НЭГДСЭН ХУРААНГУЙ
Монгол Улс нь ардчилсан зарчмаар сонгогдсон засгийн газартай, олон намын тогтолцоотой парламентын ардчилсан улс юм. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2016 оны УИХ-ын сонгуулийг чөлөөтэй, шударга болсон гэж үзсэн боловч зарим ажиглагчид Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгогчдын саналыг худалдан авах, нэр дэвшигчид авлигын хэрэгт холбогдох явдал гарсан байж болзошгүй гэж үзэж байв.
Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд болох Цагдаагийн ерөнхий газар болон Хил хамгаалах ерөнхий газар нь дотоодын аюулгүй байдлыг голлон хариуцдаг. Ерөнхий сайдад шууд тайлагнах үүрэгтэй Тагнуулын ерөнхий газар нь дээрх хоёр агентлагт дотоодын аюулгүй байдлыг сахиулахад туслан ажилладаг. Зэвсэгт хүчин нь Батлан хамгаалах яаманд тайлагнаж, онцгой байдлын болон гамшгийн үед дотоодын цэрэгт тусламж дэмжлэг үзүүлдэг. Иргэний эрх бүхий байгууллагууд нь аюулгүй байдлыг хамгаалах хүчинд хяналт тавин ажилладаг.
Хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудлуудад шүүхийн хараат бус байдалд заналхийлэх; цагдан хорих байгууллагуудын хүнд нөхцөл; нэр төр гутаах, гүтгэх гэмт хэрэгтэй холбоотой зүйл заалт эрүүгийн хуульд хэвээр байгаа; албан тушаалтнуудын авлига; лесбиян, гей, бисексуал, трансжендер, интерсекс иргэдийн эсрэг заналхийлж, хүчирхийлэх болон хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх зэрэг зөрчлүүд орж байна.
Төр засгийн зүгээс хүний эрхийг зөрчсөн албан тушаалтнуудад авах арга хэмжээ, шийтгэл оногдуулах байдал хангалтгүй хэвээр байна.
Нэгдүгээр хэсэг. Хүний халдашгүй дархан байх эрхийг хүндэтгэх:
a. Хүний амийг бүрэлгэх болон хууль бус улс төрийн шинжтэй аллага
Өнгөрсөн онд төрийн байгууллага болон албан тушаалтнаас хүний амь насыг бүрэлгэсэн хэрэг бүртгэгдээгүй.
б. Сураггүй алга болох
Хүн сураггүй алга болсон талаар төрийн эрх бүхий байгууллагууудаас болон тэдний өмнөөс мэдээлсэн тохиолдол бүртгэгдээгүй.
в. Эрүү шүүлт тулгах болон хэрцгий, хүмүүнлэг бусаар хандаж харьцах, нэр төрийг нь доромжлох, шийтгэх
Хуулиар эдгээр үйлдлийг хориглосон. Гэсэн хэдий ч Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) болон бусад төрийн бус байгууллагуудын (ТББ) мэдээлснээр ял эдэлж буй зарим хоригдол болон цагдан хоригдсон хүмүүсийг ялангуяа хэрэг хүлээлгэх үүднээс шаардлагагүй хүч хэрэглэх, хэрцгий, хүмүүнлэг бусаар хандаж харьцах, нэр төрийг нь доромжлох, шийтгэх болон эрүүдэн шүүх явдал гарч байна.
Эрүүдэн шүүсэн, хүчирхийлэл үйлдсэн гэх хэргүүдийг шалгах үүргийг прокурорын байгууллагаас орон нутгийн цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газарт (АТГ) үүрэг болгодог бөгөөд АТГ нь ерөнхийдөө төрийн өндөр албан тушаалтнуудтай холбогдох хэргүүдийг хариуцдаг. ХЭҮК-оос мэдээлснээр 9-р сарын 1-ний байдлаар эрүүдэн шүүсэн гэх 21 гомдол, түүний дотор цагдаагийн алба хаагчдын эсрэг 14, АТГ-ын ажилтнуудын эсрэг хоёр, хорих ангийн албан хаагчдын эсрэг хоёр гомдол ирсэн байна. Есдүгээр сарын 1-ний байдлаар АТГ эрүүдэн шүүхтэй холбоотой 37 хэрэгт мөрдөн шалгалт явуулснаас 23 нь нотлох баримт хангалтгүй шалтгаанаар прокурорын байгууллагад буцаагдсан, 12 нь мөрдөн шалгах шатанд хэвээр үлдсэн, нэг нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлүүлэхээр шилжсэн, мөн нэг нь АТГ-ын хэрэг хянан шалгах харьяалалд хамаарахгүй тул холбогдох төрийн байгууллагад шилжжээ.
АТГ-аас Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зоригийг 1998 онд хөнөөсөн хэрэгт холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын дарга асан, Ерөнхий прокурорын орлогч асан болон бусад долоон албан тушаалтныг 2017 онд уг хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн гэх хэргээр үргэлжлүүлэн шалгаж байна.
ХЭҮК, ТББ-ууд болон хүний эрхийн өмгөөлөгчдийн мэдээлснээр баривчлагдаж хоригдсон хүмүүсийг дарамтлах, айлган сүрдүүлэх зорилгоор эрх бүхий байгууллага, хүмүүс зарим үед хоригдогсдын гэр бүлийг заналхийлэх, хоригдогсдыг удаа дараа шилжүүлэх, эсвэл тэднийг орон байр, гэр бүлээс нь хол хорих ангид байрлуулах зэргээр хууль эрх зүйн зөвлөгөө авах, гэр бүлийнхэнтэйгээ уулзахад хэцүү төвөгтэй болгож байжээ. Хүний эрхийн ТББ-ууд, өмгөөлөгчид эрүүдэн шүүх, хүчирхийлэлтэй холбоотой нотлох баримт цуглуулахад хүндрэл бэрхшээлтэй байдгийг мэдээлсэн. Жишээлбэл, ихэнх хорих анги, цагдан хорих байранд хоригдогсдын байцаалтыг хянах камерууд байдаг ч хүчирхийлэл үйлдэгдэх үеэр тэдгээр тоног төхөөрөмж нь ажиллагаагүй болсон гэж эрх бүхий байгууллагууд ихэвчлэн тайлагнаж байжээ.
Эрүүгийн хуульд зааснаар төрийн бүх албан тушаалтан нь бусдыг бие махбодийн болон сэтгэл зүйн хувьд хүчирхийлэх зэргээр эрүү шүүлт тулгах, тарчилган зовоосон нь тогтоогдсон бол ял шийтгүүлдэг. Эрүү шүүлт тулгасан гэмт хэргийн ялын дээд хэмжээ нь таван жил хүртэл хугацаагаар хорих, хэрэв хохирогч эрүү шүүлтийн улмаас нас барсан бол бүх насаар нь хорих ял байдаг. Хэдийгээр албан тушаалтнууд санаатайгаар бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан тохиолдолд хариуцлага хүлээдэг боловч энэ гэмт хэргээр яллах нь ховор. Хориглосон үйлдлүүд нь албан үүргээ гүйцэтгэх явцад дээд тушаалын ажилтны өгсөн тушаалын дагуу үйлдэгдсэн бол гэмт хэрэгт тооцогдохгүй гэж уг хуульд заасан байдаг. Хууль бус тушаал өгсөн этгээд нь учруулсан гэм хохиролдоо эрүүгийн хариуцлага хүлээнэ гэж хуульд заасан боловч ийнхүү яллах нь мөн ховор байна. ХЭҮК, прокурор, шүүгчдийн үзэж буйгаар Эрүүгийн хууль нь хүчээр гэм буруутай гэх мэдүүлэг өгөхийг албадсан гэж буруутгагдаж буй мөрдөн байцаагч, прокурор зэрэг эрх бүхий албан тушаалтнуудад хариуцлагаас мултрах боломжийг олгож байна. Түүнчлэн ХЭҮК-ын мэдээлснээр сэтгэл санаагаар тарчилган зовоосон гэх гомдлуудыг зарим тохиолдолд нотлох баримт байхгүй, эсвэл гэмтлийн зэргийг тодорхойлох боломжгүй гэх шалтгаанаар эрх бүхий байгууллага, хүмүүс хэрэгсэхгүй болгожээ.
Үүнээс гадна эдгээр тохиолдлуудын гэрчүүд нь ихэнхдээ цагдан хоригдогсод, хоригдлууд өөрсдөө байдаг бөгөөд тэдний ар гэрийнхнийг нь заналхийлэх, ял шийтгэл эдлэх хугацааг нь уртасгахаар сүрдүүлэх зэргээр гэрчийн мэдүүлэг өгүүлэхгүйн тулд асар ихээр дарамталдаг.
Есдүгээр сарын 1-ний байдлаар АТГ-т цагдаагийн байгууллага, хорих ангийн албан хаагчдын үйлдсэн гэх хүчингийн гэмт хэргийн нэг гомдол ирсэн бөгөөд уг гомдлыг АТГ-ын мөрдөн шалгах харьяалал биш учраас холбогдох төрийн байгууллагад шилжүүлэхээр прокурорын байгууллагад буцаажээ.
Хорих анги ба урьдчилан хорих төвийн нөхцөл
Хорих анги, урьдчилан хорих төвүүдийн нөхцөл байдал хорих ангийн тогтолцоонд хийгдэх хөрөнгө оруулалт байдаггүйн улмаас ихэвчлэн хүнд хэцүү хэвээр байна. Тодруулбал, эрүүл мэндийн үйлчилгээ, эрүүл ахуй, ариун цэвэр, хоол хүнс хангалтгүй; дэд бүтэц муутай; аюулгүй байдал, хяналт дутмаг.
Биет нөхцөл байдал: Эрэгтэй хоригдлуудыг үйлдсэн гэмт хэргийн хүнд хөнгөнийг нь харгалзан тодорхой дэглэмд хамааруулж, зөвхөн тухайн дэглэмтэй хорих ангид ялыг нь эдлүүлдэг. Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн нэг л хорих анги байдаг бөгөөд уг анги нь дэглэм тус бүрээр байрлах болон нялх хүүхэдтэй хоригдлууд байрлах тусдаа байртай. Урьдчилан хорих төвд саатуулагдаж буй этгээдүүдийг ял шийтгүүлсэн хоригдлуудаас тусад нь өөр байгууламжид байрлуулдаг.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын (ШШГЕГ) харьяа 23 хорих анги, урьдчилан хорих 26 төвийн ачаалал ерөнхийдөө хэтрээгүй. Гэсэн хэдий ч ТББ- ууд, албаны хүмүүсийн мэдээлснээр хөдөө орон нутагт хуучин байранд үйл ажиллагаа явуулж буй урьдчилан хорих таван төвд эмнэлгийн тусламж үйлчилгээ, хувцас, ор дэрний хэрэгсэл, хоол хүнс, ундны усны хангамж дутмаг, халаалт, гэрэлтүүлэг, агааржуулалт, ариун цэврийн байгууламж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан орон байр хангалтгүй зэрэг асуудлууд байнга байна. Цагдаагийн байгууллагын харьяа зарим эрүүлжүүлэх төвүүдийн нөхцөл байдал ч тааруу байв.
ШШГЕГ-ын мэдээлснээр 9-р сарын 1-ний байдлаар хорих ангиудад долоон хүн, урьдчилсан хорих төвүүдэд гурван хүн нас баржээ. ШШГЕГ-аас мэдээлснээр мөн хугацаанд сүрьеэ өвчний халдварын 31 тохиолдол илэрсэн бөгөөд халдвартай хоригдлуудыг эмчлэх шинэ байгууламж барихад зориулж тус газраас санхүүжилт олгосон байна. ТББ-уудын үзэж буйгаар засан хүмүүжүүлэх газрын албан хаагчид эмчилгээгүй болсон өвчтөнүүдийг нас барахаас нь өмнөхөн сулладаг нь хорих ангиудад нас барж буй хүмүүсийн тоог зарим талаар илт дарагдуулдаг гэжээ.
