Нэгдсэн хураангуй
Монгол улсын Үндсэн хуульд “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг” иргэний үндсэн эрх хэмээгээд хүнийг шашин шүтлэгийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглосон ба төр, шашны үйл ажиллагаа тусдаа байх ёстойг заасан. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар шашны байгууллагууд төрийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай бөгөөд шаардагдах бичиг баримтыг дэлгэрэнгүй хуульчилсан ч хэрэгжилттэй холбоотой нарийвчилсан журмыг орон нутгийн эрх баригчдын мэдэлд үлдээсэн. 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн шинэчлэн найруулсан хуулинд шашин шүтэх, эс шүтэх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглох болон шашны байгууллага, шашны төлөөлөгч, номлол түгээгч өөрийн шашны үзэл номлолоо бусдад хүчээр тулгах, шахалт үзүүлэх, хууран мэхэлж татан оруулах, эсхүл шашны харгис үзэл номлолыг сурталчлахыг хориглосон заалтууд орсон. Мөн 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шинэчлэн найруулсан Зөрчлийн тухай хуулинд хувь хүн, хуулийн этгээд хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулах, иргэний шашин шүтлэгийн байдлыг уг хүн өөрөө хүссэнээс бусад тохиолдолд албан баримт бичигт тусгах болон хуульд зааснаас бусад тохиолдолд сүм хийдийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох зэргийг хориглосон. Дээрх хуулиудад торгууль, шийтгэлийн хэмжээг өмнөхөөс ихэсгэсэн. Шашны байгууллага улс төрийн үйл ажиллагаа явуулах, санхүүжүүлэх мөн төрийн харьяалал бүхий сургууль, байгууллагад шашны сургалт, цугларалт зохион байгуулах нь хуулиар хориотой. Аймгуудын бүртгэлийн журам харилцан адилгүй байх, бүртгэлийн журам өөрчлөгдөх, эсвэл шашны бүлгийн салбар бүрийг тусад нь бүртгүүлэх шаардлага зэргээс болж бүртгүүлэхэд хүндрэл бэрхшээлтэй тулгарч буй талаар зарим шашны бүлэг мэдээлсэн. Жишээлбэл, 10-р сарын байдлаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ) 70 шашны байгууллагын зөвшөөрлийг сунгаж, 5 зөвшөөрлийг цуцалсан бол 23 өргөдлийг түдгэлзүүлсэн байв. Зарим шашны бүлэг хэдэн жилийн турш бүртгэлээ сунгуулж чадахгүй байгааг хэлсэн. Шашны үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй гадаадын иргэн шашны виз авах ёстой ба виз авахад хүндрэлтэй байдаг талаар зарим бүлэг мэдээлсэн. Шашны үйл ажиллагаа эрхлэх Монгол иргэний хувьд тусгайлсан журам байхгүй.
Христийн шашинтнууд болон шашны цөөнхийг нийгмийн сүлжээгээр дарамталсан талаар мэдээлэл ирж байв.
АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд шашны эрх чөлөөний асуудлаар, тэр дундаа шашны байгууллагуудад тулгардаг виз, бүртгэлтэй холбоотой хүндрэлийн талаар бүх түвшинд албаны хүмүүстэй уулзаж ярилцсаны дотор Ерөнхийлөгчийн тамгын газар, Гадаад харилцааны яам, УИХ, аймгийн удирдлага, НИТХ зэрэг өндөр албан тушаалын хүмүүс багтсан байна. Элчин сайдын яамны ажилтнууд шашны тэргүүнүүдтэй тогтмол уулзаж, шашны эрх чөлөөний асуудлаар ярилцдаг. 1-р сард Элчин сайд залуу удирдагчдын төлөөллийг өргөөндөө урьж, шашны эрх чөлөөний талаар чөлөөт ярилцлага өрнүүлсэн. 9-р сард Элчин сайдын яам будда, христ, бөө, мусульман зэрэг шашны удирдагчидтай дугуй ширээний уулзалт хийж, шашны эрх чөлөөг хэрхэн хүндэтгэх, шашин хоорондын харилцааг хэрхэн бий болгох талаар ярилцсан. Элчин сайдын яам мөн шашны эрх чөлөөг нийгмийн сүлжээгээр дэмжсэн.
