Монгол улсын Үндсэн хуульд “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг” Монгол улсын иргэний үндсэн эрх хэмээн тунхаглаад төр, шашны үйл ажиллагаа тусдаа байх ёстойг заасан. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар шашны байгууллагууд төрийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай бөгөөд холбогдох журмыг дэлгэрэнгүй хуульчилсан ч хэрэгжилттэй холбоотой нарийвчилсан журмыг орон нутгийн эрх баригчдын мэдэлд үлдээсэн. Бүртгэлийн үйл явц улсын хэмжээнд харилцан адилгүй байдаг. Зарим нэг шашны бүлэг шинээр бүртгүүлэх, бүртгэлээ сунгуулахад орон нутгийн эрх баригчдын зүгээс бэрхшээлтэй тулгарсан гэдгээ мэдэгдсэн. Шашны үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй гадаадын иргэн шашны виз авах ёстой ба ийм үйл ажиллагаа эрхлэх Монгол иргэний хувьд тусгайлсан журам байхгүй. Буддын шашны тэргүүнүүд Далай ламыг Монгол улсад айлчлахыг урьсаар байгаа боловч 2011 оноос хойш засгийн газар түүний айлчлалыг зөвшөөрөхгүй байгаа.
Христийн шашныхныг гадуурхах, зүй бус харьцсан гэх тохиолдлууд мэр сэр бүртгэгдсэн ч тэдний нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа буяны ажлууд олон нийтэд Христийн шашны талаар эерэг сэтгэгдэл төрүүлэхэд нөлөөлж байгаа гэж Христийн шашны тэргүүнүүд үзэж байна.
АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд шашны эрх чөлөөний асуудлаар бүх түвшинд төр засгийн албаны хүмүүстэй уулзаж ярилцсаны дотор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад Харилцааны Яам, УИХ, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал зэрэг өндөр албан тушаалын хүмүүс багтсан байна. Элчин сайдын яамны ажилтнууд мөн шашны тэргүүнүүдтэй тогтмол уулзаж, шашны эрх чөлөөний асуудлаар ярилцдаг.
I хэсэг. Шашны хүн ам зүй
АНУ-ын Засгийн газрын тооцоолсноор Монгол улсын нийт хүн ам 3 сая (2015 оны 7-р сарын байдлаар). Хамгийн сүүлийн хүн амын нэгдсэн тооллого 2010 онд хийгджээ. 15-аас дээш насны хүн амын 53 хувь өөрсдийгөө Буддын шашинтан гэж тодорхойлсон бол 3 хувь нь Мусульман, 2.9 хувь нь Бөө, 2.1 хувь нь Христийн шашинтан гэжээ. 38.6 хувь нь өөрсдийгөө шашин шүтдэггүй гэж тодорхойлсон байна. Олон хүн бөөгийн шашны зан үйлийг өөр шашинтай, тухайлбал Буддын шашинтай хослуулж хийдэг. Христийн шашинтнуудын дийлэнх нь Протестант урсгалынхан ба үлдсэн нь Есүс Христийн Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм (Мормон), Католик болон Оросын Үнэн алдартны шашны урсгалынхан болно.
II хэсэг. Шашны эрх чөлөөнд хандах засгийн газрын байр суурь
Хууль, эрх зүйн хүрээ
Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөөний нэг бол “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө” юм. Шашин шүтлэгээс нь болж хүнийг ялгаварлан гадуурхахыг Үндсэн хуулиар хориглосон бөгөөд төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй гэж заасан. Мөн Үндсэн хуульд “Төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна” гэдгийг тодотгосон байдаг. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” гэж заасан.
