Нэгдсэн хураангуй
Монгол улсын Үндсэн хуульд “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг” иргэний үндсэн эрх хэмээгээд хүнийг шашин шүтлэгийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглосон ба төр, шашны үйл ажиллагаа тусдаа байх ёстойг заасан. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар шашны байгууллагууд төрийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай бөгөөд шаардагдах бичиг баримтыг дэлгэрэнгүй хуульчилсан ч хэрэгжилттэй холбоотой нарийвчилсан журмыг орон нутгийн эрх баригчдын мэдэлд үлдээсэн. Шашин шүтэх, эс шүтэх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулахыг хуулиар хориглосон ч шашинд элсүүлэх зохицуулалт хязгаарлагдмал. Аймгуудын бүртгэлийн журам харилцан адилгүй байх, бүртгэлийн үйл ажиллагаа тодорхойгүй байх, ажилтнууд нь ойр ойрхон солигдох, эсвэл нэг шашны бүлгийн салбар бүрийг тусад нь бүртгүүлэх шаардлага зэргээс болж бүртгүүлэхэд хүндрэл учрах, удаан хүлээх зэрэг асуудал буй талаар зарим христийн болон буддын шашны бүлэг мэдээлсэн. Хэд хэдэн орон нутгийн захиргаа дээрх хүндрэл, удаашрал байгааг хүлээн зөвшөөрч, шалтгааныг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн удирдамжтай холбоотой, эсхүл бүртгэл, сунгалтын үйл явцыг илүү тодорхой болгох зорилготой шашны эрх чөлөөний хууль батлагдахгүй удаж буй зэрэгтэй холбож тайлбарласан. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал (НИТХ) Улаанбаатар хотын Налайх дүүрэг дэх Ёховагийн гэрчүүдийн шашны нийгэмлэгийн салбарыг үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй номлол явуулж байна гэсэн шалтгаанаар бүртгэлийг нь цуцалсныг хүчингүй болгосон 2017 оны шүүхийн шийдвэр хэрэгжээгүй, уг байгууллагын бүртгэл хийгдээгүй хэвээр байна. Төр, шашны үйл хэрэг тусдаа байх Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулах магадлалтай гэсэн болгоомжлолоос үүдэн Ерөнхийлөгчийн тамгын газар Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлого хариуцсан зөвлөхийн орон тоог наймдугаар сард байхгүй болгосон. Хамгийн сүүлд уг албыг хашиж байсан зөвлөх “гадны” шашны талаар хэд хэдэн удаа олон нийтэд хандсан мэдэгдэл хийсэн.
Монголын үндэсний олон нийтийн телевизээр “гадаадын” шашны бүлгүүдийн, өөрөөр хэлбэл буддын болон бөөгийн шашны бүлгээс бусад шашны талаар сөрөг агуулгатай нэвтрүүлэг гарсанд зарим шашны бүлэг эмзэглэснээ илэрхийлсэн. Ковид-19 цар тахлын эхэн үед Өмнөд Солонгосын нэгэн сүмийн гишүүдээс улбаалж вирусын тархалт дэгдсэн талаарх мэдээ хэвлэл, мэдээллээр өргөн цацагдаж, гадаадын шашны бүлгүүдийн эсрэг сэтгэгдлүүд нийгмийн сүлжээнд ихсэхэд хүрсэн.
АНУ-ын засгийн газрын ажилтнууд шашны эрх чөлөөний асуудлаар, тэр дундаа шашны байгууллагуудад тулгардаг виз, бүртгэлтэй холбоотой хүндрэлийн талаар Ерөнхийлөгчийн тамгын газар, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын их хурлын (УИХ) гишүүд, аймгуудын удирдлага, НИТХ зэрэг өндөр түвшний албаны хүмүүстэй уулзаж ярилцсан. Элчин сайд болон элчин сайдын яамны ажилтнууд Улаанбаатар хот дахь шашны тэргүүнүүдтэй тогтмол уулзаж, шашин шүтэх эрх чөлөө, хүлцэх байдлын талаар болон Ковид-19 цар тахлын үеийн хязгаарлалтууд тэдэнд хэрхэн нөлөөлж буй талаар ярилцсан. Наймдугаар сард элчин сайд Увс, Баян Өлгий аймгуудын шашны тэргүүнүүдтэй уулзаж, орон нутагт шашны эрх чөлөө хэр байгаа талаар санал солилцсон. Зургаадугаар сард элчин сайдын яамны ажилтан Хэнтий аймагт бас ийм уулзалт хийсэн. Элчин сайдын яам мөн шашны эрх чөлөөг нийгмийн сүлжээгээр тогтмол дэмжсэн.
