2017 оноос хойш АНУ-ын Конгресст Калифорни мужийг төлөөлөн ажилласан Сенатын гишүүн Камала Дэви Харрис нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсоноор түүхийн нэг шинэ хуудсыг нээж байна.
Тэрээр энэхүү албан тушаалыг хашиж буй анхны эмэгтэй бөгөөд анхны Африк, Ямайка болон Өмнөд Ази гаралтай хүн болох юм.
2020 оны 11 дүгээр сарын 7-нд хэлсэн үгэндээ Харрис “Би энэхүү албыг хаших анхны эмэгтэй боловч сүүлийнх биш. Учир нь энэ үдэш биднийг үзэж буй бяцхан охин бүр энэ улс бол боломж бололцоогоор дүүрэн улс орон болохыг харж байгаа” гэсэн юм.
Эхэн үе

Калифорни мужийн Окленд хотод 1964 онд төрсөн Харрис нь цагаачдын охин. Түүний эцэг Дональд Харрис нь Ямайкаас гаралтай бөгөөд өдгөө тэтгэвэртээ гарсан эдийн засагч. (Тэрээр хоёр охиноо бага байхад эхнэрээсээ салжээ.)
Харрис өөрийгөө Америкийн амлалтанд итгэж өссөн гэдэг. Түүний эх Шямала Гопалан Харрис Энэтхэг гаралтай бөгөөд хүний эрхийн төлөө тэмцэгч, хөхний хавдар судлаач байсан бөгөөд хүүхдүүддээ “Битгий зүгээр сууж гомдолло. Ямар нэг зүйл хий” хэмээн сургадаг нэгэн байв.
Харрисын ээж 2009 онд нас баржээ.
Харрис Вашингтон хот дахь Африк гаралтай Америкчуудын түгээмэл суралцдаг Ховардын Их Сургуулийг төгсөж, Калифорнийн Их сургуулийн Хэйстингсийн Хуулийн Коллежид хуулийн зэрэг хамгаалсан байна.
Тэрээр хэдэн жилийн турш Оклендэд бүсийн орлогч прокуророор ажиллаж, 2003 онд Сан Францискогийн хот, мужийн захиргааны бүсийн прокурор болжээ.
2010 онд Харрис Калифорни мужийн анхны Африк гаралтай Ерөнхий прокуророор томилогдож, хэмжээгээр улсдаа АНУ-ын Хууль зүйн яамны дараа хоёрдугаарт ордог хууль эрх зүйн дээд байгууллагыг удирдах болсон байна.
2014 онд Харрис өмгөөлөгч Даглас Эмхоффтой гэрлэж, өдгөө насанд хүрсэн хүүхдүүдийнхээ хойд ээж нь болжээ. (Эмхофф нь АНУ-ын “дэд ноёнтон”-ы үүргийг гүйцэтгэхээс гадна Вашингтон дахь Жоржтауны Их Сургуулийн Хуулийн Төвд энэ сараас эхлэн ажиллах юм.)
Сенатын гишүүний хувиар Харрис нь Сенатын Дотоодын аюулгүй байдал болон Засгийн газрын хэрэг эрхлэх хороо, Тагнуулын хороо, Хууль зүйн хороо болон Төсвийн хороонд ажиллаж байв.
Тэрээр КОВИД-19 цар тахлыг эцэслэж, эдийн засаг, эрүүл мэндийн боломж бололцоог тэлж, уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан асуудлуудыг шийдэж, терроризм болон арьс өнгөөр ялгаварлах үзэлтэй тэмцэж, нэгдмэл асуудлууд дээр олон улсын түншүүдтэй хамтран ажиллахад нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон нэр дэвшигч Байденд туслах нь түүний Дэд ерөнхийлөгчийн хувиар анхааран ажиллах тэргүүний зорилт гэсэн юм.
Байден 2020 оны Ардчилсан намын Үндэсний их хурал дээр Харрисыг танилцуулахдаа “Миний дэргэд гайхалтай Дэд ерөнхийлөгч байх болно” гэсэн байна.
*Энэхүү нийтлэл нь анх ShareAmerica цахим хуудсанд 2021 оны 1 сарын 15-нд нийтлэгдсэн болно: https://share.america.gov/kamala-harris-america-vice-president/