Нэгдсэн хураангуй
Монгол улсын Үндсэн хуульд “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг” иргэний үндсэн эрх хэмээгээд хүнийг шашин шүтлэгийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглосон ба төр, шашны үйл ажиллагаа тусдаа байх ёстойг заасан. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар шашны байгууллагууд төрийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай бөгөөд шаардагдах бичиг баримтыг дэлгэрэнгүй хуульчилсан ч хэрэгжилттэй холбоотой нарийвчилсан журмыг орон нутгийн эрх баригчдын мэдэлд үлдээсэн. Шашин шүтэх, эс шүтэх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулахыг хуулиар хориглосон ч шашинд элсүүлэх зохицуулалт хязгаарлагдмал. Засгийн газар 2018 онд Гадаадаас ажиллах хүч авах квот батлахдаа шашны байгууллагуудыг нэг гадаад ажилтан тутамд 20-иос доошгүй монгол ажилтантай байх шаардлага тавьсан боловч энэ тогтоолдоо 3-р сард өөрчлөлт оруулсан. Ингэснээр 5-аас дээш монгол ажилтантай шашны байгууллага нэг гадаад шашны ажилтан ажиллуулах боломжтой болсон. Аймгуудын бүртгэлийн журам харилцан адилгүй байх, бүртгэлийн үйл ажиллагаа тодорхойгүй байх, ажилтнууд нь ойр ойрхон солигдох, эсвэл шашны бүлгийн салбар бүрийг тусад нь бүртгүүлэх шаардлага зэргээс болж бүртгүүлэхэд хүндрэл бэрхшээлтэй тулгарч буй талаар зарим шашны бүлэг мэдээлсэн. 2017 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ) Улаанбаатар хотын Налайх дүүрэг дэх Ёховагийн гэрчүүдийн шашны нийгэмлэгийн салбарыг үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй номлол явуулж байна гэсэн шалтгаанаар бүртгэлийг нь цуцалсныг уг нийгэмлэг эсэргүүцэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх нэхэмжлэгчийн талд шийдвэрлэсэн. Гэсэн хэдий ч тэдний бүртгэл хийгдээгүй хэвээр байна. Зарим Христийн шашны бүлгийн мэдээлснээр төрийн байгууллагуудын зүгээс бусад шашны байгууллагуудаас илүү олон тооны санхүүгийн шалгалт ирсэн ба эдгээр нь дарамттай байсан гэж байв. Зарим гадаадын шашны ажилтнууд шашны виз авахад хүндрэлтэй байсан. Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ) нэгэн төрийн бус байгууллагын (ТББ) бүртгэлийг цуцалсан бөгөөд энэ нь уг байгууллага анх бүртгүүлснээсээ өөр үйл ажиллагаа буюу христийн шашныг сурталчилсан цахим хуудас ажиллуулсан гэсэн шалтгаантай байсан.
10-р сард Элчин сайдын яамнаас зохион байгуулсан дугуй ширээний уулзалтад оролцсон будда, христ, бөө зэрэг шашны удирдагчид шашин чөлөөтэй шүтэхэд хүндрэл байхгүй гэж мэдээлсэн. Тэдний хэлж буйгаар Монгол Улсын ихэнх иргэд шашны ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, өөр өөр шашны итгэгчид эв найртай амьдардаг. Мусульман шашны тэргүүнтэй 11-р сард уулзахад мөн адил дүгнэлт хийсэн. АНУ-ын засгийн газрын ажилтнууд шашны эрх чөлөөний асуудлаар, тэр дундаа шашны байгууллагуудад тулгардаг виз, бүртгэлтэй холбоотой хүндрэлийн талаар Ерөнхийлөгчийн тамгын газар, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын их хурлын (УИХ) гишүүд, аймгуудын удирдлага, НИТХ зэрэг өндөр түвшний албаны хүмүүстэй уулзаж ярилцсан. Элчин сайдын яамны ажилтнууд шашны тэргүүнүүдтэй тогтмол уулзаж, шашин шүтэх эрх чөлөө, хүлцэх байдлын талаар ярилцсан. 4-р сард элчин сайд Ховд аймгийн шашны тэргүүнүүдтэй уулзаж, орон нутагт шашны эрх чөлөө хэр түвшинд байгаа талаар ярилцсан. 10-р сард элчин сайдын яам будда, христ, бахай, бөөгийн шашны тэргүүнүүдтэй дугуй ширээний уулзалт хийж, шашны эрх чөлөөг хэрхэн хүндэтгэх, шашин хоорондын харилцааг хэрхэн бий болгох талаар ярилцсан. Элчин сайд 11-р сард мусульман шашны тэргүүнтэй уулзахдаа мөн энэ сэдвээр ярилцав. Элчин сайдын яам мөн шашны эрх чөлөөг нийгмийн сүлжээгээр тогтмол дэмжсэн.
