
МОНГОЛ УЛСЫН 2021 ОНЫ ХҮНИЙ ЭРХИЙН ТАЙЛАН
АРДЧИЛАЛ, ХҮНИЙ ЭРХ, ХӨДӨЛМӨРИЙН ТОВЧОО
НЭГДСЭН ХУРААНГУЙ ТЭМДЭГЛЭЛ:
Монгол Улс нь ардчилсан зарчмаар сонгогдсон Засгийн газартай, олон намын тогтолцоотой парламентын ардчилсан улс юм. 6 дугаар сарын 9-ний өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгууль болон 2020 оны УИХ-ын сонгууль тайван бөгөөд ерөнхийдөө чөлөөтэй, шударга болсон гэж үзсэн боловч сонгуулийн үеэр сонгогчдын саналыг худалдан авах явдал гарсан гэх мэдэгдлүүдэд сэтгэл зовниж буйгаа зарим ажиглагчид илэрхийлж байв.
Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд болох Цагдаагийн ерөнхий газар болон Хил хамгаалах ерөнхий газар нь дотоодын аюулгүй байдлыг голлон хариуцдаг. Ерөнхий сайдад шууд тайлагнах үүрэгтэй Тагнуулын ерөнхий газар нь дээрх хоёр агентлагт дотоодын аюулгүй байдлыг сахиулахад туслалцаа үзүүлэн ажилладаг. Зэвсэгт хүчин нь Батлан хамгаалах яаманд тайлагнаж, онцгой байдлын болон гамшгийн үед дотоодын цэрэгт тусламж дэмжлэг үзүүлдэг. Иргэний эрх бүхий байгууллагууд нь аюулгүй байдлыг хамгаалах хүчинд хяналт тавин ажилладаг. Аюулгүй байдлыг хангах албадын зарим алба хаагчид зөрчилд холбогдсон гэх үндэслэлтэй.
Хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн асуудлуудад нэр төр гутаах, гүтгэх гэмт хэрэгтэй холбоотой зүйл заалтыг Эрүүгийн хуульд ашиглах; албан тушаалтнуудын авлигатай холбоотой ноцтой үйлдлүүд; лесбиян, гей, бисексуал, трансжендер, ижил хүйстэн, интерсекс иргэдийн эсрэг заналхийлж, хүчирхийлэх болон хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх зэрэг зөрчлүүдийн талаарх баттай мэдээллүүд багтаж байна.
Төр засгийн зүгээс хүний эрхийг зөрчсөн ба авлигатай холбогдсон албан тушаалтнуудад авах арга хэмжээ, шийтгэл оногдуулах байдал хангалтгүй хэвээр байна.
Нэгдүгээр хэсэг. Хүний халдашгүй дархан эрхийг хүндэтгэх
А. ХҮНИЙ АМИЙГ БҮРЭЛГЭХ БОЛОН ХУУЛЬ БУС УЛС ТӨРИЙН ШИНЖТЭЙ АЛЛАГА
Өнгөрсөн онд төрийн байгууллага болон албан тушаалтнаас хүний амь насыг бүрэлгэсэн хэрэг бүртгэгдээгүй.
Б. СУРАГГҮЙ АЛБА БОЛОХ
Хүн сураггүй алга болсон талаар төрийн эрх бүхий байгууллагуудаас болон тэдний өмнөөс мэдээлсэн тохиолдол бүртгэгдээгүй.
В. ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ БОЛОН ХЭРЦГИЙ, ХҮМҮҮНЛЭГ БУСААР ХАНДАЖ ХАРЬЦАХ, НЭР ТӨРИЙГ НЬ ГУТААН ДОРОМЖЛОХ, ШИЙТГЭХ
Хуулиар эдгээр үйлдлийг хориглосон. Гэсэн хэдий ч Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК) болон төрийн бус байгууллагуудын (ТББ) мэдээлснээр ял эдэлж буй зарим хоригдол болон цагдан хоригдсон хүмүүсийг ялангуяа хэрэг хүлээлгэх үүднээс шаардлагагүй хүч хэрэглэх, хэрцгий, хүмүүнлэг бусаар хандаж харьцах, нэр төрийг нь гутаан доромжлох, шийтгэх явдал гарч байна.
