ГАДААД ХЭРГИЙН САЙД Л. ПҮРЭВСҮРЭН: (Хэлмэрч орчуулав) Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Монгол улсын Засгийн газрын урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Монгол улсад төрийн албан ёсны айлчлал хийж байна. Монгол улс АНУ-тай төрөл бүрийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн. Монголд ардчилсан хөдөлгөөн эхэлсэн тэр мөчөөс өнөөг хүртэл АНУ Монгол улсын хамгийн чухал түнш буюу гуравдагч хөрш байсаар иржээ. Гуравдагч хөршийн харилцаа бол зөвхөн улс төрийн төвшинд бус хоёр улсын ард иргэдийн хоорондын нөхөрлөлийн харилцаа учраас бид энэ найрсаг харилцааг эрхэмлэсээр ирсэн билээ.
Өнөөдөр бид бусад салбаруудын хүрээнд, ялангуяа ард иргэдийн хоорондын болон соёлын харилцаа холбооны талаар харилцан үзэл бодлоо солилцлоо. Мөн Мянганы сорилтын корпорацын хоёр дахь компакт гэрээг хэрэгжүүлэхээр хэлэлцлээ. Энэхүү санаачлагыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө хоёр тал хичээнгүйлэн ажиллаж байна.
Түүнчлэн бид бүсийн болон олон улсын асуудлаар харилцан ярилцлаа. Энэ хэвлэлийн бага хурлын дараагаар Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудтай уулзана. Мөн Монголын залуу манлайлагчдын төлөөлөлтэй уулзаж, улмаар Монгол улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид бараалхана. Эцэст нь, бэсрэг наадмыг үзэж сонирхох болно. Анхаарал тавьсанд баярлалаа.
Баярлалаа. Ингээд Жон Керриг үг хэлнэ үү хэмээн урьж байна.
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Баярлалаа. (Сонсогдсонгүй.) Энд та бүхэнтэй уулзаж байгаадаа таатай байна. Монголд ирэхийг тэсэн ядан хүлээж байгаад өмнөх айлчлалын үеэр Гадаад хэргийн сайдтай уулзаж ярилцах боломж тохиосон юм. Тэр үед дахин ирэхээ амласан бөгөөд энэ удаа Хятад улсад хоёр хоногийн дээд хэмжээний уулзалт хийхээс өмнө Монголд айлчлах завшаан тохиолоо. Хүндэт нөхөр, Гадаад хэргийн сайдтай болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой албан зоог барих болсондоо баяртай байна. Үнэндээ энд байх богино хугацаандаа Монгол улсын соёлтой бага зэрэг ч болтугай танилцаж байгаадаа туйлын таатай байна.
Америкийн Нэгдсэн Улс, Монгол улсын хоорондын харилцааг алслагдмал гэж зарим хүмүүс ойлгодог ч, манай хоёр улсын харилцаа газарзүйн хувьд, эсвэл бие биенээсээ хэр хол байгаагаар тодорхойлогдохгүй. Бид бие биенээсээ алслагдмал хол гэдэг нь лавтай үнэн биш. Газарзүйн хувьд бид Хойд номхон далайн нарийн зурвасаар нэгэн хөрштэй хиллэж, ард түмний төлөөх итгэл найдвар, хүсэл тэмүүлэл, хэрэгжүүлэхээр сонгосон засгийн газрын төрөл хэлбэрийн хувьд ч үүнээс илүү ойр байна гэж байхгүй болов уу.
Одоогоос 25 гаруй жилийн өмнө Монгол улс ардчиллыг сонгосон. Түүнээс хойш өнөөг хүртэл Америкийн Нэгдсэн Улс энэ үйл явцад туслахыг эрмэлзсээр ирсэн. Бид олон төслийн хүрээнд дэмжиж ажилласны дотор Гадаад хэргийн сайд сая дурдсан Мянганы сорилтын корпорацын хэрэгжүүлэх эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, ядуурлыг бууруулах 285 сая ам долларын компакт гэрээ зэрэг багтах юм. Энэ төслөөр дамжуулан зам барих, эрүүл мэнд, боловсрол болон бусад чиглэлээр олон ажил хийсэн байна. Мөн бид боловсролыг дэмжих, эрчим хүчний хүртээмжийг дээшлүүлэх, бохирдолтой тэмцэх, эмэгтэйчүүдийг эрхмэдэлжүүлэх, хүний наймааг эцэс төгсгөл болгох болон хүний эрхийг сайжруулах санаачлагуудад анхаарлаа төвлөрүүлж ирсэн. Түүнчлэн эрдэм шинжилгээний болон соёлын солилцооны хөтөлбөрүүдийг өргөжүүлэхэд хичээнгүйлэн ажилласаар байна.
