АНУ-ын Элчин сайдын яамны
Олон нийттэй харилцах алба
ШУУРХАЙ
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨМЖ
“Улаанбаатар” олон улсын IX кино наадмын үеэр зохиогдох Америкийн Кино Өдөрлөгийн спикерүүд Стейси Феррейра ба Тони Гэрбер нараас ярилцлага авах боломж
АНУ-ын Элчин сайдын яам нь 2017 оны 10-р сарын 10-15-ны өдрүүдэд болох “Улаанбаатар” олон улсын IX кино наадмын (УБОУКН) энэ жилийн онцлох орноор шалгарсан Америкийн Кино Өдөрлөг хөтөлбөр, арга хэмжээнүүдэд та бүхнийг урьж байна. Энэ жилийн наадмын онцлох орны хувьд Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам (ЭСЯ) нь АНУ-ын Төрийн Департаментын Боловсрол, соёлын асуудал хариуцсан Товчоо болон Өмнөд Калифорнийн их сургуулийн Кино урлагийн сургуультай хамтран Америкийн Кино Өдөрлөг арга хэмжээг Монгол улсад тасралтгүй гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Кино наадмуудын шагнал хүртсэн Америкийн орчин үеийн таван кино 10-р сарын 11-15-ны өдрүүдэд Тэнгис кино театрт олны хүртээл болно. АНУ-ын ЭСЯ нь энэ жилийн Америкийн Кино Өдөрлөгийн үндсэн сэдэв болох хувийн бизнес эрхлэлт буюу энтрепренер туршлагын талаар, мөн киноныхоо талаар олон нийттэй ярилцах хоёр эрхэмийг урьсан болно. Эхнийх нь наадмын онцлох орны нээлтийн уран бүтээл болох “Охидын санаачлага” киноны гол дүр, бизнесийн гараагаа амжилттай эхлүүлэн хөгжүүлж буй энтрепренер Стейси Феррейра юм. Удаах нь Эмми шагналын хоёр удаагийн эзэн, кино найруулагч, зохиолч Тони Гэрбер бөгөөд УБОУКН-ын Олон улсын Кино Форумын үеэр туршлагаасаа хуваалцан Монголын уран бүтээлчид, оюутан залуус зориулан сургалт зохион байгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи товч намтраас харна уу.
Эдгээр онцгой зочид болон ЭСЯ-ны ажилтнууд 10-р сарын 10-ны 18:00 цагт Корпорейт Конвеншн Төвд болох УБОУКН-ын Хэвлэлийн бага хурлын үеэр хүрэлцэн ирж та бүхний асуултанд хариулна. УБОУКН-ын турш буюу 15-ныг дуусталх хугацаанд Хатагтай Феррейра болон Ноён Гэрбер нар төрөл бүрийн ярилцлага, хөтөлбөр, арга хэмжээнд оролцоно. Ярилцлага авах, эсвэл сурвалжлага хийхийг хүсвэл та бүхэн бидэнтэй дараах цахим шуудан болон утсаар холбоо барина уу: paspress@usembassy.mn, 7007-6249.
Спикерүүдийн товч намтар:
Стейси Феррейра:
Аризона мужийн уугууль Стейси ахлах сургуулиа төгсөөд нууц үгийн агуулах, менежмэнтийн цахим шийдэл болох “MySocialCloud” нэртэй анхны компаниа бусадтай хамтран үүсгэн байгуулжээ. Твиттерээр дамжуулан тэрээр Ричард Брэнсон, Жерри Мүрдок, Алекс Уэлш зэрэг хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж чадсан юм. 18 настайдаа Стейси бизнестээ зориулж 1.2 сая ам доллар босгожээ. 2013 онд “MySocialCloud” компаниа Reputation.com-д зарж, улмаар “20 хүрээгүй 2 тэрбум залуус: Шинэ зууныхан хэрхэн насны хил хязгаарыг даван дэлхий дахиныг өөрчилж байгаа нь” нэртэй анхны бестселлер номоо хэвлүүлжээ. Өнөөдөр Стейси “Forge” компанийн Гүйцэтгэх захирал бөгөөд энэ нь гэрээлэх, ажилд авах, менежмэнт хийх болон ажлын хүчээ тогтвортой хадгалахад шаардлагатай арга хэрэгслээр жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийг хангахын хажуугаар, цагийн ажилтнуудыг байнгын ажилтай байхад нь чадавхжуулж, эрхмэдэлжүүлэх компанийн ажиллах хүчний менежмэнтийн аппликейшн юм. 2016 онд Феррейра нь “30 нас хүрээгүй 30 топ” энтрепренероор шалгарчээ. “Хаффингтоны шуудан”, “Эмэгтэйчүүд 2.0”, “Бизнес инсайдер”, CNBC, “ТехКранч” болон “Арвандолоо” сэтгүүлийн нүүрэн дээр гарах зэргээр түүний талаар хэвлэл мэдээллүүд удаа дараа сурвалжлан бичсэн байна. Мөн “TEDxYouthСанДиего”, “TEDxNYU”, болон “ГРАММИ Хэвлэл мэдээллийн 7 хоног” зэрэг нэр хүндтэй технологийн бага хурлуудад илтгэгчээр оролцож, “Эмэгтэйчүүд 2.0” ба “Форбс” сэтгүүлд зочин нийтлэгчээр ажиллаж байсан туршлагатай нэгэн юм.
