НЭГДСЭН ХУРААНГУЙ
Монгол Улс нь олон намын тогтолцоотой, парламентын засаглалтай ардчилсан улс юм. 2016 оны 6-р сарын УИХ-ын сонгууль болон 2017 оны 6-р сарын 26, 7-р сарын 7-ны Ерөнхийлөгчийн сонгууль нь ерөнхийдөө чөлөөтэй, шударга явагдсан гэж үзэж байгаа ч, зарим ажиглагчид Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгогчдын саналыг худалдаж авсан төдийгүй нэр дэвшигчид авлигад гар бие оролцсон байж болзошгүй гэж үзсэн.
Эрх бүхий төрийн байгууллагуудын зүгээс аюулгүй байдлыг хангах хүчнүүдийг үр дүнтэй хянадаг.
Хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн тулгамдсан асуудлууд нь цагдаа нар хоригдлууд болон саатуулагдсан хүмүүст хүч хэрэглэсэн; авлига; лесбиян, гей, бисексуал, трансжендэр болон интерсекс (ЛГБТИ) иргэдийн эсрэг хүчирхийлэл болон Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (БНАСАУ) зэрэг гэрээгээр ажиллаж буй зарим нэгэн гадаад ажилчдыг хүнд нөхцөлд хөдөлмөр эрхлүүлсэн зэрэг асуудлууд юм.
Төр засгийн зүгээс хүний эрх зөрчсөн албан тушаалтнуудад шийтгэл оногдуулах, ялгаварлан гадуурхагдсан тохиолдлуудыг засч залруулах тал дээр арга хэмжээ хангалтгүй авсан.
1 дүгээр хэсэг. Хүний эрх чөлөө, халдашгүй байх эрхийг хүндэтгэх:
а. Хүний амийг хууль бусаар дур мэдэн бусниулах болон улс төрийн шинжтэй аллага
Өнгөрсөн онд төрийн байгууллага болон албан тушаалтнаас хүний амь насыг хууль бусаар дур мэдэн бусниулсан хэрэг бүртгэгдээгүй.
б. Сураггүй алга болох
Улс төрийн шинжтэй сураггүй алга болсон тохиолдол бүртгэгдээгүй.
в. Эрүү шүүлт тулгах болон хэрцгий, хүмүүнлэг бусаар хандаж харьцах, нэр төрийг нь доромжлох, шийтгэх
Хуулиар эдгээр үйлдлийг хориглосон. Гэсэн хэдий ч Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) болон бусад төрийн бус байгууллагуудын (ТББ) мэдээлснээр цагдаагийн албан хаагчид ял эдэлж буй хоригдол болон цагдан хоригдсон хүмүүсийг ялангуяа хэрэг хүлээлгэх үүднээс хүч хэрэглэх, хэрцгий, хүмүүнлэг бусаар хандаж харьцах, нэр төрийг нь доромжлох, шийтгэх болон эрүүдэн шүүх явдал гарч байгаа нь ноцтой асуудал гэж үзэж байна.
Хууль зүй, Дотоод Хэргийн Яамны (ХЗДХЯ) мэдээлснээр 2016 оны эхний найман сарын байдлаар Цагдаагийн ерөнхий газарт (ЦЕГ) мэдүүлсэн төрийн албан хаагч, цагдаагийн ажилтан, эсвэл мөрдөн байцаагчийн зүгээс хүч хэрэглэсэн, дарамт шахалт үзүүлсэн, эсвэл эрүүдэн шүүсэн 25 гомдлын 21-д нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Үлдсэн 4 гомдлын хоёрыг харъяаллын дагуу шилжүүлсэн бол, нэгийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн нэг нь есдүгээр сарын байдлаар мөрдөн байцаалтын шатанд явж байсан. ЦЕГ төрийн албан хаагч, цагдаагийн ажилтан, эсвэл мөрдөн байцаагчийн зүгээс хүний эрүүл мэнд, бие махбодид халдан хүч хэрэглэсэн гэх 24 гомдол хүлээн авсан байна. Есдүгээр сарын байдлаар эдгээр хэргийн 15 нь мөрдөн байцаалтын шатанд, 6 нь Улсын Ерөнхий Прокурорын Газарт (УЕПГ) шилжсэн байна. ЦЕГ-ын мэдээлснээр оны эхний хагасын байдлаар ял эдэлж буй хоригдол болон цагдан хоригдсон хүмүүсээс дээрхтэй адил 16 гомдол ирүүлсэн байна.
ХЭҮК, ТББ, сэжигтэн, шүүгдэгчийн өмгөөлөгчдийн мэдээлснээр албадан саатуулагдагсдыг хүчээр хэрэг хүлээлгэх, сүрдүүлэх үүднээс зарим тохиолдолд ар гэрийнхнийг айлган сүрдүүлэх, сэжигтнүүдийг ар гэр, гэрийнхнээс нь зайдуу урьдчилан хорих төвүүдэд удаа дараа шилжүүлэх буюу хорьж, өмгөөлөгч, хуулийн зөвлөгөө авах, ар гэрийнхнээсээ эргэлт авахад нь хүндрэл учруулжээ. Хүний эрхийн төлөө тэмцэгч ТББ-уудын мэдээлснээр эрүүдэн шүүсэн, хүч хэрэглэсэн гэх хэргүүдийн нотлох баримтыг цуглуулахад хүндрэлтэй байдаг ажээ. Ихэнх хорих байр, урьдчилан хорих төвүүд байцаалтын үйл явцыг ажиглах камертай хэдий ч хүч хэрэглэсэн гэх тохиолдлуудын үеэр тэдгээр камер гол төлөв эвдэрсэн, засвартай байсан байна.
Орон нутгийн цагдаагийн албан хаагчид эрүү шүүлт тулгасан, хүчирхийлсэн гэх гомдлыг шалгах үүрэгтэй. ЦЕГ нь эрүү шүүлт тулгасан цагдаагийн албан хаагчдыг шалгах тусгай хэлтэстэй.. Энэ хэрэгт холбогдогсдын дийлэнх хувийг цагдаагийн албан хаагчид эзэлдэг тул ХЭҮК болон ТББ-ууд ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүйд санаа зовниж, эл эрх ашгийн зөрчлийн улмаас олон нийтийн зүгээс мөрдөн байцаах үйл ажиллагаанд итгэл алдрах эрсдэлтэй хэмээн үздэг.
Хууль бус арга хэрэглэж мэдүүлэг авах, албадан эрүү шүүлт тулгасан асуудлаар 7-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн шинэ Эрүүгийн хуулиар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас гадна бүх төрлийн төрийн албан хаагчдыг мөрдөн шалгахаар цар хүрээг нь өргөжүүлэн заасан. Уг хуулиар бие махбодийн болон сэтгэл санааны гэмтэл, хохирлыг тооцохоор заасан боловч, эрүү шүүлт тулгасан албан хаагчид оноох хорих ял шийтгэлийн дээд хэмжээг 15 жилээс 5 жил хүртэл бууруулсан байна. Хууль сахиулах албаныхныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэх зүйл ангиар яллаж болох хэдий ч энэ зүйл заалтаар ялласан тохиолдол ховор. Хуульд зааснаар дээд шатны албан тушаалтнаас өгсөн тушаал, захирамжийг биелүүлэх үүрэг гүйцэтгэхдээ энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй ажээ. Хуульд зааснаар тушаал, захирамж өгсөн этгээдэд бусдад гэм хор учруулсны төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан хэдий ч энэ зүйл ангиар ялласан хэрэг ховор. ХЭҮК, прокурор, шүүгчдийн үзэж байгаагаар уг заалт нь мөрдөн байцаагч, эсвэл прокурорын заавраар хүчээр мэдүүлэг өгөхийг албадсан гэм буруутай хууль хяналтын алба хаагчдад хариуцлагаас мултрах боломж олгожээ. ХЭҮК-ийн мэдээлснээр сэтгэл санааны эрүү шүүлт тулгасан гэх гомдлуудыг зарим тохиолдолд нотлох баримтгүй, эсвэл хохирлын хэмжээг тогтоох боломжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Хүч хэрэглэсэн гэх тохиолдлуудын гэрч нь гол төлөв өөрсдөө цагдан хоригдогсод, хоригдлууд байдаг ба ар гэрийнхнийг нь сүрдүүлэх буюу илүү урт хугацаагаар ял эдлэх гэмт хэрэгт нэмж яллахаар сүрдүүлэх зэргээр тэднийг энэ талаар мэдүүлэг өгүүлэхгүйн тулд асар их дарамтад байлгадаг байна.
Есдүгээр сарын байдлаар ЦЕГ-т төрийн албан хаагчийн үйлдсэн хүчингийн хоёр хэрэг бүртгэгдсэн. Тус газраас нэгийг нь эрүүгийн хэрэг биш гэж үзсэн бол нөгөө хэрэг нь жилийн эцэс гэхэд мөрдөн байцаалтын шатанд явж байсан байна.
Хорих анги ба урьдчилан хорих төвийн нөхцөл
Сүүлийн жилүүдэд ахиц дэвшил гарсан хэдий ч Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын (ШШГЕГ) харъяа хорих газар, шүүхийн өмнөх шатанд урьдчилан хорих төв болон тус улсаас албадан гаргах иргэдийг түр саатуулах байрны нөхцөл байдал хангалтгүй, зарим тохиолдолд хүнд хэцүү хэвээр байна.
Бодит нөхцөл байдал: Эрэгтэй хоригдлуудыг үйлдсэн гэмт хэргийнх нь хүнд хөнгөнийг харгалзсаны үндсэн дээр тогтсон дэглэмд хамааруулж, зөвхөн тухайн дэглэмтэй хорих ангид хорьдог. Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн хорих газар нэг байх бөгөөд дэглэм тус бүрээр болон нярай хүүхэдтэй ялтнууд байрлах тусдаа хэсгүүдтэй. Урьдчилан хорих төвд саатуулагдаж буй хүмүүс болон ял эдэлж буй хоригдлуудад зориулсан байгууламжууд тусдаа байдаг.
ШШГЕГ-ын 24 хорих газар болон шүүхийн өмнөх шатны урьдчилан хорих 28 төвийн ачаалал ерөнхийдөө хэтрээгүй байсан ч, ТББ-ууд, албаныхны мэдээлснээс харахад хуучны хорих ангиуд, урьдчилан хорих төвүүдэд гол төлөв эмнэлгийн үйлчилгээ, хувцасны хангамж, ор дэр, хөнжил дэвсгэр, хоол хүнс, ундны усны чанар, халаалт, гэрэлтүүлэг, агааржуулалт, эрүүл ахуйн байгууламж болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан байр байгууламжтай холбоотой асуудлууд бэрхшээлтэй байсан. Хөдөө, орон нутагт дээрх асуудлууд бүр ч хүнд нөхцөл байдалтай. Шинээр баригдсан болон шинээр засвар хийсэн хорих газруудын нөхцөл байдал ерөнхийдөө сайн. Цагдаагийн харъяа зарим эрүүлжүүлэх төвүүд дэх нөхцөл байдал тааруу байна.
ШШГЕГ-ын мэдээлснээр есдүгээр сарын байдлаар хорих газруудад 10 хүн нас барсан бол, урьдчилан хорих төвүүдэд нас барсан тохиолдол гараагүй байна. ШШГЕГ-ын мэдээлснээр мөн хугацаанд хорих газарт сүрьеэгийн халдварын 34 тохиолдол гарсан байна. Прийзон Феллоушип ТББ-ын үзэж байгаагаар засан хүмүүжүүлэх газрын ажилтнууд эмчилгээгүй болсон өвчтнүүдийг нас барахынх нь өмнөхөн сулладаг нь зарим талаар хорих газар болон урьдчилан хорих төвд нас барж байгаа хүмүүсийн тоог илт дарагдуулдаг гэжээ.
