
Америкийн Нэгдсэн Улсын Цэргийн инженерийн корпусаас 3 сарын 30-аас 4 сарын 2-ны хооронд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай (БОНХАЖЯ) хамтран Газрын доорх усны загварчлалын сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Монголд дөрвөн жил сургалт явуулах хугацаанд энэ жилийн сургалт нь онцгой ач холбогдолтой болж өнгөрсөн бөгөөд энэ нь оролцогчдын идэвх санаачлаг, мэдлэг мэдээлэл сайтай байсантай холбоотой байсан гэж АНУ-ын Цэргийн инженерийн корпусаас онцлон тэмдэглэв. Уг сургалтанд АНУ-ын Цэргийн инженерийн корпусаас гадна АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Геологийн судалгааны агентлаг, ЮНЕСКО, Монгол улсын Цэнгэг усны хүрээлэн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцож газрын доорх ус, Туул голын сав газрын усны загварчлалыг хийхэд шаардлагатай өгөгдөл зэрэг олон асуудлаар дэлгэрэнгүй ярилцав. Энэ сургалтанд усны нөөцийн чиглэлээр ажилладаг Монголын 15 төрийн ба төрийн бус, хувийн байгууллага, их дээд сургуулийн 40 орчим хүмүүс хамрагдсан байна.
БОНХАЖЯ-ын Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр гүйцэтгэгч Булган сургалтыг нээн үг хэлсэн ба ЮНЕСКО-ийн Бээжин дэх салбарын Байгалийн шинжлэх ухааны хөтөлбөрийн мэргэжилтэн ноён Ханс Толстроп ЮНЕСКО-ийн Дэлхийн усны тухай тайланг танилцуулав.

Уг сургалтанд Туул голын сав газрын газрын доорх усны загварчлал дээр ажиллаж буй хүмүүсээс гадна хориод оролцогч дараагийн таван жилд Говийн бүсийн газрын доорх усны загварчлал дээр ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, дараагийн сургалтуудад газрын доорх усны загварчлалын ахисан шатны сургалт зохион байгуулах талаар санал солилцов.
Усны хэрэглээ, усны хомсдол зэрэг нь Монгол Улсын тулгамдаж буй асуудлуудын нэг мөн бөгөөд Азийн хөгжлийн банкны (АХБ) 2014 оны тайлангаас харахад Туул голын сав газраас хамааралтай Улаанбаатар хотын ундны усны хэрэгцээг 2021 хүртэл бүрэн хангахын тулд жилд 37,1 сая м3 гүний усны нэмэлт хэрэгцээ шаардлагатай болох аж. Харин АХБ-ны судалгаагаар бол тэр үед усны хомсдолд дахин орохгүй гэх баталгаа байхгүй юм байна.