2015 оны Хүний эрхийн тайлан

Нэгдсэн хураангуй

Монгол Улс нь олон намын тогтолцоотой, парламентын засаглалтай ардчилсан улс юм. 2013 онд Ардчилсан намаас нэр дэвшсэн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 50.23 хувийн саналаар ялсан. Дөрвөн жил тутамд явагддаг УИХ-ын сонгууль хамгийн сүүлд 2012 онд болж өнгөрсөн. Санал авах байранд ажилласан ажиглагчид уг сонгуулийг Монгол улсын Үндсэн хууль, олон улсын хэм хэмжээнд нийцсэн ерөнхийдөө чөлөөтэй, шударга явагдсан гэж дүгнэсэн хэдий ч мэргэжилтнүүдийн дүгнэснээр нэр дэвшигч бүрд ижил нөхцөл, боломж, тэнцүү хугацаа ногдохоор тооцох сонгуулийн хуулийн зүйл заалтууд бүрхэг байсны улмаас тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгогчдод холбогдох мэдээллийг хүргэхэд гол үүрэг гүйцэтгэж чадахгүйд хүрсэн гэж үзсэн. Эрх бүхий төрийн байгууллагуудаас аюулгүй байдлыг хангах хүчнүүдийг ерөнхийдөө үр дүнтэй хянадаг.

Хүний эрхийг зөрчсөн хамгийн тулгамдсан асуудал нь авилга болон нэлээд газар авсан гэр бүлийн хүчирхийлэл юм. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын үйл ажиллагаа ил тод бус, хууль тогтоомж бүрхэг байгаа нь төр засгийн үйл ажиллагааны үр бүтээмж, олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлж, авилгал газар авах нөхцөлийг бүрдүүлж байна. Шүүх тогтолцоо хөрөнгө мөнгө болон боловсон хүчний хувьд дутмаг байгаагийн дээр институтын мэргэжлийн ур чадвар сул, иргэний болон эрүүгийн хэрэг маргааныг бие даан, төвийг сахисан байдлаар хянан шийдвэрлэх шүүх тогтолцооны нэр хүнд сайн бус байна. Гэр бүлийн хүчирхийлэл газар авсан хэдий ч төр засгийн зүгээс энэ асуудлыг үр дүнтэй шийдвэрлэж чадаагүй.

Хүний эрх зөрчсөн бусад асуудлуудад дараах асуудлууд орж байна: цагдаа нар хоригдлууд болон саатуулагдсан хүмүүст хүч хэрэглэдэг; цагдан хорих ангиудын нөхцөл муу; дур мэдэн баривчлах, төр засгийн зүгээс хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, шашнаар ялгаварлан гадуурхах; гадагш зорчихыг хориглох, хил давуулж хүн худалдах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг болон лесби, гэй, бисексуал болон трансжендер иргэдийг ялгаварлан гадуурхах зэрэг юм.

Төр засгийн зүгээс хүний эрх зөрчсөн албан тушаалтнуудад шийтгэл оногдуулах, ялгаварлан гадуурхагдсан тохиолдлуудыг зас залруулах тал дээр арга хэмжээ хангалтгүй авсан.

1 дүгээр хэсэг. Хүний халдашгүй дархан байх эрхийг хүндэтгэх:

а. Хүний амийг хууль бусаар дур мэдэн бусниулах

Өнгөрсөн онд төр засаг болон түүний харъяа агентлагууд хүний амь насыг хууль бусаар дур мэдэн бусниулсан хэрэг бүртгэгдээгүй.

б. Сураггүй алга болох

Улс төрийн сэдлээр сураггүй алга болсон тохиолдол бүртгэгдээгүй.

в. Эрүү шүүлт тулгах болон хэрцгий, хүмүүнлэг бусаар хандаж харьцах, нэр төрийг нь доромжлох, шийтгэх

Хуулиар ийм үйлдлийг хориглосон. Гэсэн хэдий ч төрийн бус байгууллагууд (ТББ) болон Хүний Эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) мэдээлснээр цагдаагийн албан хаагчид ял эдэлж буй хоригдол болон цагдан хоригдсон хүмүүсийг зодох тохиолдол заримдаа гардаг. Хүний эрхийн төлөө тэмцэгч бүлгүүдийн мэдээлснээр хэрэг хүлээлгэх үүднээс илүүц хүч хэрэглэх, эрүүдэн шүүх явдал ноцтой асуудал үүсгэж байна гэж дүгнэсэн.

Эрүү шүүлт тулгасан гэх гомдлын мөрөөр мөрдөн байцаах үүргийг орон нутгийн цагдаагийн албан хаагчид хүлээх болсон. Энэ хэрэгт холбогдогсдын дийлэнх хувийг цагдаагийн албан хаагчид эзэлдэг тул ХЭҮК болон ТББ-ууд ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй байгаад санаа зовниж, эл эрх ашгийн зөрчлийн улмаас олон нийтийн зүгээс мөрдөн байцаах үйл ажиллагаанд итгэл алдрах эрсдэлтэй.

Албаны хүмүүс болон ТББ-уудын мэдээлснээр хоригдлуудаас гаргаж буй гомдлууд албадлага, сүрдүүлгийн асуудлыг мөн хамарч байгаагийн дотор цагдаагийнхан сэжигтнийг хэргээ хүлээхгүй тохиолдолд ар гэрийнхнийг нь сүрдүүлдэг гэжээ. ХЭҮК, ТББ, хариуцагчдын өмгөөлөгчдийн мэдээлснээр албадан саатуулагдсан хоригдлуудыг албадан хэрэг хүлээлгэх, сүрдүүлэх үүднээс зарим тохиолдолд сэжигтнүүдийг ар гэр, гэрийнхнээс нь зайдуу урьдчилан хорих төвүүдэд удаа дараа шилжүүлэх буюу хорьж, өмгөөлөгч авах, ар гэрийнхнээсээ эргэлт авахад нь хүндрэл учруулжээ.

Буруутай этгээдүүдэд хариуцлага тооцоход саад бэрхшээл олонтаа гардаг тухай хуулийн мэргэжилтнүүд болон ТББ-ууд иш татаж байна. Тухайлбал, хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан асуудлаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийг яллахаар заасан. Уг зүйл ангиар гагцхүү бие махбодид учруулсан гэмтлийг тооцох ба сэтгэл санааны хохирол, сэжигтэн болон түүний ар гэрийнхнийг сүрдүүлсэн зэргийг тооцдоггүй байна. Нийт улсын хэмжээнд явуулах цагдаагийн үйл ажиллагааг хариуцан удирдах төв байгууллага болох Цагдаагийн Ерөнхий Газрын мэдээлснээр өнгөрсөн оны эхний есөн сарын байдлаар дээр дурдсан зүйл заалтаар дөрвөн хэрэг бүртгэгдсэн. ХЭҮК-ийн мэдээлснээр сэтгэл санааны хохирол учруулсан гэх гомдлуудыг зарим тохиолдолд нотлох баримтгүй эсвэл хохирлын хэм хэмжээг тогтоох боломжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Хууль сахиулах албаныхныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэх зүйл ангиар яллаж болох хэдий ч энэ зүйл заалтаар ялласан тохиолдол ховор. Хуульд зааснаар заавал биелүүлэх тушаал, захирамжийг биелүүлэхдээ энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй ажээ. Хуульд зааснаар тушаал, захирамж өгсөн этгээдэд гэм хор учруулсны төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан хэдий ч энэ зүйл ангиар ялласан хэрэг ховор. Эмнэсти Интернэйшнл (ЭИ), МБА-нд ажиллаж байсан албан хаагч, прокурор, шүүгчдийн үзэж байгаагаар уг заалт нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тушаалын дагуу мэдүүлэг өгөхийг албадсан гэм буруутай хууль сахиулах албаны хүмүүст тусгай эрх дарх олгосон зүйл заалт болжээ.

Эрүүдэн шүүсэн гэх хэргийн мөрдөн байцаалтууд ерөнхийдөө “гол” мөрдөн байцаах ажиллагааны сүүлд тавигдах болсон. Ццагдаа, прокурорын ажилтнууд эрүү шүүлт тулгасан гэх гомдлын мөрөөр шалгахад хойрго хандаж байна.. Хүний эрхийн төлөө тэмцэгч ТББ-уудын мэдээлж байгаагаар эрүүдэн шүүсэн, хүч хэрэглэсэн гэх хэргүүдийн нотлох баримт цуглуулахад хүндрэлтэй байдаг ажээ. Хүч хэрэглэсэн гэх тохиолдлуудын гэрч нь гол төлөв өөрсдөө цагдан хоригдогсод, хоригдлууд байх ба энэ талаар мэдүүлэг өгүүлэхгүйн тулд асар дарамтад байлгадаг байна. Эдгээр гэрчүүд өөрсдөө бас ижил төрлийн хүчинд автах эрсдэлтэй тулгарахаас гадна ар гэрийнхнийг нь сүрдүүлэх, илүү удаан ял эдлэх зүйл заалт бүхий шинэ гэмт хэрэгт нэмж яллахаар сүрдүүлэх зэрэг асуудалтай тулдаг. Ихэнх хорих газар, урьдчилан хорих төвүүд байцаалтын үйл явцыг ажиглах камертай хэдий ч хүч хэрэглэсэн гэх тохиолдлуудын үеэр тэдгээр камер гол төлөв эвдэрсэн, засвартай байсан гэсэн мэдээтэй байна.

Хорих анги ба урьдчилан хорих төвийн нөхцөл

ТББ-уудын мэдээлснээр сүүлийн жилүүдэд зарим нэг ахиц дэвшил гарсан хэдий ч цагдаагийн мэдэл дэх захиргааны зөрчилд холбогдсон цагдан хоригдогсдын байр болон ШШГЕГ-ын харъяа хорих газар, урьдчилан хорих төвүүдийн нөхцөл байдал хангалтгүй хэвээр, зарим тохиолдолд хүнд хэцүү хэвээр байна.

Эрүүл мэндийн нөхцөл байдал: Хорих газрууд жилийн дийлэнх хугацаанд ачааллаа дийлэхгүй ажилласан. ШШГЕГ-ын 24 хорих газар нь нийт 5,982 хоригдол хорих багтаамжтай хэдий ч есдүгээр сарын байдлаар 6,497 хоригдолтой байсан. Өршөөлийн хуулиар арван нэгдүгээр сард 1,930 хүн суллагдсан. ШШГЕГ-ын харьяа 25 баривчлах, шүүхийн өмнөх шатанд урьдчилан хорих төв нь ерөнхийдөө ачаалал нь хэтрээгүй байсан ч цагдаагийн харъяа Дэнжийн Мянгын урьдчилан хорих төв дэх цагдан хоригдогсдын байр ачааллаа дийлэхгүй, онцгой анхаарал татсан газар хэвээр байв.

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоригдох нөхцөл байдал ижил бөгөөд тус тусад нь байлгадаг. Эрэгтэй хоригдлуудыг үйлдсэн гэмт хэргийнх нь хүнд хөнгөнийг харгалзсаны үндсэн дээр тогтсон дэглэмд хамааруулж, зөвхөн тухайн дэглэмтэй хорих ангид хорьдог. Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн хорих газар нэг байсан. Хүнд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хоригдогсод дээрх нэгдмэл байршилд холбогдох хорих байруудад ялаа эдэлж байна. Хорих газар болон урьдчилан хорих төвийн нөхцөл байдал газар газар ялгаатай байсан. ТББ-уудын мэдээлснээс харахад хуучны хорих ангиуд, урьдчилан хорих төвүүдэд гол төлөв ачаалал их, эмнэлгийн үйлчилгээ, хувцасны хангамж, ор дэр, хөнжил дэвсгэр, хоол хүнс, ундны усны чанар, гэрэлтүүлэг, эрүүл ахуйн байгууламж болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан байр байгууламжтай холбоотой асуудлууд бэрхшээлтэй байсан. Хөдөө, орон нутагт дээрх асуудлууд бүр ч хүнд нөхцөл байдалтай. Шинээр баригдсан болон шинээр засвар хийсэн хорих газруудын нөхцөл байдал ерөнхийдөө сайн. Цагдаагийн харьяа эрүүлжүүлэх төвүүд дэх нөхцөл байдал ерөнхийдөө тааруу үзүүлэлттэй байна.

ШШГЕГ-ын мэдээлснээр есдүгээр сарын байдлаар хорих газруудад дөрвөн хүн, урьдчилан хорих төвүүдэд нэг хүн нас барсан байна. Мөн үеийн байдлаар хорих газарт 73 хүн сүрьеэ өвчний халдвар авчээ. Прийзон Феллоушип ТББ-ын үзэж байгаагаар засан хүмүүжүүлэх газрын ажилтнууд эмчилгээгүй болсон өвчтөнүүдийг нас барахынх нь өмнөхөн сулладаг нь зарим талаар хорих газар болон урьдчилан хорих төвд нас барж байгаа хүмүүсийн тоог илт дарагдуулдаг гэжээ.

Захиргаа: Шүүгч нар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд оноох ялыг сонголттой хэрэглэх (тухайлбал, торгох, тэнсэн яллах, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах гэх мэт) боломжийг итгэл үнэмшлээрээ ашигласан.. Хувийн байдал нь хугацаанаас нь өмнө тэнсэн суллах нөхцөл болсон. Албаны хүмүүс яллагдагчдыг хорих газраас гадуур ажил хөдөлмөр хийж, орлого олох замаар ялаасаа хасуулахыг зөвшөөрдөг, зарим тохиолдолд уг мөнгийг үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирсон этгээдэд өгдөг. Хоригдлуудын эрхийг дэмжигч ТББ-ын мэдээлснээр хоригдлын цалин хөлсний зохицуулалт арай ил тод болж байгаа.

Ялтан, хоригдогсдын санал гомдлыг барагдуулдаг омбудсмэний[1] газар байдаггүй. Хуулиар ялтан, хоригдлууд шүүхийн эрх бүхий байгууллагад бие даан хандаж, гомдол хүсэлт гаргаж, хорих ангийн нөхцөл байдлыг шалгуулах хүсэлт гаргах эрхтэй. Улсын Ерөнхий Прокурорын Газар хорих газар, урьдчилан хорих төвүүдийн нөхцөл байдалд мониторинг хийсэн. Улсын Ерөнхий Прокурорын Газар болон ХЭҮК-аас хорих газар, урьдчилан хорих төвүүд, цагдаагийн харьяа урьдчилан хорих төвүүдэд төлөвлөгөөт, гэнэтийн болон санал гомдлын мөрөөр удаа дараа шалгалт явуулсан. Хяналт шалгалтын мөрөөр хүний эрхийг зөрчиж байж болзошгүй нөхцөл байдлыг сайжруулах зааварчилга өгсний дээр хүний эрх зөрчигдөж буй асуудлыг таслан зогсоох шаардлага хүргүүлсэн.

Бие даасан мониторинг: Эрх бүхий байгууллагаас хараат бус ТББ-уудын ажиглагчид болон ХЭҮК-т мониторинг хийх боломж олгосон хэдий ч үүнд багаас дунд төвшний дэглэмтэй хорих ангиуд хамрагдсан ба хорих ангиудын зарим байгууламжуудад нэвтрэх ажиглагчдын зөвшөөрлийг хязгаарласан.