I хэсэг. Шашны хүн ам зүй
АНУ-ын Засгийн газрын тооцоолсноор Монгол улсын нийт хүн ам 3.2 сая. Нэгдүгээр сард болсон хүн амын нэгдсэн тооллогоор 15-аас дээш насны хүн амын 59.4 хувь өөрсдийгөө шашин шүтдэг гэж тодорхойлсон бол 40,6 хувь нь ямар нэг шашин шүтдэггүй гэжээ. Шашин шүтдэг хүмүүсийн 87.1 хувь нь будда, 5.4 хувь нь мусульман, 4.2 хувь нь бөө, 2.2 хувь нь христ, 1.1 хувь нь бусад шашин шүтдэг гэжээ. Монголын буддистуудын ихэнх нь Махаяана урсгалыг шүтдэг. Олон хүн бөөгийн шашны зан үйлийг өөр шашинтай, тухайлбал буддын шашинтай хослуулж хийдэг. Христийн шашинтнуудын дийлэнх нь протестант урсгалынхан ба үлдсэн нь Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм, Роман католик, Ёховагийн гэрчүүд, Оросын үнэн алдартны сүм, Дэлхийн энх тайван, эв нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо (Эв нэгдлийн сүм) зэрэг урсгалынхан болно. Монголын Бахайн нийгэмлэг гэх зэрэг шашны бүлгүүд мөн бий. Монгол улсын баруун хойно амьдардаг казахуудын ихэнх нь мусульман шашинтан болно.
II хэсэг. Шашны эрх чөлөөнд хандах засгийн газрын байр суурь Хууль, эрх зүйн хүрээ
Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөөний нэг бол “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө” юм. Шашин шүтлэгээс нь болж хүнийг ялгаварлан гадуурхахыг Үндсэн хуулиар хориглосон бөгөөд төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй гэж заасан. Мөн Үндсэн хуульд “Төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна” гэдгийг тодотгосон байдаг. Үндсэн хуулинд зааснаар, хүн эрхээ эдлэхдээ улсын аюулгүй байдал, бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй ба нийгмийн хэв журмыг эвдэж болохгүй. Мөн Үндсэн хуулинд “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн байдаг. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” гэж заасан.
Эрүүгийн хуулинд зааснаар, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, шашны байгууллагын үйл ажиллагаа, эсхүл шашны зан үйл үйлдэхэд саад учруулсан бол хувь хүнийг 450,000 – 2,700,000 төгрөгөөр торгох, эсхүл 240- 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Хэрвээ шашны байгууллага, номлогч, лам, имам, бөө зэрэг шашны төлөөлөгч өөрийн шашны үзэл номлолоо бусдад хүчээр тулгасан, шахалт үзүүлсэн, хууран мэхэлж татан оруулсан, эсхүл шашны харгис үзэл номлолыг сурталчилсан бол 450,000- 5,400,000 төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Зөрчлийн тухай хуулинд зааснаар, хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан бол хүнийг 100,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,000,000 төгрөгөөр торгоно. Иргэний шашин шүтлэгийн байдлыг уг хүн өөрөө хүссэнээс бусад тохиолдолд албан баримт бичигт тусгасан, эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд сүм хийдийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон бол хүнийг 100,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,000,000 төгрөгөөр торгоно. Шашны байгууллага төрийн байгууллагын үүргийг эрхлэн гүйцэтгэсэн, улс төрийн үйл ажиллагаа явуулсан, эсхүл түүнд оролцсон, эсхүл санхүүжүүлсэн бол хүнийг 150,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,500,000 төгрөгөөр торгоно. Төрийн харьяалал бүхий сургууль, байгууллагад шашны сургалт, цугларалт зохион байгуулсан бол хүнийг 300,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 3,000,000 төгрөгөөр торгоно.
Төр, сүм хийдийн харилцааны хуулинд шашны үзэл номлолыг “хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх, тэдний эрүүл мэнд, ёс суртахуунд хохирол учруулах, санаа сэтгэлийг үймүүлэх замаар” дэлгэрүүлэхийг хориглодог. Мөн шашинд татан оруулахын тулд бэлэг сэлт ашиглахыг хориглодог. Хүүхдийн эрхийн тухай хуулинд хүүхэд шашин шүтэх, эс шүтэх эрхтэй гэж заасан.
Төр, сүм хийдийн харилцааны хуулинд шашны байгууллага Монголын ард түмний уламжлал, зан заншилд харшлах болон хүмүүнлэг бус үйл ажиллагаа явуулахыг хориглодог.
