НЭГДСЭН ХУРААНГУЙ
Монгол Улс нь олон намын тогтолцоотой, парламентын засаглалтай ардчилсан улс юм. 2016 оны УИХ-ын сонгууль болон 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль нь ерөнхийдөө чөлөөтэй, шударга явагдсан гэж үзэж байгаа ч, ажиглагчдын дүгнэснээр УИХ-ын сонгуульд тулгаж Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан төдийгүй хуулийн зүйл заалтууд бүрхэг байсны улмаас хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгогчдод тэнцвэртэй мэдээлэл хүргэхэд гол үүрэг гүйцэтгэж чадахгүйд хүрсэн гэж үзсэн.
Эрх бүхий төрийн байгууллагуудаас аюулгүй байдлыг хангах хүчнүүдийг ерөнхийдөө үр дүнтэй хянадаг.
Хүний эрхийг зөрчсөн хамгийн тулгамдсан асуудал нь авилга болон нэлээд газар авсан гэр бүлийн хүчирхийлэл юм. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын үйл ажиллагаа ил тод бус, хууль тогтоомж бүрхэг байгаа нь төр засгийн үйл ажиллагааны үр бүтээмжид сөргөөр нөлөөлж, авилгал газар авах нөхцөлийг бүрдүүлж байна. Шүүхнь эрүүгийн болон иргэний хэрэг маргааныг бие даан, хараат бус байдлаар хянан шийдвэрлэж чадахгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэл газар авсан хэдий ч төр засгийн зүгээс энэ асуудлыг үр дүнтэй шийдвэрлэж чадаагүй.
Хүний эрх зөрчсөн бусад асуудалд цагдаа нар хоригдлууд болон саатуулагдсан хүмүүст хүч хэрэглэдэг; цагдан хорих ангиудын нөхцөл муу; дур мэдэн баривчлах, шүүхээс өмнө урт удаан хугацаагаар цагдан хорих; төр засгийн зүгээс хэвлэл мэдээллийн агуулгад хязгаарлалт тавих; эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хязгаарлах; хүүхэдтэй зүй бусаар харьцах, хүчирхийлэх; гадагш зорчихыг хориглох; хүн худалдаалах; хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон лесби, гей, бисексуал, трансжендэр болон интерсекс (ЛГБТИ) иргэдийг ялгаварлан гадуурхах; гэрээгээр ажиллах буй тодорхой гадаад ажилчдыг хөдөлмөрийн хүнд нөхцөлд байлгах, тухайлбал цалин хөлснөөс нь зүй бусаар суутгаж хөдөлмөрийг нь мөлжихзэрэг асуудлууд орж байна.
Төр засгийн зүгээс хүний эрх зөрчсөн албан тушаалтнуудад шийтгэл оногдуулах, ялгаварлан гадуурхагдсан тохиолдлуудыг засч залруулах тал дээр арга хэмжээ хангалтгүй авсан.
1 дүгээр хэсэг. Хүний халдашгүй дархан байх эрхийг хүндэтгэх:
а. Хүний амийг хууль бусаар дур мэдэн бусниулах болон улс төрийн шинжтэй аллага
Өнгөрсөн онд төрийн байгууллага болон албан тушаалтнаас хүний амь насыг хууль бусаар дур мэдэн бусниулсан хэрэг бүртгэгдээгүй.
б. Сураггүй алга болох
Улс төрийн шинжтэй сураггүй алга болсон тохиолдол бүртгэгдээгүй.
в. Эрүү шүүлт тулгах болон хэрцгий, хүмүүнлэг бусаар хандаж харьцах, нэр төрийг нь доромжлох, шийтгэх
Хуулиар эдгээр үйлдлийг хориглосон. Гэсэн хэдий ч Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) болон бусад төрийн бус байгууллагуудын (ТББ) мэдээлснээр цагдаагийн албан хаагчид ял эдэлж буй хоригдол болон цагдан хоригдсон хүмүүсийг ялангуяа хэрэг хүлээлгэх үүднээс хүч хэрэглэх, хэрцгий, хүмүүнлэг бусаар хандаж харьцах, нэр төрийг нь доромжлох, шийтгэх болон эрүүдэн шүүх явдал гарч байгаа нь ноцтой асуудал гэж үзэж байна.
Хууль зүйн яамны (ХЗЯ) мэдээлснээр оны эхний найман сарын байдлаар Цагдаагийн ерөнхий газарт (ЦЕГ) мэдүүлсэн төрийн албан хаагч, цагдаагийн ажилтан, эсвэл мөрдөн байцаагчийн зүгээс хүч хэрэглэсэн, дарамт шахалт үзүүлсэн, эсвэл эрүүдэн шүүсэн гэх гомдол гаргасан 25 иргэний 21 нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Үлдсэн 4 гомдлын хоёрыг харъяаллын дагуу шилжүүлсэн бол, нэгийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн нэг нь есдүгээр сарын байдлаар мөрдөн байцаалтын шатанд явж байсан. ЦЕГ дээр төрийн албан хаагч, цагдаагийн ажилтан, эсвэл мөрдөн байцаагчийн зүгээс хүний эрүүл мэнд, бие махбодид халдан хүч хэрэглэсэн гэх 24 гомдол бүртгэгдсэн байна.
Есдүгээр сарын байдлаар эдгээр хэргийн 15 нь мөрдөн байцаалтын шатанд, 6 нь Улсын Ерөнхий Прокурорын Газарт шилжсэн байна. ЦЕГ-ын мэдээлснээр оны эхний хагасын байдлаар ял эдэлж буй хоригдол болон цагдан хоригдсон хүмүүсээс дээрхтэй адил 16 гомдол ирүүлсэн байна.
ХЭҮК, ТББ, хариуцагчдын өмгөөлөгчдийн мэдээлснээр албадан саатуулагдагсадыг хүчээр хэрэг хүлээлгэх, сүрдүүлэх үүднээс зарим тохиолдолд ар гэрийнхнийгайлган сүрдүүлэх, сэжигтнүүдийг ар гэр, гэрийнхнээс нь зайдуу урьдчилан хорих төвүүдэд удаа дараа шилжүүлэх буюу хорьж, өмгөөлөгч, хуулийн зөвлөгөө авах, ар гэрийнхнээсээ эргэлт авахад нь хүндрэл учруулжээ. Хүний эрхийн төлөө тэмцэгч ТББ-уудын мэдээлснээр эрүүдэн шүүсэн, хүч хэрэглэсэн гэх хэргүүдийн нотлох баримт цуглуулахад хүндрэлтэй байдаг ажээ. Ихэнх хорих газар, урьдчилан хорих төвүүд байцаалтын үйл явцыг ажиглах камертай хэдий ч хүч хэрэглэсэн гэх тохиолдлуудын үеэр тэдгээр камер гол төлөв эвдэрсэн, засвартай байсан байна.
Орон нутгийн цагдаагийн албан хаагчид эрүү шүүлт тулгасан, хүчирхийлсэн гэх гомдлын мөрөөр мөрдөн шалгах үүрэгтэй. Энэ хэрэгт холбогдогсдын дийлэнх хувийг цагдаагийн албан хаагчид эзэлдэг тул ХЭҮК болон ТББ-ууд ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй байгаад санаа зовниж, эл эрх ашгийн зөрчлийн улмаас олон нийтийн зүгээс мөрдөн байцаах үйл ажиллагаанд итгэл алдрах эрсдэлтэй.
Буруутай этгээдүүдэд хариуцлага тооцоход саад бэрхшээл олонтаа гардаг тухай хуулийн мэргэжилтнүүд болон ТББ-ууд дурдсан. Тухайлбал, хууль бус арга хэрэглэж мэдүүлэг авах, албадан эрүү шүүлт тулгасан асуудлаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасны дагуу зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийг яллахаар заасан. Уг зүйл ангиар гагцхүү бие махбодид учруулсан гэмтлийг тооцох ба сэтгэл санааны хохирол, сэжигтэн болон түүний ар гэрийнхнийг сүрдүүлсэн зэргийг тооцдоггүй байна. Хууль сахиулах албаныхныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэх зүйл ангиар яллаж болох хэдий ч энэ зүйл заалтаар ялласан тохиолдол ховор. Хуульд зааснаар дээд шатны албан тушаалтнаас өгсөн тушаал, захирамжийг биелүүлэх үүрэг гүйцэтгэхдээ энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй ажээ. Хуульд зааснаар тушаал, захирамж өгсөн этгээдэд бусдад гэм хор учруулсны төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан хэдий ч энэ зүйл ангиар ялласан хэрэг ховор. Эмнэсти Интернэйшнл (ЭИ), прокурор, шүүгчдийн үзэж байгаагаар уг заалт нь мөрдөн байцаагч, эсвэл прокурорын заавраар хүчээр мэдүүлэг өгөхийг албадсан гэм буруутай хууль хяналтын алба хаагчидийг хариуцлагаас мултрах боломжтой болгожээ. ХЭҮК-ийн мэдээлснээр сэтгэл санааны эрүү шүүлт тулгагдсан гэх гомдлуудыг зарим тохиолдолд нотлох баримтгүй эсвэл хохирлын хэмжээг тогтоох боломжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Хүч хэрэглэсэн гэх тохиолдлуудын гэрч нь гол төлөв өөрсдөө цагдан хоригдогсод, хоригдлууд байдаг ба ар гэрийнхнийг нь сүрдүүлэх буюу урт хугацаагаар ял эдлэх гэмт хэрэгт нэмж яллахаар сүрдүүлэх зэргээр тэднийг энэ талаар мэдүүлэг өгүүлэхгүйн тулд асар дарамтад байлгадаг байна.
Есдүгээр сарын байдлаар ЦЕГ-т төрийн албан хаагчийн үйлдсэн хүчингийн хоёр хэрэг бүртгэгдсэн. Тус газраас нэгийг нь эрүүгийн хэрэг биш гэж үзсэн бол нөгөө хэрэг нь жилийн эцэс гэхэд мөрдөн байцаалтын шатанд явж байсан байна.
Хорих анги ба урьдчилан хорих төвийн нөхцөл
ТББ-уудын мэдээлснээр сүүлийн жилүүдэд зарим нэг ахиц дэвшил гарсан хэдий ч цагдаагийн мэдэл дэх захиргааны зөрчилд холбогдсон цагдан хоригдогсдын байр болон ШШГЕГ-ын харъяа хорих газар, урьдчилан хорих төв, тус улсаас албадан гаргах иргэдийг түр саатуулах байрны нөхцөл байдал хангалтгүй хэвээр, зарим тохиолдолд хүнд хэцүү хэвээр байна.
Эрүүл мэндийн нөхцөл байдал: Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоригдох нөхцөл байдал ижил бөгөөд тус тусад нь байлгадаг. Эрэгтэй хоригдлуудыг үйлдсэн гэмт хэргийнх нь хүнд хөнгөнийг харгалзсаны үндсэн дээр тогтсон дэглэмд хамааруулж, зөвхөн тухайн дэглэмтэй хорих ангид хорьдог. Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн хорих газар нэг байдаг дэглэм тус бүрээр болон нярай хүүхэдтэй ялтнууд байрлах тусдаа хэсгүүдтэй байна. Урьдчилан хорих төвд саатуулагдаж буй хүмүүс болон ял эдэлж буй хоригдлуудад зориулсан байгууламжууд тусдаа байдаг.
ШШГЕГ-ын 24 хорих газар болон 28 шүүхийн өмнөх шатанд урьдчилан хорих төв нь ерөнхийдөө ачаалал нь хэтрээгүй байсан ч, ТББ-ууд, албаныхны мэдээлснээс харахад хуучны хорих ангиуд, урьдчилан хорих төвүүдэд гол төлөв эмнэлгийн үйлчилгээ, хувцасны хангамж, ор дэр, хөнжил дэвсгэр, хоол хүнс, ундны усны чанар, халаалт, гэрэлтүүлэг, агааржуулалт, эрүүл ахуйн байгууламж болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан байр байгууламжтай холбоотой асуудлууд бэрхшээлтэй байсан. Хөдөө, орон нутагт дээрх асуудлууд бүр ч хүнд нөхцөл байдалтай. Шинээр баригдсан болон шинээр засвар хийсэн хорих газруудын нөхцөл байдал ерөнхийдөө сайн. Цагдаагийн харъяа эрүүлжүүлэх төвүүд дэх нөхцөл байдал дийлэнх нь тааруу үзүүлэлттэй байна.
ШШГЕГ-ын мэдээлснээр есдүгээр сарын байдлаар хорих газруудад гурван хүн нас барсан бол, урьдчилан хорих төвүүдэд нас барсан тохиолдол гараагүй байна. ХЗЯ-ны мэдээлснээр өнгөрсөн оныхоос ялгаатай нь хорих газарт сүрьеэгийн халдварын тохиолдол гараагүй. Прийзон Феллоушип ТББ-ын үзэж байгаагаар засан хүмүүжүүлэх газрын ажилтнууд эмчилгээгүй болсон өвчтөнүүдийг нас барахынх нь өмнөхөн сулладаг нь зарим талаар хорих газар болон урьдчилан хорих төвд нас барж байгаа хүмүүсийн тоог илт дарагдуулдаг гэжээ.
Захиргаа: Ялтан, хоригдогсдын санал гомдлыг барагдуулдаг омбудсмэний[1] газар байдаггүй. Улсын Ерөнхий Прокурорын Газар хорих газар, урьдчилан хорих төвүүдийн нөхцөл байдалд хяналт тавьдаг. Хуулиар ялтан, албадан саатуулагдагсад шүүхийн эрх бүхий байгууллагад бие даан хандаж, гомдол хүсэлт гаргаж, хорих ангийн нөхцөл байдлыг шалгуулах хүсэлт гаргах эрхтэй. Улсын Ерөнхий Прокурорын Газар болон ХЭҮК-оос хорих газар, урьдчилан хорих төвүүд, цагдаагийн харъяа урьдчилан хорих төвүүдэд төлөвлөгөөт, гэнэтийн болон санал гомдлын мөрөөр удаа дараа шалгалт явуулсан. Хяналт шалгалтын мөрөөр хүний эрхийг зөрчиж байж болзошгүй нөхцөл байдлыг сайжруулах зааварчилгаа өгсний дээр хүний эрх зөрчигдөж буй асуудлыг таслан зогсоох шаардлага хүргүүлсэн.