г. Дур мэдэн баривчлах, саатуулах

Хуульд заасан тодорхой журмаас гадуур дур мэдэн хэнийг ч баривчлах, саатуулах, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно гэж хуулинд заасан, төрийн ихэнх байгууллагууд дээрх хязгаарлалтыг ерөнхийдөө даган биелүүлсэн.

Тагнуулын Ерөнхий Газар (ТЕГ) зарим үед сэжигтнээс мэдүүлэг авахаар эрх мэдлээ хэтрүүлэн саатуулсан тохиолдол гарсан. Ардчиллын удирдагч, бусдын гарт амь үрэгдсэн С. Зориг агсны бэлэвсэн гэргий Д. Булганыг 11 дүгээр сарын 13-ны өдөр ТЕГ-аас баривчилж, шүүхийн өмнөх шатны урьдчилан хорих төв рүү шилжүүлэхийн өмнө хаана байгаа нь тодорхойгүй ямарваа нэгэн хэл сураггүй саатуулж хорьсон. Арван хоёрдугаар сарын байдлаар тэр эмэгтэйг саатуулсан хэвээр байсан бөгөөд баривчлах болсон үндэслэлийг нийтэд мэдэгдээгүй. Зоригийн хэрэгт нэр нь үл мэдэгдэх хоёр сэжигтнийг мөн ТЕГ-ийн ажилтнууд аравдугаар сард саатуулж, урьдчилан хорих төвд хорьсон бөгөөд саатуулах болсон үндэслэлийг албан ёсоор мэдээлээгүй. 2004 оны байдлаар Герман Улс ТЕГ-ын дарга Хурцыг дээрх хэргийн сэжигтнийг хил давуулан хулгайлсан хэрэгт буруутгасан хэвээр байна.

Цагдаа, Зэвсэгт Хүчний бие бүрэлдэхүүний гүйцэтгэх үүрэг

Хууль зүйн Яамны харьяанд үйл ажиллагаагаа явуулдаг Цагдаагийн Ерөнхий Газар болон Хил Хамгаалах Ерөнхий Газар дотоод аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. ТЕГ-ын дарга нь иргэний албан тушаал, ажлаа Ерөнхий сайдад шууд тайлагнадаг бөгөөд дотоодын аюулгүй байдлыг хангахад дээрх албадуудад дэмжлэг үзүүлэхээс гадна, гадаад тагнуулын үйл ажиллагаа, мэдээлэл цуглуулах ажиллагааг хариуцдаг.

Батлан хамгаалах яам (БХЯ)-нд шууд харъяалагддаг зэвсэгт хүчин нь үндэсний батлан хамгаалах чиг үүргийг хариуцдаг бөгөөд дотоодын аюулгүй бадлыг хангах албадад дэмжлэг үзүүлж, дотоод дахь онцгой байдал, гамшгийн үед тусламж үзүүлэх ажиллагаанд оролцдог.

Төрийн холбогдох байгууллагууд гадаад болон дотоодын аюулгүй байдлыг хангах албадын үйл ажиллагаанд ерөнхийдөө хяналт тавин ажилласан боловч цагдаагийн алба хаагчдын зүй бус харьцааг мөрдөн шалгах механизм хангалтгүй. Өнгөрсөн онд аюулгүй байдлын албаныхан гэм буруу нь тогтоогдоогүй баривчлан саатуулагдаагүй сэжигтнүүдтэй зүй бус харьцсан гэх тохиолдлууд гарсан. ЦЕГ-ын мэдээлснээр эхний есөн сарын байдлаар цагдаагийн албан хаагчид энгийн иргэний бие махбодид халдсан гэх 11 гомдлын мөрөөр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Дээрх тохиолдолд ял шийтгэл хүлээсэн албан хаагчид албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Арван хоёрдугаар сарын байдлаар нэг ч хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан.

Баривчлах ажиллагаа, цагдан хорих үеийн харьцаа

Сэжигтнийг баривчлахад нотлох баримтад үндэслэсэн, прокурорын гарын үсэг бүхий тогтоол гарсан байх шаардлагатай. Прокурор сэжигтнийг баривчлах үндэслэл, шалтгаан зэргийг дурдсан тогтоол үйлдэж шүүгчид танилцуулна, шүүгч 48 цагийн дотор баривчлагдсан сэжигтнийг цагдан хорих зөвшөөрөл өгөх, эс бол суллах захирамж гаргана. Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нь сэжигтнийг баривчилсан тухай 24 цагийн дотор түүний гэр бүлд мэдэгдэнэ. “Хойшлуулшгүй тохиолдолд” хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч сэжигтнийг шууд баривчлахыг зөвшөөрдөг. Хойшлуулшгүй тохиолдол гэдэгт сэжигтнийг гэмт хэргийн газраас барьсан, сэжигтэн оргон зугтахыг завдсан, хүнд, онц хүнд гэмт хэрэгт сэрдэгдэх баримт хангалттай байх болон шүүгч эзгүй байх зэрэг нөхцөл байдал орно. Дээрх тохиолдолд прокурор баривчлах тогтоолыг 24 цагийн дотор, шүүгч 48 цагийн дотор уг сэжигтнийг баривчлах захирамжийг гаргах ёстой. Баривчилснаас хойш 72 цагийн дотор шүүгч захирамж гаргахгүй бол сэжигтнийг суллана. Сэжигтнийг суллахдаа түүнийг ямар үндэслэлээр баривчилсныг мэдэгдэнэ.

Хуульд сэжигтэнд таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлийг тодорхой хуульчилсан хирнээ суллах үндэслэл бүрхэг; үүний улмаас ХЭҮК-ын мэдээлснээр урт хугацаагаар хорих, хуулиар зөвшөөрөгдсөн хорьж мөрдөх хугацаа зарим тохиолдолд 30 хүртэл сараар сунжрахад хүрсэн тохиолдлууд гарсан.

ХЭҮК-ийн мэдээлснээр мөрдөн байцаалт явуулах эрх бүхий газраас сэжигтнүүдийг мөрдөн байцаахдаа шүүгчийн захирамжгүйгээр саатуулсан болон цагдаа сэжигтэнд таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа батлан даалтад өгөх (прокурорын зөвшөөрөлтэйгөөр), оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах, цэргийн албан хаагчийг цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулахаар өгөх зэрэг өөр арга хэрэгслийг ашиглахаасаа илүүтэй баривчлан саатуулахыг урьтал болгодог. Хувийн батлан даалтад авснаар ар гэрийнхэн нь сэжигтнээр тооцогдсон хүнээ батлан даалтад авч болдог (уламжлалт батлан даалтаас ялгаатай нь суллаж явуулсны хариуд барьцаа тавихыг шаарддаггүй). Энэхүү тогтолцоо бүх төрлийн гэмт хэрэгт хамаарах боловч үүнийг голдуу хөнгөн гэмт хэрэгт холбогдсон сэжигтнүүдэд хэрэглэдэг.

Хэдийгээр дээр дурдсан зөрчлүүд байсан ч цагдан хоригдсон хүмүүст ерөнхийдөө яллагдсан зүйл ангийнх нь талаар болон өмгөөлөгч авах эрхийн нь талаар даруй мэдэгдэж байжээ. Яллагдагчийг шүүгчийн захирамжаар хорьж мөрдөх нийт хугацаа 24 сар, хүний аминд хүрэх зэрэг онц хүнд гэмт хэрэгт холбогдсон этгээдийг 6 сар хүртэл хугацаагаар нэмж хорих заалттай. Цагдан хоригдогсод гэр бүлийн гишүүдтэйгээ шуурхай холбоо барих боломжтой байсан боловч зарим тохиолдолд алслагдмал хөдөө орон нутаг дахь урьдчилан хорих төвүүдэд удаа дараа шилжүүлэх буюу хорих замаар эрх зөрчсөн.

Цагдан хоригдсон этгээд шүүхийн өмнө болон шүүн таслах ажиллагааны бусад бүх үе шатанд, үүнд ял шийтгэл ногдуулсны дараах үе мөн орно, өмгөөлөгч авах эрхтэй. Шүүгдэгч, яллагдагч хувийн өмгөөлөгчийн хөлсийг төлж дийлэхгүй бол Төр өмгөөлөгч томилох ёстой. Ийм хуулийн заалт байдаг боловч бодит байдал дээр олон яллагдагч Төрөөс томилогдсон өмгөөлөгч авах эрхээ огт мэдээгүй бөгөөд хэрэгжүүлээгүй байв. Цагдан хоригдогсод өмнөх жилүүдтэй харьцуулахад өмгөөлөгч авах эрхээ илүү мэддэг болсон гэж мэдээлж байгаа ч буруу ташаа ойлголтын улмаас тэр эрхээ хязгаарлагдмал байдлаар ашигласан. Тухайлбал, цагдан хоригдогсод эрх зүйн процесс эхэлмэгц өмгөөлөгч авах эрхтэй гэдгээ тэр болгон мэддэггүйн улмаас шүүхийн шатанд шийдвэрлэх хүртэл тэр эрхээ эдлээгүй байдаг.. Үүнээс гадна зарим тохиолдолд алслагдсан урьдчилан хорих төвүүдэд шилжүүлэн хорих нь өмгөөллийн үйлчилгээ авахад хүндрэл үүсгэдэг байна.

Өршөөл: УИХ арван нэгдүгээр сард Өршөөлийн хууль баталж, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээсэн, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан тодорхой тооны хоригдлуудыг суллах, буюу хорих ял шийтгүүлсэн этгээдүүдийн эдлээгүй ялаас хоёр жил хасах болсон. Тус өршөөлийн хууль хээл хахуулийн хэрэгт холбогдсон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, болон хүнд гэмт хэрэг, тухайлбал хүн хулгайлсан, алан хядах ажиллагаа явуулсан, хүчингийн хэрэг, бусдын амь насанд халдсан болон эх орноосоо урвасан зэрэг хэргүүдэд хамаараагүй.

д. Нээлттэй, шударгаар шүүлгэх эрхийг зөрчих

Шүүх эрх мэдэл хараат бус байна хэмээн Үндсэн хууль болон хуулинд заасан хэдий ч авилга болон гаднын нөлөө байсаар байна хэмээн ТББ-ууд болон хувиараа бизнес эрхлэгчид үзсэн. Гэм буруутайг нотлох баттай эд мөрийн баримт тогтоогдохгүй байгаа шүүн хэлэлцэх үе шатуудад ч гэсэн шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ прокуроруудын эсэргүүцлийг сөрж, ялыг хэрэгсэхгүй болгох тал дээр учир дутагдалтай хандсан. Хэрэгсэхгүй болговол зохих эрүүгийн хэргүүдийг прокурорын нэмэлт мөрдөн байцаалтад удаа дараа буцаасан. Үүний уршгаар эрүүгийн зарим ноцтой хэргүүд шийдвэрлэгдэхгүйгээр прокурор, шүүхийн хооронд явсаар хэдэн жилээр сунжирдаг.

Шүүн таслах ажиллагаа

Хуулинд зааснаар хүн бүр шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй хэдий ч ТББ-ууд, ажиглагчдын мэдээлснээр шүүгч, прокурор, шинжээч гэрчүүдэд авилга өгөх замаар үндэслэлгүй ял өгөх, хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн хуульд заасан ялын хэмжээг бууруулсан тохиолдол гарсан. Тангарагтны шүүх байдаггүй. Шүүгдэгчийн гэм буруутайг шүүхээр тогтоох хүртэл гэм буруугүй бөгөөд шүүгдэгч гэрчид асуулт тавих, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй. Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх (шаардлагатай бол тайлбар гаргуулах, үүнд мөн дохионы хэл орно); шударга, нээлттэй шүүх хурлаар хэргээ хэт сунжруулахгүйгээр шийдвэрлүүлэх; өөрийн сонгосон (эсвэл улсаас гаргаж өгсөн) өмгөөлөгчтэйгөө харьцах; өмгөөллөө бэлдэх хангалттай хугацаатай байх; цугларсан нотлох баримттай танилцах; болон давж заалдах эрхтэй. Яллагдагчийг хүчээр мэдүүлэг өгөх, гэм буруугаа хүлээхийг албадах хориотой. Эдгээр эрх хангалттай хэрэгжээгүй.

Процессын алдаа, хуулийн уялдаа холбоогүйгээс шүүн таслах ажиллагаанд саад учирдаг. Улсаас гаргаж өгдөг өмгөөлөгчийн тоо хангалттай хэдий ч эдгээр өмгөөлөгчийн үйлчилгээний чанар, мэргэжлийн ур чадвар жигд тул олон шүүгдэгч хууль зүйн тусламж авах эрхээ хангалттай эдэлж чадаагүй. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэхдээ хангалттай нотлох баримт гэхээсээ хэрэг хүлээсэн байдалд гол төлөв тулгуурладаг. Үүнээс гадна төрийн алба хаагчид, хууль хэрэгжүүлэх байгууллагынхан гэрчийг сүрдүүлдэг, шүүх хуралд олон нийтийн оролцоо хязгаарлагдмал (ердөө байр савны багтаамж хүрэлцэхгүй гэх шалтгаанаар), ерөнхийдөө шүүхийн шийдвэр гаргах үйл явц ил тод бус байдгийг ТББ-ууд шүүмжлэлтэй хандаж байна.

Нэг хэргээс үүдэлтэй эрүүгийн яллах ажиллагаа, иргэний хэрэг маргаан, захиргааны хэргийн маргааныг бүгдийг нэгтгэн нэг шүүх хуралдаанаар шийддэг. Хуульд “эрүүгийн хэргийн иргэний нэхэмжлэгч”-г шүүх хуралдааны туршид байхыг шаарддаг ч тухайн хуралдааны зөвхөн иргэний хэрэг маргааны хэсэгт оролцдог.

Улс төрийн хоригдол ба цагдан хоригдогч

Улс төрийн хоригдол, цагдан хоригдогч албан ёсоор бүртгэгдээгүй.

Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа ба хохирол барагдуулалт

Хүний эрх зөрчсөн хэрэг маргааныг захиргааны болон шүүхийн арга замаар барагдуулдаг. Авилга, гаднын нөлөөлөл болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны учир дутагдалтай байдал нь иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тогтолцоонд бэрхшээл учруулдаг.

Нөхөн төлбөр

Ихэнхдээ олон улсын компаниуд буюу төрийн өмчийн оролцоотой хувийн болон төрийн өмчит уул уурхайн компаниудын ашиг сонирхол нь уламжлалт бэлчээрийн асуудлыг хөндсөн. ХЭҮК-ийн мэдээлснээр малчид өвөлжөө, хаваржаа, намаржаа орчмын газар нутгаа өвөг дээдсээсээ өвөлж авсан өмч хөрөнгө гэж үздэг ч газар эзэмшлийн гэрчилгээ гаргуулаагүй байсан. Үүний уршгаар уул уурхайн компаниудаас нөхөн төлбөр нэхэх асуудал яригдахад малчид хохирсон. Мөн ХЭҮК-ийн мэдээлснээр уул уурхайн зарим компаниуд сайн дураараа нүүлгэн шилжүүлэх, нөхөн төлбөр олгох хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн ч эдгээр хөтөлбөрийн ирээдүй бүрхэг.

е. Хувийн болон гэр бүлийн амьдрал, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааны нууцад хөндлөнгөөс дур мэдэн оролцох

Хуулиар эдгээр үйлдлийг хориглодог, төр засгийн зүгээс эдгээр хориог зөрчсөн гэх мэдээ гараагүй.

