
Нэгдсэн хураангуй
Монгол улсын Үндсэн хуульд “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг” Монгол улсын иргэний үндсэн эрх хэмээн тунхаглаад төр, шашны үйл ажиллагаа тусдаа байх ёстойг заасан. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар шашны байгууллагууд төрийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай бөгөөд холбогдох журмыг дэлгэрэнгүй хуульчилсан ч хэрэгжилттэй холбоотой нарийвчилсан журмыг орон нутгийн эрх баригчдын мэдэлд үлдээсэн. Аймаг болгонд бүртгэлийн журам харилцан адилгүй байдаг, бүртгэлийн ажилтан солигдсон, шашны салбар байгууллагыг бүртгэхэд гардаг хуулийн хязгаарлалт зэрэг шалтгаанаас үүдээд зарим шашны бүлэг шинээр бүртгүүлэх, бүртгэлээ сунгуулахад орон нутгийн эрх баригчдын зүгээс бэрхшээлтэй тулгарсан гэдгийг мэдэгдсэн. Шинээр шашны байгууллагыг огт бүртгэдэггүй, эсвэл бүртгэлийг хэдэн жилээр сунжруулдаг зарим аймаг байдаг. Бүртгэлгүй шашны байгууллагуудад татварын алба, цагдаа зэрэг төрийн байгууллагынхан шалгалтаар ирж, хахууль эсвэл тодорхой хуулийн үндэслэлгүйгээр бичиг баримт шаардах тохиолдол гарсан гэдгийг зарим шашны байгууллагууд хэлж байв. Шашны үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй гадаадын иргэн шашны виз авах ёстой ба ийм үйл ажиллагаа эрхлэх Монгол иргэний хувьд тусгайлсан журам байхгүй. Энэ оны 11-р сарын 18-23-ны өдрүүдэд Далай лам Монгол улсад айлчилсан. Энэ айлчлалаас шалтгаалж Хятадын засгийн газар хэлэлцэж байсан зээлээ өгөхөө болино хэмээн сүрдүүлсний дараа 12-р сард Монгол улсын гадаад хэргийн сайд Далай ламын айлчлал хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлсөнд Монгол улсын засгийн газар харамсаж буйг илэрхийлээд өөрсдийн засаг барих хугацаанд Далай ламыг дахин айлчлуулахгүй гэдгийг амласан. Бөөгийн шашны тэргүүн засгийн газар бусад шашнуудад үзүүлдэг татвар болон санхүүгийн хөнгөлөлтийг бөөгийн шашинд адилхан эдлүүлдэггүй гэдгийг хэлж байв.
Шашны цөөнхийг дарамталсан талаар мэдээлэл ирж байв. Дэлхийн энх тайван, эв нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо (Эв нэгдлийн сүм)-ны үйл ажиллагааны талаарх видео бичлэг YouTube дээр гарсантай холбогдуулж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны нэгэн газрын даргад дарамт учирч, улмаар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Гэхдээ ажлаа үргэлжлүүлэн хийсэн болно. Түүнийг Эв нэгдлийн сүмд зориулж мөнгө угаасан, хүүхэд залуучуудын тархийг угаасан гэх үндэслэлээр шалгахыг Авлигатай тэмцэх газраас шаардаж байв.
АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд шашны эрх чөлөөний асуудлаар бүх түвшинд төр засгийн албаны хүмүүстэй уулзаж ярилцсаны дотор Ерөнхийлөгчийн тамгын газар, Гадаад харилцааны яам, УИХ, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал зэрэг өндөр албан тушаалын хүмүүс багтсан байна. Элчин сайдын яамны ажилтнууд болон АНУ-аас ирсэн засгийн газрын төлөөллүүд шашны тэргүүнүүдтэй тогтмол уулзаж, шашны эрх чөлөөний асуудлаар ярилцдаг.
