2019 ОНЫ ХҮН НАЙМААЛАХ АСУУДЛЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТУХАЙ ТАЙЛАН

2019 ОНЫ ХҮН НАЙМААЛАХ АСУУДЛЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТУХАЙ ТАЙЛАН

2019 оны 6-р сарын 20-ны өдөр

МОНГОЛ УЛС: 2-р Шатлал

Монгол улсын Засгийн газар хүний наймааг таслан зогсооход тавигдах наад захын шаардлагыг бүрэн хангахгүй байгаа ч энэ талаар мэдэгдэхүйц чармайлт гаргаж байна. Өмнөх жилтэй харьцуулахад хүний наймааг таслан зогсоох төрийн хүчин чармайлт нэмэгдсэн учраас Монгол улсын зэрэглэлийг ахиулж 2-р шатлалд оруулсан байна. Тухайлбал, хүний наймааны гэмт хэргээс хохирогчдод үйлчилгээ үзүүлэхэд тодорхой хэмжээний санхүүжилт олгож эхэлсэн, илүү олон хохирогчдыг илрүүлж, хилийн чанадаас эх оронд нь авчирсан, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулинд гэмт этгээдэд ял шийтгэл оногдуулах тодорхой заалтуудыг оновчтой тусгасан, улмаар нийгмийн сүлжээгээр дамжуулан хүний наймааны зорилгоор бусдыг залилан мэхлэх явдлыг таслан зогсоох зорилготой хууль сахиулах шинэ кампанит ажлыг санаачилсан зэрэг ажлуудыг дурдаж болно. Гэвч, тайлант хугацаанд хэд хэдэн гол асуудлын хүрээнд төрийн зүгээс хүний наймааг таслан зогсооход тавигдах наад захын шаардлагыг хангаагүй хэвээр байна. Эрх бүхий төрийн албан хаагч, байгууллагууд шинэ Эрүүгийн хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс хойш 2017 онд зохих ял шийтгэл оногдуулалгүй хэрэгсэхгүй болгосон хүний наймааны гэмт хэргүүдийн алийг нь ч дахиж нээгээгүй бөгөөд зарим хууль сахиулах албан хаагчид хохирогчдод хүний наймааны хэргээс хохирсны улмаас үйлдэгдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулсан хэвээр байна.

МОНГОЛ УЛСАД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ

Хүний наймааны судалгаа болон урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны явцад илрүүлсэн хүний наймааны хэргийг мөрдөх, шинэ Эрүүгийн хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсний дараа зохих ял шийтгэл оногдуулалгүйгээр хэрэгсэхгүй болгсон хэргүүдийг дахиж нээх зэргээр Эрүүгийн хуулийн 12.3 болон 13.1-р зүйлүүдийг хэрэглэн хүний наймааны хэргийг мөрдөх, шалган шийдвэрлэхэд чиглэгдсэн хүчин чармайлтаа нэмэгдүүлэх; хүн худалдаалсан нь тогтоогдсон этгээдэд хорих ял зэрэг зүй ёсны ял шийтгэлийг оногдуулах; хүний наймааны гэмт хэрэгт буруутгагдаж буй этгээдийн эсрэг албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэхийг үл харгалзан хохирогчдод зориулсан хамгаалах үйлчилгээний хүртээмжийг хангахын тулд зохих хуулийн зүйл заалтанд нэмэлт өөрчлөлт оруулах; бэлгийн мөлжлөгийн сэдэл бүхий хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг саатуулж, торгодоггүй байхаар Зөрчлийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах зэргээр хүний наймааны хэргээс хохирсны улмаас гэмт хэрэг үйлдсэн хохирогчдод ял шийтгэл оногдуулах явдлыг таслан зогсоох; эрүүгийн хуулин дахь хүний наймааны эсрэг зүйл заалтуудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар төрийн алба хаагчид, ялангуяа орон нутгийн прокурорын байгууллагуудын ажилтнуудыг сургахад чиглэсэн хүчин чармайлтыг нэмэгдүүлэх, нэмэлт нөөц бололцоог хуваарилах; ялангуяа Монгол Улсад гэрээгээр ажиллаж буй гадаад ажилчид, томоохон хилийн боомтуудаар дамжин өнгөрч буй дотоод, гадаадын иргэд, уул уурхайн бүсэд амьдарч буй эмэгтэйчүүд, хүүхдүүд болон ЛГБТИ хүмүүсийн дунд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг таньж илрүүлэх болон тэднийг хамгаалах үйлчилгээнд хамруулах талаар цагдаа, гадаадын иргэн, харьяатын алба болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн байгууллагуудын албан хаагчдад зориулсан албан ёсны журам боловсруулж хэрэгжүүлэх; төрийн ба ТББ-уудын ажиллуулдаг хохирогч хамгаалах байрны үйл ажиллагааг дэмжих, өргөтгөх болон хүний наймааны эрэгтэй хохирогчдод туслах зэрэг хохирогч хамгаалах бусад хэлбэрийн үйл ажиллагаанд зориулж санхүүжилт төсөвлөх; ямар хэлбэрийн хүний наймаанд өртсөнийг нь үл харгалзан хилийн чанадад хүний наймааны хохирогч болсон Монгол Улсын бүх иргэдэд үзүүлэх тусламжийн санг өргөжүүлэх; Монгол Улсад гэрээгээр ажиллаж буй гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэх нөхцөл байдалд хяналт тавьж, тэднийг хөдөлмөрийн мөлжлөгийн шалгуур үзүүлэлтээр шалгах, хөдөлмөрийн хяналтын байцаагч нарт зориулсан санхүүжилт, нөөц бололцоог нэмэгдүүлж, гэнэтийн шалгалт хийх эрхтэй болгох; хөдөө орон нутаг болон хилийн боомтуудын  хүн амын дунд хүний наймаанд өртөж болох эрсдэлүүдийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг нэмэгдүүлэх.