2 дугаар хэсэг. Иргэний эрх чөлөөг хүндэтгэх:

а. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө

Хуулинд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй байхаар заасан хэдий ч төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ялангуяа олон нийтийн телевизийн тусгай зөвшөөрөл олгох, сүрдүүлэх асуудалд удаа дараа оролцож, интернет сайтуудад санал сэтгэгдэл үлдээх хэрэглэгчдийн боломжийг хязгаарласан.

Хэвлэлийн эрх чөлөө: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар олон нийтийн мэдээллийг (хуулиар нууцлаагүй мэдээлэл) хянах, хэвлэн нийтлэх, радио телевизээр нэвтрүүлэх эрх чөлөөг хязгаарласан төр засгийн аливаа арга хэмжээг хориглосон. Хэвлэл мэдээлэлд улс төрийн нөлөө өргөн тархсан. Сонирхогч талууд нийтлэлд нөлөөлөхийн тулд сэтгүүлчдэд төлбөр төлдөг, бага цалинтай сэтгүүлчид ямар нэгэн үйл явдлыг мэдээлэх буюу зохион бичсэнийхээ төлөө мөнгө нэхдэг,, мөн эдгээр хувь хүмүүс вэбсайтуудаас хүсээгүй нийтлэлүүдийг устгуулахын тулд төлбөр төлдөг гэсэн итгэл үнэмшил өргөн тархсан ч эдгээр яриаг нотлоход хүндрэлтэй.

Телевиз радио сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл өгөх чиг үүрэг бүхий Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ)-ны гишүүдийг олон нийттэй зөвшилдөхгүйгээр төрөөс томилдог. Энэ нь сонгон шалгаруулах үйл явц ил тод бус явагдахад нөлөөлөхөөс гадна телевиз радио сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн төлөө явагдах шударга өрсөлдөөнийг боомилж, улс төрийн танил талтай хүмүүст давуу тал олгосон.

Хүчирхийлэл ба дарамт: Баттай эх сурвалжуудын мэдээлснээр эрх мэдэлтнүүд сэтгүүлчдийг төр засгийн нэр хүндэд халдсан мэдээ мэдээлснийх нь төлөө дарамталж, айлган сүрдүүлсэн тохиолдлууд гарсан. Дотоодын ТББ-ын мэдээлснээр хоёрдугаар сард тус улсын төв Чингисийн талбай дээр иргэдийн тахин шүтдэг Ноён ууланд алт олборлохыг эсэргүүцсэн өлсгөлөн зарлаж байсан тэмцэгчдийг цагдаагийнхан тараах үйл явцыг сэтгүүлч бичлэг хийх үед цагдаа нар сэтгүүлчийн камерыг булааж авч, бичлэг хийхийг хүчээр болиулсан байна. Дотоодын хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэгч ТББ Глоб Интернэйшнлийн мэдээлснээр сэтгүүлчдийг дарамталж, сүрдүүлэх тохиолдлууд ялангуяа сонгуулийн жилүүдэд илүү түгээмэл тохиолддог.

Цензур, нэвтрүүлгийн агуулгыг хязгаарлах: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ)-ноос өргөн хүрээнд цацагдах нэвтрүүлгийн агуулгад хязгаарлалт хийсэн ба ингэхдээ хязгаарлагдсан контент гэдэг тодорхойлолтыг хангалттай тодорхойлж өгөөгүй.

ТББ-ууд болон дотоодын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар хэвлэл мэдээллийн байгууллагууд төрийн агентлагууд болон хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллах гэрээ (хаалтын гэрээ) байгуулж, хаалт хийх гэх зүйл заалт оруулсан бөгөөд уг заалтын дагуу засгийн газрын агентлаг болон хувийн хэвшлийн компаниудаас санхүүжилт авдаг хэвлэл мэдээллийн байгууллагууд тухайн агентлаг, компанийг шүүмжлэхийг хориглодог байна.

Төр засгийн болон улс төрийн намын дарамт шахалтаас үүдэн шууд бус цензур байсан тухай хэвлэлийн төлөөлөгчид мэдэгдэж байна.

Гүжирдэлт\гүтгэлэгийн эсрэг хууль: Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид төрийн алба хаагч, хувийн компаниуд болон хувь хүмүүсээс гүжирдэн гүтгэсэн байна гэсэн гомдол олонтой хүлээн авдаг. Хуульд зааснаар бусдыг гүтгэсэн, доромжилсон гэх хэргийн хариуцагч буруугүй гэдгээ өөрөө нотлох үүрэг хүлээхээс гадна гүтгэх, доромжлох аль аль нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог. Хуульд зааснаар “олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүжирдлэг тараасан бол” хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу зургаан сар хорих ялаар шийтгэх заалттай. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлснээр өнгөрсөн оны эхний хагаст бусдын нэр төр гутаасан хэрэгт ял шийтгүүлсэн тохиолдол таван удаа гарсан. Дээрх тохиолдлууд нь сэтгүүлчдийг өөрсдөдөө цензур тогтооход хүргэж байна гэж ТББ-ууд үзэж байна.

Интернетийн эрх чөлөө

Хуульд зааснаар хувь хүмүүс болон бүлэг, хамт олон интернетээр үзэл бодлоо тайван замаар илэрхийлж болно. Гэсэн хэдий ч төрөөс интернет агуулгыг зарим нэг талаар хязгаарласан. Төрийн зүгээс хаагдсан вэбсайтуудын жагсаалтыг олон нийтэд ил байрлуулж, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн сайтуудыг уг жагсаалтад нэмж бүртгэсний дотор оюуны өмчтэй холбоотой сайтууд мөн хамрагдсан.

Харилцаа Холбооны Зохицуулах Газраас баталсан журамд заасны дагуу цахим ертөнцөд гүтгэн доромжилсон, заналхийлсэн, бусдыг садар самуунд уруу татсан шинжтэй сэтгэгдэл үлдээсэн иргэдийг илрүүлэх, шийтгэхэд ашиглах зорилгоор вэбсайт дахь сэтгэгдлүүдийг (Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар болон Тагнуулын Ерөнхий Газраас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн) хянах үндэсний мэдээллийн сан байгуулахаар зохицуулсан. ТББ-ууд болон төрийн эрх бүхий албан тушаалтнуудын мэдэгдсэнээр есдүгээр сарын байдлаар дээрх мэдээллийн санг бүрдүүлэх ямарваа нэгэн арга хэмжээ авагдаагүй байна. ХХЗГ-аас баталсан өөр нэг журамд зааснаар чухам ямар контент хориотой вэ гэдгийг нарийн тодорхойлохгүйгээр бүдүүлэг үг хэллэг, зохисгүй контентод өргөн хүрээнд хязгаарлалт тавьсан. Мөн уг журамд заасны дагуу ачаалал ихтэй вэб сайтууд шүүлтүүрийн програм хангамж ашиглах үүрэг хүлээснээр сэтгэгдэл үлдээсэн, мэдээлэл тараасан хүмүүсийн интернет протокол хаягууд нийтэд ил болох юм. ХХЗГ-ын зохицуулалтаас гадна, вэбсайтад төрийн албан тушаалтнуудын талаарх шүүмжлэл буюу сөрөг мэдээлэл оруулсан, сэтгэгдэл үлдээсэн цахим хэрэглэгчдийн асуудалд төрөөс илтэд оролцсон хэд хэдэн тохиолдол гарчээ.

2014 онд www.amjilt.com гэх сайт ерөнхий сайдын хувь эзэмшдэг нэгэн жуулчны компани хог хаягдлаа хажуугийн гол ус руугаа хийдэг тухай мэдээ сурвалжлан, нийтэлсний дараагаар ХХЗГ-аас уг сайтыг хаасан. Уг сайтын өмчлөгч шүүхэд хандаж, хуулийн хүрээнд гарц хайсан. Дээд Шүүхээс тус сайтын давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн хэдий ч аравдугаар сарын байдлаар тус сайт төрөөс хаасан хар вэбсайтуудын жагсаалтад бичигдсэн хэвээр байсан.

Тус улсын хот суурин газрын иргэд цахим сүлжээнд өргөнөөр холбогдсон, алслагдсан хөдөө орон нутагт улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Засгийн газраас мэдээлснээр интернет хэрэглээний төвшин 2014 онд 30 хувьд хүрсэн.

Боловсролын эрх чөлөө ба соёлын арга хэмжээ

Боловсролын эрх чөлөө ба соёлын арга хэмжээнд засгийн газраас хязгаарлалт тавьдаггүй.

б. Тайван замаар жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө

Хуулинд жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөтэй байхаар заасан бөгөөд төр бодит байдал дээр энэ эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг. Гэсэн хэдий ч зөрчсөн тохиолдлууд гарсан бөгөөд тухайлбал, ЛГБТ бүлгийн гишүүдийг нийтийн эзэмшлийн талбай ашиглахыг зөвшөөрөөгүй (6 дугаар хэсгээс үзнэ үү).

в. Шашны эрх чөлөө

Холбогдох мэдээллийг Төрийн Департаментын Олон улсын шашны эрх чөлөөний тухай илтгэл-ээс www.state.gov/religiousfreedomreport/ хаягаар орж үзнэ үү.

г. Шилжин суурьших эрх чөлөө, дотоодын дүрвэгч, дүрвэгсдийн хамгаалалт, харъяалалгүй хүмүүс

Хуулинд иргэд улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй байхаар заасан бөгөөд төр бодит байдал дээр эдгээр эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг. Төр засгаас НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын төлөөлөгчийн газар болон бусад хүмүүнлэгийн байгууллагатай хамтран НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын төлөөлөгчийн газраас хүлээн зөвшөөрсөн дүрвэгсэд, орогнол эрэгчид болон анхаарал халамж шаардлагатай бусад хүмүүсийг хамгаалалтад авах, тусламж үзүүлэх тал дээр хамтран ажилласан.

Гадаадад зорчих: Иргэний харъялал, шилжилт хөдөлгөөний алба, шүүх, ШШГЕГ болон бусад хэд хэдэн газрууд тус улсаас гарч явахад хориг тавих эрхтэй ба шалтгаан нь янз бүр байна, тухайлбал, тухайн иргэн иргэний хэрэг маргаанд холбогдолтой байх, эрүүгийн хэрэг нь мөрдөн шалгах шатанд байгаа болон цагаачлалын журам зөрчсөн байх.. Уг хуулийн дагуу баривчлах бичиг, эс бол ял шийтгэл оноох тухай албан ёсны тодорхойлолт шаардлагагүй, гагцхүү хохирогч тал тухайн этгээдийг гадагш зорчуулахгүй байх хүсэлтээ өгсөн байхад хангалттай.

Гарч явах хориг тавигдсан иргэдийг тухайн хориг тавихад хүргэсэн хэрэг маргааныг захиргааны аргаар болон шүүхийн шийдвэрээр шийдвэрлэхээс нааш эрх баригчид гарч явахыг зөвшөөрдөггүй, уг хорио хэдэн жилээр үйлчилдэг. Тавдугаар сард Ерөнхий сайд шийдвэр гаргаж, Ерөнхий Прокурорын Газраас иргэдийг гадагш гарч явах хориг тавьдаг захиргааны эрх мэдлийг хязгаарлаж, 101 иргэн, 17 гадаадын иргэнд тавигдсан хоригийг хүчингүй болгосон.

Дүрвэгсдийг хамгаалах талаар

Орогнол олгох: Тус улс Дүрвэгсдийн статустай холбоотой 1951 оны НҮБ-ын конвенцид нэгдээгүй. Үндсэн хуулинд дүрвэгчийн статус болон орогнол олгохоор заасан, харин хуульд дүрвэгчийн статус олгох зохицуулалт тусгагдаагүй. Өнгөрсөн хугацаанд төр засгаас тус улсад оршин суудаг дүрвэгсдэд хязгаарлагдмал хамгаалалт үзүүлэх албан бус систем бүрдүүлсэн бөгөөд тэдгээр иргэдийн санал гомдлыг НҮБХЭК дагнан шийдвэрлэж ирсэн. 2010 онд батлагдсан Гадаадын иргэний эрх зүйн статусын тухай хуульд зааснаар албадан гаргах тухай зүйл заалт илүү тодорхой болгож, дүрвэгчийн статус эрэлхийлж буй хувь хүмүүсийг албадан гаргах эрх мэдлийг Иргэний харъялал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий Газарт олгох болсон.

Ажил эрхлэлт: Хуулиар дүрвэгсэд болон орогнол эрэгсдэд хууль ёсны статус олгодоггүй, тэднийг хууль бус цагаач гэж үздэг болохоор ажил хийх эрхгүй.

Үндсэн үйлчилгээ авах эрх: Хуулиар дүрвэгсдийн статус олгодоггүй тул, дүрвэгсэд ерөнхийдөө төр засгаас үзүүлдэг суурь эрх болох эрүүл мэндийн үйлчилгээ авах, боловсрол эзэмших боломжгүй. Дүрвэгсэд болон орогнол эрэгсэд НҮБХЭК-ийн дэмжлэгтэйгээр хувийн эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой юм.

3 дугаар хэсэг. Улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх

Хуулиар иргэд засгийн газраа сонгох тодорхой хугацаанд зохион байгуулагддаг чөлөөт, шударга сонгуульд оролцож бүх нийтээр саналаа өгөх эрхээ эдэлдэг.

Сонгууль ба улс төрийн оролцоо

Хамгийн сүүлд болж өнгөрсөн сонгууль: 2013 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж 50.23 хувийн саналаар ялсан. Эрх чөлөөний суурь зарчмуудыг баримталсан, өрсөлдөөнд суурилсан, эрх чөлөөний үндсэн зарчмуудыг хүндэтгэсэн уурь амьсгалд явуулсан кампанит ажлын дараа сонгууль чөлөөтэй, шударга болж өнгөрсөн гэж ЕАБХАБ-ын сонгуулийн ажиглагч нар дүгнэсэн. Гэсэн хэдий ч ЕАБХАБ хэд хэдэн дутагдал байгааг тэмдэглэсний дотор сонгогчийн саналын нууцлал тэр бүр хангагдаагүй хэмээн үзсэн. Сонгуулийн тухай хуулийн зүйл заалт хязгаарласан шинжтэй, тодорхойгүй байсны улмаас хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгогчдод хангалттай мэдээлэл хүргэж чадаагүйд эмзэглэж байгаагаа ажиглагчид мөн илэрхийлсэн. Хуулиар ерөнхийлөгчид нэр дэвшигч улс төрийн намын гишүүн байх шаардлага тавьсан нь бие даасан гишүүдийг нэр дэвших боломжийг хаасан

Эмэгтэйчүүд, цөөнхийн оролцоо: Эмэгтэйчүүд, цөөнхийн төр засаг, улс төрд оролцох оролцооны талаарх заалт хуулинд байхгүй. 76-гишүүнтэй өмнөх Улсын Их Хуралд 3 эмэгтэй гишүүн байсан бол 11 болж нэмэгджээ. Эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэхэд 2011 онд батлагдсан УИХ-ын сонгуулийн хууль их дэм үзүүлсэн бөгөөд уг хуульд зааснаар улс төрийн намуудаас нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэйчүүд байх квот тогтоосон. Засгийн газрын 19 сайдын хоёр нь эмэгтэй, Улсын Дээд Шүүхийн 21 шүүгчийн 11 нь эмэгтэй, Үндсэн хуулийн цэцийн 9 шүүгчийн хоёр нь эмэгтэй байв. Эмэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн байгууллагууд орон нутгийн болон үндэсний хэмжээнд улс төрд идэвхтэй оролцдог ба төрийн бодлого гаргах төвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхийн төлөө идэвхтэй ажилладаг.

