
АНУ-ын дөрвөн Нарийн бичгийн дарга нарын туслах хийж байсан ноён Николас Кралев 2015 оны 3 сарын 22-25-ны хооронд Монгол Улсад айлчлал хийлээ. Айлчлалынхаа үеэр зохиолч, сэтгүүлч, энтрэпрэнеурчин тэрбээр Монгол Улсын Гадаад хэргийн яам (ГХЯ), их дээд сургуулийн багш сурагчид, сэтгүүлчид болон олон нийттэй уулзаж сэтгүүлзүй ба дипломат харилцаа сэдвээр хэлэлцүүлгүүд явуулсан.
Айлчлалын эхний өдөр буюу 3 сарын 22-нд н. Кралев олон улсын харилцаа чиглэлээр АНУ-д суралцсан, одоо ажиллаж буй Америкт төгсөгч монголчуудын “Хөгжлийн Элч” (ХЭ) холбооны гишүүдтэй оройн хоол зооглож, уулзалт зохион байгуулсан.
3 сарын 23-нд тэрбээр Улаанбаатар хот дахь АНУ-ын Элчин сайдын яамаар зочлон ажилчидтай уулзаж, Монгол Улс дахь АНУ, Их Британи, Япон болон Чеx Улсын Элчин сайдын яамдын хэвлэл мэдээллийн хэлтсийн ажилчидтай сэтгүүлзүй ба дипломат харилцаа сэдвээр чөлөөт яриа хийсэн. Дараагаар нь Монгол Улсын Их сургуулийн (МУИС) Олон улсын харилцааны сургуулийн багш сурагчидтай уулзаж АНУ-ын дипломат харилцааны XXI дахь нөлөө сэвдээр лекц хийсэн ба Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын сан дээр мөн дипломат харилцааны талаар нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй лекц зохион байгуулсан.
Айлчлалаа үргэлжлүүлэн 3 сарын 24-нд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн (ХУИС) Эдийн засаг, олон улсын харилцааны сургуулийн багш, магистерийн оюутнуудтай уулзаж “АНУ-ын дипломат харилцааны XXI дахь нөлөө” нэртэй лекц тавьсан ба МУИС болон ХУИС-ын удирдлага, ажилчид, сурагчидтай уулзаж сэтгүүлзүй, засгийн газар, төрийн бодлогын талаар яриа хийсэн.

3 сарын 25 буюу айлчлалынхаа сүүлийн өдөр н. Кралев МУИС-ын Бизнес төвөөр зочлож, мэргэжилтнүүд болон сурагчдад “Компанийн мөн чанар, үнэт чанар, арга барилыг шинэчлэх” сэдвээр лекц тавьж, Хэвлэлийн хүрээлэн дээр хэвлэл мэдээллийн хариуцлагатай байдлын талаар яриа хийсэн. Үүний дараагаар ГХЯ-аар зочлон Элчин сайд Х.Бэхбат болон Элчин сайд Ж.Энхсайхан нартай уулзаж, ГХЯ-ын Дипломат Академийн (ДА) сургалтын талаар хэлэлцэж, ГХЯ-ны ажилчид, ДА-ын суралцагчид болон Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэн, Стратеги судалгааны хүрээлэн, МУИС-ын Төрийн захиргаа, Олон улсын харилцааны сургуулиудын төлөөлөгчдөд дипломат харилцааны сургалт, түүнтэй холбогдолтой асуудлуудын талаар нээлттэй яриа хийсэн.