Хаан Күэст 2015 оны эхлэлээ

Хаан Күэст 2015 (KQ15) сургалтын нээлтийн ажиллагаа энэ оны 6 сарын 20-ны Бямба гарагт Таван толгой сургалтын бааз дээр болж, уг ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөл, АНУ-ын цэргийн албаныхан болон олон улсын төлөөлөгчид оролцлоо.

Хаан Күэст (KQ) нь Монгол Улсын Зэвсэгт хүчнээс АНУ-ын Номхон далайн Армийн командлал, АНУ-ын Номхон далайн Тэнгисийн явган цэргийн хүчинтэй хамтран жил болгон зохион байгуулагддаг олон улсын дасгал сургуулилт юм.

“Энэ дасгал нь олон улсын зэвсэгт хүчний энхийг сахиулах, энх тайвны дэмжлэг үзүүлэх чадавхийг сайжруулах явдалд чухал ач холбогдолтой. уг үйл ажиллагааг зохион байгуулах явцаас олж авсан туршлагаа Монгол Улсын Зэвсэгт хүчин өндрөөр үнэлдэг. Хаан Күэст-ийн хүрээ, ач холбогдол, нэр хүнд жилээс жилд өсөн нэмэгдэж, бүс нутгийнхаа томоохон үйл ажиллагааны нэг нь болж байгаа явдалд би сэтгэл ханамжтай байна” хэмээн Монгол Улсын Батлан хамгаалахын Сайд Ц.Цолмон хэлжээ.

Мөр зэрэгцэн ур чадвараа хослуулах замаар KQ15 нь бүс нутгийн аюулгүй байдлыг дэмжиж, бэхжүүлдэг гэж АНУ-ын Номхон далайн Тэнгисийн явган цэргийн хүчний орлогч дарга, АНУ-ын Тэнгисийн явган цэргийн бригадын дарга Генерал Кристофер Ж. Махони хэллээ.

“Бидний амьдарч байгаа дэлхий маш олон боломж, итгэл найдварыг бидэнд өгдөг хэдий ч бас үргэлж өөрчлөгдөж аюул болгоомжлолыг дагуулж байдаг” гэж тэрээр хэлээд, “Ховор ур чадвар эзэмшсэн, чин зорилготой хүмүүсийн үйл ажиллагаагаар энэ итгэл найдвар тэтгэгдэж, боломж баталгаажиж байдаг юм. KQ2015 үеэр бид хүчин чармайлтаа нэгтгэн оролцсоноор бид бас ингэж чадна” гэв.

Хаан Күэст сургалтаар Монгол Улсын Зэвсэгт хүчин болон АНУ-ын цэргийн албаныханы хоорондын харилцан хүндэтгэсэн харилцаа сайжирдаг ба тус сургалт нь мөн олон улсын харилцааг бэхжүүлдэг аж.

Монгол Улсын Батлан хамгаалахын Дэд сайд, Хошууч Генерал З. Болдбаатар “Инженерийн, эмнэлгийн хамтарсан арга хэмжээ зэрэг хүмүүнлэгийн ажиллагаанууд нь энэ сургуулилалтын ач холбогдлыг нэмэгдүүлсэн салшгүй нэгэн хэсэг. Сургуулилалтууд нь өргөн хүрээг хамарсан бөгөөд бодит орчинд тохиолддог үйл ажиллагаанууд юм” гэлээ.

KQ15-т оролцохоор дэлхийн 20 гаруй орны 1200 гаруй цэргийн албан хаагчид ирээд байна. Дараагийн хоёр долоо хоногийн хугацаанд оролцогсод энхийг сахиулах үйл ажиллагаа, ослын үеийн сургалт болон өрсөлдөөнт ажиллагаануудаас бүрдсэн хээрийн сургуулилалтад оролцоно. Үүний зэрэгцээ бодит байдлыг дүрсэлсэн сургуулилалт буюу Команд штабын сургалтаар энхийг сахиулах үйл ажиллагааны тушаал болон хяналтын чадавхийг сайжруулна.

Махони нэмж хэлэхдээ, “Эдгээр ажиллагаануудын холбоос нь, магадгүй энэ сургалт дадлагын хамгийн чухал ач холбогдол нь хамтын ажиллагаа, харилцааг бий болгож байгаад оршино. Бид цэргийн харилцааг бий болгохоос гадна урт удаан хугацааны хувийн сайхан холбоог бий хэрэгтэй юм” гэжээ.

Монгол Улс нь Өмнөд Судан, Сьерра Леон болон Балканы хойг дахь энхийг сахиулах үйл ажиллагаануудад оролцсон энхийг сахиулах ажиллагааны арвин туршлагатай. Хаан Күэст зэрэг дасгал сургуулилт нь оролцогч улсуудад бие биенийхээ туршлагаас суралцах боломжийг олгодог билээ.

“Хээрийн сургуулилтад оролцож байгаа цэргүүд хамтдаа сургуулилтын хүнд хэцүүг даван туулж зовлонгоо хуваалцсан сайн андын харилцааг үүсгэж, зэвсэг нэгт ахан дүүс болцгоож, ажиллагааны тактикийн шийдвэр гаргах сургалт хийж байгаа удирдах төвшний бие бүрэлдэхүүнүүд уг сургалтаар дамжуулж хоорондын итгэлцлийг бүрэлдүүлж байгаа юм” гээд Махони үргэлжлүүлэн “Эндээс олж авсан бүхэн чинь тусламж дуудах аль нэг орны дуудлагын хариу болж ч магадгүй юм. Ямартай ч KQ2015 та бүхнийг энэ дуудлагад бэлэн байхаар бэлтгэсэн байх болно. KQ2015 өмнөх жилүүдийн сургалт дадлагын амжилтыг давтана гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Үүний төлөө ч бид хичээнгүйлэн зүтгэж байгаа билээ” хэмээсэн байна.