Бие даасан мониторинг: Эрх бүхий байгууллагаас хараат бус ТББ-уудын ажиглагчид болон ХЭҮК-т мониторинг хийх боломж олгодог хэдий ч үүнд дунд төвшний жирийн дэглэмтэй хорих ангиуд хамрагдсан ба хорих ангиудын зарим байгууламжуудад ажиглагчид нэвтрэхийг хязгаарласан.
г. Дур мэдэн баривчлах, саатуулах
Хуульд заасан тодорхой журмаас гадуур дур мэдэн хэнийг ч баривчлах, саатуулах, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно гэж хуулинд заасан бөгөөд төрийн ихэнх байгууллагууд дээрх хязгаарлалтыг ерөнхийдөө даган биелүүлсэн. Хэдий тийм боловч, Тагнуулын Ерөнхий Газар (ТЕГ) зарим үед сэжигтнээс мэдүүлэг авахаар эрх мэдлээ хэтрүүлэн саатуулсан тохиолдол гарсан.
Цагдаа, Зэвсэгт Хүчний бие бүрэлдэхүүний гүйцэтгэх үүрэг
Хууль зүйн Яамны харъяанд үйл ажиллагаагаа явуулдаг ЦЕГ болон Хил Хамгаалах Ерөнхий Газар нь дотоодын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. ТЕГ-ын дарга нь иргэний албан тушаал, ажлаа Ерөнхий сайдад тайлагнадаг бөгөөд дотоодын аюулгүй байдлыг хангахад дээрх албадуудад дэмжлэг үзүүлэхээс гадна, гадаад тагнуулын үйл ажиллагаа, гүйцэтгэх ажиллагааг хариуцдаг.
Батлан хамгаалах яаманд (БХЯ) шууд харъяалагддаг зэвсэгт хүчин нь үндэсний батлан хамгаалах чиг үүргийг хариуцдаг бөгөөд дотоодын аюулгүй байдлыг хангах албадад дэмжлэг үзүүлж, дотоод дах онцгой байдал, гамшгийн үед тусламж үзүүлэх ажиллагаанд оролцдог.
Төрийн холбогдох байгууллагууд гадаад болон дотоодын аюулгүй байдлыг хангах албадын үйл ажиллагаанд ерөнхийдөө хянадаг боловч цагдаагийн алба хаагчдын зүй бус харьцааг мөрдөн шалгах механизм хангалтгүй. Өнгөрсөн онд цагдаагийн албаныхан баривчлан саатуулагдаагүй сэжигтнүүдтэй зүй бус харьцсан гэх тохиолдлууд гарсан. ЦЕГ-ын мэдээлснээр эхний есөн сарын байдлаар цагдаагийн албан хаагчийн зүгээс иргэдийн бие махбодид халдсан гэх 7 гомдол бүртгэсэн. Дээрх тохиолдолд ял шийтгэл хүлээсэн албан хаагчид албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Есдүгээр сарын байдлаар нэг ч хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан.
Баривчлах ажиллагаа, цагдан хоригдогсодын нөхцөл байдал
Сэжигтнийг баривчлахад нотлох баримтад үндэслэсэн, прокурорын гарын үсэг бүхий тогтоол гарсан байх шаардлагатай. Баривчилсны дараа 72 цагийн дотор прокурор сэжигтнийг баривчлах үндэслэл, шалтгаан зэргийг дурдсан тогтоол үйлдэж шүүгчид танилцуулна, шүүгч 48 цагийн дотор баривчлагдсан сэжигтнийг цагдан хорих зөвшөөрөл өгөх, эс бол суллах захирамж гаргана. Сэжигтнийг баривчилсан талаар холбогдох албан тушаалтан 24 цагийн дотор түүний гэр бүлд мэдэгдэнэ. “Хойшлуулшгүй тохиолдолд” цагдаагийн албан хаагч сэжигтнийг шууд баривчлахыг зөвшөөрдөг. Хойшлуулшгүй тохиолдол гэдэгт сэжигтнийг гэмт хэргийн газраас барьсан, сэжигтэн оргон зугтахыг завдсан, хүнд, онц хүнд гэмт хэрэгт сэрдэгдэх баримт хангалттай байх болон шүүгч эзгүй байх зэрэг нөхцөл байдал орно. Дээрх тохиолдолд прокурор баривчлах тогтоолыг 24 цагийн дотор, шүүгч 48 цагийн дотор уг сэжигтнийг баривчлах захирамжийг гаргах ёстой. Баривчилснаас хойш 72 цагийн дотор шүүгч захирамж гаргахгүй бол сэжигтнийг суллана. Сэжигтнийг суллахдаа түүнийг ямар үндэслэлээр баривчлан саатуулснаа мэдэгдэх ёстой.
Хуулинд цагдаагийн албан тушаалтнаас сэжигтэнд таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлийг тодорхой хуульчилсан хэрнээ суллах үндэслэл бүрхэг улмаас ХЭҮК-ын мэдээлснээр урт хугацаагаар саатуулах, хуулиар зөвшөөрөгдсөн саатуулж мөрдөх хугацаа зарим тохиолдолд 30 хүртэлх сараар сунжрахад хүрсэн тохиолдлууд гарсан.
ХЭҮК-ийн мэдээлснээр мөрдөн байцаалт явуулах эрх бүхий газраас сэжигтнүүдийг мөрдөн байцаахдаа шүүгчийн захирамжгүйгээр саатуулсан болон цагдаа сэжигтэнд таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа батлан даалтад өгөх (прокурорын зөвшөөрөлтэйгөөр), оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах, цэргийн албан хаагчийг цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулахаар өгөх зэрэг өөр арга хэрэгслийг ашиглахаасаа илүүтэй баривчлан саатуулахыг урьтал болгодог. Хувийн батлан даалтад авснаар ар гэрийнхэн нь сэжигтнээр тооцогдсон хүнээ батлан дааж авч болдог (уламжлалт батлан даалтаас ялгаатай нь суллаж явуулсны хариуд барьцаа тавихыг шаарддаггүй). Энэхүү тогтолцоо бүх төрлийн гэмт хэрэгт хамаарах боловч үүнийг голдуу хүнд ноцтой биш гэмт хэрэгт холбогдсон сэжигтнүүдэд хэрэглэдэг.
Хэдийгээр дээр дурдсан зөрчлүүд байсан ч цагдан хоригдсон хүмүүст ерөнхийдөө яллагдсан зүйл ангийнх нь талаар болон өмгөөлөгч авах эрхийн нь талаар даруй мэдэгдэж байжээ. Сэжигтнийг шүүгчийн захирамжаар саатуулж мөрдөх нийт хугацаа 24 сар, хүний амь хөнөөх зэрэг онц хүнд гэмт хэрэгт холбогдсон этгээдийг 6 сар хүртэл хугацаагаар нэмж саатуулж болдог. Цагдан хоригдогсод ерөнхийдөө гэр бүлийн гишүүдтэйгээ шуурхай холбоо барих боломжтой байсан боловч зарим тохиолдолд алслагдмал хөдөө орон нутаг дахь урьдчилан хорих төвүүдэд удаа дараа шилжүүлэх буюу саатуулах замаар дээрх эрх зөрчигдөж байна.
Цагдан хоригдсон этгээд шүүхийн өмнө болон ял шийтгэл ногдуулсны дараах үе зэрэг шүүн таслах ажиллагааны бүх үе шатанд өмгөөлөгч авах эрхтэй. Шүүгдэгчөөрийгөө хамгаалах чадваргүй бие махбодийн эсвэл сэтгэцийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, Монгол хэлээр ойлголцохгүй, цаазаар авах ялаар шийтгэгдэж болзошгүй, эсвэл одоогийн өмгөөлөгч эсвэл бусад шүүгдэгч, яллагдагчтай сонирхлын зөрчилтэй тохиолдолд Төр өмгөөлөгч томилох ёстой. Төлбөрийн чадваргүй, эсвэл ядуу байх нь өмгөөлөгчгүй байх хүчин зүйл болохгүй. Цагдан хоригдогсод өмнөх жилүүдтэй харьцуулахад өмгөөлөгч авах эрхээ илүү мэддэг болсон гэж мэдээлж байгаа ч буруу ташаа ойлголтын улмаас тэр эрхээ хязгаарлагдмал байдлаар ашигласан. Тухайлбал, албадан саатулагдсан этгээд байцаан шийтгэхпроцесс эхэлмэгц өмгөөлөгч авах эрхтэй гэдгээ тэр болгон мэддэггүйн улмаас шүүхийн шатанд хэрэг хэлэлцэх хүртэл тэр эрхээ эдлээгүй байдаг. Үүнээс гадна зарим тохиолдолд алслагдсан нутггуудын урьдчилан хорих төвүүдэд шилжүүлэн хорих нь өмгөөллийн үйлчилгээ авахад хүндрэл үүсгэдэг байна.
Дур мэдэн баривчлах: Ардчиллын удирдагч, бусдын гарт амь үрэгдсэн С. Зориг агсны бэлэвсэн гэргий Д. Булганыг 2015 оны 11 дүгээр сард 1998 оны энэхүү аллагатай холбоотойгоор сэжиглэн ТЕГ-аас баривчилж, Төв аймаг дахь хорих төв рүү шилжүүлэхийн өмнө хаана байгаа нь тодорхойгүй ямарваа нэгэн хэл сураггүй саатуулж хорьсон. Хорьж саатуулах үеэр Засгийн газар, хэвлэл мэдээлэл болон бусад байгууллагуудаас удаа дараа асууж шаардсан боловч эрх мэдэл бүхий байгууллагууд түүний хэрэг “үндэсний аюулгүй байдалтай” холбоотой учраас албадан саатуулах стандарт бус процедураар шийдэх шаардлагатай байгаа гэж хариу мэдэгдсэн. Д. Булганыг яллаагүй ч удаан хорьсны эцэст есдүгээр сард сулласан. Арван нэгдүгээр сарын байдлаар Зоригийн хэрэгт гурван сэжигтнийг хорих газар болон урьдчилан хорих төвд хорьсон бөгөөд саатуулах болсон үндэслэлийг албан ёсоор мэдээлээгүй.
Шүүхийн өмнөх шатны урьдчилан хорих: НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо нь наймдугаар сард хийсэн мэдэгдэлдээ хуульд заасан хугацаанаас хэтрүүлсэн зэрэг шүүхийн өмнөх шатны урьдчилан хорих асуудал газар авсан тухай мэдээллүүдийн талаар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тус хороо нь баривчлагдсан хүмүүсийн 12 гаруй хувь нь 12 сараас илүү хугацаагаар саатуулагдсан бол 3 хувь нь 30 сараас илүү хугацаагаар хоригдсон тухай тайланг дурджээ.
Шүүхийн өмнө саатуулах нь хууль ёсны эсэхийг шүүгчээс үнэн зөвөөр шүүн тунгаахыг хүсэх түр саатуулагчийн боломж: Баривчлагдсан, эсвэл түр саатуулагдсан хүмүүсийг энэ нь хууль эрхзүйн үндэстэй байсан уу, дур мэдсэн асуудал байсан уу гэдгийг шүүхээр хэлэлцүүлэх боломжийг хуулиар олгодог. Хэрвээ хууль бусаар хорьсон бол, тухайн хүн нөхөн төлбөр, гарз хохирлыг нөхөн авахаар нэхэмжлэх эрхтэй.
д. Нээлттэй, шударгаар шүүлгэх эрхийг зөрчих
Шүүх эрх мэдэл хараат бус байна хэмээн Үндсэн хууль болон хуулинд заасан хэдий ч авилга болон гаднын нөлөө байсаар байна хэмээн ТББ-ууд болон бизнесийн салбарынхан үзсэн. Хэргийг шүүн хэлэлцэх шатанд гэм бурууг нотлох баттай нотлох баримт тогтоогдохгүй байхад шүүх прокуроруудын эсэргүүцлийг сөрж, ялыг цагаатгах болон хэргийг хэрэгсэхгүй болгох тал дээр учир дутагдалтай хандсан. Хэрэгсэхгүй болговол зохих эрүүгийн хэргүүдийг прокурорын нэмэлт мөрдөн байцаалтад удаа дараа буцаасан. Үүний уршгаар эрүүгийн зарим ноцтой хэргүүд шийдвэрлэгдэхгүйгээр прокурор, шүүхийн хооронд явсаар хэдэн жилээр сунжирдаг.
Шүүн таслах ажиллагаа
Шүүгдэгчийн гэм буруутайг шүүхээр тогтоох хүртэл гэм буруугүй бөгөөд шүүгдэгч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй (гэм буруутай нь тогтоогдсон бол шүүгдэгчээс төлбөрийг гаргуулахаар шүүх шийдээгүй л бол, үнэ төлбөргүйгээр, шаардлагатай бол дохионы хэл зэрэг хэлмэрчийн тайлбартайгаар). Хуулинд зааснаар хүн бүр шударга, нээлттэй шүүхээрхэргээ хуулиар заасан хугацаанд шийдвэрлүүлэх; анхан шатны шүүх хуралд биечлэн оролцох (гэвч энэ нь давж заалдах шүүхэд хамаарахгүй); өөрийн сонгосон (эсвэл улсаас гаргаж өгсөн) өмгөөлөгчтэйгөө харьцах; өмгөөллөө бэлдэх хангалттай хугацаатай байх; цугларсан нотлох баримттай танилцах; гэрчтэй нүүр тулах; өөрийн гэрчийг дуудаж оролцуулах, нотлох баримт гаргаж өгөх; хүчээр мэдүүлэг өгөх, гэм буруугаа хүлээхээр албадуулахгүй байх болон давж заалдах эрхтэй. ТББ-ууд, ажиглагчдын мэдээлснээр эрх бүхий байгууллагууд эдгээр эрхүүдийг хангалттай хэрэгжүүлээгүй бөгөөд шүүгч, прокурор болон шинжээч гэрчүүдэд авлига өгөх замаар үндэслэлгүй ял өгөх, хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн ялын хэмжээг бууруулсан тохиолдол гарсан.