Цаашид ч бид эдийн засгийн хоёр талт харилцааг бэхжүүлэхэд бүрэн дүүрэн хүчин чармайлтаа гаргасаар байх болно. Энэ долоо хоногт л гэхэд энэ шугамаар манай Худалдаа аж үйлдвэрийн департамент АНУ-ын хөдөө аж ахуйн фирм, компаниудын төлөөлөгчдийн хамт Монголд хөрөнгө оруулалт хийх боломж бололцоог судлахаар ирж байна. Миний ойлгож байгаагаар Монгол улсын Засгийн газар бидний гарын үсэг зурсан хоёр талт Ил тод байдлын гэрээг удахгүй хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ гэрээ хэлэлцээр нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг өөртөө татах хамгийн чухал, гол алхам гэдгийг би онцолж хэлмээр байна. Гадаадын хөрөнгө оруулалт нь Монгол улсын хөгжил дэвшил болон Монгол улсын эдийн засгийг эргэн сэргээхэд чухал ач холбогдолтой.
АНУ Монгол улстай найрсаг харилцаагаа үнэ цэнэтэйд тооцдог бас нэг шалтгаан бол хариуцлагатай дэлхийн иргэний хувьд Монгол улс маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа явдал юм. Мэдээжийн хэрэг Монгол улс залуу ардчилал ч гэлээ өөрийн түүхэн хувьслын сургамж, туршлагаа Киргизстан, Мьянмар зэрэг улс орнуудтай хуваалцаж байна. Бид бүхэн мэдэж байгаа, Мьянмар улс түүхэн хувьсал өөрчлөлтийг даван туулж байгаа орон. Монгол улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Ардчилсан орнуудын Хамтын нийгэмлэг болон Онлайн эрх чөлөө эвслийн гишүүний хувьд маш чухал бүтээлч үүргийг гүйцэтгэж байна. Үүний хажуугаар Монгол улс энхийг сахиулах ажиллагаанд цэргүүдээ илгээж байгаа нь Судан, Өмнөд Судан болон бусад газруудад өөрчлөлтийг авчрахад хувь нэмэр оруулан олны хүндэтгэл талархлыг хүлээж байна. Монгол цэргүүд Афганистан болон Иракт Америк цэргүүдийн хамтаар албан үүргээ гүйцэтгэж байна. Миний тодорхойлж буй энэ дүрслэл нь нэгэн жижиг улсын дэлхийн харилцаан дахь оролцоо буюу дэлхийн иргэн байх хариуцлагын чухал ач холбогдлыг бүрэн дүүрэн ухамсарласан улс орны тухай юм. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Америкийн Нэгдсэн Улс энхийг сахиулах дадал туршлага, тактик стратегийг сайжруулах зорилготой 40 орны 2,000 гаруй оролцогчдыг нэг дор цуглуулж чадсан агуу том ажиллагаа болох Хаан Күэст олон улсын дасгал сургуулийг Монгол улстай хамтран ивээн тэтгэсэндээ баяртай байна.
Манай хоёр улсын хоорондын харилцаа ойрхон байгаагийн тод илрэл нь магадгүй ард иргэдийн хоорондын гүн гүнзгий харилцаа холбоо байж болох юм. Улс хооронд аялан зорчихыг хөнгөвчлөхийн тулд манай Засгийн газар Монголын бизнес эрхлэгчид, оюутнууд болон жуулчид виз авахад амар хялбар болгох талаас нь ажиллаж байна. Мөн Америкийн Нэгдсэн Улс нь хамгийн амжилттай хэрэгжиж буй Энхтайвны корпусын хөтөлбөрөө цаашид ч үргэлжлүүлэх болно. Энэ дашрамд тус хөтөлбөр Монголд хэрэгжиж эхэлснээс хойш 25 жилийн ойгоо тэмдэглэж байгаа гэдгийг дуулгахад таатай байна.