I хэсэг. Шашны хүн ам зүй
АНУ-ын Засгийн газрын тооцоолсноор Монгол улсын нийт хүн ам 3.1 сая (2017 оны 7-р сарын байдлаар). Хамгийн сүүлийн хүн амын нэгдсэн тооллого 2010 онд хийгдсэн бөгөөд 15-аас дээш насны хүн амын 53 хувь өөрсдийгөө буддын шашинтан гэж тодорхойлсон бол 3 хувь нь мусульман, 2.9 хувь нь бөө, 2.1 хувь нь христийн шашинтан гэжээ. 38.6 хувь нь өөрсдийгөө шашин шүтдэггүй гэж тодорхойлсон байна. Нэгэн буддын шашны эрдэмтний хэлснээр, Монголын буддистуудын ихэнх нь Махаяана урсгалыг шүтдэг. Олон хүн бөөгийн шашны зан үйлийг өөр шашинтай, тухайлбал буддын шашинтай хослуулж хийдэг. Христийн шашинтнуудын дийлэнх нь протестант урсгалынхан ба үлдсэн нь Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм (Мормон), Роман католик, Ёховагийн гэрчүүд болон Оросын үнэн алдартны шашны урсгалынхан болно. Дэлхийн энх тайван, эв нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо (Эв нэгдлийн сүм) гэх зэрэг шашны бүлгүүд мөн бий.
Монгол улсын баруун хойно амьдардаг казахуудын ихэнх нь мусульман шашинтан болно.
II хэсэг. Шашны эрх чөлөөнд хандах засгийн газрын байр суурь
Хууль, эрх зүйн хүрээ
Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөөний нэг бол “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө” юм. Шашин шүтлэгээс нь болж хүнийг ялгаварлан гадуурхахыг Үндсэн хуулиар хориглосон бөгөөд төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй гэж заасан. Мөн Үндсэн хуульд “Төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна” гэдгийг тодотгосон байдаг. Үндсэн хуулинд зааснаар, хүн эрхээ эдлэхдээ улсын аюулгүй байдал, бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй ба нийгмийн хэв журмыг эвдэж болохгүй. Мөн Үндсэн хуулинд: “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн байдаг. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” гэж заасан.
7-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулинд торгуулийн хэмжээ өссөн. Хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, шашны байгууллагын үйл ажиллагаа, эсхүл шашны зан үйл үйлдэхэд саад учруулсан бол хувь хүнийг 450,000 – 2,700,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Энэ хуулинд торгууль, шийтгэлийг өмнөх хуулиас чангаруулсан бөгөөд хэрвээ шашны байгууллага, номлогч, лам, имам, бөө зэрэг шашны төлөөлөгч өөрийн шашны үзэл номлолоо бусдад хүчээр тулгасан, шахалт үзүүлсэн, хууран мэхэлж татан оруулсан, эсхүл шашны харгис үзэл номлолыг сурталчилсан бол 450,000-5,400,000 төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
7-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн шинэчлэн найруулсан Зөрчлийн тухай хуулинд мөн торгуулийн хэмжээг нэмэгдүүлсэн. Хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан бол хүнийг 100,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,000,000 төгрөгөөр торгоно. Иргэний шашин шүтлэгийн байдлыг уг хүн өөрөө хүссэнээс бусад тохиолдолд албан баримт бичигт тусгасан, эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд сүм хийдийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон бол хүнийг 100,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,000,000 төгрөгөөр торгоно. Шашны байгууллага төрийн байгууллагын үүргийг эрхлэн гүйцэтгэсэн, улс төрийн үйл ажиллагаа явуулсан, эсхүл түүнд оролцсон, эсхүл санхүүжүүлсэн бол хүнийг 150,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,500,000 төгрөгөөр торгоно. Төрийн харьяалал бүхий сургууль, байгууллагад шашны сургалт, цугларалт зохион байгуулсан бол хүнийг 300,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 3,000,000 төгрөгөөр торгоно.