Хоёрдугаар сарын 23-нд Улсын дээд шүүхийн шүүгч асан Ч. Бямбаа мөнгөний уурхайтай холбоотой хээл хахуулийн хэрэгт сэжиглэгдэн 48 цагийн турш цагдан хоригдож байхдаа 461-р урьдчилан хорих төвд нас барсан. ШШГЕГ түүний үхлийг амиа хорлосон гэж мэдэгдсэн. Ч. Бямбаа агсныг цагдан хорьж байхад хяналт тавьж байсан ажилтнуудад мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.
Захиргаа: Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ) хорих анги, урьдчилан хорих төвүүдийн нөхцөл байдалд хяналт тавьдаг. УЕПГ болон ХЭҮК нь хорих анги, урьдчилсан хорих төв, цагдаагийн харьяа саатуулах байруудад хуваарьт, гэнэтийн болон санал гомдлын дагуу удаа дараа хяналт шалгалт хийсэн.
Бие даасан мониторинг: Эрх бүхий байгууллагаас хараат бус төрийн бус байгууллагуудын ажиглагчид болон ХЭҮК-ийг мониторинг хийх боломж олгосон ч ажиглагчдын очиж үзэх боломжтой газруудад нэвтрэхийг заримдаа хязгаарладаг.
Сайжралт: ХЭҮК-ын даргын хэлснээр барилга байгууламжид засвар шинэчлэлт хийсний үр дүнд тус улсын 23 хорих анги, урьдчилан хорих 26 төвийн нөхцөл байдал ерөнхийдөө сайжирсан байна.
г. Дур мэдэн баривчлах, саатуулах
Хуульд заасан тодорхой журмаас гадуур дур мэдэн хэнийг ч баривчлах, саатуулах, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглох ба баривчлах, саатуулах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан эсэхийг шүүхээр шийдүүлэх эрхтэй гэж хуульд заасан. Төрийн ихэнх байгууллагууд дээрх шаардлагуудыг ерөнхийдөө дагаж мөрдсөн. Тагнуулын ерөнхий газар (ТЕГ) зарим үед сэжигтнээс мэдүүлэг авахаар эрх мэдлээ хэтрүүлэн саатуулсан тохиолдол гарсан боловч Эрүүгийн хуульд прокурор саатуулах бүх ажиллагаанд хяналт тавина гэж заасан байна.
Баривчлах ажиллагаа, цагдан хоригдогсодтой харьцах
Сэжигтнийг эрүүгийн хэргийн үндэслэлээр баривчлахын тулд нотлох баримтад суурилсан, прокурорын гарын үсэг бүхий тогтоол байх ёстой. Баривчилснаас хойш 24 цагийн дотор прокурор сэжигтнийг баривчлах үндэслэл, шалтгааныг дурдсан тогтоол үйлдэж шүүгчид танилцуулах ёстой бөгөөд шүүгч 48 цагийн дотор цагдан хорих хугацааг сунгах, эсвэл сэжигтнийг суллах эсэхийг шийдэх ёстой. Баривчлах ажиллагаа явуулсан эрх бүхий албан тушаалтан нь сэжигтнийг баривчлагдсанаас хойш зургаан цагийн дотор ар гэрийнхэнд нь мэдэгдэх ёстой. Хуульд заасан дээрхэд үл хамаарах “хойшлуулшгүй нөхцөл байдал”-д цагдаа сэжигтнийг шууд баривчлахыг зөвшөөрдөг. Ийм үл хамаарах нөхцөл байдлын жишээнд хүн амины хэрэг, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулах, сэжигтэн оргон зугтахыг завдсан, нотлох баримтыг устгах магадлал үүсэх зэрэг нөхцөлүүд орно. Ийм тохиолдолд прокурор баривчлах тогтоолыг 24 цагийн дотор баталж, шүүгч баривчлах захирамжийг 48 цагийн дотор батлах ёстой. Баривчлагдсанаас хойш 72 цаг өнгөрч, шүүгч шийдвэр гаргаагүй бол цагдаа сэжигтнийг суллах ёстой. Суллагдах үед эрх бүхий албан тушаалтан сэжигтэнд баривчлан, цагдан хорьсон шалтгаанаа мэдэгдэх ёстой.
ХЭҮК нь 9-р сарын 1-ний байдлаар хууль бусаар баривчилсан, дур мэдэн албадан саатуулсан, хугацаа хэтрүүлэн хорьсон гэх долоон гомдлыг хүлээн авчээ. Тэдний мэдээлснээр мөрдөн байцаалт явуулах эрх бүхий газраас сэжигтнүүдийг мөрдөн байцаахдаа заримдаа шүүгчийн захирамжгүйгээр, зарим тохиолдолд нууцаар саатуулсан төдийгүй цагдаа сэжигтэнд таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа батлан даалтад өгөх, оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах, цэргийн албан хаагчийг цэргийн ангийн удирдлагад харгалзан хянуулах зэрэг өөр бусад боломжууд байсаар атал юун түрүүнд баривчлан саатуулахыг урьтал болгодог байна. Хувийн батлан даалтаар ар гэр, хамаатан садан нь сэжигтнээр тооцогдож буй хүнээ батлан дааж авч болдог. Уламжлалт батлан даалтаас ялгаатай нь, хүнээ суллаж явуулсны хариуд барьцаа тавихыг шаарддаггүй. Энэ аргыг бүх төрлийн гэмт хэрэгт хэрэглэж болдог бөгөөд ихэвчлэн хүнд биш гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдэд хэрэглэдэг.
Хэдийгээр дээр дурдсан зөрчлүүд байсан ч цагдан хоригдсон хүмүүст ерөнхийдөө холбогдсон зүйл ангийнх нь талаар болон өмгөөлөгч авах эрхийнх нь талаар даруй мэдэгдэж байв. Сэжигтнийг шүүгчийн захирамжаар урьдчилан саатуулж байцаах нийт хугацаа 18 сар байдаг. Цагдан хоригдогсод ерөнхийдөө гэр бүлийнхэнтэйгээ шуурхай холбоо барих боломжтой байсан ч сэжигтнүүдийг байн байн шилжүүлэх, алс хөдөө орон нутагт буй урьдчилан хорих төвүүдэд саатуулах байдлаар дээрх эрхийг зөрчиж байна.
Цагдан хоригдсон этгээд урьдчилан хоригдох үедээ, ял шийтгэл ногдуулсны дараах үе зэрэг шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд өмгөөлөгч авах эрхтэй. Шүүгдэгч өөрийгөө хамгаалах чадваргүй бие махбодийн эсвэл сэтгэцийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, монгол хэлээр ойлголцдоггүй, эсвэл одоогийн өмгөөлөгч болон бусад яллагдагчтай ашиг сонирхлын зөрчилтэй бол шүүхээс уг этгээдэд өмгөөлөгч томилж өгөх ёстой. Төрөөс төлбөрийн чадваргүй яллагдагчид өмгөөлөгч гаргаж өгөхийг заавал шаарддаггүй. Цагдан хоригдогсод өмгөөлөгч авах эрхээ ерөнхийдөө мэддэг ч буруу ташаа ойлголтын улмаас уг эрхээ тэр бүр эдэлж чаддаггүй. Тухайлбал, албадан саатуулагдсан этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэнгүүт өмгөөлөгч авах эрхтэй гэдгээ тэр болгон мэддэггүйн улмаас шүүхийн шатанд хэрэг хэлэлцэх хүртэл эрхээ эдэлдэггүй.
д. Нээлттэй, шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдөх
Үндсэн хууль болон холбогдох хуулиар шүүх эрх мэдэл хараат бус байна гэж заасан боловч шүүхийн авлига, гуравдагч этгээдийн нөлөөлөл хэвээр байна гэж ТББ-ууд, хувийн хэвшлийнхэн мэдээлж байна. Хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаанд гэм буруутайг нотлох баттай баримт тогтоогдохгүй байсаар байтал шүүх прокуроруудын эсэргүүцлийг сөрөн, ялыг цагаатгах, эсвэл хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргах нь ховор байна. Хэрэгсэхгүй болговол зохих эрүүгийн хэргүүдийг шүүхээс прокурорын нэмэлт мөрдөн байцаалтад удаа дараа буцаадаг. Үүний уршгаар эрүүгийн зарим ноцтой хэргүүд шийдвэрлэгдэхгүй прокурор, шүүхийн хооронд явсаар хэдэн жилээр сунжирдаг.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа
Хуульд зааснаар хүн бүр шударга, нээлттэй шүүхээр хуульд заасан хугацаанд хэргээ шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд шүүх энэ эрхийг ерөнхийд нь хэрэгжүүлсэн. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Авлигын эсрэг хууль зэрэг хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлтийг 3-р сарын 27-ны өдөр УИХ-аар баталсан нь шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг сулруулсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаас бүрдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд дараах эрх мэдлийг олгосон: (1) Шүүхийн ерөнхий зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн ерөнхий шүүгчдийг түдгэлзүүлэх санал гаргах; (2) ерөнхий прокурор, ерөнхий прокурорын орлогчийг чөлөөлөх, ажлаас халах санал гаргах; (3) УИХ-аар хэлэлцүүлэн АТГ-ын дарга, дэд даргыг албан тушаалаас нь чөлөөлөх санал гаргах. Нэмэлт, өөрчлөлтийг хууль тогтоомжид зааснаар эхлээд нийтийн сонсгол, олон нийтийн хэлэлцүүлэгт оруулахгүйгээр баталсан шалтгаанаа УИХ үндэсний аюулгүй байдлын асуудал хэмээн тайлбарласан. Гуравдугаар сарын 28-нд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг түдгэлзүүлж, ерөнхий прокурор, ерөнхий прокурорын орлогч нарыг ажлаас нь чөлөөлжээ. Тавдугаар сард АТГ-ын дарга, дэд даргыг огцруулж, 6-р сард ахин 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлэв.
Шүүгдэгч гэм буруутайг нь шүүхээр тогтоох хүртэл гэм буруугүйд тооцогдох бөгөөд ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, шударга, нээлттэй шүүхээр хуульд заасан хугацаанд шүүлгэх эрхтэй. Шүүгдэгч гэм буруутай нь тогтоогдож, шүүгдэгчээс төлбөрийг гаргуулахаар шүүх шийдээгүй л бол, дохионы хэлний хэлмэрч гаргаж өгөх зэргээр хэлмэрчлэх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ. Шүүгдэгч анхан шатны шүүхээр хэрэг нь хянан шийдвэрлэгдэх хуралд биечлэн оролцох (гэвч энэ нь давж заалдах шүүхэд хамаарахгүй); өөрийн сонгосон (эсвэл улсаас гаргаж өгсөн) өмгөөлөгчтэйгөө харьцах; өмгөөллөө хүлээн авах, бэлдэх хангалттай хугацаатай байх; гэрчтэй нүүрэлдэх; өөрийн гэрчийг дуудаж оролцуулах, нотлох баримт гаргаж өгөх; хүчээр мэдүүлэг өгөхгүй байх, гэм буруу хүлээхээр албадуулахгүй байх, давж заалдах зэрэг эрхтэй. ТББ-ууд, ажиглагчдын мэдээлснээр зарим тохиолдолд эрх бүхий байгууллагууд эдгээр эрхийг хэрэгжүүлээгүй бөгөөд шүүгч, прокурор болон шинжээч гэрчүүдэд авлига өгөх замаар үндэслэлгүй ял өгөх, хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн ялын хэмжээг бууруулах тохиолдлууд гарчээ.