I хэсэг. Шашны хүн ам зүй
АНУ-ын Засгийн газрын тооцоолсноор Монгол улсын нийт хүн ам 3 сая (2016 оны 7-р сарын байдлаар). Хамгийн сүүлийн хүн амын нэгдсэн тооллого 2010 онд хийгдсэн бөгөөд 15-аас дээш насны хүн амын 53 хувь өөрсдийгөө буддын шашинтан гэж тодорхойлсон бол 3 хувь нь мусульман, 2.9 хувь нь бөө, 2.1 хувь нь христийн шашинтан гэжээ. 38.6 хувь нь өөрсдийгөө шашин шүтдэггүй гэж тодорхойлсон байна. Олон хүн бөөгийн шашны зан үйлийг өөр шашинтай, тухайлбал буддын шашинтай хослуулж хийдэг. Христийн шашинтнуудын дийлэнх нь протестант урсгалынхан ба үлдсэн нь Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм (Мормон), католик болон Оросын үнэн алдартны шашны урсгалынхан болно. Дэлхийн энх тайван, эв нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо (Эв нэгдлийн сүм) гэх зэрэг шашны бүлгүүд мөн бий.
Монгол улсын баруун хойно амьдардаг казахуудын ихэнх нь мусульман шашинтан болно.
II хэсэг. Шашны эрх чөлөөнд хандах засгийн газрын байр суурь
Хууль, эрх зүйн хүрээ
Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөөний нэг бол “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө” юм. Шашин шүтлэгээс нь болж хүнийг ялгаварлан гадуурхахыг Үндсэн хуулиар хориглосон бөгөөд төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй гэж заасан. Мөн Үндсэн хуульд “Төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна” гэдгийг тодотгосон байдаг. Үндсэн хуулинд зааснаар, хүн эрхээ эдлэхдээ улсын аюулгүй байдал, бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй ба нийгмийн хэв журмыг эвдэж болохгүй. Мөн Үндсэн хуулинд: “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн байдаг. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” гэж заасан..
Шашны бүлгүүд хууль ёсны үйл ажиллагаа явуулахын тулд орон нутаг, аймгийн эрх бүхий байгууллага болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт (ОӨУБЕГ) бүртгүүлдэг. Дотоодын хууль тогтоомжид шашны байгууллагын бүртгэлийн журамтай холбоотой нарийвчилсан заалт бараг тусгаагүй, бүртгэлийн хүчинтэй хугацааг хэрхэн тогтоохыг заагаагүй ба орон нутгийн эрх баригчид өөрсдөө журам боловсруулах эрх мэдэлтэй байдаг. Бүртгэлээ сунгуулахдаа шашны байгууллагууд (ихэнх тохиолдолд жил бүр) орон нутаг болон улсын түвшний төрийн олон байгууллагад хандах ёстой байдаг.
Шашны байгууллага бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Үүнд: бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) эсвэл бусад орон нутгийн удирдлагын албан бичиг, шашны байгууллагын товч танилцуулга, дүрэм, үүсгэн байгуулах баримт бичиг, тэргүүлэгчдийн жагсаалт, санхүүгийн мэдээлэл, өмч хөрөнгийн мэдүүлэг (үүнд үл хөдлөх хөрөнгө мөн орно), лизинг эсвэл түрээсийн гэрээ, шашны үйл ажиллагаа явуулах сонирхолтой хувь хүний товч намтар болон сүсэгтэн олны тоо зэрэг болно.
Шашны байгууллага бүртгэлээ сунгуулахын тулд орон нутгийн засаг захиргаанаас тодорхойлолт авах шаардлагатай. Үүний дараа уг тодорхойлолтыг бусад бичиг баримтын хамтаар Нийслэлийн ИТХ юм уу харьяалагдах аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барьдаг. Холбогдох иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тухайн шашны байгууллагыг цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн тогтоол батлах ба уг шашны байгууллага тус тогтоолын хуулбарыг ОӨУБЕГ-т явуулдаг. Үүний дараа ОӨУБЕГ тухайн шашны байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийн ар талд шинэ хүчинтэй хугацааг оруулдаг.
Шашны хувийн сургуулиуд дунд сургуулийн стандарт хөтөлбөрийг заахад зориулж улсаас санхүүжилт авах эрхтэй. Харин шашны хөтөлбөр заахад зориулж тэдэнд улсаас хөрөнгө гаргахыг хуулиар хориглосон.
Боловсролын тухай хуульд нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий шашны чиглэлийн сургалт, шашны зан үйл, бусад үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглоно. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны албаны хүмүүсийн мэдээлснээр дээрх хориг төрийн болон хувийн сургуульд нэгэн адил хамаарна. Тус яамны журамд заасны дагуу төрийн харьяаллын сургуульд шашны сургалт явуулахыг хориглодог. Дээрх хоригийг зөрчсөн тохиолдолд төр засгаас уг шашны байгууллагын бүртгэлийн сунгалт хийлгэх хүсэлтийг татгалзах эрхтэй.