Төр, сүм хийдийн харилцааны хуулинд шашны үзэл номлолыг “хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх, тэдний эрүүл мэнд, ёс суртахуунд хохирол учруулах, санаа сэтгэлийг үймүүлэх замаар” дэлгэрүүлэхийг хориглодог. Мөн шашинд татан оруулахын тулд бэлэг сэлт ашиглахыг хориглодог. Хүүхдийн эрхийн тухай хуулинд хүүхэд шашин шүтэх, эс шүтэх эрхтэй гэж заасан.
Шашны бүлгүүд хууль ёсны үйл ажиллагаа явуулахын тулд орон нутаг, аймгийн эрх бүхий байгууллага болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт (ОӨУБЕГ) бүртгүүлдэг. Дотоодын хууль тогтоомжид шашны байгууллагын бүртгэлийн журамтай холбоотой нарийвчилсан заалт бараг тусгаагүй, бүртгэлийн хүчинтэй хугацааг хэрхэн тогтоохыг заагаагүй ба орон нутгийн эрх баригчид өөрсдөө журам боловсруулах эрх мэдэлтэй байдаг. Бүртгэлээ сунгуулахдаа шашны байгууллагууд (ихэнх тохиолдолд жил бүр) орон нутаг болон улсын түвшний төрийн олон байгууллагад хандах ёстой байдаг.
Шашны байгууллага бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Үүнд: бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) эсвэл бусад орон нутгийн удирдлагын албан бичиг, шашны байгууллагын товч танилцуулга, дүрэм, үүсгэн байгуулах баримт бичиг, тэргүүлэгчдийн жагсаалт, санхүүгийн мэдээлэл, өмч хөрөнгийн мэдүүлэг (үүнд үл хөдлөх хөрөнгө мөн орно), лизинг эсвэл түрээсийн гэрээ, шашны үйл ажиллагаа явуулах сонирхолтой хувь хүний товч намтар болон сүсэгтэн олны тоо зэрэг болно.
Шашны байгууллага бүртгэлээ сунгуулахын тулд орон нутгийн засаг захиргаанаас тодорхойлолт авах шаардлагатай. Үүний дараа уг тодорхойлолтыг бусад бичиг баримтын хамтаар Нийслэлийн ИТХ юм уу харьяалагдах аймгийн ИТХ-д өгдөг. Холбогдох ИТХ-аас тухайн шашны байгууллагыг цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн тогтоол батлах ба уг шашны байгууллага тус тогтоолын хуулбарыг ОӨУБЕГ руу явуулдаг. Үүний дараа ОӨУБЕГ тухайн шашны байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийн ар талд шинэ хүчинтэй хугацааг оруулдаг.
Шашны хувийн сургуулиуд дунд сургуулийн стандарт хөтөлбөрийг заахад зориулж улсаас санхүүжилт авах эрхтэй. Харин шашны хөтөлбөр заахад зориулж тэдэнд улсаас хөрөнгө гаргахыг хуулиар хориглосон.
Боловсролын тухай хуульд нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий шашны чиглэлийн сургалт, шашны зан үйл, бусад үйл ажиллагааг зохион байгуулахыг хориглоно. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны албаны хүмүүсийн мэдээлснээр дээрх хориг төрийн болон хувийн сургуульд нэгэн адил хамаарна. Тус яамны журамд заасны дагуу төрийн харьяаллын болон хувийн сургуульд шашны сургалт явуулахыг хориглодог. Боловсролын байгууллагад шашны сургалт явуулахгүй байх дээрх хоригийг зөрчсөн тохиолдолд засгийн газар уг шашны байгууллагын бүртгэлийн сунгалт хийлгэх хүсэлтийг татгалзах эрхтэй.