I хэсэг. Шашны хүн ам зүй
АНУ-ын Засгийн газрын тооцоолсноор Монгол улсын нийт хүн ам 3.2 сая (2019 оны хагас жилийн байдлаар). Хамгийн сүүлийн хүн амын нэгдсэн тооллого 2010 онд хийгдсэн бөгөөд 15-аас дээш насны хүн амын 53 хувь өөрсдийгөө буддын шашинтан гэж тодорхойлсон бол 3 хувь нь мусульман, 2.9 хувь нь бөө, 2.1 хувь нь христийн шашинтан гэжээ. 38.6 хувь нь өөрсдийгөө шашин шүтдэггүй гэж тодорхойлсон байна. Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөхийн хэлснээр, Монголын буддистуудын ихэнх нь Махаяана урсгалыг шүтдэг. Олон хүн бөөгийн шашны зан үйлийг өөр шашинтай, тухайлбал буддын шашинтай хослуулж хийдэг. Христийн шашинтнуудын дийлэнх нь протестант урсгалынхан ба үлдсэн нь Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм, Роман католик, Ёховагийн гэрчүүд, Оросын үнэн алдартны сүм, Дэлхийн энх тайван, эв нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо (Эв нэгдлийн сүм) зэрэг урсгалынхан болно.
Монголын Бахайн нийгэмлэг гэх зэрэг шашны бүлгүүд мөн бий. Монгол улсын баруун хойно амьдардаг казахуудын ихэнх нь мусульман шашинтан болно.
II хэсэг. Шашны эрх чөлөөнд хандах засгийн газрын байр суурь
Хууль, эрх зүйн хүрээ Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөөний нэг бол “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө” юм. Шашин шүтлэгээс нь болж хүнийг ялгаварлан гадуурхахыг Үндсэн хуулиар хориглосон бөгөөд төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй гэж заасан.
Мөн Үндсэн хуульд “Төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна” гэдгийг тодотгосон байдаг. Үндсэн хуулинд зааснаар, хүн эрхээ эдлэхдээ улсын аюулгүй байдал, бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй ба нийгмийн хэв журмыг эвдэж болохгүй. Мөн Үндсэн хуулинд “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн байдаг. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” гэж заасан. Эрүүгийн хуулинд зааснаар, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, шашны байгууллагын үйл ажиллагаа, эсхүл шашны зан үйл үйлдэхэд саад учруулсан бол хувь хүнийг 450,000 – 2,700,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Хэрвээ шашны байгууллага, номлогч, лам, имам, бөө зэрэг шашны төлөөлөгч өөрийн шашны үзэл номлолоо бусдад хүчээр тулгасан, шахалт үзүүлсэн, хууран мэхэлж татан оруулсан, эсхүл шашны харгис үзэл номлолыг сурталчилсан бол 450,000-5,400,000 төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Зөрчлийн тухай хуулинд зааснаар, хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан бол хүнийг 100,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,000,000 төгрөгөөр торгоно. Иргэний шашин шүтлэгийн байдлыг уг хүн өөрөө хүссэнээс бусад тохиолдолд албан баримт бичигт тусгасан, эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд сүм хийдийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон бол хүнийг 100,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,000,000 төгрөгөөр торгоно. Шашны байгууллага төрийн байгууллагын үүргийг эрхлэн гүйцэтгэсэн, улс төрийн үйл ажиллагаа явуулсан, эсхүл түүнд оролцсон, эсхүл санхүүжүүлсэн бол хүнийг 150,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,500,000 төгрөгөөр торгоно. Төрийн харьяалал бүхий сургууль, байгууллагад шашны сургалт, цугларалт зохион байгуулсан бол хүнийг 300,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 3,000,000 төгрөгөөр торгоно.