Процессын алдаа, хуулийн уялдаа холбоогүйгээс шүүн таслах ажиллагаанд саад учирдаг. Улсаас гаргаж өгдөг өмгөөлөгчийн тоо хангалттай хэдий ч эдгээр өмгөөлөгчийн үйлчилгээний чанар, мэргэжлийн ур чадвар жигд бус тул олон шүүгдэгч хууль зүйн тусламж авах эрхээ хангалттай эдэлж чадаагүй. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэхдээ хангалттай нотлох баримт гэхээсээ хэрэг хүлээсэн байдалд гол төлөв тулгуурладаг. Үүнээс гадна төрийн алба хаагч, эрх мэдэлтнүүд, хууль сахиулах байгууллагынхан гэрчийг сүрдүүлдэг, шүүх хуралд олон нийтийн оролцоо хязгаарлагдмал (ердөө байр савны багтаамж хүрэлцэхгүй гэх шалтгаанаар), ерөнхийдөө шүүхийн шийдвэр гаргах үйл явц ил тод бус байдагт ТББ-ууд шүүмжлэлтэй хандаж байна.
Улс төрийн хоригдол ба цагдан хоригдогч
Улс төрийн хоригдол, цагдан хоригдогч албан ёсоор бүртгэгдээгүй.
Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа ба хохирол барагдуулалт
Хүний эрх зөрчсөн хэрэг маргааныг захиргааны болон иргэний шүүхийн арга замаар барагдуулдаг. Авилга, гаднын нөлөөлөл болон шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааны учир дутагдалтай байдал нь иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тогтолцоонд бэрхшээл учруулдаг.
Нөхөн төлбөр
Есдүгээр сарын байдлаар иймэрхүү тохиолдол гараагүй ч, өнгөрсөн хугацаанд ашиг сонирхол бүхий зарим хувийн болон төрийн өмчит уул уурхайн компаниуд уламжлалт бэлчээрийн газар нутаг руу дайрч орсон тухай нүүдлийн мал аж ахуй эрхлэгч малчид мэдээлж байсан. Малчид баримтжуулалт хийж чадаагүй учраас нөхөн төлбөр авах боломжгүй байсан. Уул уурхайн зарим компаниуд сайн дураараа нүүлгэн шилжүүлэг хийж, санхүүгийн нөхөн төлбөр олгосон.
е. Хувийн болон гэр бүлийн амьдрал, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааны нууцад хөндлөнгөөс дур мэдэн оролцох
Хуулиар эдгээр үйлдлийг хориглодог, төр засгийн зүгээс эдгээр хориог зөрчсөн гэх мэдээ гараагүй.
2 дугаар хэсэг. Иргэний эрх чөлөөг хүндэтгэх:
а. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө
Хуулинд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй байхаар заасан хэдий ч төрөөс агуулгын хязгаарлалт тавьж, сэтгүүлчид зарим тохиолдолд өөрөө өөртөө цензур тогтоож байсан.
Цензур, нэвтрүүлгийн агуулгыг хязгаарлах: Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ноос дижитал агуулга болон телевиз, радиогийн үйлчилгээ зэрэг өргөн хүрээнд цацагдах нэвтрүүлгийн агуулгад хязгаарлалт хийсэн ба ингэхдээ хязгаарлагдсан контент гэдэг тодорхойлолтыг хангалттай тодорхойлж өгөөгүй. Телевиз радио сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл өгөх чиг үүрэг бүхий ХХЗХ-ны гишүүдийг олон нийттэй зөвшилцөхгүйгээр төрөөс томилдог. Энэ нь сонгон шалгаруулах үйл явц ил тод бус явагдахад нөлөөлөхөөс гадна телевиз радио сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн төлөө явагдах шударга өрсөлдөөнийг боомилж, улс төрийн танил талтай хүмүүст давуу тал олгосон. Төр засгийн болон улс төрийн намын дарамт шахалтаас үүдсэн шууд бус цензур байсан тухай хэвлэл мэдээллийн төлөөлөгчид мэдэгдэж байна.
Гүжирдэлт/гүтгэлгийн эсрэг хууль: Хэвлэл мэдээллийнхний эсрэг төрийн алба хаагч, хувийн компаниуд болон хувь хүмүүсээс гүжирдэн гүтгэсэн байна гэсэн гомдол олонтаа гардаг. Хуульд зааснаар бусдыг гүтгэсэн, доромжилсон гэх хэргийн хариуцагч буруугүй гэдгээ өөрөө нотлох үүрэг хүлээхээс гадна гүтгэх, доромжлох аль аль нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог. Хуульд зааснаар “олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүжирдлэг тараасан бол” хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу зургаан сар хорих ялаар шийтгэх заалттай. 2016 оны 5-р сард шинэчлэн найруулсан Cонгуулийн тухай хуулинд сонгуулийн кампанит ажлын үед хамаатай илүү хязгаарлалт тогтоосон заалт орсон нь “хэвлэл, мэдээллийн байгууллага буруу ташаа мэдээлэл олон нийтэд түгээсэн, хүний нэр төрийг гутаан доромжилсон” бол тус байгууллагын хэвлэн мэдээлэх зөвшөөрлийг 6 сар хүчингүй болгохзаалт юм.
Интернетийн эрх чөлөө
Хуульд зааснаар хувь хүмүүс болон бүлэг, хамт олон интернетээр үзэл бодлоо тайван замаар илэрхийлж болно. Гэсэн хэдий ч төрөөс интернэт агуулгыг зарим талаар хязгаарласан. Төрөөс хаагдсан вэбсайтуудын жагсаалтыг гаргаж (өмнө нь энэ жагсаалт олон нийтэд нээлттэй байсан) холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн сайтуудыг уг жагсаалтад нэмж бүртгэсний дотор оюуны өмчийн зөрчилтэй холбоотой сайтууд мөн хамрагдсан.
ХХЗГ-аас баталсан журамд чухам ямар контент хориотой вэ гэдгийг нарийн тодорхойлохгүйгээр бүдүүлэг үг хэллэг, зохисгүй контентод өргөн хүрээнд хязгаарлалт тавьсан. Уг журамд заасны дагуу ачаалал ихтэй вэб сайтууд шүүлтүүрийн програм хангамж ашиглах үүрэг хүлээснээр сэтгэгдэл үлдээсэн, мэдээлэл тараасан хүмүүсийн интернет протокол хаягууд нийтэд ил болох юм.
ХХЗГ-ын зохицуулалтаас гадна, вэбсайтад төрийн албан тушаалтнууд болон сонгуульд нэр дэвшигчдийн талаарх шүүмжлэл буюу сөрөг мэдээлэл оруулсан, сэтгэгдэл үлдээсэн цахим хэрэглэгчдийн асуудалд төрөөс илтэд хөндлөнгөөс оролцсон хэд хэдэн тохиолдол гарчээ. Тухайлбал, 6-р сарын 14-нд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын (ШӨХТГ) зөвлөмжөөр ХХЗГ нь УИХ-ын гишүүнд нэр дэвшигчийн нэр төрийг гутаан доромжилсон гэх үндэслэлээр 11 цахим хуудаст нэвтрэх эрхийг хаасан. Хоёр өдрийн дараа цахим хуудас ажиллуулагчдын төлөөлөлтэй зөвлөлдсөний үндсэн дээр ШӨХТГ зөвлөмжөө буцаан татан авч, ХХЗГ нь цахим хуудсуудыг хэвийн ажиллагаанд нь буцаан оруулжээ.
Тус улсын хот суурин газрын иргэд цахим сүлжээнд өргөнөөр холбогдсон, алслагдсан хөдөө орон нутагт улам бүр нэмэгдэх хандлагатай байна.
Боловсролын эрх чөлөө ба соёлын арга хэмжээ
Боловсролын эрх чөлөө ба соёлын арга хэмжээг төрөөс хязгаарладаггүй.
б. Тайван замаар жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө
Жагсаал цуглаан хийх эрх чөлөө
Хуулинд жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй байхаар заасан бөгөөд төр бодит байдал дээр энэ эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг. Гэвч Нийслэлийн Засаг даргын тамгын газар нийгмийн хэв журмыг тогтоох зорилгоор УИХ-ын сонгуулийн өмнө болон дараа, 6-р сарын 28-30-ны өдрүүдэд олон нийтийг хамарсан энтертейнмэнт болон спортын арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Түүнчлэн 7-р сарын 11-13-ны Наадмын арга хэмжээ болон 7-р сарын 15-16-ны өдрүүдэд болсон Ази-Европын дээд хэмжээний уулзалтын үеэр нийгмийн хэв журам, гадаадын зочдын аюулгүй байдлыг хангах үүднээс Улаанбаатарын төв талбай болон бусад олон нийтийн газарт жагсаал цуглаан зохион байгуулахыг иргэний нийгмийн байгууллага, улс төрийн намууд болон хувь хүмүүст зөвшөөрөөгүй.
Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө
Хуулинд эвлэлдэн нэгдэх эрх чөлөөтэй байхаар заасан бөгөөд төр бодит байдал дээр энэ эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг.
в. Шашны эрх чөлөө
Холбогдох мэдээллийг Төрийн Департаментын Олон улсын шашны эрх чөлөөний тухай илтгэл-ээс www.state.gov/religiousfreedomreport/ хаягаар орж үзнэ үү.
г. Шилжин суурьших эрх чөлөө, дотоодын дүрвэгч, дүрвэгсдийн хамгаалалт, харъяалалгүй хүмүүс
Хуулинд иргэд улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй байхаар заасан бөгөөд төр бодит байдал дээр эдгээр эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг. Төр засгаас НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын төлөөлөгчийн газар болон бусад хүмүүнлэгийн байгууллагатай хамтран НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын төлөөлөгчийн газраас хүлээн зөвшөөрсөн дүрвэгсэд, орогнол эрэгчид болон анхаарал халамж шаардлагатай бусад хүмүүсийг хамгаалалтад авах, тусламж үзүүлэх тал дээр хамтран ажилласан.
Гадаадад зорчих: Зөвхөн Улсын Ерөнхий Прокурорын Газар хилээр гарахад хориг тавих эрхтэй ч, хуулинд иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний алба, шүүх, ШШГЕГ болон бусад хэд хэдэн газрууд тус улсаас гарч явахад хориг тавих эрхтэй ба тухайн иргэн иргэний хэрэг маргаанд холбогдолтой байх, эрүүгийн хэрэг нь мөрдөн шалгах шатанд байгаа болон цагаачлалын журам зөрчсөн байх зэрэг шалтгаан нь янз бүр байна гэж заасан байна. Уг хуулийн дагуу баривчлах бичиг, эс бол ял шийтгэл оноох тухай албан ёсны тодорхойлолт шаардлагагүй, гагцхүү хохирогч тал тухайн этгээдийг гадагш зорчуулахгүй байх хүсэлтээ өгсөн байхад хангалттай. Гарч явах хориг тавигдсан иргэдийг тухайн хориг тавихад хүргэсэн хэрэг маргааныг захиргааны журмаар болон шүүхийн шийдвэрээр шийдвэрлэхээс нааш эрх баригчид гарч явахыг зөвшөөрдөггүй бөгөөд уг хорио хэдэн жилээр үйлчилдэг.
Дүрвэгсдийг хамгаалах талаар
Орогнол олгох: Үндсэн хуулинд орогнол олгохоор заасан ч, дүрвэгчийн статус олгох зохицуулалт тусгагдаагүй. Өнгөрсөн хугацаанд төр засгаас тус улсад оршин суух дүрвэгсдэд хязгаарлагдмал хамгаалалт үзүүлэх албан бус систем бүрдүүлсэн бөгөөд тэдгээр хүсэлтийг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын газар дагнан шийдвэрлэж ирсэн. 2010 онд батлагдсан Гадаадын иргэний эрх зүйн статусын тухай хуульд зааснаар албадан гаргах тухай зүйл заалт илүү тодорхой болгож, дүрвэгчийн статус эрэлхийлж буй хувь хүмүүсийг албадан гаргах эрх мэдлийг Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий Газарт олгох болсон.
Ажил эрхлэлт: Хуулиар дүрвэгсэд болон орогнол эрэгсдэд хууль ёсны статус олгодоггүй, тэднийг хууль бус цагаач гэж үздэг болохоор ажил хийх эрхгүй.
Үндсэн үйлчилгээ авах эрх: Хуулиар дүрвэгсдийн статус олгодоггүй тул, дүрвэгсэд ерөнхийдөө төр засгаас үзүүлдэг суурь эрх болох эрүүл мэндийн үйлчилгээ авах, боловсрол эзэмших боломжгүй. Дүрвэгсэд болон орогнол эрэгсэд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын газрын дэмжлэгтэйгээр хувийн эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой.
3 дугаар хэсэг. Улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх
Хуулиар иргэд засгийн газраа сонгох тогтмол хугацаанд зохион байгуулагддаг чөлөөт, шударга сонгуульд оролцож тэгш бөгөөд түгээмэл саналын эрхээ нууц санал хураалтаархэрэгжүүлдэг.