Шашны бүлгүүд хууль ёсны үйл ажиллагаа явуулахын тулд орон нутаг, аймгийн эрх бүхий байгууллага болон Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт (УБЕГ) бүртгүүлдэг. Дотоодын хууль тогтоомжид шашны байгууллагын бүртгэлийн журамтай холбоотой нарийвчилсан заалт бараг тусгаагүй, бүртгэлийн хүчинтэй хугацааг хэрхэн тогтоохыг заагаагүй ба орон нутгийн эрх баригчид өөрсдөө журам боловсруулах эрх мэдэлтэй байдаг. Бүртгэлээ сунгуулахдаа шашны байгууллагууд (ихэнх тохиолдолд жил бүр) орон нутаг болон улсын түвшний төрийн олон байгууллагад хандах ёстой байдаг.
Шашны байгууллага УБЕГ-т бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Үүнд: бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) эсвэл бусад орон нутгийн удирдлагын албан бичиг, шашны байгууллагын товч танилцуулга, дүрэм, үүсгэн байгуулах баримт бичиг, тэргүүлэгчдийн жагсаалт, санхүүгийн мэдээлэл, өмч хөрөнгийн мэдүүлэг (үүнд үл хөдлөх хөрөнгө мөн орно), лизинг эсвэл түрээсийн гэрээ, шашны үйл ажиллагаа явуулах сонирхолтой хувь хүний товч намтар болон сүсэгтэн олны тоо зэрэг болно. Шашны байгууллага бүртгэлээ сунгуулахын тулд орон нутгийн засаг захиргаанаас тодорхойлолт авах шаардлагатай. Үүний дараа уг тодорхойлолтыг бусад бичиг баримтын хамтаар Нийслэлийн ИТХ юм уу холбогдох аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барьдаг. Холбогдох иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тухайн шашны байгууллагыг цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн тогтоол батлах ба уг шашны байгууллага тус тогтоолын хуулбарыг УБЕГ-т явуулдаг. Үүний дараа УБЕГ тухайн шашны байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийн ар талд шинэ хүчинтэй хугацааг оруулдаг.
Шашны хувийн сургуулиуд дунд сургуулийн стандарт хөтөлбөрийг заахад зориулж улсаас санхүүжилт авах эрхтэй. Харин шашны хөтөлбөр заахад зориулж тэдэнд улсаас хөрөнгө гаргахыг хуулиар хориглосон.
Боловсролын тухай хуульд нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий шашны чиглэлийн сургалт, шашны зан үйл, бусад үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглоно. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны албаны хүмүүсийн мэдээлснээр дээрх хориг төрийн болон хувийн сургуульд нэгэн адил хамаарна. Тус яамны журамд заасны дагуу төрийн харьяаллын сургуульд шашны сургалт явуулахыг хориглодог. Дээрх хоригийг зөрчсөн тохиолдолд төр засгаас уг шашны байгууллагын бүртгэлийн сунгалт хийлгэх хүсэлтийг татгалзах эрхтэй.
Монгол улсын иргэний цэргийн үүрэг болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлыг зохицуулдаг хуульд зааснаар 18-25 насны Монгол Улсын иргэн эрэгтэйчүүдийг цэргийн жинхэнэ албанд татах бөгөөд шүтдэг шашин, итгэл үнэмшлээрээ цэргийн алба хаахаас татгалзах зэргийг харгалздаггүй. Гэхдээ цэргийн албыг дүйцүүлэн хаахтай холбоотой заалт байдаг ба үүнд онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын аврах анги, отряд, салбар, Хилийн цэрэгт туслах хүчин болон хүмүүнлэгийн бусад байгууллагад алба хаах буюу нэг цэрэгт жилд зарцуулах зардалтай тэнцэх хэмжээний мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах зэрэг орно.
Хөдөлмөрийн хуулийн дагуу гадаадын бүх байгууллага (үүнд шашны байгууллага мөн орно) нэг гадаад ажилтан тутмын тоогоор тодорхой тооны монгол хүн авч ажиллуулах заалттай. Тухайн жилд гадаадаас ажиллах хүчин авах квотод нэр дурдагдаагүй салбарууд (үүнд ихэнх шашны бүлэг багтана) нийт ажилтныхаа 95 хувьд нь монгол хүн ажиллуулах ёстой. Хориос доош монгол ажилтантай, квотод нэр дурдагдаагүй шашны бүлгүүдэд гадаадын нэг ажилтан ажиллуулахыг зөвшөөрдөг.