Төр, сүм хийдийн харилцааны хуулинд шашны үзэл номлолыг “хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх, тэдний эрүүл мэнд, ёс суртахуунд хохирол учруулах, санаа сэтгэлийг үймүүлэх замаар” дэлгэрүүлэхийг хориглодог. Мөн шашинд татан оруулахын тулд бэлэг сэлт ашиглахыг хориглодог. Хүүхдийн эрхийн тухай хуулинд хүүхэд шашин шүтэх, эс шүтэх эрхтэй гэж заасан.
Уг хуулиар шашны байгууллага Монголын ард түмний уламжлал, зан заншилд харшлах болон хүмүүнлэг бус үйл ажиллагаа явуулахыг хориглодог.
Шашны бүлгүүд хууль ёсны үйл ажиллагаа явуулахын тулд орон нутаг, аймгийн эрх бүхий байгууллага болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт (УБЕГ) бүртгүүлдэг. Дотоодын хууль тогтоомжид шашны байгууллагын бүртгэлийн журамтай холбоотой нарийвчилсан заалт бараг тусгаагүй, бүртгэлийн хүчинтэй хугацааг хэрхэн тогтоохыг заагаагүй ба орон нутгийн эрх баригчид өөрсдөө журам боловсруулах эрх мэдэлтэй байдаг. Бүртгэлээ сунгуулахдаа шашны байгууллагууд (ихэнх тохиолдолд жил бүр) орон нутаг болон улсын түвшний төрийн олон байгууллагад хандах ёстой байдаг. Шашны байгууллагын салбар сүм, хийдүүдийн бүртгэл болон бүртгэлийн сунгалт толгой байгууллагаасаа тусдаа байхыг шаарддаг.
Шашны байгууллага бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Үүнд: бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) эсвэл бусад орон нутгийн удирдлагын албан бичиг, шашны байгууллагын товч танилцуулга, дүрэм, үүсгэн байгуулах баримт бичиг, тэргүүлэгчдийн жагсаалт, санхүүгийн мэдээлэл, өмч хөрөнгийн мэдүүлэг (үүнд үл хөдлөх хөрөнгө мөн орно), лизинг эсвэл түрээсийн гэрээ, шашны үйл ажиллагаа явуулах сонирхолтой хувь хүний товч намтар болон сүсэгтэн олны тоо зэрэг болно. Албан ёсоор бүртгэсэн ИТХ-ын тогтоолыг УБЕГ-т өгч, улсын бүртгэлийн гэрчилгээ авдаг.
Шашны байгууллага бүртгэлээ сунгуулахын тулд орон нутгийн засаг захиргаанаас тодорхойлолт авах шаардлагатай. Үүний дараа уг тодорхойлолтыг бусад бичиг баримтын хамтаар НИТХ юм уу харьяалагдах аймгийн ИТХ-д өгдөг. Сунгалт хийхийн өмнө ИТХ тухайн шашны байгууллагын албан байр, цуглааны байр зэрэгт шалгалт хийж, дутагдалтай зүйл байвал залруулах шаардлага тавьдаг. Холбогдох ИТХ-аас тухайн шашны байгууллагыг цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн тогтоол батлах ба уг шашны байгууллага тус тогтоолын хуулбарыг УБЕГ руу явуулдаг. Үүний дараа УБЕГ тухайн шашны байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийн ар талд шинэ хүчинтэй хугацааг оруулдаг.
Төрийн харьяаллын болон хувийн сургуулиуд дунд сургуулийн стандарт хөтөлбөрийг заахад зориулж улсаас санхүүжилт авах эрхтэй. Харин шашны хөтөлбөр заахад зориулж тэдэнд улсаас хөрөнгө гаргахыг хуулиар хориглосон. Боловсролын тухай хуульд нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий шашны чиглэлийн сургалт, шашны зан үйл, бусад үйл ажиллагааг улсын санхүүжилтээр зохион байгуулахыг хориглоно. Дээрх хоригийг зөрчсөн тохиолдолд дүүрэг болон орон нутгийн ИТХ уг шашны байгууллагын бүртгэлийн сунгалт хийлгэх хүсэлтийг татгалзах эрхтэй.
