байден, 1972 он (© AP Images)

Пеннсилвани мужийн Скрантонд төрж, Делавэр мужид өссөн Байден Конгрессын ордонд ажилласан олон жилийн туршлагатай нэгэн. Тэрээр 36 жилийн турш Делавэр мужийг төлөөлөх Сенатын гишүүнээр ажиллахдаа АНУ-ын гадаад бодлогыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Сенатын Гадаад харилцааны хорооны гишүүн, даргаар 12 жил ажиллахдаа Байден терроризм, үй олноор хөнөөх зэвсэг, Хүйтэн дайны дараах Европ, Ойрх Дорнод, Баруун Өмнөд Азитай холбогдох асуудлууд, хууль тогтоомжид манлайлан оролцож байв.

Дэд ерөнхийлөгчийн хувиар Байден АНУ-ыг хилийн чанадад төлөөлж, 50 гаруй улсад айлчлан, 2 сая орчим километр замыг туулжээ.

Цагаан ордонд тэрээр Обамагийн Засгийн газрын хуралдаануудыг зарлан хуралдуулж, яам хоорондын хамтын ажиллагааны хүчин чармайлтыг манлайлж, Конгресстой хамтран дундаж давхрагын Америкчуудын амжиргааны түвшнийг нэмэгдүүлэх, галт зэвсгийн хүчирхийллийг бууруулж, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл тэргүүтэй бусад олон асуудлуудыг шийдвэрлэхээр ажилласан байна.

78 настай Байден нь хамгийн өндөр настай ерөнхийлөгч болж байна. Трамп ерөнхийлөгчийн албыг хүлээн авахдаа 70 настай байжээ. (Ерөнхийлөгч асан Роналд Рейган албан үүргээ хүлээлгэн өгөхдөө 77 настай байв.)

Байден өөрийн засаг захиргааны эхэн хугацаанд улс орноо нэгтгэх, КОВИД-19 цар тахал, цалин сайтай ажлын байр, арьс өнгөөр ялгаварлах үзэл, уур амьсгалын өөрчлөлт зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд голчлон анхаарахаар төлөвлөж байна.

Ялалтын үгэндээ Байден “Бид өөрсдийнхөө байж чадна хэмээн итгэж буй тэрхүү үндэстэн байцгаая” хэмээгээд, “Нэгдсэн үндэстэн, хүчирхэгжсэн үндэстэн. Эдгэн илаарьшсан үндэстэн. Америкийн Нэгдсэн Улс, Хатагтай ноёд оо, бидэнд хийхийг оролдоод хийж чадаагүй зүйл хэзээ ч байгаагүй билээ” гэжээ.

 

*Энэхүү нийтлэл нь анх ShareAmerica цахим хуудсанд 2021 оны 1 сарын 15-нд нийтлэгдсэн болно: https://share.america.gov/joe-biden-america-next-president/