Захиргаа: УЕПГ-аас хорих байр, урьдчилан хорих төвүүдийн нөхцөл байдалд хяналт тавьдаг. УЕПГ болон ХЭҮК-оос хорих байр, шүүхийн өмнөх шатанд урьдчилан хорих төвүүд, цагдаагийн харъяа саатуулах барйуудад төлөвлөгөөт, гэнэтийн болон санал гомдлын мөрөөр удаа дараа шалгалт явуулсан.
Бие даасан мониторинг: Эрх бүхий байгууллагаас хараат бус ТББ-уудын ажиглагчид болон ХЭҮК-т мониторинг хийх боломж олгодог ч хорих ангиудын зарим байгууламжуудад ажиглагчид нэвтрэхийг хязгаарласан.
г. Дур мэдэн баривчлах, саатуулах
Хуульд заасан тодорхой журмаас гадуур дур мэдэн хэнийг ч баривчлах, саатуулах, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно, мөн баривчлах, саатуулах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан эсэхийг шүүхээр шийдүүлэх эрхтэй гэж хуульд заасан бөгөөд төрийн ихэнх байгууллагууд дээрх хязгаарлалтыг ерөнхийдөө даган биелүүлсэн. Тагнуулын Ерөнхий Газар (ТЕГ) зарим үед сэжигтнээс мэдүүлэг авахаар эрх мэдлээ хэтрүүлэн саатуулсан тохиолдол гарсан боловч, 7-р сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн шинэ Эрүүгийн хуульд саатуулах бүх ажиллагааг прокурор хянах ёстой гэж заасан байна.
Цагдаа, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний гүйцэтгэх үүрэг
ХЗДХЯ-ны харъяанд үйл ажиллагаагаа явуулдаг ЦЕГ болон Хил Хамгаалах Ерөнхий Газар (ХХЕГ) нь дотоодын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. ТЕГ-ын дарга нь ажлаа Ерөнхий сайдад тайлагнадаг бөгөөд дотоодын аюулгүй байдлыг хангахад дээрх албадуудад дэмжлэг үзүүлэхээс гадна, гадаад тагнуулын үйл ажиллагаа, гүйцэтгэх ажиллагааг хариуцдаг.
Батлан хамгаалах яаманд (БХЯ) шууд харъяалагддаг зэвсэгт хүчин нь үндэсний батлан хамгаалах чиг үүргийг хариуцдаг бөгөөд дотоодын аюулгүй байдлыг хангах албадад дэмжлэг үзүүлж, дотоод дахь онцгой байдал, гамшгийн үед тусламж үзүүлэх ажиллагаанд оролцдог.
Төрийн холбогдох байгууллагууд гадаад болон дотоодын аюулгүй байдлыг хангах албадын үйл ажиллагааг ерөнхийдөө хянадаг боловч цагдаагийн алба хаагчдын зүй бус харьцааг мөрдөн шалгах механизм хангалтгүй. Өнгөрсөн онд цагдаагийн албаныхан сэжигтнүүдтэй зүй бус харьцсан гэх тохиолдлууд гарсан.
Баривчлах ажиллагаа, цагдан хоригдогсдын нөхцөл байдал
Сэжигтнийг баривчлахад нотлох баримтад үндэслэсэн, прокурорын гарын үсэг бүхий тогтоол гарсан байх шаардлагатай. Баривчилсны дараа 24 цагийн дотор прокурор сэжигтнийг баривчлах үндэслэл, шалтгаан зэргийг дурдсан тогтоол үйлдэж шүүгчид танилцуулна, шүүгч 48 цагийн дотор баривчлагдсан сэжигтнийг цагдан хорих зөвшөөрөл өгөх, эс бол суллах захирамж гаргана. Сэжигтнийг баривчилсан талаар холбогдох албан тушаалтан 6 цагийн дотор түүний гэр бүлд мэдэгдэнэ. “Хойшлуулшгүй тохиолдолд” цагдаагийн албан хаагч сэжигтнийг шууд баривчлахыг зөвшөөрдөг. Хойшлуулшгүй тохиолдол гэдэгт хүн амины хэрэг, хүний бие махбодид ноцтой гэмтэл учруулсан, өмч хөрөнгийг эвдэж сүйтгэсэн, сэжигтэн оргон зугтахыг завдсан, нотлох баримтыг устгах сэжиг бүхий тохиолдол зэрэг нөхцөл байдал орно. Дээрх тохиолдолд прокурор баривчлах тогтоолыг 24 цагийн дотор, шүүгч 48 цагийн дотор уг сэжигтнийг баривчлах захирамжийг гаргах ёстой. Баривчилснаас хойш 72 цагийн дотор шүүгч захирамж гаргахгүй бол сэжигтнийг суллана. Сэжигтнийг суллахдаа түүнийг ямар үндэслэлээр баривчлан саатуулснаа мэдэгдэх ёстой.
ХЭҮК-ийн мэдээлснээр мөрдөн байцаалт явуулах эрх бүхий газраас сэжигтнийг мөрдөн байцаахдаа шүүгчийн захирамжгүйгээр саатуулсан болон цагдаа сэжигтэнд таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа батлан даалтад өгөх (прокурорын зөвшөөрөлтэйгээр), гуравдагч этгээдийн хувийн баталгаа авах (сэжигтэн оршин суугаа газраасаа гадагш явагүй тухай гарын үсэгтэй баталгаа), цэргийн албан хаагчийг цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулахаар өгөх зэрэг өөр арга хэрэгслийг ашиглахаасаа илүүтэй баривчлан саатуулахыг урьтал болгодог. Хувийн батлан даалтад авснаар ар гэрийнхэн нь сэжигтнээр тооцогдсон хүнээ батлан дааж авч болдог. Уламжлалт батлан даалтаас ялгаатай нь суллаж явуулсны хариуд барьцаа тавихыг шаарддаггүй. Энэхүү тогтолцоо бүх төрлийн гэмт хэрэгт хамаарах боловч үүнийг голдуу хүнд ноцтой биш гэмт хэрэгт холбогдсон сэжигтнүүдэд хэрэглэдэг.
Хэдийгээр дээр дурдсан зөрчлүүд байсан ч цагдан хоригдсон хүмүүст ерөнхийдөө яллагдсан зүйл ангийнх нь талаар болон өмгөөлөгч авах эрхийнх нь талаар даруй мэдэгдэж байжээ. Сэжигтнийг шүүгчийн захирамжаар саатуулж мөрдөх нийт хугацаа 18 сар байдаг. Цагдан хоригдогсод ерөнхийдөө гэр бүлийн гишүүдтэйгээ шуурхай холбоо барих боломжтой байсан ч зарим тохиолдолд алслагдмал хөдөө орон нутаг дахь урьдчилан хорих төвүүдэд удаа дараа шилжүүлэх буюу саатуулах замаар дээрх эрх зөрчигдөж байна. Гэсэн хэдий ч ардчилсан хөдөлгөөний удирдагч С. Зоригийн амь насыг хөнөөсөн 1998 оны хэрэгт яллагдагчаар татагдсан шүүгдэгчийг шүүхийн өмнөх шатанд урьдчилан хорих төвд хоёроос дээш жил хорьсны эцэст 8-р сард Дээд Шүүхээр хэргийг нь шийдэж, ял оноосон байна.
Цагдан хоригдсон этгээд шүүхийн өмнө болон ял шийтгэл ногдуулсны дараах үе зэрэг шүүн таслах ажиллагааны бүх үе шатанд өмгөөлөгч авах эрхтэй. Шүүгдэгч өөрийгөө хамгаалах чадваргүй, бие махбодийн эсвэл сэтгэцийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, Монгол хэлээр ойлголцдоггүй, эсвэл одоогийн өмгөөлөгч эсвэл бусад шүүгдэгч, яллагдагчтай сонирхлын зөрчилтэй тохиолдолд төр өмгөөлөгч томилох ёстой. Цагдан хоригдогсод өмнөх жилүүдтэй харьцуулахад өмгөөлөгч авах эрхээ илүү мэддэг болсон гэж мэдээлж байгаа ч буруу ташаа ойлголтын улмаас тэр эрхээ хязгаарлагдмал байдлаар ашигласан. Тухайлбал, албадан саатуулагдсан этгээд байцаан шийтгэх процесс эхэлмэгц өмгөөлөгч авах эрхтэй гэдгээ тэр болгон мэддэггүйн улмаас шүүхийн шатанд хэрэг хэлэлцэх хүртэл эрхээ эдлээгүй байдаг.
д. Нээлттэй, шударгаар шүүлгэх эрхийг зөрчих
Шүүх эрх мэдэл хараат бус байна хэмээн Үндсэн хууль болон бусад хуульд заасан хэдий ч шүүхэд авлига болон гуравдагч талын нөлөө байсаар байна гэж ТББ-ууд, бизнесийн салбарынхан үзсэн. Хэргийг шүүн хэлэлцэх шатанд гэм бурууг нотлох баттай нотлох баримт тогтоогдохгүй байхад шүүх прокуроруудын эсэргүүцлийг сөрж, ялыг цагаатгах болон хэргийг хэрэгсэхгүй болгох тал дээр учир дутагдалтай хандсан. Хэрэгсэхгүй болговол зохих эрүүгийн хэргүүдийг шүүх прокурорын нэмэлт мөрдөн байцаалтад удаа дараа буцаасан. Үүний уршгаар эрүүгийн зарим ноцтой хэргүүд шийдвэрлэгдэхгүйгээр прокурор, шүүхийн хооронд явсаар хэдэн жилээр сунжирдаг.
Шүүн таслах ажиллагаа
Хуульд зааснаар хүн бүр шударга, нээлттэй шүүхээр хэргээ хуулиар заасан хугацаанд шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд хараат бус шүүх энэ эрхийг ерөнхийдөө хэрэгжүүлсэн. Шүүгдэгчийн гэм буруутайг шүүхээр тогтоох хүртэл гэм буруугүй бөгөөд шүүгдэгч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй. Шүүхээс гэм буруутайгаар тогтоогдож шүүх ажиллагааны холбогдох зардлыг шүүгчдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснээс бусад үед шаардлагатай тохиолдолд шүүх үнэ төлбөргүйгээр, дохионы хэлний хэлмэрч болон орчуулагчаар хангаж болдог. Шүүгдэгч анхан шатны шүүх хуралд биечлэн оролцох (гэвч энэ нь давж заалдах шүүхэд хамаарахгүй); өөрийн сонгосон (эсвэл улсаас гаргаж өгсөн) өмгөөлөгчтэйгөө харьцах; өмгөөллөө бэлдэх хангалттай хугацаа өгөх, орчин нөхцөлөөр хангах; гэрчтэй нүүрэлдэх; өөрийн гэрчийг дуудаж оролцуулах, нотлох баримт гаргаж өгөх; хүчээр мэдүүлэг өгөх, гэм буруугаа хүлээхээр албадуулахгүй байх болон давж заалдах эрхтэй. ТББ-ууд, ажиглагчдын мэдээлснээр эрх бүхий байгууллагууд эдгээр эрхүүдийг хангалттай хэрэгжүүлээгүй бөгөөд шүүгч, прокурор болон шинжээч гэрчүүдэд авлигынзамаар үндэслэлгүй ял оноох, хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн ялын хэмжээг бууруулсан тохиолдол гарсан.
Процессын алдаа, хуулийн уялдаа холбоогүйгээс шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учирдаг. Улсаас гаргаж өгдөг өмгөөлөгчийн тоо хангалттай хэдий ч эдгээр өмгөөлөгчийн үйлчилгээний чанар, мэргэжлийн ур чадвар жигд бус байдаг тул олон шүүгдэгч хууль зүйн тусламж авах эрхээ хангалттай эдэлж чадаагүй. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэхдээ хангалттай нотлох баримт гэхээсээ хэрэг хүлээсэн байдалд гол төлөв тулгуурладаг. Үүнээс гадна төрийн албан тушаалтнууд, хууль сахиулах байгууллагынхан гэрчийг сүрдүүлдэг, шүүх хуралд олон нийтийн оролцоо хязгаарлагдмал (ердөө байр савны багтаамж хүрэлцэхгүй гэх шалтгаанаар), ерөнхийдөө шүүхийн шийдвэр гаргах үйл явц ил тод бус, улмаар шинэ эрүүгийн хууль болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үйлчлэлийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголт дутмаг байгаад ТББ-ууд шүүмжлэлтэй хандаж байна.