Эрүүдэн шүүсэн, хүчирхийлэл үйлдсэн гэх хэргүүдийг орон нутгийн цагдаагийн байгууллага буюу Авлигатай тэмцэх газар (АТГ) хариуцдаг бөгөөд АТГ нь ерөнхийдөө албан үүргээ гүйцэтгэж байх үедээ холбогдсон гэмт хэргийг мөрдөн шалгадаг. Прокурорын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаануудад хяналт тавина.
Салааны захирагчдаа зодуулсан цэрэг гуравдугаар сард нас барсан. Монголын Зэвсэгт хүчин нийтийн өмнө албан ёсоор уучлалт гуйсан. Холбогдох цэргийн албан тушаалтныг ажлаас нь халж, хүн амины хэргээр ял оноосон байна.
ХЭҮК-ийн мэдээлснээр зарим эрх бүхий байгууллага, хүмүүс баривчлагдаж хоригдсон хүмүүсийг дарамтлах, айлган сүрдүүлэх зэргээр хууль эрх зүйн зөвлөгөө авахыг хэцүү төвөгтэй болгож байжээ. Хүний эрхийн ТББ-ууд, өмгөөлөгчид эрүүдэн шүүх, хүчирхийлэлтэй холбоотой нотлох баримт цуглуулахад хүндрэл бэрхшээлтэй байдгийг мэдээлсэн. Жишээлбэл, ихэнх хорих анги, цагдан хорих байранд хоригдогсдын байцаалтыг хянах камерууд байдаг ч хүчирхийлэл үйлдэгдэх үеэр тэдгээр тоног төхөөрөмж нь ажиллагаагүй болсон гэж эрх бүхий байгууллагууд ихэвчлэн тайлагнаж байжээ.
Эрүүгийн хуульд зааснаар төрийн бүх албан тушаалтан бусдыг бие махбодийн болон сэтгэл санааны хувьд хүчирхийлэх зэргээр эрүү шүүлт тулгах, тарчилган зовоосон нь тогтоогдсон бол ял шийтгүүлдэг. Эрүү шүүлт тулгасан гэмт хэргийн ялын дээд хэмжээ нь таван жил хүртэл хугацаагаар хорих, хэрэв хохирогч эрүү шүүлтийн улмаас нас барсан бол бүх насаар нь хорих ял байдаг. Хэдийгээр албан тушаалтнууд санаатайгаар бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан тохиолдолд хариуцлага хүлээдэг боловч тухайн гэмт хэргээр яллах нь ховор. Хориглосон үйлдлүүд нь албан үүргээ гүйцэтгэх явцад дээд албан тушаалын алба хаагчийн өгсөн тушаалын дагуу буюу энэ үйлдэл нь хуулиар хориотой гэдгийг мэдэхгүйгээр үйлдэгдсэн бол гэмт хэрэгт тооцогдохгүй гэж дээрх хуульд заасан байдаг. Өгсөн тушаал нь хууль бус гэдгийг мэдсээр байж гүйцэтгэсэн бол гэмт хэргийн хамсаатан хэмээн үзнэ. Хууль бус тушаал өгсөн этгээд нь учруулсан гэм хохиролдоо эрүүгийн хариуцлага хүлээнэ гэж хуульд заасан боловч ийнхүү яллах нь мөн ховор байна.
Цагдаагийн ерөнхий газрын мэдээлснээр есдүгээр сарын 1-ний байдлаар төрийн алба хаагчдын үйлдсэн есөн хүчингийн хэргийг мөрдөн шалгасан ба түүний дотор нэг цагдаагийн албан хаагч байна. Дөрвөн хэргийн хохирогч нь насанд хүрээгүй хүүхдүүд байв. Төрийн албан хаагчдын зүгээс бусдын эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулсан гэх 24 хэргийг Цагдаагийн байгууллага мөрдөн шалгасан ба тэдгээрийн дунд нэг цагдаагийн алба хаагч байсан байна.