Өнгөрсөн онд Улсын Их Хуралд хоёр казах үндэстэн гишүүн сонгогдон ажиллаж байна. Мөн УИХ-д Христийн шашин шүтдэг нэг гишүүн байна.

4 дүгээр хэсэг. Авилга ба төр засгийн үйл ажиллагааны ил тод байдал дахь хязгаарлалт

Албан тушаалтан авилга авсан тохиолдолд эрүүгийн ял шийтгүүлэхээр хуульд заасан. Төр уг хуулийг үр дүнтэй хэрэгжүүлдэггүй, авилга төр засгийн бүх төвшинд байсаар байна. Авилгын шинжтэй үйл ажиллагаанд холбогдсон албан тушаалтнууд зарим үед ял шийтгэгдэхгүй өнгөрдөг. Авилгад нөлөө үзүүлж буй хэд хэдэн хүчин зүйл байгаагийн дотор ашиг сонирхлын зөрчил, ил тод байдал хангалтгүй байх, мэдээлэл авах боломж хомс, төрийн албаны үйлчилгээний тогтолцоо хангалтгүй байх, , гол гол институцүүдэд тавих төр засгийн хяналт сул зэрэг багтана.

Хуульд албан тушаалтнууд хээл хахууль авахыг зүйлчлэн оруулсан ба торгууль ногдуулах буюу таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. Энэ хуулиар түүнчлэн төрийн алба хаагчдад хээл хахууль өгөхийг гэмт хэрэг хэмээн заасан.

УИХ-ын гишүүд, түүний дотор одоогийн засгийн газрын танхимын 19 сайдын 14 нь УИХ-ын гишүүн байх хугацаандаа халдашгүй эрх эдэлдэг.

Авилга: Авилгатай тэмцэх газар (АТГ) нь авилгын хэргийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий бие даасан агентлаг. ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст төрөл бүрийн авилгын хэргүүдийг мөн мөрдөн шалгадаг бөгөөд АТГ-аас мөрдөн шалгаж буй хэргүүд дээр дэмжлэг үзүүлж ажилладаг. АТГ-ын улс төрийн хараат бус байдлын тухайд асуудал гардаг хэдий ч олон нийт тус байгууллагыг үр дүнтэй ажилладаг хэмээн үздэг. Тайлангийн хугацааны эхний есөн сарын байдлаар АТГ 185 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэж АТГ мэдээлсэн. Тус газрын мэдээлснээр мөн хугацаанд 13 хэргийг шүүгээр шийдүүлж, 45-ыг нь прокурорт, 24-ийг нь бусад байгууллагуудад шилжүүлж, 22-ыг нь эрүүгийн бусад хэрэгтэй нэгтгэж, 32-ыг нь прокурорын болон шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгожээ.

Үүнээс гадна АТГ авилгын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авилгаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхэд залууст сургалт танин мэдэхүйн материал тарааж, алслагдсан хөдөө орон нутгийн аймаг сумдад очиж ажилласан.

Хувийн хэвшлийнхний мэдээлснээр төрийн албан хаагчдын зүгээс өргөдөл шийдвэрлүүлэх, зөвшөөрөл олгох, бүртгүүлэхэд хахуул өгөхийг шаардсан тохиолдлууд гарсан.

2014 оны долдугаар сард АТГ-ын ажилтнууд тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Алтанхуягийн эдийн засгийн зөвлөх Л.Гансүх болон өөр гурван хүнийг Улаанбаатар хотын гэр хорооллын оршин суугчдад хямд нүүрс нийлүүлэх төслөөс 3.2 тэрбум төгрөг (1.6 сая ам дол) завшсан хэрэгт сэжигтнээр татан цагдан хорьсон. Шүүх хурал нээлттэй явагдаж, радио телевизийн гол сувгуудаар цацагдсан бөгөөд шүүхээс 9 дүгээр сарын 21-нд Гансүхэд дөрвөн жил зургаан сар хорих ял оногдуулж, дөрвөн жил төрийн алба хаах эрхийг нь хассан.. Гансүх, Алтанхуяг нар тус шүүх болон АТГ хараат бус байгаа эсэхэд эргэлзэж байгаагаа мэдэгдсэн.

Хөрөнгө орлогын мэдүүлэг: Нийтийн албанд томилогдогчдоос хөрөнгө орлогын мэдүүлэг (мэдүүлэг гаргагч болон түүний эхнэр нөхөр, эцэг эх, цуг амьдардаг ах, эгч, дүү орно) авахыг хуульчилсан. Уг хууль нь төрийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлж, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар төрийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулах зорилготой. Уг хуулиар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөхийг хуульчилсан.

Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүр шинэчлэн гаргаж өгөх үүрэгтэй. Уг хуульд зааснаар дээрх мэдүүлэг нь олон нийтэд нээлттэй ба зөрчсөн тохиолдолд торгууль оногдуулахаас эхлээд албан тушаалаас нь халах хүртэл захиргааны болон сахилгын шийтгэл оногдуулахаар хуульчилсан. Тус газар мөн төрийн албан хаагчид, тэдгээрийн дотор цагдаагийн албан хаагч, цэргийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг хянах үүрэгтэй.

АТГ-ын мэдээлснээр тайлангийн хугацааны эхний есөн сарын байдлаар ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой асуудлаар 377 төрийн албан хаагчид шалгуулсан.. Үүний дүнд 10 албан хаагч сануулга авч, 18 албан хаагчийн цалинг бууруулж, нэг албан хаагчийг албан тушаалаас нь халжээ.

Олон нийтийн мэдээлэл авах эрх: Хуульд зааснаар төрийн байгууллагууд үйл ажиллагаа, төсөв санхүү, хүний нөөц, төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой мэдээллийг гаргаж өгөх үүрэг хүлээж, иргэд дээрх мэдээллийг хүлээн авах эрхээр хангагдаж байгаа юм. Нууцлалд хамаарах онцгой асуудлууд өргөн хүрээг хамарч байгааг ажиглагчид шүүмжилж байна. Мэдээлэл хүсэх үйлчилгээний төлбөр бага. Төсвийн байгууллагууд ажлын долоо хоногийн дотор мэдээлэл гаргаж өгөх үүрэгтэй, эс бол хууль зөрчсөн үндэслэлээр захиргааны хариуцлага хүлээнэ. Мэдээлэл авах эрхийг зөрчсөн тохиолдолд гомдол гаргаж болдог. ТББ-уудын мэдээлж байгаагаар эрх баригчид хувь хүний нууц гэдгээр шалтаглан зарим мэдээллийг ил болгож өгөөгүй.. Мөн олон нийтэд нээлттэй мэдээллүүдийг ил тавихдаа хэрэглэгчид амархан ойлгох хэлбэрээр тэр болгон хийдэггүйг тэмдэглэсэн.

Долдугаар сарын 1-нд УИХ-аас Төсвийн ил тод байдлын тухай хууль буюу олны нэрлэдгээр Шилэн дансны хуулийг баталсан. Уг хуулиар улсын төсөв хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулахын тулд түүнд хяналт тавих, аудит хоорондын зай 24 хүртэл сар байх, аудит хийх үйл явц ил тод байхаар хуульчилсан. Улсын төсвөөс мөнгө гаргуулах эрх бүхий албан тушаалтнууд эдгээр зардлыг өөрсдийн яам, агентлагийн вэбсайтаар дамжуулан мэдээлэх, аудитын үр дүнг мөн мэдээлэх үүрэгтэй. Нэг сая төгрөгөөс дээш (500,00 ам дол) үнийн дүнтэй бүх хэлцлийг мэдээлэх ёстой. Төсвийн хэтийн төлөвлөгөө, зээл, бондуудыг Сангийн яаманд бүртгүүлж, хянуулна, уг албан тушаалд байсан албаны хүмүүс ажлаасаа гарсан байсан ч энэ заалт хэвээр үйлчилнэ.

Есдүгээр сарын байдлаар, төсвийн 56 байгууллагын 11 нь шаардагдах санхүүгийн мэдээллийг гаргаж өгөөгүй байсан. Иймд Сангийн яам батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны яамдын төрийн нарийн бичгийн дарга нар болон Дархан-Уул, Завхан, Дундговь аймгуудын засаг дарга нарын сарын цалинг 20 хувиар бууруулсан.

ТББ дахь эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өргөн хүрээг хамарсан Төрийн нууцын тухай хууль нь мэдээллийн эрх чөлөө, засгийн газрын ил тод байдалд саад болохын зэрэгцээ мөн хариуцлагын тогтолцоог сулруулдаг. Эх сурвалжуудын онцлон тэмдэглэснээр Хууль зүйн сайдыг авилга авсан гэх асуудлын мөрөөр эрэн сурвалжилж байсан сэтгүүлчдийг ТЕГ-ын албаны хүмүүс байцаасан тохиолдол гарсан. Уг хууль мөн төр засгийг хянах, бодлогын талаарх хэлэлцүүлэгт оролцох иргэдийн оролцоонд саад учруулдаг.

5 дугаар хэсэг. Хүний эрхийн зөрчлийг шалгадаг олон улсын болон төрийн бус байгууллагуудад төрөөс баримталсан хандлага

Дотоодын болон олон улсын хүний эрхийн байгууллагууд ерөнхийдөө төрийн зүгээс ямар нэг саад хязгаарлалтгүйгээр хүний эрхтэй холбоотой хэргүүдийг шалгах, үр дүнг нь мэдээлэх зэргээр үйл ажиллагаагаа явуулсан. Засгийн газрын албан тушаалтнууд ерөнхийдөө эдгээр байгууллагын үйл ажиллагаанд хамтарч, үзэл санааг нь дэмжиж байсан.

Засгийн газрын хүний эрхийн төлөө байгууллагууд: Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) нь хүний эрхийн зөрчлийг хянах, бодлогод өөрчлөлт оруулахаар санал гаргах, хянах, хүний эрхийн ТББ-уудтай үйл ажиллагаагаа уялдуулах зэрэг үүрэгтэй. Ажлаа шууд Улсын Их Хуралд тайлагнадаг. Хүний эрхийн үндэсний комисс нь Ерөнхийлөгч, Улсын Дээд Шүүх, Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаатай томилогдсон төрийн өндөр албан тушаалын гурван албан хаагчаас бүрдэнэ. Албаны хүмүүсийн мэдээлснээр улсын төсөвт цалин хөлс, захиргааны зардлууд багтдаг хэдий ч хяналт шалгалт явуулах, сургалт зохион байгуулах, олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зэрэг үйл ажиллагаанд санхүүжилт олгодоггүйн улмаас ХЭҮК гаднаас хөрөнгө мөнгөний эх үүсвэр олох шаардлагатай болдог. ХЭҮК-оос ЛГБТ хүмүүсийн эрх гэх мэт хүний эрхийн маргаантай асуудлуудыг тогтмол дэмжсээр ирсэн.

Хүний эрхийн асуудлаар төр болон иргэний нийгэм бодитой хамтран ажилласаар ирсэн. Төрийн албаны хүмүүс хууль боловсруулах, нийгэм, хүний эрхийн асуудлаар албан ёсны тайлан илтгэл бэлдэх үйл явцад ТББ-уудыг татан оролцуулах тал дээр хавьгүй нээлттэй болсныг ТББ-ууд болон олон улсын байгууллагууд онцлон тэмдэглэж байна.

6 дугаар хэсэг. Ялгаварлан гадуурхалт, нийгмийн зүй бус харьцаа, хүний наймаа

Хуульд “хэнийг ч үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, язгуур угсаагаар ялгаварлан гадуурхахгүй” мөн “улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд тэгш эрхтэй” гэж заасан. Төр засаг эдгээр заалтыг бодит байдал дээр ерөнхийдөө хэрэгжүүлдэг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн бүхий л харилцаанд ялгаварлан гадуурхахгүй байхыг хуульчилж, хөгжлийн бэрхшээлтэй гэсэн үндэслэлээр ажилд авахдаа ялгаварлан гадуурхахыг хөдөлмөрийн хуульд хориглосон. Гэвч дээрх эрхүүд байнга хэрэгждэггүй. Хууль тогтоомжид бэлгийн чиг баримжаа, хүйсийн чиг баримжааны асуудал тусгагдаагүй.

Эмэгтэйчүүд

Хүчингийн хэрэг болон гэр бүлийн хүчирхийлэл: Эрүүгийн хуульд зааснаар хүч хэрэглэж (буюу хүч хэрэглэхээр заналхийлэх замаар) хурьцал үйлдсэн бол нөхцөл байдлыг харгалзан арван таваас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэхээр хуульчилсан. (Жич: Эрүүгийн хуульд цаазаар авах ял шийтгэл хэвээр байгаа ч уг ялын гүйцэтгэлийг бодит байдал дээр түдгэлзүүлсэн байгаа.) Эхнэр/нөхрөө хүчирхийлэх хэргийг тусгайлан хориглосон хууль тогтоомж байхгүй, эрх баригчид ийм хэргийг ихэнхдээ хүлээн зөвшөөрдөггүй, ялладаггүй.

Мөн ТББ-ууд хүчингийн олон хэрэг мэдээлэгдэхгүй өнгөрч байгаа хэмээн мэдэгдээд уламжлалт соёлын хэм хэмжээ болон цагдаа, шүүхийн дарамттай үйл ажиллагаа зэрэг нь хохирогчдыг энэ төрлийн гэмт хэргийг мэдээлэхгүй өнгөрөхөд хүргэдэг гэжээ. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлснээр өнгөрсөн оны эхний хагаст шүүхэд 98 хүчингийн хэрэг бүртгэгдсэн; 16 нас хүрээгүй хүүхэд хохирсон хэрэг 10 гарсан. Мөн хугацаанд 109 хүн хүчингийн хэрэгт ял шийтгэл авсан.

Гэр бүлийн хүчирхийлэл ноцтой, өргөн тархсан асуудал хэвээр байна. Өнгөрсөн оны эхний долоон сарын байдлаар Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв (ХЭҮТ) гэр бүлийн хүчирхийлэл гарсан гэх 660 дуудлага хүлээн авсан нь өнгөрсөн жилтэй харьцуулахад олон нийтийн мэдлэг мэдээлэл дээшилсэнтэй холбоотой. ТББ-ууд болон төрийн харьяа агентлагуудын зүгээс идэвхтэй кампанит ажил өрнүүлснээр гэр бүлийн хүчирхийллийн асуудал олон нийтийн анхаарлын төвд ил гарч ирж, төр засгаас тавих хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд хөшүүрэг болж өгсөн. Мөн ХЭҮТ-ийн мэдээлснээр мэдээлэл авахаар хандсан цагдаагийн албан хаагчдын тоо нэмэгдэж, гэр бүлийн хүчирхийлэл гарлаа гэх дуудлагыг цагдаа шийдвэрлэсэнгүй гэх гомдлын тоо багасжээ. Нөхцөл байдалд ийм ахиц гарсан нь гэр бүлийн хүчирхийллийн талаар төр засаг, олон нийтийн мэдлэг дээшилсэнтэй холбоотой гэж ХЭҮТ тэмдэглэсэн. Цагдаагийн нийт албан хаагчдын ажил үүргийн хуваарьт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үүргийг шинээр тусгаж өгсөн.