Монгол улсын иргэний цэргийн үүрэг болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын хуульд зааснаар 18-25 насны Монгол Улсын эрэгтэй иргэд нэг жилийн хугацаатай цэргийн жинхэнэ алба хаах ёстой. Шашин шүтлэг, итгэл үнэмшлээрээ цэргийн алба хаахаас татгалзсан тохиолдолд цэргийн албыг дүйцүүлэн хаахтай холбоотой заалт байдаг. Үүнд гамшгаас хамгаалах, хил хамгаалалтад туслах, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох, эсхүл нэг цэрэгт жилд зарцуулах зардалтай тэнцэх хэмжээний мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах зэрэг орно.
Хөдөлмөрийн хуулийн дагуу гадаадын бүх байгууллага (үүнд шашны байгууллага мөн орно) нэг гадаад ажилтан тутмын тоогоор тодорхой тооны монгол хүн авч ажиллуулах заалттай. Засгийн газар гадаадаас ажиллах хүчин авах квотыг тогтоол хэлбэрээр гаргадаг ба энэ квотыг жил бүр, салбар бүрээр шинэчилдэг. Тухайн жилд гадаадаас ажиллах хүчин авах квотод нэр дурдагдаагүй салбарууд (үүнд ихэнх шашны бүлэг багтана) нийт ажилтныхаа 95 хувьд нь монгол хүн ажиллуулах ёстой.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулинд тус улсын үндэсний зан заншилд хохирол учруулж болох “хүмүүнлэг бус” шашны урсгал сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, шүтэхийг хориглодог. Энэ заалтын дагуу ямар нэг хувь хүн, албан байгууллага торгуулсан гэх мэдээ ирээгүй. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд мөн дотоод, гадаадын шашны байгууллагыг “хүмүүнлэг бус” буюу үндэсний соёл заншилд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон төстэй заалт байдаг.
Шашны үйл ажиллагаа явуулах гэж байгаа гадаадын иргэд шашны виз хүсэх ёстой агаад тус улсын үндэсний зан заншилд хохирол учруулж болох хүмүүнлэг бус шашны урсгалыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлахыг хориглодог. Гагцхүү бүртгэлтэй шашны байгууллага шашны визээр гадаад иргэн урих эрхтэй. Бусад төрлийн визээр ирсэн гадаадын иргэд шашныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулах хориотой (хувь хүний шашин шүтэхийг зөвшөөрнө). Хуульд зааснаар, “ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан” бол тус улсаас албадан гаргах үндэслэл болно.
Монгол улс нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын гэрээний гишүүн орон юм.
Засгийн газрын үйл ажиллагаа
11-р сард батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөнд жилийн ихэнх хугацааг зарцуулсны улмаас энэ онд батлахаар төлөвлөж байсан шашны хуулийн өөрчлөлтийг Засгийн газар ахин хойшлуулах шаардлагатай болсон. Уг хуулийн төслийн үзэл баримтлалыг үзвэл, хууль батлагдсанаар шашны байгууллагын хяналт, бүртгэл, сунгалт, хариуцлагын механизмын тогтолцоо сайжрах юм. 2018 онд болсон олон нийтийн хэлэлцүүлгийн үеэр шашны бүлгүүд болон ТББ-ууд хуулийн төсөлд туссан улсын хэмжээнд бүртгэлийн асуудлыг хариуцах Шашны зөвлөлийн бүрэлдэхүүнтэй холбоотой заалтын талаар санаа зовниж буйгаа илэрхийлж байсан.
10-р сард болсон дугуй ширээний уулзалтын үеэр хэд хэдэн шашны бүлэг бүртгэл болон сунгалтын үйл ажиллагаа улсын хэмжээнд харилцан адилгүй байсан талаар мэдээлсэн бөгөөд энэ нь ихэвчлэн орон нутгийн захиргааны ажилтнуудын ажлын арга барилаас хамаарч байсан. Шашны байгууллагын бүртгэл хүчинтэй байгаа үед л гадаадаас шашны ажилтан урих эрхтэй байдаг учир бүртгэлийн үйл ажиллагаа удаашрах нь шашны байгууллагад сөргөөр нөлөөлдөг. Христийн шашны тэргүүнүүдийн хэлснээр нэг гадаадын ажилтан урихад доод тал нь 5 монгол ажилтантай байх шаардлага нь шашны виз хүсэхэд хүндрэл учруулдаг ажээ. НИТХ бүртгэл болон сунгалтыг голдуу 1 жилээр өгдөг ба зарим орон нутгийн ИТХ 2-3 жилээр сунгах явдал байдаг.