Процедурын явцад алдаа гарах, хуулийн уялдаа холбоо муу байгаа нь шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ихэвчлэн нөлөөлдөг. Улсаас гаргаж өгдөг өмгөөлөгчдийн тоо хангалттай хэдий ч эдгээр өмгөөлөгчийн үйлчилгээний чанар, мэргэжлийн ур чадвар жигд бус байдаг тул олон шүүгдэгч хууль зүйн туслалцаа авах эрхээ хангалттай эдэлж чадахгүй байв. Шүүгчид хэрэг хянан шийдвэрлэхдээ хангалттай нотлох баримт гэхээсээ хэргээ хүлээсэн эсэхэд гол төлөв тулгуурладаг. Үүнээс гадна төрийн алба хаагч, эрх мэдэлтнүүд, цагдаа, хууль сахиулах албаныхан гэрчийг сүрдүүлдэг, шүүх хуралд олон нийтийн оролцоо хязгаарлагдмал (ихэвчлэн байр савны багтаамж хүрэлцэхгүй гэх шалтгаанаар), шүүхийн шийдвэр гаргах үйл явц ил тод бус, улмаар шинэ Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрхэн үйлчлэх талаарх мэдлэг ойлголт дутмаг байгаад ТББ-ууд шүүмжлэлтэй хандаж байна.
Улс төрийн хоригдол ба цагдан хоригдогч
Улс төрийн хэргээр хоригдсон хоригдол, цагдан хоригдогч албан ёсоор бүртгэгдээгүй.
Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа ба хохирол барагдуулах байдал
Хүний эрх зөрчсөн хэрэг маргааныг захиргааны болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх арга замаар барагдуулдаг. Засгийн газраас хүний эрхтэй холбоотой шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байх тохиолдол заримдаа гардаг.
Нөхөн төлбөр
ТББ-уудын мэдээлснээр хувийн болон төрийн өмчит уул уурхайн компаниуд уламжлалт бэлчээрийн газар нутгийг ашиглахад саад болж буйг малчид мэдэгдэж байжээ. Зарим малчид бэлчээр нутаг нь зарагдсаны дараа тэднийг хүчээр нүүлгэх, уул уурхайн компаниуд худаг ус ашиглахыг нь хүртэл хорьж байсныг хэлжээ. Нэг тохиолдолд засгийн газар уул уурхайн компанийн хууль бусаар эзэмшиж байсан газрыг төрийн мэдэлд буцаан авж, нутгийн малчдад ашиглах боломжийг олгосон байна.
е. Хувийн болон гэр бүлийн амьдрал, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааны нууцад хөндлөнгөөс дур мэдэн оролцох
Хуулиар эдгээр үйлдлийг хориглодог бөгөөд төр засгийн зүгээс эдгээр хориог зөрчсөн гэх мэдээ гараагүй.
2 дугаар хэсэг. Иргэний эрх чөлөөг хүндэтгэх:
a. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх
Хуульд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй байхаар заасан. Төр засгийн зүгээс энэ эрхийг ерөнхийдөө хүндэтгэсэн боловч агуулгын хязгаарлалт тавих, тусгай зөвшөөрөл олгох тал дээр зарим асуудал үүссэний зэрэгцээ сэтгүүлчдийг дарамталсан хэргүүд гарсан.
Хэвлэл, мэдээлэл болон цахим мэдээллийн эрх чөлөө: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудлаар дагнан ажилладаг дотоодын ТББ болох Глоб интернэшнлийн мэдээлснээр цагдаа, улс төрчид, томоохон бизнесийн байгууллагуудын зүгээс орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дарамталсаар байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсийн эзэмшил, улс төрийн харьяалал олон нийтэд ил тод биш бөгөөд Глоб интернэшнл байгууллагаас 2018-2019 онд явуулсан судалгаагаар 10 сэтгүүлчийн долоо нь ажиллах хугацаандаа дор хаяж нэг удаа төрийн албан хаагчид хуулиар олон нийтэд нээлттэй байх ёстой асуудлаар мэдээлэл авах хүсэлтэд нь хариу өгөөгүй гэж мэдээлжээ.
Хүчирхийлэл, дарамт шахалт: Зарим сэтгүүлчид цагдаагийн албан хаагчдын хүчирхийлэл, дарамт шахалт, сүрдүүлгэд өртсөн гэж мэдээлжээ. Жишээлбэл, Глоб интернэшнл ТТБ-ын хийсэн нэг судалгаагаар сэтгүүлчдийн 67 хувь нь ажиллах хугацаандаа дор хаяж нэг удаа мэдээлэх, сурвалжлахтай холбоотойгоор ямар нэг хэлбэрийн аюул заналхийлэл, сүрдүүлгэд өртөж байсан гэжээ.
Цензур, нэвтрүүлгийн агуулгыг хязгаарлах: Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ноос гаргаж буй журам зохицуулалтуудаар дижитал болон телевиз, радиогийн нэвтрүүлгийн агуулгад, тухайлбал илт хүчирхийллийг хориглох зэргээр ерөнхий нөхцөлөөр хориг хязгаарлалт тавьдаг. Телевиз, радио сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл өгөх чиг үүрэг бүхий ХХЗХ-ны гишүүдийг олон нийттэй зөвшилцөхгүйгээр засгийн газраас томилдог. Энэ томилгоо, дээрээс нь тусгай зөвшөөрөл олгох, тендер сонгон шалгаруулах үйл явц ил тод бус байдгаас радио давтамжийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг шударгаар үзүүлэх боломжийг хязгаарлаж, улс төрд танил талтай хүмүүст давуу тал олгож байна. Энэ байдал нь сэтгүүлчид өөртөө цензур тогтооход хүргэж байна.
Нэр төр гутаах/Гүтгэх хэргийн эсрэг хууль: Хуулиар хүний нэр төрд халдан гутаан доромжлох, гүтгэхийг сонгуулийн сурталчилгааны хугацаанд (ихэвчлэн 18 хоног байдаг) эрүүгийн гэмт хэрэгт тооцох ба бусад тохиолдолд зөрчил гэж үздэг. Зөрчил гэж тооцогдох тохиолдолд оногдуулах шийтгэл нь хоёр саяас 20 сая төгрөгийн ($730-$7,300) хооронд торгох шийтгэл байдаг. Харин эрүүгийн гэмт хэрэгт тооцох бол торгууль нь 450,000-аас 5.4 сая төгрөгийн ($164- $1,970) хооронд, эсвэл нэг сараас нэг жил хүртэл хорих ял шийтгэнэ. Хэрэв хэвлэл мэдээллийн байгууллага нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд нэр төр гутааж, гүтгэсэн гэдэг нь тогтоогдвол тухайн байгууллагын тусгай зөвшөөрлийг зургаан сараар түдгэлзүүлнэ.
Хуулиар тухайн хувь хүнтэй холбоотой ноцтой баримт, мэдээллийг нуун дарагдуулах зорилгоор хүч хэрэглэхээр сүрдүүлсэн, хээл хахууль өгөхийг завдсан, өөр бусад аргаар айлган сүрдүүлсэн бол хэвлэл мэдээллийн байгууллага гомдол гаргах эрхтэй гэж заасан. Ийм тохиолдолд тухайн хэвлэл мэдээллийн байгууллага нь сүрдүүлсэн этгээдийн эсрэг эрүүгийн, эсвэл иргэний гомдол мэдүүлж болно. Гэм буруутай нь тогтоогдвол, тухайн этгээдийг 450,000-аас 2.7 сая төгрөгөөр ($164-$985) торгох, нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нэгээс зургаан сар хүртэл хорих ял шийтгэнэ.
Нийгмийн сүлжээнд олон дагагчтай боловч ямар нэгэн хэвлэл мэдээллийн байгууллагад харьяалагддаггүй хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, хувь хүмүүсийн талаар төрийн албан тушаалтан, хувь хүн, байгууллагууд нэр төрийг нь гутааж, гүтгэсэн гэх гомдлыг гаргажээ. Глоб интернэшнлийн зүгээс зарим төрийн байгууллага, эрх бүхий хүмүүс нэр төрд нь халдаж, гүтгэсэн гэх бүх хэргийг эрүүгийн хэрэг болгох оролдлого гаргаж байгаад санаа зорвниж буйгаа илэрхийлжээ. Долдугаар сард Ерөнхийлөгчийн тамгын газар хүний эрхийн төлөө тэмцэгч нэгэн эмэгтэйг нийгмийн сүлжээнд тавьсан мэдээлэлтэй нь холбогдуулан нэр төр гутааж, гүтгэсэн хэргээр шүүхэд өгчээ. Глоб интернэшнлийн мэдээлснээр төрийн байгууллагын албан тушаалтнуудын зүгээс сэтгүүлчид болон нийгмийн сүлжээнд идэвхтэй иргэдийг хувь хүний нэр төрд халдаж, гүтгэсэн гэх гомдлоор шүүхэд хэрэг үүсгэх явдал улам бүр ихэсч байна гэжээ.
Интернетийн эрх чөлөө
Хуульд зааснаар хувь хүмүүс болон бүлэг, хамт олон интернетээр үзэл бодлоо тайван илэрхийлж болно. Төрийн эрх бүхий байгууллагаас хаагдсан вэбсайтуудын жагсаалтыг гаргаж, холбогдох хууль тогтоомж зөрчсөн сайтуудыг уг жагсаалтад нэмж бүртгэсний дотор оюуны өмчтэй холбоотой зөрчил гаргасан сайтуудыг ч оруулсан. Есдүгээр сарын эцэс гэхэд хууль зөрчсөн гэх үндэслэлээр 44 сайтыг хаагаад байна.
ХХЗХ-ноос баталсан журамд ямар агуулга буюу контентыг зохисгүй гэж үзэж хориглох талаар нарийвчлан тодорхойлохгүйгээр зохисгүй контент дээр хязгаарлалтыг өргөн хүрээнд тавьж байна. Уг журамд заасны дагуу ачаалал ихтэй вэбсайтуудыг шүүлтүүрийн програм хангамж ашиглахыг шаардаж байгаа нь сэтгэгдэл үлдээсэн, мэдээллийг хуваалцсан хүмүүсийн интернет протокол хаягийг нийтэд дэлгэж байна.
Есдүгээр сард цагдаагийн байгууллага төрийн байгууллагаас хүлээн авсан гомдлын дагуу нийгмийн сүлжээнд идэвхтэй нэр бүхий хоёр хэрэглэгчийг мөрдөн шалгасан бөгөөд энэ нь тэдний ОХУ-ын Ерөнхийлөгч Путины Монгол Улсад хийх албан ёсны айлчлалаас өмнө нийгмийн сүлжээнд тавьсан нийтлэлтэй холбоотой гэжээ. Уг хоёр хэрэглэгч өөрсдийг нь төрийн байгууллага айлган сүрдүүлж, заналхийлсэн гэж мэдээлсэн боловч нийгмийн сүлжээн дэх тэдний аккаунт идэвхтэй хэвээр байна.
Боловсролын эрх чөлөө ба соёлын арга хэмжээ
Боловсролын эрх чөлөө ба соёлын арга хэмжээнд төрөөс хязгаарлалт хийдэггүй.
б. Тайван замаар жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөө
Хуульд тайван замаар жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөтэй байхаар заасан бөгөөд төр эдгээр эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг.
в. Шашны эрх чөлөө
Холбогдох мэдээллийг АНУ-ын Төрийн Департаментын Олон улсын шашны эрх чөлөөний тухай илтгэлээс https://www.state.gov/religiousfreedomreport/ хаягаар орж үзнэ үү.
г. Шилжин суурьших эрх чөлөө
Хуульд иргэд улсынхаа нутаг дэвсгэр дээр чөлөөтэй зорчих, гадаад улсад явах, цагаачлах, эх орондоо буцаж ирэх эрхтэй байхаар заасан бөгөөд төр эдгээр эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг.
Дотоодын шилжилт хөдөлгөөн: Арваннэгдүгээр сард Улаанбаатар хот руу шилжин ирэх хөдөлгөөнийг түр зогсоосон захирамжийг цуцлав. Энэ захирамж нь агаарын болон орчныг бохирдлыг бууруулж, замын түгжрэлийг арилгах зорилготой байсан. Захирамжийн хүчинтэй хугацаанд Улаанбаатарт ирж эмнэлэгт үзүүлэх, эсвэл 6 сараас дээш хугацаагаар ажиллах хүмүүс дээрх хязгаарлалтанд хамрагддагүй байсан.
