МОНГОЛ УЛС (2-Р ШАТЛАЛ)
Монгол улсын Засгийн газар хүний наймааг таслан зогсооход тавигдах наад захын шаардлагыг бүрэн хангахгүй байгаа ч энэ талаар нилээд их чармайлт гаргаж байна. Өмнөх жилтэй харьцуулахад дээрх хүчин чармайлт өсөн нэмэгдсэн учир Монгол улс 2-р шатлалд байсан хэвээр байна. Төрөөс хүний наймаатай холбоотой илүү олон хэрэгт ял шийтгэл оногдуулж, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, улмаар засгийн газрын агентлагууд, холбогдох талуудад зориулж сургалтууд зохион байгуулах зэргээр мэдэгдэхүйц чармайлт гаргасан боловч хүний наймааг таслан зогсооход тавигдах наад захын шаардлагыг хэд хэдэн гол чиглэлүүдийн хүрээнд бүрэн хангаагүй байна. Засгийн газар хүний наймаанд өртөх эрсдэл бүхий хүн амын бүлгүүдээс хохирогчдыг таньж илрүүлэх тал дээр идэвх санаачлага гаргаагүйн дээр эрх бүхий байгууллагууд хүний наймаанд өртсөн байж болзошгүй хохирогчдыг хүний наймааны шууд үр дагавар байж болох үйлдлээр нь баривчлах, эсвэл түр саатуулсан байна. Тухайн жилд хохирогчийг хамгаалах байр болон тэдэнд зориулсан үйлчилгээнд төрөөс санхүүжилт хийгээгүй байна.
МОНГОЛ УЛСАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таньж илрүүлэх болон хамгаалах үйлчилгээнд хамруулах талаар цагдаа, гадаад иргэн, харъяатын алба болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн эрх бүхий албан хаагч, байгууллагууд зэрэг төрийн алба хаагчдад зориулсан албан ёсны журам боловсруулж хэрэгжүүлэх; хүний наймааны хэргээс хохирсны улмаас гэмт хэрэг үйлдсэн хохирогчийг ял шийтгэлээс чөлөөлөх; төрийн болон ТББ-уудын ажиллуулдаг хохирогч хамгаалах байруудаас гадна хохирогчдод туслах, тэднийг хамгаалах бусад хэлбэрийн үйл ажиллагаанд зориулж санхүүжилт төсөвлөх; Монгол улсын Эрүүгийн хуулийн 113-р зүйлийг хэрэглэн хүний наймааны хэргийг мөрдөх, шалган шийдвэрлэхэд чиглэгдсэн хүчин чармайлтаа нэмэгдүүлэх; хөдөлмөх эрхлэх нөхцөл байдалд хяналт тавьж, Монгол улсад гэрээгээр ажиллаж буй гадаад ажилчид хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн гэх өргөдөл гомдлыг шалгаж барагдуулах; хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хохирогч хамгаалах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх; зам тээврийн гол боомтууд дээр биеэ үнэлэгчдийг худалдан авах хэрэгцээг багасгах.
ЯЛ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХ
Монгол улсын Засгийн газар хүний наймаатай тэмцэх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүчин чармайлтаа нэмэгдүүлсээр байна. 2012 онд батлагдсан Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангахад шаардлагатай үлдсэн 6 журмыг баталсан. Эрүүгийн хуулийн 113-р зүйлд хүн наймаалах бүх төрлийг хориглож, хүний наймааг олон улсын хууль тогтоомжийн дагуу тодорхойлсон бөгөөд хүн худалдаалсан нь тогтоогдвол 15 хүртэлх жилээр хорих ял оноохоор хуульчилсан нь хүчин гэх мэт бусад хүнд гэмт хэрэгт оноодог ялтай дүйхүйц хүнд, нийцсэн заалт болсон. Засгийн газрын зүгээс ялын тухай дэлгэрэнгүй мэдээлээгүйн дээр өнгөрсөн хугацаан дахь ял шийтгэлийг 2016 оны шинэ хэргүүдээс тодорхой ялгаж салгаагүй байна. 