НИТХ-ын ажилтны хэлж буйгаар христийн шашны байгууллагууд шинээр бүртгүүлэх, бүртгэл сунгуулах өргөдлийн ихэнхийг эзэлдэг, тиймдээ ч бүртгэл нь цуцлагдсан, түдгэлзүүлсэн байгууллагын ихэнх нь христийн шашны байгууллагууд байдаг ажээ. Мөн тэрээр шашны эрх чөлөөний тухай хуулийн төсөл батлагдан гарахыг хүлээж буйтай холбоотойгоор тайлангийн хугацаанд нэг ч шашны байгууллагыг шинээр бүртгээгүй ба одоогийн байдлаар 50 гаруй шашны байгууллагын өргөдөл хүлээгдэж байгаа гэж мэдэгдсэн.
Бүртгүүлэх ажиллагаа урьдчилан таамаглах боломжгүй, хэдэн долоо хоногоос авахуулаад хэдэн жил хүртэл сунжирдаг, шашны үйл ажиллагаа явуулах зориулалтын байргүй байх, санхүүгийн боломжгүй байх зэрэг тодорхой шаардлагыг хангаж чадахгүйгээс, мөн бүртгэл хариуцсан ажилтан солигдох зэргээс болоод зарим шашны бүлэг бүртгүүлэх хүсэлгүй байдаг талаар хэлсэн. Дээр нь, нэг захиргаанд харьяалагддаг салбар сүмүүд тус тусдаа бүртгүүлэх, бүртгэлээ сунгуулах шаардлагатай байдаг нь хүндрэлтэй байгааг зарим шашны байгууллага хэлж байв.
Засгийн газар шашны байгууллагын бүртгэл болон сунгалтын үйл явцаар дамжуулж тэдний үйл ажиллагаа, сүм хийдийн болон гадаадаас ирсэн санваартны тоо, шашны үйл ажиллагаа явуулж байгаа гадаад иргэн, монгол иргэний тоон харьцаанд хяналт тавьдаг гэж НИТХ-ын албаны хүмүүс хэлж байв. Анх удаа бүртгүүлж буй болон сунгалт хийлгэх өргөдөлд “татгалзсан” хариу өгдөг нь угтаа татгалзсан биш харин шийдвэрийг хойшлуулсан гэсэн үг ба шалтгаан нь янз бүр. Жишээ нь: үүнд бичиг баримт дутуу, үйл ажиллагаа явуулах газрын нөхцөл байдал муу, боловсролын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй атал англи хэлний сургалт явуулах, эсвэл санхүүгийн асуудал (тухайлбал, үл хөдлөх хөрөнгийн татвар төлөөгүй, гаднаас орж ирсэн орлогоо мэдүүлээгүй гэх мэт) орно. Ийм тохиолдолд тэд шаардлага хангаагүй шашны байгууллагуудад тухайн зөрчлөө арилгах зааварчилгаа өгдөг ба дараа нь ахин өргөдлөө өгөх боломжтой. Зарим христийн шашны бүлэг төрийн байгууллага холбогдох дүрэм журмыг өөр өөрөөр хэрэглэхээс гадна журмаа ойр ойрхон, урьдчилан мэдэгдэлгүйгээр сольдог гэж хэлжээ. Хэдийгээр Ёховагийн гэрчүүдийн хоёр байгууллагын гомдлыг шүүх тэдний талд шийдвэрлэсэн ч бүртгэлийн болон сунгалтын үйл ажиллагаанд албаныхан өөрийн үзэмжээр хандах нь байдаг ба татгалзсан хариу авсан тохиолдолд давж заалдах тогтолцоо байдаггүйг зарим бүлгийнхэн хэлж байна.
Түр хугацаанд бүртгэлгүй үйл ажиллагаа явуулж буй байдал нь байгууллагыг нь санхүүгийн шалгалтанд өртөх, хууль зөрчсөн асуудалд оруулж мэдэх эрсдэлтэй байгааг зарим христийн шашны тэргүүнүүд илэрхийлсэн.
Бөөгийн шашны тэргүүнүүд хэлэхдээ шашны байгууллага зөвшөөрөгдсөн байранд үйл ажиллагаа явуулах хуулийн шаардлага нь тэдний байгаль дэлхийтэй харьцаж хийдэг зан үйлд нь хязгаарлалт болж байна гэж байв.