Монгол улсын иргэний цэргийн үүрэг болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлыг зохицуулдаг хуульд зааснаар 18-25 насны Монгол Улсын иргэн эрэгтэйчүүдийг цэргийн жинхэнэ албанд татах бөгөөд шүтдэг шашин, итгэл үнэмшлээрээ цэргийн алба хаахаас татгалзах зэргийг харгалздаггүй. Гэхдээ цэргийн албыг дүйцүүлэн хаахтай холбоотой заалт байдаг ба үүнд онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын аврах анги, отряд, салбар, Хилийн цэрэгт туслах хүчин болон хүмүүнлэгийн бусад байгууллагад алба хаах буюу нэг цэрэгт жилд зарцуулах зардалтай тэнцэх хэмжээний мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах зэрэг орно.
Хөдөлмөрийн хуулийн дагуу гадаадын бүх байгууллага (үүнд шашны байгууллага мөн орно) нэг гадаад ажилтан тутмын тоогоор тодорхой тооны монгол хүн авч ажиллуулах заалттай. Тухайн жилд гадаадаас ажиллах хүчин авах квотод нэр дурдагдаагүй салбарууд (үүнд ихэнх шашны бүлэг багтана) нийт ажилтныхаа 95 хувьд нь монгол хүн ажиллуулах ёстой. Хориос доош монгол ажилтантай, квотод нэр нь дурдагдаагүй шашны бүлгүүдэд гадаадын нэг ажилтан ажиллуулахыг зөвшөөрдөг.
Төр, сүм хийдийн харилцааны хуулинд шашны үзэл номлолыг “хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх, тэдний эрүүл мэнд, ёс суртахуунд хохирол учруулах, санаа сэтгэлийг үймүүлэхийг” хориглодог. Мөн шашинд татан оруулахын тулд бэлэг сэлт ашиглахыг хориглодог. 9-р сар хүртэл хэрэгжсэн өмнөх Хүүхдийн эрхийн тухай хуулинд хүүхдийг хүчээр шашинд урвуулах, шашны сургуульд элсүүлэх болон хууран мэхлэх замаар тэднийг шашны үйл ажиллагаанд татан оролцуулахыг хориглодог байсан. Шинээр батлагдсан Хүүхдийн эрхийн тухай хуулинд дээрх заалтыг тодорхой болгож, хүүхэд шашин шүтэх эрхтэй гэж заасан боловч хэрэгжилттэй холбоотой журам хараахан гараагүй байгаа.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулинд тус улсын үндэсний зан заншилд хохирол учруулж болох “хүмүүнлэг бус” шашны урсгал сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, шүтэхийг хориглодог. Энэ заалтыг зөрчсөн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192,000 төгрөгийг (77 ам. доллар) гурваас зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Энэ заалтын дагуу ямар нэг хувь хүн, албан байгууллага торгуулсан гэх мэдээ ирээгүй. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд мөн “хүмүүнлэг бус” буюу үндэсний соёл заншилд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон төстэй заалт байдаг.
Шашны үйл ажиллагаа явуулах гэж байгаа гадаадын иргэд шашны виз хүсэх ёстой. Гагцхүү бүртгэлтэй шашны байгууллага шашны визээр гадаад иргэн урих эрхтэй. Бусад төрлийн визээр ирсэн гадаадын иргэд шашныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулах хориотой (хувь хүний шашин шүтэхийг зөвшөөрнө). Хуульд зааснаар, “ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан” бол тус улсаас албадан гаргах үндэслэл болно.
Монгол улс нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын гэрээний гишүүн орон юм.
Засгийн газрын үйл ажиллагаа
Шашны байгууллагыг бүртгэх журмыг орон нутгийн засаг захиргаа гаргах эрхтэй байдаг нь бүртгэх журам газар бүрт өөр өөр байхад хүргэдэг ба бүртгэлгүй сүм, хийдүүдийг орон нутгийн төрийн байгууллагын ажилтнууд дарамтлах тохиолдлууд бүртгэгдсэн. Зарим аймагт 16 наснаас доош насны хүмүүсийг эцэг эхийн бичгээр гаргасан зөвшөөрлийн үндсэн дээр шашны үйл ажиллагаанд оролцохыг шаарддаг. 11-р сард зочилсон Далай ламын айлчлалыг засгийн газрын зүгээс хориглоогүй.