Монгол улсын иргэний цэргийн үүрэг болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын хуульд зааснаар 18-25 насны Монгол Улсын эрэгтэй иргэд нэг жилийн хугацаатай цэргийн жинхэнэ алба хаах ёстой. Шашин шүтлэг, итгэл үнэмшлээрээ цэргийн алба хаахаас татгалзсан тохиолдолд цэргийн албыг дүйцүүлэн хаахтай холбоотой заалт байдаг. Үүнд гамшгаас хамгаалах, хил хамгаалалтад туслах, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцуулж болох, эсхүл нэг цэрэгт жилд зарцуулах зардалтай тэнцэх хэмжээний мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах зэрэг орно.
Хөдөлмөрийн хуулийн дагуу гадаадын бүх байгууллага (үүнд шашны байгууллага мөн орно) нэг гадаад ажилтан тутмын тоогоор тодорхой тооны монгол хүн авч ажиллуулах заалттай. Тухайн жилд гадаадаас ажиллах хүчин авах квотод нэр дурдагдаагүй салбарууд (үүнд ихэнх шашны бүлэг багтана) нийт ажилтныхаа 95 хувьд нь монгол хүн ажиллуулах ёстой. Хориос доош монгол ажилтантай, квотод нэр нь дурдагдаагүй шашны бүлгүүдэд гадаадын нэг ажилтан ажиллуулахыг зөвшөөрдөг.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулинд тус улсын үндэсний зан заншилд хохирол учруулж болох “хүмүүнлэг бус” шашны урсгал сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, шүтэхийг хориглодог. Энэ заалтын дагуу ямар нэг хувь хүн, албан байгууллага торгуулсан гэх мэдээ ирээгүй. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд мөн “хүмүүнлэг бус” буюу үндэсний соёл заншилд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон төстэй заалт байдаг.
Шашны үйл ажиллагаа явуулах гэж байгаа гадаадын иргэд шашны виз хүсэх ёстой. Гагцхүү бүртгэлтэй шашны байгууллага шашны визээр гадаад иргэн урих эрхтэй. Бусад төрлийн визээр ирсэн гадаадын иргэд шашныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулах хориотой (хувь хүний шашин шүтэхийг зөвшөөрнө). Хуульд зааснаар, “ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан” бол тус улсаас албадан гаргах үндэслэл болно.
Монгол улс нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын гэрээний гишүүн орон юм.
Засгийн газрын үйл ажиллагаа
Монголын Эвангэлийн эвсэл (МЭЭ) 10-р сард Улаанбаатар хотын төв талбайд цуглаан зохион байгуулахдаа зохих байгууллагаас зөвшөөрлөө ямар ч асуудалгүйгээр авсан гэж мэдээлсэн. Харин бөөгийн шашны удирдагч Завхан аймагт зохион байгуулсан тэдний байгууллагын зан үйлийн ёслолд гишүүдийг нь оролцоход аймгийн удирдлага саад учруулсан талаар мэдэгдсэн.
Бүртгэл болон сунгалттай холбоотой журам улсын хэмжээнд харилцан адилгүй байсан бөгөөд орон нутгийн захиргааны ажилтнуудын ажлын арга барилаас ихээхэн хамаарч байсан. Зарим шашны бүлэг төрийн байгууллага холбогдох дүрэм журмыг өөр өөрөөр хэрэглэхээс гадна журмаа ойр ойрхон, урьдчилан мэдэгдэлгүйгээр сольдог гэж хэлжээ. Зарим тохиолдолд бүртгэлийн болон сунгалтын үйл ажиллагаанд албаныхан өөрийн үзэмжээр хандах нь байдаг ба татгалзсан хариу авсан тохиолдолд давж заалдах тогтолцоо байдаггүйг зарим бүлгийнхэн хэлж байна. Христийн шашны нэгэн бүлгийн хэлснээр Увс аймгийн ИТХ-ын тэргүүлэгч нь энэ шашныханд дургүй гэдгээ илэрхийлсэн байна.