Улс төрийн хоригдол ба цагдан хоригдогч
Улс төрийн хоригдол, цагдан хоригдогч албан ёсоор бүртгэгдээгүй.
Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа ба хохирол барагдуулалт
Хүний эрх зөрчсөн хэрэг маргааныг захиргааны болон иргэний шүүхийн арга замаар барагдуулдаг. Засгийн газар зарим тохиолдолд хүний эрхтэй холбоотой шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй.
Нөхөн төлбөр
Өнгөрсөн хугацаанд ашиг сонирхол бүхий зарим хувийн болон төрийн өмчит уул уурхайн компаниуд уламжлалт бэлчээрийн газар нутаг руу дайрч орсон тухай нүүдлийн мал аж ахуй эрхлэгч малчид болон Эмнести Интернэшнл байгууллага мэдээлСэн. Бэлчээрийн газрыг нь зарж, малчдыг нүүлгэн шилжүүлэхийн хажуугаар уул уурхайн компаниудын зүгээс худаг ашиглахыг нь хориглосон тухай малчид мэдээлсэн.
е. Хувийн болон гэр бүлийн амьдрал, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааны нууцад хөндлөнгөөс дур мэдэн оролцох
Хуулиар эдгээр үйлдлийг хориглодог, төр засгийн зүгээс эдгээр хориог зөрчсөн гэх мэдээлэл гараагүй.
2 дугаар хэсэг. Иргэний эрх чөлөөг хүндэтгэх:
а. Үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө
Хуульд үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй байхаар заасан бөгөөд төр засгийн зүгээс энэ эрхийг ерөнхийдөө хүндэтгэсэн боловч төрөөс зарим нэг агуулгын хязгаарлалт тавьж, гэрчилгээ зөвшөөрлийн асуудал гарч, сэтгүүлчдийг дарамталсан хэргүүд гарсан. Эдгээр асуудал нь зарим тохиолдолд сэтгүүлчид өөрөө өөртөө цензур тогтооход хүргэсэн.
Хэвлэл, мэдээллийн эрх чөлөө: Хараат бус хэвлэл мэдээлэл идэвхтэй ажилласан бөгөөд ямар нэгэн хязгаарлалтгүйгээр олон ургальч үзэл бодлоо өргөн хүрээтэйгээр илэрхийлж байсан.
Хэвлэлийн болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудлаар дагнан ажилладаг дотоодын ТББ болох Глоб Интернэшнлийн мэдээлснээр албан тушаалтнуудын зүгээс орон нутгийн зарим хэвлэл мэдээллийнхнийг дарамталсан байна. Тухайлбал, Орхон аймагт хууль сахиулах албан тушаалтнууд сэтгүүлчдэд халдаж, мэдээллийн эх сурвалж буюу хэвлэл мэдээллээр цацагдсан мэдээ мэдээлэлд мөнгө төлсөн иргэнийг илчлэхийг шаардаж, тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, үйл ажиллагааг зогсооно хэмээн сүрдүүлсэн. Түүнчлэн өөрсдийн талаар эерэг мэдээлэл олон нийтэд түгээхийн тулд улс төрчид, бизнесийн том байгууллагуудаас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мөнгөн шагнал урамшуулалөгсөн гэсэн албан бус мэдээллүүд байна.
Цензур, нэвтрүүлгийн агуулгыг хязгаарлах: Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ноос дижитал контент болон телевиз, радиогийн үйлчилгээ зэрэг өргөн хүрээнд цацагдах нэвтрүүлгийн агуулга, тухайлбал, садар самуун болон хэрцгий жигшим хүчирхийллийн агуулгад хязгаарлалт тавьсан. Телевиз, радио сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл өгөх чиг үүрэг бүхий ХХЗХ-ны гишүүдийг олон нийттэй зөвшилцөхгүйгээр төрөөс томилдог. Энэ нь сонгон шалгаруулах үйл явц ил тод бус явагдахад нөлөөлөхөөс гадна телевиз, радио сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн төлөө явагдах шударга өрсөлдөөнийг боомилж, улс төрийн холбоо сүлбээтэй хүмүүст давуу тал олгосон.
Төр засгийн болон улс төрийн намын дарамт шахалтаас үүдсэн шууд бус цензур байсан тухай хэвлэл мэдээллийн төлөөлөгчид мэдэгдэж байна.
Гүжирдэлт/гүтгэлгийн эсрэг хууль: Хэвлэл мэдээллийнхний эсрэг төрийн алба хаагч, хувийн компаниуд болон хувь хүмүүсээс гүжирдэн гүтгэсэн гэсэн гомдол гарсан. Шинэ Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиар бусдыг гүтгэсэн, доромжилсон гэх хэргүүдийн дийлэнхийг эрүүгийн гэмт хэрэг бус зөрчил гэж үзэн 2 саяас 20 сая хүртэлх төгрөгөөр ($815-$8,150) торгох ял шийтгэл оноодог болсон. Глоб Интернэшнл байгууллагын үзэж байгаагаар хуулийн шинэ заалтыг дагаад иргэдийн үг хэлэх эрх чөлөө сайжирсан боловч торгуулийн хэмжээ харьцангуй өндөр байна. Тус хуулиар сонгуулийн кампанит ажлын үеэр хэрэгжих онцгой зохицуулалтыг заасан. Тухайлбал, сонгуульд өрсөлдөж буй улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр төрийг гутаасан худал, буруу ташаа мэдээлэл тараасан нь тогтоогдвол 450,000-5,000,000 хүртэлх төгрөгөөр ($185-$2,200) торгох, эсвэл нэг сараас нэг жилийн хугацаанд хорих ял оноох ажээ. Мөн буруу ташаа мэдээлэл олон нийтэд түгээж, хүний нэр төрийг гутаан доромжилсон тохиолдолд хэвлэл мэдээллийн байгууллагын зөвшөөрлийг 6 сараар түдгэлзүүлж, үйл ажиллагааг нь зогсоох зэргээр тус хуулиар сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг арга хэмжээ авахаар нэмэлт хязгаарлалт оруулсан байна.
7-р сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын нэгэн ажилтан хоолны хордлогын хэрэг гарсан үеэр өөрийг нь ажлаасаа чөлөө авсан байсан тухай мэдээлсэн сэтгүүлчийг нэр төрд халдаж гүтгэсэн хэмээн буруутгаж, цагдаагийн байгууллагад албан ёсоор гомдол мэдүүлсэн. Тус ажилтан сэтгүүлчээс 20 сая төгрөг ($8,150) нэхэмжилжээ. Дүүргийн цагдаа сэтгүүлчийн түгээсэн мэдээлэл үнэн зөв байсан бөгөөд гүтгэлэг биш гэдгийг тогтоосон боловч тус ажилтан шийдвэрийг хүлээж авалгүй дүүргийн прокурорт давж заалдсан. 9-р сарын байдлаар уг гомдлыг дүүргийн прокурорын тушаалаар дахин мөрдөн шалгах шатанд шилжүүлсэн байна.
Үзэл бодлоо илэрхийлэх болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг өргөн хүрээтэйгээр хангахад чиглэсэн арга хэмжээ:
Шинэ Эрүүгийн хуульд зааснаар тухайн хувь хүний болон бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц баримт, мэдээллийг нуун дарагдуулахаар сүрдүүлсэн, хүч хэрэглэсэн, эсвэл аливаа этгээдэд мөнгө төлсөн бол 450 мянгаас-,7 сая төгрөгөөр ($185-$1,100) торгох, эсвэл 1-6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 1-6 сар хүртэл хорих ял шийтгэнэ гэж заасан.
Интернетийн эрх чөлөө
Хуульд зааснаар хувь хүмүүс болон бүлэг, хамт олон интернетээр үзэл бодлоо тайван замаар илэрхийлж болно. Гэсэн хэдий ч төрөөс интернэт агуулгыг зарим талаар, тухайлбал садар самуун болон хэрцгий, жигшим хүчирхийллийн агуулгыг хязгаарласан. Төрөөс хаагдсан вэбсайтуудын жагсаалтыг гаргаж холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн сайтуудыг уг жагсаалтад нэмж бүртгэсний дотор оюуны өмчийн зөрчилтэй холбоотой сайтууд мөн хамрагдсан. 9-р сарын 18-ны байдлаар, хууль зөрчсөн гэх үндэслэлээр 554 сайтыг хаагаад байна.
ХХЗГ-аас баталсан журамд чухам ямар контент хориотой вэ гэдгийг нарийн тодорхойлохгүйгээр бүдүүлэг үг хэллэг, зохисгүй контентод өргөн хүрээнд хязгаарлалт тавьсан. Уг журамд заасны дагуу ачаалал ихтэй вэбсайтууд шүүлтүүрийн програм хангамж ашиглах үүрэг хүлээснээр сэтгэгдэл үлдээсэн, мэдээлэл тараасан хүмүүсийн интернет протокол хаягууд нийтэд ил болох юм.
Глоб Интернэшнлийн мэдээлснээр цагдаа нар зарим иргэд цахим сүлжээгээр гутаан доромжилсон өнгө аястай шүүмж, сэтгэгдлүүд бичсэн гэх гомдлын дагуу хувь хүмүүсээс ярилцлага авсан гэжээ. Эдгээр хэргүүдийг ихэвчлэн албан ёсны шүүх ажиллагаанаас гадуур шийдвэрлэсэн байна. Тухайлбал, талууд контентыг цахим сүлжээнээс устгах, албан ёсоор уучлалт гуйх, эсвэл төлбөр торгууль төлөх зэргээр өөр хоорондоо зөвшилцөн шийдвэрлэжээ.
Тус улсын хот суурин газрын иргэд цахим сүлжээнд өргөнөөр холбогдсон, алслагдсан хөдөө орон нутагт улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Олон улсын цахилгаан холбооны байгууллагын тооцоолсноор 2016 оны байдлаар хүн амын 22 гаруй хувь нь цахим сүлжээнд холбогдсон байв.
Боловсролын эрх чөлөө ба соёлын арга хэмжээ
Боловсролын эрх чөлөө ба соёлын арга хэмжээг төрөөс хязгаарладаггүй.
б. Тайван замаар жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө
Хуульд тайван замаар жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөтэй байхаар заасан бөгөөд төр эдгээр эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг.
Жагсаал цуглаан хийх эрх чөлөө
Хуульд жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй байхаар заасан бөгөөд төр бодит байдал дээр энэ эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг. Гэвч Нийслэлийн Засаг даргын тамгын газар нийгмийн хэв журмыг тогтоох зорилгоор Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр буюу 6-р сарын 26-28, 7-р сарын 6-8-ны өдрүүдэд олон нийтийг хамарсан энтертейнмэнт болон спортын арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон.
Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө
Хуульд эвлэлдэн нэгдэх эрх чөлөөтэй байхаар заасан бөгөөд төр бодит байдал дээр энэ эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг.
в. Шашны эрх чөлөө
Холбогдох мэдээллийг Төрийн Департаментын Олон улсын шашны эрх чөлөөний тухай илтгэл-ээс www.state.gov/religiousfreedomreport/ хаягаар орж үзнэ үү.