Төр, сүм хийдийн харилцааны хуулинд шашны үзэл номлолыг “хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх, тэдний эрүүл мэнд, ёс суртахуунд хохирол учруулах, санаа сэтгэлийг үймүүлэхийг” хориглодог. Мөн шашинд татан оруулахын тулд бэлэг сэлт ашиглахыг хориглодог. Хүүхдийн эрхийн тухай хуулинд хүүхдийг хүчээр шашинд урвуулах, шашны сургуульд элсүүлэх болон хууран мэхлэх замаар тэднийг шашны үйл ажиллагаанд татан оролцуулахыг хориглодог.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулинд тус улсын үндэсний зан заншилд хохирол учруулж болох “хүмүүнлэг бус” шашны урсгал сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, шүтэхийг хориглодог. Энэ заалтыг зөрчсөн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192,000 төгрөгийг (98 ам. доллар) гурваас зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (576,000 – 1,152,000 төгрөг буюу 293-586 ам.доллар) торгоно. Энэ заалтын дагуу ямар нэг хувь хүн, албан байгууллага торгуулсан гэх мэдээ ирээгүй. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд мөн “хүмүүнлэг бус” буюу үндэсний соёл заншилд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон төстэй заалт байдаг.
Шашны үйл ажиллагаа явуулах гэж байгаа гадаадын иргэд шашны виз хүсэх ёстой. Гагцхүү бүртгэлтэй шашны байгууллага шашны визээр гадаад иргэн урих эрхтэй. Бусад төрлийн визээр ирсэн гадаадын иргэд шашныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулах хориотой (хувь хүний шашин шүтэхийг зөвшөөрнө). Хуульд зааснаар “ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан” бол тус улсаас албадан гаргах үндэслэл болно.
Засгийн газрын үйл ажиллагаа
Буддын шашны тэргүүнүүдийн хэлснээр Далай ламыг шашны тэргүүнийх нь хувиар Монгол улсад айлчлахыг урьсаар байгаа. Засгийн газар хамгийн сүүлд 2011 онд Далай ламд ирэх зөвшөөрөл олгосон. Хятадын засгийн газрын зүгээс үзүүлдэг эдийн засгийн болон улс төрийн дарамт түүний айлчлалд саад болж байгаа гэсэн мэдээлэл байдаг.
Бүртгэл болон сунгалттай холбоотой журам улсын хэмжээнд харилцан адилгүй байсан бөгөөд орон нутгийн засаг захиргааны ажилтнуудын ажлын арга барилаас ихээхэн хамаарч байсан. Христийн зарим бүлэг бүртгүүлэхэд хүндрэл гараагүй гэж мэдээлсэн байхад зарим нь төрийн байгууллага холбогдох дүрэм журмыг өөр өөрөөр хэрэглэхээс гадна журмаа ойр ойрхон, урьдчилан мэдэгдэлгүйгээр сольдог гэж хэлжээ. Шинэ ажилтнууд дүрэм, журмыг өөрчлөн тайлбарлах тохиолдол зарим үед гардаг гэж мөн мэдээлжээ. Гадаадын болон Монголын Христийн байгууллагууд зарим үед бүртгэлийн болон сунгалтын үйл ажиллагаанд албаныхан өөрийн үзэмжээр хандах нь байдаг ба татгалзсан хариу авсан тохиолдолд давж заалдах тогтолцоо байдаггүйг хэлж байна.
Бүртгүүлэх ажиллагаа хоёр долоо хоногоос авахуулаад гурван жил хүртэл сунжирдаг нь зарим шашны бүлгийг бүртгүүлэх хүсэлгүй болгодог байх магадлалтай.