Сонгууль ба улс төрийн оролцоо
Хамгийн сүүлд болж өнгөрсөн сонгууль: Улс орон даяар болж өнгөрсөн хамгийн сүүлийн сонгуулиуд нь 2016 оны УИХ-ын сонгууль ба 2013 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль юм. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) сонгуулийн ажиглагчид ерөнхийдөө амжилттай болсон гэж дүгнэсэн ч, сонгогчийн саналын нууцлал тэр бүр хангагдаагүй хэмээн үзсэн. Сонгуулийн тухай хуулийн зүйл заалт хязгаарласан шинжтэй, тодорхойгүй байсны улмаас хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонгогчдод хангалттай мэдээлэл хүргэж чадаагүй ч, эрх чөлөөний суурь зарчмуудыг хүндэтгэсэн орчинд өрсөлдөөн суурилсан кампанит ажил болон сонгууль чөлөөтэй, шударга болж өнгөрсөн гэж сонгуулийн ажиглагч нар дүгнэсэн. 2016 оны 5-р сард оруулсан холимог сонгуулийн тогтолцооноос мажоритар систем рүү шилжүүлсэн нэмэлт өөрчлөлт нь УИХ-ын сонгуулийн тойргууд дах сонгогчдын тоонд томоохон өөрчлөлт гаргахад хүргэж улмаар саналын эрх тэгш байдлыг хангах зарчимтай нийцээгүйг ЕАБХАБ онцлон тэмдэглэсэн. Түүнчлэн УИХ-ын сонгуульд гадаадаас урьдчилан санал өгөхийг болиулсаннь гадаадад амьдарч буй 150,000 Монгол иргэдийн сонгуулийн эрхийг хассан үйлдэл болсон гэж ЕАБХАБ үзсэн.
Эмэгтэйчүүд болон цөөнхийн оролцоо: Эмэгтэйчүүд, цөөнхийн зүгээс төр засаг, улс төрд оролцох оролцоог хязгаарласан хууль тогтоомж байхгүй. Өмчийн бүртгэл нөхрийн нэр дээр байдаг зэрэг уламжлалт соёлын дадал практик нь эмэгтэй нэр дэвшигчдийг сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлэхэд шаардлагатай зээл авахад сөргөөр нөлөөлдөг (6-р хэсгээс үзнэ үү).
4 дүгээр хэсэг. Авилга ба төр засгийн үйл ажиллагааны ил тод байдал дахь хязгаарлалт
Албан тушаалтан авилга авсан тохиолдолд эрүүгийн ял шийтгүүлэхээр хуульд заасан ч төр уг хуулийг үр дүнтэй хэрэгжүүлдэггүй, авлига төр засгийн бүх төвшинд байсаар байна. Авлигын шинжтэй үйл ажиллагаанд холбогдсон албан тушаалтнууд зарим үед ял шийтгэгдэхгүй өнгөрдөг. Хувийн хэвшлийнхний мэдээлснээр төрийн албан хаагчдын зүгээс өргөдөл шийдвэрлүүлэх, зөвшөөрөл олгох, бүртгүүлэхэд хахууль өгөхийг шаардсан тохиолдлууд гарсан.
УИХ-ын гишүүд парламентын гишүүн байх хугацаандаа халдашгүй эрх эдэлдэг. Авилгад нөлөө үзүүлж буй хэд хэдэн хүчин зүйл байгаагийн дотор ашиг сонирхлын зөрчил, ил тод байдал хангалтгүй байх, мэдээлэл авах боломж хомс, төрийн албаны үйлчилгээний тогтолцоо хангалтгүй байх, гол гол институцүүдэд тавих төр засгийн хяналт сул зэрэг багтана.
Авлигатай тэмцэх газар (АТГ) нь авлигын хэргийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий бие даасан агентлаг бөгөөд ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь АТГ-аас мөрдөн шалгаж буй хэргүүд дээр дэмжлэг үзүүлж ажилладаг. АТГ-ын улс төрийн хараат бус байдлын тухайд асуудал гардаг хэдий ч олон нийт тус байгууллагыг үр дүнтэй ажилладаг хэмээн үздэг. АТГ авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхэд залууст сургалт танин мэдэхүйн материал тарааж, алслагдсан хөдөө орон нутгийн аймаг сумдад очиж ажилласан.
Хөрөнгө орлогын мэдүүлэг: Нийтийн албанд томилогдогчдоос мэдүүлэг гаргагч болон түүний эхнэр нөхөр, эцэг эх, үр хүүхэд, цуг амьдардаг ах, эгч, дүү нараас хөрөнгө орлогын мэдүүлэг авахыг хуульчилсан. Уг хууль нь төрийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлж, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар төрийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцөлийг баталгаажуулах зорилготой. Уг хуулиар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөхийг хуульчилсан.
Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ АТГ-т тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүр шинэчлэн гаргаж өгөх үүрэгтэй. Уг хуульд зааснаар дээрх мэдүүлэг нь олон нийтэд нээлттэй ба зөрчсөн тохиолдолд торгууль оногдуулахаас эхлээд албан тушаалаас нь халах хүртэл захиргааны болон сахилгын шийтгэл оногдуулахаар хуульчилсан. АТГ нь төрийн албан хаагчид, тэдгээрийн дотор цагдаагийн албан хаагч, цэргийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг хянах үүрэгтэй. Хууль зөрчсөн тохиолдолд албан хаагчид сануулга өгөх, цалинг нь бууруулах, эсвэл албан тушаалаас нь халах арга хэмжээ авч болно. 4-р сард Улаанбаатар төмөр замын 7 ажилчин хувь хүний ба гэр бүлийн орлогын мэдүүлэг болон бусад санхүүгийн алдаа дутагдлын талаарх мэдээллийг ирүүлээгүйн улмаас албан тушаал бууруулах арга хэмжээ авахуулсан.
Эрх мэдэл бүхий төрийн албан хаагчид яамд, тамгын газрын албан ёсны цахим хуудаснаа төрийн сангийн өртөг зардлыг хэрхэн зарцуулснаа тайлагнаж, аудитын үр дүнг мэдээлэх ёстой. Нэг сая төгрөгөөс дээш дүнтэй ($486) бүх гүйлгээг тайлarнана. Төсөв, зээл, бондын төлөвлөөг хянан шалгуулахаар Сангийн яаманд бүртгүүлэх бөгөөд энэ нь тухайн албан хаагч ажил үүргээ өгсний дараа ч хамааралтай.
Олон нийтийн мэдээлэл авах эрх: Хуульд зааснаар төрийн байгууллагууд үйл ажиллагаа, төсөв санхүү, хүний нөөц, төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой мэдээллийг гаргаж өгөх үүрэг хүлээж, иргэд дээрх мэдээллийг хүлээн авах эрхээр хангагдаж байгаа юм. Нууцлалд хамаарах онцгой асуудлууд өргөн хүрээг хамарч байгааг ажиглагчид шүүмжилж байна. ТББ-уудын мэдээлж байгаагаар эрх баригчид хувь хүний нууц гэдгээр шалтаглан зарим мэдээллийг ил болгож өгөөгүй. Мөн олон нийтэд нээлттэй мэдээллүүдийг ил тавихдаа хэрэглэгчид амархан ойлгох хэлбэрээр тэр болгон хийдэггүйг тэмдэглэсэн. Мэдээлэл авах эрхийг зөрчсөн тохиолдолд гомдол гаргаж болдог.
ТББ-ын эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өргөн хүрээг хамарсан Төрийн нууцын тухай хууль нь мэдээллийн эрх чөлөө, төрийн үйл ажиллагааны ил тод байдалд саад болохын зэрэгцээ мөн хариуцлагын тогтолцоог сулруулдаг. Уг хууль мөн төр засгийг хянах, бодлогын талаарх хэлэлцүүлэгт оролцох иргэдийн оролцоонд саад учруулдаг.
5 дугаар хэсэг. Хүний эрхийн зөрчлийг шалгадаг олон улсын болон төрийн бус байгууллагуудад төрөөс баримтлах хандлага
Дотоодын болон олон улсын хүний эрхийн олон байгууллагууд ерөнхийдөө төрийн ямар нэг саад хязгаарлалтгүйгээр хүний эрхтэй холбоотой хэргүүдийг шалгах, үр дүнг нь мэдээлэх зэргээр үйл ажиллагаагаа явуулсан. Засгийн газрын албан тушаалтнууд ерөнхийдөө эдгээр байгууллагын үйл ажиллагаанд хамтарч, үзэл санааг нь дэмжиж байсан.
Төрийн хүний эрхийн төлөөх байгууллагууд: Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) нь хүний эрхийн зөрчлийг хянах, бодлогод өөрчлөлт оруулахаар санал гаргах, хянах, хүний эрхийн ТББ-уудтай үйл ажиллагаагаа уялдуулах зэрэг үүрэгтэй. ХЭҮК нь Ерөнхийлөгч, Улсын Дээд Шүүх, Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаатай томилогдсон төрийн өндөр албан тушаалын гурван албан хаагчаас бүрдэх бөгөөд парламентаас санхүүжигдэнэ. Албаны хүмүүсийн мэдээлснээр улсын төсөвт цалин хөлс, захиргааны зардлууд багтдаг хэдий ч хяналт шалгалт явуулах, сургалт зохион байгуулах, олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх зэрэг үйл ажиллагаанд санхүүжилт олгодоггүйн улмаас ХЭҮК гаднаас хөрөнгө мөнгөний эх үүсвэр олох шаардлагатай болдог. ХЭҮК-оос ЛГБТИ хүмүүсийн эрх гэх мэт хүний эрхийн маргаантай асуудлуудыг тогтмол дэмжсээр ирсэн.
Хүний эрхийн асуудлаар төр болон иргэний нийгэм бодитой хамтран ажилласаар ирсэн. Төрийн албаны хүмүүс хууль боловсруулах, нийгэм, хүний эрхийн асуудлаар албан ёсны тайлан илтгэл бэлдэх үйл явцад ТББ-уудыг татан оролцуулах тал дээр хавьгүй нээлттэй болсныг ТББ-ууд болон олон улсын байгууллагууд онцлон тэмдэглэж байна.
6 дугаар хэсэг. Ялгаварлан гадуурхалт, нийгмийн зүй бус харьцаа, хүний наймаа
Эмэгтэйчүүд
Хүчингийн хэрэг болон гэр бүлийн хүчирхийлэл: Эрүүгийн хуульд зааснаар хүч хэрэглэж (буюу хүч хэрэглэхээр заналхийлэх замаар) хурьцал үйлдсэн бол нөхцөл байдлыг харгалзан арван таваас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэхээр хуульчилсан. (Жич: Эрүүгийн хуульд цаазаар авах ял шийтгэл хэвээр байгаа ч уг ялын гүйцэтгэлийг бодит байдал дээр түдгэлзүүлсэн байгаа.) Эхнэр/нөхрөө хүчирхийлэх хэргийг тусгайлан хориглосон хууль тогтоомж байхгүй, эрх баригчид ийм хэргийг ихэнхдээ хүлээн зөвшөөрдөггүй, ялладаггүй.
ТББ-ууд хүчингийн олон хэрэг мэдээлэгдэхгүй өнгөрч байгааг дурдаад уламжлалт соёлын хэм хэмжээ болон цагдаа, шүүхийн дарамттай үйл ажиллагаа зэрэг нь хохирогчдыг энэ төрлийн гэмт хэргийг мэдээлэхгүй өнгөрөхөд хүргэдэг гэжээ.
Гэр бүлийн хүчирхийлэл ноцтой, өргөн тархсан асуудал хэвээр байна. Өнгөрсөн оны эхний долоон сарын байдлаар Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв (ХЭҮТ) гэр бүлийн хүчирхийллийн 1,130 тохиолдлыг бүртгэснээс, 695 нь зодуулж гэмтэж бэртсэн, 6 нь хүний амь насанд хүрсэн хэргүүд байсан. Мөн хугацаанд ХЭҮТ нь хоргодох байраар хангах зэргээр нийт 840 гаруй хүмүүст үйлчилгээ үзүүлсэн байна. Нийслэлийн Цагдаагийн Газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн мэдээлснээр 2016 оны эхний долоон сарыг 2015 оны мөн үетэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 27.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өсч байгаа нь олон нийт энэ талаар илүү мэддэг болж мэдээлдэг болсны хажуугаар эдийн засаг доройтсонтой холбоотой гэж ХЭҮТ үзжээ. Мөн ХЭҮТ-ийн мэдээлснээр мэдээлэл авахаар хандсан цагдаагийн албан хаагчдын тоо нэмэгдэж, гэр бүлийн хүчирхийлэл гарлаа гэх дуудлагыг цагдаа шийдвэрлэсэнгүй гэх гомдлын тоо багассан нь гэр бүлийн хүчирхийллийн талаар төр засаг, олон нийтийн мэдлэг дээшилсэнтэй холбоотой. Цагдаагийн албан хаагчид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тусгай нэгжүүдтэй болсон нь тэд хэргийн мөрөөр тууштай хөөцөлдөн асуудлыг шийдвэрлэхэд үр дүнтэй байна гэж ХЭҮТ мэдээлсэн. Цагдаагийн нийт албан хаагчдын ажил үүргийн хуваарьт болон Хууль сахиулахын их сургуулийн магадлан итгэмжлэгдсэн сургалтын төлөвлөгөөнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар оруулсан байна. ТББ-ууд болон төрийн харъяа агентлагуудын зүгээс идэвхтэй кампанит ажил өрнүүлснээр гэр бүлийн хүчирхийллийн асуудал олон нийтийн анхаарлын төвд ил гарч ирж, төр засгаас тавих хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд хөшүүрэг болж өгсөн.