ЯЛ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХ

Засгийн газар хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүчин чармайлтаа нэмэгдүүлсэн. Эрүүгийн хуулийн 13.1-р зүйлээр хөдөлмөрийн болон бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалахыг гэмт хэрэгт тооцдог болсон. 13.1-р зүйлд хүн худалдаалах гэмт хэргийг насанд хүрсэн хүний эсрэг үйлдсэн бол 2-8 жилийн хорих ял, хүүхдийн эсрэг үйлдсэн бол 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноохоор заасан. Эдгээр ял шийтгэл нь хангалттай чанга бөгөөд бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийн ял нь хүчин гэх мэт бусад хүнд гэмт хэрэгт оноодог ялтай дүйхүйц хүнд заалт болсон. Эрүүгийн хуулийн 12.3-р зүйлээр бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах зарим хэлбэрүүдийг тусгаснаар бэлгийн мөлжлөгийг гэмт хэрэгт тооцдог болсон. 12.3-р зүйлд бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийг 14-өөс дээш насны хүний эсрэг үйлдсэн бол 2-8 жилийн хорих ял, 14-өөс доош насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол 12-20 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноохоор заасан. Тайлант хугацаанд төрөөс хүний наймааны 17 хэрэгт (2017 онд 12) 62 буруутгагдсан этгээдийг мөрдөн шалгаснаас 21-т нь ял шийтгэл оногдуулсан (2017 онд 19 байсантай харьцуулахад 13.1-р зүйлийн дагуу 15, 12.3-р зүйлийн дагуу 6 яллагдагч) байна. Цагдаагийн ерөнхий газрын (ЦЕГ) хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг нь дээрх хэргүүдийн 11-ийг мөрдөн шалгасан байна (2017 онд нэг ч хэрэг шалгаагүй). Шүүхээс 2017 онд нэг ч хэрэгт ял шийтгэл оногдуулаагүй байсан бол, 2018 онд Эрүүгийн хуулийн 13.1-р зүйлийн дагуу хүний наймааны гэмт хэрэг үйлдсэн 5, 12.3-р зүйлийн дагуу нэг этгээдийг тус тус ялласан байна. Эрх бүхий байгууллагууд ял шийтгэлтэй холбоотой тоон мэдээллийг бүрэн тайлагнаагүй боловч, ЦЕГ-ын мэдээлснээр 12.3-р зүйлийн дагуу яллагдагчид 12 жилийн хорих ял оноосон байна. Шинэ Эрүүгийн хуулийг 2017 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс хойш прокурорууд хүн худалдаалах гэмт хэрэг байж болзошгүй хэрэг нэг бүрийг Эрүүгийн хуулийн 13.1, 12.3-р зүйлийн дагуу шийдэгдэх эсэхийг тодорхойлохын оронд хүчингүй болсон Эрүүгийн хуулийн зүйлийн дагуу мөрдөн шалгаж байсан 26 хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Улсын ерөнхий прокурорын газраас 2018 оны эхээр хэрэгсэхгүй болгосон дээрх хэргүүдийг дахин шалгаж, албан ёсоор мөрдөх ажлын хэсэг байгуулсан боловч, тайлант хугацааны төгсгөлд хэргүүдийг эцэслэн шийдвэрлээгүй байсан. Олон улсын ажиглагчдын үзэж байгаагаар төрийн зүгээс хүн худалдаалах гэмт хэрэгт яллагдан хоригдож байсан зарим этгээдийг хугацаанаас нь өмнө суллаж байгаа нь хэт өршөөнгүй үйлдэл бөгөөд тэднийг энэ төрлийн гэмт хэрэг үргэлжлүүлэн үйлдэх байдалд хүргэж байж болзошгүй байна.