Шашны бүлгүүд хууль ёсны үйл ажиллагаа явуулахын тулд орон нутаг, аймгийн эрх бүхий байгууллага болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт (УБЕГ) бүртгүүлдэг. Дотоодын хууль тогтоомжид шашны байгууллагын бүртгэлийн журамтай холбоотой нарийвчилсан заалт бараг тусгаагүй, бүртгэлийн хүчинтэй хугацааг хэрхэн тогтоохыг заагаагүй ба орон нутгийн эрх баригчид өөрсдөө журам боловсруулах эрх мэдэлтэй байдаг. Бүртгэлээ сунгуулахдаа шашны байгууллагууд (ихэнх тохиолдолд жил бүр) орон нутаг болон улсын түвшний төрийн олон байгууллагад хандах ёстой байдаг. Шашны байгууллагын салбар сүм, хийдүүдийн бүртгэл болон бүртгэлийн сунгалт толгой байгууллагаасаа тусдаа байхыг шаарддаг. Зарим орон нутгийн удирдлага 16-аас доош насны хүүхдийг эцэг эхийн бичгээр олгосон зөвшөөрлийн дагуу сүмийн үйл ажиллагаанд оролцуулахыг шаарддаг.
Шашны байгууллага бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Үүнд: бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) эсвэл бусад орон нутгийн удирдлагын албан бичиг, шашны байгууллагын товч танилцуулга, дүрэм, үүсгэн байгуулах баримт бичиг, тэргүүлэгчдийн жагсаалт, санхүүгийн мэдээлэл, өмч хөрөнгийн мэдүүлэг (үүнд үл хөдлөх хөрөнгө мөн орно), лизинг эсвэл түрээсийн гэрээ, шашны үйл ажиллагаа явуулах хүсэлтэй хувь хүний товч намтар болон сүсэгтэн олны тоо зэрэг болно. Албан ёсоор бүртгэсэн ИТХ-ын тогтоолыг УБЕГ-т өгч, улсын бүртгэлийн гэрчилгээ авдаг.
Шашны байгууллага бүртгэлээ сунгуулахын тулд орон нутгийн засаг захиргаанаас тодорхойлолт авах шаардлагатай. Үүний дараа уг тодорхойлолтыг бусад бичиг баримтын хамтаар НИТХ юм уу харьяалагдах аймгийн ИТХ-д өгдөг. Сунгалт хийхийн өмнө ИТХ тухайн шашны байгууллагын албан байр, цуглааны байр зэрэгт шалгалт хийж, дутагдалтай зүйл байвал залруулах шаардлага тавьдаг. Холбогдох ИТХ-аас тухайн шашны байгууллагыг цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн тогтоол батлах ба уг шашны байгууллага тус тогтоолын хуулбарыг УБЕГ руу явуулдаг. Үүний дараа УБЕГ тухайн шашны байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийн ар талд шинэ хүчинтэй хугацааг оруулдаг.
Төрийн харьяаллын болон хувийн сургуулиуд дунд сургуулийн стандарт хөтөлбөрийг заахад зориулж улсаас санхүүжилт авах эрхтэй. Харин шашны хөтөлбөр заахад зориулж тэдэнд улсаас хөрөнгө гаргахыг хуулиар хориглосон. Боловсролын тухай хуульд нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий шашны чиглэлийн сургалт, шашны зан үйл, бусад үйл ажиллагааг улсын санхүүжилтээр зохион байгуулахыг хориглоно. Дээрх хоригийг зөрчсөн тохиолдолд дүүрэг болон орон нутгийн ИТХ уг шашны байгууллагын бүртгэлийн сунгалт хийлгэх хүсэлтийг татгалзах эрхтэй.
Монгол улсын иргэний цэргийн үүрэг болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын хуульд зааснаар 18-25 насны Монгол Улсын эрэгтэй иргэд нэг жилийн хугацаатай цэргийн жинхэнэ алба хаах ёстой. Шашин шүтлэг, итгэл үнэмшлээрээ цэргийн алба хаахаас татгалзсан тохиолдолд цэргийн албыг дүйцүүлэн хаахтай холбоотой заалт байдаг. Үүнд гамшгаас хамгаалах, хил хамгаалалтад туслах, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох, эсхүл нэг цэрэгт жилд зарцуулах зардалтай тэнцэх хэмжээний мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах зэрэг орно.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулинд тус улсын үндэсний зан заншилд хохирол учруулж болох “хүмүүнлэг бус” шашны урсгал сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, шүтэхийг хориглодог. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд мөн дотоод, гадаадын шашны байгууллагыг “хүмүүнлэг бус” буюу үндэсний соёл заншилд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон төстэй заалт байдаг.
Шашны үйл ажиллагаа явуулах гэж байгаа гадаадын иргэд шашны виз хүсэх ёстой агаад тус улсын үндэсний зан заншилд хохирол учруулж болох хүмүүнлэг бус шашны урсгалыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлахыг хориглодог. Гагцхүү бүртгэлтэй шашны байгууллага гадаад иргэнийг шашны визээр урих эрхтэй. Бусад төрлийн визээр ирсэн гадаадын иргэд шашныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулах хориотой (хувь хүний шашин шүтэхийг зөвшөөрнө). Хуульд зааснаар, “ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан” бол тус улсаас албадан гаргах үндэслэл болно.
Монгол улс нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын гэрээний гишүүн орон юм.
