Нэгдсэн хураангуй
Монгол Улс нь хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүдийн сурвалж болон тодорхой хэмжээгээр хүлээн авагч орон болж байна. Монголын эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүдийг албадан хөдөлмөрлүүлэхээр , харин эмэгтэйчүүдийг хилийн чанадад бэлгийн мөлжлөгт ашиглахаар гол төлөв Хятад, Хонгконг, зарим тохиолдолд Малайз, Индонез рүү худалддаг байна. Монгол эрчүүдийг Турк, Казахстан, Арабын Нэгдсэн Эмират, Чех улс руу хөдөлмөрийн мөлжлөгийн зорилгоор гаргаж байна. Монголын охид, эмэгтэйчүүдийг Шведэд биеийг нь үнэлүүлэх зорилгоор худалдаж байна. Ашгийн төлөөх зуучлалаар дамжуулж БНХАУ-ын иргэдтэй гэр бүл болсон Монгол эмэгтэйчүүд болон сүүлийн үед улам цөөн тохиолдох болсон Өмнөд Солонгосын эрчүүдтэй гэр бүл болсон эмэгтэйчүүд хүсээгүй боолчлол болон хүчээр биеэ үнэлэх дарамтад өртөж байна. Эцэг эхийнх нь гарын үсэг зурж байгуулсан гэрээний дагуу ажиллаж буй уран нугараач Монгол охидыг Монгол, Хонг Конг, Энэтхэг, Сингапур, Турк улсуудад албадан хөдөлмөр эрхлүүлж, зарим үед хүчээр гуйлга гуйлгуулсан гэх мэдээ сүүлийн таван жилийн хугацаанд удаа дараа ирсээр байна. 2014 онд эх оронд нь буцаан ирүүлсэн хохирогчдын дийлэнхи нь БНХАУ-д хүний наймаанд өртсөн байсан.
Охид эмэгтэйчүүд Монгол улсадиллэг хийх амралтын газар, зочид буудал, баар цэнгээний газар, караоке клубүүдэд бэлгийн мөлжлөгийн зорилго бүхий хүний наймаанд өртөж байна. Хүний наймаачид зарим үед хар тамхи, олон нийтийн хуурамч сүлжээ, ажлын байрны цахим зар, англи хэлний хөтөлбөрүүд зэргийг ашиглан хохирогчдыг хууран мэхлэдэг байна.. ТББ-уудын мэдээлснээр хөдөө орон нутгийн хохирогч нар Улаанбаатар хотод бэлгийн мөлжлөгт өртөх явдал нэмэгдэж байна. Японы жуулчид насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орох сонирхлоор Монголд ирдэг тухай өмнөх тайлангуудад дурдсан. Монголын хүүхэд багачууд гол төлөв ар гэрийн гишүүдийн дэмжлэгтэйгээр – зарим үед хүчээр гуйлга гуйн, хулгай хийж, , морь унан, мал маллаж, уул уурхай, газар тариалан, барилга, аж үйлдвэрийн салбарт хүчээр ажиллаж байна. Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын мэдээлж байгаагаар бичиг баримтгүй ажилчдын тоо мэдэгдэхүйц буурсан боловч Монгол улс дахь Филиппин ажилчид хүний наймаанд өртөх магадлалтай байгаа нь анхаарал татсаар байна. Монгол улсад барилга, үйлдвэрлэл, газар тариалан, ой мод, загас, ан агнуур , үйлдвэр, бөөний болон жижиглэнгийн худалдаа, автомашины засвар, уул уурхайн салбарт гэрээгээр ажиллаж буй Хойд Солонгос болон Хятадын хэдэн мянган ажилчид хүний наймаанд өртөх магадлалтай байна. Хойд Солонгосын ажилчид хүнд, хэцүү нөхцөлд ажиллаж амьдрах шаардлагатай тулгардаг хэр нь өөрийн дураар чөлөөтэй зорчих, ажлын байраа сонгох эрхгүйн дээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин хөлс авдаг. Хятад ажилчид цалин хөлсөө аваагүй гэсэн мэдээтэй байна. Тус улсын эрх баригчдын дунд авлигын асуудал ноцтой хэвээр байсаар байгаа нь хүний наймааг таслан зогсоох хүчин чармайлтад сөргөөр нөлөөлж байна.
