2016 оны Хүн наймаалах асуудлын төлөв байдлын тухай тайлан

МОНГОЛ УЛС – 2-р шатлал

Монгол улс нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх, бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах сурвалж болон тодорхой хэмжээгээр хүлээн авагч орон болж байна. Монголын эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүдийг албадан хөдөлмөрлүүлэхээр Турк, Казакстан, Израйл улсуудад, харин бэлгийн мөлжлөгт ашиглахаар Өмнөд Солонгос, Япон, Хятад, Хонконг, Малайз, Герман, Швед, АНУ руу худалддаг байна. Эцэг эхийнх нь гарын үсэг зурж байгуулсан гэрээний дагуу ажиллаж буй уран нугараач Монгол охидыг гол төлөв Монгол, Туркт, мөн цөөн тоогоор Хонконг, Сингапурт албадан хөдөлмөр эрхлүүлж байна. Монгол эмэгтэйчүүдийг Хятад эрчүүд, мөн сүүлийн үед давтамж нь буурсан ч Өмнөд Солонгосын эрчүүдэд арилжааны зорилготой зуучлалаар гэр бүл болгосны дараа гэртээ зарцлах,эсвэл хүчээр биеийг нь үнэлүүлж байна.

Монголд охид, эмэгтэйчүүд массажны газар, зочид буудал, баар цэнгээний газар болон караоке клубүүдэд бэлгийн мөлжлөгийн зорилго бүхий хүний наймаанд өртөж байна. Хүний наймаачид зарим үед хар тамхи, олон нийтийн хуурамч сүлжээ, ажлын байрны цахим зар, Англи хэлний хөтөлбөрүүд зэргийг ашиглан хохирогчдыг хууран мэхлэх замаар бэлгийн мөлжлөгт татан оруулдаг ажээ. ТББ-уудын мэдээлснээр хөдөө орон нутгийн ба эдийн засгийн хувьд ядуу хорооллын хохирогч нар Улаанбаатар хотод болон хилийн ойр орчим бэлгийн мөлжлөгт өртөж байна. Өмнөх тайлангуудад Японы жуулчид хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох сонирхлоор Монголд ирдэг байсан тухай дурдсан бол цагдаагийн байгууллагаас ийм хэргүүд гарахаа больсон гэжээ. Зарим хүүхэд хүчээр гуйлга гуйх, хулгай хийх, хурдан морь унах, мал маллах, эсвэл уул уурхай, барилга зэрэг эдийн засгийн албан бус салбарт хөдөлмөр эрхэлж, зарим тохиолдолд гэр бүлийн гишүүдтэйгээ хамт бэлгийн мөлжлөгийн зорилго бүхий хүний наймаанд өртөж байна. Монгол улсад барилга, үйлдвэрлэл, газар тариалан, ой мод, загас, ан агнуур, бөөний болон жижиглэнгийн худалдаа, автомашины засвар, уул уурхайн салбарт гэрээгээр ажиллаж буй Хойд Солонгос болон Хятад ажилчид хүний наймаанд өртөх магадлалтай байна. Хойд Солонгосын ажилчид хүнд, хэцүү нөхцөлд ажиллаж амьдардаг боловч чөлөөтэй зорчих, ажлын байраа сонгох эрхгүйн дээр цалин хөлснийхөө өчүүхэн хэсгийг гар дээрээ авдаг байна. Хятад ажилчид цалин хөлсөө аваагүй тухай мэдээлжээ. Эрх баригчдын авлигын асуудал нь хүний наймааг таслан зогсоох засгийн газрын хүчин чармайлтад сөргөөр нөлөөлж байгаа тухай өмнөх тайлангуудад дурдсан байна.