НИТХ-ын албаны хүмүүсийн хэлснээр засгийн газар шашны байгууллагын бүртгэл болон сунгалтын үйл явцаар дамжуулж тэдний үйл ажиллагаа, сүм хийдийн болон гадаадаас ирсэн санваартны тоо, шашны үйл ажиллагаа явуулж байгаа гадаад иргэн, Монгол иргэний тоон харьцаанд хяналт тавьдаг. Мөн анх удаа бүртгүүлж буй болон сунгалт хийлгэх өргөдөлд “татгалзсан” хариу өгдөг нь угтаа татгалзсан биш шийдвэрийг хойшлуулсан гэсэн үг ба шалтгаан нь янз бүр. Жишээ нь үүнд бичиг баримт дутуу, үйл ажиллагаа явуулах газрын нөхцөл байдал муу, боловсролын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй атал Англи хэлний сургалт явуулах, эсвэл санхүүгийн асуудал (тухайлбал, үл хөдлөх хөрөнгийн татвар төлөөгүй, гаднаас орж ирсэн орлогоо мэдүүлээгүй гэх мэт) гэх мэт орно. Ийм тохиолдолд тэд шаардлага хангаагүй шашны байгууллагуудад тухайн зөрчлөө арилгах арга заавар өгдөг ба дараа нь ахин өргөдлөө өгөх боломжтой. 2015 оны 12-р сарын байдлаар НИТХ шинээр бүртгүүлэх өргөдөл өгсөн 13 шашны байгууллагыг бүгдийг бүртгэж, бүртгэлээ сунгуулах өргөдөл өгсөн 166 шашны байгууллагын 164-ийнхийг нь сунгажээ.
НИТХ сунгалтыг голдуу 1 жилээр өгдөг ба зарим орон нутгийн ИТХ 2-3 жилээр сунгах явдал байдаг.
Зарим Христийн шашны тэргүүнүүд сунгалтаа хийлгэхээс өмнө бүртгэлийн хугацаа дуусдаг хүндрэл гарч байсан талаар мэдээлсэн. Иргэншил, шилжилт хөдөлгөөний газар зарим шашны бүлгийн гадаад ажилтнуудыг байгууллагынх нь бүртгэлийн хугацаа дууссан байсан ч Монгол улсад байхыг нь зөвшөөрсөн тохиолдол Улаанбаатар хотод гарсан ба энэ нь НИТХ-ын хурал хойшилсны улмаас тэдний бүртгэлийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон талаарх мэдээллийг НИТХ тайлбарласны үр дүнд болсон байна.
НИТХ болон орон нутгийн ИТХ сүм хийдүүдийг дороо салбартай байхыг хүлээн зөвшөөрдөггүй, харин сүм хийд нэг бүрийг тусдаа бүртгүүлэхийг шаарддаг. ИТХ-ын энэхүү байр суурь нь нэг захиргаанд харьяалагдан салбар сүм ажиллуулдаг Христийн зарим нэг урсгалд хүндрэл үүсгэдэг. Хэдий тийм ч салбар сүмүүдээ бие даасан сүм гэдгээр бүртгүүлж чадсан гэж Мормон шашны тэргүүнүүд хэлж байв. Улаанбаатар болон орон нутгийн эрх баригчид салбар сүм байгуулахыг зөвшөөрөхгүй байх нь засгийн газар илүү их татварын орлого цуглуулах сонирхолтой гэсэн мэдээ байна.
