Монгол дахь АНУ-ын Засгийн газрын хөтөлбөрийг танилцуулах хамтарсан айлчлалыг Хэнтий аймагт хийлээ

ОНХА-ын ажилтан Виктория Августиний Чингис хотод хийсэн айлчлал
ОНХА-ын ажилтан Виктория Августиний Чингис хотод хийсэн айлчлал

Улаанбаатар хот дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас (ЭСЯ) хөдөө орон нутагт соёл, боловсролын хөтөлбөрүүд танилцуулах, боловсрол, иргэний нийгмийн байгууллагууд, аймгийн удирдлагуудтай уулзах аяллыг жил бүр зохион байгуулдаг. Энэ сарын 17-19-нд ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албаны (ОНХА) ажилчид, Консулын хэлтсийн ажилчдын хамт Хэнтий аймгийн Чингис хотод айлчлал хийлээ.

Тус хоёр хэлтсийн төлөөлөгчид орон нутгийн засаг захиргааны удирдлага болон мэргэжилтнүүд, цагдаа болон эмнэлгийн газрын төлөөлөгчид, аялал жуулчлалын компани, мэргэжлийн сургуулиудын багш нар болон олон нийттэй уулзлаа. ОНХА-ын ажилтан Виктория Августин аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, Боловсрол, соёлын газрын дарга, Нийгмийн хөгжлийн газрын дарга болон мэргэжилтнүүдтэй уулзаж АНУ-ын ЭСЯ болон аймгийн хоорондын цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, ЭСЯ-аас санал болгож буй боловсрол, соёлын хөтөлбөрүүдийг танилцуулах ялдамдаа тэтгэлэгт хөтөлбөрүүддээ хөдөө орон нутгийн мэргэжилтнүүд, сурагчдын оролцоог нэмэгдүүлэх ЭСЯ-ны сонирхлыг онцлон тэмдэглэсэн. Мөн уулзалтаар орон нутгийн соёлын болон түүхийн өвийг хадгалж хамгаалах АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн талаар мөн хэлэлцэж, ЭСЯ-аас санал болгодог төслийн хөтөлбөрүүдийг танилцууллаа. Чингис хот дахь Мэргэжлийн сургалт үйлчилгээний төвтэй танилцаж, АНУ-ын Засгийн газраас санал болгож буй тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулсан ба аймгийн засаг даргын тамгын газар дээрх Иргэний танхимд олон нийтэд нээлттэй илтгэл зохион байгуулж АНУ-ын Засгийн газраас санал болгодог төсөл, тэтгэлэгт болон солилцооны хөтөлбөрүүдийн тухай яриа хийж, иргэдийн асуултад хариулт өгсөн байна.

АНУ-ын ЭСЯ-ны боловсрол, соёлын ажилчид 2011 оноос эхэлсэн 10 гаруй удаагийн аяллаар Булган, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Өвөрхангай, Архангай, Завхан, Сэлэнгэ, Хөвсгөл, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Говь-Алтай гээд нийт 18 аймгаар айлчилсан байна.