Гэр бүлийн хүчирхийллийн талаар эрүүгийн хуульд тусгайлсан заалт байдаггүй ч прокурорууд энэ төрлийн гэмт хэргийг эрүүгийн хуулийн бусад зүйл заалтаар (хүч хэрэглэх, зодох, гэмтэл учруулах, биеэ зүй бус авч явах, танхайрах гэх мэт) яллах дүгнэлт үйлдэж болдог. Иргэний хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалалтад авах, хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авахуулах хүсэлт гаргах боломж байдаг хэдий ч процессын болон бусад саад бэрхшээл их байдгаас энэ заалтыг бодит байдал дээр хэрэгжүүлэхэд төвөгтэй. Хуульд зааснаар цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гомдол хүлээн авч, бүртгэх, хүчирхийлэл үйлдэгдсэн газар дээр очиж, хүчирхийлэл үйлдэгч болон гэрчээс байцаалт авах, хүчирхийлэл үйлдэгчид захиргааны болон эрүүгийн шийтгэл ногдуулах, хохирогчийг хамгаалах байранд хүргэх үүрэгтэй. Мөн тусдаа амьдрахыг даалгах, дундын өмч хөрөнгөө хэрэглэхийг хориглох, хохирогчтой уулзахыг хориглох, хүүхэдтэйгээ харилцахыг хориглох, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албан сургалтад хамруулах зэрэг хуульд зааснаар хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээг авдаг. Түүнээс гадна гэр бүлийн хүчирхийллийг нэрээ нууцалж мэдээлэх хориотой бөгөөд энэ нь иргэд гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэхгүй өнгөрөхөд хүргэдэг байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийг зарим тохиолдолд гэмт хэргийн гэхээсээ илүү захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу баривчилдаг байна. Ингэснээр 15,000 төгрөгөөр (7 ам. доллар) торгож, 72 цаг хүртэл хугацаагаар цагдан хорьдог. Хохирогчийн биед учирсан гэмтэл бэртлийн хүнд хөнгөн байдлаас шалтгаалан хүчирхийлэл үйлдсэн этгээдийг эрүүгийн гэмт хэрэгт яллах, эс бол захиргааны хариуцлага хүлээлгэхийг шийддэг.
ХЭҮТ-ийн мэдээлснээр ТББорон нутгийн захиргаа, эмнэлгүүдийн ажиллуулдаг хамгаалах байр долоо (хоёр нь Улаанбаатарт), нэг цэгийн үйлчилгээний төв зургаа (гурав нь Улаанбаатарт) ажиллаж байна. Нийслэлийн Цагдаагийн Газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн харъяанд мөн цагдаагийн албан хаагчид ажилладаг гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах байр байгуулсан. Тус хамгаалах байрны алба хаагчид өнгөрсөн онд Хууль зүйн яамны санхүүжилтээр ХЭҮТ-ийн сургалтад хамрагдсан.
Голдуу эмнэлгийн байранд байрлах нэг цэгийн үйлчилгээний төвүүд хохирогчдод 72 цаг хүртэл хугацаагаар хоргодох байраар хангадаг байна. Илүү удаан хугацаагаар байрлах шаардлагатай хохирогчдыг хамгаалах байр руу шилжүүлдэг. Ялангуяа хөдөө орон нутагт хамгаалах байрны тоо цөөн байгаа нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон, тусламж дэмжлэг шаардлагатай хүмүүсийн хувьд бэрхшээлтэй байна. ХЭҮТ-ийн мэдэгдсэнээр төрөөс 2015, 2016 онд зөвхөн цагдаагийн газрын ажиллуулдаг хамгаалах байрыг санхүүжүүлсэн байна. Төр хүчирхийллийн хохирогчдыг ХЭҮТ болон бусад ТББ-уудад шилжүүлдэг хэвээр байна.
Бэлгийн дарамт: Хуульд зааснаар ажил олгогч ажлын байранд бэлгийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авах, үүний дотор бэлгийн дарамт, түүнтэй холбоотой гомдлыг барагдуулах талаар байгууллагын дотоод журам бий болгох үүрэгтэй боловч хэрхэн хариуцлага тооцох тухай заалт байхгүй байна (7.г. хэсгээс үзнэ үү). Мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид ХЭҮК-т гомдол гаргаж болно хэмээн хуульд заасан ч ийм гомдол ирэх нь ховор. Гэвч өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад ийм гомдол ирэх нь аажмаар нэмэгдэж байгааг ХЭҮК мэдээлсэн. Зүй бусаар биеэ авч явах гэж чухам юуг хэлэх талаар нийгэмд нэгдсэн ойлголт байхгүй байгаагаас уг асуудлын бодит цар хүрээг тогтооход бэрхшээл үүсгэж байна гэж ТББ-ууд үзэж байна. Бэлгийн дарамттай холбоотой хуулийн зүйл заалтуудын талаар ажил олгогч болон ажилтнуудын аль аль нь зохих мэдлэггүй байгаа тухай ХЭҮК мэдээлсэн.
Нөхөн үржихүйн эрх: Залуу хосууд болон хувь хүмүүс хүүхдийн тоо, хүүхэд төрүүлэх хоорондын зай, цаг хугацааг чөлөөтэй шийдвэрлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндээ өөрсдөө мэдэн удирдах эрхтэй бөгөөд эдгээр эрхийг хэрэгжүүлэх боломж олгох мэдээлэл, арга замыг албадлага, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтгүйгээр олж авах эрхтэй. Өсвөр насны ээжүүдийн эрхийг хамгаалдаг дотоодын ТББ-ын мэдээлснээр охид нийгэмд ад шоо үзэгдэхээс айж эмээх, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдлэг дутмаг байдгийн улмаас амаржихын өмнөх үйлчилгээнд тэр бүр хамрагддаггүй ажээ. Үүнээс гадна нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдээлэл элбэг байдаг ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй хэлбэрээр бараг байдаггүй. Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбооны мэдэгдсэнээр тэргэнцэртэй эмэгтэйчүүд амаржихын өмнө эмнэлгийн үйлчилгээ авах үндсэндээ боломжгүй, үүнд бие махбодийн бэрхшээлээс гадна эмнэлгийн ажилтнуудын сөрөг хандлага аль аль нь нөлөөлдөг.
Ялгаварлан гадуурхалт: Адил хөдөлмөр эрхэлж буй тохиолдолд адил цалин авах, боловсрол эзэмших тэгш эрхтэй байх зэрэг хуульд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш эрхтэй гэж заасан байдаг. Хууль байгаа хэдий ч эмэгтэйчүүд ажил эрхлэхэд ялгаварлан гадуурхалттай тулгардаг (7.г. хэсгээс үзнэ үү).
Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулиар төрийн байгууллага болон улс төрийн намуудын бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийг оролцуулах албан ёсны квот тогтоож өгсөн. Мөн нас, гадаад төрх, хүйс зэрэг дээр үндэслэж ялгаварлан гадуурхахыг хориглосон.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эмэгтэйчүүд хүүхдийн тэтгэмж авах эрхтэй бөгөөд тус хуулиар хүүхдийн тэтгэмжг, хүүхэд асран хамгаалахтай холбоотой эрх үүргийг тодорхой заасан. Гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр гэрлэлтийн хугацаанд бий болгосон дундын эд хөрөнгөө тэнцүү хувааж авдаг. Гэрлэлтээ цуцлуулсан эмэгтэйчүүд ихэнх тохиолдолд хүүхдээ өөр дээрээ авч үлддэг; гэрлэлтээ цуцлуулсан эрчүүд хүүхдийн тэтгэмжээ өгөхгүй байх нь элбэг бөгөөд үүнийхээ хариуд торгууль хүлээдэггүй. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийн мэдэгдэж байгаагаар гэр бүлийн дундын бизнес голдуу өрхийн тэргүүний нэр дээр бүртгэлтэй байдаг тул гэр бүл салах үед өмчлөх эрх нь өрхийн тэргүүнд шууд хадгалагдаж үлдэх явдал байсаар байна.
Эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилтийг хянах засгийн газрын агентлаг гэж байхгүй; харин Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны дэргэдэх Жендэрийн тэгш байдлыг хангах Ажлын хэсэг нь яамд, ТББаймаг, орон нутгийн жендэрийн хорооны төвшинд эмэгтэйчүүдтэй холбоотой бодлогыг зохицуулж, тэдний эрх ашгийг хамгаалдаг. Улсын Их Хуралд Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороо жендэрийн асуудлыг хариуцдаг.
Хүүхдүүд
Төрөлтийн бүртгэл: Иргэний харъяаллыг эцэг эхийн харъяаллаар тогтоох ба төрөлтийг ерөнхийдөө төрсөн даруйд нь бүртгэдэг боловч хөдөө орон нутагт амьдардаг хүмүүсийн хувьд энэ нь тэр бүр хэрэгжиж чаддаггүй. Хүүхдийнхээ төрөлтийг бүртгүүлэхгүй бол төрийн үйлчилгээ хүртэх болон сар бүр олгодог хүүхдэд зориулсан халамжийн мөнгөө авах боломжгүй болдог. Ялангуяа хөдөө орон нутгаас хот суурин газарт шилжиж буй иргэд шинэ ирсэн газартаа бүртгүүлж чадахгүй бол ийм бэрхшээлтэй тулгардаг.
Хүүхэдтэй зүй бусаар харьцах: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ) болон ТББ-уудын мэдээлснээр хүүхэдтэй зүй бусаар харьцах явдал ноцтой асуудал байсан бөгөөд гол төлөв гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн зүй бус харьцааны хэлбэрээр илэрдэг гэжээ. Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийн 2015 онд хийсэн судалгаагаар 11-17 насны 10 хүүхэд тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өрстөн гэсэн дүн гарчээ. ХҮЭК-ын мэдээлснээр хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл ихэнхдээ мэдээлэгддэггүй, учир нь хүүхдүүд энэ тухай мэдээлэхээс эмээдэг эсвэл зохих газарт нь мэдээлэх боломжгүй байдагтай холбоотой. Хүүхэдтэй зүй бус харьцсан гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн зүй бус харьцаанд өртсөн талаар мэдээлэл улам бүр нэмэгдэж байгаа талаар ГБХЗХГ болон Нийслэлийн Цагдаагийн газраас мэдээлсэн ба учир нь эдгээр асуудлаарх олон нийтийн мэдлэг дээшилсэн, мөн ГБХЗХГ-ын ажиллуулдаг хүүхдийн шууд утсаар дуудлага авч цагдаа болон бусад холбогдох агентлагт холбож ажилласантай холбоотой гэж тэд үзэж байна.
Хүүхдээ хараа хяналтгүй орхих явдал бас байна. Түүнчлэн ядуурлаар үүдэлтэй хүүхдийг үл тоомсорлох болон архидалтаас үүдэлтэй эцэг эхийн зүй бус харьцаанаас болж зарим хүүхдүүд өнчр, гэр орноосоо дайжих явдал гарч байна. Эцэг эх нь зүй бус харьцсан хүүхдүүдийг хамгаалах байр руу явуулдаг гэж цагдаагийн ажилтнууд мэдэгдсэн хэдий ч олон хүүхдийг нөгөө л хүчирхийлэгч эцэг эхэд нь буцаасан тухай хөндлөнгийн ажиглагчид хэлж байна.
Нийслэлийн Цагдаагийн Газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дөрвөн ажилтан, ЦЕГ-ын хоёр ажилтнаас гадна бүх аймаг, Улаанбаатар хотын 17 дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэргийг мөрдөн байцаах нэг албан хаагч тус тус томилжээ. Төвийн дүүргүүдэд эргүүлийн цагдаа нар насанд хүрээгүйчүүдийн асуудлыг өдөр тутамдаа хариуцаж ажилладаг.
Хүүхэд насандаа болон хүчээр гэр бүл болох: Хуульд заасан гэр бүл болох хамгийн доод нас 18 бөгөөд шүүхээр зөвшөөрөгдсөн тусгай нөхцөл байдал болон эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл авсны үндсэн дээр 16-18 нас гэж заасан байна. 18-аас доош настай иргэд гэр бүл болсон тохиолдол гараагүй.
Хүүхдийг ашиг олох зорилгоор бэлгийн мөлжлөгт ашиглах: 18-аас доош насны хүүхдийг ашиг олох зорилгоор бэлгийн мөлжлөгт ашиглахыг хуулиар хориглосон хэдий ч ийм асуудал гарсан. ТББ-уудын мэдээлснээр тус улсад өсвөр насны охидыг хулгайлж, хүч хэрэглэх буюу хууран мэхлэх замаар хүчээр биеийг нь үнэлүүлсэн тохиолдлууд гарчээ. Өмнөд Солонгос, Японоос секс жуулчлалын зорилгоор тус улсад жуулчлах явдал тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орох насны доод хязгаар 16 байна. Насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэхгүй байх заалтыг зөрчсөн этгээдийг (16 насанд хүрээгүй этгээдтэй хүч хэрэглэхгүй, хүч хэрэглэхээр заналхийлэхгүйгээр хурьцал үйлдсэн байхыг хэлнэ) гурав хүртэл жил хорих ял шийтгэнэ. Садар самууныг сурталчилсан бүх зүйлийг үйлдвэрлэх, борлуулах, дэлгэн үзүүлэхийг хуулиар хориглосон бөгөөд гурав хүртэл сар баривчлах шийтгэл оногдуулдаг. ТББ-уудын мэдээлж байгаагаар хүүхдийг садар самуунд уруу татсан цахим бичлэг цөөнгүй байсан. Цаашилбал интернетэд тавигдсан хүүхдийн садар самуун бичлэг, секс сурталчилгаанд арга хэмжээ авах үүрэг бүхий чиглэсэн агентлаг байдаггүй. Цагдаа нар хүүхдийг ашиглан садар самуун бичлэг хийх, албадан бэлгийн харьцаанд оруулах, бэлгийн мөлжлөгт ашиглах зэрэг кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс байгуулснаар цахим орчинд гэмт хэргийг мөрдөн шалгах ур чадвараа дээшлүүлэх талаар хүчин чармайлт тавьж ажилласан хэдий ч энэ төрлийн гэмт хэрэг дээр ажиллах техникийн талын чадвар хязгаарлагдмал хэвээр.
Дотуур байрны хүүхдүүд: Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын яамны (БСШУСЯ) мэдээлснээр 40,000-50,000 гаруй хүүхэд сургуулийнхаа 500 гаруй дотуур байранд эцэг эхээсээ хол жилийн ихэнх хугацааг өнгөрүүлдэг байна. Эдгээр дотуур байр нь ихэвчлэн аймгийн төвд байх бөгөөд тэнд нүүдэлчид, эсвэл алслагдсан орон нутгийн өрх бүлийн хүүхдүүд байрладаг. Зарим сургуулийн дотуур байрны ачаалал нь хэтэрсэн байсан бад ихэнх нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зохих байр савгүй байсан. Дотуур байран дахь хүүхдүүдтэй зүй бус харьцах явдал, дотуур байрны барилгуудын аюулгүй байдалд сэтгэл зовниж байгаа талаар төрийн албаныхан, ТББ-ууд, олон улсын байгууллагууд илэрхийлсэн. БСШУСЯ-наас ГБХЗХГ-ын ажиллуулдаг хүүхдийн шууд утасны үйлчилгээний талаар хүүхдүүдийн эцэг эх болон дотуур байрны багш нарт мэдээлэл хүргүүлсэн. ГБХЗХГ нь 2016 оны эцэс гэхэд бүх дотуур байруудыг хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлогоо боловсруулахыг шаардсан байна.