Бүртгэл болон сунгалттай холбоотой журам улсын хэмжээнд харилцан адилгүй байсан бөгөөд орон нутгийн захиргааны ажилтнуудын ажлын арга барилаас ихээхэн хамаарч байсан. Христийн болон мусульман шашны зарим бүлэг төрийн байгууллага холбогдох дүрэм журмыг өөр өөрөөр хэрэглэхээс гадна журмаа ойр ойрхон, урьдчилан мэдэгдэлгүйгээр сольдог гэж хэлжээ. Шинэ ажилтнууд дүрэм, журмыг өөрчлөн тайлбарлах тохиолдол зарим үед гардаг гэж мөн мэдээлжээ. Христийн шашны зарим бүлэг шинээр ажилд орсон ажилтнууд журмаа өмнөхөөс өөрөөр тайлбарладаг талаар хэлж байсан. Зарим тохиолдолд бүртгэлийн болон сунгалтын үйл ажиллагаанд албаныхан өөрийн үзэмжээр хандах нь байдаг ба татгалзсан хариу авсан тохиолдолд давж заалдах тогтолцоо байдаггүйг гадаадын болон Монголын Христийн байгууллагууд хэлж байна.
Бүртгүүлэх ажиллагаа хоёр долоо хоногоос авахуулаад гурван жил хүртэл сунжирдаг нь зарим христийн шашны бүлгийг бүртгүүлэх хүсэлгүй болгодог. Өөрийн гэсэн шашны үйл ажиллагаа явуулах зориулалтын байргүй, эсвэл цөөхөн дагагчтай гэх зэрэг хуульд заасан шаардлагыг хангаж чадахгүйгээсээ болоод зарим шашны бүлэг бүртгүүлэхийг зорьдоггүй.
Өмнөх тайлангуудад мэдээлсний адил засгийн газар шашны байгууллагын бүртгэл болон сунгалтын үйл явцаар дамжуулж тэдний үйл ажиллагаа, сүм хийдийн болон гадаадаас ирсэн санваартны тоо, шашны үйл ажиллагаа явуулж байгаа гадаад иргэн, Монгол иргэний тоон харьцаанд хяналт тавьдаг гэж НИТХ-ын албаны хүмүүс хэлж байв. Мөн анх удаа бүртгүүлж буй болон сунгалт хийлгэх өргөдөлд “татгалзсан” хариу өгдөг нь угтаа татгалзсан биш харин шийдвэрийг хойшлуулсан гэсэн үг ба шалтгаан нь янз бүр. Жишээ нь: үүнд бичиг баримт дутуу, үйл ажиллагаа явуулах газрын нөхцөл байдал муу, боловсролын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй атал Англи хэлний сургалт явуулах, эсвэл санхүүгийн асуудал (тухайлбал, үл хөдлөх хөрөнгийн татвар төлөөгүй, гаднаас орж ирсэн орлогоо мэдүүлээгүй гэх мэт) орно. Ийм тохиолдолд тэд шаардлага хангаагүй шашны байгууллагуудад тухайн зөрчлөө арилгах арга заавар өгдөг ба дараа нь ахин өргөдлөө өгөх боломжтой. 2016 оны 10-р сарын байдлаар НИТХ 6-р сард сонгогдож байгуулагдсанаасаа хойш нэг ч шашны байгууллагыг шинээр бүртгэх болон бүртгэлийн хугацааг сунгаагүй гэж шашны тэргүүнүүд мэдээлсэн. НИТХ-ын тайлбарлаж буйгаар шинэ засгийн газар бүрдсэнээс шалтгаалж цаг хугацаа хангалттай байгаагүй байна. Нэгэн шашны бүлгийн удирдагч шашны зөвлөийн шалгалтын багийн гишүүд “уламжлалт бус” (буддизм, мусульманаас өөр) шашны сүм “хэтэрхий олон” байгаа талаар хэлж байсныг дурдаж байв.
НИТХ сунгалтыг голдуу 1 жилээр өгдөг ба зарим орон нутгийн ИТХ 2-3 жилээр сунгах явдал байдаг.