Гадаадад зорчих: Эрүүгийн хуульд шүүх УЕПГ-ын хүсэлтээр гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаанд оролцсон этгээдийг оргон зугтахаас сэргийлж хилээр гарахад нь хориг тавих эрхтэй гэж заасан. Уг хуулийн дагуу тухайн этгээдэд хориг тавьсан тухай мэдэгдлийг цаг тухайд нь хүргэх ёстой. Хилийн хориг тавигдсан иргэдийг хориг тавихад хүргэсэн хэрэг маргааныг захиргааны журмаар, эсвэл шүүхээр шийдвэрлэхээс нааш гадаадад зорчихыг зөвшөөрдөггүй бөгөөд уг хориг хэдэн жилээр ч үргэлжилж болно. Мэдээнд дурдсанаар 2018 оны байдлаар Монгол Улсад 500 хүнийг, түүн дотор хэд хэдэн гадаадын иргэнийг хилээр гарахыг хориглосон бөгөөд энэхүү тайлангийн жилд ч уг хориг хүчинтэй хэвээр байна.
д. Дотооддоо шилжин суурьшихыг хориглох
Хамаарахгүй.
е. Дүрвэгсдийг хамгаалах
Засгийн газар НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар болон бусад хүмүүнлэгийн байгууллагатай хамтран дүрвэгсэд, орогнол хүсэгчид болон бусад шаардлагатай хүмүүсийг хамгаалалтад авах, тусламж үзүүлэхэд хамтран ажиллав.
Орогнол олгох: Хуулиар орогнол олгохыг зөвшөөрдөг бөгөөд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэх хугацаанд Засгийн газар Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэдэд хязгаарлагдмал хүрээнд хамгаалалт үзүүлсэн. Хуулиар тус улсаас албадан гаргах үндэслэлийг тодорхой заасан бөгөөд уг шаардлагыг хангаагүй орогнол хүсэгчдийг албадан гаргах эрх мэдлийг Гадаадын иргэн, харьяатын газар (тус улсын цагаачлалын алба) хэрэгжүүлдэг.
Хөдөлмөр эрхлэлт: Хуулиар дүрвэгсэд болон орогнол хүсэгчдэд тухайлсан эрх зүйн статус олгодоггүй, тэднийг хууль бус цагаач гэж үздэг тул хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгодоггүй.
Үндсэн үйлчилгээ авах эрх: Хуулиар дүрвэгсдийн статус олгодоггүй тул, орогнол хүсэгчдэд ерөнхийдөө төрөөс үзүүлдэг эрүүл мэнд, боловсрол зэрэг суурь үйлчилгээг авах боломжгүй. Дүрвэгсэд, орогнол хүсэгчид нь НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын дэмжлэгтэйгээр хувийн эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой.
ё. Харьяалалгүй хүмүүс Хамаарахгүй.
Гуравдугаар хэсэг. Улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх
Хуулиар иргэд засгийн газраа сонгох ээлжит чөлөөт, шударга сонгуульд бүх нийтийн, тэгш эрхийн үндсэн дээр нууц санал хураалтаар оролцох эрхээ эдэлдэг.
Сонгууль ба улс төрийн оролцоо
Хамгийн сүүлд болж өнгөрсөн сонгууль: Улс орон даяар болж өнгөрсөн хамгийн сүүлийн сонгуулиуд нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2016 оны УИХ-ын сонгууль юм. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны 2017 оны тайланд Ерөнхийлөгчийн сонгуулийг эмх замбараатай бөгөөд үр дүнтэй болж өнгөрсөн гэж дүгнэжээ. Гэсэн хэдий ч, сонгуулийн үеэр сонгогчдын саналыг худалдаж авсан, нэр дэвшигчид авлигад гар бие оролцсон гэх мэдэгдлүүд гарч байсныг ажиглагчид онцолсон. Түүхэнд анх удаа 2017 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт нь хууль эрх зүйн хувьд тодорхойгүй нөхцөл байдалд болж өнгөрсөн нь сонгуулийн хуульд нэмэлт санал хураалттай холбоотой зүйл заалтууд цөөн байсантай холбоотой гэж ЕАБХАБ онцлон тэмдэглэжээ. Сонгуулийн ерөнхий хорооноос тодорхойгүй байдлыг зохицуулах журам зааврыг цаг тухайд нь гаргаж байсан боловч улс төрийн намууд сонгуулийн эхний болон хоёр дахь санал хураалтын хооронд эрх барих, сонгуулийн сурталчилгаа хийх хоёрын хоорондын зааг ялгааг бүрхэгдүүлсэн гэсэн ойлголт олон нийтийн дунд өргөн тархсан байв.
Эмэгтэйчүүд болон цөөнхийн оролцоо: Улс төрийн үйл явцад эмэгтэйчүүд, цөөнхийн төлөөлөл оролцох оролцоог хязгаарласан хууль тогтоомж байхгүй бөгөөд эдгээр хүмүүс улс төрийн үйл ажиллагаанд оролцсон. Сонгуулийн тухай хуульд зааснаар улс төрийн нам, эвслээс орон нутгийн болон үндэсний хэмжээний улс төрийн албанд томилогдох нэр дэвшигчдийн дор хаяж 20 хувь нь эмэгтэйчүүд байх ёстой. Улс төрийн намууд ерөнхийдөө энэ шаардлагыг биелүүлсэн. Жишээлбэл, 2016 оны УИХ-ын сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшүүлсэн 76 нэр дэвшигчийн 16 (22 хувь) нь эмэгтэйчүүд байв.
Дөрөвдүгээр хэсэг. Авлига ба төрийн үйл ажиллагаанд ил тод байдал дутагдах
Албан тушаалтан авлига авсан тохиолдолд эрүүгийн ял шийтгүүлэхээр хуульд заасан ч төр засгаас уг хуулийг тэр бүр үр дүнтэй хэрэгжүүлдэггүй, авлига бүх түвшинд бугшсаар байна. Авлигын шинжтэй үйл ажиллагаанд холбогдсон зарим албан тушаалтан ял шийтгэгдэхгүй өнгөрдөг. Засгийн газар 2016 онд баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зургаан жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг гурав дахь жилдээ хэрэгжүүлсэн. Эрүүгийн хуульд нийтийн алба хаагчид, төрийн эрх бүхий албан тушаалтнуудын авлига болон хээл хахуультай холбоотой хэргүүдэд хариуцлага хүлээлгэхээр заасан. Тухайлбал, тус хуулиар авлигын хэргээр шийтгүүлсэн этгээд цаашид нийтийн албанд ажиллахгүй гэж заажээ.
Гуравдугаар сарын 27-нд УИХ Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав (энэ тайлангийн 1.c. хэсгийг үзнэ үү).
Эрүүгийн хуульд төрийн албан тушаалтны хүсэлтээр хээл хахууль өгснөө эрх бүхий байгууллагад мэдээлсэн аливаа этгээдийг ял шийтгэлээс чөлөөлнө гэж заасан. Түүнчлэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр гэрээ хэлцэл байгуулахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, ойр тойрныхон болон гэр бүлийн гишүүддээ давуу тал олгосон үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор заажээ. Гэсэн хэдий ч хувийн хэвшлийнхний мэдээлснээр төрийн алба хаагчдын зүгээс өргөдөл шийдвэрлүүлэх, зөвшөөрөл авах, бүртгэл хийлгэхэд хахууль өгөхийг шаардсан тохиолдлууд гарсан байна.
УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хугацаанд ерөнхийдөө албадан саатуулагдах, гэр орон, албан тасалгаандаа үзлэг нэгжлэг хийлгэхгүй халдашгүй байх бүрэн эрхтэй боловч шүүхийн шийдвэрээр халдашгүй байх энэ эрхийг цуцалж болзошгүй байгаа ба эрүүгийн гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаанаас уг бүрэн эрх хамгаалахгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэн газар нотлох баримттайгаа баригдсан УИХ-ын гишүүнд халдашгүй бүрэн эрх нь үйлчлэхгүй.
Авлигыг өөгшүүлж буй хүчин зүйлс нь ашиг сонирхлын зөрчил, ил тод байдал муу, мэдээлэл авах боломж хомс, төрийн үйлчилгээний тогтолцоо хангалтгүй, гол чухал институцүүдэд тавих төрийн хяналт сул байх зэрэг явдал байна. Засгийн газар ил тод байдлыг сайжруулах чиглэлээр олон арга хэмжээ авч байгаагийн дотор төрийн ихэнх худалдан авалт, гэрээлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр хэрэгжүүлжээ.
АТГ нь авлигын хэргийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий бие даасан агентлаг бөгөөд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар АТГ-аас мөрдөн шалгаж буй хэргүүд дээр дэмжлэг үзүүлж ажилладаг. АТГ нь цэргийн албан хаагчид болон цагдаагийн алба хаагчдын авлига, албан үүргээ гүйцэтгэж байхдаа холбогдсон гэмт хэргийг мөрдөн шалгах үүрэг хүлээдэг. Хэдийгээр АТГ-ын улс төрийн хараат бус байдлын тухайд асуудал гардаг ч олон нийт тус байгууллагыг үр дүнтэй ажилладаг хэмээн үздэг. АТГ нь авлигын хэргүүдийг зүй ёсоор мөрдөн шалгахад удирдлага болгох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны стандартыг баримтлан ажилладаг бөгөөд Засгийн газрын худалдан авалтын журмыг зөрчсөн компаниудын хар жагсаалтыг гаргажээ. АТГ-аас 4,947 төрийн албан хаагчийг хамруулсан 64 сургалт зохион байгуулахын зэрэгцээ үйл ажиллагаагаа сурталчлан таниулах зорилгоор телевиз, нийгмийн сүлжээ болон хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх хэд хэдэн кампанит ажлыг зохион байгуулсан.
Авлига: Авлига төр засгийн бүх түвшинд өргөн хүрээг хамарсан хэвээр байна. Авлигатай тэмцэх хүчин чармайлтыг улс төржүүлж байгаа нь авлигатай үр дүнтэй тэмцэхэд саад тотгор учруулсаар байна. УИХ-ын дор хаяж 14 гишүүн (Засгийн газрын хоёр сайдыг оролцуулан), бусад өндөр түвшний албан тушаалтнууд засгийн газрын сангаас олон сая долларыг гэр бүл, найз нөхдөдөө хууль бусаар шилжүүлсэн гэх эрэн сурвалжлах сэтгүүлчдийн 2018 оны 11-р сард гаргасан мэдэгдлийн дараа уг дуулиант хэргийг мөрдөн шалгахын тулд УЕПГ-аас ирүүлсэн УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо 1-р сард хэлэлцээд хүлээн авахаас татгалзсан. Мөн сард УИХ 2016 оны авлигын дуулианд оролцсон гэх үндэслэлээр УИХ-ын даргыг чөлөөлсөн. Долдугаар сард эрчим хүчний сайд асан эрх мэдлээ урвуулан ашиглаж, худалдан авах ажиллагааны журам зөрчин ойролцоогоор 100,000 ам.долларын хахууль авсан хэргээр дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн.
Хөрөнгө орлогын мэдүүлэг: Нийтийн албанд томилогдогчид болон сонгогдсон албан тушаалтнууд, тэдгээрийн эхнэр нөхөр, эцэг эх, үр хүүхэд, цуг амьдардаг ах, эгч, дүү нараас хөрөнгө орлогын мэдүүлэг авахыг хуульчилсан. Уг хууль нь төрийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлж, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар төрийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх нөхцлийг баталгаажуулах зорилготой. Уг хуулиар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд хөрөнгө орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ гаргаж өгнө гэж заасан.
Нийтийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг тухайн албан тушаалд томилогдсон, эсвэл сонгогдсоноос хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байх хугацаандаа жил бүр шинэчлэн цахим хэлбэрээр АТГ-т гаргаж өгөх үүрэгтэй. Уг хуульд зааснаар дээрх мэдүүлэг нь олон нийт үзэхэд нээлттэй байх ба зөрчил гаргасан тохиолдолд захиргааны болон сахилгын шийтгэл оногдуулахаар заажээ. Зөрчил гаргасан албан хаагчид сануулга өгөх, цалинг нь бууруулах, эсвэл албан тушаалаас нь халах хүртэл арга хэмжээ авч болно. АТГ нь төрийн алба хаагчид, тэдгээрийн дотор цагдаагийн алба хаагч, цэргийн алба хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг хянах үүрэгтэй. АТГ-ын мэдээлснээр төрийн албан хаагчид шаардлагатай бичиг баримтаа цаг тухайд нь ирүүлэх шаардлагатай бөгөөд зөрчвөл торгууль ногдуулах, албан тушаалаас нь чөлөөлөх, эсвэл хоёуланг нь ногдуулна гэжээ. АТГ-аас улсын хэмжээнд ойролцоогоор 36,794 төрийн алба хаагчийн хөрөнгө оруулгын мэдүүлгийн хураангуйг олон нийтэд ил болгосон. АТГ-т хүлээж авсан ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол 20 хувиар өсчээ.
Улсын төсвийг захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтнууд нь яамд, агентлагийн албан ёсны цахим хуудаснаа төсвийн хөрөнгийг хэрхэн зарцуулснаа тайлагнаж, аудитын үр дүнг мэдээлэх ёстой. Нэг сая төгрөгөөс дээш дүнтэй ($365) бүх гүйлгээг тайлarнах үүрэгтэй. Төсөв, зээл болон бондтой холбоотой төлөвлөлт, тодотголыг хянан шалгуулахаар Сангийн яаманд бүртгүүлэх бөгөөд энэ нь тухайн албан тушаалтан ажил үүргээ хүлээлгэж өгсний дараа ч хамааралтай.
Тавдугаар хэсэг. Хүний эрхийн зөрчлийг шалгадаг олон улсын болон дотоодын төрийн бус байгууллагуудад хандах төрийн хандлага
Дотоодын болон олон улсын хүний эрхийн олон байгууллагууд ерөнхийдөө төр засгийн ямар нэг саад хязгаарлалтгүйгээр хүний эрхтэй холбоотой хэргүүдийг шалгах, үр дүнг нь мэдээлэх зэргээр үйл ажиллагаагаа явуулсан. Эрх мэдэл бүхий төрийн албан тушаалтнууд ихэнх тохиолдолд эдгээр байгууллагын үйл ажиллагаанд хамтарч, үзэл санааг нь дэмжин ажиллажээ.
Эмнести интернэшнл байгууллагад хүний эрхийн байгууллагуудыг ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, дарамтлах, цагдаагийн ажилтнуудын зүгээс айлган сүрдүүлж, гутаан доромжилсон тухай мэдээллүүд иржээ. Засгийн газрыг дэмжигчдийн зүгээс заримдаа тэдгээр ТББ-ыг “зохисгүй этгээдүүд”, “будлиан таригчид”, “гадаадын тагнуул”, эсвэл “төрийг эсэргүүцэгчид” гэх мэтээр тодорхойлдог ажээ.
Хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн байгууллагууд: ХЭҮК нь хүний эрхийн зөрчлийг хянах, бодлогод өөрчлөлт оруулахаар санал гаргах, хянах, хүний эрхийн ТББ-уудтай үйл ажиллагаагаа уялдуулах үүрэгтэй. ХЭҮК нь Ерөнхийлөгч, Улсын дээд шүүх, УИХ тус бүрээс зургаан жилийн хугацаатай томилогдох гурван гишүүнээс бүрдэх бөгөөд үйл ажиллагааг нь УИХ-аас санхүүжүүлнэ. Албаны хүмүүсийн мэдээлснээр төрөөс ХЭҮК-т хуваарилсан төсөв хангалтгүй хэвээр байгаа бөгөөд хяналт шалгалт явуулах, сургалт зохион байгуулах, олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх үйл ажиллагаа нь бүхэлдээ гадаад санхүүжилтийн эх үүсвэрээс хамааралтай. ХЭҮК-оос ЛГБТИ хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, үндэстний цөөнхийн эрх гэх мэт улс төрийн маргаантай хүний эрхийн асуудлуудыг байнга дэмжсээр иржээ.
Хүний эрхийн асуудлуудыг харилцан хэлэлцэх талаар төр засаг, иргэний нийгэм хоёул зарим талаар хамтран ажилласан. Гэсэн хэдий ч албан тушаалтнууд хууль тогтоомж боловсруулах, мөн нийгэм, хүний эрхийн асуудлуудаар албан ёсны тайлан илтгэл бэлдэх зэрэг ажилд ТББ-уудыг татан оролцуулах тал дээр төдийлөн нээлттэй бус байгааг ТББ-ууд болон олон улсын байгууллагуудын зүгээс онцлон тэмдэглэж байв.
Зургадугаар хэсэг. Ялгаварлан гадуурхалт, нийгмийн зүй бус харьцаа, хүний наймаа
Эмэгтэйчүүд
Хүчингийн хэрэг болон гэр бүлийн хүчирхийлэл: Эрүүгийн хуульд зааснаар хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх замаар хурьцал үйлдсэн бол нөхцөл байдлыг харгалзан нэгээс хорин жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл насаар нь хорих ял шийтгэхээр хуульчилсан. Эрүүгийн хуулиар эхнэр/нөхрөө хүчирхийлэх хэргийг гэмт хэрэгт тооцдог. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдог болсон бөгөөд хүчирхийлэл үйлдэгчдийг захиргааны болон эрүүгийн хуулийн аль алиных нь дагуу шийтгэж, эрүүгийн хэрэгт хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэдэг болсон. Төр засгаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн мэдээллийн нэгдсэн санг үндэсний хэмжээнд хөтөлж, хоёр дахь удаагаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд автоматаар эрүүгийн хуулиар хариуцлага тооцдог.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн (ХЭҮТ) мэдээлснээр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын гомдлыг хүлээн авах цагдаагийн байгууллагын хариу арга хэмжээ сайжирсан байна. Хуульд хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах зэргээр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах өөр бусад хувилбарт арга хэмжээнүүдийг зааж өгсөн байдаг.
Ахиц дэвшил гарч байгаа хэдий боловч гэр бүлийн хүчирхийлэл нь ноцтой бөгөөд өргөн хүрээтэй тархсан нийгмийн асуудал хэвээр байна. ХЭҮТ-ийн мэдээлснээр гуравдагч этгээдээс гэр бүлийн хүчирхийллийг цагдаад мэдээлэх явдал нэмэгдэж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлыг Хууль сахиулахын их сургуулийн магадлан итгэмжлэгдсэн сургалтын төлөвлөгөөнд болон цагдаагийн нийт алба хаагчдын ажил үүргийн хуваарьт тусгаж өгчээ.
ХЭҮТ нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаагаа өргөжүүлж, сонсголын бэрхшээлтэй гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн ажилтнуудыг сургаж бэлтгэжээ.
ХЭҮТ-ийн мэдээлснээр ТББ-ууд, орон нутгийн захиргаа, эмнэлгүүдийн ажиллуулдаг гэр бүлийн хүчирхийллийг даван туулагчдад зориулсан хамгаалах байр 14, нэг цэгийн үйлчилгээний төв 14 ажиллаж байна. Гол төлөв эмнэлгүүдийн байранд байрлах нэг цэгийн үйлчилгээний төвүүд хохирогчдыг 72 цаг хүртэл хугацаагаар байлгадаг. Хөдөө орон нутагт хамгаалах байрны тоо харьцангуй цөөн байгаа нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон, тусламж дэмжлэг шаардлагатай хүмүүсийн хувьд хүндрэл бэрхшээл болж байна.
Бэлгийн дарамт: Эрүүгийн хуульд бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцдоггүй. ТББ-уудын хэлснээр зүй бусаар биеэ авч явах гэж юуг хэлэх талаар мэдлэг, нэгдсэн ойлголт байхгүй учраас уг асуудлын зааг хязгаарыг тогтооход бэрхшээл үүсэж байна. Есдүгээр сарын 1-ний байдлаар ХЭҮК-т бэлгийн дарамт шахалттай холбоотой 43 гомдол иржээ. Гомдол хүлээн авсны дараа ХЭҮК нь шалгалт явуулж, улмаар ажил олгогч руу нь тухайн хэрэгт буруутгагдаж буй этгээдэд захиргааны шийтгэл ногдуулахыг санал болгосон захидал илгээж болдог.
Хүн амын өсөлтийг албадан хянах: Үр хөндөлт, үргүйдлийг албадсан тохиолдол гараагүй.
Ялгаварлан гадуурхах: Хуулиар эмэгтэй, эрэгтэй хүмүүс хууль эрх зүйн хувьд ижил статус, ижил эрхтэй байхын зэрэгцээ ижил хөдөлмөрт адил цалин хөлс авах, боловсрол эзэмшихэд ч тэгш эрхтэй байна гэж заасан. Эдгээр эрх нь ерөнхийдөө хангагддаг ч эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэх дээр ялгаварлан гадуурхалд өртдөг. Есдүгээр сарын 1-ний байдлаар ХЭҮК-д ялгаварлан гадуурхагдсан гэсэн долоон гомдол иржээ. Гэхдээ үүнд хүйс, арьс өнгө, шашин шүтлэг, бэлгийн чиг баримжаагаар нь ялгаварлан гадуурхах тохиолдлыг ангилж үздэггүй. Төрийн байгууллагын статистик мэдээллээр эхний хагас жилийн байдлаар цалингийн зөрүү 20 орчим хувьтай байна.
Хуульд төрийн байгууллага, улс төрийн намуудад эмэгтэйчүүдийг оролцуулах албан ёсны квот тогтоож өгсөн. Мөн хуулиар нас, хүйс, гадаад төрхөөр ялгаварлан гадуурхахыг хориглодог боловч төрийн байгууллагууд энэ заалтыг хэрэгжүүлээгүй гэж зарим ТББ-ууд тэмдэглэжээ. Хуульд төрийн албанд ажиллах улс төрийн албан тушаалд томилогдогсдоос эмэгтэйчүүдийн эзлэх хувь засгийн газар, аймаг, нийслэлд 15-аас доошгүй хувь, дүүрэгт 20 хувь, суманд 30 хувь байхаар тус тус заасан. Түүнчлэн улс төрийн намын удирдах албан тушаалтны 25 хувиас доошгүй хувийг эмэгтэйчүүд төлөөлөх ёстой гэж хуулинд заасан байдаг.
Засгийн газрын хэмжээнд өндөр албан тушаалд ажиллах эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй байна. Засгийн газрын 16 сайдаас нэг нь л эмэгтэй хүн байна.
Гэрлэлтээ цуцлуулсан эмэгтэйчүүд ихэнх тохиолдолд хүүхдээ асрамжиндаа авдаг бол, гэрлэлтээ цуцлуулсан нөхрүүд хүүхдийн тэтгэмж өгөхгүй байх явдал элбэг бөгөөд үүнийхээ төлөө торгууль төлдөггүй. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийн мэдээлснээр гэр бүлийн дундын хөрөнгө, бизнес голдуу өрхийн тэргүүний нэр дээр бүртгэлтэй байдаг тул гэр бүл салах үед өмчлөх эрх нь нөхөрт шууд хадгалагдаж үлдэх явдал байсаар байна.
Эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилтийг хянах төрийн агентлаг гэж тусдаа байхгүй ч Ерөнхий сайдын ахалснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Жендэрийн үндэсний хороо нь яамд, ТББ болон аймаг, орон нутгийн жендэрийн хорооны түвшинд эмэгтэйчүүдтэй холбоотой бодлогыг зохицуулж, тэдний эрх ашгийг хамгаалдаг. Эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд эрхмэдэлжүүлж, улс төр, нийгмийн амьдрал дахь эрх тэгш оролцоог хангахын тулд Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр (2017- 2021) болон холбогдох үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан байна.