г. Шилжин суурьших эрх чөлөө, дотоодын дүрвэгч, дүрвэгсдийн хамгаалалт, харъяалалгүй хүмүүс
Хуульд иргэд улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй байхаар заасан бөгөөд төр бодит байдал дээр эдгээр эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг. Төр засгаас НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын төлөөлөгчийн газар болон бусад хүмүүнлэгийн байгууллагатай хамтран НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын төлөөлөгчийн газраас хүлээн зөвшөөрсөн дүрвэгсэд, орогнол хүсэгчид болон анхаарал халамж шаардлагатай бусад хүмүүсийг хамгаалалтад авах, тусламж үзүүлэх тал дээр хамтран ажилласан.
Гадаадад зорчих: Шинэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд УЕПГ-ын хүсэлтээр гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаанд оролцсон этгээдийг оргон зугтахаас сэргийлж шүүх хилээр гарахад хориг тавих эрхтэй гэж заасан. Уг хуулийн дагуу тухайн этгээдэд хориг тавьсан тухай мэдэгдлийг цаг тухайд нь хүргэх ёстой. Шинэ хууль батлагдахаас өмнө прокурорууд шүүгчтэй зөвлөлдөхгүйгээр хилээр гарахад хориг тавих бүрэн эрхтэй байсан бөгөөд энэ эрхээ ч удаа дараа эдэлсэн. Хилээр гарах хориг тавигдсан иргэдийг тухайн хориг тавихад хүргэсэн хэрэг маргаан захиргааны журмаар болон шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдэхээс нааш гарч явахыг зөвшөөрдөггүй бөгөөд уг хорио хэдэн жилээр ч үйлчилдэг. 2016 оны 10-р сарын байдлаар төрөөс 300 гаруй хилээр гарах хориог цуцалсан боловч, тайлан мэдээнээс үзвэл, одоогийн байдлаар Монгол улсад оршин суугаа гадаадын иргэдийг оролцуулан 500 хүнд хилээр гарах хориг тавьсан хэвээр байна.
Дүрвэгсдийг хамгаалах талаар
Орогнол олгох: Үндсэн хуульд орогнол олгохоор заасан ч, өнгөрсөн хугацаанд төр засгаас тус улсад оршин суух дүрвэгсдэд хязгаарлагдмал хамгаалалт үзүүлсэн бөгөөд тэдгээр хүсэлтийг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын газар дагнан шийдвэрлэж ирсэн. Хуульд албадан гаргах нөхцлүүдийг заасан байдаг ба шаардлага хангаагүй гэж үзсэн орогнол хүсэгчдийг албадан гаргах эрх мэдлийг Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий Газарт (тус улсын цагаачлалын алба) олгосон.
Ажил эрхлэлт: Хуулиар дүрвэгсэд болон орогнол хүсэгчдэд хууль ёсны статус олгодоггүй, тэднийг хууль бус цагаач гэж үздэг болохоор ажил хийх эрхгүй.
Үндсэн үйлчилгээ авах эрх: Хуулиар дүрвэгсдийн статус олгодоггүй тул, дүрвэгсэд ерөнхийдөө төр засгаас үзүүлдэг суурь эрх болох эрүүл мэндийн үйлчилгээ авах, боловсрол эзэмших боломжгүй. Дүрвэгсэд болон орогнол хүсэгчид НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын газрын дэмжлэгтэйгээр хувийн эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой.
3 дугаар хэсэг. Улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх
Хуулиар иргэд засгийн газраа сонгох тогтмол хугацаанд зохион байгуулагддаг чөлөөт, шударга сонгуульд оролцож тэгш бөгөөд түгээмэл саналын эрхээ нууц санал хураалтаар хэрэгжүүлдэг.
Сонгууль ба улс төрийн оролцоо
Хамгийн сүүлд болж өнгөрсөн сонгууль: Улс орон даяар болж өнгөрсөн хамгийн сүүлийн сонгуулиуд нь 6-р сарын 26, 7-р сарын 7-ны Ерөнхийлөгчийн сонгууль ба 2016 оны УИХ-ын сонгууль юм. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны 7-р сард гаргасан урьдчилсан тайланд Ерөнхийлөгчийн сонгуулийг эмх замбараатай бөгөөд үр дүнтэй болсон гэж дүгнэсэн. Гэсэн хэдий ч, сонгуулийн үеэр сонгогчдын саналыг худалдаж авсан, нэр дэвшигчид авлигад гар бие оролцсон гэх мэдэгдлүүд гарч байсныг ажиглагчид онцолсон. Түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт 7-р сард явагдах болсонтой холбогдуулан сонгуулийн тухай хуульд нэмэлт санал хураалтын тухай ойлгомжгүй зүйл заалтууд орсныг ЕАБХАБ онцлон тэмдэглэсэн. Сонгуулийн Ерөнхий Хорооноос журам зааврыг тайлбарлан тодруулах зохицуулалтыг цаг тухайд нь хийсэн боловч, олон нийт сонгуулийн эхний болон хоёр дахь санал хураалтын хооронд намууд эрх барих болон сонгуулийн сурталчилгаа хийх хоёрын зааг ялгааг бүрхэгдүүлсэн гэж үзсэн.
Эмэгтэйчүүд болон цөөнхийн оролцоо: Эмэгтэйчүүд, цөөнхийн зүгээс төр засаг, улс төрд оролцох оролцоог хязгаарласан хууль тогтоомж байхгүй бөгөөд тэд улс төрийн үйл ажиллагаанд оролцсон.
4 дүгээр хэсэг. Авлига ба төр засгийн үйл ажиллагааны ил тод байдал дахь хязгаарлалт
Албан тушаалтан авлига авсан тохиолдолд эрүүгийн ял шийтгүүлэхээр хуульд заасан ч төр уг хуулийг үр дүнтэй хэрэгжүүлдэггүй, авлига төр засгийн бүх түвшинд байсаар байна. Авлигын шинжтэй үйл ажиллагаанд холбогдсон албан тушаалтнууд зарим үед ял шийтгэгдэхгүй өнгөрдөг. Засгийн газар 2016 оны 11-р сард батлагдсан Авлигатай Тэмцэх Үндэсний Хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван жилийн арга хэмжээний төлөвлөгөөг 3-р сард боловсруулсан. Шинэ Эрүүгийн хуульд нийтийн албан тушаалтан, төрийн хаагчдад авлига болон авлигын шинжтэй үйлдлүүдэд хатуу чанга эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Хувийн хэвшлийнхний мэдээлснээр төрийн албан хаагчдын зүгээс өргөдөл шийдвэрлүүлэх, зөвшөөрөл олгох, бүртгүүлэхэд хахууль өгөхийг шаардсан тохиолдлууд гарсан.
УИХ-ын гишүүд парламентын гишүүн байх хугацаандаа халдашгүй эрх эдэлдэг.
Авлигад нөлөө үзүүлж буй хэд хэдэн хүчин зүйл байгаагийн дотор ашиг сонирхлын зөрчил, ил тод байдал хангалтгүй байх, мэдээлэл авах боломж хомс, төрийн албаны үйлчилгээний тогтолцоо хангалтгүй байх, гол гол институцүүдэд тавих төрийн хяналт сул зэрэг багтана.
Авлигатай тэмцэх газар (АТГ) нь авлигын хэргийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий гол агентлаг бөгөөд ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь АТГ-аас мөрдөн шалгаж буй хэргүүд дээр дэмжлэг үзүүлж ажилладаг. АТГ-ын улс төрийн хараат бус байдлын тухайд асуудал гардаг хэдий ч олон нийт тус байгууллагыг үр дүнтэй ажилладаг хэмээн үздэг. АТГ нь авлигын хэргүүдийг зүй ёсоор мөрдөн шалгахад удирдлага болгох зорилгоор мөрдөн шалгах үйл ажиллагааны стандарт процедурыг боловсруулсан. Түүнчлэн АТГ Төрийн тендэр шалгаруулах процессийг шинэчилж зөвхөн цахим хэлбэрээр тендэрийн материал хүлээн авдаг болгосон. Улмаархудалдан авалтын журмыг зөрчсөн компаниудын хар жагсаалтыг гаргажээ.
Авлига: Авлига өргөн хүрээг хамарсан хэвээр байна. 10-р сард давж заалдах шатны шүүх Монгол Ардын Хувьсгалт Намаас (МАХН) Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн асан Сайнхүүгийн Ганбаатарыг сонгуулийн хууль зөрчин ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Эв нэгдлийн сүмийн төлөөлөгч БНСУ-ын иргэнээс 50 сая воны ($46,000) хандив авсныг тогтоосон эрүүгийн гэмт хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг баталгаажуулсан.
Хөрөнгө орлогын мэдүүлэг: Нитийн албан хаагчид өөрийн болон эхнэр\нөхөр, эцэг эх, үр хүүхэд, цуг амьдардаг ах, эгч, дүү нарынхаа хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж өгөхийг хуульар шаарддаг. Уг хууль нь төрийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлж, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар төрийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцлийг баталгаажуулах зорилготой. Уг хуулиар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөхийг хуульчилсан.
Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын цахим мэдүүлгээ АТГ-т тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүр шинэчлэн гаргаж өгөх үүрэгтэй. Уг хуульд зааснаар дээрх мэдүүлэг нь олон нийтэд нээлттэй байх ба зөрчсөн тохиолдолд захиргааны болон сахилгын шийтгэл оногдуулахаар хуульчилсан. Хууль зөрчсөн тохиолдолд албан хаагчид сануулга өгөх, цалинг нь бууруулах, эсвэл албан тушаалаас нь халах арга хэмжээ авч болно. АТГ нь төрийн албан хаагчид, тэдгээрийн дотор цагдаагийн албан хаагч, цэргийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг хянах үүрэгтэй. АТГ-ын мэдээлснээр бүх төрийн албан хаагч цаг тухайд нь шаардсан баримт бичгүүдийг бүрдүүлж ирүүлсэн байна.
Төсвийг захиран зарцуулах эрх бүхий төрийн албан хаагч яам, тамгын газрын албан ёсны цахим хуудаснаа төсвийн зарцуулалт, аудитын үр дүнгээ тайлагнан мэдээлэх ёстой. Нэг сая төгрөгөөс дээш дүнтэй ($410) бүх гүйлгээг тайлarнана. Төсөв, зээл, бондын төлөвлөөг хянан шалгуулахаар Сангийн яаманд бүртгүүлэх бөгөөд энэ нь тухайн албан хаагч ажил үүргээ өгсний дараа ч хамааралтай.
5 дугаар хэсэг. Хүний эрхийн зөрчлийг шалгадаг олон улсын болон төрийн бус байгууллагуудад төрөөс баримтлах хандлага
Дотоодын болон олон улсын хүний эрхийн олон байгууллагууд ерөнхийдөө төрийн ямар нэг саад хязгаарлалтгүйгээр хүний эрхтэй холбоотой хэргүүдийг шалгах, үр дүнг нь мэдээлэх зэргээр үйл ажиллагаагаа явуулсан. Төрийн албан тушаалтнууд ихэнх тохиолдолд эдгээр байгууллагын үйл ажиллагаанд хамтарч, үзэл санааг нь дэмжиж байсан.
Төрийн хүний эрхийн төлөөх байгууллагууд: Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) нь хүний эрхийн зөрчлийг хянах, бодлогод өөрчлөлт оруулахаар санал гаргах, хянах, хүний эрхийн ТББ-уудтай үйл ажиллагаагаа уялдуулах үүрэгтэй. ХЭҮК нь Ерөнхийлөгч, Улсын Дээд Шүүх, Улсын Их Хурал тус бүрээс зургаан жилийн хугацаатай томилогдсон төрийн өндөр албан тушаалын гурван гишүүнээс бүрдэх бөгөөд парламентаас санхүүжнэ. Албаны хүмүүсийн мэдээлснээр төрөөс ХЭҮК-т хуваарилсан төсөв багассан бөгөөд хяналт шалгалт явуулах, сургалт зохион байгуулах, олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх үйл ажиллагаа нь бүхэлдээ гадаад санхүүжилтын эх үүсвэрээс хамааралтай байв. ХЭҮК-оос ЛГБТИ хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, үндэстний цөөнхийн эрх гэх мэт улс төрийн маргаантай хүний эрхийн асуудлуудыг тогтмол дэмжсээр ирсэн.