НИТХ болон орон нутгийн ИТХ сүм хийдүүдийг дороо салбартай байхыг хүлээн зөвшөөрдөггүй, харин сүм хийд нэг бүрийг тусдаа бүртгүүлэхийг шаарддаг хэвээр байгаа. Салбар сүмийн талаар хуулинд тодорхой заагаагүй, мөн НИТХ-ын баримталж буй дээрх байр суурь нь хэдий сүмүүд нь тус тусдаа бүртгүүлж чаддаг ч нэг захиргаанд харьяалагдан салбар сүм ажиллуулдаг христийн урсгалуудад хүндрэл үүсгэдэг гэж Мормоны шашны тэргүүнүүд хэлж байна. Улаанбаатар болон орон нутгийн эрх баригчид салбар сүм байгуулахыг зөвшөөрөхгүй байх нь засгийн газар илүү их татварын орлого цуглуулах сонирхолтой гэсэн мэдээ байна.
Хэдийгээр орон нутгийн татварын байцаагчид, цагдаагийнхан болон бусад эрх бүхий байгууллагаас байн байн шалгалт хийж, дарамт учруулдаг ч бүртгэлгүй шашны байгууллагууд бодит байдал дээр үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг. Энэхүү бүртгэлгүй үйл ажиллагаа явуулж буй байдал нь пасторуудыг нь хууль зөрчсөн асуудалд оруулж мэдэх эрсдэлтэй байгаад Монголын Эвангэлийн эвслийнхэн түгшиж байгаагаа илэрхийлсэн. Бөөгийн шашны тэргүүнүүд хэлэхдээ тэд зан үйлээ хийдэг цөөн тооны байртай ба шашны байгууллага зөвшөөрөгдсөн байранд үйл ажиллагаа явуулах хуулийн шаардлага нь тэдний байгал дэлхийтэй харьцаж хийдэг зан үйлд нь хязгаарлалт болж байна гэж байв. Нэгэн христийн урсгал бас дээрх шаардлага нь сүсэгтнүүд нэгнийхээ гэрт номлолоо үйлдэх боломжгүй болгож буйг хэлсэн. Бүртгүүлээгүй сүмүүд өөрсдийгөө хуулийн этгээд болохыг нотолсон албан ёсны бичиг баримт үгүйн улмаас газар эзэмших, түрээслэх, татварын тайлан өгөх зэрэг боломжгүй болох, эсвэл албан ёсоор төрийн байгууллагатай харьцах боломжгүй юм. Бүртгэлгүй сүмийн гишүүд сүмийнхээ хэрэгцээнд зориулж хувиараа хөрөнгө эзэмших юм уу түрээслэж үйл ажиллагаа явуулах байдал хэвээр байна. Бүртгэлгүй сүм хийдүүд байгууллагын банкны данс нээх боломжгүй байдаг тул пасторууд нь хувийн данс нээж, түүгээрээ сүмийнхээ санхүүжилтийг авдаг. Тэдгээр пасторын зарим нь хилийн чанад дахь сүмээс, эсвэл гадаадын бизнессийнхнээс зарим үед их хэмжээний хандивыг хувийн дансаараа авдаг нь мөнгө угаасан хэрэгт шалгагдаж мэдэх нөхцөл бүрдэж байгаа юм.
Төв аймгийн удирдлага ямар нэг сүм хийдийг бүртгэхийн эсрэг байдаг тухай өмнө нь шашны олон тэргүүн мэдэгдэж байсан. Тус аймагт үйл ажиллагаа явуулж байсан сүмийн үйл ажиллагааг хаана гэсний дагуу тухайн шашны тэргүүнүүд Төв аймгийн удирдлагуудтай очиж уулзсан байна. Аймгийн удирдлага тэдний санаа бодлыг сонссоны үндсэн дээр тэд сүмийг хаахаа түдгэлзүүлсэн байна. Нэгэн христийн шашны бүлэг Төв аймагт сүмээ бүртгүүлэх гэж олон удаа оролдоод чадаагүйн улмаас Улаанбаатар хот руу сүмээ нүүлгэн шилжүүлсэн гэж мэдэгдсэн.