Бүртгэлгүй сүмүүд өөрсдийгөө хуулийн этгээд болохыг нотолсон албан ёсны бичиг баримтгүйн улмаас газар эзэмших, түрээслэх, татварын тайлан өгөх боломжгүй, эсвэл албан ёсоор төрийн байгууллагатай харьцах боломжгүй юм. Бүртгэлгүй сүмийн гишүүд сүмийнхээ хэрэгцээнд зориулж хувиараа хөрөнгө эзэмших юм уу, түрээслэн үйл ажиллагаа явуулах байдал хэвээр байна. Жишээ нь, Улаанбаатар хотын захын хороололд байдаг зарим христийн шашны бүртгэлгүй сүмийн гишүүд өөрсдийн эзэмшлийн байранд цуглаан, сүмийн үйл ажиллагаа явуулж байсан. Орон нутгийн татварын байцаагчид, цагдаагийнхан болон бусад эрх бүхий байгууллагаас байн байн шалгалт хийдэг хэдий ч бүртгэлгүй шашны байгууллагууд бодит байдал дээр үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг. НИТХ-ын албан тушаалтны хэлснээр бүртгэлээ сунгуулахаар өгөөд хүлээж байгаа шашны байгууллагуудыг үйл ажиллагаа явуулахыг нь ерөнхийдөө зөвшөөрдөг.
Нэгэн христийн шашны бүлэг Хөдөлмөр, нийгмийн халамжийн ерөнхий газар, ГИХГ, НИТХ зэрэг төрийн байгууллагаас шалгалтын дарамт ирсэн тухай мэдээлсэн. Өөр шашны байгууллагууд сум, дүүргийн захиргааны байгууллагуудтай сайн харилцаатай байдаг агаад харин нийслэл, аймгийн ИТХ-ын түвшний байгууллагуудын шашны байгууллагатай харьцах журам нь үл ойлголцол үүсгэж, бүртгэл, сунгалтын үйл явцад хүндрэл, удаашрал бий болдог талаар хэлж байв.
Монгол дахь Ёховагийн гэрчүүдийн шашны нийгэмлэгийн Налайх дүүрэгт үүсгэн байгуулсан хуулийн этгээд “Ариун Библийн сайн мэдээг тунхаглагчид” (АБСМТ) байгууллагын бүртгэлийг НИТХ үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй байна гэсэн шалтгаанаар цуцалсан байсан. 2018 онд анхан шатны шүүх уг байгууллагын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч Ёховагийн гэрчүүдийн шашны нийгэмлэгийн төлөөллийн хэлснээр уг сүмийн бүртгэл хийгдээгүй хэвээр байсан. НИТХ тэдний бүртгэлийг цуцалсан шийдвэрээ хүчингүй болгосон хэдий ч зохих сунгалтыг нь олгоогүй хэвээр байна.
ГИХГ зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанаас ангид буюу христийн шашныг сурталчилсан цахим хуудас ажиллуулсан гэсэн дүгнэлтийн дагуу нэгэн христийн ТББ-ын зөвшөөрлийг цуцалсан. Зөвхөн шашны байгууллага л ийм үйл ажиллагаа явуулах боломжтой гэсэн тайлбарыг өгсөн байна. Харин уг ТББ тайлбарлахдаа тэд олон жил үйл ажиллагаагаа ил тод, нээлттэйгээр явуулж байгаа, гэхдээ шашны үйл ажиллагаа явуулдаггүй христийн ТББ-ыг хуулийн этгээдээр бүртгэх механизм хуулинд байдаггүйг онцолж байв. 11-р сарын байдлаар, уг ТББ татан буугдсан байсан ба үүсгэн байгуулагч нь ГИХГ-ын шийдвэрийг давж заалдах төлөвлөгөөгүй байгаагаа илэрхийлсэн.
Шашны бүлгүүд татвар, харьяатын алба, орон нутгийн захиргаа, тагнуул болон бусад агентлагаас үе үе шалгалт ирдэг хэвээр гэж мэдэгдсэн. Шашны тэргүүнүүд хэлэхдээ иймэрхүү шалгалтууд 1-2 жилийн давтамжтай ирдэг бөгөөд зарим нэг нь бүртгэлээ сунгуулах өргөдөл өгсөнтэй холбоотойгоор ирдэг гэж байв. Энгийн бизнесийн байгууллагууд ч мөн ийм төрлийн шалгалтанд ордог. Хоёр ч шашны бүлэг Эрүүгийн цагдаагийн газраас гэнэтийн шалгалт ирж, санхүүгийн бичиг баримтуудаа шалгуулахыг шаардсан гэж мэдэгдсэн. Тэдний нэг нь ийм шалгалт ирэх нь дарамттай байсан гэж хэлсэн.