Хүний эрхийн асуудлуудыг харилцан хэлэлцэх талаар төр болон иргэний нийгэм зарим тохиолдолд хамтран ажилласан. Гэсэн хэдий ч төрийн албаны хүмүүс хууль боловсруулах, нийгэм, хүний эрхийн асуудлаар албан ёсны тайлан илтгэл бэлдэх, нийгмийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд төртэй гэрээлэн хамтран ажиллах үйл явцад ТББ-уудыг татан оролцуулах тал дээр нээлттэй байхаа больж байгааг ТББ-ууд болон олон улсын байгууллагууд онцлон тэмдэглэж байна.
6 дугаар хэсэг. Ялгаварлан гадуурхалт, нийгмийн зүй бус харьцаа, хүний наймаа
Эмэгтэйчүүд
Хүчингийн хэрэг болон гэр бүлийн хүчирхийлэл: Эрүүгийн хуульд зааснаар хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх замаар хурьцал үйлдсэн бол нөхцөл байдлыг харгалзан нэгээс хорин жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл насаар нь хорих ял шийтгэхээр хуульчилсан. Шинэ Эрүүгийн хуулиар эхнэр/нөхрөө хүчирхийлэх хэргийг гэмт хэрэгт тооцдог болсон.
Гэр бүлийн хүчирхийлэл ноцтой, өргөн тархсан асуудал хэвээр байгаа ч шинэ Эрүүгийн хуулиар эдгээр үйлдлийг анх удаа гэмт хэрэгт тооцдог болсон нь сайшаалтай. Хүчирхийлэл үйлдэгчдийг өнөөдөр захиргааны болон эрүүгийн хуулийн аль алиных нь дагуу хянан хэлэлцэж, хорих ялаар шийтгэх боломжтой болсон. Төрөөс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн мэдээллийн сангг үндэсний хэмжээнд дахин боловсруулж, хоёр дахь удаагаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд эрүүгийн хуулиар шууд хариуцлага тооцдог болж байна.
Хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалалтад авах, хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авахуулах хүсэлт гаргах зэрэг алтьтернатив боломж байдаг хэдий ч процессын болон бусад саад бэрхшээл их байдгаас энэ заалтыг бодит байдал дээр хэрэгжүүлэхэд төвөгтэй.
Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын гомдлыг хүлээж авах цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа сайжирсан боловч хэргийг шалган шийдвэрлэх ажил удаашралтай хэвээр байна гэж Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв (ХЭҮТ) мэдээлсэн. Нийслэлийн Цагдаагийн Газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс болон ХЭҮТ-ийн тэмдэглэснээр, гуравдагч талууд гэр бүлийн хүчирхийллийг цагдаад мэдээлэх нь нэмэгдэхийн сацуу цагдаагийн хариу арга хэмжээ эрчимжсэн нь уг асуудал олон нийтийн анхаарлын төвд орж, төр засгаас тавих хүчин чармайлтыг нэмэгдүүлэх хөшүүрэг болж өгсөн. Цагдаагийн нийт албан хаагчдын ажил үүргийн хуваарьт болон Хууль сахиулахын их сургуулийн магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрт гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх сэдвийг оруулсан байна.
ХЭҮТ-ийн мэдээлснээр ТББ болон орон нутгийн захиргаа, эмнэлгүүдийн ажиллуулдаг хамгаалах байр 17, нэг цэгийн үйлчилгээний төв 6 ажиллаж байгаа нь 2016 онд 7 хамгаалах байртай байсантай харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Голдуу эмнэлгийн байранд байрлах нэг цэгийн үйлчилгээний төвүүд хохирогчдийг 72 цаг хүртэл хугацаагаар хамгаалах байраар хангадаг байна. Хөдөө орон нутагт шинээр гурван хамгаалах байр нээгдсэн ч эдгээр газар нутагт хамгаалах байрны тоо харьцангуй цөөн байгаа нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон, тусламж дэмжлэг шаардлагатай хүмүүсийн хувьд бэрхшээлтэй хэвээр байна.
Бэлгийн дарамт: ТББ-ууд бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцох тухай заалтыг оруулахаар нөлөөллийн ажил хийсэн ч шинэ Эрүүгийн хуульд энэ нь тусгалаа олоогүй. Зүй бусаар биеэ авч явах гэж чухам юуг хэлэх талаар нийгэмд нэгдсэн ойлголт байхгүй байгаагаас уг асуудлын бодит цар хүрээг тогтооход бэрхшээл үүсгэж байна гэж ТББ-ууд үзэж байна.
Хүн амын өсөлтийг албадан хянах: Албадсан үр хөндөлт, үргүйдэлт болон хүн амын өсөлтийг албадан хянах арга хэрэгслийг ашигласан тохиолдол гараагүй. Эхийн эндэгдлийн тоо, жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгслийн хүртээмжийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах цахим хуудаснаас үзнэ үү: www.who.int/reproductivehealth/publications/monitoring/maternal-mortality-2015/en/ .
Ялгаварлан гадуурхалт: Эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил хөдөлмөр эрхэлж буй тохиолдолд ижил цалин авах, боловсрол эзэмших зэргээр эрх зүйн байдлын болон эдлэх эрхийн хувьд тэгш эрхтэй байна хэмээн хуульд заасан байдаг. Дээрх эрхийг ерөнхийдөө хангадаг боловч эмэгтэйчүүд ажил эрхлэхэд ялгаварлан гадуурхалттай тулгардаг (7.г. хэсгээс үзнэ үү).
Хуулиар төрийн байгууллага, улс төрийн намуудын бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийг оролцуулах албан ёсны квот тогтоож өгсөн. Мөн хуулиар хүйс, гадаад төрх, нас зэрэг дээр үндэслэж ялгаварлан гадуурхахыг хориглосон ч төрийн эрх бүхий байгууллагууд энэхүү заалтыг хэрэгжүүлдэггүй тухай зарим ТББ-ууд онцолсон.
Гэрлэлтээ цуцлуулсан эмэгтэйчүүд ихэнх тохиолдолд хүүхдээ өөр дээрээ авч үлддэг, гэрлэлтээ цуцлуулсан эрчүүд хүүхдийн тэтгэмжээ өгөхгүй байх нь элбэг бөгөөд хуулийнэ хариуцлага хүлээдэггүй. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийн мэдэгдэж байгаагаар гэр бүлийн дундын бизнес болон өмч нь голдуу нөхрийн нэр дээр бүртгэлтэй байдаг тул гэр бүл салах үед өмчлөх эрх нь нөхрийн талд шууд хадгалагдан үлдэх явдал байсаар байна.
Эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилтийг хянах төрийн бие даасан агентлаг байхгүй ч Ерөнхий сайдын ахалдаг, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны дэргэдэх Жендэрийн тэгш байдлыг хангах Үндэсний Хороо нь яамд, ТББ болон аймаг, орон нутгийн жендэрийн хорооны төвшинд эмэгтэйчүүдтэй холбоотой бодлогыг зохицуулж, тэдний эрх ашгийг хамгаалдаг. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийн чадавхыг дээшлүүлэх, улс төр, нийгмийн амьдрал дахь эрх тэгш оролцоог хангах зорилгоор Жендэрийн Тэгш Байдлыг Хангах Үндэсний Хөтөлбөр (2017-2021) болон холбогдох үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан байна.
Хүүхдүүд
Төрөлтийн бүртгэл: Иргэний харъяаллыг эцэг эхийн харъяаллаар тогтоох ба төрөлтийг ерөнхийдөө төрснөөс хойш 1-3 долоо хоногийн дотор бүртгэдэг боловч хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс зарим тохиолдолд төрснөөс хойш 6-8 долоо хоногийн дараа төрөлтөө бүртгүүлдэг. Хүүхдийнхээ төрөлтийг бүртгүүлэхгүй бол төрийн үйлчилгээ авах боломжгүй болох эрсдэлтэй.
Хүүхэдтэй зүй бусаар харьцах: Шинэ Эрүүгийн хуульд хүүхдээр гуйлга гуйлгах, хүүхдийг хаяж, төөрүүлэх, тэнүүчлэлд өртүүлэх, донтох байдалд татан оруулах, хүүхдийг гэмт хэрэгт уруу татах, хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах, хүүхэд худалдах, хүүхэдтэй хэрцгий харьцах зэрэг хүүхдийн эсрэг гэмт хэргүүдийг тусгай бүлэг болгон хуульчилсан байна.
Хүүхэдтэй зүй бусаар харьцах, хүчирхийлэх явдал ноцтой асуудал байсан бөгөөд гол төлөв гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн зүй бус харьцааны хэлбэрээр илэрдэг. Засгийн Газрын хэрэгжүүлэх агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын (ГБХЗХГ) мэдээлснээр шинээр баталсан хуулиар дээрх тохиолдлуудыг тэр дор нь холбогдох газар, агентлагуудад мэдэгдэх үүрэгтэй хэмээн хуульчлан заасны үр дүнд хүүхэдтэй зүй бус харьцсан, гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн зүй бус харьцаанд өртсөн талаарх мэдээллийн тоо өссөн. Түүнчлэн хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар дуудлага авдаг хүүхдийн шууд утсыг үргэлжлүүлэн ажиллуулж, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд зориулсан түр хамгаалах байр, хүүхдийн тусламжийн төвийг шинээр нээж ажиллуулж байгаагаа ГБХЗХГ онцолсон.
Хүүхдээ хараа хяналтгүй орхих явдал бас байна. Түүнчлэн ядуурлаас үүдэлтэй хүүхдийг үл тоомсорлох болон эцэг эхийн зүй бус харьцаанаас болж зарим хүүхдүүд өнчирч, гэр орноосоо дайжих явдал гарч байна. Эцэг эх нь зүй бус харьцсан хүүхдүүдийг түр хамгаалах байр луу явуулдаг гэж цагдаагийн ажилтнууд мэдэгдсэн ч олон хүүхдийг нөгөө л хүчирхийлэгч эцэг эхэд нь буцаасан тухай хөндлөнгийн ажиглагчид хэлж байна.
Аймаг бүрт болон нийслэлийн бүх дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах мэргэшсэн цагдаагийн ажилтан ажилладаг.
Хууль зүй дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь 2003 оноос хойш хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 609 хамтарсан багийг албан ёсоор бүрдүүлсэн байна.
Хүүхэд насандаа болон хүчээр гэр бүл болох: Хуульд заасан гэр бүл болох хамгийн доод нас 18 бөгөөд шүүхээр зөвшөөрөгдсөн тусгай нөхцөл байдал болон эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл авсны үндсэн дээр 16-18 нас гэж заасан байна. 18-аас доош настай иргэд гэр бүл болсон тохиолдол гараагүй.
Хүүхдийг ашиг олох зорилгоор бэлгийн мөлжлөгт ашиглах: 18-аас доош насны хүүхдийг ашиг олох зорилгоор бэлгийн мөлжлөгт ашиглахыг хуулиар хориглосон хэдий ч ийм асуудал гарсан. ТББ-уудын мэдээлснээр тус улсад өсвөр насны охидыг хулгайлж, хүч хэрэглэх буюу хууран мэхлэх замаар хүчээр биеийг нь үнэлүүлсэн тохиолдлууд гарчээ. Өмнөд Солонгос, Японоос секс жуулчлалын зорилгоор тус улсад аялах явдал тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орох насны доод хязгаар 16 байна. Насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орохгүй байх заалтыг зөрчсөн этгээдийг (16 хүрээгүй этгээдтэй хүч хэрэглэхгүй, хүч хэрэглэхээр заналхийлэхгүйгээр хурьцал үйлдсэн байхыг хэлнэ) таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.