Зөвхөн эмэгтэйчүүд, охид хүний наймааны хохирогч болдог гэх ташаа ойлголт дийлэнх төрийн алба хаагчдын дунд байдгаас эрэгтэй хүн хохирогч болсон хэргийг 13.1, 12.3 дүгээр зүйлээр бараг зүйлчилдэггүй, харин илүү хөнгөн ялтай зүйл ангиар яллаж байна. Хууль сахиулагч болон нийгмийн ажилтнуудад зориулж хүний наймааны сэдвээр хийх сургалтыг төрөөс санхүүжүүлж эхэлсэн бөгөөд сургалтанд зориулж заах багш болон сургалтын байраар хангах зэрэг тодорхой хэлбэрийн бодит дэмжлэг үзүүлсэн байна. Гэвч хууль сахиулах байгууллагуудын мэдээлж байгаагаар шүүхийн ажилтнуудын эрүүгийн хуулийн хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой тодорхой заалтуудын талаарх ерөнхий мэдлэг, ойлголт дутмаг байдгаас зарим хэргүүдэд хөнгөн ял шийтгэл оногдуулахад хүргэдэг байна. Орон нутгийн прокурорын газрууд хүн худалдаалах гэмт хэргийг зүй зохистой шийдвэрлэхэд нэмэлт сургалт, нөөц бололцоо болон хүн хүч зайлшгүй шаардлагатай байгаа талаар мэдээлж байна. Монгол улсын өмнөд хэсгийн хамгийн том хилийн боомт болох Замын-Үүд сум дахь цагдаагийн хэлтэс хөрш Хятадын Эрээн хотын мэргэжил нэгт цагдаагийн хэлтэстэй хамтран улирал тутамд мэдээлэл хуваалцах арга хэмжээ зохион байгуулж, хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг хамтарсан ажиллагаа явуулсан байна. ЦЕГ-ын ажилтнууд Өмнөд Солонгос, Тайланд улсуудад чадавх бэхжүүлэх сургалтанд оролцсон байна. Хууль сахиулах байгууллагын зарим бага албан тушаалтнууд гэмт хэрэгт гар бие оролцсон гэсэн мэдээлэл байдаг ч, төрөөс хүний наймаанд хамсан оролцсон гэх албан тушаалтныг мөрдөн шалгасан, хэрэг үүсгэсэн, эсвэл ялласан талаар мэдээлээгүй.

 

ХОХИРОГЧ ХАМГААЛАЛТ

Засгийн газар хүний наймааны хохирогчдыг хамгаалах хүчин чармайлтаа нэмэгдүүлсэн. Төрөөс 3 жил дараалан хохирогч хамгаалах ажилд санхүүжилт олгоогүй байсан бол тайлант хугацаанд хохирогч хамгаалах үйлчилгээний дийлэнхийг үзүүлдэг хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцдэг ТББ-уудад 95 сая төгрөгийн (35,950 ам.доллар) санхүүжилт өгсөн байна. “Хүйсийн тэгш эрхийн төв” (ХТЭТ) ТББ-ын ажиллуулдаг хоёр хамгаалах байр нь улсын хэмжээнд хохирогчдод үйлчилдэг гол байгууллага бөгөөд дээрх санхүүжилтийн ихэнх нь хамгаалах байрны үйл ажиллагааг өргөтгөхөд чиглэсэн байна. Хамгаалах байрны нэг нь л эрэгтэй хохирогчдод үйлчилгээ үзүүлэх боломжтой бөгөөд аль нь ч хөгжлийн бэрхшээлтэй хохирогчдод хүртээмжгүй байна. ЦЕГ-ын мөрдөн байцаагчид хүний наймаанд өртөх эрсдэл бүхий хүн амын бүлгээс хохирогчдыг таньж илрүүлэхэд хэрэглэх 11 асуулт бүхий хүний наймааны эрсдэлийн үнэлгээний шалгах асуултуудыг ашигласан гэж мэдээлсэн боловч хохирогчдыг олж тогтоох, тэднийг үйлчилгээнд хамруулах системчилсэн журам тогтоогоогүйн улмаас эдгээр ажлууд нь идэвх санаачилгатай хувь албан хаагчдын зүтгэл дээр тогтож байгааг ТББ-ууд онцлон тэмдэглэж байна.