Хэдийгээр орон нутгийн татварын байцаагчид, цагдаагийнхан болон бусад эрх бүхий байгууллагаас байн байн шалгалт хийж, дарамт учруулдаг ч бүртгэлгүй шашны байгууллагууд бодит байдал дээр үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг. Энэхүү бүртгэлгүй үйл ажиллагаа явуулж буй байдал нь пасторуудыг нь хууль зөрчсөн асуудалд оруулж мэдэх эрсдэлтэй байгаад Монголын Эвангэлийн эвслийнхэн түгшиж байгаагаа илэрхийлсэн. Бөөгийн шашны тэргүүнүүд мөн шашны байгууллага зөвшөөрөгдсөн байранд үйл ажиллагаа явуулах хуулийн шаардлага нь тэдний байгал дэлхийтэй харьцаж хийдэг зан үйлд нь хязгаарлалт болж байгааг хэлж байв. Бүртгүүлээгүй сүмүүд өөрсдийгөө хуулийн этгээд болохыг нотолсон албан ёсны бичиг баримт үгүйн улмаас шаардлагатай татварын тайлан өгөх боломжгүй ба өөрөөр хэлбэл албан ёсоор төрийн байгууллагатай харьцах боломжгүй юм. Үүнээс гадна бүртгүүлээгүй сүм хийдүүд байгууллагын банкны данс нээх боломжгүй байдаг тул пасторууд нь хувийн данс нээж, түүгээрээ сүмийнхээ санхүүжилтийг авдаг. Зарим пасторууд хилийн чанад дахь сүмээс, эсвэл гадаадын бизнессийнхнээс зарим үед их хэмжээний хандив авах магадлалтай ба уг мөнгийг хувийн дансандаа байршуулснаар мөнгө угаасан хэрэгт шалгагдаж мэдэх нөхцөл бүрдэж байгаа юм.
Төв аймгийн хууль тогтоох байгууллагын удирдлага ямар нэг сүм хийдийг бүртгэх сонирхолгүй байгаагаа мэдэгдсэн тухай өмнө нь шашны олон тэргүүн мэдэгдэж байсан. Үндэсний Статистикийн Газрын тоон мэдээнд дурьдсанаар Төв аймагт 2 Буддын шашны хийд байдаг ба 2011 онд энэ тоо 6 байжээ. Үүнээс өөр шашны байгууллага Төв аймагт бүртгэгдээгүй байгаа юм. Эвангэлийн эвслийн тэргүүлэгчдийн мэдэгдсэнээр тэдний сүм тус аймагт бүртгэлгүйгээр үйл ажиллагаа явуулж буй аж.
Дархан-Уул аймагт нөхцөл байдал хүнд хэвээр байгаа тухай шашны бүлгүүд мэдээлжээ. Тус аймгийн эрх баригчид 2013 онд сүм хийдүүдийг шинээр бүртгэхгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн гэсэн байна. Оны эцсийн байдлаар тус аймгийн эрх баригчид Мусульманы хоёр сүмийг бүртгээгүй байсан. Тэд бүртгүүлэх өргөдлөө 2013 оны сүүлээр өгсөн хэдий ч бүртгэлгүйгээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж болж байгаа. Зарим сүм хийдийнхэн орон нутгийн улирдлага тухайн орон нутгийн захиргаа болон нутгийн хүмүүст хэрэгтэй ямар нэг “төсөл” хэрэгжүүлсний дараа л бүртгэлийг сунгах албан бичиг өгдөг тухай хэлж байв. Зарим сүм бүртгэлээ сунгуулах гэж жил гаран хүлээж байгаа бөгөөд энэ нь тодорхой шашны бүлгүүдэд чиглээд байгаа эсэх нь бүрхэг байгаа тухай мэдээлсэн. Зарим гадаад эзэнтэй шашны байгууллагуудад орон нутгийн янз бүрийн эрх баригчдын зүгээс аудитын шалгалт оруулж, гишүүний мэдээлэл, бүртгэл, барилгын зөвшөөрөл, татварын бичиг баримтыг шалгасан гэсэн мэдээ байна.