ТББ-уудын мэдээлж байгаагаар цахим сүлжээг ашиглан хүүхдийг садар самуунд сурталчлах тохиолдол цөөнгүй байсан. Цагдаа дээрх гэмт хэргийг мөрдөн шалгах ур чадвараа дээшлүүлэх хүчин чармайлт тавьж ажилласан хэдий ч энэ төрлийн гэмт хэрэг дээр ажиллах техник, мэргэжлийн чадавхи хязгаарлагдмал хэвээр байна. Хүүхдийн эсрэг бэлгийн зүй бус харьцааны нийт 192 тохиолдол бүртгэгдсэнээс ердөө 22 хэрэг дээр л мөрдөн байцаалт явуулжээ. Шинэ Эрүүгийн хуульд хүүхдийг садар самуунд уруу татсан этгээдийн ялын дээд хэмжээг 5 жил хорих ялаас 8 жил болгож хүндрүүлсэн.
Дотуур байрны хүүхдүүд: Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны (БСШУСЯ) мэдээлснээр 2016-2017 оны хичээлийн жилд ойролцоогоор 35,000 хүүхэд 500 гаруй дотуур байранд амьдарчээ. Эдгээр дотуур байр нь ихэвчлэн аймгийн төвд байх бөгөөд тэнд малчид, эсвэл алслагдсан орон нутгийн өрхийн хүүхдүүд байрладаг. Зарим дотуур байрны ачаалал нь хэтэрсэн байсан бөгөөд дийлэнх нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зохих байр савгүй байсан. Дотуур байран дахь хүүхдүүдтэй зүй бус харьцах явдал болон дотуур байрны барилгуудын аюулгүй байдалд сэтгэл зовниж байгаа талаар төрийн албаныхан, ТББ-ууд, олон улсын байгууллагууд илэрхийлсэн.
Олон улсын хэмжээнд хүүхэд хулгайлах: Монгол улс 1980 онд батлагдсан Олон улсын хэмжээнд хулгайлагдсан хүүхдийг орон гэрт нь буцаах иргэний талуудын тухай Гаагийн конвенцод нэгдээгүй. Төрийн департаментын жил тутам гаргадаг Хүүхэд хулгайлах олон улсын гэмт хэргийн тухай тайланг дараах хаягаар орж үзнэ үү: travel.state.gov/content/childabduction/en/legal/compliance.html.
Анти семитизм
Еврей хүн амын тоо маш цөөн, анти семитик үйлдэл гарсан тухай мэдээлэл ирээгүй. Тус улсад идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлдэг нео-нацист гэгдэх үндсэрхэг үзэлтэй бүлгэмийнхэн Еврейчүүд бус Азийн бусад орны иргэдийг онилдог.
Хүний наймаа
Хүний наймааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн департаментын Хүний наймааны илтгэл-ээс www.state.gov/j/tip/rls/tiprpt/ хаягаар орж үзэж болно.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
Хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхахыг хориглохын хажуугаар хөгжлийн бэрхшээл гэдгийг бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согогоос болж нийгмийн амьдралд оролцох хязгаарлагдмал байдал гэж тодорхойлжээ. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилд авахаас татгалзах, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох хуулийн заалтууд хязгаарлагдмал байна (7.г хэсгийг үзнэ үү). Монгол улсын Ерөнхийлөгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан зөвлөхтэй. Энэ оны 6-р сард УИХ Ерөнхий сайдаар ахлуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөл байгуулагдсан. Уг үндэсний зөвлөл Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрх тэгш оролцоогоор хангах, тэдэнд зориулсан нийгмийн, боловсролын, эрүүл мэндийн ба хөдөлмөрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор байгуулагджээ. ТББ-уудын мэдээлснээр төрийн алба хаагчид өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг нааштайгаар хүлээж авдаг болсон.
Хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол эзэмшүүлэхэд ээлтэй орчныг төрөөс бүрдүүлж өгөх үүрэгтэй ч, боловсрол эзэмшихэд ялгаварлан гадуурхахыг хориглосон тодорхой заалт байхгүй. Хуульд зааснаар хөгжлийн бэрхшээлтэй оюутан сурагчид ердийн сургуульд суралцах боломжтой. Гэсэн хэдий ч бодит байдал дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмшихэд тулгардаг ноцтой бэрхшээлүүд байсаар байна. Хөгжлийн бэрхшээлтэй оюутан сурагчдын тусгай сургуулиуд ихэвчлэн нийслэл хотод байдаг тул хөдөө орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд сургууль завсардалт тулгамдсан асуудал болсон байгааг ТББ-ууд онцлон тэмдэглэсэн.
Шинээр баригдах нийтийн барилга байгууламж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээг хангасан стандарттай байх хууль батлагдсан ч ихэнх шинэ барилгууд уг хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй. 2016 онд хуулийг шинэчлэн найруулснаар шинэ барилга байгууламжуудын стандарт чанарыг хянан шалгах улсын комисст хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс төлөөлөгч томилж ажиллуулж байгаа. Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны мэдээлснээр ийнхүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл комисст орж шалгадаг болсноор тухайн стандартын хэрэгжилт сайжирсан гэжээ. Нийтийн тээврийн хэрэгслүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэд орох тусгай орц гарцгүй хэвээр байна. Тусгайлан мэргэшсэн боловсон хүчин, шаардлагатай технологи дутмаг байдгаас түргэн тусламжийн үйлчилгээ харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүртээмжгүй байна. Цаашилбал, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах байруудад хөгжлийн бэрхшээлтэй хүн орох зориулалтын зам тавигдаагүй.
6, 7-р сард болсон Ерөнхийлөгчийн сонгууль болон 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр брайль үсгийн тэмдэглэгээ бүхий саналын хуудастай болсон байсан.
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй
Бэлгийн чиг баримжаа ба хүйсийн баримжаа илэрхийлэлд суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт болон бусад зүй бус харьцаа
Шинэ Эрүүгийн хуулиар хүнийг бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, эрхэлсэн ажил, шашин шүтлэг, боловсрол, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхахыг хориглосон. Энэ заалтыг зөрчсөн этгээдийг дээд тал нь таван жил хүртэл хорих ялаар шийтгэнэ. 9-р сарын байдлаар энэ зүйл ангиар шийтгүүлсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Монгол улсын иргэн эмнэлгийн журмаар хүйсээ солиулсан тохиолдолд эмнэлгийн магадлагааг үндэслэн төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхийг шинэчлэн олгохыг хуулиар зөвшөөрсөн бөгөөд энэхүү зүйл заалтын дагуу трансжендэр хүмүүс бичиг баримтаа амжилттай шинэчлүүлснийг ЛГБТ Төв мэдээлсэн.
Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээсээ болж ЛГБТИ хүмүүс олон нийтийн дунд болон ар гэртээ хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтад өртдөг тухай ТББ-ууд мэдээлсээр байна. Хөдөө орон нутагт ЛГБТИ хүмүүсийн талаарх олон нийтийн мэдлэг мэдээлэл хомс, цахим орчинд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах хүртээмж хязгаарлагдмал байдаг тул тэд нийслэл Улаанбаатарыг бодвол хөдөө орон нутагт ялгаварлан гадуурхалтанд өртөх нь элбэг, айдас түгшүүртэй амьдардаг тухай бидэнд мэдээлж байна. ЛГБТ Төв нь ЛГБТИ хүмүүс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаарх хэд хэдэн мэдээлэл хүлээж авсан бөгөөд эдгээрийн ихэнх нь гэр бүлийнхэндээ өөрийгөө илчилсэн, эсвэл гэр бүлийнхэн нь ЛГБТИ болохыг нь мэдсэн залуу хүмүүс байжээ.
Шинэ Эрүүгийн хууль нь ЛГБТИ олон нийтийн биеэр туулдаг хүчирхийлэл, зүй бус харьцааны талаарх цагдаагийн болон нийгмийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлээд зогсохгүй тухайн сэдвээр зохион байгуулсан цагдаагийн байгууллагын сургалт нь ЛГБТИ хүмүүст тулгамдаж буй асуудалд хариу арга хэмжээ авах цагдаагийн хүчин чадал, чадавхийг сайжруулсан. Гэсэн хэдий ч цагдаа нар гэмт хэргийн хохирогч ЛГБТИ хүмүүсийг гомдол гаргах үед хэл амаар доромжилсон мэдээ байна. ЛГБТИ хүмүүс хохирогч болсон гэмт хэргүүдийг удаа дараа хэрэгсэхгүй болгосон.
Ажил хөдөлмөр эрхлэхэд ялгаварлан гадуурхах явдал мөн бэрхшээлтэй асуудлын нэг байсан (7.г. хэсгээс үзнэ үү).
ХДХВ болон ДОХ – Нийгмийн жигшил
ХДХВ-ын халдвар, ДОХ-той хүмүүсийг илтэд ялгаварлан гадуурхдаггүй ч, нийгэмд тодорхой хэмжээний алагчлал оршсоор байна. Олон нийт ерөнхийдөө ХДХВ-ын халдвар болон ДОХ-ыг ижил хүйсийн хүнтэй бэлгийн харьцаанд орох явдалтай холбож ойлгодог нь тэднийг нийгмийн жигшил, гутаан доромжлол болон хөдөлмөр эрхлэлтийн ялгаварлан гадуурхалтанд өртөхөд хүргэдэг.
7 дугаар хэсэг Ажилчдын эрх
а. Эвлэлдэн нэгдэх эрх, хамтын хэлэлцээ хийх эрх
Хуульд зааснаар ажилчид урьдчилсан зөвшөөрөл, хэт өндөр шаардлагагүйгээр өөрсдийн саналаар бие даасан үйлдвэрчний эвлэл, эсвэл мэргэжлийн байгууллага байгуулах, элсэн нэгдэх эрхтэй. Хуулиар төрийн тусгай үйлчилгээ, онцгой албанд ажиллагсдаас бусад бүх ажилчдын хувьд үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд ялгаварлан гадуурхалтгүйгээр оролцох, ажил хаях, хамтын хэлэлцээ хийх эрхийг нь хамгаалахаар заасан. Түүнчлэн үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцсоны улмаас ажлаас халагдсан ажилчныг ажлын байранд нь буцааж авахыг хуульчилсан.
Улс орныг батлан хамгаалах, улсын аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журам сахиулах үүрэг бүхий байгууллага, тэр дундаа цагдаагийн албан хаагчид, цахилгаан, дулааны эрчим хүч, нийтийн усан хангамж, нийтийн тээвэр зэргийн ажилтан албан хаагчид ажил хаях эрхгүй ба түүнчлэн гуравдагч этгээдээс ажил хаялт зохион байгуулахыг хориглодог. Хамтын гэрээгээр зохицуулагдсан үйл хэрэгтэй холбогдолгүй асуудлаар ажил хаялт зохион байгуулахыг хуулиар хориглоно.
