МСК-н Дэд ерөнхийлөгчийн орлогч Монголд айлчлан Компакт гэрээ боловсруулах ажлын явцыг төрийн удирдлагуудтай хэлэлцэв

Хэвлэлийн мэдээ

2017 оны 12-р сарын 6

 

Утас: 7007-6001

paspress@usembassy.mn

 

МСК-ийн Бүсийн Дэд ерөнхийлөгчийн орлогч Монголд айлчлан МСК-ийн Компакт гэрээ боловсруулах ажлын явцын талаар хэлэлцэхээр Төрийн удирдлагуудтай уулзав

ВАШИНГТОН ХОТ, 2017 оны 12-р сарын 6 – АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн (МСК) Бүс нутгийн Дэд ерөнхийлөгчийн орлогч Фатема З. Сумар компакт хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлэхээр санал болгосон төслүүдийг боловсруулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар болон бусад төрийн удирдлагуудтай уулзахаар энэ долоо хоногт Монгол Улсад айлчиллаа.

Монгол Улсын Засгийн газар техник эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан судалгааны үр дүнтэй танилцаж, МСК-ийн туслалцаатайгаар хэрэгжүүлэх нийслэл Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх төслийг эцэслэн шийдвэрлэхээр ажиллаж байна. Засгийн газар 2018 оны 2-р сар гэхэд төслүүдийг эцэслэн батлах төлөвтэй байгаа бөгөөд ингэснээр МСК нь тус компакт хөтөлбөрийг Төлөөлөн удирдах зөвлөлдөө батлуулахаар танилцуулах боломжтой болох юм.  

“Бид Монгол улсад хөрөнгө оруулалт хийх МСК-ийн санал болгосон төслүүдийн талаар, мөн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, тогтвортой байдлыг хангах талаар шинэ засгийн газрын удирдлагуудтай харилцан санал солилцсондоо таатай байна,” гэж Европ, Ази, Номхон далай, Латин Америкийн орнууд дахь МСК-ийн хөрөнгө оруулалтын асуудлыг хариуцдаг хатагтай Сумар хэлэв. Мөн тэрээр, “Нийслэл хотын эдийн засгийн өсөлт болон амжиргааны чанарт хэтийн ирээдүйд хувь нэмэр оруулахуйц, аюулгүй, урт хугацааны усан хангамжийг бид хамтын хүчээр бий болгох болно” хэмээн мэдэгдэв.  

Үүний хариуд Ерөнхий сайд У. Хүрэлсүх, “Засгийн газар МСК-ийн Компакт гэрээнд онцгойлон анхаарал хандуулж, АНУ-ын тусламж Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах гэж буйд талархалтай байна.” хэмээн онцлон тэмдэглэв.

Улаанбаатар хотод нийт хүн амын тал гаруй хувь нь оршин сууж, аж ахуй, компаниудын дөрөвний гурав нь төвлөрдөг учраас усан хангамжийн хомсдлын асуудал нүүрлээд байгаа билээ. 2021 он гэхэд цэвэр усны эрэлт хэрэгцээ нь хангамжаа давах төлөвтэй байна.

МСК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 2014 оны 12-р сард Монгол улсыг хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор сонгон шалгаруулсан. Түүнээс хойш МСК Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах хөтөлбөр боловсруулах чиглэлээр Монгол улсын Засгийн газартай хамтран ажиллаж байна. Хамтарсан эдийн засгийн дүн шинжилгээний үр дүнд үйлдвэрлэлийн салбар болон ядуу өрх, олон нийтийн хувьд ус, эрүүл ахуйн хүртээмж өртөг зардал өндөртэй байгаа нь Монгол эдийн засгийн өсөлтөд саад учруулж буй хүчин зүйл гэдгийг олж тодорхойлжээ. Иймд компакт гэрээний хөрөнгө оруулалт нь усан хангамж нэмэгдүүлэх болон бохир ус цэвэршүүлэх технологи ашигласнаар гүний усны эрэлт хэрэгцээг бууруулах, улмаар усны салбарын тогтвортой байдлыг сайжруулах бодлого, институц ба зохицуулалтыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулахыг зорьж байна. Бусад улстай байгуулдаг хоёр дахь компакт гэрээнүүдийн нэгэн адил Монгол улс компакт гэрээний зорилтуудыг биелүүлэхийн тулд төслийн хэрэгжилтэд их хэмжээний хувь нэмэр оруулах юм.

АНУ-ын Засгийн газрын бие даасан агентлаг болох МСК нь цэвэр ус, газар өмчлөх эрх, эрчим хүч, зам зэрэг төслүүдийг санхүүжүүлэхийн зэрэгцээ тухайн улсын ард түмэн ядуурлыг даван туулах, тогтвортой бөгөөд аюулгүй улс орон, бизнесийн шинэ боломжийг бий болгохын тулд бодлогын ба институцийн шинэтгэлийг давхар хийдэг. Компакт гэрээнд гарын үсэг зурсны дараа МСК-ийн түншлэгч орнууд компакт гэрээний хэрэгжилтийг хариуцах дотоодын найдвартай аж ахуйн нэгжийг олж тодорхойлдог юм.

Монгол дахь МСК-ийн хөрөнгө оруулалт-ын тухай эндээс харж болно. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл press@mcc.gov хаягаар холбогдоно уу.

###

Мянганы Сорилтын Корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар дэлхийн ядуурлыг бууруулах зорилготой АНУ-ын Засгийн газрын бие даасан агентлаг юм. 2004 онд байгуулагдсан МСК нь авлигатай тэмцэх, ардчилсан эрхийг эрхэмлэн дээдлэх зэрэг сайн засаглалын нарийн стандарт, хэм хэмжээг хангасан буурай орнуудад тодорхой хугацаагаар тэтгэлэг, туслалцаа үзүүлдэг. МСК-ийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.mcc.gov хаягаар авна уу.