Засгийн газрын 2018 онд баталсан гадаадаас ажиллах хүч авах квотын тогтоол энэ оны 1-р сард хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ тогтоолын дагуу ихэнх жижиг шашны байгууллагууд нэг гадаад ажилтан авахад 20 монгол ажилтантай байх шаардлагатай болсон. Харин 3-р сард Засгийн газар энэ тогтоолд өөрчлөлт оруулснаар доод тал нь 5 монгол ажилтантай шашны байгууллага нэг гадаад ажилтан ажиллуулах боломжтой болсон. Дархан-Уул аймаг дахь нэгэн христийн сүм ажиллах хүчний квотоос шалтгаалж гадаад пасторынхаа визийг сунгуулахад хүндрэл учирч байгаа талаар мэдэгдсэн. Харин дээрх тогтоолд өөрчлөлт орсноор пастор нь визээ сунгуулж чадсан талаар сүмийн төлөөлөл хэлсэн.
Зарим шашны байгууллага тэдний бүртгэл болон сунгалтын зөвшөөрөл нь шийдэгдэхгүй саатах тохиолдолд НИТХ-ын зүгээс ГИХГ руу албан захиа илгээж гадаад ажилтан урих болон визийг нь сунгахад тусалсан гэж мэдээлсэн.
Төр засгийн тэргүүнүүд уламжлал ёсоор Цагаан сарын баяраар буддын шашны тэргүүнүүдтэй золгосон. Зарим хүмүүс үүнийг засгийн газар бусад шашинд ялгавартай хандаж буй гэж үзсэн.
Зарим гадаадын иргэн шашны виз авахад хүндрэлтэй тулгарч байгаа хэвээр байна. Ихэнх шашны байгууллагууд нийт ажилтныхаа 95 хувьд нь монгол иргэдийг авч ажиллуулах ёстой байдаг ба квотод хүрэх хангалттай тооны монгол хүмүүсийг ажиллуулах санхүүгийн боломжгүй байгууллагууд нь шашны визээр нэмж хүн урих эрхгүй. Христийн шашны бүлгүүдийн мэдээлснээр тус улсад ирж буй шашин түгээгч нар гол төлөв шашны бус ажлаар, өөр төрлийн визээр ирдэг (оюутны, ажил хэргийн гэх мэт). Ингэснээр тэдний оролцож болох шашны үйл ажиллагааны хүрээ ихээхэн хязгаарлагддаг бөгөөд тэд хуулийн хүрээнд юу хийж болох вэ гэдэг нь өөр өөрөөр тайлбарлагддаг тул албадан буцаагдах магадлал өндөр болдог. Шашны визийн хүчинтэй хугацаа нь ажилладаг шашны байгууллагынх нь бүртгэлийн хугацаатай адил байдаг тул энэ нь бас нэгэн хүндрэл болдгийг зарим христийн шашны бүлэг хэлж байв. Шашны байгууллагынх нь бүртгэл зөвшөөрөгдөх, эсхүл бүртгэл нь сунгагдахаас нааш гадаадын иргэд шашны визээ авах болон сунгуулах боломжгүй юм. Визийн хүчинтэй хугацаа нь уригч байгууллагын бүртгэлийн хугацаатай ижил бөгөөд тэр хугацаанаас хэтэрч болдоггүй.
Төр засгийн зүгээс шашин, түүх, соёлын чухал төвүүд гэж үзсэн буддын шашны газруудыг сэргээн засварлахад зориулж санхүүжилт хуваарилсан. Жишээ нь, Чойжин ламын сүм музейн өргөтгөлийн Занхан сүмийг сэргээн засварлах ажилд зориулж 178 сая төгрөгийг улсын төсвөөс зарцуулсан. Төрөөс бусад шашны бүлэгт санхүүжилт өгсөн тохиолдол гараагүй.