Хүүхэд
Төрсний бүртгэл: Иргэний харьяаллыг эцэг эхийн харьяаллаар тогтоох ба төрөлтийг тэр даруйд нь бүртгэж, бүртгэлийн дугаарыг Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын хамтран боловсруулсан цахим системээр дамжуулан олгодог . Хүүхдийнхээ төрөлтийг бүртгүүлэхгүй бол төрийн үйлчилгээ авах боломжгүй болох эрсдэлтэй.
Хүүхэдтэй зүй бусаар харьцах: Эрүүгийн хуульд хүүхдээр гуйлга гуйлгах, хүүхдийг хаяж, төөрүүлэх, тэнүүчлэлд өртүүлэх, донтох байдалд татан оруулах, хүүхдийг эрүүгийн хэрэгт уруу татах, хүүхэд ашиглан садар самууныг сурталчлах, хүүхэд наймаалах, хүүхэдтэй хэрцгий харьцах зэрэг хүүхдийн эсрэг гэмт хэргүүдийг бүлэглэн хуульчилсан байна.
Хүүхэдтэй зүй бусаар харьцах, хүчирхийлэх явдал ноцтой асуудал байсан бөгөөд гол төлөв гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн зүй бус харьцааны хэлбэрээр илэрдэг. Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ) болон ХЭҮТ-ийн мэдээлснээр хуулинд иргэдийг эдгээр тохиолдлуудыг тэр дор нь холбогдох газар, агентлагуудад мэдэгдэх үүрэгтэй хэмээн заасан нь хүүхэдтэй зүй бус харьцсан, гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн зүй бус харьцааны талаарх мэдээлэл нэмэгдсэн гэжээ. Түүнчлэн ГБХЗХГ-аас хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар дуудлага авдаг хүүхдийн шууд утсыг тогтмол ажиллуулж, мөн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд зориулсан түр хамгаалах байр зэрэг хүүхдийн шуурхай тусламжийн төвийг үргэлжлүүлэн ажиллуулж байгаа ажээ. Үүнээс гадна ГБХЗХГ хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд нэмэлт хамагаалах байр ажиллуулах зорилгоор Улаанбаатар хотын нэгэн ТББ-д санхүүжилт өгсөн байна. ТББ-ын мэдээлснээр хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдийг урт хугацаагаар халамж асаргаанд байлгах орон байр хангалтгүй байна.
Хүүхдээ хараа хяналтгүй орхих явдал бас байна. Түүнчлэн үл тоомсорлох болон эцэг эхийн зүй бус харьцаанаас болж зарим хүүхдүүд өнчирч, гэр орноосоо дайжих явдал гарч байна. Эцэг эх нь зүй бус харьцсан хүүхдүүдийг түр хамгаалах байр луу явуулдаг гэж цагдаагийн ажилтнууд мэдэгдсэн ч олон хүүхдийг нөгөө л хүчирхийлэгч эцэг эхэд нь буцаасан тухай хөндлөнгийн ажиглагчид хэлж байна. ГБХЗХГ-ын мэдээлснээр улсын хэмжээнд 11-р сарын байдлаар 1,067 хүүхэд 31 асрамжийн газар амьдарч байв. Энэ тоонд хүчирхийлэлд өртсөн болон өнчин хүүхдүүдийн аль алиныг багтаасан, учир нь ГБХЗХГ уг мэдээллийг дотор нь ангилдаггүй. Байгаа орон байрны хэмжээнээс хол давсан олон хүүхэд удаан хугацаанд асрамжийн төвүүдэд байрлаж байна.
Аймаг бүрт болон Улаанбаатар хотын бүх дүүргүүд дэх цагдаагийн нэгжүүдэд насанд хүрээгүйчүүдийн эсрэг буюу тэдний үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах үүрэг бүхий мэргэшсэн цагдаагийн алба хаагч байдаг. Олон улсын ТББ болох Хүүхдийг ивээх сангаас орон нутгийн засаг захиргааны нэгжүүд дээр хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд туслах зорилгоор агентлаг хоорондын уулзалтыг зохион байгуулах хөтөлбөрийг улсын хэмжээнд жил бүр, зарим тохиолдолд бүр тогтмол хэрэгжүүлж иржээ. Цагдаагийн байгууллага хүүхдийн аюулгүй байдлыг сайжруулах, олон нийт-төрийн үйлчилгээг сурталчилсан төрөл бүрийн мэдээллийг радио телевиз болон бусад арилжааны сувгуудаар сурталчлах кампанит ажилд идэвхтэй оролцож байв.
Хүүхэд насандаа болон хүчээр гэр бүл болох: Хуульд заасан гэр бүл болох хамгийн доод нас 18 бөгөөд шүүхээр зөвшөөрөгдсөн тусгай нөхцөл байдалд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл авсны үндсэн дээр 16-18 нас байна гэж заажээ.
Хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашиглах: 18-аас доош насны хүүхдийг ашиг олох зорилгоор бэлгийн мөлжлөгт ашиглахыг хуулиар хориглосон хэдий ч ийм асуудал илэрсэн. ТББ-уудын мэдээлснээр өсвөр насны охидыг хулгайлж, хүч хэрэглэх буюу хууран мэхлэх замаар хүчээр биеийг нь үнэлүүлсэн тохиолдлууд гарчээ. Харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орох насны доод хязгаар 16 нас юм.
Насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэхгүй байх заалтыг зөрчсөн этгээд (16 хүрээгүй этгээдтэй хүч хэрэглэхгүй, хүч хэрэглэхээр заналхийлэхгүйгээр хурьцал үйлдсэн байхыг хэлнэ)-ийг таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Насанд хүрээгүй хүүхдийн биеийг үнэлүүлсэн, эсвэл бэлгийн мөлжлөгт ашигласан этгээдэд 20 хүртэлх жилээр, эсвэл хүндрүүлэх шалтгаантай гэж үзвэл бүх насаар нь шоронд хорих ял шийтгэл онооно. Эрүүгийн хуулиар хүүхдийг садар самуунд уруу татсан тохиолдолд оноох ялын дээд хэмжээ нь найман жилийн хорих ял байна. ХЭҮТ-ийн тайланд тус төв 11-р сарын 1-ний байдлаар хүүхдийн бэлгийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 16 гомдол хүлээн авснаас 10 хэргийг шүүхэд, тавыг нь ГБХЗХГ-д шилжүүлсэн бөгөөд нэг хэрэг хүлээгдэж байна.
Олон улсын хэмжээнд хүүхэд хулгайлах: Монгол Улс 1980 онд батлагдсан улс дамнан хулгайлагдсан хүүхдийг орон гэрт нь буцаах иргэний талуудын тухай Гаагийн конвенцод нэгдэн ороогүй. АНУ-ын Төрийн департаментаас жил тутам гаргадаг Эцэг, эхийн зүгээс хүүхдээ хулгайлах олон улсын гэмт хэргийн тухай тайланг дараах хаягаар орж үзнэ үү. https://travel.state.gov/content/travel/en/International-Parental-Child-Abduction/for- providers/legal-reports-and-data/reported-cases.html.
Анти семитизм
Еврей хүн амын тоо маш цөөн, анти семитик үйлдэл гарсан тухай мэдээлэл ирээгүй. Тус улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нео-нацист гэгдэх үндсэрхэг үзэлтэй бүлгэмийнхэн еврейчүүд бус, харин Азийн бусад орны иргэд рүү дайрах хандлагатай.
Хүний наймаа АНУ-ын Төрийн департаментын Хүний наймааны талаарх илтгэл– ийг https://www.state.gov/trafficking-in-persons-report/ хаягаар орж үзнэ үү.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхахыг хуулиар хориглодог ба хөгжлийн бэрхшээл гэдгийг бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согогоос болж нийгмийн амьдралд оролцох хязгаарлагдмал байдал гэж тодорхойлжээ. Хуулиар ингэж заасан ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилд авахаас татгалзах, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхах явдал нийтлэг байна.
Төр, засгийн газрын ихэнх барилга байгууламжууд тэргэнцэртэй хүн явах боломжгүй, Улаанбаатар хотын цөөхөн уулзварууд л харааны бэрхшээлтэй явган зорчигчдод туслах дуут гарцаар тоноглогдсон байна.
Боловсрол эзэмшихэд ялгаварлан гадуурхахыг хориглосон тодорхой заалт байдаггүй ч, хуулиар хөгжлийн бэрхшээлтэй оюутан сурагчдыг боловсрол эзэмших орчин нөхцөлөөр хангаж өгөхийг төрөөс шаарддаг. Хуульд зааснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд суралцах боломжтой хэдий ч бодит байдал дээр ийнхүү боловсрол эзэмшихэд ихээхэн саад бэрхшээл тулгарч байна. Ихэнх сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургах орчныг бүрдүүлэхүйц дэд бүтэц, сайтар бэлтгэгдсэн ажилтан, алба хаагчаар гачигдаж байна. Тавдугаар сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулах үүднээс сургуулиудад шаардагдах зохих сургалтын орчинг бий болгох тушаал гаргасан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дийлэнх нь зохих насандаа улсын сургуульд элсэн ордог боловч хүүхдүүд анги дэвших тусам сургууль завсардах нь нэмэгдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй оюутан сурагчдын тусгай сургуулиуд ихэвчлэн нийслэл Улаанбаатар хотод байдаг тул хөдөө орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургууль завсардах нь их байна.
Шинээр баригдах нийтийн барилга байгууламж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээг хангасан стандарттай байх хууль батлагдсан бөгөөд шинэ барилга байгууламжуудын стандарт чанарыг хянан шалгах улсын комисст хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл ажиллаж байгаа ч, ихэнх шинэ барилгууд уг хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй. Нөгөөтэйгүүр, нийтийн тээврийн хэрэгслүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжгүй хэвээр байна. Тусгайлан мэргэшсэн боловсон хүчин, шаардлагатай технологи дутмаг байдгаас түргэн тусламжийн үйлчилгээ харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүртээмжгүй байна. Цаашилбал, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах байрууд хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжгүй байна.
Бэлгийн чиг баримжаа ба хүйсийн баримжаа илэрхийлэлд суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт болон бусад зүй бус харьцаа
Эрүүгийн хуулиар хүнийг бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, эрхэлсэн ажил, шашин шүтлэг, боловсрол болон эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхахыг хориглосон. Энэ заалтыг зөрчсөн этгээдийг дээд тал нь таван жил хорих ялаар шийтгэнэ. Есдүгээр сарын байдлаар энэ хуулиар шалгагдаж байгаа нэг тохиолдол бүртгэгджээ.
Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээсээ болж ЛГБТИ хүмүүс олон нийтийн дунд ч, ар гэртээ ч хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтад өртдөг. Хөдөө орон нутагт ЛГБТИ хүмүүсийн талаарх олон нийтийн мэдлэг мэдээлэл хомс, цахим орчинд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах хүртээмж хязгаарлагдмал байдаг тул тэд нийслэл Улаанбаатар хотыг бодвол хөдөө орон нутагт ялгаварлан гадуурхалтанд өртөх нь элбэг, айдас түгшүүртэй байдаг тухай мэдээлжээ.
ЛГБТ Төв нь ЛГБТИ хүмүүс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаар мэдээлэл хүлээж авсан бөгөөд эдгээрийн ихэнх нь гэр бүлийнхэндээ өөрийгөө илчилсэн, эсвэл гэр бүлийнхэн нь ЛГБТИ болохыг нь мэдсэн гэх хүүхэд, залуус байжээ.