Монгол улсын Засгийн газар хүний наймааг таслан зогсооход тавигдах наад захын шаардлагыг бүрэн хангахгүй байгаа ч энэ талаар нилээд их чармайлт гаргаж байна. Тайлангийн хугацаанд нийт 9 хэрэг шийдэж, 8 этгээдийг хүний наймааны хэргээр ялласан нь 2014 онд нэг хэрэг шийдэж, нэг этгээдийг яллаж байсантай харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Мөн төрөөс Засгийн газрын агентлагууд, холбогдох талуудад зориулж хүн худалдаалахтай тэмцэх талаар сургалт зохион байгуулж, санхүүжүүлэн дэмжсэн байна. Төрийн эрх мэдэл бүхий байгууллагуудаас хүний наймаанд өртсөн байж болзошгүй нийт 13 хохирогчйг тусламж дэмжлэг үзүүлэхээр хүний наймаатай тэмцдэг ТББ-д шилжүүлж, олон нийтийн сүлжээ, телевизийн сувгуудаар хүн худалдаалахтай тэмцэх талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх мессэжийг үргэлжлүүлэн цацсаар байна. Засгийн газар Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангахад шаарлагатай 6 холбогдох журмын хамгийн сүүлчийнхийг баталсан ч, 2012 онд батлагдсан Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 6 журмын нэгийг нь батлаагүй хэвээр байна. Төр хүний наймааны хохирогчийг хамгаалах чиглэлээр угаасаа хязгаарлагдмал хүрээнд явуулж байсан үйл ажиллагаагаа 2015 оноос улам бууруулсан байна. Тухайн жилд Засгийн газар хохирогч хамгаалах байранд зориулж санхүүжилт өгсөн талаар мэдээлэл байхгүй бөгөөд хохирогчийг илрүүлэх, үйлчилгээнд хамруулах талаар төрийн алба хаагчдад зориулсан журам байхгүй хэвээр байна. Төрөөс хүн худалдаалахтай тэмцэх үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг шинэчилсэн ч тус төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй гурав дахь жилээ үдлээ.

МОНГОЛ УЛСАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ:

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таньж илрүүлэх болон хамгаалах үйлчилгээнд хамруулах талаар төрийн алба хаагчдад зориулсан албан ёсны журам гаргах; хүний наймааны хэрэгт хохирсны улмаас гэмт хэрэг үйлдсэн хохирогчийг шийтгэлээс чөлөөлөх; төрийн болон ТББ-уудын ажиллуулдаг хохирогч хамгаалах байруудаас гадна хохирогчдод туслах, тэднийг хамгаалах бусад хэлбэрийн үйл ажиллагаанд зориулж санхүүжилт төсөвлөх; хөдөлмөх эрхлэх нөхцөл байдалд хяналт тавьж, Монгол улсад гэрээгээр ажиллаж буй гадаад ажилчид хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн гэх өргөдөл гомдлыг шалгаж барагдуулах; 2012 онд батлагдсан Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангахад шаардлагатай үлдсэн журмыг баталж мөрдөх, түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд зохих албаны хүмүүсийг сургах; Монгол улсын Эрүүгийн хуулийн 113-р зүйлийг хэрэглэн хүний наймааны хэргийг мөрдөх, шалган шийдвэрлэхэд чиглэгдсэн хүчин чармайлтаа нэмэгдүүлэх; хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хохирогч хамгаалах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх; зам тээврийн гол боомтууд дээр биеэ үнэлэгчдийг худалдан авах хэрэгцээг багасгах.

ЯЛ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХ

Монгол улсын Засгийн газар хүний наймаатай тэмцэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүчин чармайлтаа нэмэгдүүлсээр байна. 2015 оны 12-р сард УИХ нь Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд заасан нэмэлт өөрчлөлтийг тусгасан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд тайлант хугацааны төгсгөл үед (2016 оны) уг шинэчилсэн найруулгын албан хувилбар нийтлэгдэнэ. Эрүүгийн хуулийн 113-р зүйлд хүн наймаалах бүх төрлийг хориглож, хүний наймааг олон улсын хууль тогтоомжийн дагуу тодорхойлсон бөгөөд хүн худалдаалсан нь тогтоогдвол 15 хүртэлх жилээр хорих ял оноохоор хуульчилсан нь хүчин гэх мэт бусад хүнд гэмт хэрэгт оноодог ялтай дүйхүйц хүнд, нийцсэн заалт болсон. 124 дүгээр зүйл буюу биеэ үнэлэхийг зохион байгуулах, бусдыг татан оролцуулах тухай заалт нь хүч хэрэглэсэн, хууран мэхэлсэн, албадлага хэрэглэсэн гэх шинж агуулсан байх шаардлагагүй ч бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдсан байж болзошгүй хэргүүдийг яллахад түгээмэл хэрэглэгддэг ба арай хөнгөн шийтгэл буюу тав хүртэлх жилээр хорих ял оноодог. Зөвхөн эмэгтэйчүүд хүний наймааны хохирогч болдог гэх ташаа ойлголт төрийн алба хаагчдын дунд байдгаас хөвгүүд хохирогч болсон хэргийг 113, 124 дүгээр зүйлээр бараг зүйлчилдэггүй, харин илүү хөнгөн ялтай зүйл ангиар яллаж байна. Улс төрийн үргэлжилсэн бужигнаан болон институцийн шинэчлэл зэргээс шалтгаалж хүний наймаатай тэмцэх хуулийн байгууллагын харьяалал бүрхэг болж энэ нь засгийн газрын чадавхийг сульдуулж, агентлаг хоорондын зохицуулалтад саад учруулж байна.