Тайлангийн хугацаанд төр засгийн болон ХТЭТ ТББ-ын зүгээс гадаадын хохирогч иргэдийг илрүүлээгүй. Гэвч гадаад донорын санхүүжилттэй сургалтын үйл ажиллагаанд үндэсний хэмжээнд төр засгийн зүгээс идэвхтэй оролцож, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаанд төрөөс санхүүжилт олгох болсноор энэ тал дээр ахиц дэвшил гарч байгааг иргэний нийгмийн бүлгүүд онцолж байна. Эрх бүхий байгууллагууд хүний наймааны наад зах нь 20 хохирогчийг илрүүлж, ТББ-ын хохирогч хамгаалах үйлчилгээнд зуучилсан (2017 онд энэ талаар мэдээлэл байгаагүй). ЦЕГ-ын ажилтнууд бэлгийн мөлжлөгт өртсөн 8 монгол хохирогч хүүхдийг сэтгэлзүйн, нийгмийн болон эмнэлгийн халамж үйлчилгээнд зуучилсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ) нь 12 хохирогчийг хамгаалах байрны үйлчилгээгээр хангахын тулд хэд хэдэн ТББ-тай гэрээлж ажилласан байна. ХТЭТ ТББ хөдөлмөрийн мөлжлөгийн хохирогч болсон 1 хүнд, бэлгийн мөлжлөгийн 38 хохирогчид туслалцаа үзүүлжээ (2017 онд нийт 29 хүнд тусалсан). Тэднээс насанд хүрсэн хохирогчид нь бүгд эмэгтэй байсан бөгөөд насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн мөлжлөгийн хохирогч нийт 6 хүүхэд байсны 1 нь эрэгтэй, 5 нь эмэгтэй хүүхэд байсан гэж ХТЭТ мэдээлж байна. ХТЭТ ТББ нь 34 хохирогч бүхий 10 хэргийн талаарх мэдээллийг ЦЕГ-т албан ёсоор өгч, холбогдох сэжигтнүүдийг эрүүгийн хэрэгт мөрдөн шалгасан байна. ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс нь 2018 онд хүний наймааны хохирогчид туслалцаа үзүүлсэн тохиолдол байхгүйг мэдээлсэн.