Бүртгүүлэх ажиллагаа хэдэн долоо хоногоос авахуулаад хэдэн жил хүртэл сунжирдаг нь зарим христийн шашны бүлгийг бүртгүүлэх хүсэлгүй болгодог. Өөрийн гэсэн шашны үйл ажиллагаа явуулах зориулалтын байргүй, эсвэл цөөхөн дагагчтай гэх зэрэг шаардлагыг хангаж чадахгүйгээсээ болоод зарим шашны бүлэг бүртгүүлэхийг зорьдоггүй.
Засгийн газар шашны байгууллагын бүртгэл болон сунгалтын үйл явцаар дамжуулж тэдний үйл ажиллагаа, сүм хийдийн болон гадаадаас ирсэн санваартны тоо, шашны үйл ажиллагаа явуулж байгаа гадаад иргэн, Монгол иргэний тоон харьцаанд хяналт тавьдаг гэж НИТХ-ын албаны хүмүүс хэлж байв. Анх удаа бүртгүүлж буй болон сунгалт хийлгэх өргөдөл өгсний дараа шалгалтын баг өргөдөл гаргасан байгууллага дээр очиж, шаардлага хангасан эсэхийг газар дээр нь шалгадаг. Энэ багт цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт гэх мэт засгийн газрын агентлагуудын төлөөлөл ордог. Анх удаа бүртгүүлж буй болон сунгалт хийлгэх өргөдөлд “татгалзсан” хариу өгдөг нь угтаа татгалзсан биш харин шийдвэрийг хойшлуулсан гэсэн үг ба шалтгаан нь янз бүр. Жишээ нь: үүнд бичиг баримт дутуу, үйл ажиллагаа явуулах газрын нөхцөл байдал муу, боловсролын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй атал Англи хэлний сургалт явуулах, эсвэл санхүүгийн асуудал (тухайлбал, үл хөдлөх хөрөнгийн татвар төлөөгүй, гаднаас орж ирсэн орлогоо мэдүүлээгүй гэх мэт) орно. Ийм тохиолдолд тэд шаардлага хангаагүй шашны байгууллагуудад тухайн зөрчлөө арилгах арга заавар өгдөг ба дараа нь ахин өргөдлөө өгөх боломжтой. НИТХ-ын мэдээлснээр улсын хэмжээнд 848 шашны байгууллага үйл ажиллагаа явуулж буйн 380 нь Улаанбаатар хотод байна. Эдгээрийн 300 нь бүртгэлтэй бол 80 нь бүртгэлгүй үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.
НИТХ сунгалтыг голдуу 1 жилээр өгдөг ба зарим орон нутгийн ИТХ 2-3 жилээр сунгах явдал байдаг. 10-р сарын байдлаар НИТХ 70 шашны байгууллагын зөвшөөрлийг сунгаж, 5 зөвшөөрлийг цуцалсан бол 23 өргөдлийг бичиг баримт дутуу, байрны нөхцөл хангалтгүй, эсхүл шалгалтын багийнхны тогтоосон ямар нэг дутагдлын улмаас түдгэлзүүлсэн байв. НИТХ-ын ажилтны хэлж буйгаар христийн шашны байгууллагууд шинээр бүртгүүлэх, бүртгэл сунгуулах өргөдлийн ихэнхийг эзэлдэг, тиймдээ ч бүртгэл нь цуцлагдсан, түдгэлзүүлсэн байгууллагын ихэнх нь христийн шашны байгууллагууд байдаг ажээ.
НИТХ болон орон нутгийн ИТХ сүм хийдүүдийг дороо салбартай байхыг хүлээн зөвшөөрдөггүй, харин сүм хийд нэг бүрийг тусдаа бүртгүүлэхийг шаарддаг хэвээр байгаа. Салбар сүмийн талаар хуулинд тодорхой заагаагүй ба хэдийгээр сүмүүд нь тус тусдаа бүртгүүлж чаддаг ч НИТХ-ын баримталж буй дээрх байр суурь нь нэг захиргаанд харьяалагддаг салбар сүмтэй христийн урсгалуудад хүндрэл үүсгэдэг гэж Мормоны шашны тэргүүнүүд хэлж байна.