2014 онд 8 хэргийг мөрдөн шалгаж байсантай харьцуулахад 2015 онд Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ) нь 113-р зүйлд хамаарах хүний наймаатай холбоотой 14 хэргийг мөрдөн шалгаснаас нэгийг нь хэрэгсэхгүй болгосон байна. 124-р зүйл ангийн дагуу хүний наймаа байж болзошгүй 16 хэргийг мөрдөн шалгаснаас хоёрыг нь хэрэгсэхгүй болгож, 14-ийг нь прокурор луу шилжүүлжээ. Төрөөс 113-р зүйлээр 9 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, хүн наймаалсан 8 этгээдийг ялласан нь 2014 онд нэг хэрэгт ялын дүгнэлт үйлдэж, нэг этгээдийг яллаж байсантай харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Эдгээрээс 3 этгээдэд 10 хүртэлх жилээр хорих ял оноожээ. 124-р зүйлээр 2014 онд 7 хэрэгт ялын дүгнэлт үйлдэж, 4 этгээдийг яллаж байсантай харьцуулахад 2015 онд 27 хэрэг үүсгэж, 9 хариуцагчийг ялласан байна. Тайлант хугацаанд Хүйсийн тэгш эрхийн төв (ХТЭТ) ТББ-аас Хууль зүйн яамны санхүүжилттэйгээр хүний наймаатай тэмцэх сургалтыг 5 аймгийн 252 хууль сахиулагчийн дунд зохион байгуулсан. Мөн орон даяар олон тооны хууль сахиулах, аюулгүй байдал болон прокурорын ажилтнуудад зориулсан сургалтыг төрөөс санхүүжүүлж, чиглүүлэх үүрэг гүйцэтгэсэн байна. Хууль зүйн яамнаас 55 орчим мөрдөн байцаагч, прокурор, шүүгч ба бусад холбогдох талуудад хүний наймааны тухай ерөнхий ойлголтыг нэмэгдүүлэх, эдгээр хэргүүдийг мөрдөн шалгах, шүүн таслах чадавхийг дээшлүүлэхэд зориулж явуулсан гадны санхүүжилттэй сургалтыг сургалтын байр болон бодит дэмжлэгээр хангасан. Төрөөс хүний наймаанд хамсан оролцсон гэх албан тушаалтныг мөрдөн шалгасан, хэрэг үүсгэсэн, эсвэл ялласан талаар мэдээлээгүй.

ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ

Монгол улсын Засгийн газар хүний наймааны хохирогчдыг хамгаалах хүчин чармайлтаа бууруулсан нь хохирогчдыг зохих үйлчилгээгээр хангах институцийн чадавхийг улам сулруулж байна. Улсын хэмжээнд хохирогчдод үзүүлэх үйлчилгээг ХТЭТ ТББ-ын улсын санхүүжилтээр ажиллуулдаг хоёр хамгаалах байрт даатгасан хэвээр байна. Гэвч тайлангийн хугацаанд Засгийн газар ХТЭТ ТББ-ын хамгаалах байранд санхүүжилт өгсөн талаар мэдээлээгүй нь хохирогчдыг хамгаалах үйлчилгээнд зориулсан санхүүгийн дэмжлэг буурсан гэх хандлага үргэлжлэхэд хүргэсэнбайна. Төрөөс 2013 онд 7.9 сая төгрөг (4,000 ам.доллар), 2014 онд 5 сая төгрөг (2,500 ам.доллар) зарцуулсан. Хохирогчдод үзүүлэх хамгаалах үйлчилгээний дийлэнхийг ТББ-ууд үзүүлсний дээр урт хугацааны үйлчилгээг төрийн дэмжлэггүйгээр хийсэн байна. ХТЭТ ТББ өмнөх жилд бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүний наймааны хохирогч болсон байж болзошгүй 49 хүнд туслалцаа үзүүлсэн бол 2015 онд бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгийн хохирогч 36 хүнд тусалжээ. Эдгээрийн 13 нь хууль сахиулах байгууллагын хүсэлт байсан бол бусад нь ар гэр, найз нөхдөөс нь ирсэн байна. ХТЭТ ТББ-тай хамтран ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчид хүний наймаанд өртөх эрсдэл бүхий хүн амын бүлгээс хохирогчдыг таньж илрүүлэхэд хэрэглэх 11 асуулт бүхий хүний наймааны эрсдэлийн үнэлгээний жагсаалтыг ашигладаг болсон. Гэвч ихэнх төрийн байгууллага хохирогчдыг тогтоох, тэднийг үйлчилгээнд хамруулах системчилсэн журам тогтоогоогүйн улмаас олон хохирогч илрэлгүй үлдэж, зарим нь ял шийтгэл хүлээх эмзэг нөхцөл байдалд хүргэж байна.