Монгол Улс ард иргэдээ хүний наймаанаас урьдчилан сэргийлж, хохирогчийг хамгаалах хүчин чармайлтаа сайжруулах зорилгоор “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр” (2017-2021) болон үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Өмнөх жилүүдийг бодвол энэ тайлангийн хугацаанд төрөөс тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 709 сая төгрөг (268,260 ам.доллар) төсөвлөсөн байна (2017 онд төсөв байгаагүй). Энэхүү төсвөөр хил хамгаалах байгууллагууд эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчгүйгээр хилийн дээс алхаж буй 167 монгол хүүхдийг хүний наймааны шалгуур үзүүлэлтийн дагуу шалгахуйц цагаачлал, харьяатын албаны шинэ програм хангамжийг суурилуулж, хэрэглээнд оруулсан байна. Хэдийгээр эдгээр хүүхдүүд дунд хүний наймааны хохирогч илрээгүй ч, хил гаалийн ажилтнууд тэдний паспортанд яаралтай тусламж шаардлагатай үед хэрэглэх консулын холбоо барих мэдээлэл бүхий хуудсыг хавчуулж, үргэлжлүүлэн хянах зорилгоор биометрийн хувийн өгөгдлийг хууль сахиулах байгууллагад илгээсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1-р зүйлд прокурор хүний наймаа үйлдсэн хэмээн буруутгагдсан этгээдийн эсрэг хэрэг үүсгэхээс нааш хохирогч хамгаалах үйлчилгээ авах боломжгүй утга бүхий хэллэг байсан нь 2017 онд зарим хохирогчдыг хамгаалах үйлчилгээ авахад саад болсон. 2018 онд энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд ХЗДХЯ ажлын хэсэг байгуулж, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар засгийн газар хоорондын санал солилцох ажлыг эхлүүлсэн. Тайлангийн хугацааны төгсгөлд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах баримт бичиг хуулийн төслийн шатандаа явж байсан. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 15-р зүйлд хохирогч нь “эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны хохирлын” нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй хэмээн заасан боловч Эрүүгийн хууль болон Иргэний хуулийн өөр хоорондоо нийцгүй байдал нь энэхүү заалтыг бүрэн дүүрэн хэрэгжих боломжийг хааж байгааг төрийн албан хаагчид болон ТББ-ын ажиглагчид санал нэгтэйгээр онцлон тэмдэглэж байна. Гадаад харилцааны яамны (ГХЯ) Консулын газар хилийн чанадад хүний наймааны хэрэгт өртсөн монгол иргэдэд туслах сантай байдаг ч, үүнийг зөвхөн зохион байгуулалттай гэмт хэрэг, эсвэл “онц ноцтой гэмт хэргийн”  хохирогчид зарцуулдаг байна. 2018 онд эрх бүхий байгууллагууд хүн худалдаалах гэмт хэргийн 2 хохирогчийг Малайз Улсаас, 17-г Хятад Улсаас, нэгийг Камбож Улсаас, нийт 20 Монгол иргэнийг эх нутагт нь буцаан авчирсан нь 2017 онд 7 иргэнийг авчирч байсантай харьцуулахад их нэмэгдсэн тоо юм. ХЗДХЯ-ны мэдээлж байгаагаар, ГХЯ эдгээр хохирогчдын 15-д нь нийгмийн болон сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлсэн байна.

Зөрчлийн тухай хуулиар биеэ үнэлсэн хэмээн сэжиглэгдсэн хүмүүсийг 7-30 хоног хүртэлх хугацаагаар хорих зөвшөөрлийг эрх бүхий байгууллагуудад олгодог нь тэднийг хүний наймааны шууд үр дагавар болох үйлдлийн улмаас үйлдэгдсэн эрүүгийн хэрэгт ял шийтгэл оногдуулах эрсдэлд хүргэж байна. Эрх бүхий байгууллагууд 2018 онд хэд хэдэн гэнэтийн шалгалт явуулснаар биеэ үнэлж байсан гэх 415 хүнийг баривчилж, бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн хохирогч 10 хүүхдийг илрүүлэн хамгаалсан гэсэн мэдээлэл байгаа ч, өнгөрсөн тайлангийн хугацаанд биеэ үнэлсэн нэрийдлээр баривчилсан насанд хүрээгүй дөрвөн охинд ямар ял шийтгэл оноосон эсэх талаар мэдээлээгүй байна. Гадаадын хохирогч иргэдийг илрүүлээгүй ч тэднийг залхаан цээрлүүлж, шийтгэл хүлээлгэж мэдэх улс орон руу нь буцаахын оронд хэрэглэх өөр хуулийн хувилбар Монгол Улсын хууль тогтоомжид байхгүй. Засгийн газар 2017 оны НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу хоёр талт ажлын гэрээний ивээл дор Монголд ажиллаж байсан Хойд Солонгосын цагаач ажилчдын дийлэнхийг эх оронд нь буцаасан тухай мэдээлэл байгаа агаад тэднийг хүний наймааны шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаагүй байна. Зарим иргэний нийгэм болон орон нутгийн засаг захиргааны ажилтнуудын мэдээлж байгаагаар дипломат бус арга замаар ирсэн цөөн тооны Хойд Солонгосын цагаач ажилчид Монголд үлдэж, албадан хөдөлмөр эрхлэлтийн хүнд нөхцөлд ажилласан хэвээр байна.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

