АНУ-ын Next Level хип хоп хөтөлбөр 2019 оны 9 дүгээр сарын 16-28-нд Монголд!
Next Level / НЭКСТ ЛЭВЭЛ хөтөлбөр нь АНУ-ын Төрийн Департамент, Чапэл Хилл дэх Хойд Каролинагийн Их сургууль болон Мэридианы Олон улсын төвийн хамтын санаачилга юм. Тус хөтөлбөрийн эрхэм зорилго нь хип хоп хөгжим бүжгээр дамжуулан өөр хоорондоо ялгаатай ард түмэн, олон нийтийн соёл хоорондын олон талт, бүтээлч солилцоог хөхүүлэн дэмжих явдал юм. АНУ-ын ЭСЯ, Монгол дахь Юниверсал Зулу Нэйшн (Universal Zulu Nation) төрийн бус байгууллага хамтран 2019 оны 9 дүгээр сарын 16-наас 27-ны хооронд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Next Level хөтөлбөр нь Сургалт, Чөлөөт тоглолт (Жэм сэйшн) ба Концерт гэсэн гурван үндсэн хэсгээс бүрддэг. Хөтөлбөрийн хүрээнд нийт 10 уран бүтээлч, элч төлөөлөгчид, хип хопын Ди-Жэй, Эм-Си, Бийтмейкинг, бүжгийн гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр 2-долоо хоногийн эрчимтэй хөтөлбөр бэлтгэж удирдан явуулахаар Монгол улсыг зорин ирнэ.
Монгол дахь Юниверсал Зулу Нэйшн нь АНУ-ын ЭСЯ-наас 2019 оны 7 дугаар сарын 8-нд олон нийтэд нээлттэй зарласан Хамтран ажиллах хүсэлтэд шалгарсан баг хамт олон юм. Багийн ахлагч Э. Мөнхболд нь Юниверсал Зулу Нэйшн – Superbad Chapter-ийн гишүүн бөгөөд Extreme Crew Studio – гийн үүсгэн байгуулагч болно. Юниверсал Зулу Нэйшн нь дэлхийн хамгийн олон гишүүнтэй хип хоп урлагийн хөгжлийн төлөөх байгууллага бөгөөд R16, Challenge Cup, Mongolian Bboy City, ба UB Dance гэх мэт олон улсын чанартай арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог Монгол туургатны хип хоп сонирхогчдыг бид хамтын ажиллагаагаараа дамжуулж хөтөлбөртөө оролцуулахыг зорино.
Зорилго:
Next Level бол олон улсад суугаа АНУ-ын Дипломат төлөөлөгчийн газрууд, тус орнуудынхаа боловсрол, урлаг соёл, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг, аль болох олон төрөл талуудыг – ялангуяа Америк соёлтой танилцах боломж тэр бүр олддоггүй хүүхэд залуучуудыг – оролцуулж чаддаг, 2014 оноос хойш хэрэгжиж буй, дэлхийн 30-аад улсад хүрсэн, олон улсын боловсрол ба соёлын солилцооны хөтөлбөр юм. АНУ-МУ хоёр орны засгийн газар хамтран 2019 оныг “Монгол, Америкийн залуучуудын жил” болгон зарласны хүрээнд энэхүү хөтөлбөр хэрэгжиж байна. АНУ-ын хип хоп уран бүтээлч, багш нар Монголын уран бүтээлчид, хөгжимчидтэй хамтран сургалт, лекц-үзүүлэн тоглолт, мастер класс, албан ба албан бус амьд тоглолт зэргийг зохион байгуулна. Өдөр бүр явагдах сургалт нь хөгжмийн болон энтрепренюр сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлж, зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх стратегийг эзэмшүүлэхийг зорино. Хөтөлбөрийн төгсгөлд зохион байгуулах тоглолт нь солилцооны хөтөлбөрийг дүгнэх арга хэмжээ болох бөгөөд Америк уран бүтээлчид мэргэжлийн өндөр төвшний хөгжмийн зэмсгээ цаашдын хөгжмийн сургалт, хөгжил дэвшилд нь хувь нэмэр оруулах зорилгоор орон нутгийн түншлэгч уран бүтээлчдэд хандивлана.