Засгийн газрын үйл ажиллагаа
Шинэчилсэн шашны эрх чөлөөний хуулийн төслийг засгийн газар УИХ-д өргөн бариагүй хэвээр байгаа. Ажиглагчдын дүгнэснээр, засгийн газар 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд бусад хууль, тогтоомжийг нийцүүлэх болон зургаадугаар сард болсон УИХ-ын сонгууль, аравдугаар сард болсон орон нутгийн сонгууль зэрэгт түлхүү анхаарал хандуулсантай холбоотой. Уг хуулийн төслийн үзэл баримтлалыг үзвэл, хууль батлагдсанаар шашны байгууллагын хяналт, бүртгэл, сунгалт, хариуцлагын механизмын тогтолцоо сайжрах юм. Хуулийн шинэчлэл хүлээгдэж байгаа нь бүртгэл хариуцсан зарим удирдлагуудад шинээр бүртгүүлэх хүсэлт гаргасан шашны байгууллагуудыг бүртгэхгүй байх шалтаг болж байв.
Христ болон буддын шашны төлөөллүүдийн мэдэгдсэнээр засгийн газар шашны байгууллагын сунгалтыг олгож байсан хэдий ч шинээр нэг ч шашны байгууллага нэмж бүртгээгүй. Бүртгэл болон сунгалтын үйл ажиллагаа улсын хэмжээнд харилцан адилгүй байсан бөгөөд энэ нь ихэвчлэн орон нутгийн захиргааны ажилтнуудын ажлын арга барилаас хамаарч байсан. Шашны байгууллагын бүртгэл хүчинтэй байгаа үед л гадаадаас шашны ажилтан урих эрхтэй байдаг учир бүртгэлийн үйл ажиллагаа удаашрах нь шашны байгууллагад сөргөөр нөлөөлдөг.
НИТХ бүртгэл болон сунгалтыг голдуу 1 жилээр өгдөг ба зарим шашны байгууллага сунгалт олгох процесс их удаашралтай байсан талаар гомдол мэдүүлж байсан. Арваннэгдүгээр сарын байдлаар НИТХ дээр 30 гаруй шашны байгууллагын бүртгэл сунгуулах өргөдөл хүлээгдэж буй талаар албаны хүн хэлсэн. Зарим орон нутгийн ИТХ бүртгэлийг 2-3 жилээр сунгах явдал байдаг. НИТХ-ын ажилтны хэлж буйгаар христийн шашны байгууллагууд шинээр бүртгүүлэх, бүртгэл сунгуулах өргөдлийн ихэнхийг эзэлдэг. Христийн шашны тэргүүнүүдийн хэлж буйгаар гадаад ажилтнууддаа шашны виз авахад тулгардаг гол хүндрэл нь тухайн шашны байгууллагын бүртгэлийн сунгалт хийгдэхгүй удаан саатдагтай холбоотой гэв.
Бүртгүүлэх ажиллагаа урьдчилан таамаглах боломжгүй, хэдэн долоо хоногоос авахуулаад хэдэн жил хүртэл сунжирдаг, шашны үйл ажиллагаа явуулах зориулалтын байргүй байх, санхүүгийн боломжгүй байх зэрэг тодорхой шаардлагыг хангаж чадахгүйгээс, мөн бүртгэл хариуцсан ажилтан солигдох зэргээс болоод зарим шашны бүлэг бүртгүүлэх хүсэлгүй байдаг талаар хэлсэн. Дээр нь, нэг захиргаанд харьяалагддаг салбар сүмүүд тус тусдаа бүртгүүлэх, бүртгэлээ сунгуулах шаардлагатай байдаг нь хүндрэлтэй байгааг зарим шашны байгууллага хэлж байв.
Засгийн газар шашны байгууллагын бүртгэл болон сунгалтын үйл явцаар дамжуулж тэдний үйл ажиллагаа, сүм хийдийн болон гадаадаас ирсэн санваартны тоо, шашны үйл ажиллагаа явуулж байгаа гадаад иргэн, монгол иргэний тоон харьцаа болон барилга байгууламж нь аюулгүй байдал хангаж байгаа эсэх зэрэгт хяналт тавьдаг гэж НИТХ-ын албаны хүмүүс хэлж байв. Анх удаа бүртгүүлж буй болон сунгалт хийлгэх өргөдөлд “татгалзсан” хариу өгдөг нь угтаа татгалзсан биш харин шийдвэрийг хойшлуулсан гэсэн үг ба шалтгаан нь янз бүр. Жишээ нь: үүнд бичиг баримт дутуу, үйл ажиллагаа явуулах газрын нөхцөл байдал муу, боловсролын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй атал англи хэлний сургалт явуулах, эсвэл санхүүгийн асуудал (тухайлбал, үл хөдлөх хөрөнгийн татвар төлөөгүй, гаднаас орж ирсэн орлогоо мэдүүлээгүй гэх мэт) орно. Ийм тохиолдолд тэд шаардлага хангаагүй шашны байгууллагуудад тухайн зөрчлөө арилгах зааварчилгаа өгдөг ба дараа нь ахин өргөдлөө өгөх боломжтой. Зарим христийн шашны бүлэг төрийн байгууллага холбогдох дүрэм журмыг өөр өөрөөр хэрэглэхээс гадна журмаа ойр ойрхон, урьдчилан мэдэгдэлгүйгээр сольдог гэж хэлжээ. Засгийн газар журмаа харилцан адилгүй мөрдөх, хүссэнээрээ тайлбарлах, эсвэл урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх зэрэг явдал байсан талаар зарим христийн шашны бүлэг мэдэгдсэн хэвээр байгаа. Бүртгэлийн болон сунгалтын үйл ажиллагаанд албаныхан өөрийн үзэмжээр хандах тохиолдол байдаг ба татгалзсан хариу авсан тохиолдолд давж заалдах тогтолцоо байдаггүйг зарим бүлгийнхэн хэлж байна.