Хэдийгээр орон нутгийн татварын байцаагчид, цагдаагийнхан болон бусад эрх бүхий байгууллагаас байн байн шалгалт хийдэг ч бүртгэлгүй шашны байгууллагууд бодит байдал дээр үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг. Энэхүү бүртгэлгүй үйл ажиллагаа явуулж буй байдал нь байгууллагыг нь мөрдөн шалгах, хууль зөрчсөн асуудалд оруулж мэдэх эрсдэлтэй байгаад зарим шашны тэргүүнүүд түгшиж байгаагаа илэрхийлсэн. Бөөгийн шашны тэргүүнүүд хэлэхдээ тэд зан үйлээ хийдэг цөөн тооны байртай ба шашны байгууллага зөвшөөрөгдсөн байранд үйл ажиллагаа явуулах хуулийн шаардлага нь тэдний байгаль дэлхийтэй харьцаж хийдэг зан үйлд нь хязгаарлалт болж байна гэж байв. Хоёр шашны бүлэг мөн энэхүү шаардлага сүсэгтнүүд гэртээ номлол үйлдэх боломжгүй болгож буйг хэлсэн. Бүртгэлгүй сүмүүд өөрсдийгөө хуулийн этгээд болохыг нотолсон албан ёсны бичиг баримтгүйн улмаас газар эзэмших, түрээслэх, татварын тайлан өгөх боломжгүй, эсвэл албан ёсоор төрийн байгууллагатай харьцах боломжгүй юм. Бүртгэлгүй сүмийн гишүүд сүмийнхээ хэрэгцээнд зориулж хувиараа хөрөнгө эзэмших юм уу түрээслэн үйл ажиллагаа явуулах байдал хэвээр байна.
Төв аймагт шашны байгууллагууд бүртгүүлж чадахгүй хэвээр байгааг шашны тэргүүнүүд мэдэгдэж байсан. Гэхдээ бүртгэлгүй сүмүүд үйл ажиллагаа явуулж байгааг бас тэд хэлж байв.
Дархан-Уул аймагт өмнө нь дээрхтэй ижил асуудал гардаг байсан бол энэ жил шашны байгууллагуудаас ийм мэдээлэл ирээгүй.
МЭЭ өмнө нь бүртгэлтэй холбоотой асуудал тулгарч байсан Хөвсгөл, Дорноговь аймгуудад ахин ямар нэг асуудал гараагүй гэж мэдэгдсэн.
Үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй номлол явуулж байна гэсэн шалтгаанаар НИТХ-аас Ёховагийн гэрчүүдийн шашны нийгэмлэгийн бүртгэлийг цуцалсан шийдвэрийг уг шашны байгууллага эсэргүүцэж шүүхэд хандсан ба Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийн дүнд уг сүм бүртгэлээ сунгуулах боломжтой болсон ба энэ оны эцсийн байдлаар сунгуулахаар өгсөн өргөдлийн асуудал шийдэгдээгүй байв. Ёховагийн гэрчүүдийн шашны нийгэмлэгээс гадна 3 шашны байгууллагын зөвшөөрлийг дээрхтэй ижил шалтгаанаар цуцалсан тухай мэдээлсэн.
9-р сард болсон шашны тэргүүнүүдтэй хийсэн дугуй ширээний уулзалтын үеэр тэд шашин шүтэх эрх чөлөөнд тулгарч буй ганц бэрхшээл нь бүртгэлийн үйл явцтай холбоотой тэгш биш хэрэгжилт гэдгийг санал нэгтэйгээр хэлж байв.