Гэр бүлийн хүчирхийллийн талаар эрүүгийн хуульд тусгайлсан заалт байдаггүй ч прокурорууд энэ төрлийн гэмт хэргийг эрүүгийн хуулийн бусад зүйл заалтаар (хүч хэрэглэх, зодох, гэмтэл учруулах, биеэ зүй бус авч явах, танхайрах гэх мэт) яллах дүгнэлт үйлдэж болдог. Иргэний хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалалтад авах, хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авахуулах хүсэлт гаргах боломж байдаг хэдий ч процессын болон бусад саад бэрхшээл их байдгаас энэ заалтыг бодит байдал дээр хэрэгжүүлэхэд төвөгтэй. Хуульд зааснаар цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гомдол хүлээн авч, бүртгэх, хүчирхийлэл үйлдэгдсэн газар дээр очиж, хүчирхийлэл үйлдэгч болон гэрчээс байцаалт авах, хүчирхийлэл үйлдэгчид захиргааны болон эрүүгийн шийтгэл ногдуулах, хохирогчийг хамгаалах байранд хүргэх үүрэгтэй. Хуульд зааснаар хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах дараах арга хэмжээг авдаг.Үүнд: тусдаа амьдрахыг даалгах, дундын өмч хөрөнгөө хэрэглэхийг хориглох, хохирогчтой уулзахыг хориглох, хүүхэдтэйгээ харилцахыг хориглох, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албан сургалтад хамруулах эдгээр болно. Түүнээс гадна гэр бүлийн хүчирхийллийг нэрээ нууцалж мэдээлэх хориотой бөгөөд энэ нь иргэд гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэхгүй өнгөрөхөд хүргэдэг байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийг зарим тохиолдолд гэмт хэргийн гэхээсээ илүү захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу баривчилдаг байна. Ингэснээр 15,000 төгрөг (7.51 ам. доллар) –өөр торгож, 72 цаг хүртэл хугацаагаар цагдан хорьдог. Хохирогчийн биед учирсан гэмтэл бэртлийн хүнд хөнгөн байдлаас шалтгаалан хүчирхийлэл үйлдсэн этгээдийг эрүүгийн гэмт хэрэгт яллах, эс бол захиргааны хариуцлага хүлээлгэхийг шийддэг.

ХЭҮТ-ийн мэдэгдсэнээр өнгөрсөн оны эхний есөн сард 1,000 гаруй хохирогчид үйлчилгээ үзүүлж, хамгаалах байрандаа байрлуулжээ. Төр хохирогчдод үйлчилгээ үзүүлэхдээ ХЭҮТ болон бусад ТББ-уудтай гэрээлэн ажилласан хэвээр байгаа.

Нийслэлийн Цагдаагийн Газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн харъяанд мөн цагдаагийн албан хаагчид ажилладаг гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах байр байгуулсан. Тус байрны албан хаагчид өнгөрсөн онд Хууль зүйн яамны санхүүжилтээр ХЭҮТ-ийн сургалтад хамрагдсан.

ХЭҮТ-ийн мэдээлснээр ТББ-ууд, орон нутгийн засгийн газрын агентлагууд, эмнэлгүүдийн оролцоотой хамгаалах байр долоо (хоёр нь Улаанбаатарт), нэг цэгийн үйлчилгээний төв тав (гурав нь Улаанбаатарт) ажиллаж байна. Голдуу эмнэлгийн байранд байрлах нэг цэгийн үйлчилгээний төвүүд хохирогчдод 72 цаг хүртэл хоргодох байр гаргаж өгдөг байна. Илүү удаан хугацаагаар байрлах шаардлагатай хохирогчдыг хамгаалах байр руу шилжүүлдэг. Ялангуяа хөдөө орон нутагт хамгаалах байрны тоо цөөн байгаа нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон, тусламж дэмжлэг шаардлагатай хүмүүсийн хувьд бэрхшээлтэй байна.

Бэлгийн дарамт: Хуульд зааснаар ажил олгогч ажлын байранд бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авах, үүний дотор бэлгийн дарамт, түүнтэй холбоотой гомдлыг барагдуулах талаар байгууллагын дотоод журам бий болгох үүрэгтэй боловч хэрхэн хариуцлага тооцох тухай заалт байхгүй. Мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч нар ХЭҮК-т гомдол гаргаж болно хэмээн хуульд заасан ч ийм гомдол ирэх нь ховор. Зүй бус биеэ авч явах гэж чухам юуг хэлэх талаар нийгэмд нэгдсэн ойлголт байхгүй байгаагаас уг асуудлын бодит цар хүрээг тогтооход бэрхшээл үүсгэж байна гэж ТББ-ууд үзэж байна. Бэлгийн дарамттай холбоотой хуулийн зүйл заалтуудын талаар ажил олгогч болон ажилтнуудын аль аль нь зохих мэдлэггүй байгаа тухай ХЭҮК мэдээлсэн.

Нөхөн үржихүйн эрх: Залуу хосууд болон хувь хүмүүс хүүхдийн тоо, хүүхэд төрүүлэх хоорондын зай, цаг хугацааг чөлөөтэй бөгөөд хариуцлагатай шийдвэрлэх эрхтэй бөгөөд эдгээр эрхийг хэрэгжүүлэх боломж олгох мэдээлэл, арга замыг ялгаварлан гадуурхагдагдахгүйгээр олж авах эрхтэй. Өсвөр насны ээжүүдийн эрхийг хамгаалдаг дотоодын ТББ-ын мэдээлснээр охид нийгэмд ад шоо үзэгдэхээс айж эмээх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдлэг дутмаг байдгийн улмаас амаржихын өмнөх үйлчилгээнд тэр бүр хамрагддаггүй ажээ. Үүнээс гадна нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдээлэл элбэг байдаг ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй хэлбэрээр бараг байдаггүй. Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Холбооны мэдэгдсэнээр тэргэнцэртэй эмэгтэйчүүд амаржихын өмнө эмнэлгийн үйлчилгээ авах бараг боломжгүй, үүнд бие махбодийн бэрхшээлээс гадна эмнэлгийн ажилтнуудын сөрөг хандлага аль аль нь нөлөөлдөг.

Ялгаварлан гадуурхалт: Хуульд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй гэж заасан байдаг. Үүнд адил хөдөлмөр эрхэлж буй тохиолдолд адил цалин авах, боловсрол эзэмших тэгш эрхтэй байх зэрэг орно. Зарим зөрчлийг эс тооцвол эдгээр эрх бодит байдал дээр ерөнхийдөө хэрэгждэг. Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулиар төрийн байгууллага болон улс төрийн намуудын бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийг оролцуулах албан ёсны квот тогтоож өгсөн. Мөн нас, гадаад төрх, хүйс зэрэг дээр үндэслэж ялгаварлан гадуурхахыг хориглосон.

Эмэгтэйчүүд ажиллах хүчний тал орчим хувийг эзэлдэг бөгөөд нэлээд хэсэг нь гэр бүлийнхээ орлогын гол эх үүсвэр нь байдаг. Хуулинд эмэгтэйчүүдийг хүнд хөдөлмөр шаарддаг, нярай хүүхэд болон эхийн эрүүл мэндэд нөлөөлж болох химийн бодистой харьцдаг зарим ажлын байранд ажиллуулахыг хориглосон бөгөөд төр эдгээр хуулийн заалтыг үр дүнтэй хэрэгжүүлдэг. Төрийн байгууллага, хувийн хэвшилд олон эмэгтэй дунд шатны албан тушаал дээр ажилладгаас гадна эмэгтэйчүүд худалдаа, үйлдвэрийн шинэ салбарыг үүсгэн байгуулах, улмаар тухайн салбарыг удирдахад гар бие оролцдог. Эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах нас 60.

Хууль байгаа хэдий ч эмэгтэйчүүд ажил эрхлэхэд ялгаварлан гадуурхалттай тулгардаг (7-р хэсгээс үзнэ үү).

Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эмэгтэйчүүд хүүхдийн тэтгэлэг авах эрхтэй бөгөөд тус хуулиар хүүхдийн тэтгэлэг, хүүхэд асран хамгаалахтай холбоотой эрх үүргийг тодорхой заасан. Гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр гэрлэлтийн хугацаанд бий болгосон дундын эд хөрөнгөө тэнцүү хувааж авдаг. Гэрлэлтээ цуцлуулсан эмэгтэйчүүд ихэнх тохиолдолд хүүхдээ өөр дээрээ авч үлддэг; гэрлэлтээ цуцлуулсан эрчүүд хүүхдийн тэтгэлгээ өгөхгүй нь элбэг бөгөөд үүнийхээ хариуд торгууль хүлээдэггүй. Эмэгтэйчүүдийн эрхийн байгууллагынхны мэдэгдэж байгаагаар гэр бүлийн дундын аж ахуйн нэгжүүд голдуу өрхийн тэргүүний нэр дээр бүртгэлтэй байдаг тул гэр бүл салах үед өмчлөх эрх нь өрхийн тэргүүнд шууд хадгалагдаж үлдэх явдал байсаар байна.

Эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилтийг хянах засгийн газрын агентлаг гэж байхгүй; харин Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Жендэрийн үндэсний хороо нь яамд, ТББ-ууд, аймаг, орон нутгийн жендэрийн хорооны төвшинд эмэгтэйчүүдтэй холбоотой бодлогыг зохицуулж, тэдний эрх ашгийг хамгаалдаг. Түүнээс гадна Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд энэ асуудлыг хариуцсан хэлтэс ажилладаг . Улсын Их Хуралд Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороо жендэрийн асуудлыг хариуцдаг.

Хүүхдүүд

Төрөлтийн бүртгэл: Иргэний харьяаллыг эцэг эхийн харьяаллаар тогтоох ба төрөлтийг ерөнхийдөө төрсөн даруйд нь бүртгэдэг боловч хөдөө орон нутагт амьдардаг хүмүүсийн хувьд энэ нь тэр бүр хэрэгжиж чаддаггүй. Хүүхдийнхээ төрөлтийг бүртгүүлэхгүй бол төрийн үйлчилгээ хүртэх болон сар бүр олгодог хүүхдэд зориулсан халамжийн мөнгөө авах боломжгүй болдог. Ялангуяа хөдөө орон нутгаас хот суурин газарт шилжиж буй иргэд шинэ ирсэн газартаа бүртгүүлж чадахгүй бол ийм бэрхшээлтэй тулгардаг.

Хүүхэдтэй зүй бусаар харьцах: Хүүхэдтэй зүй бусаар харьцах явдал ноцтой асуудал байсан бөгөөд гол төлөв гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн зүй бус харьцааны хэлбэрээр илэрдэг. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Хүүхдийн төлөө үндэсний газар (ХТҮГ) болон ТББ-уудын мэдээлснээр дээр дурдсан асуудлын аль аль нь гэр бүлийн хүрээнд илүү гардаг ажээ. ХҮЭК-ын мэдээлснээр хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл ихэнхдээ мэдээлэгддэггүй, учир нь хүүхдүүд энэ тухай мэдээлэхээс эмээдэг эсвэл зохих газарт нь мэдээлэх чадвар дутмаг байдагтай холбоотой. Хүүхэдтэй зүй бус харьцсан, гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн зүйн бус харьцаанд өртсөн талаар мэдээлэл улам бүр нэмэгдэж байгаа тухай ХТҮГ болон Нийслэлийн Цагдаагийн газраас мэдээлээд энэ нь эдгээр асуудлын талаар олон нийтийн мэдлэг дээшилсэнтэй холбоотой гэж тэд үзэж байна.

Хүүхдээ хараа хяналтгүй орхих явдал бас байна. Түүнчлэн ядуурал болон голдуу архидалтаас үүдэлтэй эцэг эхийн зүй бус харьцаанаас болж зарим хүүхдүүд өнчрөх, гэр орноосоо дайжих явдал гарч байна. Цагдаагийн ажилтнуудын мэдээлж байгаагаар эцэг эх нь зүй бус харьцдаг хүүхдүүдийг хамгаалах байр руу явуулдаг ч олон хүүхдийг нөгөө л эцэг эх рүү нь буцаасан тухай хөндлөнгийн ажиглагчид хэлж байна.

Нийслэлийн Цагдаагийн Газрын харъяа Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн найман ажилтнаас гадна Улаанбаатар хотын захын хоёр дүүргийн цагдаагийн газар насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэргийг мөрдөн байцаах нэг албан хаагч тус тус томилжээ. Төвийн дүүргүүдэд эргүүлийн ажилтнууд насанд хүрээгүйчүүдийн асуудлыг өдөр тутам хариуцаж ажилладаг.

ХТҮГ хүүхдийн итгэлтэй утас ажиллуулж, хүүхэдтэй зүй бус харьцсан тухай дуудлага мэдээ хүлээн авах, цагдаад мэдэгдэх ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн оны эхний есөн сарын байдлаар тус дугаарт нийтдээ 106,585 дуудлага ирсэн.

Хүүхэд насандаа болон хүчээр гэр бүл болох: Хуульд заасан гэр бүл болох хамгийн доод нас 18 бөгөөд 18-аас доош настай иргэд гэр бүл болсон тохиолдол гараагүй.

Хүүхдийг ашиг олох зорилгоор бэлгийн мөлжлөгт ашиглах: 18-аас доош насны хүүхдийг ашиг олох зорилгоор бэлгийн мөлжлөгт ашиглахыг хуулиар хориглосон хэдий ч ийм асуудал гарсан. ТББ-уудын мэдээлснээр тус улсад өсвөр насны охидыг хулгайлж, хүч хэрэглэх буюу хууран мэхлэх замаар биеийг нь үнэлүүлсэн тохиолдлууд гарчээ. Өмнөд Солонгос, Японоос секс жуулчлалын зорилгоор тус улсад жуулчлах явдал тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орох насны доод хязгаар 16. Насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэхгүй байх заалтыг зөрчсөн этгээдийг (16 насанд хүрээгүй этгээдтэй хүч хэрэглэхгүй, хүч хэрэглэхээр заналхийлэхгүйгээр хурьцал үйлдсэн байхыг хэлнэ) гурав хүртэл жил хорих ял шийтгэнэ. Садар самууныг сурталчилсан бүх зүйлийг үйлдвэрлэх, борлуулах, дэлгэн үзүүлэхийг хуулиар хориглосон бөгөөд гурав хүртэл сар баривчлах шийтгэл оногдуулдаг. Гэхдээ ТББ-уудын мэдээлж байгаагаар хүүхдийг садар самуунд уруу татсан цахим бичлэг цөөнгүй байсан. Цаашилбал интернетэд тавигдсан хүүхдүүдийн садар самуун бичлэг, секс сурталчилгаанд арга хэмжээ авах харьяа агентлаг байдаггүй бөгөөд цагдаагийнхан аль ч гэмт хэргийг нь мөрдөн шалгадаггүй байна. Цагдаа нар цахим орчинд хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт ашигласан гэмт хэргийг мөрдөн шалгах ур чадвараа дээшлүүлэх талаар хүчин чармайлт тавьж ажилласан ч энэ төрлийн гэмт хэрэг дээр ажиллах техникийн талын чадвар хязгаарлагдмал хэвээр.