Монгол Улсын Засгийн газар хүний наймааг таслан зогсооход тавигдах наад захын шаардлагыг бүрэн хангахгүй байгаа; гэсэн хэдий ч энэ талаар нилээд их чармайлт тавьж байна. 2014 онд төрөөс Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах таван холбогдох журам зааврыг баталж, хүний наймаанд өртсөн байж болзошгүй 36 хохирогчид тусламж дэмжлэг үзүүлэхээр хүний наймаатай тэмцдэг ТББ-д шилжүүлж, олон нийтийн сүлжээ, зурагтын сувгуудаар хөдөлмөрийн мөлжлөгийн зар явж байгааг сэрэмжлүүлсэн. Төр засгийн зүгээс 2014 онд хохирогчдыг хамгаалах тал дээр дорвитой хүчин чармайлт гаргаагүй. Төр засгаас 2013 онд хүн наймаалсан гэх хэргээр таван хүн яллаж байсан бол 2014 онд хүн наймаалсан нэг этгээдийг яллаж, 2012 онд батлагдсан Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд гарцаагүй шаардлагатай байсан таван журам, зааврын нэгийг нь хэрэгжүүлж эхэлсэн. Тайлангийн хугацаанд засгийн газрын зүгээс ТББ-ын ажиллуулдаг хохирогч хамгаалах байранд олгодог санхүүжилтийг танасны зэрэгцээ хүний худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийг дуусгаагүй, мөн хэрэгжүүлээгүй.
МОНГОЛ УЛСАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
2012 онд батлагдсан Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангахад нэн шаардлагатай бусад холбогдох журам зааврыг баталж мөрдөх; зохих албаны хүмүүсийг дээрхи журам зааврыг үр дүн, өгөөжтэй хэрэгжүүлэх сургалтад хамруулах, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 113-р зүйл заалтыг ашиглан хүний наймааны хэргийг шалган шйидвэрлэхэд чиглэгдсэн хүчин чармайлтаа нэмэгдүүлэх, үүнд гадаадын болон дотоодын гэрээт ажиллах хүчинтэй холбоотой асуудлууд, мөн насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдсан хэргүүдийг эл заалтад хамруулах; хүний наймааны хэрэгт оролцсон төрийн албан хаагчдыг мөрдөн шалгах; хүний наймаатай тэмцэх үйл ажиллагааг хөхиүлэн дэмжиж төрөөс илүү их хөрөнгө мөнгө хуваарилах, үүнд ТББ-уудын ажиллуулдаг хохирогчийг хамгаалах байруудаас гадна хохирогчдод тусламж дэмжлэг үзүүлж, хамгаалалтдаа авдаг бусад хэлбэрийн үйл ажиллагаанууд, холбогдох албаны хүмүүсийг сургалтад хамруулах асуудал мөн багтана; хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг олж илрүүлэх, хамгаалах үйлчилгээнд хамруулах төрийн алба хаагчдад зориулсан зааварчилгаа бүхий албан ёсны журам боловсруулан мөрдүүлэх; хүний наймааны хэрэгт хохирсны улмаас үйлдсэн хэрэг зөрчлийн шийтгэлээс чөлөөлөх; Монгол улсад хөдөлмөр эрхэлсэн Хойд Солонгос, БНХАУ-ын ажилчдыг албадан хөдөлмөр эрхлүүлсэн гэх өргөдөл гомдлыг шалгаж барагдуулах; хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг эцэслэн боловсруулж, хэрэгжүүлж эхлэх; зам тээврийн гол боомтууд дээр урьдчилан сэргийлэх, ухуулан таниулах кампанит ажил зохион байгуулах замаар биеэ үнэлэгчдийг худалдан авах хэрэгцээг багасгах; насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орох зорилго бүхий секс жуулчлалын асуудлыг шалган нягтлах.
ЯЛ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХ ТАЛААР
Монгол Улсын Засгийн газар хүний наймаатай тэмцэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүчин чармайлтаа үргэлжлүүлсэн. Тус улс Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн дагуу хүн наймаалах бүх төрлийг хориглосон. 113 дугаар зүйлд хүний наймааг олон улсын хууль тогтоомжийн дагуу тодорхойлсон бөгөөд хүн худалдаалах гэмт хэрэгт 15 хүртэлх жилээр хорих ял оноохоор хуульчилсан нь хүчин гэх мэт бусад хүнд гэмт хэрэгт оноодог ялтай дүйхүйц хангалттай хүнд, нийцсэн заалт болсон. 124 дүгээр зүйл заалт –биеэ үнэлэхийг зохион байгуулах, бусдыг татан оролцуулах – хэмээх заалтаар хүч хэрэглэсэн, мэхэлсэн, албадлага хэрэглэсэн гэх нотлох баримт шаарддаггүй ч бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдсан байж болзошгүй гэж сэжиглэгдэж байгаа хэргүүдийг яллахад илүү түгээмэл хэрэглэдэг ба арай хөнгөн шийтгэл буюу тав хүртэлхи жилээр хорих ял оноодог. Зөвхөн эмэгтэйчүүд хүний наймааны хохирогч болдог гэх ташаа ойлголт төрийн алба хаагчдын дунд байдгаас улбаалан хөвгүүд хохирогч болсон хэргийг шийдвэрлэхэд эрх бүхий байгууллагууд 113, 124 дүгээр зүйл ангиудаар бараг зүйлчилдэггүй. Хууль хэрэгжүүлэх болон шүүх тогтолцооны шинэчлэл ид явагдаж буйтай холбоотойгоор хүний наймаатай тэмцэх хуулийн байгууллагын харьяалал бүрхэг хэвээр байна.