Зарим аймаг, орон нутагт эрх баригчид сүмийн үйл ажиллагаанд насанд хүрээгүй хүүхдүүд оролцохыг хориглодог байдал хэвээр байгаа. Христийн хэд хэдэн бүлгийн хэлснээр хүүхдүүдийн “тархийг угаана” гэсэн болгоомжлолын үүднээс хүүхдүүийг харгалзах хүнгүйгээр сүмийн цуглаанд оролцохыг хориглодог ажээ. Увс зэрэг зарим аймагт 16 нас хүрээгүй хүүхдүүд эцэг эхийн бичгээр өгсөн зөвшөөрөл дээр үндэслэн сүмийн үйл ажиллагаанд оролцох журам бий. Сүмийн захиргаа уг зөвшөөрлийг хадгалдаг ба шаардсан үед албан тушаалтанд үзүүлдэг.
Хууль журмын дагуу шашны бaйгууллагад татвар, харьяатын алба, орон нутгийн захиргаа, тагнуул болон бусад агентлагаас үе үе шалгалт ирдэг хэвээр. Дугуй ширээний уулзалтын үеэр будда, христ, бөө, мусульман шашны тэргүүнүүд энгийн бизнесийн байгууллагууд ч мөн ийм шалгалтанд ордог гэдгийг хэлж байв. Өмнөх жилүүдэд зарим шашны бүлгийнхэн ийм шалгалт ирэх нь хэцүү байсан гэж мэдэгдэж байсан.
Төр засгийн тэргүүнүүд уламжлал ёсоор Цагаан сарын баяраар буддын шашны тэргүүнүүдтэй золгосон.
Зарим гадаадын иргэн шашны виз авахад хүндрэлтэй тулгарч байгаа хэвээр байна. Ихэнх шашны байгууллагууд нийт ажилтныхаа 95 хувьд нь Монгол иргэдийг авч ажиллуулах ёстой байдаг ба квотод хүрэх хангалттай тооны Монгол хүмүүсийг ажиллуулах санхүүгийн боломжгүй байгууллагууд нь шашны визээр нэмж хүн урих эрхгүй. Квотын хязгаарлалтанд орохгүйн тулд төлбөр төлж болох авч зарим сүм ингэх төлбөрийн чадваргүй. Христийн шашны бүлгүүдийн мэдээлснээр тус улсад ирж буй шашин түгээгч нар гол төлөв өөр төрлийн визээр ирдэг (оюутны, ажил хэргийн гэх мэт). Ингэснээр тэдний оролцож болох шашны үйл ажиллагааны хүрээ ихээхэн хязгаарлагддаг бөгөөд тэд хуулийн хүрээнд юу хийж болох вэ гэдэг нь өөр өөрөөр тайлбарлагддаг тул албадан буцаагдах магадлал өндөр болдог. Шашны визийн хүчинтэй хугацаа нь ажилладаг шашны байгууллагынх нь бүртгэлийн хугацаатай адил байдаг тул энэ нь визний бас нэгэн хүндрэл болдгийг зарим христийн шашны бүлэг хэлж байв. Шашны байгууллагынх нь бүртгэл зөвшөөрөгдөх, эсхүл бүртгэл нь сунгагдахаас нааш гадаадын иргэд шашны визээ авах болон сунгуулах боломжгүй юм. Визийн хүчинтэй хугацаа нь уригч байгууллагын бүртгэлийн хугацаатай ижил бөгөөд тэр хугацаанаас хэтэрч болдоггүй.
Төр засгийн зүгээс шашин, түүх, соёлын чухал төвүүд гэж үзсэн Буддын шашны газруудыг сэргээн засварлахад зориулж 840 сая төгрөг зарцуулсан. Төрөөс бусад шашны бүлэгт татаас өгсөн тохиолдол гараагүй.
2016 онд Хууль зүйн сайд шашны байгууллагуудын тоо болон тэдний үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг тодорхойлох зорилгоор ажлын хэсэг байгуулсан ба тэд үүрэгт ажлаа дуусгасан. Ажлын хэсгийнхний дүгнэлтийг олон нийтэд танилцуулаагүй.
