Агаарын чанарын талаар АНУ-ын Элчин сайдын яам болон Монгол Улсын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хамтарсан нийтлэл

АНУ-ын Элчин сайдын яам нь Улаанбаатар хотын хамгийн их агаарын бохирдолтой газруудын нэг болох Зуун айл орчмын гэр хороолол болон Зуун айлын барилгын материалын захтай хаяа нийлэн оршдог билээ. Элчин сайдын яамныхан төдийгүй Улаанбаатар хотын иргэд хүний эрүүл мэнд, амь насанд аюултай агаарын бохирдолд өртсөөр байна. Дэлхийн банкны судалгаанаас  харахад өвлийн улиралд Монгол улсын нийслэл дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын тоонд өргөмжлөгдсөн байдаг.

Агаарт байгаа PM10, PM2.5 тоосонцор болон бусад хүхэрлэг хий, азотын давхар исэл, озон зэрэг бохирдуулагч бодисуудын хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь ердийн хүнд шууд илрэхгүй ч удаан хугацааны дараа ноцтой уршиг дагуулдаг. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага 2013 онд агаарын бохирдлын чухал  үзүүлэлт болох тоосонцрыг судалж үзээд түүнийг хорт хавдар үүсгэгч бодисын ангилалд оруулсан байдаг.  Тоосонцрыг  хорт хавдар үүсгэгч бодисын ангилалд оруулсан явдал нь агаарын бохирдол нь дэлхий нийтээрээ шийдвэрлэвэл зохих чухал асуудал болохыг харуулсан.  Хамгийн сүүлд  2010 онд гаргасан судалгаагаар дэлхий дахинд агаарын бохирдлын улмаас 3.2 сая хүн нас барсны 223 мянга нь уушигний хорт  хавдраар  нас барсан байна. Түүнчлэн Зүрх судас болон уушигний өвчин агаарын бохирдлын улмаас үүсдэг болохыг сүүлийн үеийн судалгаанууд нотлон харуулсаар байна. Тухайлбал,  Канадын Саймон Фрэйзерийн Их Сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар нийслэлийн хүн амын зүрх-уушиг хавсарсан өвчнөөс үүдэлтэй нас баралтын 29%, уушигний хорт хавдраас үүдэлтэй нас баралтын  40% нь хотын агаарын бохирдлоос болсон гэж үзэж байна.  Энэ нь нийслэлийн хүн амын нас баралтын 10 хувьтай тэнцэнэ.

Ийнхүү ноцтой байдал үүсээд буй тул  Монгол улсын эрүүл мэндийн салбарынхан агаарын бохирдлыг бууруулж хүн амын эрүүл мэндийг хамгаалах  асуудалд анхаарал хандуулан, тодорхой алхмуудыг хийж эхлээд байна. Монгол улсын Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хүн амын дунд агаарын бохирдлын хор уршиг, түүний сөрөг нөлөөнөөс өөрийгөө хэрхэн хамгаалах талаарх мэдлэгийг  дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн  Эрүүл мэнд, спортын яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон Хүүхдийн төлөө газартай хамтран энэ оны 1-р сарын 25-26-ны өдөр “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын хурал зохион байгуулсан явдал юм.

Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа асуудлыг гол сэдвээ болгосон  тус хуралд засгийн газрын яам агентлаг, төрийн бус байгууллага, эрүүл мэндийн салбар болон олон улсын байгууллагуудын төлөөлөл болсон 160 шахам  хүн оролцсон бөгөөд  Монголын болон гадаадын, тэр дундаа Америкийн их сургуулиудын  судлаачид хийсэн судалгааныхаа үр дүнг танилцуулж, оролцогчид дараагийн практик алхмууд, боломжит шийдлүүдийн талаар санал солилцсон.

АНУ-ын Засгийн газар болон АНУ-ын ЭСЯ-ны зүгээс НЭМХ зэрэг байгууллагуудын үйл ажиллагааг идэвхтэй дэмждэг ба Улаанбаатар хотын агаарын чанарын асуудлаар олон талын арга хэмжээнүүдийг явуулсаар ирлээ. Тухайлбал, энэ асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор 976 Арт Галерей дээр Монголын орчин үеийн шилдэг уран бүтээлчдийн холимог техник, үйл хөдлөлийн урлаг, уран зураг болон гэрэл зургуудыг толилуулсан “Диваажингаас төөрсөн хүүхдүүд 2” уран зургийн үзэсгэлэнг гаргалаа.

Үүнээс гадна АНУ-ын Засгийн газар шинжлэх ухаан болон зах зээлд тулгуурласан практик алхмаар асуудалд анхаарал хандуулж байна. Нэгд, Улаанбаатар хотод 2011-2013 онуудад  АНУ-ын Мянганы сорилтын корпорацын санхүүжилтээр 100,000 гаруй сайжруулсан зуухыг  иргэдэд олгосон ба эдгээр зуух нь уламжлалт зуухыг бодвол жижиг ширхэглэгт тоосонцрын ялгаруулалтыг 65 орчим хувиар багасгадаг аж. Хоёрт, өнгөрөгч 12-р сард Элчин сайдын яам ойр орчмынхоо агаарын бохирдлын хэмжээг тогтоох зорилгоор өөрийн хашаан дотор агаарын чанарын хяналтын төхөөрөмжийг суурилуулан ажиллуулж эхлээд байна. Энэ төхөөрөмжөөс гарч буй  мэдээллийг тус ЭСЯ Твиттер (twitter.com/USEmbUBAir) болон www.stateair.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан нийтэд түгээдэг ба энэхүү мэдээллийг ЭСЯ-ны ажилчид, эрүүл мэнд, шинжлэх ухааны салбарынхан, Монгол улсын Засгийн газар, Улаанбаатар хотын иргэд болон дэлхий даяарх интернет хэрэглэгчид  өөрсдийн зорилгодоо ашиглаж, өгөгдлийг шинжлэх боломжтой.

Зөв бодлого, зорилтот хөрөнгө оруулалт, Монгол улсын Засгийн газрын албаны хүмүүсийн болон эрүүл мэндийн салбарын ажилчдын хүчин чармайлтаар Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүсэж буй эрүүл мэндийн эрсдэлүүдийг бууруулж болно гэдэгт НЭМХ болон АНУ-ын ЭСЯ итгэж байна. Гэхдээ энэ нь хангалттай биш тул олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа төвлөрүүлэх шаардлагатай байна. Монгол улсад тулгараад буй нийгмийн эрүүл мэндийн энэхүү томоохон сорилтыг даван туулахын төлөө оролцогч бүх талууд хамтарч тууштай ажилласнаар л үр дүнд хүрэх боломжтой. Тиймээс бидэнтэй нэгдэн энэхүү чухал асуудлыг шийдвэрлэхэд оролцоорой. Бидний хамтын хүчин чармайлт эерэг өөрчлөлтийг авчрах болно.

Нэйтан Жонсон
АНУ-ын ЭСЯ-ны Байгаль орчин, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэндийн асуудал хариуцсан ажилтан

Бямбаагийн Цогтбаатар
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал, Анагаах Ухааны доктор