Дотуур байрны хүүхдүүд: НҮБ-ын Хүүхдийн Сангийн мэдээлснээр 40,000 гаруй хүүхэд эцэг эхээсээ хол, сургуулийнхаа дотуур байранд жилийн ихэнх хугацааг өнгөрүүлдэг. Аймгийн төвүүд дэх 500 гаруй дотуур байранд нүүдэллэж амьдардаг малчид эсвэл хөдөө суудаг өрх бүлүүдийн хүүхдүүд байрладаг. Зарим сургуулийн дотуур байр ачаалал нь хэтэрсэн байсан бөгөөд ихэнх нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх байр савгүй байсан. Дотуур байрнууд дахь хүүхдүүдтэй зүй бус харьцдаг, дотуур байрны барилгуудын аюулгүй байдалд сэтгэл зовниж байгаа талаар төрийн албаныхан, ТББ-ууд, олон улсын байгууллагууд илэрхийлсэн. ХТҮГ-ын тэмдэглэснээр дотуур байранд суудаг хүүхдүүд өөрсөдтэй нь зүй бус харьцсан тохиолдолд мэдээлэх, хандах газар байдаггүй.

Олон улсын хэмжээнд хүүхэд хулгайлах: Тус улс 1980 онд батлагдсан Олон улсын хэмжээнд хулгайлагдсан хүүхдийг орон гэрт нь буцаах иргэний талуудын тухай Гаагийн конвенцод нэгдээгүй.

Анти семитизм

Еврей хүн амын тоо маш цөөн, өнгөрсөн онд анти семитик үйлдэл гарсан тухай мэдээлэл ирээгүй.

Хүний наймаа

Хүний наймааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн департаментын Хүний наймааны илтгэл-ээс www.state.gov/g/tip/rls/tiprpt хаягаар орж үзэж болно.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

Хөдөлмөрийн хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг “тухайн хүний биеийн эрүүл мэндийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохоор эсхүл ажлын байран дахь хөдөлмөрийн нөхцөл эрүүл мэндэд нь харшлахаар” биш л бол түүнийг хөгжлийн бэрхшээлтэй гэсэн шалтгаанаар ажилд авахаас татгалзах, ялгаварлан гадуурхахыг хориглоно гэж заадаг (7 дугаар хэсгийг үзнэ үү). Төр хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсрол эзэмшихэд боломжтой орчныг бүрдүүлж өгөх үүрэгтэй хэдий ч боловсрол эзэмшихэд ялгаварлан гадуурхахыг хориглосон тодорхой заалт байхгүй. Хуульд “хөгжлийн бэрхшээл” гэдгийг бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согогоос болж нийгмийн амьдралд оролцох хязгаарлагдмал байдал гэж тодорхойлжээ. Аймаг, нийслэлийн засаг дарга нар хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасан.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанар чансааг сайжруулахад чиглэсэн бодлого, төсөл боловсруулах хэрэгжүүлэх чиг үүргийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаман дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэс хариуцдаг. Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхцөл байдлыг сайжруулах тал дээр илүү хүчин чармайлт тавьж ажилласны дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд холбогдох одоогийн хууль тогтоомжид дэлгэрэнгүй судалгаа хийж, халамжид суурилсан тогтолцооноос эрхэнд суурилсан тогтолцоонд шилжих арга зам боловсруулахад гол анхаарлаа хандуулсан. Өнөөгийн хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй хэвээр, хөгжлийн бэрхшээлтэй ихэнх иргэд ажил, сургуульд орох, нийгмийн амьдралд оролцоход маш их бэрхшээлтэй тулгардаг.

Шинээр баригдах олон нийтийн барилга байгууламж хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэгцээг хангасан стандарттай байх хууль батлагдсан хэдий ч шинээр баригдсан ихэнх барилга уг хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй. Хуулиар 20-иос дээш авто тээврийн хэрэгсэлтэй аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийн арван хувийг харааны болон сонсголын хөгжлийн бэрхшээлтэй иргэн тээвэрлэх боломжтой байна гэсэн шаардлага тавигддаг. Гэсэн хэдий ч нийтийн тээврийн хэрэгслүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэд орох тусгай орц гарцгүй хэвээр байна. Харин Нийслэлийн нийтийн тээврийн газар өнгөрсөн онд тэргэнцэртэй иргэд үйлчлүүлэх боломжтой 50 автобус шинээр худалдаж авсан. Онгорхой нүх, зам хаасан саад тотгор, мөн түүнчлэн явган зорчигчийн гарцан дээр жолооч нар замбараагүй давхидаг хэвээрээ байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чөлөөтэй зорчиход саад учруулсаар байна.

Харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэд радио телевиз ашиглах боломжгүй байдаг тул нийгэмд болж буй үйл явдлын талаар мэдээлэл авахад бэрхшээлтэй хэвээр байна. Тусгайлан мэргэшсэн боловсон хүчин, шаардлагатай технологи дутмаг байдгаас эдгээр иргэд түргэн тусламжийн үйлчилгээ авахад мөн бэрхшээлтэй байдаг.. Тус улсын гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах байруудад хөгжлийн бэрхшээлтэй хүн орох зориулалтын зам тавигдаагүй.

Санал авах байрууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд орох зориулалтын замгүй байсны дээр Брайлийн тэмдэглэгээ бүхий саналын хуудас хангалтгүй байсан нь өмнөх сонгуулиудад үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцоход сөргөөр нөлөөлсөн.

Улаанбаатар хотод тусгай сургуулиуд байдаг ч хуульд зааснаар хөгжлийн бэрхшээлтэй оюутан сурагчид ердийн сургуульд суралцах боломжтой.. Гэхдээ бодит байдал дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсрол эзэмших боломж хязгаарлагдмал. ТББ-уудын хэлж байгаагаар хөгжлийн бэрхшээл гэж юу вэ гэдэг талаар нэгдсэн ойлголт байхгүй байна. Үүнээс болоод сургуулиуд оюун санаа болон хөгжлийн хөгжлийн бэрхшээлийг тэр бүр ялгаж салгаж тодорхойлж чаддаггүй. Ялангуяа Дауны синдром болон аутизмтай хүүхдүүдийн эцэг эхчүүдийн ТББ-уудын мэдэгдсэнээр эдгээр хүүхдүүдтэй ажиллах мэргэшсэн багш нар дутагдалтай байна. Түүнээс гадна ХЭҮК-ын мэдээлснээр сурах бичиг болон бусад сургалтын материал хангалтгүй, зарим багш нар энгийн сургуулийн сурах бичгийг анги бууруулан хэрэглэх буюу байгаа хөрөнгө мөнгөөрөө өөрсдөө сургалтын материалаа боловсруулдаг ажээ. ХЭҮК-ын тайланд дурдсанаар ихэнх энгийн сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан зориулалтын байгууламжгүй (сургуулийн автобус мөн орно) байсны дээр төрөөс энэ талын шинэчлэл хийх хангалттай хөрөнгө мөнгө хуваарилаагүй.

Хуульд зааснаар төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэдний хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээг харгалзан тэтгэмж олгох үүрэгтэй. Төрөөс ийм тэтгэмж олгодог хэдий ч мөнгөн тусламжийн хэмжээ бага, мөн уг мөнгийг хуваарилах тогтолцоо хангалтгүйгээс хөгжлийн бэрхшээлтэй бүх иргэн үүнийг хүртэж чаддаггүй. Үндэсний/ Арьс өнгөний/ Угсаатны цөөнх

Хэт үндсэрхэг үзэлтэй бүлгүүд сүүлийн жилүүдэд харьцангуй намжмал байдалтай байсан ч гол төлөв Хятад иргэдийн эсрэг чиглэсэн хүчирхийллийн үйл ажиллагаа үе үе гарсан. Гуравдугаар сард төрийн тахилгат Бурхан Халдун хайрханд Өвөр Монголын жуулчдыг (Хятад улсад байдаг уугуул Монголчууд) аялж явахад нь хэт үндсэрхэг бүлгийн гишүүд зогсоосон. Тэднийг хүчээр өвдөглүүлэн, хэл амаар доромжилж, зургийг нь авч, уулын оргилд гаргалгүйгээр хүчээр буцаан буулгасан байна. Төр засгийн албаны хүмүүс, түүний дотор Ерөнхийлөгч болон Улаанбаатар хотын захирагч нар тэдгээр жуулчдаас уучлал хүсэж, дээрх явдлыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруушааж мэдэгдэл хийсэн.

Хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, бэлгийн чиг хандлага болон хүйсийн баримжаанд суурилсан бусад хүчирхийлэл

Ижил хүйстний харилцан тохиролцсон бэлгийн харилцааны талаар талаар хуульд тусгайлан тусгаагүй. Гэхдээ Эмнести Интэрнэйшнл болон Олон улсын ижил хүйстнүүдийн холбооноос эрүүгийн хуулин дахь “бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэсэнтэй холбоотой заалтуудыг шүүмжилж, эл заалтууд ижил хүйстний бэлгийн чиг хандлагатай хүмүүсийн эсрэг хэрэглэгдэх боломжтой гэж үзсэн. Бэлгийн чиг хандлага, хүйсийн шинж чанараар ялгаварлан гадуурхахыг хориглосон хууль байхгүй. Монгол Улсын иргэн эмнэлгийн журмаар хүйсээ солиулсан бол энэ тухай эмнэлгийн магадалгааг үндэслэн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийг шинэчлэн олгохыг зөвшөөрсөн бөгөөд ЛГБТ төвийн мэдээлснээр энэхүү зүйл заалтын дагуу трансжендер хүмүүс бичиг баримтаа амжилттай шинэчлүүлсэн.

Бэлгийн чиг хандлага, хүйсийн баримжааныхаа байдлаас болж ЛГБТ хүмүүс олон нийтийн дунд ч, ар гэртээ ч хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтад өртдөг тухай ТББ-ууд мэдээлсээр байна. ЛГБТ Төв ЛГБТ хүмүүс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл нэлээн хэдийг авсан ба эдгээрийн ихэнх нь гэр бүлийнхэндээ үнэнээ хэлсэн, эс бол гэр бүлийнхэн нь ЛГБТ болохыг нь олж мэдсэн залуу хүмүүс байжээ. ЛГБТ бүлгийн гишүүд өмнө нь ЛГБТ хүмүүсийг онилон дайрдаг байсан хэт үндсэрхэг үзэлтнүүдээс эмээдэг тухайгаа илэрхийлсэн.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ижил хүйстэн эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийг доромж үгээр тодорхойлох, мөн ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орохыг ХДХВ, ДОХ, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах, залуучуудын ёс суртахуунд сөргөөр нөлөөлөхтэй хамаатуулж бичсэн тохиолдол гарсан. Үүнээс гадна цахим хэвлэлээр ЛГБТ хүмүүсийг удаа дараа тохуурхах, зарим тохиолдолд тэдгээр хүмүүсийн нэр ус, хаягийг цахим сэтгэгдэлд бичиж үлдээсэн тухай ТББ-ууд мэдэгдсэн.

Эрүүгийн хуульд хүчингйин хэргийг гэмт хэргээр зүйлчилсэн заалт байгаа боловч хэнийг яг хохирогч гэж үзэх талаар нарийн тодорхойлолт байхгүй ба шүүх үүнийг ганцхан эмэгтэй хохирогчид хамаатуулдаг. Харин эрэгтэй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг голдуу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх зүйлээр зүйлчлэгддэг . Түгээмэл дэлгэрсэн энэхүү тайлбарын дагуу эрчүүдийн хүчингийн асуудлыг яллахад бэрхшээлтэй, энэ төрлийн хүчингийн хэргийг хүндрүүлж авч үздэггүй. Өмнөх зүйл ангийн дагуу цаазаар авах хүртэл ял ногдуулж болдог бол удаах зүйл ангийн дагуу гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хоёроос арав хүртэл жил хорих ял шийтгэдэг.

ЛГБТ бүлгийн гишүүд цагдаагийнхан өөрсдийг нь дарамталсан, мөн мөрдөн мөшгөсөн гэж мэдэгдсэний дээр ХЭҮК-ын 2014 оны илтгэлд онцлон дурдсанаар үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийг мэдээлж очсон ЛГБТ хүмүүсийг цагдаагийнхан өөрсдөө зарим үед хэл амаар доромжилдог ажээ. Сүүлийн жилүүдэд цагдаа нар болон мөрдөн байцаагчдыг ЛГБТ хүмүүсийн эрхтэй холбоотой хэрэг маргаанд хэрхэн хандах талаар сургалтад хамруулсан хэдий ч цагдаа нар хохирогчдыг гомдол гаргах үед хэл амаар доромжилсон мэдээ байна. ХЭҮК-оос журам боловсруулж, Улаанбаатар хотын Цагдаагийн Газрыг ЛГБТ хүмүүсийн эрхийн талаар сургалтад хамрагдах шаардлага тавьсан; Цагдаагийн газар уг журмыг хангалтгүй хэрэгжүүлсэн гэж ЛГБТ төв мэдэгдсэн. Нэг талаас хууль хэрэгжүүлэх байгууллага дахь тоо баримт хязгаарлагдмал, нөгөө талаас нийгэмд ад шоо үзэгдэх, гутаан доромжлогдохоос эмээн гэмт хэргийг цагдаад мэдэгдэхгүй өнгөрөх зэрэг хүчин зүйлийн улмаас ЛГБТ хүмүүсийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн хэр хэмжээг тогтооход бэрхшээл учирч байгаа тухай ТББ-уудын мэдээлж байна. ЛГБТ бүлгийн гишүүдийн эсрэг чиглэсэн, нэг талыг барьсан гэмт хэргүүдэд мөрдөн байцаалт явуулах, ялын дүгнэлт үйлдэх, зохих ял шийтгэл ногдуулах зэрэг ажиллагаанд баримтлах үзэн ядалтаас үүдсэн гэмт хэргийн хууль тогтоомж болон бусад эрүүгийн хэргийн шударга ёсыг хангах механизм байхгүй. Түүнчлэн цагдаагийн саатуулах байрнуудад цагдан хоригдсон хүмүүсийг бэлгийн хандлагаас нь болж зүй бусаар харьцсан гэх мэдээлэл байна.

Эрх баригчид ЛГБТ бүлгийн гишүүдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргүүдийг удаа дараа хэрэгсэхгүй болгосон. ЛГБТ бүлгийн гишүүд зүй бус харьцааг мэдээлж, өөрсөд руу нь довтолсон этгээдийн эсрэг шүүхэд гомдол мэдүүлэхэд буруутай этгээдүүд гэм зэмгүй өнгөрөх магадлалтай байдгаас эмээдэг гэж мэдээлсэн бөгөөд хууль хэрэгжүүлэгчдэд хангалттай итгэдэггүйгээс ЛГБТ хүмүүсийн эсрэг гэмт хэрэг бүрэн мэдээлэгддэггүй гэж ажиглагчид дүгнэсэн.

Ажил эрхлэхэд ялгаварлан гадуурхах явдал мөн бэрхшээлтэй асуудлын нэг байсан ( 7-р хэсгээс үзнэ үү).