Олон улсын хэмжээнд хүүхэд хулгайлах: Тус улс 1980 онд батлагдсан Олон улсын хэмжээнд хулгайлагдсан хүүхдийг орон гэрт нь буцаах иргэний талуудын тухай Гаагийн конвенцод нэгдээгүй. Төрийн департаментын жил тутам гаргадаг Олон улсын хүүхэд хулгайлах гэмт хэргийн тухай тайланг дараах хаягаар орж үзнэ үү: travel.state.gov/content/childabduction/en/legal/compliance.html.
Анти семитизм
Еврей хүн амын тоо маш цөөн, өнгөрсөн онд анти семитик үйлдэл гарсан тухай мэдээлэл ирээгүй.
Хүний наймаа
Хүний наймааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн департаментын Хүний наймааны илтгэл-ээс www.state.gov/j/tip/rls/tiprpt/ хаягаар орж үзэж болно.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
Хуулиар хөгжлийн бэрхшээл гэдгийг бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согогоос болж нийгмийн амьдралд оролцох хязгаарлагдмал байдал гэж тодорхойлжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилд авахаас татгалзах, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох хуулийн заалтууд хязгаарлагдмал (7.г. хэсгийг үзнэ үү) байв.
Хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсрол эзэмшихэд ээлтэй орчныг төрөөс бүрдүүлж өгөх үүрэгтэй хэдий ч, боловсрол эзэмшихэд ялгаварлан гадуурхахыг хориглосон тодорхой заалт байхгүй. Улаанбаатар хотод тусгай сургуулиуд байдаг ч хуульд зааснаар хөгжлийн бэрхшээлтэй оюутан сурагчид ердийн сургуульд суралцах боломжтой. Гэхдээ бодит байдал дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсрол эзэмших боломж маш хязгаарлагдмал байв. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн 6-р сард мэдээлснээр сургуулийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зөвхөн 66 хувь нь л сургуульд хамрагдаж байна. ТББ-уудын хэлж байгаагаар хөгжлийн бэрхшээл гэж юу вэ гэдэг талаар нэгдсэн ойлголт байхгүй байгаагаас сургуулиуд оюун санааны бэрхшээл болон хөгжлийн бэрхшээлийг тэр бүр ялгаж салгаж тодорхойлж чаддаггүй. Ялангуяа Дауны синдром болон аутизмтай хүүхдүүдийн эцэг эхчүүдийн ТББ-уудын мэдэгдсэнээр эдгээр хүүхдүүдтэй ажиллах мэргэшсэн багш нар байхгүй байна. Түүнчлэн ХЭҮК-ын мэдээлснээр зохих сурах бичиг болон бусад сургалтын материал хангалтгүй, зарим багш нар энгийн сургуулийн сурах бичгийг анги бууруулан хэрэглэх буюу өөрсдөө сургалтын материалаа боловсруулдаг ажээ. ХЭҮК-ын тайланд дурдсанаар ихэнх энгийн сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан зориулалтын байгууламжгүй (сургуулийн автобус мөн орно) байсны дээр төрөөс энэ талын шинэчлэл хийх хангалттай хөрөнгө мөнгө хуваарилаагүй.
Шинээр баригдах олон нийтийн барилга байгууламж хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэгцээг хангасан стандарттай байх хууль батлагдсан хэдий ч шинээр баригдсан ихэнх барилга уг хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй. Хуулиар 20-иос дээш авто тээврийн хэрэгсэлтэй аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгслийн арван хувийг харааны болон сонсголын хөгжлийн бэрхшээлтэй иргэн тээвэрлэх боломжтой байна гэсэн шаардлага тавигддаг. Гэсэн хэдий ч нийтийн тээврийн хэрэгслүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэд орох тусгай орц гарцгүй хэвээр байна. Онгорхой нүх, зам хаасан саад тотгор ихтэй, явган зорчигчийн гарцан дээр жолооч нар замбараагүй давхидаг хэвээрээ байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чөлөөтэй зорчиход саад учруулсаар байна.
Харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэд радио телевиз ашиглах боломжгүй байдаг тул нийгэмд болж буй үйл явдлын талаар мэдээлэл авахад бэрхшээлтэй хэвээр байна. Тусгайлан мэргэшсэн боловсон хүчин, шаардлагатай технологи дутмаг байдгаас эдгээр иргэд түргэн тусламжийн үйлчилгээ авахад бэрхшээлтэй байдаг. Тус улсын гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах байруудад хөгжлийн бэрхшээлтэй хүн орох зориулалтын зам тавигдаагүй.
2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас ялгаатай нь, 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр Брайль үсгийн тэмдэглэгээ бүхий саналын хуудастай болсон байсан.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, төсөл боловсруулах хэрэгжүүлэх чиг үүргийг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яаман дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэс хариуцдаг. Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхцөл байдлыг сайжруулах тал дээр хүчин чармайлтаа нэмэгдүүлж ажилласны дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхахыг хориглосон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийг 2-р сард шинэчлэн баталсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан Ерөнхийлөгчийн зөвлөхтэй болсон болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан мэргэжлийн сургалт, жижиг төслүүдэд жилд гурван тэрбум төгрөгийн ($1.46 сая) төсөв хуваарилсан зэрэг орно. Гэвч хуулийн хамгаалалт, эдлэх эрхийн заалтуудын хэрэгжилт сул хэвээр байна
Хуульд зааснаар төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэдний хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээг харгалзан тэтгэмж олгох үүрэгтэй. Төрөөс ийм тэтгэмж олгодог хэдий ч мөнгөн тусламжийн хэмжээ бага, уг мөнгийг хуваарилах тогтолцоо хангалтгүйгээс хөгжлийн бэрхшээлтэй бүх иргэн хүртэж чаддаггүй.
Үндэсний/ Арьс өнгөний/ Угсаатны цөөнх
Хэт үндсэрхэг үзэлтэй бүлгүүд сүүлийн жилүүдэд харьцангуй намжмал байдалтай байсан ч гол төлөв Хятад иргэдийн эсрэг чиглэсэн хүчирхийллийн үйл ажиллагаа үе үе гарсан.
Хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, Бэлгийн чиг баримжаа болон хүйсийн баримжаа илэрхийлэлд суурилсан бусад хүчирхийлэл
Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээр ялгаварлан гадуурхахыг хориглосон хууль байхгүй. Ижил хүйс бүхий хүмүүсийн харилцан тохиролцсон бэлгийн харилцааны талаар хуульд тусгайлан заагаагүй боловч Эмнести Интэрнэйшнл болон Олон улсын ЛГБТИ холбооноос (ИЛГА) Эрүүгийн хуулин дахь “бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах” гэсэнтэй холбоотой заалтуудыг шүүмжилж, энэ нь ижил хүйсийн бэлгийн чиг баримжаа бүхий хүмүүсийн эсрэг хэрэглэгдэж болзошгүй гэж үзсэн. Монгол улсын иргэн эмнэлгийн журмаар хүйсээ солиулсан бол энэ тухай эмнэлгийн магадлагааг үндэслэн төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхийг шинэчлэн олгохыг хуулиар зөвшөөрсөн бөгөөд энэхүү зүйл заалтын дагуу трансжендэр хүмүүс бичиг баримтаа амжилттай шинэчлүүлснийг ЛГБТ төв мэдээлсэн.
Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээсээ болж ЛГБТИ хүмүүс олон нийтийн дунд ч, ар гэртээ ч хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтад өртдөг тухай ТББ-ууд мэдээлсээр байна. ЛГБТ Төв нь ЛГБТИ хүмүүс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаарх хэд хэдэн мэдээлэл хүлээж авсан бөгөөд эдгээрийн ихэнх нь гэр бүлийнхэндээ өөрийгөө илчилсэн, эсвэл гэр бүлийнхэн нь ЛГБТИ болохыг нь мэдсэн залуу хүмүүс байжээ. ЛГБТИ олон нийтийн гишүүд өмнө нь ЛГБТИ хүмүүсийг онилон дайрдаг байсан хэт үндсэрхэг үзэлтнүүдээс эмээдэг тухайгаа илэрхийлсэн байна.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл гей, лесбиян болон трансжендэр хүмүүсийг доромж үгээр тодорхойлох, тэднийг ХДХВ, ДОХ, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах, залуучуудын ёс суртахуунд сөргөөр нөлөөлөхтэй хамаатуулж бичсэн тохиолдол гарсан. Үүнээс гадна цахим хэвлэлээр ЛГБТИ хүмүүсийг удаа дараа тохуурхах, зарим тохиолдолд тэдгээрийн нэр ус, хаягийг цахим сэтгэгдэлд бичиж үлдээсэн тухай ТББ-ууд мэдэгдсэн.
ЛГБТИ хүмүүс цагдаагийнхан өөрсдийг нь дарамталсан, мөн мөрдөн мөшгөсөн гэж мэдэгдсэн. Сүүлийн жилүүдэд цагдаа нар болон мөрдөн байцаагчдыг ЛГБТИ хүмүүсийн эрхтэй холбоотой хэрэг маргаанд хэрхэн хандах талаар сургалтад хамруулсан хэдий ч цагдаа нар гэмт хэргийн хохирогчдыг гомдол гаргах үед хэл амаар доромжилсон мэдээ байна. Нэг талаас хууль хэрэгжүүлэх байгууллага дахь тоо баримт хязгаарлагдмал, нөгөө талаас нийгэмд ад шоо үзэгдэх, гутаан доромжлогдохоос эмээн гэмт хэргийг цагдаад мэдэгдэхгүй өнгөрөх зэрэг хүчин зүйлийн улмаас ЛГБТИ хүмүүсийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн хэр хэмжээг тогтооход бэрхшээл учирч байгаа тухай ТББ-ууд мэдээлж байна. ЛГБТИ олон нийтийн эсрэг чиглэсэн үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргүүдэд мөрдөн байцаалт явуулах, ялын дүгнэлт үйлдэх, зохих ял шийтгэл ногдуулах зэрэг ажиллагаанд баримтлах үзэн ядалтаас үүдсэн гэмт хэргийг хориглосон хууль тогтоомж болон бусад эрүүгийн хэргийн шударга ёсыг хангах механизм байхгүй. Түүнчлэн цагдаагийн саатуулах байрнуудад цагдан хоригдсон хүмүүсийг бэлгийн чиг баримжаанаас нь болж зүй бусаар харьцсан гэх мэдээлэл байна.
Албан тушаалтнууд ЛГБТИ хүмүүсийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргүүдийг удаа дараа хэрэгсэхгүй болгосон. ЛГБТИ хүмүүс зүй бус харьцааг мэдээлж, өөрсөд руу нь довтолсон этгээдийн эсрэг шүүхэд гомдол мэдүүлэхэд буруутай этгээдүүд гэм зэмгүй өнгөрөх магадлалтай байдгаас эмээдэг гэж мэдээлсэн бөгөөд тэд хууль сахиулагчдад итгэдэггүйгээс ЛГБТИ хүмүүсийн эсрэг гэмт хэрэг хангалттай хэмжээнд мэдээлэгддэггүй гэж ажиглагчид дүгнэсэн.
Ажил эрхлэхэд ялгаварлан гадуурхах явдал мөн бэрхшээлтэй асуудлын нэг байсан (7.г. хэсгээс үзнэ үү).
Тус улсын ЛГБТИ хүмүүсийн эрхийг хамгаалж ажилладаг ТББ-ууд дөрөв дэх жилдээ Бахархлын үйл ажиллагааг зохион байгуулсан. Өмнөх жилийнхтэй ялгаатай нь энэ удаа ЛГБТИ хүмүүсийг чөлөөтэй жагсаал цуглаан хийж, үйл ажиллагаагаа явуулахад нь Нийслэлийн болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрынхан зөвшөөрөл олгосон байна.
ХДХВ болон ДОХ – Нийгмийн жигшил
ХДХВ, ДОХ-той хүмүүсийг илтэд ялгаварлан гадуурхдаггүй ч, нийгэмд тодорхой хэмжээний алагчлал оршсоор байна. ХЭҮК болон бусад ажиглагчдын үзсэнээр улсын, хувийн болон клиник эмнэлгүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний ажилтнууд өөрсдөө ХДХВ-ийн халдвар авахаас эмээн ХДХВ, ДОХ-той хүмүүст үйлчилгээ үзүүлэхээс гол төлөв татгалздаг. Түүнчлэн НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрийн мэдээлснээр ХДХВ, ДОХ-ын халдвартай бүх эмэгтэйчүүд хүүхдээ зөвхөн Улаанбаатар хотын Халдварт өвчин судлалын үндэсний төвд төрүүлэх ёстой. Эмэгтэйчүүд бүх холбогдох зардлаа өөрсдөө төлдөг бөгөөд тус төвд шинэ төрсөн нярайн асаргаа сувиллын үйлчилгээ үзүүлдэггүй. Олон нийт ерөнхийдөө ХДХВ, ДОХ-ын халдварыг ижил хүйсийн хүнтэй бэлгийн харьцаанд орох явдалтай холбож ойлгосоор байгаа нь тэднийг нийгмийн жигшил, хөдөлмөр эрхлэлтийн ялгаварлан гадуурхалтанд өртөхөд хүргэдэг. ХДХВ-ын халдвар авсан хүмүүсийн гуравны хоёр нь гей эрэгтэйчүүдийн дунд илэрсэн гэсэн тоо баримт нь дээрх нийгмийн гутаан доромжлолыг улам бататгаж өгсөн.