Next Level 2019 Монгол дахь Багт тавьж буй зорилтууд:
• 2019 Монгол – Америкийн Залуучуудын жилийг уг хөтөлбөрөөр дамжуулж аль болох өргөн хүрээнд, залуучууд, олон нийтэд хүртээмжтэй тэмдэглэн өнгөрүүлэх;
• Монголын үзэгчид, олон нийтэд соёл урлагаар дамжуулан нэгдмэл үнэт зүйлс, Америкийн үзэл баримтлалыг түгээн таниулах;
• Хувь хүн өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, нийгэмдээ хөндөгдөж буй асуудлуудад дуу хоолойгоо өргөн, улмаар олон нийтээрээ улам хөгжин дэвшихэд хип хоп урлаг бас нэгэн түлхэц болж өгч чаддаг талаар ойлгуулах
• Монголын хип хоп салбар дахь залуу уран бүтээлчид хэрхэн илүү мэргэжлийн төвшинд, өргөн хүрээнд өөрсдийгөө сурталчлан таниулж, энтрепренюр сэтгэлгээ болон зохион байгуулах ур чадвараа хөгжүүлэн дэвших тал дээр тэргүүн туршлагуудаас суралцах;
• Америкаас ирж буй багш нар ба уран бүтээлчид Монголын хамтрагч суралцагсад, уран бүтээлчид, байгууллагуудтай тогтвортой хамтын ажиллагаа, урт хугацааны нөхөрлөлийг бий болгож, Монголын соёл, амьдралтай танилцангаа, ирээдүйнхээ уран бүтээл, ажил хөдөлмөрийнхөө шинэлэг санаа, санаачилгыг энэ хөтөлбөрөөс олж авах.
Next Level 2019 Монгол дахь хөтөлбөр:
Дээрх зорилго зорилтууд дараах арга хэмжээнүүдээр биеллээ олно.
(1) Сургалтууд: Next Level Академи
Сургалтууд бүртгэлээс шалгарсан оролцогчидтой өдөр бүр 3 орчим цаг үргэлжилнэ. Дөрвөн өөр төрлийн сургалтууд нэгэн зэрэг явагдах бөгөөд үүнд: бүжиг (брейкинг), бийтмэйкинг, DJ, ба МС гэсэн чиглэлүүд орно. Тус бүр 10-15 оролцогчидтой явагдана. Бүжгийн анги нь 25 хүртэл оролцогчидтой байна. Сургалтын оролцогчдыг 9 дүгээр сарын эхээр бүртгэж эхэлнэ.
Хэзээ: 2019.09.16 – 26
Цаг: 15:00 – 18:00
Хаана: Улаанбаатар чуулга
Төлбөр: Үнэгүй
Сургалтуудын төрөл: Бүжиг (брейкинг), Бийтмэйкинг, DJ ба МС
Бүртгэл: Бүртгэл 9 сарын 10-ныг хүртэл явагдаж байна.
Нийгмийн сүлжээн дэх хуудас: https://www.facebook.com/events/521723978579974/
(2) Чөлөөт тоглолт (Жэм сэйшн)*
Америкаас ирэх багш нар болон уран бүтээлчид, Монголын мэргэжил нэгтнүүдтэй (зөвхөн хип хоп гэлтгүй, үндэсний урлагийн уран бүтээлчид ч байж болно) хамтран уулзалт зохион байгуулж, хамтарсан жэм сэйшн хийх болно. Энэхүү арга хэмжээ нь 2-3 цаг үргэлжилнэ. Хамтын ажиллагаа, чөлөөт тоглолт амжилттай хэрэгжвэл, хөтөлбөрийн эцсийн нээлттэй тоглолтод хамтарсан бүтээлээ тайзнаа тавьж олны хүртээл болгоно. Гол зорилго нь уран бүтээлч хоорондын харилцаа, хамтын ажиллагаа тул хамтран тоглосон бүтээл заавал концертын хэсэг болох шаардлагагүй.
*Арга хэмжээний тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл зарлагдах болно.
(3) Концерт: Next Level нээлттэй тоглолт
Хөтөлбөрийн төгсгөлд зохион байгуулах тоглолт нь солилцооны хөтөлбөрийг дүгнэх арга хэмжээ бөгөөд хөтөлбөрийн турш сурсан, бүтээсэн бүх зүйлээ уран бүтээлчид, багш нар, сурагчид хамтдаа тайлагнах олон нийтэд нээлттэй арга хэмжээ болно.
Хэзээ: 2019.09.27
Цаг: 19:00 – 21:00
Хаана: Улаанбаатар чуулга
Төлбөр: Үнэгүй
Нийгмийн сүлжээн дэх хуудас: удахгүй зарлагдана.
Монгол дахь зохион байгуулагчид болон хамтран ажиллагсадтай холбоо барих:
Хөтөлбөрийн үндсэн зохион байгуулагчид нь Next Level хөтөлбөрийн менежерүүд, АНУ-ын ЭСЯ-ны ОНХА, болон Монгол дахь Universal Zulu Nation нар юм. Дэмжигч байгууллагууд: Монголын Гадаад Харилцааны Яам, Улаанбаатар Чуулга, Sound of Mongolia зэрэг орно. Хамтран ажиллах хүсэлтэй хэвлэл мэдээлэл болон боловсрол, соёлын байгууллагууд дараах хаягаар бидэнтэй холбогдоно уу: pao@usembassy.mn & paspress@usembassy.mn.
#nextlevel; #nextlevelmongolia; #exchangeourworld; #hiphopdiplomacy; #YearOfYouth2019; #ЗалуучуудынЖил2019