2013 онд сүм хийдүүдийг шинээр бүртгэхгүй гэсэн байр суурьтай байсан Дархан-Уул аймагт шашны байгууллагууд хүндрэлтэй учирсан хэвээр байгааг шашны бүлгүүд мэдээлжээ. Монголын мусульман шашинтны нийгэмлэгийн хэлснээр тэд гурван жилийн дараа хоёр сүмээ бүртгүүлсэн гэж байв. Зарим сүм хийдийнхэн орон нутгийн улирдлага тухайн орон нутгийн захиргаа болон нутгийн хүмүүст хэрэгтэй ямар нэг “төсөл” хэрэгжүүлсний дараа л бүртгэлийг сунгах албан бичиг өгдөг тухай хэлж байв. Нэгэн шашны бүлэгт орон нутгийн захиргаанаас явган хүний болон авто зам засах хүсэлт ирсэн тухай мэдэгдсэн. Зарим сүм бүртгэлээ сунгуулах гэж нэг жилээс илүү хүлээж байгаа бөгөөд энэ нь тодорхой шашны бүлгүүдэд чиглээд байгаа эсэх нь бүрхэг байгаа тухай мэдээлсэн. Зарим гадаад эзэнтэй шашны байгууллагуудад орон нутгийн янз бүрийн эрх баригчдын зүгээс аудитын шалгалт оруулж, гишүүний мэдээлэл, бүртгэл, барилгын зөвшөөрөл, татварын бичиг баримтыг шалгасан гэсэн мэдээ байна.
Монголын Эвангэлийн эвслийн мэдээлснээр Хөвсгөл аймагт бүртгүүлэхэд саад учирдаг ба 10-р сарын байдлаар тэдний 10 сүмээс доод тал нь хоёр сүм бүртгүүлэх гээд хүлээж байв. Мөн Дорноговь аймагт нэг сүм нь 3 жилийн дараа бүртгүүлж чадсан байна.
Бүртгэлтэй сүм хийдүүдийн тухайд ч орон нутгийн эрх баригчид зарим тохиолдолд хуулийн тодорхой үндэслэлгүй шаардлага тавьж, албан ёсны бичиг баримтаа үзүүлэх, сүм хийдийн гишүүдийн бүртгэлийг харуулах, зарим үед бүртгэхийн тулд хахууль өгөхийг шаардсан гэж мэдээлсэн. Бизнесийн болон шашны бус байгууллагуудтай ч мөн дээрх байдлаар харьцсан гэх мэдээ байгаа учраас энэ нь тодорхой шашны бүлэгтэй холбоотой эсэхийг тодорхойлох боломжгүй байна.
Зарим аймаг, орон нутагт эрх баригчид сүмийн үйл ажиллагаанд насанд хүрээгүй хүүхдүүд оролцохыг хориглодог гэх мэдээлэл байна. Христийн хэд хэдэн бүлгийн хэлснээр хүүхдүүдийн “тархийг угаана” гэсэн болгоомжлолын үүднээс хүүхдүүийг харгалзах хүнгүйгээр сүмийн цуглаанд оролцохыг хориглодог ажээ. НИТХ сүмийн гишүүдийн хүүхдүүд нь эцэг эх нь сүмд явдаггүй найз хүүхдүүдээ сүмийн цуглаанд дагуулж очсон гэдэг шалтгаанаар нэгэн христийн сүмийн бүртгэлийг сунгаагүй гэсэн мэдээлэл байна. Увс гэх мэт зарим аймагт 16 нас хүрээгүй хүүхдүүд эцэг эхийн бичгээр өгсөн зөвшөөрөл дээр үндэслэн сүмийн үйл ажиллагаанд оролцох журам бий.
Шашны бүлгүүдэд татвар, харьяатын алба, орон нутгийн захиргаа, тагнуул болон бусад агентлагаас үе үе шалгалт ирдэг хэвээр. Зарим христийн бүлгийнхэн өмнөх жилүүдтэй харьцуулахад аудитын шалгалт цөөрсөн ба гэнэтийн аудит шалгалт ирээгүй гэж байв. Харин нэг христийн шашны бүлэг гэнэтийн шалгалтанд орсон гэсэн бол өөр нэг бүлэг өмнө нь нийслэлээс хийдэг байсан шалгалт одоо дүүргээс бас ирдэг болсон нь захиргааны ажилд нь илүү хүндрэл учруулдаг гэж мэдээлсэн.