7 дугаар хэсэг Ажилчдын эрх
а. Эвлэлдэн нэгдэх эрх, хамтын хэлэлцээ хийх эрх
Хуульд зааснаар ажилчид урьдчилсан зөвшөөрөл, хэт өндөр шаардлагагүйгээр өөрсдийн саналаар бие даасан үйлдвэрчний эвлэл, эсвэл мэргэжлийн байгууллага байгуулах, элсэн нэгдэх эрхтэй. Хуулиар үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд ажилчид ялгаварлан гадуурхалтгүйгээр идэвхтэй оролцох, ажил хаях, хамтын хэлэлцээ хийх эрхийг нь хамгаалаад зогсохгүй, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцсоны улмаас ажлаас халагдсан ажилчныг ажлын байранд нь буцааж авахыг хуульчилсан. Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) нь цагаач ажилчид одоогоор үйлдвэрчний эвлэл байгуулах, эсвэл хамтын хэлэлцээ хийх боломжгүй байна хэмээн мэдэгдсэн.
Улс орныг батлан хамгаалах, улсын аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журам сахиулах үүрэг бүхий байгууллага (тэр дундаа цагдаагийн албан хаагчид, цахилгаан, дулааны эрчим хүч, нийтийн усан хангамж, нийтийн тээвэр зэрэг) –ын ажилтан албан хаагчид ажил хаях эрхгүй. Хамтын гэрээгээр зохицуулагдсан үйл хэрэгтэй холбогдолгүй байдлаар ажил хаялт зохион байгуулахыг хуулиар хориглоно.
Хууль тогтоомжид хамтын хэлэлцээ хийх, эвлэлдэн нэгдэх эрхийг хамгаалдаг ба эдгээр эрх ихэнхдээ хэрэгждэг. Эвлэлдэн нэгдэх, хамтын хэлэлцээ хийх эрх чөлөөг зөрчсөн тохиолдолд 200,000 төгрөг ($97) хүртэлх хэмжээгээр торгууль ногдуулдаг нь зөрчлийг арилгахад хангалттай бус байна. Ажилтнууд болон удирдлагын хооронд гарсан дийлэнх маргааныг Хөдөлмөрийн Маргаан Таслах гурван талт комиссоор шийдвэрлэдэг. Тус комиссоор шийдвэрлэж чадаагүй хэрэг маргааныг шүүхэд шилжүүлдэг. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны (МҮЭХ) мэдээлснээр уг үйл явц маш их цаг хугацаа шаарддаг тул цаг, зардлаа хэмнэх үүднээс олон ажилчин маргаанаа хэрэгсэхгүй орхисон.
МҮЭХ-ны мэдэгдсэнээр зарим ажилчид үйлдвэрчний эвлэл байгуулах болон нэгдэн элсэхэд саад бэрхшээлтэй тулгарсан бөгөөд зарим ажил олгогч ажилчдаа ажлын цагаар үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хориглосон. Мөн үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцсоны улмаас ажлаас халагдсан ажилчдыг буцааж ажилд нь аваагүй байна. МҮЭХ-ны мэдээлснээр зарим ажил олгогчид одоо байгаа үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг сулруулах зорилготой үйлдлүүд хийсэн. Тухайлбал, зарим компани ажилчдын цалингаас үйлдвэрчний эвлэлийн татварт суутгадаг мөнгийг өөр бусад зорилгоор ашиглаж, уг мөнгийг үйлдвэрчний эвлэл рүү шилжүүлдэггүй. Төрийн байгууллагуудыг үйлдвэрчний эвлэлийн татварт суутгасан мөнгийг үйлдвэрчний эвлэл рүү шилжүүлэхийг шаардсан Дээд шүүхийн шийдвэр гарсныг үл харгалзан Улаанбаатар, Ховд болон бусад аймгууд 8-р сарын байдлаар дээрх татварыг холбогдох үйлдвэрчний эвлэл рүү шилжүүлэх арга хэмжээ аваагүй тухай МҮЭХ мэдээлсэн. Зарим ажил олгогчид хамтын хэлэлцээний гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан талаар МҮЭХ мөн мэдээлсэн байна.
б. Хүчээр буюу албадан хөдөлмөр эрхлүүлэхийг хориглох
Хуулийн дагуу оноосон ял шийтгэлээс бусад тохиолдолд хүчээр буюу албадан хөдөлмөр эрхлүүлэхийг Үндсэн хуулиар тусгайлан хориглосон. Тус хуульд албадан хөдөлмөр эрхлүүлсэн тохиолдолд авах арга хэмжээг тодорхойлсон зүйл заалт тусгаагүй. ТББ-ууд болон төрийн албан тушаалтнуудын мэдэгдсэнээр байцаагчдын тоо хүрэлцээ муу, санхүүжилт хангалтгүй, олон нийтийн мэдлэг тааруу, авах арга хэмжээ бүрхэг байдаг нь хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байна. Хууль зүйн яамнаас Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газарт (МХЕГ буюу тус улсын хяналт шалгалт явуулах чиг үүрэг бүхий төв байгууллага) хөдөлмөрийн мөлжлөгийг олж тогтоох сургалт явуулж, бүх аймгийн байцаагчдыг хамруулсан.
Хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх зэрэг албадан хөдөлмөр эрхлүүлсэн тухай хэд хэдэн тайлангууд байсан. Хойд Солонгос, Хятад ажилчид барилга, үйлдвэрлэл, газар тариалан, ойн аж ахуй, загасчлал, ан агнуур, бөөний болон жижиглэнгийн худалдаа, авто засвар болон уул уурхайн салбарт албадан хөдөлмөр эрхлэлтэнд өртөх эрсдэлтэй байсан тухай тайлангууд бий. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын (БНАСАУ) ажилчдад төлөх ёстой цалин хөлсийн дийлэнх хувийг БНАСАУ-ын Засгийн газарт төлдөг, түүнчлэн ажилчдын чөлөөтэй зорчих хөдөлгөөнийг БНАСАУ-ын иргэн харгалзагчгүйгээр хаашаа ч явж болохгүй хэмээн хязгаарлах асуудал байгааг хэвлэлүүд мэдээлж, төр засгийн албаны хүмүүс баталгаажуулсан (7.д. хэсгээс үзнэ үү).
Төрийн департаментын Хүний наймааны тухай тайланг www.state.gov/j/tip/rls/tiprpt/ хаягаар орж үзэж болно.
в. Хүүхдийн хөдөлмөрийг хориглох ба хөдөлмөрийн насны доод хязгаар
Хуульд зааснаар 14 нас хүрээгүй хүн хөдөлмөр эрхлэхийг хориглодог. Харин 14 нас хүрсэн хүн гагцхүү мэргэжлийн баримжаа, ажлын дадлага хийх зорилгоор эцэг эх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр долоо хоногт 30 хүртэлх цаг хөдөлмөр эрхэлж болно. 15 нас хүрсэн хүн эцэг эх буюу асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр хөдөлмөрийн гэрээ байгуулж болох бөгөөд 16 настай хүүхэд бие даан хөдөлмөрийн гэрээ байгуулж болох заалттай. Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны тушаалаар 18 насанд хүрээгүй хүүхдийг уул уурхай, барилга байгууламж зэрэг аюултай нөхцөлд ажиллуулах, хүнд хүчир ажил хийлгүүлэх, 11-р сарын 1-нээс 5-р сарын 1-нийг хүртэл буюу өвлийн улиралд хурдан морины уралдаанд унаач хүүхдээр (бусад улиралд 7 нас хүрсэн хүүхэд хурдан морины уралдаанд орж болно) ажиллуулах, шөнийн цагаар соёлын, циркийн болон уламжлалт урлаг соёлын арга хэмжээнд оролцуулах, согтууруулах ундаа зарах бизнес эрхлэх болон гудамжинд гар дээрээс наймаа эрхлэхийг тус тус хориглодог. 16, 17 настай хүүхдүүд долоо хоногт хамгийн ихдээ 36 цаг хүртэл ажиллах эрхтэй.
Эрх баригчдын мэдэгдэж байгаагаар ажил олгогчид ихэнхдээ хууль тогтоомжийг зөрчиж, насанд хүрээгүй ажилтныг долоо хоногт 40-өөс дээш цаг ажиллуулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин хөлс өгдөг ажээ. Мөн Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын (ОУХБ) мэдээлснээр хөдөлмөр эрхэлж болох насны доод хэмжээ нь суурь боловсрол эзэмшиж төгсөх доод наснаас доогуур байгааг тэмдэглээд дээрх хоёр заалтыг нэг мөр болгохыг төр засагт уриалсан.
Хүүхдийг албадан болон хүчээр хөдөлмөрлүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Харин насанд хүрээгүй хүүхдийг “тэнүүчлэл, гуйланчлалд” татан оруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуу хүртэл дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар баривчлах ялаар шийтгэнэ. Өнгөрсөн жилд хүүхдийг албадан болон хүчээр хөдөлмөрлүүлсэн хэргийг төрөөс ялласан тохиоолдол байгаагүй.
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам, ГБХЗХГ-аас хүүхдийг хөдөлмөр эрхлэхээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөр эрхэлж буй хүүхдийг хөдөлмөрөөс хөндийрүүлэх, гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийг нь хөдөлмөр эрхлэхэд дэмжих зорилгоор орон нутгийн засаг захиргааны байгууллагуудад 160 сая төгрөг ($77,750) тараасан. ГБХЗХГ нь гадны дэмжлэгтэйгээр бичил уурхай дээр очиж ажиллах зэргээр хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар 6 аймагт сургалт зохион байгуулсан. ГБХЗХГ тухайн бичил уурхайн цэгүүд дээр “хүүхдүүд байгаагүй” гэж мэдээлсэн хэдий ч, энэ дүр зураг шалгалт хийхээс хоёр өдрийн өмнө урьдчилан мэдэгдэх ёстой гэсэн хуулийн заалт байдагтай холбоотой гэж үзэж байна. Төр засгийн зүгээс хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байсан 18 насанд хүрээгүй хүүхдүүдийн тоог гаргасан ч энэ төрлийн хөдөлмөрөөс хөндийрсөн хүүхдүүдийн тоог гаргаагүй.
Хүүхдүүд хүчээр хөдөлмөр эрхэлсэн тохиолдлуудаас гадна олон салбарт, тэр дундаа гар аргаар олборлох бичил уурхай, хүчээр гуйлга гуйх, газар тариалан, зочид буудал, зоогийн газар, аж үйлдвэр, гар дээрээс наймаа эрхлэх, хог ухах, гудамжны үзүүлбэр буюу уран нугаралт (Монголын урлагийн нэг төрөл), хууль бус биеэ үнэлэх зэргээр хөдөлмөр эрхэлж байна (“Хүүхэд” гэсэн 6 дугаар хэсгээс үзнэ үү). Статистик тоон мэдээлэл хязгаарлагдмал ч, ТББ болон албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар архидан согтуурах явдал хавтгайрсан, эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас болж олон хүүхэд бие дааж орлогын эх үүсвэр олох шаардлагатай болсон. МХЕГ-ын тайланд дурдсанаар өнгөрсөн оны эхний хагаст үйлдвэрийн ослоор хүүхдүүд амь алдсан, бэртсэн тохиолдол гараагүй.
Хурдан морины уралдаанд хүүхдүүд морь унаж байгаад санаа зовж байгаагаа олон улсын байгууллагууд мэдэгдсээр байна. ХЭҮК-ийн тайланд дурдсанаар жил болгон 30,000 гаруй хүүхэд морь унаж уралддаг байна. Хүүхдүүд ихэвчлэн дөрвөөс таван насандаа морь унаж сурдаг ба үндэсний баяр наадмын үеэр хоёроос 20 орчим милийн зайд болдог морины уралдаанд бага насны хүүхдүүд хурдны морь унадаг уламжлалтай юм. Төр засгийн зүгээс ид хүйтний үеэр хүүхдээр морь унуулж уралдуулахыг хориглосон ч өвлийн уралдаан хэд хэдэн удаа болж өнгөрсөн. Унаач хүүхдүүдэд толгой, цээжний хамгаалалт заавал хэрэглэх талаар хууль тогтоомж баталж, төр засаг, олон нийтийн зүгээс оролцоогоо нэмэгдүүлж, тэдний аюулгүй байдлыг илүүтэй анхаарах болсон хэдий ч хэрэгжилт тууштай бус. Ажиглагчдын үзэж байгаагаар үндэсний хэмжээний уралдаанд аюулгүй байдлыг хангах дүрэм журмын биелэлт сайн байдаг ч орон нутаг, бүсийн уралдаануудын үеэр хэрэгжилт хангалттай бус. ГБХЗХГ үндэсний мэдээллийн сан бүрдүүлж, албан ёсоор хорио тавьсан улсын хэмжээний болон орон нутгийн хурдан морины уралдаанд оролцсон бүх хүүхдийг бүртгэлд хамруулжээ. Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны мэдээллээр есдүгээр сарын байдлаар 176 хүүхэд мориноос унаж, 10 нь хүнд бэртэл авч, нэг хүүхэд нас барсан.
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн талаар Хөдөлмөрийн яамнаас гаргасан тайланг www.dol.gov/ilab/reports/child-labor/findings хаягаар орж үзнэ үү.