Хамтын хэлэлцээ хийх, эвлэлдэн нэгдэх эрхийг хуулиар хамгаалдаг ба эдгээр эрх ихэнхдээ хэрэгждэг. Эвлэлдэн нэгдэх, хамтын хэлэлцээ хийх эрх чөлөөг зөрчсөн тохиолдолд ихэнхдээ торгууль ногдуулах замаар шийтгэх нь зөрчлийг арилгахад хангалттай бус байна. Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны (МҮЭХ) мэдэгдсэнээр зарим ажилчид үйлдвэрчний эвлэл байгуулах болон нэгдэн элсэхэд саад бэрхшээлтэй тулгарсан бөгөөд зарим ажил олгогч ажилчдаа ажлын цагаар үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хориглосон. Мөн үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцсоны улмаас ажлаас халагдсан ажилчдыг буцааж ажилд нь аваагүй байна. МҮЭХ-ны мэдээлснээр зарим ажил олгогчид эрхээ хэрэгжүүлж буй үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг сулруулах зорилготой үйлдлүүд хийсэн. Тухайлбал, зарим компани ажилчдын цалингаас суутгасан үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварыг өөр зүйлд ашиглаж, уг мөнгийг үйлдвэрчний эвлэл холбоо руу шилжүүлдэггүй. Үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварт суутгасан мөнгийг үйлдвэрчний эвлэл рүү шилжүүлэхийг төрийн байгууллагуудаас шаардсан Дээд шүүхийн шийдвэр гарсныг үл харгалзан Архангай аймаг 9-р сарын байдлаар дээрх татварыг холбогдох үйлдвэрчний эвлэл рүү шилжүүлэх арга хэмжээ аваагүй тухай МҮЭХ мэдээлсэн. Зарим ажил олгогчид хамтын хэлэлцээний гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан талаар МҮЭХ мөн мэдэгдэж байна.
Ажилтан болон удирдлагын хооронд гарсан дийлэнх маргааныг Хөдөлмөрийн маргаан таслах гурван талт комиссоор шийдвэрлэдэг. МҮЭХ-ны мэдээлснээр шүүхийн шийдвэр гаргах үйл явц маш их цаг хугацаа шаарддаг тул цаг, зардлаа хэмнэх үүднээс олон ажилчин маргаанаа хэрэгсэхгүй орхисон.
б. Хүчээр буюу албадан хөдөлмөр эрхлүүлэхийг хориглох
Хуулийн дагуу оноосон ял шийтгэлээс бусад тохиолдолд хүчээр буюу аливаа албадан хөдөлмөр эрхлүүлэхийг Үндсэн хуулиар хориглосон. Шинэ Эрүүгийн хуулиар албадан хөдөлмөр эрхлүүлэхийг гэмт хэрэгт мөн тооцдог. Тус хуульд албадан хөдөлмөр эрхлүүлсэн тохиолдолд торгууль ногдуулах болон хорих ялаар шийтгэхээр заасан ч, энэ нь зөрчлийг арилгахад хангалттай бус юм. ТББ-ууд болон төрийн албан тушаалтнуудын мэдэгдсэнээр байцаагчдын тоо хүрэлцээ муу, санхүүжилт хангалтгүй, олон нийтийн мэдлэг тааруу байдаг нь хуулийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байна.
Хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх зэрэг албадан хөдөлмөр эрхлүүлсэн тухай хэд хэдэн мэдээлэл байсан. БНАСАУ болон БНХАУ-ын ажилчид барилга, үйлдвэрлэл, газар тариалан, ойн аж ахуй, загасчлал, ан агнуур, бөөний болон жижиглэнгийн худалдаа, авто засвар, уул уурхайн салбарт албадан хөдөлмөр эрхлэлтэнд өртөх эрсдэлтэй байсан тухай мэдээлэл бий. БНАСАУ-ын ажилчдад төлвөл зохих цалин хөлсийн дийлэнх хувийг БНАСАУ-ын Засгийн газарт төлдөг, түүнчлэн ажилчдын чөлөөтэй зорчих хөдөлгөөнийг БНАСАУ-ын хянагчгүйгээр хаашаа ч явж болохгүй хэмээн хязгаарлах асуудал байгааг хэвлэлүүд мэдээлж, төр засгийн албаны хүмүүс баталгаажуулсан (7.д хэсгээс үзнэ үү).
Төрийн департаментын Хүний наймааны тухай тайланг www.state.gov/j/tip/rls/tiprpt/ хаягаар орж үзэж болно.
в. Хүүхдийн хөдөлмөрийг хориглох ба хөдөлмөрийн насны доод хязгаар
Хуульд зааснаар 14 нас хүрээгүй хүн хөдөлмөр эрхлэхийг хориглодог. Харин 14 нас хүрсэн хүн гагцхүү мэргэжлийн баримжаа, ажлын дадлага хийх зорилгоор эцэг эх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр долоо хоногт 30 хүртэлх цаг хөдөлмөр эрхэлж болно. 15 нас хүрсэн хүн эцэг эх буюу асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгөөр хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны тушаалаар 18 насанд хүрээгүй хүүхдийг уул уурхай, барилга байгууламж зэрэг аюултай нөхцөлд ажиллуулах, хүнд хүчир ажил хийлгүүлэх, өвлийн улиралд хурдан морины уралдаанд унаач хүүхдээр (бусад улиралд 7 нас хүрсэн хүүхэд хурдан морины уралдаанд орж болно) ажиллуулах, шөнийн цагаар соёлын, циркийн болон уламжлалт урлаг соёлын арга хэмжээнд оролцуулах, согтууруулах ундаа зарах бизнес эрхлэх болон гудамжинд гар дээрээс наймаа эрхлэхийг тус тус хориглодог.
Эрх баригчдын мэдэгдэж байгаагаар ажил олгогчид ихэнхдээ хууль тогтоомжийг зөрчиж, насанд хүрээгүй ажилтныг долоо хоногт 40-өөс дээш цаг ажиллуулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин хөлс өгдөг ажээ.
Шинэ Эрүүгийн хуулийн хүүхэд хамгааллын тухай заалтууд хүүхдийг тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэхгүй байхаар тогтоосон. Хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлсэн бол нэг жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Харин насанд хүрээгүй хүүхдийг “тэнүүчлэл, гуйланчлалд” татан оруулсан бол таван жил хүртэл хугацаагаар баривчлах ялаар шийтгэнэ. Төрөөс хуулийг үр дүнтэй хэрэгжүүлээгүй бөгөөд өнгөрсөн жилд хүүхдийг албадан болон хүчээр хөдөлмөрлүүлсэн хэргийг төрөөс яллаж, шийтгэсэн тохиолдол гараагүй.
Төрөөс Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрийг батлаагүй учраас хүүхдийг хөдөлмөр эрхлэхээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийг нь хөдөлмөр эрхлэхэд дэмжих хөтөлбөрт зориулсан төрийн санхүүжилт өнгөрсөн жилд тусгагдаагүй. 2016 онд ГБХЗХГ нь гадны дэмжлэгтэйгээр бичил уурхай дээр очиж ажиллах зэргээр хүүхдийн хөдөлмөрийн асуудлаар 6 аймагт сургалт зохион байгуулсан. Хяналт шалгалтын төрийн гол агентлаг болох Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар (МХЕГ) тухайн бичил уурхайн цэгүүд дээр “хүүхдүүд байгаагүй” гэж мэдээлсэн хэдий ч, энэ дүр зураг шалгалт хийхээс таван өдрийн өмнө урьдчилан мэдэгдэх ёстой гэсэн хуулийн заалт байдагтай холбоотой гэж үзэж байна.
Хүүхдүүд хүчээр хөдөлмөр эрхэлсэн тохиолдлуудаас гадна олон салбарт, тэр дундаа гар аргаар олборлох бичил уурхай, хүчээр гуйлга гуйлгах, газар тариалан, зочид буудал, зоогийн газар, аж үйлдвэр, гар дээрээс наймаа эрхлэх, хог ухах, гудамжны үзүүлбэр буюу уран нугаралт (Монголын урлагийн нэг төрөл), хууль бус биеэ үнэлэх зэргээр хөдөлмөр эрхэлж байна (“Хүүхэд” гэсэн 6 дугаар хэсгээс үзнэ үү). Тухайлбал, ГБХЗХГ-аас мэдээлснээр Улаанбаатар хотод 99 хүүхэд зам дагуу бараа худалдаалах зэрэг албан бус салбарт хориотой хөдөлмөр эрхэлсэн байна.
Хурдан морины уралдаанд хүүхдүүд морь унаж байгаад түгшиж байгаагаа олон улсын байгууллагууд мэдэгдсээр байна. Хүүхдүүд ихэвчлэн дөрвөөс таван насандаа морь унаж сурдаг ба үндэсний баяр наадмын үеэр 2-20 орчим милийн зайд болдог морины уралдаанд бага насны хүүхдүүд хурдны морь унадаг уламжлалтай. МХЕГ-ын мэдээлснээр баяр наадмын үеэр 64,355 унаач хүүхэд (эдгээрээс 1,241 нь насны доод хязгаар буюу 7 нас хүрээгүй хүүхдүүд байжээ) уралдсан. Төрийн зүгээс 2016 онд ид хүйтний үеэр буюу 11-р сарын 1-нээс 5-р сарын 1-нийг хүртэл хүүхдээр морь унуулж уралдуулахыг хориглосон ч хориог зөвхөн “өвлийн улирал” болгож нэмэлт өөрчлөлт оруулсан. ХЭҮК, ТББ-ууд болон хүний эрхийн төлөө тэмцэгчид тус заалт нь бүрхэг бөгөөд 1-р сар гарангуут унаач хүүхдүүд уралдаанд оролцуулах нөхцлийг бүрдүүлсэн хэмээн энэ өөрчлөлтийг шүүмжилжээ. “Өвөл” морь уралдуулахыг хориглосон боловч, 2-3-р сард нийт 50 хүүхэд мориноос унаж, 5 нь хүнд гэмтэл авч, нэг хүүхэд нас барсан. Унаач хүүхдүүдийг даатгалд хамруулж, толгой, цээжний хамгаалалт заавал хэрэглүүлэх талаар хууль тогтоомж баталж, төр засаг, олон нийтийн зүгээс оролцоогоо нэмэгдүүлж, тэдний аюулгүй байдлыг илүүтэй анхаарах болсон ч хэрэгжилт нь тууштай бус байна. Ажиглагчдын үзэж байгаагаар үндэсний хэмжээний уралдаанд аюулгүй байдлыг хангах дүрэм журмын биелэлт хангалттай байдаг (гэвч орон нутаг, бүсийн уралдаануудын үеэр хэрэгжилт хангалттай бус). ГБХЗХГ болон МХЕГ нь үндэсний мэдээллийн сан бүрдүүлж, албан ёсоор хорио тавьсан улсын хэмжээний болон орон нутгийн хурдан морины уралдаанд оролцсон бүх хүүхдийг бүртгэлд хамруулжээ. ГБХЗХГ унаач хүүхдийн бүртгэлийг үр дүнтэй болгож, 7-оос доош насны хүүхдийг унаачаар ажиллахаас сэргийлэхийн тулд анх удаа биометрик мэдээлэл цуглуулсан.
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн талаар Хөдөлмөрийн яамнаас гаргасан тайланг www.dol.gov/ilab/reports/child-labor/findings хаягаар орж үзнэ үү.
г. Ажил эрхлэлт, мэргэжлээр ялгаварлан гадуурхах
Хүнийг хөдөлмөр эрхлэлт болон албан тушаалын хүрээнд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, бэлгийн ба хүйсийн баримжаа, гэрлэлтийн байдал, нийгмийн гарал, үүсэл, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хуулиар хориглоно. Мөн “тухайн хүний биеийн эрүүл мэндийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохоор эсхүл ажлын байран дахь хөдөлмөрийн нөхцөл эрүүл мэндэд нь харшлахаар” биш л бол ажил олгогч өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой үндэслэлээс бусад тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулахаас татгалзахыг хориглосон. Хуульд зааснаар эрүүл мэндийн байдал нь хүндэрч ажил үүргээ биелүүлэхэд бэрхшээлтэй болсноос бусад тохиолдолд ажил олгогч ХДХВ/ДОХ-ын халдвар авсан хүнийг ажилд авахаас татгалзах, эс бол ажлаас халахыг хориглодог. Эмэгтэйчүүдийг биеийн хүчний хүнд хөдөлмөр шаарддаг, нярай хүүхэд болон эхийн эрүүл мэндэд нөлөөлж болох химийн бодистой харьцдаг зарим ажлын байранд ажиллуулахыг хуулиар хориглосон.