2016 онд төрөөс 113-р зүйлийн дагуу хүний наймаа байж болзошгүй 3 хэргийг мөрдөн шалгаж (2015 онд 14), 14 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж (2015 онд 5), хүн наймаалсан 9 этгээдийг ялласан (2015 онд 8) байна. Өмнөх жилүүдээс үргэлжилж шалгагдаж байгаа буй хэргүүд болон 2016 онд шинээр үүсгэгдсэн хэргүүдэд тухайлан ялын дүгнэлт зэрэг бусад мэдээллийг төрийн зүгээс ангилан гаргах боломж байгаагүй. Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйл буюу биеэ үнэлэхийг зохион байгуулах, бусдыг татан оролцуулах тухай заалт нь хүч хэрэглэсэн, хууран мэхэлсэн, албадлага хэрэглэсэн гэх шинж агуулсан байх шаардлагагүй ч бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдсан байж болзошгүй хэргүүдийг яллахад түгээмэл хэрэглэгддэг ба арай хөнгөн шийтгэл буюу тав хүртэлх жилээр хорих ял оноодог. 2016 онд 124-р зүйлийн дагуу 37 яллагдагчид хамаарах хэргүүдийг шалгаж, 8 этгээдийг ялласан боловч эдгээр хэргүүдийн хэд нь бэлгийн мөлжлөгтэй шууд холбоотой эсэх нь тодорхойгүй байсанбөгөөдзөвхөн эмэгтэйчүүд хүний наймааны хохирогч болдог гэх ташаа ойлголт дийлэнх төрийн алба хаагчдын дунд байдгаас хөвгүүд хохирогч болсон хэргийг 113, 124 дүгээр зүйлээр бараг зүйлчилдэггүй, харин илүү хөнгөн ялтай зүйл ангиар яллаж байна. 500 гаруй хууль сахиулагч болон нийгмийн ажилтнуудад зориулж хүний наймаа, хүүхэд хамгаалал, хөдөлмөрийн мөлжлөг зэрэг сэдвээр хийсэн сургалтыг төрөөс санхүүжүүлсэн байна. Түүнчлэн төрөөс ТББ-ууд, прокурор, шүүгч, цагдаа болон эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан албан хаагчдад зориулж явуулсан сургалтыг сургалтын байр болон бодит дэмжлэгээр хангасан. Төрөөс хүний наймаанд хамсан оролцсон гэх албан тушаалтныг мөрдөн шалгасан, хэрэг үүсгэсэн, эсвэл ялласан талаар мэдээлээгүй.
ХОХИРОГЧ ХАМГААЛАЛТ
Монгол улсын Засгийн газар хүний наймааны хохирогчдыг хамгаалах хүчин чармайлтаа бууруулсан. Хохирогчдод үзүүлэх хамгаалах үйлчилгээний дийлэнхийг ТББ-ууд үзүүлсний дээр урт хугацааны үйлчилгээг төрийн дэмжлэггүйгээр хийсэн байна. Улсын хэмжээнд хохирогчдод үзүүлэх үйлчилгээг Хүйсийн тэгш эрхийн төв (ХТЭТ) ТББ-ын ажиллуулдаг хоёр хамгаалах байрт даатгасан хэвээр байна. Хоёр дахь жилдээ төрөөс ХТЭТ ТББ-ын хамгаалах байранд санхүүжилт өгсөн талаар мэдээлсэнгүй. ХТЭТ ТББ өмнөх жилд бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүний наймааны хохирогч болсон байж болзошгүй 36 хүнд туслалцаа үзүүлсэн бол 2016 онд бэлгийн (43 хүн) болон хөдөлмөрийн мөлжлөгийн (нэг хүн) хохирогч нийт 44 хүнд тусалжээ. Эдгээрийн 20 нь хууль сахиулах байгууллагын хүсэлтээр хандсан байна. Илрүүлсэн бүх хохирогчид эмэгтэй хүн байсан бөгөөд тэдний нэг нь хүүхэд байв. ХТЭТ ТББ-ын тусалсан хүний наймаанд өртсөн байж болзошгүй 44 хохирогчдоос 22 нь хууль хяналтын байгууллагад хандах шийдвэр гаргасан байна. Цагдаагийн Ерөнхий Газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчид хүний наймаанд өртөх эрсдэл бүхий хүн амын бүлгээс хохирогчдыг таньж илрүүлэхэд хэрэглэх 11 асуулт бүхий хүний наймааны эрсдэлийн үнэлгээний шалгах асуултуудыг ашигласан гэж мэдээлсэн боловч хохирогчдыг олж тогтоох, тэднийг үйлчилгээнд хамруулах системчилсэн журам тогтоогоогүйн улмаас эдгээр ажлууд нь идэвх санаачлагатай цөөн тооны албан хаагчдын ажил төдий байсаар байгааг ТББ-ууд онцлон тэмдэглэж байна. Тайлангийн хугацаанд Монгол улсын эрх бүхий байгууллагууд хүний наймааны шууд үр дагавар болох үйлдлийн төлөө хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид, хүүхдүүдийг торгох, баривчлах, улмаар түр саатуулах арга хэмжээ авсан байна. Засгийн газар гэрч, хохирогчийг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх 2016-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх журмыг баталсан. Улаанбаатар хотын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1-р дүүргийн байранд гэрч, хохирогчийн тусгай өрөө гарган ажиллаж байна. 