Өнөөдөр бидэнтэй хамт Монголын 21 аймагт ажиллаж байсан болон ажилласаар байгаа 1,150 гаруй эрэгтэй, эмэгтэй Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудын төлөөлөл энд байна. Та бүхний хэлний бэлтгэл сургууль, эрүүл мэнд болон олон нийтийн хөгжлийн чиглэлээр хийж буй ажилд, тэр дундаа хамгийн чухал ажил болох манай хоёр орны найрсаг харилцааны гүүр болж ажиллаж байгаад гүнээ талархаж байна. Та бүхэн Америкийг гайхамшигтайгаар төлөөлж байгаа бөгөөд би энд онцлон Монгол улс болон Энхтайвны корпусын хоорондын харилцаанд талархаж байна.
Дүгнэлт бол маш энгийн: Институцийг бэхжүүлэх, ард түмнийхээ итгэл найдварыг биелүүлэх амлалтдаа хүрэхийн төлөө хичээж ажиллаж байгаа хэдий ч, залуу ардчиллын хувьд Монгол улс гайхамшигт ахиц дэвшил гаргаж чаджээ. Гадаад хэргийн сайд хэлсэнчлэн үүний дараа надад залуу манлайлагчидтай уулзах завшаан тохиосон бөгөөд тэд ардчиллаа хэрхэн бойжуулж, эдийн засгаа хэрхэн өсгөж, улс үндэстнийхээ үйлс хэрэгт оролцох оролцоогоо хэрхэн өсөн нэмэгдүүлэх хүсэл эрмэлзлийнх нь талаар тэдэнтэй ярилцахыг тэсэн ядан хүлээж байна.
Ингээд намайг нөхөрсгөөр урьсан, улс орноо хичээнгүйлэн төлөөлж байгаа Гадаад хэргийн сайд хүндэт нөхөр Пүрэвсүрэн дээ баярлалаа. Халуун дотно хүлээн авч байгаад талархаж байна. Та бүхний асуултад хариулахдаа таатай байх болно.
ХУРЛЫГ ЧИГЛҮҮЛЭГЧ: (Хэлмэрч орчуулав) – Эхлээд Монголын хэвлэлийн төлөөлөгчдөөс асуулт авсны дараа АНУ-ын хэвлэлийн төлөөлөгчид асуултаа асууна.
АСУУЛТ: (Хэлмэрч орчуулав) Өдрийн мэнд хүргэе. Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн Түвшинжаргал (ph) байна. Америкийн тухай ярихаар Монголчууд нэг зүйлийг хүсдэг, тэр нь АНУ руу визгүй зорчих асуудал юм. 2000 оноос хойш АНУ-ын иргэд Монголд визгүй зорчдог болсон. Хэзээ Монгол улс АНУ руу визгүй зорчдог статустай болох вэ?
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Бид энэ чиглэлээр ажиллаж байгаа, удахгүй үр дүнд хүрнэ гэж найдаж байна. Үүнд эсэргүүцээд байх зүйл байхгүй. Монгол оюутнуудыг Америкт ирээсэй гэж бид их хүсдэг. Мөн аялагчид, жуулчид болон бизнес эрхлэгчдийг олноор ирээсэй гэж хүсэж байна. Манай хоёр орны иргэдийн харилцаа холбоог эрчимжүүлэхийг хүсэж байна. Өнөөг хүртэл хөгжүүлж ирсэн манай хоёр орны харилцааг хүндэтгэн үзэж байгаа хүмүүс маш олон байдгаар бахархаж байгаа ч, визгүй зорчих энэ хөтөлбөрийн хувьд зайлшгүй хангах ёстой хууль тогтоомжийн мандатын хүрээнд тогтсон хэд хэдэн тавигдах шаардлагууд бий.Энэ тал дээр өнөө өглөө ч ярилцаад харилцан тохиролцсон. Америкийн Нэгдсэн Улсын Конгрессын тогтоодог эдгээр тавигдах шаардлагуудыг хангаж ажиллах хүчин чармайлтаа бид хоёр дахин нэмэгдүүлэхээр санал нэгдлээ. Аль болох хурдан энэ ажлыг хийж чадвал бидний хувьд илүү үр дүнтэй байх болно гэж үзэж байгаа. Гэхдээ хийх ажил бас байгаа гэдгийг дахин хэлье.
ХУРЛЫГ ЧИГЛҮҮЛЭГЧ: (Хэлмэрч орчуулав) Баярлалаа. Одоо АНУ-ын хэвлэлийн төлөөлөгчдөөс асуулт авъя.