Төр засгийн тэргүүнүүд уламжлал ёсоор Цагаан сарын баяраар буддын шашны тэргүүнүүдтэй золгосон.
Буддын шашны тэргүүнүүдийн олон жилийн урилгын хариуд Далай лам 11-р сарын 18-23-ны өдрүүдэд Монгол улсад айлчилсан. Тэд 2011 оноос хойш Далай ламыг Монгол улсад айлчлахыг урьсаар байсан боловч засгийн газар Хятадын засгийн газрын дарамтаас болоод түүний айлчлалыг зөвшөөрөхгүй байсан гэж өмнөх тайлангуудад дурдаж байсан. Айлчлалаас өмнө Хятадын удирдлагууд Монголын засгийн газарт хариу үр дагаврын талаар сануулсан. Харин айлчлалын дараа Хятадын засгийн газар тус улстай хэлэлцэж байсан 4 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл гэх мэт улс төр болон эдийн засгийн яриа хэлэлцээгээ тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. 12-р сард нь Монгол улсын Гадаад харилцааны сайд тус айлчлал хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлсөнд засгийн газар харамсаж буйгаа илэрхийлээд энэ засгийн газар эрх барих хугацаандаа Далай ламыг дахин айлчлуулахгүй хэмээн мэдэгдсэн.
Гадаадын иргэд шашны виз авахад хүндрэлтэй тулгарч байгаа ч зарим шашны бүлгийнхэн визний нөхцөл байдал өмнөх жилүүдтэй харьцуулахад дээрдсэн гэж байна. Энэ нь тэдний нийгмийн сайн сайхны төлөө хийдэг буяны төсөл, ажлуудыг харьяатын албаныхан нааштайгаар хүлээж авдагтай холбоотой гэж тэд үзэж байна. Ихэнх шашны байгууллагууд нийт ажилтныхаа 95 хувьд нь Монгол иргэдийг авч ажиллуулах ёстой байдаг ба квотод хүрэх хангалттай тооны Монгол хүмүүсийг ажиллуулах санхүүгийн боломжгүй байгууллагууд нь шашны визээр нэмж хүн урих эрхгүй. христийн шашны бүлгүүдийн мэдээлж байгаагаар тус улсад ирж буй шашин түгээгч нар гол төлөв өөр төрлийн визээр ирдэг (оюутны, ажил хэргийн гэх мэт). Ингэснээр тэдний оролцож болох шашны үйл ажиллагааны хүрээ ихээхэн хязгаарлагддаг бөгөөд тэд хуулийн хүрээнд юу хийж болох вэ гэдэг нь өөр өөрөөр тайлбарлагддаг тул албадан гаргагдах магадлал өндөр болдог. Ерөнхийдөө визний асуудлын дийлэнх нь сүмийн бүртгэлийн бэрхшээлтэй холбоотой. Гэхдээ тодорхой шашны бүлгүүд орон нутгийн эрх баригчдыг илээр шүүмжлэх дургүй, учир нь тэд орон нутгаас бүртгэлийн зөвшөөрлөө авдаг.
Төр засгийн зүгээс шашин, түүх, соёлын чухал төвүүд гэж үзсэн Буддын шашны газруудыг сэргээн засварлахад хөрөнгө зарцуулсан. Төрөөс бусад шашны бүлэгт татаас өгсөн тохиолдол гараагүй.
Хууль зүйн сайд 3-р сард шашны байгууллагуудын тоо болон тэдний үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг тодорхойлох зорилгоор ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийнхний хэвлэл, мэдээлэлд өгсөн ярилцлагадаа шашны байгууллагуудын нэгдсэн мэдээллийн бааз байгуулах мөн цагдаа, тагнуул, татвар, даатгалын зэрэг байгууллагууд шашны байгууллагуудын орлого, санхүүгийн эх үүсвэрийг сайтар шалгаж тодруулах хэрэгтэй байгааг хэлсэн.