2016 онд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч 4 Монгол иргэнийг Хятад улсаас эх нутагт нь буцаан авчрахад төрөөс туслалцаа үзүүлсэн байна. Хэдийгээр тайлангийн хугацаанд төр засгийн зүгээс гадаадын хохирогч иргэдийг илрүүлээгүй ч тэднийг залхаан цээрлэл, шийтгэл хүлээлгэж мэдэх улс орон руу нь буцаахын оронд хэрэглэх өөр хуулийн хувилбар Монгол улсын хууль тогтоомжид байхгүй.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
Засгийн газар хүний наймаанаас урьдчилан сэргийлэх талаар боломжийн ажил хийсэн байна. Хүний наймаатай тэмцэх ажлын зохицуулах Дэд Зөвлөл нь 2016 онд тогтмол хуралдаагүй ч засгийн газар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийг сэргээснээр тус Зөвлөл 12-р сард хуралдаж хүний наймааны эсрэг тэмцэх хүчин чармайлтыг зохицуулах Дэд Зөвлөлийн үүргийг үр дүнтэй хэрэгжүүлж байна. Хууль зүйн яам 2017-2021 оны Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг батлуулахаар Засгийн газрын хэрэг эрхлэх газар өргөн барьсан боловч тайлангийн хугацааны төгсгөлд хянахаар хүлээгдэж байсан. Нэгтгэсэн статистик мэдээллийн сан бүрдүүлэх үүднээс төрөөс олон улсын байгууллагатай хамтран ажилласан бөгөөд энэ нь цаашид олон нийтэд хүртээмжтэй болох болно. 2016 онд төрийн албан хаагчид Монгол дахь гадаад ажилчдын ажлын нөхцөл байдлын тухай судалгаа хийсэн боловч судалгааны эцсийн үр дүн тайлангийн хугацаанд эцэслэж гараагүй байв. Албаны хүмүүс хөдөлмөрийн мөлжлөгийн эрсдэлийн талаар олон нийтийн сүлжээ болон зурагтын сувгуудаар нийтэд сэрэмжлүүлэг түгээсэн бөгөөд энэхүү сэрэмжлүүлгийг бүх аймгийн цагдаагийн газруудад тараасан. Олон улсын байгууллагын тусламжтайгаар холбогдох байгууллагууд хүний наймаанд өртсөн нөхцөлд яаралтай холбоо барих мэдээлэл бүхий сануулгыг пасспортод хавсаргах, тараах ажлыг санхүүжүүлж, эдгээрийг хамгийн хөл хөдөлгөөнтэй боомтууд, хүн амын нягтаршил ихтэй газруудаар тарааж байсан боловч хавсаргах мэдээллийг шинэчлэх болсонтой холбогдуулан тус үйл ажиллагаа нь 2016 оны 6-р сараас зогссон. Төрөөс гадаадад гэрээгээр ажиллаж буй Монгол иргэдийн хөдөлмөрийн гэрээг тэд зүй ёсны цалин хөлс авч, гэрээ нь хууль тогтоомжтой нийцэж буй эсэхийг хянан шалгасан байна. Эрх бүхий байгууллагууд визийн зөрчилтэй 4 компанид торгууль ногдуулж, дутуу төлсөн гадаад ажилчдын цалингийн асуудлыг шийдвэрлэсэн байна. Нөгөөтэйгүүр, хүчээр хөдөлмөр эрхлүүлэх, биеэ үнэлэгчдийг худалдан авах хэрэгцээг багасгах талаар төр засгаас ямар нэг арга хэмжээ аваагүй. 2016 онд засгийн газар нь олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор явж байгаа бүх цэргүүдийг хүний наймаатай тэмцэх сургалтанд хамруулж, дипломат ажилтнуудыг гадаадад томилогдохоос нь өмнө хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн талаар мэдлэгтэй болох шаардлага тавьсан байна.