Тус улсын ЛГБТ хүмүүсийн эрхийг хамгаалж ажилладаг ТББ-ууд гурав дахь жилдээ Бахархлын үйл ажиллагааг зохион байгуулсан. ЛГБТ төвийн мэдээлснээр тус жагсаалын үеэр Улаанбаатар хотын Цагдаагийн Газар болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын Газрынхан, мөн цагдаагийн албан хаагчид арга хэмжээний үеэр тэдний жагсаал цуглаан хийх болон эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан. Тус төв нийтийн эзэмшлийн талбайг тодорхой зорилгоор ашиглах гэж буй тухайгаа дээр дурдсан хоёр байгууллагад хэдэн долоо хоногийн өмнөөс албан ёсоор мэдэгдсэн ч тэдгээр байгууллага тухайн үйл явдал болохын өмнөх өдрийг хүртэл хариу өгөхгүй зориуд хүлээлгэж байгаад тус талбайг ашиглуулах боломжгүй гэж мэдэгдсэн. Бахархлын жагсаал болсон өдөр цагдаагийн албан хаагчид жагсаалд оролцогчдыг биеэрээ халхлан Чингисийн талбай руу нэвтрүүлээгүй. ЛГБТ төвийнхөн аравдугаар сард тус хоёр байгууллага болон цагдаагийн албан хаагчдын эсрэг гомдол гаргаж, захиргааны хэргийн шүүхэд хандсан. Шүүхээс тус хэргийг 12 дугаар сарын 10-ны өдөр хэрэгсэхгүй болгосон. ЛГБТ төвийнхөн уг шийдвэрт давж заалдана гэдгээ мэдэгдсэн.

ХДХВ болон ДОХ – Нийгмийн жигшил

ХДХВ, ДОХ-той хүмүүсийг илтэд ялгаварлан гадуурхдаггүй хэдий ч нийгэмд тодорхой хэмжээний алагчлал оршсоор байна. ХЭҮК болон бусад ажиглагчдын үзсэнээр улсын, хувийн болон клиник эмнэлгүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний ажилтнууд өөрсдөө ХДХВ-ийн халдвар авахаас эмээн ХДХВ, ДОХ-той хүмүүст үйлчилгээ үзүүлэхээс гол төлөв татгалздаг. Үүнээс гадна ХДХВ/ДОХ-ын эсрэг тэмцэх НҮБ-ын хамтарсан хөтөлбөр болох UNAIDS-ийн мэдээлснээр ХДХВ, ДОХ-той бүх эмэгтэйчүүд хүүхдээ Улаанбаатар хотын Халдварт өвчин судлалын үндэсний төвд төрүүлэх ёстой. Эмэгтэйчүүд бүх холбогдох зардлаа өөрсдөө төлдөг бөгөөд тус төвд шинэ төрсөн нярайн асаргаа сувиллын үйлчилгээ үзүүлдэггүй. Ажил эрхлэхэд ялгаварлан гадуурхах асуудал гараагүй гэсэн мэдээ байна. Олон нийт ерөнхийдөө ХДХВ, ДОХ өвчнийг ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орох явдалтай холбож ойлгосоор байгаа нь хохирогч нарыг нийгмийн жигшил гэж үзэхэд хүргэдэг. ХДХВ-ын халдвар авсан хүмүүсийн гуравны хоёр нь ижил хүйстэнтэй бэлгийн хавьталд орсон эрэгтэйчүүд эзэлдэг гэсэн тоо баримт нь дээрх нийгмийн жигшил гэх үнэмшлийг улам бататгаж өгсөн.

7 дугаар хэсэг Ажилчдын эрх

а. Эвлэлдэн нэгдэх эрх, хамтын хэлэлцээ хийх эрх

Хуульд зааснаар ажилчид урьдчилсан зөвшөөрөл, хэтэрхий өндөр шаардлагагүйгээр өөрийн саналаар бие даасан холбоо, мэргэжлийн байгууллага байгуулах, элсэн нэгдэх эрхтэй бөгөөд ажил хаях, хамтын хэлэлцээ хийх эрхийг нь хамгаалж өгсөн байдаг. Гэхдээ хуулийн зарим заалт зарим бүлэг хүмүүсийн, тухайлбал гадаадын ажилчид, төрийн албан хаагчид, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилтнуудын дээрх эрхийг хязгаарладаг. Хэдийгээр бүх бүлэг хүмүүс үйлдвэрчний эвлэл байгуулах эрхтэй ч төрийн зарим албан хаагчдыг ажил хаяхыг хуулиар хориглосон. Ажилчид үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд ялгаварлан гадуурхахгүйгээр идэвхтэй оролцох эрхийг хуулиар хамгаалсан байдаг, төр засгаас энэ эрхийг ерөнхийдөө хамгаалсан. Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцсоны улмаас ажлаас халагдсан ажилчныг ажлын байранд нь буцааж авахыг хуульчилсан хэдий ч Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны (МҮЭХ) мэдэгдсэнээр дээрх заалт тэр бүр хэрэгждэггүй.

Гуравдагч этгээд ажил хаялт зохион байгуулахыг төр засгаас хориглоно. Улс орныг батлан хамгаалах, улсын аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журам сахиулах үүрэг бүхий байгууллага (тэр дундаа цагдаагийн албан хаагчид, цахилгаан, дулааны эрчим хүч, нийтийн усан хангамж, хотын нийтийн тээвэр) ажил хаях эрхгүй.

Хамтын хэлэлцээ хийх хуулиар ажил олгогч, ажилтан, үйлдвэрчний эвлэл, төр засгийн хоорондын харилцааг зохицуулдаг. Ажлын цалин хөлс болон бусад нөхцөлийг (төрийн албаны болон хувийн хэвшлийн) ажил олгогчид болон ажилтнууд хоорондоо тохирдог ба зарим тохиолдолд үйлдвэрчний эвлэлийн оролцоотойгоор шийддэг. Төрөөс хамтын хэлэлцээнд хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрдөггүй бөгөөд гэрээ хэлэлцээр ажлын цаг, нөхцөлийн талаарх хуульд тавигдсан шаардлагыг биелүүлж байгаа эсэхийг баталгаажуулахад төр засгийн үүрэг хязгаарлагдмал.

Хууль тогтоомжид хамтын хэлэлцээ хийх, эвлэлдэн нэгдэх эрхийг хамгаалдаг ба эдгээр эрх ихэнхдээ хэрэгждэг. Ажилтнууд болон удирдлагын хооронд гарсан хөдөлмөрийн маргааныг хөдөлмөрийн Маргаан Таслах гурван талт комиссоор шийдвэрлэдэг. Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлэж чадаагүй хэрэг маргааныг шүүхэд шилжүүлдэг. МҮЭХ-ны мэдээлснээр уг үйл явц маш их цаг хугацаа шаарддаг тул цаг, зардлаа хэмнэх үүднээс олон ажилчин маргаанаа хэрэгсэхгүй орхисон.

МҮЭХ-ны мэдэгдсэнээр зарим ажилчид үйлдвэрчний эвлэл байгуулах болон үйлдвэрчний эвлэлд нэгдэн элсэхэд саад бэрхшээлтэй тулгарсан бөгөөд зарим ажилчид одоо байгаа үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг сулруулах зорилготой үйлдлүүд хийсэн. Тухайлбал, зарим компани ажилчдын цалингаас үйлдвэрчний эвлэлийн татварт суутгадаг мөнгийг өөр бусад зорилгод ашиглаж, уг мөнгийг үйлдвэрчний эвлэл рүү шилжүүлдэггүй. Зарим ажил олгогч ажилчдаа ажлын цагаар үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хориглосон, уг нь хуулиар ажилчид ийм үйлдэл хийх эрхтэй. Зарим ажил олгогч хамтын хэлэлцээний гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан, эс бол хүмүүсийг үйлдвэрчний эвлэл байгуулсан болон үйлдвэрчний эвлэлийн хурал цуглаан зохион байгуулсных нь төлөө ажлаас нь халах зэрэг хамтын хэлэлцээний эрхийг зөрчсөн зөрчлүүд мөн хэд хэд гарсан.

б. Хүчээр буюу албадан хөдөлмөр эрхлүүлэхийг хориглох

Хуулийн дагуу оноосон ял шийтгэлээс бусад тохиолдолд хүчээр буюу албадан хөдөлмөр эрхлүүлэхийг Үндсэн хуулиар тусгайлан хориглосон. Тус хуульд албадан хөдөлмөр эрхлүүлсэн тохиолдолд авах арга хэмжээг тодорхойлсон зүйл заалт тусгаагүй, ийм тохиолдол хэд хэд гарсан гэх мэдээ байсны дотор хүүхдүүдийг албадан хөдөлмөр эрхлүүлсэн тохиолдлууд гарсан. ТББ-ууд болон төр засгийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр байцаагчдын тоо хүрэлцээ муу, санхүүжилт хангалтгүй, олон нийтийн мэдлэг тааруу, авах арга хэмжээ бүрхэг байдаг нь хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байна. Хууль зүйн яамнаас Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар (МХЕГ буюу тус улсын хяналт шалгалт явуулах чиг үүрэг бүхий төв байгууллага)-т хөдөлмөрийн мөлжлөгийг олж тогтоох сургалт явуулж, бүх аймгийн байцаагчдыг хамруулсан.

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (БНАСАУ)-ын ажилчдад төлөх ёстой цалин хөлсийг БНАСАУ-ын засгийн газарт төлдөг байж болзошгүй талаар хэвлэлүүд мэдээлсэн (7-р хэсгээс үзнэ үү).

Хүний наймааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг state.gov хаягаар орж үзэж болно.

в. Хүүхдийн хөдөлмөрийг хориглох ба хөдөлмөрийн насны доод хязгаар

Хуульд зааснаар 14 нас хүрээгүй хүн хөдөлмөр эрхлэхийг хориглодог. Харин 14 насанд хүрсэн хүн гагцхүү мэргэжлийн баримжаа, ажлын дадлага хийх зорилгоор эцэг эх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр долоо хоногт 30 хүртэл цаг хөдөлмөр эрхэлж болно; 15 насанд хүрсэн хүн эцэг, эх буюу харгалзан дэмжигчийн зөвшөөрөлтэйгөөр хөдөлмөрийн гэрээ байгуулж болох заалттай. 16, 17 настай хүүхдүүд мөн долоо хоногт 36 цаг хүртэл ажиллах эрхтэй. 18 насанд хүрээгүй ажилтныг шөнийн цагаар ажиллуулах, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлтэй ажилд ажиллуулах, уул уурхай, барилга байгууламж зэрэг аюултай нөхцөлд ажиллуулахыг тус тус хориглодог. Эрх баригчдын мэдэгдэж байгаагаар ажил олгогчид ихэнхдээ хууль тогтоомжийг зөрчиж, насанд хүрээгүй ажилтныг долоо хоногт 40-өөс дээш цаг ажиллуулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин хөлс өгдөг ажээ. Мөн Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ) –ын мэдээлснээр хөдөлмөр эрхэлж болох насны доод хэмжээ нь суурь боловсрол эзэмшиж төгсөх доод наснаас доогуур байгааг тэмдэглээд дээрх хоёр заалтыг нэг мөр болгохыг төр засагт уриалсан.

Хүүхдийг албадан болон хүчээр хөдөлмөрлүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Насанд хүрээгүй хүнийг “тэнүүчлэл, гуйланчлалд” татан оруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуу хүртэл дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

Хүүхдүүд хүчээр хөдөлмөр эрхэлсэн тохиолдлуудаас гадна олон салбарт, тэр дундаа бичил уурхай, хүчээр гуйлга гуйх, газар тариалан, зочид буудал, зоогийн газар, аж үйлдвэр, гар дээрээс наймаа эрхлэх, хог ухах, гудамжны үзүүлбэр буюу уран нугаралт (Монголын урлагийн нэг төрөл), хууль бус биеэ үнэлэх зэргээр хөдөлмөр эрхэлж байна (“Хүүхэд” гэсэн 6 дугаар хэсгээс үзнэ үү). ТББ болон төр засгийн албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар архидан согтуурах явдал хавтгайрсан, эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж олон хүүхэд бие дааж орлогын эх үүсвэр олох шаардлагатай болсон. МХЕГ-ын тайланд дурдсанаар өнгөрсөн оны эхний хагаст үйлдвэрийн ослоор хүүхдүүд амь алдсан, бэртсэн тохиолдол гараагүй.

Хурдан морины уралдаанд хүүхдүүд морь унаж байгаад санаа зовж байгаагаа олон улсын байгууллагууд мэдэгдсээр байна. ХЭҮК-ийн тайланд дурдсанаар жил болгон 30,000 гаруй хүүхэд морь унаж уралддаг байна. Хүүхдүүд ихэвчлэн дөрвөөс таван насандаа морь унаж сурдаг ба үндэсний баяр наадмын үеэр хоёроос 20 орчим милийн зайд болдог морины уралдаанд бага насны хүүхдүүд хурдны морь унадаг уламжлалтай юм. Төр засгийн зүгээс ид хүйтний үеэр хүүхдээр морь унуулж уралдуулахыг хориглосон ч өвлийн уралдаан хэд хэдэн удаа болж өнгөрсөн. Унаач хүүхдүүдэд толгой, цээжний хамгаалалт заавал хэрэглэх талаар хууль тогтоомж баталж, төр засаг, олон нийтийн зүгээс оролцоогоо нэмэгдүүлж, тэдний аюулгүй байдлыг илүүтэй анхаарах болсон хэдий ч хэрэгжилт тууштай бус. Ажиглагчдын үзэж байгаагаар үндэсний хэмжээний уралдаанд аюулгүй байдлыг хангах дүрэм журмын биелэлт сайн байдаг ч орон нутаг, бүсийн уралдаануудын үеэр хэрэгжилт хангалттай бус. ХТҮГ үндэсний мэдээллийн сан бүрдүүлж, албан ёсоор хорио тавьсан улсын хэмжээний болон орон нутгийн хурдан морины уралдаанд оролцсон бүх хүүхдийг бүртгэлд хамруулжээ. ХТҮГ-ийн мэдээллээр есдүгээр сарын байдлаар 18 насанд хүрээгүй 10,655 хүүхэд тус бүртгэлд бүртгэгдсэн. Эдгээр уралдааны үеэр хүүхдийн амь эрсэдсэн гэх мэдээ ирээгүй.

Хөдөлмөрийн яам, ХТҮГ-аас хүүхдийг хөдөлмөр эрхлэхээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөр эрхэлж буй хүүхдийг болиулах, гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийг нь хөдөлмөр эрхлэхэд дэмжих зорилгоор орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад 160 сая төгрөг ($80,000) тараасан. Төр засгийн зүгээс хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байсан 18 насанд хүрээгүй хүүхдүүдийн тоог гаргасан ч энэ төрлийн хөдөлмөр эрхлэхээ больсон хүүхдүүдийн тоо хэмжээг гаргаагүй.

Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн талаар Хөдөлмөрийн яамнаас гаргасан тайланг dol.gov хаягаар орж үзнэ үү.

г. Ажил эрхлэлт, мэргэжлээр ялгаварлан гадуурхах

Хуульд зааснаар хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Мөн ажил олгогч өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой үндэслэлээс бусад тохиолдолд хөгжлийг бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулахаас татгалзахыг хориглосон (6 дугаар хэсгийг үзнэ үү). Хуульд зааснаар эрүүл мэндийн байдал нь хүндэрч ажил үүргээ биелүүлэхэд бэрхшээлтэй болсноос бусад тохиолдолд ажил олгогч ХДХВ/ДОХ-ын халдвар авсан хүнийг ажилд авахаас татгалзах, эс бол ажлаас халахыг хориглодог. Бэлгийн чиг хандлага ба/буюу хүйсийн баримжаагаар ялгаварлан гадуурхахыг хориглосон заалт хуульд тусгагдаагүй.