III хэсэг. Шашны эрх чөлөөнд хандах нийгмийн хандлага
Христийн болон бусад шашны цөөнхийн эсрэг хэвлэл, мэдээлэл ба нийгмийн сүлжээгээр дарамталсан мэдээлэл байна. 3-р сард сэтгүүлч Л.Мөнхбаясгалан Эв нэгдлийн сүмийн үйл ажиллагааны талаар 2 видео бичлэг YouTube дээр тавьсан. Үүний дараа Эв нэгдлийн сүмийг шүүмжлэгч Э.Цэрэндолгор Авлигатай тэмцэх газрыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны нэгэн газрын даргыг Монголчуудын тархийг угааж мөн Эв нэгдлийн сүмийн мөнгийг угааж байгааг шалгах хүсэлт тавьсан. 3 өдрийн дараа тухайн хүн утас, Facebook, Twitter зэргээр дарамтлуулсан гэдэг шалтгаанаар ажлаа хүлээлгэж өгөх өргөдлөө өгөхийн хамт цагдаад энэ хэргийг шалгуулахаар хандсан. Гэвч тэрээр ажлаа хүлээлгэж өгөхөө больсон.
Зарим орон нутгийн удирдлага христийн шашны бүлгүүдээс шоронд зөвлөгөө өгүүлэх, худаг гаргуулах зэрэг буяны ажилд тусламж авсан мэдээлэл байна. Нөгөө талдаа тус улсад христийн шашны нөлөө улам ихсэж байгаа нь сэтгэл түгшээж байгаа тухай буддын болон мусульман шашны зарим удирдагч мэдэгдсэн.
IV хэсэг. АНУ-ын Засгийн газрын бодлого
АНУ-ын Элчин сайд болон засгийн газрын бусад албан тушаалтнууд шашны эрх чөлөөний асуудлаар засгийн газрын албан тушаалтнуудтай орон нутаг, аймаг, улсын түвшинд, үүний дотор УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчийн тамгын газар, Гадаад харилцааны яам, НИТХ, аймгуудын удирдлагууд зэрэг өндөр албан тушаалын хүмүүстэй санал бодлоо тогтмол солилцож ирсэн. Элчин сайдын яамны ажилтнууд визтэй холбоотой хууль тогтоомж тэгш бус хэрэгжиж байгаа талаар, мөн шашны бүлгүүдийн тоочдог бүртгүүлэхэд учирдаг бэрхшээл зэрэг АНУ-ын засгийн газрын зовинож буй асуудлыг хөндөж ярилцсан. Гадаад харилцааны яам, Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын гишүүд, аймгуудын удирдлагуудыг шашны эрх чөлөөг хамгаалах тал дээр хүчин чармайлтаа өргөжүүлж ажиллахыг тус элчин сайдын яам дэмжиж байгаа бөгөөд төр, шашны бүлгүүд хоорондын харилцан ойлголцлын чухлыг онцлон тэмдэглэж байна.
Элчин сайд, элчин сайдын яамны албан тушаалтнууд Улаанбаатар болоод Ховд, Баян-Өлгий зэрэг орон нутгийн шашны удирдагчидтай тогтмол уулзаж, бүртгэл, визтэй холбоотой хүндрэл, шашнаар гадуурхах явдалтай тэмцэх, шашны эрх чөлөөг илүү дэмжих арга зам зэрэг асуудлаар санал солилцож ирсэн. Элчин сайд Далай ламтай түүний айчлалын үеэрх олон нийтийн арга хэмжээн дээр уулзсан. Элчин сайдын яам будда, христ, мусульман, бөөгийн шашны удирдагчдыг 2-р сар болон 10-р саруудад дугуй ширээний уулзалтад урьж, шашны эрх чөлөөг хүндэтгэх,шашин хоорондын харилцаа, хүлцлийг дэмжих талаар ярилцсан. Элчин сайдын яам мөн шашны эрх чөлөөний талаар хэвлэлд өгүүлэл гаргасан.
АНУ-ын засгийн газраас ивээн тэтгэдэг зочны хөтөлбөрийн дагуу Америкийн мусульман шашны эрдэмтэн 2-р сард зочилж, төв, орон нутгийн удирдагчид, шашны тэргүүнүүд, иргэний нийгмийн төлөөллүүд болон казах түмэнтэй уулзаж, шашин хоорондын, төр шашин хоорондын харилцан ярианы чухлыг онцлон ярьсан. Эрдэмтэн маань мөн сүм хийдүүд, шашны сургуулиудыг шашны хүлцэл, шашин хоорондын харилцааны үнэ цэнийн талаар яриа өрнүүлж байхыг уриалж байлаа.