Бусад аймаг орон нутагт бүртгүүлэх, бүртгэлээ сунгуулахад саад бэрхшээл байгаа талаар мөн Христийн шашны бүлгүүд мэдээлсэн. Монголын Эвангэлийн эвслийн мэдээлснээр Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг 10 сүмээс ердөө ганц нь бүртгүүлж чадсан. Мөн Дорноговь аймаг дахь тэдний гишүүн сүмүүдийн нэг нь ч бүртгүүлэх болон бүртгэлээ сунгуулж чадахгүй байгаа ба үүнийг Дорноговь аймгийн газар нутагт Буддын шашны чухал дурсгалт газар болох Хамрын хийд оршдогтой холбон тайлбарлаж байна.
Бүртгэлтэй сүм хийдүүдийн тухайд мөн орон нутгийн эрх баригчид зарим тохиолдолд хуулийн тодорхой үндэслэлгүй шаардлага тавьж, албан ёсны бичиг баримтаа үзүүлэх, сүм хийдийн гишүүдийн бүртгэлийг харуулах, зарим үед бүртгэхийн тулд хахууль өгөхийг шаардсан гэж мэдээлсэн. Бизнесийн болон шашны бус байгууллагуудтай ч мөн дээрх байдлаар харьцсан гэх мэдээ байгаа учраас энэ нь тодорхой шашны бүлэгтэй холбоотой эсэхийг тодорхойлох боломжгүй байна.
Зарим аймаг, орон нутагт эрх баригчид сүмийн үйл ажиллагаанд насанд хүрээгүй хүүхдүүд оролцохыг хориглодог гэх мэдээ байна. Христийн нэгэн сүмийн хэлснээр хүүхдүүдийн “тархийг угааж” магадгүй гэсэн болгоомжлолын үүднээс хүүхдүүийг харгалзах хүнгүйгээр “Хүүхдийн цуглаан”-д оролцохыг хориглодог ажээ. Увс гэх мэт зарим аймагт 16 нас хүрээгүй хүүхдүүд эцэг эхийн бичгээр өгсөн зөвшөөрөл дээр үндэслэн сүмийн үйл ажиллагаанд оролцох журам бий.
Зарим Христийн шашны тэргүүнүүд боловсролын салбарт алагчлал байгаа талаар мэдээлсэн.
Шашны бүлгүүдэд татвар, харьяатын алба, орон нутгийн захиргаа, тагнуул болон бусад агентлагаас үе үе шалгалт ирдэг хэвээр. Зарим Христийн бүлгийнхэн өмнөх жилүүдтэй харьцуулахад аудитын шалгалт цөөрсөн ба гэнэтийн аудит шалгалт ирээгүй гэж байхад зарим нэг бүлгийн тухайд гэнэтийн шалгалтад орсон гэж байв.
Гадаадын иргэд шашны виз авахад хүндрэлтэй тулгарч байгаа ч зарим шашны бүлгийнхэн визний нөхцөл байдал өмнөх жилүүдтэй харьцуулахад дээрдсэн гэж байна. Энэ нь тэдний нийгмийн сайн сайхны төлөө хийдэг буяны төсөл, ажлуудыг харьяатын албаныхан нааштайгаар хүлээж авдагтай холбоотой. Ихэнх шашны байгууллагууд нийт ажилтныхаа 95 хувьд нь Монгол иргэдийг авч ажиллуулах ёстой байдаг ба квотод хүрэх хангалттай тооны Монгол хүмүүсийг ажиллуулах санхүүгийн боломжгүй байгууллагууд нь шашны визээр нэмж хүн урих эрхгүй. Христийн шашны бүлгүүдийн мэдээлж байгаагаар тус улсад ирж буй шашин түгээгч нар гол төлөв өөр төрлийн визээр ирдэг (оюутны, ажил хэргийн гэх мэт). Ингэснээр тэдний оролцож болох шашны үйл ажиллагааны хүрээ ихээхэн хязгаарлагддаг бөгөөд тэд хуулийн хүрээнд юу хийж болох вэ гэдэг нь өөр өөрөөр тайлбарлагддаг тул албадан гаргагдах магадлал өндөр болдог. Ерөнхийдөө шашны бүлгүүдэд тулгараад буй визний асуудлын дийлэнх нь сүмийн бүртгэлийн саад бэрхшээлтэй холбоотой. Гэхдээ тодорхой шашны бүлгүүд орон нутгийн эрх баригчдыг шүүмжлэх дургүй.
