2016 оны 1-р сарын 18-28-нд “Монгол Улс дахь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд арван таван монголчууд АНУ-ын Аляска мужид айлчлал хийгээд ирлээ. 11 өдөр үргэлжилсэн айлчлалаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төв (ХЭҮТ), Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дэргэдэх Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдод үйлчлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв,” хамгаалах байрууд болон бусад холбогдох иргэний нийгмийн байгууллагууд төлөөллөөс бүрдсэн баг гэр бүлийн хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн шилдэг туршлага, үр дүнтэй стратегийн талаар мэдлэг мэдээлэл олж авлаа.
Монгол Улс дахь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл Монголын засгийн газар болон гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөдтэй хамтран ажиладаг ТББ-уудыг гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн орон байрны менежменттэй танилцуулах болон гэр бүлийн хүчирхийллийг эмчлэх, хамгаалах стратегиар тэднийг чадавхижуулах боломжтой юм. Мөн энэхүү төсөл нь эмэгтэйчүүдийн эрх болон гэр бүлийн хүчирхийллийн асуудалд анхаарал хандуулдаг засгийн газрын бүлгүүд, хууль хүчний байгууллага болон ТББ-уудын хооронд хамтын ажиллагаа тогтоох, гүнзгийрүүлэх зорилготой.
Монголын улсын төлөөлөгчид АНУ-ын гурван хотоор зочилж олон уулзалт хийснээс Анкораж хотод Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд хямралын үед туслах AWAIC байгууллага, хотын захиргаа, прокурорын газар, цагдаагийн газраар, Жуно хотод Аляскийн гэр бүлийн хүчирхийлэл болон бэлгийн дарамтны асуудлаарх зөвлөл, Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд туслах AWARE байгууллага, гэр бүлийн хүчирхийлэл болон бэлгийн дарамтны асуудлаарх Аляскийн сүлжээ ANDVSA байгууллагатай, Ном хотод Берингийн далайн эмэгтэйчүүдийн бүлэгтэй уулзаж тэдний орон байртай танилцан Каверак тусламжийн байгууллага болон Норт Саунд Хэлс корпорацитай уулзалтууд хийсэн байна.
Энэхүү хөтөлбөрийг АНУ-ын Төрийн Департаментын Дэлхийн эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан оффисоос санхүүжүүлсэн ба хөтөлбөрийг гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг Монгол улсын Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв ТББ манлайлан хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн эхний шатыг ХЭҮТ, Аляскийн Анкораж хот дахь Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд хямралын үед туслах AWAIC байгууллагатай хамтран зохион байгууллаа.