Ял шийтгэлээс чөлөөлөгдөх явдал аюулгүй албадын хувьд ноцтой асуудал биш байв. ХЭҮК, өмгөөлөгчид, хүний эрхийн төлөө тэмцэгчид болон ТББ-ынхан хууль сахиулах байгууллагынхны хариуцлагаас мултрах асуудалд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсээр ирсэн ба 2014 онд татан буугдсан Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Мөрдөн байцаах албыг дахин сэргээн байгуулахыг шаардсан. Тэдний мэдэгдэж байгаагаар аюулгүйн албад болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын үйлдсэн эрүүгийн гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дотооддоо өөрсдөө явуулдаг бөгөөд шүүхээр эрүүгийн шийтгэл хүлээлгэхийн оронд хамгийн дээд шийтгэл нь ажлаас чөлөөлөх байдаг. Түүнчлэн 2020 оны нэгдүгээр сард баталсан хуулиар ХЭҮК-т эрүүдэн шүүх явдлаас урьдчилан сэргийлэх комиссарыг ажиллуулахаар болсон боловч есдүгээр сарын байдлаар тухайн албан тушаалд хүн томилоогүй байв. Уг комиссар нь хорих болон мөрдөн байцаах ажиллагаа явагдаж буй газруудад урьдчилан мэдэгдэлгүйгээр гэнэтийн шалгалт хийх эрхтэй байна.
Ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зоригийг 1998 онд хөнөөсөн хэрэгтэй холбоотой сэжигтнүүдийг 2017 онд эрүүдэн шүүхэд үүрэг гүйцэтгэсэн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Батын Хурцад Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зургадугаар сард өршөөл үзүүлсэн. ТЕГ-ын дарга болон бусад яллагдагчдад 2020 онд нэгээс хоёр жилийн хорих ял оноосон.
Засгийн газар эрүүдэн шүүлт болон бусад зүй бус харьцааны хохирогсдын эрхийг хамгаалж үр дүнтэй хариу арга хэмжээ авч чадаагүй хэмээн Эмнести Интернэшнл байгууллага өөрийн 2020 оны есдүгээр сарын тайландаа дурджээ.
ХОРИХ АНГИ БА УРЬДЧИЛАН ХОРИХ ТӨВИЙН НӨХЦӨЛ
Биет нөхцөл байдал: Эрэгтэй хоригдлуудыг үйлдсэн гэмт хэргийн хүнд хөнгөнийг харгалзан тодорхой дэглэмд хамааруулж, зөвхөн тухайн дэглэмтэй хорих ангид ялыг нь эдлүүлдэг. Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн нэг л хорих анги байдаг бөгөөд уг анги нь дэглэм тус бүрээр байрлуулах ба нялх хүүхэдтэй хоригдлууд тусдаа байртай. Урьдчилан хорих төвд саатуулагдаж буй этгээдүүдийг ял шийтгүүлсэн хоригдлуудаас тусад нь өөр байгууламжид байрлуулдаг.
21 хорих анги, урьдчилан хорих 29 төвийн ачаалал ерөнхийдөө хэтрээгүй. Цагдаагийн харьяаны эрүүлжүүлэх байрны нөхцөл байдал тааруу байсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын мэдээлснээр есдүгээр сарын байдлаар хорих ангиудад гурван хүн нас баржээ. Мөн хугацаанд сүрьеэ өвчний халдварын 30 тохиолдол илэрсэнийг ШШГЕГ-аас мэдээлжээ. ТББ-уудын үзэж буйгаар засан хүмүүжүүлэх газрын албан хаагчид эмчилгээгүй болсон өвчтөнүүдийг нас барахаас нь өмнөхөн сулладаг нь хорих ангиудад нас барж буй хүмүүсийн тоог зарим талаар илт дарагдуулдаг гэжээ.
Захиргаа: Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ) хорих анги, баривчлан саатуулах төв, урьдчилан хорих төвүүдийн нөхцөл байдалд хяналт тавьдаг. УЕПГ болон ХЭҮК нь хорих анги, урьдчилан хорих төв, баривчлан саатуулах төв ба цагдаагийн харьяа эрүүлжүүлэх төвүүдэд төлөвлөгөөт, гэнэтийн болон санал гомдлын дагуу удаа дараа хяналт шалгалт хийсэн.
Бие даасан мониторинг: Эрх бүхий байгууллагаас хараат бус төрийн бус байгууллагуудын ажиглагчид болон ХЭҮК-д мониторинг хийх боломж олгосон ч ажиглагчдын очиж үзэх газруудад нэвтрэх боломжийг заримдаа хязгаарладаг. ХЭҮК тухайн жилд таван хорих анги болон баривчлан сатуулах төвүүдэд шалгалт явуулсан байна.