III хэсэг. Шашны эрх чөлөөнд хандах нийгмийн хандлага
Христийн болон бусад шашны цөөнхийн эсрэг хэвлэл, мэдээлэл ба нийгмийн сүлжээгээр дарамталсан мэдээлэл байна. Жишээ нь, нэгэн ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сүмийн гишүүдтэй авахуулсан зураг сонгуулийн сурталчилгааны үеэр цахим сүлжээнд гарснаас болж Дэлхийн энх тайван, эв нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо сүмийнхний талаар сөрөг сэтгэгдлүүд интернетээр гарсан.
МЭЭ-ийн үзэж буйгаар олон нийт шашны эрх чөлөөг илүү дэмждэг болсон. Өмнөх жилүүдийг бодвол энэ жил будда болон мусульман шашны тэргүүнүүд христийн шашны нөлөө давамгайлах байдалд санаа зовнисон байр суурь илэрхийлээгүй. Гэхдээ зарим христийн шашныхан олон нийт христийн шашны нөлөө ихэсч байгаад дургүй байдаг нь хэвээр ба ялгаварлан гадуурхал байгаа гэж хэлж байв.
IV хэсэг. АНУ-ын Засгийн газрын бодлого
АНУ-ын Элчин сайд болон засгийн газрын бусад албан тушаалтнууд шашны эрх чөлөөний асуудлаар, визтэй холбоотой хууль тогтоомж тэгш бус хэрэгжиж байгаа талаар, мөн шашны бүлгүүдийн тоочдог бүртгүүлэхэд учирдаг бэрхшээл зэрэг АНУ-ын засгийн газрын зовинож буй асуудлын талаар засгийн газрын албан тушаалтнуудтай орон нутаг, аймаг, улсын түвшинд, Дархан-Уул, Ховд, Увс аймагт ажиллахдаа ярилцсан болно. Мөн элчин сайд 3-р сард Гадаад харилцааны сайдтай уулзахдаа бүртгэлтэй холбоотой хүндрэлийг хөндсөн. Элчин сайд болон элчин сайдын яамны ажилтнууд Гадаад харилцааны яам, Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын гишүүд, НИТХ, аймгуудын удирдлагуудтай уулзах үеэрээ шашны эрх чөлөөг хамгаалах тал дээр хүчин чармайлтаа өргөжүүлж ажиллахыг тус элчин сайдын яам дэмжиж байгаа бөгөөд төр, шашны бүлгүүд хоорондын харилцан ойлголцлын чухлыг онцлон тэмдэглэж байв.
Элчин сайд, элчин сайдын яамны ажилтнууд Улаанбаатар болоод орон нутгийн шашны удирдагчидтай ганцаарчлан болон хамтад нь тогтмол уулзаж, бүртгэл, визтэй холбоотой хүндрэл, шашнаар гадуурхах явдалтай тэмцэх, шашны эрх чөлөөг илүү дэмжих арга зам зэрэг асуудлаар санал солилцож ирсэн. Жишээ нь, шашин хоорондын зөвлөл байгуулж, түүгээрээ дамжуулан бүртгэлтэй холбоотой журмыг нэгдсэн системд оруулах тал дээр засгийн газарт лобби хийх боломжийн талаар хэлэлцсэн. 1-р сард Элчин сайд залуу удирдагчдын төлөөллийг өргөөндөө урьж, шашны эрх чөлөөний талаар чөлөөт ярилцлага өрнүүлсэн. 9-р сард Элчин сайдын яам будда, христ, бөө, мусульман зэрэг шашны удирдагчдыг урьж, дугуй ширээний уулзалт хийж, шашны эрх чөлөөг хэрхэн хүндэтгэх, шашин хоорондын харилцааг хэрхэн бий болгох талаар ярилцсан. Элчин сайдын яам мөн шашны эрх чөлөөг нийгмийн сүлжээгээр дэмжсэн.