г. Ажил эрхлэлт, мэргэжлээр ялгаварлан гадуурхах
Хүнийг хөдөлмөр эрхлэлт болон албан тушаалын хүрээнд үндэс, угсаа, арьсны өнгө, хүйс, гэрлэсэн байдал, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахыг хуулиар хориглоно. Мөн “тухайн хүний биеийн эрүүл мэндийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохоор эсхүл ажлын байран дахь хөдөлмөрийн нөхцөл эрүүл мэндэд нь харшлахаар” биш л бол ажил олгогч өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой үндэслэлээс бусад тохиолдолд хөгжлийг бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулахаас татгалзахыг хориглосон. Хуульд зааснаар эрүүл мэндийн байдал нь хүндэрч ажил үүргээ биелүүлэхэд бэрхшээлтэй болсноос бусад тохиолдолд ажил олгогч ХДХВ/ДОХ-ын халдвар авсан хүнийг ажилд авахаас татгалзах, эс бол ажлаас халахыг хориглодог. Эмэгтэйчүүдийг хүнд хөдөлмөр шаарддаг, нярай хүүхэд болон эхийн эрүүл мэндэд нөлөөлж болох химийн бодистой харьцдаг зарим ажлын байранд ажиллуулахыг хуулиар хориглосон. Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл, нас, эсвэл хэлээр ялгаварлан гадуурхахыг хориглосон заалт хуульд тусгагдаагүй.
Төрөөс дээрх хуулиудыг хангалтгүй хэрэгжүүлсэн бөгөөд хүйс, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл, ХДХВ-ын халдвартай гэх үндэслэлээр ажил эрхлэлт, мэргэжлээр ялгаварлан гадуурхсан явдал гарсан. ХЭҮК-ийн олж тогтоосноор эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол албан тушаал дэвших юм уу, мэргэжлийн хувьд өсөж дэвжих боломжоор илүү хангагдаж байсан. Хууль зөрчсөн этгээдэд 100,000 төгрөгийн ($49) торгууль ногдуулдаг нь зөрчлийг арилгахад хангалттай хэмжээний торгууль биш юм.
Хуулиар 25 болон түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт орон тооныхоо дөрөв болон түүнээс дээш хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүн авч ажиллуулахыг шаардаж, хэрвээ авч ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 30-50 хувийн торгууль төлөхөөр хуульчилсан ч, бодит байдал дээр компаниуд хөгжлийн бэрхшээлтэй иргэд авч ажиллуулахаас төвөгшөөдөг, ихэнх нь төлбөр төлөхийг илүүд үздэг тухай ТББ-ууд мэдээлсэн. Тэдний мэдэгдэж байгаагаар төрийн байгууллагууд өөрсдөө дээрх 4 хувийн квотын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулаагүй. 5-р сард Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын тооцоолсноор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 20 хүрэхгүй хувь нь хөдөлмөр эрхэлж байсан байна. Хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнх нь ажил хөдөлмөр эрхлээгүй хэвээр байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийн мэдээлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилд орлоо ч тэр бүр нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх боломжгүй байдаг тул зарим үед ажлын байраа хадгалж чаддаггүй (“Хөгжлийн бэрхшээлтэй иргэд” гэсэн 6 дугаар хэсгийг үзнэ үү).
ТББ-ууд, ХЭҮК, ЛГБТИ олон нийтийн гишүүдийн мэдээлснээр компаниуд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээ илэн далангүй илчилсэн ЛГБТИ хүмүүсийг ажилд бараг аваагүй, ажил дээрээ өөрийн нөхцөл байдлаа мэдэгдсэн ЛГБТИ хүмүүсийг ихэнхдээ ялгаварлан гадуурхаж байсны дотор ажлаас халах магадлал өндөр байжээ. Үүнээс гадна ЛГБТИ хүмүүс хууль бусаар ажлаас халагдахад хүрвэл ажил олгогч нь өөрийнх нь талаар цааш олон хүнд нууцыг нь задлах вий гэдгээс болгоомжилж тухайн маргааныг шүүхээр шийдвэрлүүлдэггүй нь ялгаварлан гадуурхах эрсдэлийг нэмэгдүүлсэн. Төр засгаас ажлын байранд ЛГБТИ хүмүүсийг ялгаварлан гадуурхах асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ аваагүй.
Гадаадын цагаач ажилчдын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой зөрчил дээр ерөнхий хүн амын хөдөлмөр эрхлэлттэй ижил төвшний хамгаалалт авч чадаагүй.
д. Хөдөлмөрийн таатай нөхцөл
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 192,000 төгрөг ($93) бөгөөд төрийн болон хувийн хэвшлийнхэнд адил хамаардаг. МҮЭХ-ны мэдээлж байгаагаар уг хэмжээ нь боломжийн амьжиргаа залгуулахад хангалтгүй. Инфляцийн төвшин өндөр байсан нь уг асуудлыг улам дордуулсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Үйлдвэрчний Эвлэлийн төлөөлөл болон ажил олгогчидтой зөвшилцөж хоёр жил тутамд шинэчлэн тогтоодог.
Долоо хоногийн ажлын цаг нь 40 цаг бөгөөд ажлын долоо хоногуудын хооронд амрах хугацаа хамгийн багадаа 48 цаг байхаар хуульчилсан. Хуульд зааснаар нийтээр амрах баярын өдөр ажилласан дундаж цагийн үнэлгээг 2 дахин, долоо хоногийн амралтын өдөр болон ажлын бус цагаар ажилласан бол 1,5 дахин нэмэгдүүлэх эсвэл илүү ажилласан цагтай тэнцэх хугацаагаар цалинтай нөхөн амраана. МҮЭХ-ны мэдээлснээр төрийн албан хаагчид илүү цагийн хөлс ихэнхдээ авдаггүй. Жирэмсэн эмэгтэйчүүд, хөхүүл эхчүүдийг илүү цагаар ажиллуулахыг хуулиар хориглодог. Хуульд зааснаар ажилтан эхлээд жилд 15 хоног цалинтай амарч, цаашид ажилласан хугацаа нэмэгдэх тусам амралтын хоног нэмэгддэг. Ажилтнууд өвчний чөлөө авахтай холбоотой хуулийн зохицуулалт байдаггүй.Төр засгийн мэдэгдэж байгаагаар ажил олгогчид өөрсдөө энэ талаар дүрэм журам боловсруулж мөрддөг.
Өмнө батлагдсан аюулгүй байдлын олон стандарт хуучирч шаардлага хангахгүй болсон тухай Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны албаны хүмүүс мэдэгдсэн хэдий ч гадаад дотоодын ажилчдад үйлчлэх хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартуудыг хөдөлмөр, хоршоо, компанийн тухай хуулиудаар зохицуулдаг.
МХЕГ-ийн бүсийн болон орон нутгийн салбарын хөдөлмөрийн байцаагч нар хөдөлмөрийн нөхцөлийн асуудалтай холбоотой бүхий л зохицуулалтуудыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй, хөдөлмөрийн хууль тогтоомжийг даруй даган мөрдөхийг шаардах эрх мэдэлтэй. Гэвч байцаагчдын тоо цөөн, хувийн хэвшлийн компаниудын тоо улам бүр нэмэгдэж байгаагийн улмаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, ажлын цаг, хөдөлмөрийн аюулгүй байдал болон эрүүл мэндийн асуудлыг зохицуулах хуулиудын хэрэгжилт хязгаарлагдмал. Байцаагч нар ерөнхийдөө албан бус секторт хяналт шалгалт явуулдаггүй. МХЕГ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хянах 63 байцаагч, эрүүл ахуйн стандартуудыг хянах 32 байцаагчидтай.
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандартыг зөрчсөн болон үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан компаниудад авч буй торгуулийн хэмжээ уг асуудлыг шийдвэрлэх хөшүүрэг болж чадахгүй байгааг МХЕГ мөн онцлон тэмдэглэсэн. Холбогдох хууль тогтоомжид аливаа хяналт шалгалт явуулахаас наад зах нь хоёр өдрийн өмнө урьдчилан мэдэгдэхээр хуульчилсныг зөрчлийг нуун дарагдуулах цаг гаргаж өгч байгаа явдал гэж ХЭҮК үзэж байна. Цаашилбал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт хариуцсан ажилтнууд ихэнх тохиолдолд туршлагагүй, эсвэл зохих сургалтад хамрагдаагүй. Эрх бүхий зөвшөөрөлтэй сургалтын төвүүд нь зөвхөн Улаанбаатар хотод байрладаг.
Төрөөс албан бус салбарт ажиллагсдад өндөр насны тэтгэвэр болон нийгмийн хамгааллын бусад бодлого хэрэгжүүлдэггүй ч эдгээр ажилчид эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, нийгмийн халамжид хамрагдах болон нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой байсан.
Олон ажилчид, нэн ялангуяа орон нутаг дахь жижиг компанийн ажилчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин авдаг байна. Барилгын салбарт ажиллаж буй ажилчид өвлийн хахир хүйтний улирлын байдлаас шалтгаалан ажлаа хэдхэн сард дуусгахын тулд зарим үед удаан цагаар ажиллах шаардлагатай тулгардаг нь үйлдвэрлэлийн осол, бэртэх гарах эрсдэлийг нэмэгдүүлж байгаад МҮЭХ санаа зовниж байв.
МҮЭХ-ны зүгээс Оюу Толгой, Таван Толгойн уурхайн төслүүд дээр ажиллаж буй гадаадын иргэдийн тоо хэмжээний талаар асуудал дэвшүүлж, тухайн төслүүд дээр ажиллах монгол иргэдийн тоог давамгай байлгахыг шаардсан хэвээр байсан. Ажил олгогч компаниуд орон нутагт техникийн болон хагас мэргэшсэн ур чадвар бүхий боловсон хүчний тоо хангалтгүй байна гэж мэдэгдсэн ч МҮЭХ ур чадвартай ажилчид байсаар атал хангалттай авч ажиллуулахгүй байна гэж хариу мэдэгдсэн. Ажиллах хүчний төлөөлөгчдийн дэвшүүлж буй өөр нэг асуудал бол адил тэнцүү мэргэжил боловсролтой монгол иргэд яг адил ажил гүйцэтгэж байхад гадаад ажилчдын авч буй цалин хөлс хэд дахин их байна гэсэн асуудал юм. Ажил олгогч компаниуд, төр засаг, МҮЭХ-ны зүгээс уг асуудлаар өнгөрсөн онд үргэлжлүүлэн яриа хэлэлцээр өрнүүлсэн.
Уул уурхай, барилга дээр ажилладаг хятад ажилчид давамгайлсан гадаадын ажилчид төрөөс тогтоосон дүрэм журамд тавигдсан шаардлагыг хангахгүй нөхцөлд ажилладаг гэсэн мэдээлэл байна. МХЕГ-ын мэдээлснээр тус байгууллага гадаад ажилчдын ажлын байр, эрүүл мэнд, эрүүл ахуйн нөхцөл байдалд хяналт шалгалт явуулсан хэдий ч тэдгээр ажилчдын авч буй цалин хөлс, амьдарч буй орчинд шалгалт явуулах эрхгүй байв. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сайтар мөрдөж ажилладаг компаниудад гадаад болон монгол ажилчдын аюулгүй ажиллагааны стандартыг чанд мөрдөж ажилласан бол аюулгүй ажиллагааг хангаагүй компаниудад удаа дараа осол гарч, гадаад монгол ажилчдын аль аль нь өртсөн.
Хойд Солонгосоос ирсэн 1,775 орчим ажилчнынөхцөл байдал ил тод бус, гэрээгээр тохиролцсон нөхцөл, ажиллах эрх, эдгээр ажилчдын нөхөн төлбөрийн асуудал нууцлагдмал байсан.Хойд Солонгосын ажилчдын хөдөлмөрийн гэрээнд хяналт тавих тал дээр Монгол улсын эрх бүхий байгууллагуудын оролцоо бага, Хойд Солонгосын засгийн газрын болон зуучлагч компаниудын үйл ажиллагаанд үндсэндээ найддаг гэж ТББ мэдээлсэн. Эдгээр ажилчид олон салбарт, ялангуяа зуны цагт хүнд хэцүү нөхцөлд ажиллаж амьдардаг гэсэн мэдээ байна. Ажиглагчид болон төрийн албаныхны үзэж байгаагаар Хойд Солонгосын ажилчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин хөлс авдаг байх магадлал өндөр, гол төлөв хүнд хэцүү нөхцөлд ажилладаг, мөн тэдгээр ажилчдын ихэнх цалин Хойд Солонгосын засгийн газарт шууд очдог.
Хоцрогдсон машин техникээс бүрэн хараат шахуу байдалтай, засвар үйлчилгээ болон менежментийн буруу бодлого нь үйлдвэрийн осол байнга гарах, тэр дундаа барилга байгууламж, уул уурхай, эрчим хүчний салбарт үйлдвэрийн осол удаа дараа гарахад хүргэж байна. ХЭҮК-ын мэдээлснээр хурдацтай хөгжиж буй барилгын салбарт хөдөлмөр хамгааллын асуудал, аюулгүй байдлыг хангах асуудал дутмаг байгаагаас тус салбар осол аваарт нэн өртөмтгий болоод байна. МХЕГ-ын мэдээлснээр тухайлбал, Таван Толгой, Оюу Толгой зэрэг улс дамнасан томоохон төслүүд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллахад илүү сайн үзүүлэлттэй байсан. МҮЭХ-ны мэдээлснээр ажилчид аюулгүй байдлыг хангаагүй орчин нөхцөлд ажиллахаас татгалзах эрхтэй хэдий ч энэ эрхийн мэдлэг хязгаарлагдмал байв. Мөн МҮЭХ-ны мэдээлснээр ажлын байрны аюулгүй байдлыг хангахад зарцуулах төсөв хуваарилахыг шаардсан зүйл заалтууд байдаг хэр нь төрийн агентлаг, үйлдвэрүүд тэдгээр заалтыг бараг дагаж мөрддөггүй.
МХЕГ-аас өнгөрсөн онд компани, хувийн хэвшлийнхнийг ажлын байрны аюулгүй байдлын сургалтад хамруулжээ. МХЕГ-ын мэдээлснээр тус сургалтын дүнд хөнгөн үйлдвэр, хүнс, эрүүл мэнд, боловсрол зэрэг урьд өмнө нь осол их гардаг байсан салбарууд дахь үйлдвэрлэлийн ослын тоон үзүүлэлт буурчээ.
[1] Янз бүрийн захиргааны байгууллагаас хүний эрхийг сахин хангаж байгаад хяналт шалгалт хийхээр тусгайлан сонгогдсон албан тушаалтан