АНУ-ын дараагийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен

Antony Blinken speaks in Wilmington, Delaware, on November 24. Blinken is the new U.S. secretary of state. (© Demetrius Freeman/Washington Post/Getty Images)

Америкийн шинэ тэргүүн дипломатч Энтони Блинкений хувьд АНУ-ын Төрийн департаментад эргэн ирэх нь түүнд мэргэжлийн болон гэр бүлийн уламжлалыг аль алиныг нь үргэлжлүүлэх боломж олгож буй хэрэг юм.

Нэгдүгээр сарын 26-нд АНУ-ын Сенатаас Төрийн нарийн бичгийн даргаар томилсон Блинкен ийнхүү Клинтон, Обамагийн засгийн газрын үеүүдэд өөрийнхөө үүрэг гүйцэтгэж байсан Төрийн департаментыг удирдан ажиллахаар болоод байна. Тэрээр төрийн албаны карьераараа АНУ-ын Элчин сайдаар ажиллаж байсан эцэг болон авга ахынхаа туулсан замналыг үргэлжлүүлж байгаа ажээ.

Нэгдүгээр сарын 19-нд түүнийг АНУ-ын 71 дэх Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшүүлсэн Сенатын танхимын сонсгол дээр үг хэлэхдээ Блинкен КОВИД-19 цар тахал зэрэг дэлхий нийтийн асуудлууд дээр олон улсын түншүүдтэй хамтран ажиллахаа мэдэгдсэн юм. Тэрээр мөн сайн сайхны төлөө бусдыг хөдөлгөх АНУ-ын чадавхийг онцлон тэмдэглэсэн байна.

Тангараг өргөх ёслолынхоо үеэр Блинкен хэлэхдээ “Аливаа юмс өөрчлөгдөхийн хэрээр зарим зүйлс хэвээр үлддэг. Америкийн манлайлал шаардлагатай хэвээр байна” гээд цааш нь “Гэхдээ бидэнд тулгамдаад буй томоохон асуудлуудын алийг ч ямарваа нэгэн улс үндэстэн, АНУ зэрэг хүчирхэг улс гүрэн байгаад ч дан ганцаар шийдвэрлэх боломжгүй юм” гэжээ.

Блинкен мөн гэр бүлийнхээ төрийн албанд зүтгэх уламжлалт замналыг үргэлжлүүлэх болсоноо өөрийн “ариун үүрэг” гэсэн юм.

Гэр бүлийн гишүүд нь хавчлага мөрдлөгөөс зугтааж АНУ-д ирсэн талаар дурдахдаа тэрхүү үйл явдал нь Америкийн дэлхий дахины өмнө хүлээсэн үүргийн тухай өөрийнх нь бодлыг өөрчилсөн гэжээ.

Түүний өвөг эцэг Маурис Блинкен Оросын хоморголон устгах үйл ажиллагаанаас дүрвэж, АНУ-д цагаачилж байжээ. Түүний хойд эх Вера Блинкен коммунист Унгараас дүрвэж, дараа нь бусад дүрвэгсдэд АНУ руу ирэхэд нь тусламж үзүүлж байв. Харин Блинкенийг өргөж авсан эцэг Самуэл Писар нацист хорих лагерт дөрвөн жил хоригдоод, хороохоор тууж явах үед нь зугатааж Америк цэргүүдтэй тааран аврагдсан байна.

Арваннэгдүгээр сарын 24-нд Ерөнхийлөгчид сонгогдсон нэр дэвшигч Байден түүний нэрийг Төрийн нарийн бичгийн даргад дэвшүүлсний дараагаар Блинкен “Манай гэр бүлийн төдийгүй маш олон Америкчуудын үе удамд АНУ нь дэлхий дээрх сүүлчийн итгэл найдвар нь байсаар ирсэн” гэжээ.

Нью Йорк мужийн Ёнкерс хотод төрсөн Блинкен төрийн албан хаагч, дипломатчидын гэр бүлээс гаралтай. Түүний эцэг Доналд АНУ-ын Агаарын хүчинд алба хааж, Унгар улсад суух АНУ-ын Элчин сайдаар ажиллаж байжээ. Харин түүний авга ах Алан Блинкен Белги Улсад суух АНУ-ын Элчин сайдын албыг хашиж байв.Еврейчүүдийг үй олноор хоморголон устгах нацист үйл ажиллагааг даван туулсан Блинкений хойд эцэг Харвардын Их сургуульд элсэж, дараа нь Ерөнхийлөгч Кеннедигийн зөвлөхөөр ажиллаж байжээ.

Харвардын Их Сургууль болон Колумбын Хуулийн Сургуулийн төгсөгч Блинкен Төрийн департаментад 1993 онд элсэн орсон байна. Улмаар Клинтоны үед Цагаан ордон болон АНУ-ын Сенатын Гадаад харилцааны хороонд тус тус алба хашиж байсан бөгөөд тухайн үед Делавэр мужаас сонгогдсон Сенатын гишүүн Байдентай ойр дотно хамтран ажиллаж байв.

Обамагийн сонгогдсон 2008 оны сонгуулийн дараагаар Блинкен тухайн үеийн Дэд ерөнхийлөгч Байдены Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр, дараа нь Үндэсний аюлгүй байдлын зөвлөхийн Тэргүүн орлогчоор тус тус ажиллаж байжээ. Тэрээр 2015 онд Төрийн нарийн бичгийн орлогч даргаар томилогдож байсан юм.

Уур амьсгалын өөрчлөлт, зэр зэвсгийн дэлгэрэлт, КОВИД-19 цар тахал зэрэг дэлхий нийтэд тулгамдсан асуудлууд дээр бусад улс орнуудтай хуран чуулж, хариу арга хэмжээ авахад АНУ голлох үүрэгтэй талаар Блинкен удаа дараа онцлон тэмдэглэсэн юм.

Арваннэгдүгээр сарын 24-нд хэлсэн үгэндээ тэрээр “Бид бусад улс орнуудтай хамтран ажиллах шаардлагатай. Бидэнд тэдний хамтын ажиллагаа хэрэгтэй, тэдний түншлэл хэрэгтэй” гэсэн юм.