Засгийн газар хүний наймаанаас урьдчилан сэргийлэх хүчин чармайлтаа нэмэгдүүлсэн. Засгийн газар нь “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр” (2017-2021) болон холбогдох үйл ажиллагааны төлөвлөгөөнд зориулсан төсвөө нэмсэн. Хүний наймаатай тэмцэх ажлыг зохицуулах Үндэсний дэд зөвлөлийн менежмэнтийн хүрээнд холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд мэргэжлийн удирдлагаар хангах, улмаар засгийн газрын агентлаг хоорондын хүчин чармайлтыг зохицуулах боломжтой болох юм. Хууль сахиулах нэгтгэсэн статистик мэдээллийн сан бүрдүүлэх үүднээс төрөөс олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсэн бөгөөд жилийн эцэст уг ажил ахицтай урагшилсан байна. ХЗДХЯ нь хүчээр хөдөлмөр эрхлүүлэх асуудлыг илүүтэй анхаарсан хөдөлмөрийн мөлжлөгийн судалгааг хийлгэхээр дотоодын ТББ-д 9 сая төгрөг (3,410 ам доллар) олгосон байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ) нь морь унаач хүүхэд болон хүүхдийн хөдөлмөр хамгааллын асуудлаар тус бүр томоохон хэмжээний судалгааны ажил хийсэн байна. Албаны хүмүүс хүн худалдаалах гэмт хэргийн талаар өдөр тутам олон нийтийн сүлжээ болон зурагтын сувгуудаар нийтэд сэрэмжлүүлэг түгээсэн бөгөөд энэхүү сэрэмжлүүлгийг бүх аймгийн цагдаагийн газруудад тараасан. Монгол улсын өмнөд хэсэгт эрх бүхий байгууллагууд ажил хөдөлмөр эрхлэх зорилгоор Хятад улс руу хилээр гарч буй залуучуудын дунд хүний наймаанд өртөх эрсдэлийн талаар таниулах хүчин чармайлтын хүрээнд өсвөр насныхны халамж үйлчилгээний чиглэлээр дагнаж ажилладаг орон нутгийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон хэдэн зуун оюутнуудад зориулж хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг олон нийтийн мэдлэг, ойлголт дээшлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас эрх бүхий байгууллагуудаар дамжуулан Монголд гэрээгээр ажиллаж буй гадаадын ажилчид болон Монгол улстай хоёр талт гэрээгээр гадаадад ажиллаж буй Монгол иргэдийн хөдөлмөрийн гэрээнд хяналт хийсэн байна. МХЕГ нь бүрэн эрхийнхээ хүрээнд гадаадад Монгол иргэдийг ажиллуулж буй компаниудын хөдөлмөрийн гэрээ болон Монголын албан ёсны салбар дахь аж ахуйн нэгж, байгууллагуудын хөдөлмөрийн нөхцөл нь хууль тогтоомжтой нийцэж буй эсэхийг хянан шалгасан байна. Гэсэн хэдий ч, эдгээр байцаагчдад зориулсан санхүүжилт, нөөц бололцоо дутмаг байдгаас үүдэн хяналтыг цогц байдлаар хийхэд учир дутагдалтай байсныг төрийн албан хаагчид болон ТББ-уудын төлөөлөл онцлон тэмдэглэж байна. Төрийн зүгээс энэхүү хяналт шалгалттай холбогдох тайлан, тоо баримтын талаар мэдээлээгүй болно. Цаашилбал, МХЕГ хяналт шалгалт хийхээс 48 цагийн өмнө ажил олгогчдод мэдэгдэх ёстой гэсэн шаардлага нь тухайн ажил олгогч зөрчлөө нуун дарагдуулахад хүргэж байна. Өмнөх тайлангуудаас ялгаатай нь энэ удаа хүчээр хөдөлмөр эрхлүүлэх, биеэ үнэлэгчдийг худалдан авах хэрэгцээг багасгах талаар төр засгаас арга хэмжээ авсан байна. Олон улсын байгууллагатай хамтран ХЗДХЯ болон ЦЕГ нь бэлгийн мөлжлөгийн зорилго бүхий хүн худалдаалах гэмт хэрэг болон хүчээр хөдөлмөр эрхлүүлэхэд хүргэж болох цахим орчин дахь залилангийн талаар олон нийтийн ойлголтыг дээшлүүлж, тухайн хэргүүдийг мөрдөн шалгаж, таслан зогсоохын тулд кампанит ажлыг санаачилж, хамтран санхүүжүүлж, улмаар хэрэгжүүлсэн. Ингэж ажилласны үр дүнд Монголчуудыг хилийн чанадад хөдөлмөр эрхлүүлнэ хэмээн хууран мэхэлж байсан нийгмийн сүлжээний хэдэн арван хуудсуудыг хааж, хэд хэдэн хэргийг эрүүгийн мөрдөн байцаалтанд шилжүүлсэн байна.