Түр хугацаанд бүртгэлгүй үйл ажиллагаа явуулж буй байдал нь байгууллагыг нь санхүүгийн шалгалтанд өртөх, хууль зөрчсөн асуудалд оруулж мэдэх эрсдэлтэй байгааг зарим христийн шашны тэргүүнүүд илэрхийлсэн. Бүртгэлээ сунгуулах өргөдөл нь хүлээгдэж байгаа ч үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой байсан гэж нэлээн хэдэн шашны байгууллага мэдээлсэн.
Бөөгийн шашны тэргүүнүүд хэлэхдээ шашны байгууллага зөвшөөрөгдсөн байранд үйл ажиллагаа явуулах хуулийн шаардлага нь тэдний байгаль дэлхийтэй харьцаж хийдэг зан үйлд нь хязгаарлалт болж байна гэж байв.
Бүртгэлгүй сүмүүд өөрсдийгөө хуулийн этгээд болохыг нотолсон албан ёсны бичиг баримтгүйн улмаас газар эзэмших, түрээслэх, татварын тайлан өгөх боломжгүй, эсвэл албан ёсоор төрийн байгууллагатай харьцах боломжгүй юм. Бүртгэлгүй сүмийн гишүүд сүмийнхээ хэрэгцээнд зориулж хувиараа хөрөнгө эзэмших юм уу, түрээслэн үйл ажиллагаа явуулах байдал хэвээр байна. Жишээ нь, нэгэн төрийн бус байгууллага (ТББ) бүртгэлгүй сүм гишүүдийнхээ өгсөн хандивыг албан ёсны орлогоор бүртгэх боломжгүйн улмаас санхүүгийн маргаан үүсэхэд хүрдэг талаар хэлж байв. Орон нутгийн татварын байцаагчид, цагдаагийнхан болон бусад эрх бүхий байгууллагаас байн байн шалгалт хийдэг хэдий ч бодит байдал дээр бүртгэлгүй шашны байгууллагууд үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг талаар хэлсэн.
Есдүгээр сард УБЕГ хуулийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй нэлээн олон хуулийн этгээдийн улсын бүртгэлийг, түүний дотор НИТХ-аас өгсөн мэдээллийн дагуу 124 шашны байгууллагын бүртгэлийг түдгэлзүүлсэн. Нэгэн ТББ-ын тайлбарласнаар эдгээр байгууллагын зарим нь сунгалтаа цагт нь хийлгээгүй, хаагдсан, эсвэл үйл ажилагаа нь зогссон байсан байх магадлалтай. Улсын бүртгэлийг нь түдгэлзүүлсэн шашны байгууллагуудад будда, христ, бөөгийн шашны байгууллага багтсан байв.
Дөрөвдүгээр сард Дархан-Уул аймгийн ИТХ сунгалтаа хугацаанд нь хийлгээгүй гэсэн шалтгаанаар 6 шашны байгууллагын бүртгэлийг цуцалсан талаар нэгэн ТББ мэдээлсэн. Цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой Улсын онцгой комиссын шийдвэрийн биелэлтийг шалгах шалгалтын үеэр дээрх байгууллагуудад бүртгэлтэй холбоотой асуудал үүссэн байна. Тэдгээрийн хоёр нь шүүхэд өргөдөл гаргаж, тэр нь амжилттай шийдэгдэж, оны эцэс гэхэд сунгалт нь хүлээгдсэн хэвээр ч үйл ажиллагаа нь хэвийн болсон.