ТББ-ын тэмдэглэснээр, ЛГБТИ хүмүүсийн биеэр туулдаг хүчирхийлэл, тэдэнтэй зүй бус харьцдаг талаар цагдаагийн алба хаагчдын мэдлэг ойлголт дээшилж, ЛГБТИ хүмүүст тулгамдаж буй асуудалд хариу арга хэмжээ авах цагдаагийн хүчин чадал, чадавх сайжирч байгаа хэдий ч цагдаа нар гэмт хэргийн хохирогч ЛГБТИ хүмүүсийг гомдол гаргах үед хэл амаар доромжилсон хэвээр байна. Эрх мэдэл бүхий албан хаагчид ЛГБТИ хүн хохирогч болсон гэмт хэргүүдийг хэрэгсэхгүй болгох явдал гарсаар байна.
Есдүгээр сард үндсэрхэг үзэлтэй “Босоо хөх Монгол” бүлэглэл Фэйсбүүк дээр трансжендер нийгэмлэгийн гишүүдийг харуулсан видео бичлэгийг тавьж, тэдний биед халдан, олон нийтэд дэлгэнэ гэж дарамтлан сүрдүүлжээ. ЦЕГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсний дараа тус бүлгийн удирдагчийг Увс аймагт баривчлан, 30 хоног цагдан хорьжээ. Энэ хэрэг 11-р сарын 13-ны байдлаар Улаанбаатар хотод анхан шатны шүүхэд хэлэлцэгдэхээр хүлээгдэж байв.
ЛГБТИ иргэдийг ажил хөдөлмөр эрхлэхэд ялгаварлан гадуурхсан гэсэн мэдээлэл бүртгэгдсэн.
ХДХВ болон ДОХ – Нийгмийн жигшил
ХДХВ-ын халдвар, ДОХ-той хүмүүсийг илт ялгаварлан гадуурхдаггүй ч, нийгэмд тодорхой хэмжээний алагчлал оршсоор байна. Олон нийт ерөнхийдөө ХДХВ-ын халдвар болон ДОХ-ыг ижил хүйсийн хүнтэй бэлгийн харьцаанд орох явдалтай холбож ойлгодог нь тэднийг нийгмийн жигшил, гутаан доромжлол болон хөдөлмөр эрхлэхэд ялгаварлан гадуурхалтанд өртөхөд хүргэдэг.
Долдугаар хэсэг. Ажилчдын эрх
a. Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, хамтын хэлэлцээ хийх эрх
Хуульд зааснаар ажилчид урьдчилсан зөвшөөрөл буюу хэт өндөр шаардлага хангахгүйгээр өөрсдийн саналаар бие даасан үйлдвэрчний эвлэл, эсвэл мэргэжлийн байгууллага байгуулах, эвсэн нэгдэх эрхтэй. Хуулиар төрийн тусгай үйлчилгээ, онцгой албанд ажиллагсдаас бусад бүх хөдөлмөрчдийн хувьд үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд ялгаварлан гадуурхалтгүйгээр оролцох, ажил хаях, хамтын хэлэлцээ хийх эрхийг нь хамгаалсан байдаг. Түүнчлэн үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцсоны улмаас ажлаас халагдсан хүнийг ажилд нь буцааж авахыг хуульчилсан.
Улс орныг батлан хамгаалах, улсын аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журам сахиулах үүрэг бүхий байгууллага, тэр дундаа цагдаагийн алба хаагчид, цахилгаан, дулааны эрчим хүч, нийтийн усан хангамж, нийтийн тээвэр зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчид ажил хаях эрхгүй. Хамтын гэрээгээр зохицуулагдсан үйл хэрэгтэй холбогдолгүй асуудлаар ажил хаялт зохион байгуулахыг хуулиар хориглоно.
Хууль тогтоомжид хамтын хэлэлцээ хийх, эвлэлдэн нэгдэх эрхийг хамгаалдаг ба эдгээр эрх ихэнхдээ хангагддаг. Эвлэлдэн нэгдэх, хамтын хэлэлцээ хийх эрх чөлөөг зөрчсөн тохиолдолд торгууль ногдуулах замаар шийтгэх нь зөрчлийг арилгахад хангалттай бус байна. Ажилчид удирдлагуудын хооронд гарсан дийлэнх маргааныг Хөдөлмөрийн маргаан таслах гурван талт комиссоор шийдвэрлэдэг. Уг комиссын бүрэлдэхүүнд орон нутгийн засаг захиргаа, ажил олгогч, ажилтан болон түүнтэй хамт Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ)-ны төлөөлөгч ордог. МҮЭ-ийн мэдээлснээр шүүхээр шийдвэр гаргуулах үйл ажиллагаа маш их цаг хугацаа шаарддаг тул цаг, зардлаа хэмнэх үүднээс олон ажилтан, ажилчин маргаанаа зогсоодог.
МҮЭХ-ны мэдэгдсэнээр зарим ажилтнуудад үйлдвэрчний эвлэл байгуулах, нэгдэн эвсэх, эсвэл эвлэлийн үйл ажиллагаанд оролцвол цалинг нь бууруулна гэсэн сүрдүүлэгт өртөх явдал гарчээ. Зарим ажил олгогч ажилчдаа ажлын цагаар үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хориглосон. Мөн үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцсоны улмаас ажлаас халагдсан ажилчдыг тэр болгон буцааж ажилд нь авдаггүй. МҮЭХ-ны мэдээлснээр зарим ажил олгогч үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг сулруулах зорилготой үйлдлүүд гаргажээ. Тухайлбал, зарим компани ажилчдын цалингаас үйлдвэрчний эвлэлийн татварт суутгадаг мөнгийг өөр бусад зорилгоор ашиглаж, уг мөнгийг үйлдвэрчний эвлэл рүү шилжүүлдэггүй. Зарим ажил олгогч хамтын хэлэлцээний гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан талаар МҮЭХ мөн мэдээлсэн байна.
б. Хүчээр буюу албадан хөдөлмөр эрхлүүлэхийг хориглох
Хуулийн дагуу оноосон ял шийтгэлээс бусад тохиолдолд хүчээр буюу албадан хөдөлмөр эрхлүүлэх бүх хэлбэрийг Үндсэн хуулиар хориглосон. Эрүүгийн хуульд албадан хөдөлмөр эрхлүүлсэн тохиолдолд торгууль ногдуулах болон хорих ялаар шийтгэхээр заасан ч, энэ нь зөрчлийг арилгахад хангалттай бус. Төр засгийн зүгээс хуулийг хэрэгжүүлэхэд үр дүнтэй ажилллаж чадахгүй байна.
Албадан хөдөлмөр эрхлүүлсэн тухай, тэр дундаа хүүхдийг албадан ажил хийлгэсэн талаар тусдаа мэдээ мэдээлэл гарч байсан.
АНУ-ын Төрийн департаментын Хүний наймааны тухай тайланг https://www.state.gov/trafficking-in-persons-report/ хаягаар орж үзнэ үү.
в. Хүүхдийн хөдөлмөрийг хориглох ба хөдөлмөр эрхлэх насны доод хязгаар
Хуулиар хүүхдийн хөдөлмөрийн бүх тэвчишгүй хэлбэрийг хориглоогүй. Хуульд зааснаар 14 нас хүрээгүй хүн хөдөлмөр эрхлэхийг хориглодог. Харин 14 нас хүрсэн хүүхэд гагцхүү мэргэжлийн баримжаатай болох, ажлын дадлага хийх зорилгоор эцэг эх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр долоо хоногт 30 хүртэлх цаг хөдөлмөр эрхэлж болно. Хүүхэд 15 нас хүрээд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр мэргэжлийн сургалтын гэрээ байгуулж болно. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тушаалаар 18 насанд хүрээгүй хүүхдийг уул уурхай, барилга байгууламж зэрэг аюултай нөхцөлд ажиллуулах, хүнд хүчир ажил хийлгүүлэх, өвлийн улиралд хурдан морины уралдаанд унаач хүүхэд (бусад улиралд 7 нас хүрсэн хүүхэд хурдан морины уралдаанд орж болно)-ээр ажиллуулах, шөнийн цагаар соёлын, циркийн болон уламжлалт урлаг соёлын арга хэмжээнд оролцуулах, согтууруулах ундаа зарах үйл ажиллагаанд ажиллах болон гудамжинд гар дээрээс наймаа эрхлэхийг тус тус хориглодог. Эдгээр хориг хязгаарлалтыг үл харгалзан хүүхдээр хурдан морь унуулах, гудамжинд гар дээрээс наймаа хийлгэх зэргээр тушаалыг зөрчих явдал нийтлэг харагдаж байв.
Эрх баригчдын мэдээлж буйгаар ихэнхдээ ажил олгогчид хууль тогтоомжийг зөрчиж, насанд хүрээгүй ажилтныг долоо хоногт 40-өөс дээш цаг ажиллуулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин хөлс өгдөг ажээ.
Эрүүгийн хуулийн хүүхэд хамгааллын тухай заалтуудад хүүхдийг аюултай нөхцөлд ажиллуулахыг хориглосон бөгөөд зөрчвөл хүнд шийтгэл ногдуулахаар байгаа ч сайтар хэрэгжүүлж чадахгүйн улмаас зөрчлийг илрүүлэхэд хангалтгүй байна. Төр засгаас хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхгүй байна.
Засгийн газар хүн худалдаалах асуудал хариуцсан зөвлөлийг сар бүр хуралдуулдаг. Гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд байгаа ч ажилгүйдлийн асуудал хэвээр байна.
Хүүхдийн хөдөлмөр, тэр дундаа хүүхдээр хүчээр ажил хийлгэх явдал олон салбарт, тухайлбал зочид буудал, зоогийн газар, машин засварын газар, үйлдвэр, гар дээрээс наймаа эрхлэх, хог ухах, хүчээр гуйлга гуйлгах, арга хэмжээн дээр болон гудамжны уран нугаралт (үндэсний урлагийн нэг төрөл)- ын үзүүлбэр хийлгэх, хууль бусаар биеийг нь үнэлэх явдал гарч байна гэж хардахаар байна (“Хүүхэд” гэсэн 6-р хэсгээс үзнэ үү). ГБХЗХГ болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ) хамтран гар аргаар олборлох бичил уурхай, зах, үйлчилгээний төв, хогийн цэг, барилга, зам тээврийн талбай болон мал аж ахуй дээр хүүхдийн хөдөлмөрийн хяналт шалгалт хийсэн.
Хурдан морины уралдаанд хүүхдүүд морь унаж байгаад санаа зовж байгаагаа олон улсын байгууллагууд мэдэгдсээр байна. Хүүхдүүд ихэвчлэн дөрвөөс таван насандаа морь унаж сурдаг ба бага насны хүүхдүүд үндэсний баяр наадмын үеэр хоёроос 20 орчим милийн зайд болдог морины уралдаанд хурдны морь унадаг уламжлалтай. Төр засгийн зүгээс ид хүйтний үе буюу 11-р сарын 1-нээс 5-р сарын 1-нийг хүртэл бүх унаач, тэр дундаа хүүхдээр морь унуулж уралдуулахыг хориглосон.
Унаач хүүхдүүдийг даатгалд хамруулж, толгой, цээжний хамгаалалт заавал хэрэглүүлэх талаар хууль тогтоомж баталж, төр засаг, олон нийтийн зүгээс тэдний аюулгүй байдлыг илүүтэй анхаарах болсон ч хэрэгжилт нь тууштай бус байна. Тухайлбал, МХЕГ-ын мэдээлснээр тухайн жилд зөвшөөрөгдсөн уралдаануудад 46,641 хүүхэд морь унасан тохиолдол гаржээ (нэгээс дээш морь унаж уралдсан хүүхэд олон удаа давхар тоологдсон). Эдгээр уралдаанд 550 хүүхэд мориноос унаж, 166 хүүхэд бага зэрэг, 12 хүүхэд хүнд бэртжээ. Амиа алдсан талаар тоо мэдээлээгүй бөгөөд зөвшөөрөлгүй явагдсан уралдаануулыг энэ статистик мэдээнд оруулаагүй.
