Хаан Күэст 2014 амжилттай өндөрлөлөө

Хүндэт зочид Улаанбаатар хотын ойролцоох Таван толгой сургалтын нэгдсэн төв дээр
Хүндэт зочид Улаанбаатар хотын ойролцоох Таван толгой сургалтын нэгдсэн төв дээр

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Хаан Күэст 2014 үйл ажиллагааны хаалтын ёслолын үеэр хэлсэн үгэндээ, “Юуны өмнө дэлхий дахины энхийн үйлст зорилго нэгдэж Хаан Күэст 2014 энхийг дэмжих ажиллагааны сургалт дадлагад цэргийн албан хаагчид, энхийг сахиулагчдаа илгээн оролцуулсан бүх улс орнууд, түүнчлэн энх тайвны үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрээ оруулахаар манай сайхан оронд морилон саатсан эрхэм та бүхэнд чин сэтгэлийн талархал дэвшүүлж даян дэлхийн энхийг сахиулах нэр хүндтэй үйлсэд тань өндөр амжилтыг хүсэн ерөөе” гэлээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчний Таван Толгой дахь сургалтын нэгдсэн төвд 7 дугаар сарын 1-нд зохион байгуулагдсан хаалтын ёслолын арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан зуу зуун цэргийн албан хаагчид болон 100 гаруй гадаад, дотоодын хүндэт зочид, төлөөлөгчид оролцлоо. Тус дасгал, сургуулилт албан ёсоор 6 дугаар сарын 20-нд үйл ажиллагаагаа эхэлсэн билээ.

Жил бүр зохион байгуулагддаг “Хаан Күэст” энхийг дэмжих үйл ажиллагааны олон улсын дасгал сургуулилтыг АНУ-ын Номхон далай дахь хуурай замын цэргийн командлал болон АНУ-ын Номхон далай дахь тэнгисийн явган цэргийн командлалын бие бүрэлдэхүүн Монгол Улсын Зэвсэгт Хүчний бие бүрэлдэхүүнтэй хамтран зохион байгуулж байна. Хаан Күэст 2014 нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн цуврал сургуулилтын хамгийн сүүлийн үеийн арга хэмжээ юм. Энэ жил тус сургалтын арга хэмжээний 12 дахь жилийн ой тохиож байна.

Түрүүч Алисса Х. Гунтон – Монгол улсын Зэвсэгт хүчний Таван Толгой дахь сургалтын нэгдсэн төвд 7 дугаар сарын 1-нд зохион байгуулагдсан хаалтын ёслолын арга хэмжээний үеэр Монгол улсын Зэвсэгт хүчний шүхэрчид газардаж байна.
Түрүүч Алисса Х. Гунтон – Монгол улсын Зэвсэгт хүчний Таван Толгой дахь сургалтын нэгдсэн төвд 7 дугаар сарын 1-нд зохион байгуулагдсан хаалтын ёслолын арга хэмжээний үеэр Монгол улсын Зэвсэгт хүчний шүхэрчид газардаж байна.

Цэргийн анги нэгтгэлүүдийг шилжүүлэн байршуулах хөтөлбөр дор АНУ-ын Номхон далай дахь цэргийн командлалуудаас Аляскийн үндэсний гвардийн бие бүрэлдэхүүний хамт С компанийн тэнгисийн явган цэргүүд, 1-р батальон, Тэнгисийн явган цэргийн 8-р хороо буюу Тэнгисийн явган цэргийн 4-р хороо, Тэнгисийн явган цэргийн 3-р дивиз, Тэнгисийн явган цэргийн 3-р экспедицийн хүчний цэрэг эрс энэхүү дасгал сургуулилтад оролцлоо.