Төр, шашны үйл хэрэг тусдаа байх Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулах магадлалтай гэсэн болгоомжлолоос үүдэн Ерөнхийлөгчийн тамгын газар Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлого хариуцсан зөвлөхийн орон тоог наймдугаар сард байхгүй болгосон. Хамгийн сүүлд уг албыг хашиж байсан зөвлөх “гадаад” шашны талаар ялгаварлан гадуурхах өнгө аястай хэд хэдэн мэдэгдлийг хэвлэл, нийгмийн сүлжээ, олон нийтийн телевизийн суваг зэргээр хийсэн. Түүний хэлсэн мэдэгдлүүд зарим ажиглагчдын анхааралд өртөж, Монгол Улсад “харийн” шашин дэлгэрч байгаатай АНУ зэрэг ардчилсан улс орнуудыг холбож, Монголчуудын буддын шашны өв уламжлалын ач холбогдлыг бууруулж байна гэх мэт сэтгэгдлийг нь онцлон тэмдэглэж байв. Зарим шашны бүлгийн итгэгчид Ерөнхийлөгчийн зөвлөхийн хэлсэн үгийн талаар санаа зовниж буйгаа хувийн журмаар илэрхийлсэн.
Засгийн газар шашны байгууллагад дарамт нэмж, Хөдөлмөр, халамжийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ), НИТХ зэрэг газраас илүү их шалгалт ирэх болсон гэж нэгэн христийн шашны бүлэг хэлсэн. Уг байгууллага НИТХ-ын зөвлөсний дагуу бүртгэлээ сунгуулах бичиг баримтаа гуравдугаар сард шинээр бүрдүүлж өгсөн боловч оны эцэс гэхэд хүлээгдсэн хэвээр байсан. Өөр шашны байгууллагууд сум, дүүргийн захиргааны байгууллагуудтай сайн харилцаатай байдаг агаад харин нийслэл, аймгийн ИТХ-ын түвшний байгууллагуудын шашны байгууллагатай харьцах журам нь үл ойлголцол үүсгэж, бүртгэл, сунгалтын үйл явцад хүндрэл, удаашрал бий болдог талаар хэлж байв.
Монгол дахь Ёховагийн гэрчүүдийн шашны нийгэмлэгийн Налайх дүүрэгт үүсгэн байгуулсан хуулийн этгээд “Ариун Библийн сайн мэдээг тунхаглагчид” (АБСМТ) байгууллагын бүртгэлийг НИТХ үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй байна гэсэн шалтгаанаар цуцалсныг хүчингүй болгосон 2017 оны анхан шатны шүүхийн шийдвэр бүрэн хэрэгжээгүй байгаа. НИТХ тэдний бүртгэлийг цуцалсан шийдвэрээ хүчингүй болгосон хэдий ч зохих сунгалтыг нь олгоогүй хэвээр байна.
ГИХГ АНУ-д төвтэй нэгэн христийн ТББ-ын зөвшөөрлийг цуцалсан агаад шалтгаан нь анх бүртгүүлсэн үйл ажиллагаа буюу хүмүүнлэгийн байгууллагын явуулах ёстой буяны үйл ажиллагааг хангалттай хийгээгүй гэсэн байв. Уг ТББ-ын тайлбарласнаар тэдний үйл ажиллагаа олон жил нээлттэй, ил тод явагдсан ба шашны үйл ажиллагаа явуулдаггүй христийн байгууллага хуулийн этгээдээр бүртгүүлэх механизм хуульд байдаггүй гэж байв. Тэд ГИХГ-ын шийдвэрийг давж заалдаагүй ба байгууллагаа татан буулгасан.
Шашны бүлгүүд татвар, харьяатын алба, орон нутгийн захиргаа, тагнуул болон бусад агентлагаас үе үе шалгалт ирдэг хэвээр гэж мэдэгдсэн. Шашны тэргүүнүүд хэлэхдээ иймэрхүү шалгалтууд 1-2 жилийн давтамжтай ирдэг бөгөөд зарим нэг нь бүртгэлээ сунгуулах өргөдөл өгсөнтэй холбоотойгоор ирдэг гэж байв. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотой төрөөс тогтоосон хязгаарлалтын хэрэгжилтийг шалгах зорилгоор засгийн газраас өмнөхөөс их шалгалт ирсэн талаар хэд хэдэн шашны бүлгүүд мэдээлсэн. Шалгалтуудын зарим нь мэргэжлийн, найрсаг байхад зарим нь дарамталсан шинжтэй байжээ. Жишээ нь, зарим байцаагч сүмийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг үзүүлэх, албан өрөө, мөргөлийн танхимын дотор гадна хяналтын камер суурилуулах зэрэг зохисгүй шаардлага тавьсан тохиолдол гарсан. Тэдгээр шашны бүлэг иймэрхүү шаардлагыг дарамттай байсан гэж хэлсэн.