ХҮН ХУДАЛДААЛАХ АСУУДЛЫН ТӨЛӨВ БАЙДАЛ

Сүүлийн 5 жилийн хугацаанд тайлагнасанчлан хүн худалдаалах гэмт хэрэгтнүүд Монгол улсын нутаг дэвсгэрт дотоод, гадаадын хүний наймааны хохирогчдыг мөлжиж, улмаар хилийн чанад руу гаргаж байна. Гэмт этгээдүүд хүний наймааны хохирогч болсон гадаад иргэдийг Монгол улсаар дамжуулан Орос, Хятад зэрэг улс руу наймаалцдаг байж болзошгүй байна. Монголын эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүдийг албадан хөдөлмөрлүүлэхээр Хятад, Казакстан, Норвеги, Швед, Турк улсуудад, харин бэлгийн мөлжлөгт ашиглахаар Бельги, Камбож, Хятад, Герман, Хонконг, Япон, Макао, Малайз, Өмнөд Солонгос, Швед, Турк, АНУ руу болон Монгол Улс дотроо худалддаг байна. Хүний наймаачид зарим үед хар тамхи, олон нийтийн хуурамч сүлжээ, ажлын байрны цахим зар, англи хэлний хөтөлбөрүүд зэргийг ашиглан хохирогчдыг хууран мэхлэх замаар бэлгийн мөлжлөгт татан оруулдаг ажээ. Хөдөө орон нутгийн ба эдийн засгийн хувьд ядуу хорооллын хохирогч нар Улаанбаатар хотод, аймгийн төвүүдэд болон хилийн ойр орчим бэлгийн мөлжлөгт олноороо өртөж байна. Иргэний нийгмийн байгууллагын сүүлийн үед хийсэн судалгаагаар гэр бүлийн хүчирхийлэл нь ихэнх монголчуудыг хөдөлмөр эрхлэлтийн аюултай сонголт хийхэд хүргэж, хүний наймааны хохирогч болгож, хүн худалдаалдаг гэмт этгээдүүдийн гарт ороход нь нөлөөлж байна гэжээ. Охид, эмэгтэйчүүд массажны газар, хууль бус эмсийн хүрээлэн, зочид буудал, баар цэнгээний газар, караоке клубүүд болон зарим тохиолдолд орон нутгийн цагдаагийн ажилтнуудын гар бие оролцсон байдлаар бэлгийн мөлжлөгийн зорилго бүхий хүний наймаанд дотооддоо өртөж байна. Трансжендэр эмэгтэйчүүдийг албан салбарт хөдөлмөр эрхлүүлэхээс гадуурхдаг нийгмийн жигшил зэвүүцэл өргөн тархсан учраас тэд бэлгийн мөлжлөгийн зорилго бүхий хүний наймаанд өртөх өндөр эрсдэлтэй. Япон, Өмнөд Солонгос улсын жуулчид хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох сонирхлоор Монголд ирдэг гэж өмнөх жилүүдэд тайлагнаж байсан бол иргэний нийгмийн зарим бүлгүүдийн мэдээлж байгаагаар энэ явдал улам газар авсан байж болзошгүй байна.

Монгол Улсын өмнөд хэсэгт өрнөж буй уул уурхайн салбарын хөгжил дотоодын болон олон улсын шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлсэн нь ялангуяа Хятад-Монголын хилийн эргэн тойронд хүн худалдаалах гэмт хэргийн эрсдлийг нэмэгдүүлж байна. Өмнөговь аймагт Хятадын хилээр нүүрс тээвэрлэж буй ачааны машины жолоочдын паспортыг ажил олгогчид нь тээврийн хэрэгслийн барьцаа болгож хураан авч байгаа нь тэднийг хөдөлмөрийн мөлжлөгт өртөх хүчин зүйл болж байна. Эдгээр жолооч нар хилээр нэвтрэх зөвшөөрөл авч, Хятадад нүүрсээ хүргэж өгөх хүртэл хэдэн долоо хоног, хэдэн сарын туршид хагас нойртойгоор ачааны машины цуваанд байнгын хүлээлгэнд зогсдог байна. Хүргэлт хоцроход үйлчлүүлэгчид цалин хөлсийг нь бууруулдаг учир ийм алдагдал нь тэднийг хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлд оруулдаг байна. Залуу охид, эмэгтэйчүүд уул уурхайн компаниудыг Хятадын хилтэй холбодог нүүрс тээвэрлэх зам дагуу хил нэвтрэхээр хүлээж буй жолооч нарт болон уул уурхайн жижиг тосгон, хотууд, Өвөр Монголын хил дагуух шөнийн цэнгээний газруудад биеэ үнэлж ашиглуулах эрсдэл өндөр байна. Уул уурхайд ажиллаж буй ажилчид урт хугацааны ээлжийн гарааны үеэр үр хүүхдээ гэртээ орхисноор тэд бэлгийн мөлжлөгт өртөх өндөр эрсдэлд орж байна. Түүнчлэн бага насны хүүхдүүд бичил уурхайтай холбоотойгоор албадан хөдөлмөр эрхлэлтийн мөлжлөгт өртөж байна.