ГБХЗХГ-аас 10,325 гаруй унаач хүүхдийг цахим мэдээллийн санд бүртгэж, унаач хүүхдүүдийн бүртгэлийг илүү сайн хянах, 7-оос доош насны хүүхдийг морь унахаас сэргийлэхийн тулд биометрийн мэдээлэл цуглуулсан байна. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хурдан морь унаачдад зориулан 100,000 төгрөгийн ($37) шимтгэлтэй, уралдааны явцад бэртэж гэмтэх, амь нас эрсдэх тохиолдолд унаачдад болон үлдсэн гэр бүлд нь 20 сая хүртэлх төгрөгийн ($7,300) нөхөн төлбөр олгох даатгал хийлгэхийг шаардсан удирдамж гаргажээ.
Ажиглагчдын мэдээлснээр үндэсний хэмжээний морин уралдаануудад аюулгүй ажиллагааны дүрмийг дагаж мөрддөг боловч орон нутаг, бүсийн чанартай арга хэмжээнд хангалтгүй мөрдөж байна. Гэхдээ Засгийн газраас жилд ганц удаа хурдан морин уралдаануудад хүүхдийн хөдөлмөртэй холбогдуулан хяналт шалгалт хийдэг бөгөөд хяналт шалгалт явуулахаас 48 цагийн өмнө мэдэгдэх ёстой байдаг.
АНУ-ын Хөдөлмөрийн департаментаас гаргасан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тайланг https://www.dol.gov/agencies/ilab/resources/reports/child-labor/findings хаягаар; Хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөрөөр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний жагсаалтыг https://www.dol.gov/agencies/ilab/reports/child- labor/list-of-goods хаягаар үзнэ үү.
г. Ажил эрхлэлт, мэргэжлээр ялгаварлан гадуурхах
Хүнийг эрхэлж буй хөдөлмөр, ажил мэргэжлээр нь үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, бэлгийн ба хүйсийн баримжаа, хүйс, гэрлэлтийн байдал, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдалд нь үндэслэн ялгаварлан гадуурхахыг хуулиар хориглоно. Мөн “тухайн хүний биеийн эрүүл мэндийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохоор эсхүл ажлын байран дахь хөдөлмөрийн нөхцөл эрүүл мэндэд нь харшлахаар” биш л бол ажил олгогч өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой үндэслэлээс бусад тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулахаас татгалзахыг хориглосон. Хуульд зааснаар эрүүл мэндийн байдал нь хүндэрч ажил үүргээ биелүүлэхэд бэрхшээлтэй болсноос бусад тохиолдолд ажил олгогч ХДХВ/ДОХ-ын халдвар авсан хүнийг ажилд авахаас татгалзах, эсхүл ажлаас халахыг хориглодог. Эмэгтэйчүүдийг хүнд хүчир хөдөлмөр шаарддаг, нярай хүүхэд болон эхийн эрүүл мэндэд нөлөөлж болохуйц химийн бодистой харьцдаг зарим ажлын байранд ажиллуулахыг хуулиар хориглосон.
Төрөөс дээрх хуулийг хэрэгжүүлэх талаар хангалтгүй ажилласан бөгөөд хүйс, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг баримжаа, хүйсийн илэрхийлэл, ХДХВ-ын халдвартай гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлт, ажил мэргэжлээр ялгаварлан гадуурхсан явдал гарсан. Зөрчлийг илрүүлэхэд торгуулийн хэмжээ хангалтгүй байна. Хуулиар ажил олгогчдыг ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дотоод дүрэм журамдаа тусгаж, гомдлыг барагдуулах зэргээр арга хэмжээ авахыг зааж өгсөн ч, ял шийтгэл оноох тухай дурдаагүй. ХЭҮК-ын мэдээлснээр ажил олгогчид болон ажилтнуудын аль аль нь хуулинд заасан бэлгийн дарамтын талаар хангалттай мэдлэггүй байна.
ХЭҮК-ын олж тогтоосноор эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийг бодвол ажилд орох, албан тушаал дэвших, мэргэжлийн хувьд өсч дэвжих боломж бага байна. Түүнчлэн зарим ажил олгогчид илүүдэл жинтэй хүнийг үндсэн ажил үүргээ биелүүлэхэд биеийн жин нь саад учруулж болзошгүй гэсэн шалтаг тоочиж ажилд авахаас татгалзсан тохиолдлууд гарсан.
Хуулиар 25 болон түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт орон тооныхоо дөрөв болон түүнээс дээш хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүн авч ажиллуулахыг шаардаж, хэрвээ авч ажиллуулаагүй бол торгууль төлөхөөр хуульчилсан ч, бодит байдал дээр компаниуд хөгжлийн бэрхшээлтэй иргэд авч ажиллуулахаас төвөгшөөдөг, ихэнх нь төлбөр төлөхийг илүүд үздэг тухай ТББ-ууд мэдээлсэн. Тэдний мэдэгдэж байгаагаар төрийн байгууллагууд ч өөрсдөө дээрх квотын дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулаагүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийн мэдээлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилд орлоо ч тэр бүр нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх боломжгүй байдаг тул зарим үед ажлын байраа хадгалж чаддаггүй (“Хөгжлийн бэрхшээлтэй иргэд” гэсэн 6 дугаар хэсгийг үзнэ үү).
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн хэлтэс нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бодлого, төслийг боловсруулж, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Төрийн болон ТББ-уудын мэдээлснээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авах тухайд ажил олгогчдын хандлага сайжраагүй ба ихэнх ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авахын оронд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд торгууль төлөхийг илүүд үздэг.
ТББ-ууд, ХЭҮК, ЛГБТИ байгууллагын гишүүдийн мэдээлснээр компаниуд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаа нээлттэй илэрхийлсэн ЛГБТИ хүмүүсийг ажилд ихэнхдээ аваагүй, ажил дээрээ өөрийн байдлаа мэдэгдсэн ЛГБТИ иргэдийг байнга ялгаварлан гадуурхаж байсны дотор ажлаас халах магадлал өндөр байжээ. Үүнээс гадна ЛГБТИ хүмүүс хууль бусаар ажлаас халагдахад хүрвэл ажил олгогч нь өөрийнх нь талаар цааш олон хүнд нууцыг нь задлах вий гэдгээс болгоомжилж тухайн маргааныг шүүхээр шийдвэрлүүлдэггүй нь ялгаварлан гадуурхах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Гадаадын цагаач ажилчдын хувьд хөдөлмөр эрхлэлттэй холбоотой зөрчил дээр нийт хүн амын хөдөлмөр эрхлэлттэй ижил түвшинд хамгаалалт авч чадаагүй.
д. Хөдөлмөрийн таатай нөхцөл
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ядуурлын түвшнээс дээгүүр байна.
Хөдөлмөр, хоршоо, компанийн тухай хуулиудад гадаад, дотоодын ажилчдад эрх тэгш үйлчлэх хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартуудыг хуульчилж өгсөн. МХЕГ-ын үзэж буйгаар ихэнх стандартууд үеэ өнгөрөөсөн.
МХЕГ-ын бүсийн болон орон нутгийн хөдөлмөрийн байцаагч нар хөдөлмөрийн нөхцөлийн асуудалтай холбоотой бүх зохицуулалтын хэрэгжилтийг хангах үүрэгтэй бөгөөд хөдөлмөрийн хууль тогтоомжийг чандлан дагаж мөрдөхийг шаардах эрхтэй. Засгийн газар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, ажлын цаг, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлсэнгүй. Зөрчил дутагдалд оногдуулах ял шийтгэл ч, байцаагчдын тоо ч хуулийг дагаж мөрдүүлэхэд хангалтгүй байна. МХЕГ-ын мэдэгдэж байгаагаар хяналт шалгалтын ажлын ачаалал их байгаагийн хажуугаар байцаагчдыг хяналт шалгалтын арга техник, баримт нотолгоо цуглуулах талаар сайтар сургаж бэлтгэх шаардлагатай. Хөдөлмөрийн байцаагчдын тоо улс орны хэмжээнд ажиллаж буй ажиллах хүчтэй харьцуулахад хангалтгүй байна. Байцаагчид ерөнхийдөө албан бус секторт хяналт шалгалт явуулдаггүй.
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандартыг зөрчсөн болон үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан компаниудад авч буй торгуулийн хэмжээ уг асуудлыг шийдвэрлэх хөшүүрэг болж чадахгүй байгааг МХЕГ зөвшөөрсөн. Түүнчлэн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал хариуцсан аюулгүй ажиллагааны шинжээчид нь ихэнх тохиолдолд туршлагагүй, эсвэл зохих сургалтанд хамрагдаагүй байна. МХЕГ-т гэнэтийн хяналт шалгалт хийх эрх мэдэл дутагдаж байна.
Тэтгэврийн хуулиар гэр бүлийн бизнес эрхлэгчид болон албан бус салбарт ажиллагсдад (малчид зэрэг) өндөр насны тэтгэвэр, нийгмийн хамгааллын бусад хөтөлбөрт хамрагдах боломж олгодог. Эдгээр хүмүүст эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, нийгмийн халамжид хамрагдах, мөн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломж үйлчилж байсан.
Олон ажилчид, нэн ялангуяа орон нутгийн жижиг компанийн ажилчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин авчээ. Барилгын салбарт ажиллаж буй ажилчид өвлийн эрс хүйтэн нөхцөл байдлаас шалтгаалан ажлаа цөөн хэдэн сарын дотор дуусгахын тулд зарим үед удаан цагаар ажиллах шаардлагатай тулгардаг нь үйлдвэрлэлийн осол гаргах, гэмтэл бэртэлд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна.
Уул уурхай, барилга дээр ажилладаг хятад ажилчид давамгайлсан гадаадын ажилчид төр засгаас тогтоосон дүрэм журамд тавигдсан шаардлагыг хангахгүй нөхцөлд ажилладаг гэсэн мэдээлэл байна.
БНАСАУ-аас ирсэн ажилчид Монгол Улсад оны эхээр байсан бөгөөд Засгийн газар НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн холбогдох тогтоолын дагуу эдгээр ажилчдыг хэсэгчлэн албадан гаргажээ.
Хуучирч хоцрогдсон техник хэрэгсэлд найдах, засвар үйлчилгээ муу, менежментийн алдаа дутагдал зэргээс улбаалан үйлдвэрлэлийн осол аваар, ялангуяа барилга, уул уурхай, эрчим хүчний салбарт удаа дараа гарахад хүргэж байна. ХЭҮК-ын мэдээлснээр барилгын салбарт хөдөлмөр хамгааллын асуудал, аюулгүй байдлыг хангах асуудал дутмаг байгаагаас тус салбар осол аваарт өртөмтгий байна. МҮЭХ-ны тэмдэглэснээр ажилчид аюулгүй байдлыг хангаагүй орчин нөхцөлд ажиллахаас татгалзах эрхтэй хэдий ч энэ эрхийнхээ талаар ойлголт мэдлэг дутмаг байна.
МХЕГ-аас компани, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг ажлын байрны аюулгүй байдлын сургалтад хамруулжээ. Тэдний мэдээлснээр тус сургалтын үр дүнд хөнгөн үйлдвэр, хүнс, эрүүл мэнд, боловсрол зэрэг урьд өмнө нь осол их гардаг байсан салбаруудад үйлдвэрлэлийн осол буурчээ. МХЕГ-аас гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 2016 онд үйлдвэрлэлийн ослоор 17 хүн амиа алдаж байжээ. Ялангуяа, барилга байгууламжтай холбоотой үйлдвэрлэлийн осол гэмтэлд хүний амь нас эрсдэх нь их байв. МХЕГ-ын мэдээлснээр өмнөх 10 жилийн хугацаанд 246 хүн ийм ослоор амь насаа алджээ.
Сонин хэвлэлд мэдээлснээр 2-р сард алтны уурхайд дөрвөн хүн амиа алдсанаас гадна үйлдвэрлэлийн осол аваарын талаар дурдсан өөр бусад мэдээллүүд гарч 2019 оны Хүний эрхийн тайлан АНУ-ын Төрийн департаментын Ардчилал, хүний эрх, хөдөлмөрийн товчоо байв.