Цагдаагийн Ерөнхий Газар 2013 онд бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалсан долоон хэрэг мөрдөн шалгасан бол 2014 онд найман хэрэг шалгажээ. Үүнээс хоёрыг нь хэрэгсэхгүй болгож, хоёрыг нь 124 дүгээр зүйл ангиар ахин зүйлчилж, орон нутгийн цагдаагийн газарт нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, үлдсэн дөрвөн хэрэг 2014 оны сүүлчийн байдлаар шийдвэрлэх шатандаа байсан. Албадан хөдөлмөр эрхлүүлсэн гэх 2013 оны нэг хэргийг мөрдөн шалгаж, 121 дүгээр зүйл (хүүхдийг албадан болон хүчээр хөдөлмөр эрхлүүлэх) болон 100 дугаар зүйл (тарчлаах) –ийн дагуу ялласан. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлснээр нэг хэрэгт ялын дүгнэлт үйлдэж, бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалсан нэг этгээдийг 113 дугаар зүйлээр ял шийтгэсэн нь 2013 онд дөрвөн хэрэгт ялын дүгнэлт үйлдэж, хүн наймаалсан таван этгээдийг яллаж байснаас буурсан үзүүлэлттэй байна; уг этгээдийг 5,6 жилийн хорих ялаар шийтгэжээ. 2014 онд Хүйсийн тэгш эрхийн төв (ХТЭТ) ТББ-аас улсын санхүүжилтээр хүний наймаатай тэмцэх сургалтыг есөн аймгийн 370 хууль сахиулагчийн дунд зохион байгуулсан. Харин прокурор, шүүгч, хууль сахиулах албаныхны шилжилт хөдөлгөөн, ойр ойрхон солигддог байдал нь ийм сургалтуудын үр өгөөжид сөргөөр нөлөөлж байна. Хүний наймаанд албаны хүмүүс ямар нэг байдлаар оролцсон гэх мэдээ байгаа ч төр засгийн зүгээс хүний наймаанд хамссан гэх албан тушаалтныг мөрдөн шалгасан, яллан шийтгэсэн гэх мэдээ ирээгүй.
ХАМГААЛАЛТ ҮЗҮҮЛЭХ ТАЛААР
Хүний наймааны хохирогчдыг хамгаалах талаар Монголын Засгийн газраас тавьсан хүчин чармайлт хангалтгүй байсан. Хохирогчдод үзүүлэх үйлчилгээний дийлэнх хэсгийг улсын санхүүжилтээр ХТЭТ ТББ-ын ажиллуулдаг хоёр хамгаалах байрт даатгасан хэвээр байв. Тайлангийн хугацаанд Засгийн газар ХТЭТ ТББ-ын хамгаалах байрны санхүүжилтийг танасан; төрөөс 2013 онд 7.90 сая төгрөг (4.000 ам доллар), 2014 онд 5 сая төгрөг (2,500 ам доллар)-өөр санхүүжүүлсэн. Хохирогчдод үзүүлэх хамгаалах үйлчилгээний дийлэнхи хэсгийг ТББ-ууд үзүүлсний дээр урт хугацааны санхүүжилтийг мөн гаргасан. ХТЭТ ТББ 2014 онд бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүний наймааны хэрэгт өртөж хохирсон байж болзошгүй 49 хүнд дэмжлэг туслалцаа үзүүлж ажилласан бол энэ үзүүлэлт 2013 онд 45 байсан; дээрхи 49 хохирогчийн 36-г нь төрийн харьяа агентлагуудаас шилжүүлэн ирүүлсэн. Бусад 13 хохирогчийг ар гэр, найз нөхөд нь ХТЭТ ТББ –д хандахыг зөвлөсөн байсан. ХТЭТ ТББ –аас дэмжлэг үзүүлж ажилласан, хохирогч байж болзошгүй 49 хүний 14 нь хүний наймааны шууд үр дагавар болсон хийсэн, цагаачлалын журам зөрчсөн, биеэ үнэлсэн гэх хууль бус үйлдлүүдийн улмаас шийтгүүлэхээс эмээсэндээ хэрэг үүсгэхгүй байхыг илүүд үзсэн. Төрийн зүгээс хүн амын эрсдэлтэй бүлгийн дотроос хохирогчдыг илрүүлэн урьдчилан сэргийлэх, тэднийг үйлчилгээнд хамруулах системчилсэн журам тогтоогоогүйн улмаас олон хохирогчийг илрүүлэлгүй орхиж, заримыг нь ял шийтгэл хүлээх эмзэг нөхцөл байдалд үлдээхэд хүргэж байна. Хууль зүйн яамнаас 2014 