“Өнөөдөр НҮБ-аас дэлхийн 16 оронд энхийг дэмжих ажиллагааг зохион байгуулж, тэдгээрт дэлхийн янз бүрийн улс орны цэрэг эрсээс бүрдсэн 98 000 гаруй цэргийн албан хаагчид оролцож байна. Хаан Күэст 2014 амжилттай зохион байгуулагдсан нь бидний хамтын хүчин чармайлтын үр дүн бөгөөд НҮБ-ын байнгын цэргийн хүчний бүтэц зохион байгуулалтад тодорхой хувь нэмрийг оруулж чадлаа. Хаан Күэст энхийг дэмжих үйл ажиллагаа нь улс үндэстнүүдийн энхийг сахиулагч цэрэг дайчдыг ажил үүргээ гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэргэжлийн арга туршлага сайжруулах дасгал сургуулилтыг тогтмол зохион байгуулах, харилцан дадлага туршлагаа солилцох, энхийг дэмжих үйл ажиллагааны үеэр суралцах боломжоор хангахад ихээхэн хувь нэмэр оруулж байна.” гэж Монгол улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав хэллээ.

Энэ удаагийн дасгал сургуулилт нь команд штабын сургууль, салааны төвшний хээрийн сургууль дадлага, эмнэлгийн хамтарсан үйл ажиллагаа, барилгын хамтарсан үйл ажиллагаа гэсэн дөрвөн үндсэн арга хэмжээнээс бүрдсэн бөгөөд 24 улс орны 1200 гаруй албан хаагчид оролцсон байна. Эрүүл мэндийн үйл ажиллагаагаар олон улсын цэрэг армийн эмч нар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар дунд сургууль дээр мянга мянган ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлжээ. Барилгын хамтарсан үйл ажиллагаагаар барилгын цэрэг, инженерүүд Сонгинохайрхан дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт ус түгээх байрыг барьж, 114-р цэцэрлэгийн барилгыг шинэчлэн засварлах ажлыг хийсэн байна.

“Дасгал сургуулилтын үеэр энхийг сахиулагч албан хаагчид энхийг сахиулах үйл ажиллагааны арга техникүүдээс суралцаж, харилцан туршлага солилцлоо. Улаанбаатар хотод хийсэн хүмүүнлэгийн тусламжийн эдгээр цогц арга хэмжээнүүд нь энэхүү дасгал сургуулилтын хамгийн чухал хэсэг болоод байгаа юм” гэж Ц.Бямбажав нэмж хэллээ. “Хаан Күэст зэрэг олон улсын цэргийн сургууль нь улс үндэстнүүдийн цэрэг армиуд мэдлэг туршлага, дадлага чадвараа арвижуулах, харилцан ойлголцох, сайхан нөхөрлөлийг бий болгох боломжоор хангаж байна. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд цэрэг эрс дасгал сургуулилтаа хамтдаа хийж, урт удаан хугацаанд үргэлжлэх сайхан харилцааг тогтоож чадлаа. Энхийг сахиулахаас өгсүүлээд ард иргэдэд эмнэлгийн тусламжийн үйлчилгээ үзүүлэх, Монгол орны дэд бүтцийг сайжруулах хүртэлх өөр өөрсдийн онцлог бүхий ажиллагаа, ажил мэргэжил, дадлага туршлагаа солилцлоо” гэж АНУ-ын 1 дүгээр корпусын командлагч, дэслэгч генерал Стифен Р.Ланза ярилаа.

Хээрийн дадлага сургуулиар цэргийн албан хаагчид энхийг сахиулах онцгой арга тактикуудын талаар суралцаж, дадлага сургууль хийлээ. Энэ дадлага сургуулилтыг гадаадын улс орнуудын цэрэг эрстэй мөр зэрэгцэн ажиллаж бодит туршлага хуримтлуулсан сургагч багш нар явуулсан тухай С компанийн командлагч офицер АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад Жозеф Бест өгүүллээ.

Энэ удаагийн Хаан Күэст сургуулийг амжилттай хэрэгжүүлснээр улс орнуудад тулгараад байгаа аюулгүй, тогтвортой байдлын асуудлуудыг давах туулахад ийм төрлийн сургуулийн үр дүнгээр бий болсон хамтын нөхөрлөл илүү урам зориг өгөх ёстой гэж Ланза нэмж хэлэв.