Зарим хүүхэд хүчээр гуйлга гуйх, хулгай хийх болон хурдан морь унах, мал маллах, эсвэл хогийн цэг дээр хог түүх, барилга зэрэг эдийн засгийн албан бус салбарт хөдөлмөр эрхэлж байна. Зарим тохиолдолд гэр бүлийн гишүүдийн зүгээс хүүхдийг хүчээр хөдөлмөр эрхлүүлж бэлгийн мөлжлөгт оруулахад хамсаатан болж байна. Эцэг эхийнх нь гарын үсэг зурж байгуулсан гэрээний дагуу ажиллаж буй уран нугараач Монгол охидыг гол төлөв Монгол, Турк, мөн цөөн тоогоор Хонконг, Сингапурт албадан хөдөлмөр эрхлүүлж байна. Монгол хөвгүүд Хятад улсын хилийн боомт дээр хурдан морь унаач болон циркийн жүжигчнээр тодорхойгүй хугацаагаар ажиллаж, 6 сар тутам хүн дагуулж гэрт нь очуулах гэсэн нөхцөлтэйгөөр ажиллуулдаг нь хүчээр хөдөлмөр эрхлүүлэх, бэлгийн мөлжлөгт өртөх өндөр эрсдэлд хүргэж байна. Ийнхүү олон давтамжтай хилийн дээс алхуулж нүүлгэх нь тэднийг хүний наймаанд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Монгол эмэгтэйчүүдийг Хятад эрчүүд, мөн сүүлийн үед давтамж нь буурсан ч Өмнөд Солонгосын эрчүүдэд арилжааны зорилготой зуучлалаар гэр бүл болгосны дараа гэртээ зарцлах, эсвэл хүчээр биеийг нь үнэлүүлж байна.

Сүүлийн үед Хятад компаниуд монгол хөвгүүд, эрчүүдийг хөдөө аж ахуйн чиглэлээр хөдөлмөрийн доод хөлснөөс хэт доогуур цалин, тодорхой бус цагаачлал, харьяатын статустайгаар ажиллуулж байгаа нь тэднийг хүний наймаанд өртөх өндөр эрсдэлд оруулж байна. Зарим бичил зээл олгодог Хятад байгууллагууд Монголчуудын паспортыг барьцаанд авдаг нь тэднийг цагаачлал, харьяатын статустай холбоотой албадлагад өртөхөд хүргэдэг байна.

Монгол Улсад барилга, үйлдвэрлэл, газар тариалан, ой мод, загас, ан агнуур, бөөний болон жижиглэнгийн худалдаа, автомашины засвар, уул уурхайн салбарт гэрээгээр ажиллаж буй Хойд Солонгос болон Хятад ажилчид хүний наймаанд өртөх магадлалтай байна. Тэдний заримыг хилээр орж ирмэгц гэрээг нь өөрчилж, цагаачлал, харьяатын албаны хууль дүрмийг зөрчсөн нэрийдлээр албадан эрхшээлдээ оруулах эрсдэл байна. Хойд Солонгосын ажилчид хүнд, хэцүү нөхцөлд ажиллаж амьдардаг ба чөлөөтэй зорчих, ажлын байраа сонгох эрхгүйн дээр цалин хөлснийхөө өчүүхэн хэсгийг гар дээрээ авдаг байна. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар Хятадаас ирж буй Орос, Украйн эмэгтэйчүүд визгүй, богино хугацаанд хил нэвтэрснээр бэлгийн мөлжлөгийн хохирогч болох магадлалтай байна. Монголын зарим албаны хүмүүсийн авлигын асуудал нь хууль бус үйл ажиллагаа явуулж буй газрууд дахь бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүн худалдаалах гэмт хэргийг өөгшүүлснээр, хүний наймааг таслан зогсоох засгийн газрын хүчин чармайлтад сөргөөр нөлөөлж байгаа тухай ажиглагчид дурдсан байна.