LEAD-Mongolia хөтөлбөрийн оролцогчдод хандаж Элчин сайд Женифер Зимдал Галтын хэлсэн үг

Ambassador Galt welcomes LEAD Mongolia fellows

ЭЛЧИН САЙД ГАЛТ:

Сайн байцгаана уу. LEAD-Mongolia хөтөлбөрийн шинэхэн оролцогч нараа тавтай морилохыг урья.

LEAD-Mongolia хөтөлбөрийн оролцогч нартай уулзахдаа би үргэлж баяртай байдаг.

Залуучуудын хөгжил болон менторын үйл ажиллагаа нь АНУ-ын Элчин сайдын хувиар миний тэргүүн зорилтуудын нэг.

Өнгөрсөн жилийн эхээр би Олон улсын хөгжлийн агентлаг буюу USAID-тай хамтран Монголын ардчиллын манлайлагчдын шинэ үеийг дэмжих LEAD хэмээх энэхүү санаачлагыг эхлүүлсэн юм.

Та нар бүгдээрээ надад маш их урам зориг өгч байна. LEAD-Mongolia хөтөлбөрт цаг зав, эрч хүч, зүрх сэтгэлээ зориулахаар шийдсэн чинь л Монголын ирээдүй маш гэгээлэг байгааг харуулж байна.

Та бүхэн ийм амжилтыг олж, LEAD-Mongolia хөтөлбөрт сонгогодож чадсанд тань чин сэтгэлээсээ баяр хүргэж байна.

Шалгаруулалтын үйл явц маш өрсөлдөөнтэй байсан бөгөөд LEAD төслийнхөн 147 өргөдөл хүлээн авсан. Эцсийн шатанд 30 оролцогч буюу та нарыг сонгосноор та бүхэн LEAD-Mongolia-гийн Монгол дахь сэдэвчилсэн хөтөлбөрт оролцохоор сонгогдоод байна.

Та бүхний ирүүлсэн өргөдөл гайхалтай чадваруудыг тань илтгэн харуулж байсан нь LEAD хөтөлбөрт маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн гэдгийг би мэднэ. Та бүхэн өөр өөр ажил мэргэжлийн, сэтгэлдээ галтай, Монголын ардчиллын замналыг илүү сайн болгох гэсэн хүсэл эрмэлзэлтэй залуус.

Иргэн бүрийнхээ дуу хоолойг сонсдог, хүн бүрт хүртээмжтэй нийгмийг Монгол Улсад цогцлоохын төлөө тууштай байгааг та бүхнээс харж байна. Монголын байгал орчин дараа дараагийн үеийнхэндээ цэвэр цэмцгэрээрээ очиж, ядуурал арилж, боловсрол илүү чанартай болж, авилгыг үндсээр нь устгах үүрэг хүлээж байгаагаа та нар харуулж байна.

LEAD-Mongolia хөтөлбөр шиг ийм боломж ховорхон тохиодог та нар шиг шинэ, залуу манлайлагч нар олон байгаа.

Гэсэн хэдий ч тэд эерэг өөрчлөлтийг авчирч, орон нутгийн иргэдээ дэмжин, ардчилалд өөрийн гэсэн дуу хоолойтой байх боломжийн төлөө тэмүүлж байдаг.

Тийм болохоор би LEAD-Mongolia хөтөлбөрийн оролцогч залуус та бүхний өмнө нэг сорилтыг тавьмаар байна. Энэ нь юу вэ гэвэл, энэ хөтөлбөрт оролцохдоо ийм боломж олдоогүй бусад өсөх ирээдүйтэй манлайлагч  нарыг татан оролцуулах арга замыг эрэлхийлэх. Тэднийг олж, та нарын ажилд оролцох боломжийг тэдэнд өг.

Илүү олон залуусыг татан оролцуулснаар та нар тэдэнд итгэл найдвар, урам зориг, өөртөө итгэх итгэлийг өгнө. Энэ нь зөвхөн Монголд төдийгүй дэлхий даяар ардчилсан үйл явцыг бэхжүүлэх нэн чухал бүрэлдхүүн хэсэг билээ.

АНУ-ын Элчин сайдын яам манлайллыг зоригжуулж, Монголын залуу үеийг дэмжих талаар хэд хэдэн хөтөлбөр явуулдаг. Түүний дотор дөнгөж саяхан нээгдсэн FLEX нэртэй, ахлах ангийн сурагчдын солилцооны хөтөлбөр бий.

Эдгээр санаачлагын дундаас LEAD Mongolia нь их онцгой хөтөлбөр юм. Энэ нь зөвхөн Монголд зориулсан хөтөлбөр бөгөөд дэлхийд яг ийм хөтөлбөр өөр байхгүй.

Энэхүү хөтөлбөрийг яг та нарт буюу Монголын ардчилагчдын дараагийн шинэ үед тухайлан зориулсан юм.

Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам болон Олон улсын хөгжлийн агентлагийн ажилтан бид бүхэн та нарыг дэмжихдээ таатай байх болно.

LEAD Mongolia хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг олгосон АНУ-ын ОУХА-т талархал илэрхийлж байна.

Мөн хөтөлбөрийг гардан хэрэгжүүлж буй World Learning байгууллагын хамт олонд баярлалаа.

Та бүхэнд амжилт хүсье. Та нарын амжилт биднийг дагуулна гэдэгт итгэлтэй байна.

Баярлалаа.