АСУУЛТ: Төрийн нарийн бичгийн дарга болон Гадаад хэргийн сайдад маш их баярлалаа. Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, та Хятад улстай Стратегийн болон эдийн засгийн дээд хэмжээний уулзалт хийхээр тус улсыг зорьж байгаа тухайгаа сая ярилаа. Энэ уулзалт нь бүсийн эгзэгтэй асуудлаас үүдсэн хурцадмал байдлыг намжаах зорилготой боловч Өмнөд Хятадын тэнгис дэх асуудал улам хурцдаж байгаа тухай АНУ-ын Батлан хамгаалахын Төрийн нарийн бичгийн дарга Эштон Картер санаа зовниж байгаа тухай бид сонссон. Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай нутаг дэвсгэрт цэрэгжүүлэх арга хэмжээг зогсоохын тулд Америкийн Нэгдсэн Улс үүнээс илүү юу хийж чадах вэ? Мөн Хятад улстай хийх дээд хэмжээний уулзалтын үеэр Агаарын батлан хамгаалах тодорхой бүс буюу ADIZ-ыг зарлах төлөвлөгөө бий юу? Энэ асуудлаар таны байр суурийг сонсмоор байна. Үүнийг улаан шугам гэж үзэж байгаа юу?
ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЖОН КЕРРИ: Эхлээд таны асуултын удаах хэсэгт хариулъя. Мэдээж асуултын аль алинд нь хариулалгүй яах вэ. Бид ADIZ-ын асуудлыг Өмнөд Хятадын тэнгис дэх өдөөн хатгасан, тогтвортой байдлыг алдагдуулсан үйлдэл гэж үзэж байгаа. Энэ алхам нь хурцадмал байдал үүсгээд зогсохгүй Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаантай асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх Хятадын амлалтыг нухацтай сөхөхөд хүргэж байна. Хятадын талыг өдөөн хатгасан байдлаар нэг талаа барьж хөдлөхгүй байхыг бид шаардаж байгаа.
Таны асуултын эхний хэсэгт хариулахад, бид Хятад улсад тууштай сануулж байгаа нэг зүйл бол тухайн маргаантай газар нутгийг хэн ч нэхэмжилж байсан, бид хэний ч талд орохгүй. Бид юуг онцлон хэлж байгаа вэ гэхээр Өмнөд Хятадын тэнгис дэх аливаа бодит үнэнийг өөрчилж нэг талаа баримтлан тухайн нэхэмжлэлийг шийдвэрлэн энэ шийдвэрээ хэзээ ч өөрчлөгдөшгүй баримт мэтээр тайлбарлахыг хэнд ч зөвшөөрөхгүй, үүн дээр тохиролцоно гэсэн асуудал ч байж болохгүй.
Ерөнхийлөгч Си Зиньпин Вашингтонд айлчлах үедээ Өмнөд Хятадын тэнгис дэх арал дээр цэрэгжилтийн үйл явцад оролцохгүй гэдгээ Хятадын тал мэдэгдсэн гэж бид сонссон. Ямар ч улс тухайн бүс нутгийг цэрэгжүүлэхэд нэг талыг баримталж хөдөлж болохгүй гэдгийг бид санах ёстой. Бид дипломат арга замаар, улс төрийн шийдвэр гаргахыг шаардаж байгаа. Бид улс орнуудыг хоёр талт уулзалт хийх шаардлага тавьж байна. Бид тэднийг асуудлыг нээлттэй хэлэлцэж, нааштай шийдвэрлэх арга зам нь хэлэлцээр байгаасай гэж найдаж байна. Америкийн Нэгдсэн Улс дипломат санаачлагыг байнга дэмжих болно. Өмнөд Хятадын тэнгист хурцадмал байдал үүсгээд байгаа нэг талыг барьсан өрөөсгөл үйлдлээс илүү бид дипломат ёсны тайван үйл явцыг дэмждэг.
Нэг улс орны эсвэл бусдын нэрийн өмнөөс тухайн газар нутгийг нэхэмжилж байгаа, эсвэл газар нутгийг тэнд өөрийн болгосон Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар бид аливаа үйлдэл одоогоор хийгээгүй байна. Бид дипломат үйл явц, хэлэлцээр болон зөвшилцөл хийх шаардлага тавьж, хуулийн засаглал болон хуулийн засаглалын шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд бий болгосон институцээр дамжуулан энэ асуудлыг энхийн арга замаар, харилцан хүндэтгэлтэйгээр шийдвэрлэхийг зорьж байна.
ХУРЛЫГ ЧИГЛҮҮЛЭГЧ: Хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Үүгээр хэвлэлийн бага хурал өндөрлөж байна.