ХҮН ХУДАЛДААЛАХ АСУУДЛЫН ТӨЛӨВ БАЙДАЛ
Сүүлийн 5 жилийн хугацаанд тайлагнасанчлан Монгол улс нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх, бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах сурвалж болон хүлээн авагч улс болж байна. Монголын эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдийг албадан хөдөлмөрлүүлэхээр Турк, Казакстан, Израйл, Норвеги, Швед улсуудад, харин бэлгийн мөлжлөгт ашиглахаар Өмнөд Солонгос, Япон, Хятад, Хонконг, Макао, Малайз, Герман, Швед, Бельги, Турк, АНУ улсууд руу худалддаг байна. Охид, эмэгтэйчүүд массажны газар, зочид буудал, баар цэнгээний газар болон караоке клубүүдэд бэлгийн мөлжлөгийн зорилго бүхий хүний наймаанд дотооддоо өртөж байна. Эцэг эхийнх нь гарын үсэг зурж байгуулсан гэрээний дагуу ажиллаж буй уран нугараач Монгол охидыг гол төлөв Монгол, Туркт, мөн цөөн тоогоор Хонконг, Сингапурт албадан хөдөлмөр эрхлүүлж байна. Монгол эмэгтэйчүүдийг Хятад эрчүүд, мөн сүүлийн үед давтамж нь буурсан ч Өмнөд Солонгосын эрчүүдэд арилжааны зорилготой зуучлалаар гэр бүл болгосны дараа гэртээ зарцлах, эсвэл хүчээр биеийг нь үнэлүүлж байна. Хүний наймаачид зарим үед хар тамхи, олон нийтийн хуурамч сүлжээ, ажлын байрны цахим зар, англи хэлний хөтөлбөрүүд зэргийг ашиглан хохирогчдыг хууран мэхлэх замаар бэлгийн мөлжлөгт татан оруулдаг ажээ. Хөдөө орон нутгийн ба эдийн засгийн хувьд ядуу хорооллын хохирогч нар Улаанбаатар хотод болон хилийн ойр орчим бэлгийн мөлжлөгт олноороо өртөж байна. Түүнчлэн Япон болон Өмнөд Солонгос Улсын жуулчид хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох сонирхлоор Монголд ирдэг.
Монгол улсын өмнөд хэсэгт хөгжиж буй уул уурхайн салбарын хөгжил дотоодын болон олон улсын шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлсэн нь ялангуяа Хятад-Монголын хилийн эргэн тойронд хүн худалдаалах гэмт хэргийн эрсдлийг өсөн нэмэгдүүлж байна. Хүний наймаа, бэлгийн мөлжлөгт өртөх эрсдэлийг даамжруулах хүчин зүйлс нь нүүрс хилээр зөөж буй ачааны машины жолоочдын пасспортыг тээврийн хэрэгслийн барьцаа болгож хурааж аваад зогсохгүй, залуу охид, эмэгтэйчүүд хил нэвтрэхээр хүлээж буй жолооч нарт биеэ үнэлж ашиглуулах эрсдэл өндөр байна. Зарим хүүхэд хүчээр гуйлга гуйх, хулгай хийх болон хурдан морь унах, мал маллах, эсвэл уул уурхай, барилга зэрэг эдийн засгийн албан бус салбарт хөдөлмөр эрхэлж, зарим тохиолдолд гэр бүлийн гишүүдтэйгээ хамт бэлгийн мөлжлөгийн зорилго бүхий хүний наймаанд өртөж байна. Монгол улсад барилга, үйлдвэрлэл, газар тариалан, ой мод, загас, ан агнуур, бөөний болон жижиглэнгийн худалдаа, автомашины засвар, уул уурхайн салбарт гэрээгээр ажиллаж буй Хойд Солонгос болон Хятад ажилчид хүний наймаанд өртөх магадлалтай байна. Хойд Солонгосын ажилчид хүнд, хэцүү нөхцөлд ажиллаж амьдардаг боловч чөлөөтэй зорчих, ажлын байраа сонгох эрхгүйн дээр цалин хөлснийхөө өчүүхэн хэсгийг гар дээрээ авдаг байна. Зарим хятад ажилчид цалин хөлсөө аваагүй тухай мэдээлжээ. Эрх баригчдын авлигын асуудал нь хүний наймааг таслан зогсоох засгийн газрын хүчин чармайлтад сөргөөр нөлөөлж байгаа тухай өмнөх тайлангуудад дурдсан байна.