Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам
Олон нийттэй харилцах алба
paspress@usembassy.mn
Утас: 7007-6001
Шуурхай
2017 оны 10 сарын 17
АНУ-ын санхүүжилтээр баригдсан Замын-Үүд дэх цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагааг сурвалжлахыг урьж байна
2017 оны 10 сарын 19, 12:00
АНУ-ын Элчин сайдын яамны зүгээс энэ аравдугаар сарын 19-ний өдрийн 12:00 цагт Замын-Үүд суманд баригдсан цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээг сурвалжлахыг урьж байна. АНУ-ын Элчин сайд Женифер Зимдал Галт, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Замын-Үүд сумын Засаг дарга О.Үүрцайх, МОНКОН констракшн группийн тэргүүн Ч.Дарханбаатар нарын хамт энэхүү АНУ-ын санхүүжилтээр баригдсан цэцэрлэгийг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нээж, тууз хайчлах ёслолын арга хэмжээнд оролцоно.
АНУ-МУ хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд АНУ-ын Батлан хамгаалах яам МУ-ын БСШУСЯ-тай хамтран 3-6 насны хүүхдүүдэд зориулагдсан цэцэрлэг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд шинээр нээж буй юм. Монгол улс даяарх бага насны боловсрол, хүмүүжлийн төвийн тулгамдсан хэрэгцээг хангах зорилготойгоор барилгын ажлыг МОНКОН констракшн групп гүйцэтгэсэн болно.
Шинэ цэцэрлэгийн барилга нь дулаан хадгалах салхивч, Америк стандартын агаарын солилцооны систем, өндөр чанарын дулаан тусгаарлах хана, барилгын битүүмжлэх хучлага болон эрчим хүчний хэмжилт зүйн систем зэрэг эрчим хүчний өндөр хэмнэлттэй зарцуулалтын стандарттай загвар хийцтэй баригдсан бөгөөд эрс хүйтэн цаг агаарт, дулааныг хадгалж, цахилгааны эрчим хүчний алдагдлыг танаж, жилийн дөрвөн улиралд өрөө тасалгааг цэвэр агаараар хангах боломжтой. Тус цэцэрлэг нь 3-6 насны 75 орчим хүүхдэд үйлчлэх багтаамжтай юм.
Нээлтийн үйл ажиллагааны хөтөлбөрт Элчин сайд болон орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчдийн мэндчилгээ болон тууз хайчлах ёслол, оюутан сурагчдын урлагийн үзүүлбэр болон шинэ цэцэрлэгтэй танилцах аялал багтах юм.
Энэхүү цэцэрлэг нь 9 сарын 6-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт АНУ-ын санхүүжилттэй баригдаж нээгдсэн бас нэгэн цэцэрлэгтэй адил АНУ-ын хуурай замын Аляск мужийн цэргийн командлалын загвар хийцтэйгээр Монгол компанийн гүйцэтгэлтэйгээр баригдсан.
Ярилцлага болон сурвалжлага хийх хүсэлтээ бидэнд paspress@usembassy.mn хаягаар ирүүлнэ үү.