Хүйс, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг хандлага ба/буюу хүйсийн баримжаа, ХДХВ-тэй гэх үндэслэлээр ажил эрхлэлт, мэргэжлээр ялгаварлан гадуурхсан явдал гарсан (6 дугаар хэсгийг үзнэ үү).

Үндэсний Статистикийн Газрын мэдэгдсэнээр наймдугаар сард эмэгтэй ажилчдын цалин хөлс эрэгтэйчүүдийн авсан цалин хөлсний ойролцоогоор 88 хувийг эзэлж байсан. ХЭҮК-ийн олж тогтоосноор эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол албан тушаал дэвших юм уу, мэргэжлийн хувьд өсөж дэвжих боломжоор илүү хангагдаж байсан.

Гадаад ажилчид хөдөлмөр эрхлэлттэй холбоотой зөрчил дээр орон нутгийнхантай ижил төвшний хамгаалалт авч чаддаггүй

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд ажил хөдөлмөр эрхлэхэд ялгаварлан гадуурхсан явдал гарсан. Төр засгийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулсан аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт олгохоос гадна уг хуулиар 25 болон түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт орон тооныхоо дөрөв болон түүнээс дээш хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүн авч ажиллуулахыг шаардаж, хэрвээ н авч ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 30 – 50 хувийн торгууль төлөхөөр хуульчилсан. Бодит байдал дээр компаниуд хөгжлийн бэрхшээлтэй иргэд авч ажиллуулахаас төвөгшөөдөг, ихэнх нь төлбөр төлөхийг илүүд үздэг тухай ТББ-ууд мэдээлсэн. Тэдний мэдэгдэж байгаагаар төрийн байгууллагууд өөрсдөө дээрх 4 хувийн квотын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулаагүй. Хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнх нь ажил хөдөлмөр эрхлээгүй хэвээр байсан.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийн мэдээлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилд орлоо ч гэсэн зарим үед ажлын байраа хадгалж чаддаггүй, учир нь тэр бүр нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх боломжгүй байдаг (“Хөгжлийн бэрхшээлтэй иргэд” гэсэн 6 дугаар хэсгийг үзнэ үү).

ТББ-ууд, ХЭҮК, ЛГБТ бүлгийн гишүүдийн мэдээлснээр компаниуд бэлгийн чиг хандлага, хүйсийн чиг баримжаагаа илэн далангүй танилцуулсан ЛГБТ хүмүүсийг ажилд бараг аваагүй, мөн ажил дээрээ өөрийн нөхцөл байдлаа мэдэгдсэн ЛГБТ хүмүүсийг ихэнхдээ ялгаварлан гадуурхаж байсны дотор ажлаас халагдах магадлал өндөр болж байжээ. Үүнээс болж ихэнх ЛГБТ хүмүүс ажил олгогч нараасаа бэлгийн чиг хандлагаа нууцалсан. Үүнээс гадна ЛГБТ хүмүүс хууль бус шалтгаанаар ажлаас халагдахад хүрвэл ажил олгогч нар нь өөрийнх нь талаар цааш олон хүнд задлах вий гэдгээс болгоомжилж тухайн маргааныг шүүхээр бараг шийдвэрлүүлдэггүй нь ялгаварлан гадуурхах эрсдэлийг нэмэгдүүлсэн. Төр засгаас ажлын байранд ЛГБТ хүмүүсийг ялгаварлан гадуурхах асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ аваагүй.

д. Хөдөлмөрийн таатай нөхцөл

МҮЭХ-ны мэдээлж байгаагаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 192,000 төгрөг (ойролцоогоор $96) байхаар Хөдөлмөрийн яамнаас баталсан нь төрийн албан хаагч, хувийн хэвшлийнхэнд адил хамаардаг бөгөөд уг хэмжээ нь боломжийн амьдрахад хангалтгүй. Инфляцийн төвшин өндөр байсан нь уг асуудлыг улам дордуулсан. Зарим ажилчид, нэн ялангуяа алслагдсан орон нутаг дахь ажилчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин авдаг байна. Үүнээс гадна МҮЭХ-ны мэдээлснээр есдүгээр сарын байдлаар тус холбоо цалин хөлстэй холбоотой 1,700 гомдол хүлээж авсны дотор хөдөлмөрийн гэрээ зөрчиж, цалин хөлс бууруулсан, компаниуд төлөх ёстой шимтгэл, урамшууллаа төлөөгүй, цалин хөлсийг цаг хугацаанд нь тавиагүй гэсэн асуудлууд хөндөгдсөн. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Хөдөлмөрийн яам, Үйлдвэрчний Эвлэлийн төлөөлөл болон ажил олгогчидтой зөвшилцөж хоёр жил тутамд шинэчлэн тогтоодог. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон ажлын цагтай холбоотой хууль тогтоомжууд ерөнхийдөө хэрэгждэг.

Долоо хоногийн ажлын цаг нь 40 цаг бөгөөд ажлын долоо хоногуудын хооронд амрах хугацаа хамгийн багадаа 48 цаг байхаар хуульчилсан. Хуульд зааснаар нийтээр амрах баярын өдөр ажилласан дундаж цагийн үнэлгээг 2 дахин, долоо хоногийн амралтын өдөр болон ажлын бус цагаар ажилласан бол 1,5 дахин нэмэгдүүлэх эсвэл илүү ажилласан цагтай тэнцэх хугацаагаар цалинтай нөхөн амраана. МҮЭХ-ны мэдээлснээр төрийн албан хаагчид илүү цагийн хөлс бараг авдаггүй. Барилгын салбарт ажиллаж буй ажилчид өвлийн хахир хүйтний улирлын байдлаас шалтгаалан ажлаа хэдхэн сард дуусгахын тулд зарим үед удаан цагаар ажиллах шаардлагатай тулгардаг нь үйлдвэрлэлийн осол, бэртэх гарах эрсдэлийг нэмэгдүүлж байгаад тус холбоо санаа зовниж байв. Жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүдийг илүү цагаар ажиллуулахыг хуулиар хориглодог. Хуульд зааснаар ажилтан эхлээд жилд 15 хоног цалинтай амарч, цаашид ажилласан хугацаа нэмэгдэх тусам амралтын хоног нэмэгддэг. Ажилтнууд өвчний чөлөө авахтай холбоотой хуулийн зохицуулалт байдаггүй.Төр засгийн мэдэгдэж байгаагаар ажил олгогчид өөрсдөө энэ талаар дүрэм журам боловсруулж мөрддөг.

Өмнө батлагдсан аюулгүй байдлын нэлээн хэдэн стандарт хуучирч шаардлага хангахгүй болсон тухай Хөдөлмөрийн яамны албаны хүмүүс мэдэгдсэн хэдий ч хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартуудыг хөдөлмөр, хоршоо, компанийн тухай хуулиудаар зохицуулдаг. МХЕГ-ийн бүсийн болон орон нутгийн салбаруудад томилогдсон хөдөлмөрийн байцаагч нар хөдөлмөрийн нөхцөлийн асуудалтай холбоотой бүхий л зохицуулалтуудыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Байцаагч нар хөдөлмөрийн хууль тогтоомжийг даруй даган мөрдөхийг шаардах эрх мэдэлтэй ч хөдөлмөрийн байцаагчдын тоо цөөн, хувийн хэвшлийн компаниудын тоо улам бүр нэмэгдэж байгаагийн улмаас хэрэгжилт хязгаарлагдмал. Байцаагч нар ерөнхийдөө албан бус секторт хяналт шалгалт явуулдаггүй. МХЕГ улсын хэмжээнд 34 салбарт хяналт шалгалт явуулах чиг үүрэг бүхий 1,250 байцаагчтай. Эдгээрээс 88 байцаагч хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартуудыг дагнан хянах үүрэгтэй.

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандартуудын хэрэгжилт хангалтгүй. Хяналт шалгалтыг өөрсдийн санаачилгаар болон ирсэн санал гомдлын мөрөөр явуулдаг ч ХЭҮК-ийн мэдэгдэж байгаагаар МХЕГ-ын эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны байцаагчдын тоо хангалтгүй. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандартыг зөрчсөн болон осол аваарыг нуун дарагдуулсан компаниудад авч буй торгуулийн хэмжээ уг асуудлыг шийдвэрлэх хөшүүрэг болж чадахгүй байгааг МХЕГ мөн онцлон тэмдэглэсэн. Холбогдох хууль тогтоомжид аливаа хяналт шалгалт явуулахаас наад зах нь хоёр өдрийн өмнө урьдчилан мэдэгдэхээр хуульчилсныг зөрчлийг нуун дарагдуулах цаг гаргаж өгч байгаа явдал гэж ХЭҮК үзэж байна. Түүнээс гадна хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт хариуцсан ажилтнууд гол төлөв туршлагагүй, зохих сургалтад хамрагддаггүй. Эрх бүхий сургалтын төвүүд нь Улаанбаатарт байрладаг.

Төрөөс албан бус салбарт ажиллагсдад өндөр насны тэтгэвэр болон нийгмийн хамгааллын бусад бодлого хэрэгжүүлдэггүй ч эдгээр ажилчид эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, нийгмийн халамжид хамрагдах болон нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой байсан.

МҮЭХ-ны зүгээс Оюу Толгой, Таван Толгойн уурхайн төслүүд дээр ажиллаж буй гадаадын иргэдийн тоо хэмжээний талаар асуудал дэвшүүлж, тухайн төслүүд дээр ажиллах монгол иргэдийн тоог давамгай байлгахыг шаардсан хэвээр байсан. Ажил олгогч компаниуд орон нутагт техникийн болон хагас мэргэшсэн ур чадвар бүхий боловсон хүчний тоо хангалтгүй байна гэж мэдэгдсэн ч МҮЭХ ур чадвартай ажилчид байсаар атал хангалттай авч ажиллуулахгүй байна гэж хариу мэдэгдсэн. Ажиллах хүчний төлөөлөгчдийн дэвшүүлж буй өөр нэг асуудал бол адил тэнцүү мэргэжил боловсролтой монгол иргэд яг адил ажил гүйцэтгэж байхад гадаад ажилчдын авч буй цалин хөлс хэд дахин их байна гэсэн асуудал юм. Ажил олгогч компаниуд, төр засаг, МҮЭХ-ны зүгээс уг асуудлаар өнгөрсөн онд үргэлжлүүлэн яриа хэлэлцээр өрнүүлсэн.

Уул уурхай, барилга дээр ажилладаг хятад ажилчид давамгайлсан гадаадын ажилчид төрөөс тавьж буй шаардлагыг хангахгүй нөхцөлд ажилладаг гэсэн мэдээлэл байна. МХЕГ-ын мэдээлснээр тус байгууллага гадаад ажилчдын ажлын байр, эрүүл мэнд, эрүүл ахуйн нөхцөл байдалд хяналт шалгалт явуулсан хэдий ч тэдгээр ажилчдын авч буй цалин хөлс, амьдарч буй орчинд шалгалт явуулах эрхгүй. МХЕГ-ын мэдээлснээр хөдөлмөрийн аюулгүй байдлын тухайд монгол болон гадаад ажилчдын хувьд нөхцөл байдал ижил. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сайтар мөрдөж ажилладаг компаниудад гадаад болон монгол ажилчдын аюулгүй ажиллагааны стандартыг чанд мөрдөж ажилласан бол аюулгүй ажиллагааг хангаагүй компаниудад удаа дараа осол гарч, гадаад монгол ажилчдын аль аль нь өртсөн.

Хойд Солонгосоос ирсэн 2,060 орчим ажилчны ажиллах нөхцөл байдал ил тодорхой бус, гэрээ байгуулах асуудал, ажиллах эрх, эдгээр ажилчдын нөхөн төлбөрийн асуудал нууцлагдмал байсан. Монгол улсын эрх баригчид Хойд Солонгосын ажилчдын гэрээний асуудалд оролцоо бага. Эдгээр ажилчид олон салбарт, ялангуяа зуны цагт хүнд хэцүү нөхцөлд амьдарч ажилладаг гэсэн мэдээ байна. Ажиглагчдын үзэж байгаагаар Хойд Солонгосын ажилчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин хөлс авдаг байх магадлал өндөр, гол төлөв хүнд хэцүү нөхцөлд ажилладаг, мөн тэдгээр ажилчдын цалинг Хойд Солонгосын засгийн газарт шууд төлдөг. Хойд Солонгосын ажилчдыг авч ажиллуулах сонирхолтой компаниуд зуучлагчаар дамжуулан ийм зөвшилцөлд хүрч болдог тухай ТББ-ууд мэдээлж байна.

Хоцрогдсон машин техникээс бүрэн хараат шахуу байдалтай, засвар үйлчилгээ болон менежментийн асуудал бэрхшээлтэй байгаа нь үйлдвэрийн осол байнга гарах, тэр дундаа барилга байгууламж, уул уурхай, эрчим хүчний салбарт үйлдвэрийн осол удаа дараа гарахад хүргэж байна. ХЭҮК-ийн мэдээлснээр хурдацтай хөгжиж буй барилгын салбарт хөдөлмөр хамгааллын асуудал, аюулгүй байдлыг хангах асуудал дутмаг байгаагаас тус салбар осол аваарт нэн өртөмтгий болоод байна. Аж үйлдвэр, уул уурхайн секторын өсөлт нэмэгдэхийн хэрээр үйлдвэрлэлийн ослын тоо нэмэгдэж байгаа бөгөөд эдгээр ослын ихэнх нь албан бус барилга байгууламжийн талбай, хувиараа олборлох газруудад гарч байна. МХЕГ-ын мэдээлснээр олон улсын томоохон төслүүд, тухайлбал, Таван Толгой, Оюу Толгой зэрэг төслүүд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахад илүү сайн үзүүлэлттэй байсан. МҮЭХ-ны мэдээлснээр ажилчид аюулгүй байдлыг хангаагүй орчин нөхцөлд ажиллахаас татгалзах эрхтэй хэдий ч энэ эрхийн мэдлэг хязгаарлагдмал. Мөн МҮЭХ-ны мэдээлснээр ажлын байрны аюулгүй байдлыг хангахад зарцуулах төсөв хуваарилахыг шаардсан зүйл заалтууд байдаг хэр нь төрийн агентлаг, үйлдвэрүүд тэдгээр заалтыг бараг дагаж мөрддөггүй.

МХЕГ-ын мэдээлснээр өнгөрсөн оны эхний хагас жилийн байдлаар 186 үйлдвэрлэлийн осол гарч, 195 хүн хохирсноос 83 хүн хөнгөн бэртэж, 94 хүн хүнд бэртэж, 18 иргэн амиа алджээ. МХЕГ-аас өнгөрсөн онд компани, хувийн хэвшлийнхнийг ажлын байрны аюулгүй байдлын сургалтад хамруулжээ. МХЕГ-ын мэдээлснээр тус сургалтын дүнд хөнгөн үйлдвэр, хүнс, эрүүл мэнд, боловсрол зэрэг урьд өмнө нь осол их гардаг байсан салбарууд дахь үйлдвэрлэлийн ослын тоон үзүүлэлт буурчээ.


[1] Янз бүрийн захиргааны байгууллагаас хүний эрхийг сахин хангаж байгаад хяналт шалгалт хийхээр тусгайлан сонгогдсон албан тушаалтан