Хууль зүйн яамнаас тайлангийн хугацаанд хүний наймааны гэмт хэрэг үйлдэгчийг шийтгэх эрүүгийн хэргийн үйл ажиллагаанд тус болох гэрч, хохирогчдод урамшуулал үзүүлэх зорилго бүхий Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтэнд шаардлагатай 6 журмын сүүлчийнхийг нь баталсан. Гэвч 2012 онд батлагдсан Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 6 журмын нэгийг нь батлаагүй хэвээр байна. ХТЭТ ТББ-ын тусалсан 36 хүний 16 нь хэргээ шүүхээр шийдүүлэхийг хүссэн бол бусад нь хүний наймааны шууд үр дагавар болох цагаачлалын журам зөрчсөн, биеэ үнэлсэн гэх хууль бус үйлдлүүдийн улмаас шийтгүүлэхээс эмээсэндээ хэрэг үүсгэхгүй байхыг илүүд үзсэн. Улаанбаатар хотын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1-р дүүргийн байранд гэрч, хохирогчийн тусгай өрөө гарган ажиллаж байна. Энэ нь 2015 онд явуулсан шүүн таслах ажиллагаанд ямар үр нөлөө үзүүлсэн тухай үнэлгээг цаашид хийх шаардлагатай. Хэдийгээр тайлангийн хугацаанд төр засгийн зүгээс гадаадын хохирогч иргэдийг илрүүлээгүй ч тэднийг залхаан цээрлэл, шийтгэл хүлээлгэж мэдэх улс орон руу нь буцаахын оронд хэрэглэх өөр хуулийн хувилбар Монгол улсын хууль тогтоомжид байхгүй.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

Засгийн газар хүний наймаанаас урьдчилан сэргийлэх талаар боломжийн ажил хийсэн байна. Хүний наймаатай тэмцэх үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий Хүний наймаатай тэмцэх Дэд Зөвлөл нь 2015 онд иргэний нийгмийн төлөөллийг нэмэгдүүлж, ээлжит уулзалтуудаа хийсэн. Энэ хугацаанд Хууль зүйн яам 2016-2021 оны Үндэсний хөтөлбөрийг шинээр боловсруулсан бөгөөд хоёр жил хянахаар хүлээгдэж байсан өмнөх хөтөлбөрийг хүчингүй болгосон байна. Засгийн газар 2016-2024 онд гэрч хохирогчийг хамгаалах, тусламж үзүүлэх тухай үндэсний хөтөлбөрийг тусад нь баталсан ч хэрэгжилт нь ямар түвшинд байгаа нь тайлангийн хугацаанд мэдэгдээгүй. Нэгтгэсэн статистик мэдээллийн сан бүрдүүлэх үүднээс засгийн газар олон улсын байгууллагатай хоёр дахь жилдээ хамтран ажиллаж байна. Албаны хүмүүс хөдөлмөрийн мөлжлөгийн эрсдэлийн талаар олон нийтийн сүлжээ болон зурагтын сувгуудаар нийтэд сэрэмжлүүлэг түгээсэн бөгөөд мөн энэхүү сэрэмжлүүлгийг бүх аймгийн цагдаагийн газруудад тараасан. Олон улсын байгууллагын тусламжтайгаар холбогдох байгууллагууд хүний наймаанд өртсөн нөхцөлд яаралтай холбоо барих мэдээлэл бүхий сануулгыг пасспортод хавсаргах, тараах ажлыг санхүүжүүлж, эдгээрийг хамгийн хөл хөдөлгөөнтэй боомтууд, хүн амын нягтаршил ихтэй газруудаар тараасан. Хойд Солонгосын ажилчид, тэдний цалин хөлсний талаар жил бүр зохицуулалт хийх засгийн газар хоорондын гэрээтэй боловч, Монгол улс дахь гадаадын гэрээт ажилчдын ажиллах нөхцөл байдлыг шалгах тал дээр засгийн газар дорвитой ажил хийгээгүй. Мөн хүчээр хөдөлмөр эрхлүүлэх, биеэ үнэлэгчдийг худалдан авах хэрэгцээг багасгах талаар төр газраас ямар нэг арга хэмжээ аваагүй. 2015 онд олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор явж байгаа бүх цэргүүдийг хүний наймаатай тэмцэх сургалтанд хамруулж, дипломат ажилтнуудыг гадаадад томилогдохоос нь өмнө хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн талаар мэдлэгтэй болох шаардлага тавьсан байна.