Зарим орон нутгийн удирдлага “тархи угааж болзошгүй” гэсэн болгоомжлолын үүднээс хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчгүйгээр христийн шашны үйл ажиллагаанд оролцохыг хязгаарласан хэвээр байгаа гэдгийг зарим шашны бүлэг мэдээлсэн. 16-аас доош насны хүүхэд сүмийн үйлчилгээнд оролцохын тулд эцэг эхээсээ бичгээр зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Сүмийн захиргаа уг зөвшөөрлийг хадгалдаг ба тодорхой албан тушаалтан асуух үед үзүүлдэг. Дээрх шаардлага нь бусад шашныхныг бодвол христийн шашныханд их нөлөөлдөг гэж тэд хэлж байв.
Зарим гадаадын иргэн шашны виз авахад хүндрэлтэй тулгарч байгаа хэвээр байна. Ихэнх шашны байгууллагууд нийт ажилтныхаа 95 хувьд нь монгол иргэдийг авч ажиллуулах ёстой байдаг ба квотод хүрэх хангалттай тооны монгол хүмүүсийг ажиллуулах санхүүгийн боломжгүй байгууллагууд нь шашны визээр нэмж хүн урих эрхгүй. Хангалттай тооны монгол хүмүүсийг ажиллуулж чадахгүй байгууллага бол нэмж хүн урих байтугай эхнийхээ гадаад ажилтанд ч шашны виз авч чаддаггүй. Христийн шашны бүлгүүдийн мэдээлснээр тус улсад ирж буй шашин түгээгч нар гол төлөв шашны бус ажлаар, өөр төрлийн визээр ирдэг (оюутны, ажил хэргийн гэх мэт). Ингэснээр тэдний оролцож болох шашны үйл ажиллагааны хүрээ ихээхэн хязгаарлагддаг бөгөөд тэд хуулийн хүрээнд юу хийж болох вэ гэдэг нь өөр өөрөөр тайлбарлагддаг тул албадан буцаагдах магадлал өндөр болдог. Шашны визийн хүчинтэй хугацаа нь ажилладаг шашны байгууллагынх нь бүртгэлийн хугацаатай адил байдаг тул энэ нь бас нэгэн хүндрэл болдгийг зарим христийн шашны бүлэг хэлж байв. Шашны байгууллагынх нь бүртгэл зөвшөөрөгдөх, эсхүл бүртгэл нь сунгагдахаас нааш гадаадын иргэд шашны визээ авах болон сунгуулах боломжгүй юм. Визийн хүчинтэй хугацаа нь уригч байгууллагын бүртгэлийн хугацаатай ижил бөгөөд тэр хугацаанаас хэтэрч болдоггүй. Ковид-19 цар тахлаас үүдэж хил хаалттай байсан нь шашны бүлгүүд гадаад ажилтан урьж авчрахад мөн хүндрэл үүсгэсэн байна.
Ёховагийн гэрчүүдийн Ази, Номхон далайн холбооны хэлснээр шашин шүтлэг, итгэл үнэмшлээрээ цэргийн алба хаахаас татгалзсан тохиолдолд цэргийн албыг дүйцүүлэн хаахын тулд орон нутгийн цэргийн байгууллагын удирдлага дор 2 долоо хоногийн цэргийн сургалтад заавал хамрагдах ёстой байдаг тул энэ хуулийн заалт тэдэнд хангалттай биш байдаг байна. Цэргийн албыг дүйцүүлэн хаах өөр нэг хэлбэр бол нэг цэрэгт жилд зарцуулах зардалтай тэнцэх хэмжээний мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах байдаг ба энэ нь тэдний ихэнх гишүүдэд санхүүгийн дарамт болох хэмжээний мөнгөн дүн байдаг гэжээ.
Нэгдүгээр сард Монголын үндэсний олон нийтийн телевизээр “Чимээгүй аюул” хэмээх хоёр цуврал нэвтрүүлэг гарсан. Үүгээр гадаадын шашны бүлгийнхний зорилго юунд байгаа талаар асуудал дэвшүүлж, тэдний хууль бус үйл ажиллагаа явуулж байж магадгүй баримт болон шашны байгууллагын бүртгэл, санхүүжилт, эзэмшилтэй холбоотой асуудлуудыг хөндөж тавьсан. “Хүмүүнлэг бус” үйл ажиллагаа явуулж буй гэх шашны гаж урсгалын аюулыг илтэд анхааруулсан уг нэвтрүүлэг одоо хэрэгжиж буй Төр, сүм хийдийн харилцааны хуулийг шинэчлэх, шашны хэрэгт төр засгийн хатуу хяналт хэрэгтэй байгааг сануулж байв. Төр засгийн зүгээс шашин, түүх, соёлын чухал төвүүд гэж үзсэн буддын шашны газруудыг сэргээн засварлахад зориулж санхүүжилт хуваарилсан.