Тони Гэрбер:
Эмми шагналын хоёр удаагийн эзэн, зохиолч, кино найруулагч TOНИ ГЭРБЕР нь дэлхийн хамгийн алслагдмал хол, адал явдалт газруудаар зураг авалт хийж, “Нейшнл Жеографи” сувагт хэдэн арван баримтат киног бичиж, найруулсан. Хамгийн сүүлд тэрээр АНУ-ын Тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн охидын боловсролын чухал ач холбогдлын талаар олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхийн тулд Африкт хийсэн аялалын тухай “Бид Босох Болно” киног (CNN Филмз) найруулсан бөгөөд кинонд Мерил Стрийп, Иша Сисей, Фрейда Пинто нар тогложээ. Тус кино нь 2017 оны Америкийн Телевизийн Академийн шагналыг хүртжээ. Мөн уулын горилла сармагчинг хамгаалах тэмцлийн тухай өгүүлэх “Судлаач: Вирунгагийн төлөөх тэмцэл” (Нейшнл Жеографи суваг) баримтат кино нь амьтан хамгааллын талаарх чухал асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулсны төлөө Хүнлэг Нийгмийн дээд шагнал болох 2017 оны “Genesis” шагналыг хүртжээ. Жейн Гүүдалын тухай тусгай нийтлэл (“Жейн болсон нь”) нь энэ оны 10-р сарын “Нейшнл Жеографи” сэтгүүлийн онцлох түүх болно. Хамгийн сүүлд тэрээр “ЭНЭ БОЛ РЕДДИН” нэртэй АНУ-ын Пеннсилвани мужийн Рэддин дахь мультимедиа инсталляцийн кино уран бүтээлийг санаачлан хэрэгжүүлжээ. 2005 онд Пулицерийн хоёр удаагийн шагналт жүжгийн зохиолч Линн Ноттейжийн хамтаар Нью-Йоркт төвтэй уран бүтээлийн компани болох “Маркет Рөүдс Филмз”-ийг үүсгэн байгуулсан байна. Гэрбер нь Штайнер студийн Фейрштайн Кино урлагийн эрдмийн сургуулийн тэнхимийн гишүүн юм.
Ерөнхий мэдээлэл: Монголын Урлагийн Зөвлөл болон Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар нь УБОУКН-ыг жил бүрийн 10-р сарын хоёр дахь 7 хоногт зохион байгуулдаг. Өнгөрсөн хугацаанд УБОУКН нь Канн, Берлин, Торонто болон дэлхийн бусад томоохон кино наадмуудын шагналт, өвөрмөц, сэтгэлд хоногшихуйц, олон улсын үзэгчдийн таашаал хүртсэн кинонуудыг олны хүртээл болгосоор ирсэн билээ. Энэ жилийн наадам нь 12 улсын кино уран бүтээлийн эксперт, нийт 20 гаруй кино, шинэ кино уран бүтээл болон уран бүтээл туурвих шинэлэг техник технологийн талаар хийх сургалт, хэлэлцүүлэг бүхий Олон улсын Кино Форумаас бүрдэнэ.
УБОУКН нь жил бүр Монгол улс, гадаадын улс хоорондын дипломат харилцааг тэмдэглэх, соёл, үнэт зүйлсийг нь киногоор дамжуулан сурталчлахын тулд онцлох орныг сонгодог. Энэ жил АНУ болон Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан наадмын Онцлох Орноор АНУ-г сонгожээ. Энэ жил УБОУКН Нора Погги, Инсия Саийд нарын бүтээл “Охидын санаачлага”, Брэд Олгүүд, Грэхэм Таунсли нарын бүтээл “Хог булах цэгийн филармони”, Леа Мисиусын бүтээл “Тогооч”, Сафдий Бродерсийн бүтээл “Зугаатай мөч” болон Матт Россын бүтээл “Ахмад Гайхамшиг” гэсэн Америк кинонуудыг олны хүртээл болгохоор сонгон шалгарууллаа.
# # #