Төр засгийн зүгээс шашин, түүх, соёлын чухал төвүүд гэж үзсэн Буддын шашны газруудыг сэргээн засварлахад хөрөнгө зарцуулсан. Төрөөс бусад шашны бүлэгт татаас өгсөн тохиолдол гараагүй.
Уугуул Казахуудын дийлэнх болох Мусульман шашинтнуудыг төрд төлөөлсөн Улсын Их Хурлын (УИХ) хоёр гишүүн байдаг. Мөн Христийн шашинтай нэг УИХ-ын гишүүн бий. Бусад УИХ-ын гишүүд Буддын шашинтай эсвэл шашингүй үзэлтэй болно.
III хэсэг. Шашны эрх чөлөөнд хандах нийгмийн хандлага
Христийн шашны удирдагчдын мэдээлж байгаагаар тэдний хийж буй буяны ажил үйлс олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхийн хэрээр Христийн шашныг улам бүр нааштай хүлээж авах болсон. Тэр байтугай орон нутгийн зарим эрх баригч Христийн бүлгүүдээс тусламж хүссэн тохиолдол гарсан. Нөгөө талдаа тус улсад Христийн шашны нөлөө улам ихсэж байгаа нь сэтгэл түгшээж байгаа тухай Буддын шашны зарим удирдагч мэдэгдсэн. Хөдөө орон нутагт Христийн шашинтнуудтай зүй бус харьцсан тохиолдол хэд хэд гарсан. Монголын Эвангэлийн эвслийн мэдээлснээр , Баянхонгор аймагт нутгийн иргэдтэй харилцах тэдний харилцаа өмнөхөөс дээрдсэн, нутгийнхан тэдний сүмийнхнийг дээрэлхэхээ больсон байна.
IV хэсэг. АНУ-ын Засгийн газрын бодлого
АНУ-ын Элчин сайд болон элчин сайдын яамны бусад албан тушаалтнууд шашны эрх чөлөөний асуудлаар Засгийн газрын албан тушаалтнуудтай орон нутаг, аймаг, улсын түвшинд, үүний дотор УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НИТХ, аймгуудын удирдлагууд зэрэг өндөр албан тушаалын хүмүүстэй санал бодлоо тогтмол солилцож ирсэн. АНУ-ын Засгийн газрын анхаарлыг татсан асуудлыг, үүний дотор визтэй холбоотой хууль тогтоомж тэгш бус хэрэгжиж байгаа талаар, мөн шашны бүлгүүдийн тоочдог бүртгүүлэх явцад учирдаг бэрхшээлтэй асуудал зэргийг хөндөж ярилцсан. Гадаад харилцааны яам болон Ерөнхийлөгчийн Тамгын газрыг шашны эрх чөлөөг хамгаалах тал дээр хүчин чармайлтаа өргөжүүлж ажиллахыг тус элчин сайдын яам дэмжиж байгаа.
Элчин сайд болон элчин сайдын яамны албан тушаалтнууд шашны удирдагчидтай байнга уулзаж, бүртгэл, визтэй холбоотой хүндрэл, шашнаар гадуурхах явдалтай тэмцэх, шашны эрх чөлөөг илүү дэмжих арга зам зэрэг асуудлаар санал солилцож ирсэн. Элчин сайдын яам шашны эрх чөлөөг хүндэтгэх, хүлээцтэй байдлыг дэмжих үүднээс өөрсдийн зохион байгуулдаг арга хэмжээнд Будда, Христ, Мусульман, Бөө зэрэг шашны удирдагчдыг урьж оролцуулдаг.