12-р сард Улсын их хурал Бурхан багшийн их дүйчин өдөр буюу билгийн тооллын зуны эхэн сарын шинийн 15-ны өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгох хууль баталсан. Зарим нэг шашны бүлгийнхэн төр засаг нэг шашинд бусад шашнаас илүү хандаж буйг харуулж байна хэмээн шүүмжилсэн.
III хэсэг. Шашны эрх чөлөөнд хандах нийгмийн хандлага
Буддагаас бусад шашныхны эсрэг нийгмийн сүлжээгээр хааяа сөрөг сэтгэгдлүүд гардаг боловч эдгээрт тэгтлээ их санаа зовниж, заналхийлэлд өртсөн мэт санагддаггүй талаар зарим христийн болон мусульман шашны бүлгүүд илэрхийлсэн. Жишээ нь, нэгэн мусульман шашны тэргүүний хэлснээр казах муслимчуудын эсрэг сөрөг сэтгэгдлүүд Facebook дээр байдаг хэдий ч энэ нь нийгмийн хандлагыг бүхэлд нь төлөөлөхгүй гэж байв.
10-р сард зохион байгуулсан дугуй ширээний уулзалт дээр будда, бөө, бахай, болон зарим христийн шашны урсгалын тэргүүнүүд Монгол Улсад шашин шүтэхэд ямар нэг хүндрэл, бэрхшээл байхгүй гэж мэдэгдсэн. Тэдний хэлж буйгаар ихэнх иргэд шашны ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, өөр өөр шашны итгэгчид эв найртай амьдардаг. Мусульман шашны тэргүүнтэй 11-р сард уулзахад мөн адил дүгнэлт хийсэн.
IV хэсэг. АНУ-ын Засгийн газрын бодлого
АНУ-ын элчин сайд, бусад ажилтнууд болон АНУ-аас айлчилсан засгийн газрын албан тушаалтнууд шашны эрх чөлөөний асуудлаар, визтэй холбоотой хууль тогтоомж тэгш бус хэрэгжиж байгаа талаар, мөн шашны бүлгүүдэд учирдаг бүртгэлтэй холбоотой бэрхшээл зэрэг АНУ-ын засгийн газрын зовниж буй асуудлын талаар засгийн газрын албан тушаалтнуудтай орон нутаг, аймаг, улсын түвшинд уулзаж ярилцсан. Элчин сайд болон бусад ажилтнууд Улсын их хурлын гишүүд, Шашны эрх чөлөөний асуудал эрхэлсэн тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд, Ерөнхийлөгчийн тамгын газар, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, НИТХ, аймгуудын удирдлагуудтай уулзах үеэрээ шашны эрх чөлөөг хамгаалах тал дээр хүчин чармайлтаа өргөжүүлж ажиллахыг дэмжиж, төр, шашны бүлгүүд хоорондын харилцан ойлголцлын чухлыг онцлон тэмдэглэж байв.
Элчин сайд шашны түүхийн дурсгалт газар, сүм хийдүүдэд тогтмол зочилж, Улаанбаатар хотоос гадагш хөдөө орон нутагт ажиллахдаа тухайн нутгийн шашны тэргүүнүүдтэй уулзаж ярилцсан. Жишээ нь, 4-р сард Ховд аймагт будда, христ, мусульман шашны тэргүүнүүдтэй уулзаж, хөдөө орон нутагт шашин шүтэх эрх чөлөө хэр түвшинд байгаа талаар ярилцсан. 10-р сард элчин сайдын яам шашин шүтэх эрх чөлөө, шашин хоорондын яриа хэлэлцээ, шашны хүлцлийг дэмжих зорилгоор дугуй ширээний уулзалт зохион байгуулсан агаад үүнд будда, бөө, бахай, болон зарим христийн шашны урсгалын тэргүүнүүд оролцов. Элчин сайдын яам мөн шашны эрх чөлөөг нийгмийн сүлжээгээр тогтмол дэмжсэн. Жишээ нь, 10-р сарын 24-ний өдөр элчин сайд Тэнгэр үзлийг шүтэгч тэргүүн бөө нартай хийсэн уулзалтынхаа талаар монгол, англи хэл дээр жиргээ бичсэн. Үүндээ ардчиллын үр шимээр Монгол Улсад эртний энэ шүтлэг сэргэж, мөн олон төрлийн шашин шүтэгчид мөр зэрэгцэн амьдарч буйг биширч байгаагаа илэрхийлсэн.