онд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг даган биелүүлэх таван холбогдох журам заавар баталснаар хүний наймаанд өртсөн хохирогчдын нууцлалыг хадгалах, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ сайжрах нөхцөл бүрдсэн. Хэдийгээр тайлангийн хугацаанд төр засгийн зүгээс гадаадын хохирогч иргэдийг илрүүлээгүй ч хохирогч гадаадын иргэнийг цээрлэл, шийтгэл хүлээлгэж мэдэх улс орон руу нь буцаахын оронд хэрэглэх өөр хувилбар, хууль, эрх зүйн алтернатив шийдэл хууль тогтоомжид тусгагдаагүй. Монгол улс дахь гадаадын ажилчид, тэр дундаа хүний наймаанд өртөх өндөр эрсдэл бүхий БНХАУ-ын ажилчид зарим үед визийн зөрчлөөс болж торгуулан, тус улсаас албадан гарч байсан. Монгол улсын хууль тогтоомжид хүний наймааны хэргийн мөрдөн байцаалт, ял шийтгэх явцад туслалцаа дэмжлэг үзүүлж ажилласан хохирогчид урамшуулал үзүүлэх заалт байдаггүй. Улаанбаатар хотын дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд хохирогч, гэрчийг хамгаалах тусгай өрөө гаргасан нь хэргийг шалган шийдвэрлэх явцад хохирогчид үзүүлэх тусламж дэмжлэгийг нэмэгдүүлэх төлөвтэй байна.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТАЛААР
Тайлангийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар хүний наймаанаас урьдчилан сэргийлэх талаар ямар нэгэн шинэ, дорвитой ажил хийгээгүй байна. Өнгөрсөн тайлант жилийн хугацаанд хүний наймаанаас урьдчилан сэргийлэх хүчин чармайлтыг чиглүүлэгч газар болох хүний наймаатай тэмцэх дэд Зөвлөл удирдах болон ажлын түвшинд удаа дараа хуралдсан хэдий ч хоёр дахь жилдээ дараалан хүний наймаатай тэмцэх үндэсний үйл ажиллагааны хөтөлбөрийг эцэслэн боловсруулаагүй буюу хэрэгжүүлээгүй. Төр засгийн зүгээс нэгдсэн статистик мэдээллийн сан бүрдүүлэх үүднээс Азийн сантай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Албаны хүмүүс хөдөлмөрийн мөлжлөгийн эрсдэлийн талаар олон нийтэд сэрэмжлүүлэг түгээж, олон нийтийн сүлжээ болон зурагтын сувгуудаар мэдээлэл цацаж, нисэх онгоцны буудал, төмөр замын буудлуудад хүний наймааны сэрэмжлүүлэг бүхий зурагт хуудсуудыг тавих ажлыг үргэлжлүүлэн хийсэн. 2014 онд холбогдох байгууллагууд хүний наймаанд өртсөн нөхцөлд нэн шаардлагатай мэдээлэл бүхий сануулгыг пасспорт, галт тэрэгний тасалбарт хавсарган олгох, тараах ажлыг үргэлжлүүлэн хийсэн, эдгээрийг хамгийн хөл хөдөлгөөнтэй боомтууд дээр тараасан. Төр засгийн зүгээс Монгол улсад гэрээгээр ажиллаж буй Хойд Солонгос болон Хятадын ажилчдын ажиллах нөхцөл байдлыг шалган нягтлах тал дээр дорвитой ажил хийгээгүй. Тайлант хугацаанд хөдөлмөрийн мөлжлөгт өртөх, биеэ үнэлэгчдийг худалдан авах хэрэгцээг багасгах, тус улсад насанд хүрээгүй хүүхэддтэй бэлгийн харьцаанд орох жуулчлал дэлгэрсэн гэх асуудлыг авч шийдвэрлэх талаар засгийн газраас ямар нэг арга хэмжээ аваагүй. 2014 онд олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор явж байгаа Монголын бүх цэргүүдийг хүний наймаатай тэмцэх сургалтад хамруулсан. Төр засгийн зүгээс хилийн чанад дахь дипломат ажилтнуудыг хүний наймааны эсрэг сургалтад хамруулаагүй, зааварчилгаа өгөөгүй.