Төрөөс дээрх хуулиудыг хангалтгүй хэрэгжүүлсэн бөгөөд хүйс, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл, ХДХВ-ын халдвартай гэх үндэслэлээр ажил эрхлэлт, мэргэжилд ялгаварлан гадуурхсан явдал гарсан.
Хуулиар бэлгийн дарамтыг дотоод дүрэм журамдаа тусгаж, гомдол барагдуулах зэргээр ажил олгогчдыг ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авахаар заасан ч, ял шийтгэл оногдуулах тухай дурдаагүй. ХЭҮК-ийн мэдээлснээр ажил олгогчид болон ажилтнуудын аль аль нь хуулин дахь бэлгийн дарамтын тухай заалтын талаар хангалтгүй мэдлэгтэй байна.
ХЭҮК-ийн олж тогтоосноор эмэгтэйчүүд ажилд орох, албан тушаал дэвших, мэргэжлийн хувьд өсөж дэвжих боломжоор илүү хомс байсан. Түүнчлэн зарим ажил олгогч илүүдэл жинтэй хүнийг ажил үүргээ биелүүлэхэд биеийн жин нь саад бэрхшээл учруулж болзошгүй гэсэн шалтагаар ажилд авахаас татгалзсан тохиолдлууд гарсан.
Хуулиар 25 болон түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт орон тооныхоо дөрөв болон түүнээс дээш хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүн авч ажиллуулахыг шаардаж, хэрвээ авч ажиллуулаагүй бол торгууль төлөхөөр хуульчилсан ч, бодит байдал дээр компаниуд хөгжлийн бэрхшээлтэй иргэд авч ажиллуулахаас төвөгшөөдөг, ихэнх нь төлбөр төлөхийг илүүд үздэг тухай ТББ-ууд мэдээлсэн. Тэдний мэдэгдэж байгаагаар төрийн байгууллагууд өөрсдөө дээрх квотын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулаагүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийн мэдэгдсэнээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилд орлоо ч тэр бүр нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх боломжгүй байдаг тул зарим үед ажлын байраа хадгалж чаддаггүй (“Хөгжлийн бэрхшээлтэй иргэд” гэсэн 6 дугаар хэсгийг үзнэ үү).
ТББ-ууд, ХЭҮК, ЛГБТИ олон нийтийн гишүүдийн мэдээлснээр компаниуд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээ илэн далангүй илчилсэн ЛГБТИ хүмүүсийг ажилд ихэнхдээ аваагүй, ажил дээрээ өөрийн нөхцөл байдлаа мэдэгдсэн ЛГБТИ хүмүүсийг ихэнхдээ ялгаварлан гадуурхаж байсны дотор ажлаас халах магадлал өндөр байжээ. Үүнээс гадна ЛГБТИ хүмүүс хууль бусаар ажлаас халагдахад хүрвэл ажил олгогч нь өөрийнх нь талаар цааш олон хүнд нууцыг нь задлах вий гэдгээс болгоомжилж тухайн маргааныг шүүхээр шийдвэрлүүлдэггүй нь ялгаварлан гадуурхах эрсдэлийг нэмэгдүүлсэн.
Гадаадын цагаач ажилчдын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой зөрчил дээр ерөнхий хүн амын хөдөлмөр эрхлэлттэй ижил төвшний хамгаалалт авч чадаагүй.
д. Хөдөлмөрийн таатай нөхцөл
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 240,000 төгрөг ($100) бөгөөд төрийн болон хувийн хэвшлийнхэнд адил хамаардаг. МҮЭХ-ны мэдээлж байгаагаар уг хэмжээ нь боломжийн амьжиргаа залгуулахад хангалтгүй.
9-р сард МҮЭХ нь Засгийн газартай хөдөлмөрийн хамтын маргааныг албан ёсоор эхлүүлсэн. МҮЭХ-ны зүгээс цалин хөлс, ажлын нөхцөл болон бүтэн цагийн хөдөлмөр эрхлэлтийн талаар Засгийн газар болон Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоотой хийсэн гурван талт гэрээ нь зүй ёсоор хэрэгжихгүй байна гэжээ.
Хөдөлмөрийн хууль, хоршоо, компанийн тухай хуулиуд нь гадаад дотоодын ажилчдад эрх тэгш үйлчлэх хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартуудыг зохицуулдаг. Өнгөрсөн жил Засгийн газар хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйтай холбоотой дөрвөн шинэ стандартыг баталсан нь холбогдох журмуудыг бэхжүүлэхэд нөлөө үзүүлсэн гэж МХЕГ мэдэгдсэн. Гэсэн хэдий ч МХЕГ-ын үзэж байгаагаар үеэ өнгөрөөсөн олон стандарт бас байна.
МХЕГ-ын бүсийн болон орон нутгийн салбарын хөдөлмөрийн байцаагч нар хөдөлмөрийн нөхцлийн асуудалтай холбоотой бүх зохицуулалтын хэрэгжилтийг хангах үүрэгтэй бөгөөд хөдөлмөрийн хууль тогтоомжийг чандлан дагаж мөрдөхийг шаардах эрхтэй. Гэвч байцаагчдын тоо цөөн учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, ажлын цаг, хөдөлмөрийн аюулгүй байдал болон эрүүл мэндийн асуудлыг зохицуулах хуулиудын хэрэгжилт хязгаарлагдмал байна. МХЕГ-ын мэдээлснээр ял шийтгэлийг чангалаад, байцаагчдын тоог нэмээд ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. МХЕГ-ийн мэдэгдэж байгаагаар байцаагчдыг хяналт шалгалтын арга техник, баримт нотолгоо цуглуулах талаар илүү үр дүнтэй сургаж бэлтгэх шаардлагатай. Шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулиар зөрчилд ногдуулах торгуулийг нэмэгдүүлсэн боловч тус хууль нь хянаж шалгах ажлын ачааллыг ихэсгэж, байцаагчдын үүрэг ролийг сулруулж байна гэж МХЕГ үзэж байна. Байцаагч нар ерөнхийдөө албан бус секторт хяналт шалгалт явуулдаггүй.
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандартыг зөрчсөн болон үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан компаниудад ноогдуулж буй торгуулийн хэмжээ уг асуудлыг шийдвэрлэх хөшүүрэг болж чадахгүй байгааг МХЕГ онцлон тэмдэглэсэн. Мөн Засгийн газрын агентлагууд, компаниуд ажлын байрны аюулгүй байдалд зориулж төсөв хөрөнгө хуваарилахыг үүрэг болгосон дүрэм журмаа дагаж мөрддөггүй гэдгийг МХЕГ мэдээлсэн. Цаашилбал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал хариуцсан аюулгүй ажиллагааны мэргэжилтнүүд нь ихэнх тохиолдолд туршлагагүй, эсвэл зохих бэлтгэл, сургалтанд хамрагдаагүй байна.
Тэтгэврийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар гэр бүлийн бизнес эрхлэгчид болон албан бус салбарт ажиллагсдад (малчид зэрэг) өндөр насны тэтгэвэр болон нийгмийн хамгааллын бусад хөтөлбөрт хамрагдах боломжтой болсон. Эдгээр ажилчид эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, нийгмийн халамжид хамрагдах болон нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой байсан.
Олон ажилчид, нэн ялангуяа орон нутаг дахь жижиг компаний ажилчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин авдаг байна. Барилгын салбарт ажиллаж буй ажилчид өвлийн хахир хүйтний улирлын нөхцөл байдлаас шалтгаалан ажлаа хэдхэн сард дуусгахын тулд зарим үед удаан цагаар ажиллах шаардлагатай тулгардаг нь үйлдвэрлэлийн осол гаргах, гэмтэл бэртэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байгаад МҮЭХ санаа зовниж байв.
МҮЭХ-ны зүгээс Оюу Толгой, Таван Толгойн уурхайн төслүүд дээр ажиллаж буй гадаад иргэдийн тоо хэмжээний талаар асуудал дэвшүүлж, тухайн төслүүд дээр ажиллах Монгол иргэдийн тоог давамгай байлгахыг шаардсан хэвээр байсан. Ажил олгогч компаниуд орон нутагт техникийн болон хагас мэргэшсэн ур чадвар бүхий боловсон хүчний тоо хангалтгүй байна гэж мэдэгдсэн ч МҮЭХ ур чадвартай ажилчид байсаар атал хангалттай авч ажиллуулахгүй байна гэж хариу мэдэгдсэн. Ажиллах хүчний төлөөлөгчдийн дэвшүүлж буй өөр нэг асуудал бол адил ажил гүйцэтгэж байхад гадаад ажилчдын авч буй цалин хөлс адил тэнцүү мэргэжил боловсролтой Монгол иргэдийн авч буй цалин хөлснөөс хэд дахин их байна гэсэн асуудал юм.
Уул уурхай, барилга дээр ажилладаг Хятад ажилчид давамгайлсан гадаадын ажилчид төрөөс тогтоосон дүрэм журамд тавигдсан шаардлагыг хангахгүй нөхцөлд ажилладаг гэсэн мэдээлэл байна. МХЕГ-ын мэдээлснээр тус байгууллага гадаад ажилчдын ажлын байр, эрүүл мэнд, эрүүл ахуйн нөхцөл байдалд хяналт шалгалт явуулсан хэдий ч тэдгээр ажилчдын авч буй цалин хөлс, амьдарч буй орчинд хяналт шалгалт явуулах эрхгүй байв.
Хойд Солонгосоос ирсэн 1,130 гаруй ажилчны нөхцөл байдал ил тод бус, гэрээгээр тохиролцсон нөхцөл, ажиллах эрх, эдгээр ажилчдын нөхөн төлбөрийн асуудал нууцлагдмал байсан. Хойд Солонгосын ажилчдын хөдөлмөрийн гэрээнд хяналт тавих тал дээр Монгол улсын эрх бүхий байгууллагуудын оролцоо бага, Хойд Солонгосын Засгийн газрын болон зуучлагч компаниудын үйл ажиллагаанд үндсэндээ найддаг гэж ажиглагчид мэдээлсэн. Эдгээр ажилчид олон салбарт, ялангуяа зуны цагт хүнд хэцүү нөхцөлд ажиллаж амьдардаг гэсэн мэдээ байна. Ажиглагчид болон төрийн албаныхны үзэж байгаагаар Хойд Солонгосын ажилчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин хөлс авдаг байх магадлал өндөр, гол төлөв хүнд хэцүү нөхцөлд ажилладаг, мөн тэдгээр ажилчдын ихэнх цалин Хойд Солонгосын Засгийн газарт шууд очдог.
Хоцрогдсон машин техникээс бүрэн хараат шахуу байдалтай, засвар үйлчилгээ болон менежментийн буруу бодлого нь үйлдвэрийн осол байнга гарахад хүргэж байгаа бөгөөд тэр дундаа барилга байгууламж, уул уурхай, эрчим хүчний салбарт үйлдвэрийн осол удаа дараа тохиолдож байна. ХЭҮК-ын мэдээлснээр хурдацтай хөгжиж буй барилгын салбарт хөдөлмөр хамгааллын асуудал, аюулгүй байдлыг хангах асуудал дутмаг байгаагаас тус салбар осол аваарт нэн өртөмтгий болоод байна. МҮЭХ-ны мэдээлснээр ажилчид аюулгүй байдлыг хангаагүй орчин нөхцөлд ажиллахаас татгалзах эрхтэй хэдий ч энэ эрхийн мэдлэг хязгаарлагдмал байв.
МХЕГ-аас өнгөрсөн онд компани, хувийн хэвшлийнхнийг ажлын байрны аюулгүй байдлын сургалтад хамруулжээ. МХЕГ-ын мэдээлснээр тус сургалтын дүнд хөнгөн үйлдвэр, хүнс, эрүүл мэнд, боловсрол зэрэг урьд өмнө нь осол их гардаг байсан салбарууд дахь үйлдвэрлэлийн ослын тоон үзүүлэлт буурчээ.