III хэсэг. Шашны эрх чөлөөнд хандах нийгмийн хандлага
Будда болон бөөгийн шашнаас бусад “гадаадын” шашныхны эсрэг, ялангуяа христийн шашныхны эсрэг хааяа сөрөг уур амьсгал үүсдэг боловч өөр өөр шашны тэргүүнүүд шашин шүтэхэд хүндрэл бараг байхгүй талаар хэлж байв. Ковид-19 цар тахал дэгдэлтийн талаарх мэдээлэл гарч эхлэх үед хэд хэдэн христийн шашны бүлэг христийн шашныхан цуглаан хийснээс болж нийгэмд аюул учруулж байгаа талаар сөрөг сэтгэгдлүүд нийгмийн сүлжээнд ихэссэн талаар мэдэгдсэн. Жишээ нь, Өмнөд Солонгосын нэгэн христийн сүмийн цуглаанаас улбаалж Ковид-19 өвчлөлийн тархалт дэгдсэн талаарх мэдээ дотоодын хэвлэл, мэдээллээр өргөн цацагдсан.
Буддагаас бусад шашны талаар сөрөг агуулгатай мэдээлэл бүхий телевизийн нэвтрүүлгүүд гарсанд эмзэглэж байгаагаа христийн шашны бүлгүүд илэрхийлсэн.
IV хэсэг. АНУ-ын Засгийн газрын бодлого
АНУ-ын элчин сайд, бусад ажилтнууд болон АНУ-аас айлчилсан засгийн газрын албан тушаалтнууд шашны эрх чөлөөний асуудлаар, визтэй холбоотой хууль тогтоомж тэгш бус хэрэгжиж байгаа талаар, мөн шашны бүлгүүдэд учирдаг бүртгэлтэй холбоотой бэрхшээл зэрэг АНУ-ын засгийн газрын зовниж буй асуудлын талаар засгийн газрын албан тушаалтнуудтай орон нутаг, аймаг, улсын түвшинд уулзаж ярилцсан. Эдгээр уулзалтын үеэр тэд шашны эрх чөлөөний тухай хууль батлагдахгүй хүлээгдэж буйд санаа зовниж буйгаа илэрхийлсэн. Элчин сайд болон бусад ажилтнууд Улсын их хурлын гишүүд, Ерөнхийлөгчийн тамгын газар, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, НИТХ, аймгуудын удирдлагуудтай уулзах үеэрээ шашны эрх чөлөөг хамгаалах тал дээр хүчин чармайлтаа өргөжүүлж ажиллахыг дэмжиж, төр, шашны бүлгүүд хоорондын харилцан ойлголцлын чухлыг онцлон тэмдэглэж байв. Жишээ нь, зургаадугаар сард элчин сайд НИТХ-ын даргатай уулзаж, хэд хэдэн шашны бүлэгт тохиолдоод байгаа бүртгэлийн үйл ажиллагаанд нь үүссэн удаашралтай холбоотой асуудлын талаар зовниж буйгаа дамжуулсан. Уулзалтаас хойш хэдэн өдрийн дараа зарим нэг шашны байгууллага бүртгэлээ сунгуулсан талаар мэдэгдсэн.
Элчин сайд шашны түүхийн дурсгалт газар, сүм хийдүүдэд тогтмол зочилж, Улаанбаатар хотоос гадагш хөдөө орон нутагт ажиллахдаа тухайн нутгийн шашны тэргүүнүүдтэй уулзаж ярилцсан. Жишээ нь, наймдугаар сард Увс аймагт будда, христ, мусульман, бөөгийн шашны тэргүүнүүдтэй уулзаж, хөдөө орон нутагт шашин шүтэх эрх чөлөө хэр түвшинд байгаа талаар ярилцсан. Мөн тэр сардаа Баян-Өлгий аймагт мусульман шашны тэргүүнүүдтэй уулзаж, мусульман шашинтнууд голчлон амьдардаг тус аймагт шашны эрх чөлөөний байдал хэр байгаа талаар ярилцсан. Долоодугаар сард элчин сайд буддын шашны тэргүүнүүдийг гэртээ урьж, Ковид-19 цар тахлын хязгаарлалт тэдний сүсэгтэн олонд хэрхэн нөлөөлж буй талаар мэдээлэл авсан. Зургаадугаар сард элчин сайдын яамны ажилтнууд Хэнтий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдлага, орон нутаг дахь буддын болон христийн шашны тэргүүнүүдтэй уулзаж, шашин шүтэх эрх чөлөө, шашны хүлцлийг дэмжихийн ач холбогдлын талаар ярилцсан. Элчин сайдын яам мөн шашны эрх чөлөөг нийгмийн сүлжээгээр тогтмол дэмжсэн. Жишээ нь, элчин сайд шашны холбогдолтой дурсгалт газарт зочилсон талаар болон өөр өөр шашны тэргүүнүүдтэй хийсэн уулзалт бүрийнхээ талаар монгол, англи хэл дээр жиргээ бичсэн.
Олон улсын шашны эрх чөлөөний тайлан
Монгол Улс 2020
АНУ-ын Төрийн департаментын Олон улсын шашны эрх чөлөөний асуудал эрхэлсэн газар