Сайжралт: Эрх бүхий байгууллагаас спортоор хичээллэх нэг байр, хоол хүнсний байдлыг сайжруулах үүднээс таван хорих ангид ногооны хүлэмж барьсан байна.
Г. ДУР МЭДЭН БАРИВЧЛАН СААТУУЛАХ
Хуульд заасан тодорхой журмаас гадуур дур мэдэн хэнийг ч баривчлах, саатуулах, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглох ба баривчлах, саатуулах ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан эсэхийг шүүхээр шийдүүлэх эрхтэй гэж хуульд заасан. Төрийн ихэнх байгууллагууд дээрх шаардлагуудыг ерөнхийдөө дагаж мөрдсөн. Тагнуулын ерөнхий газар (ТЕГ) зарим үед сэжигтнээс мэдүүлэг авахаар тогтоолгүйгээр баривчлан саатуулсан тохиолдол гарсан боловч Эрүүгийн хуульд прокурор баривчлан саатуулах бүх ажиллагаанд хяналт тавина гэж заасан байна.
БАРИВЧЛАХ АЖИЛЛАГАА, ЦАГДАН ХОРИГДОГСОДТОЙ ХАРЬЦАХ
Сэжигтнийг эрүүгийн хэргийн үндэслэлээр баривчлахын тулд нотлох баримтад суурилсан, прокурорын гарын үсэг бүхий тогтоол байх ёстой. Баривчилснаас хойш 24 цагийн дотор прокурор сэжигтнийг баривчлах үндэслэл, шалтгааныг дурдсан тогтоол үйлдэж шүүгчид танилцуулах шаардлагатай бөгөөд шүүгч 48 цагийн дотор цагдан хорих хугацааг сунгах, эсвэл сэжигтнийг суллах эсэхийг шийддэг. Баривчлах ажиллагаа явуулсан эрх бүхий албан тушаалтан нь сэжигтнийг баривчлагдсанаас хойш зургаан цагийн дотор ар гэрийнхэнд нь мэдэгдэх үүрэгтэй. Хуульд заасан дээрхэд үл хамаарах “хойшлуулшгүй нөхцөл байдал”-д цагдаа сэжигтнийг шууд баривчлахыг зөвшөөрдөг. Ийм үл хамаарах нөхцөл байдлын жишээнд хүн амины хэрэг, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулах, сэжигтэн оргон зугтахыг завдсан, нотлох баримтыг устгах магадлал үүсэх зэрэг нөхцөлүүд орно. Ийм тохиолдолд прокурор баривчлах тогтоолыг 24 цагийн дотор баталж, шүүгч баривчлах захирамжийг 48 цагийн дотор батлах ёстой. Баривчлагдсанаас хойш 72 цаг өнгөрч, шүүгч шийдвэр гаргаагүй бол цагдаа сэжигтнийг суллана. Суллагдах үед эрх бүхий албан тушаалтан сэжигтэнд баривчлан, цагдан хорьсон шалтгаанаа мэдэгдэх ёстой. Үйлдэгдсэн гэмт хэргийн ноцтой байдал ба яллагдагчийн хувийн нөхцөл байдал зэргээс хамааран тогтоодог батлан даалтанд гаргах тогтолцоо мөн байдаг.
Эрх бүхий байгууллагууд цагдан хоригдсон хүмүүст холбогдсон зүйл анги болон өмгөөлөгч авах эрхийнх нь талаар ерөнхийдөө даруй мэдэгдэж байв. Сэжигтнийг шүүгчийн захирамжаар урьдчилан саатуулж байцаах нийт хугацаа 18 сар байдаг. Цагдан хоригдогсод ерөнхийдөө гэр бүлийнхэнтэйгээ шуурхай холбоо барих боломжтой байсан ч сэжигтнүүдийг байн байн шилжүүлэх, алс хөдөө орон нутагт буй урьдчилан хорих төвүүдэд саатуулах байдлаар дээрх эрхийг хязгаарлаж байв.
Цагдан хоригдсон этгээд урьдчилан хоригдох үедээ, ял шийтгүүлсний дараах үе зэрэг шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх үе шатанд өмгөөлөгч авах эрхтэй. Шүүгдэгч өөрийгөө хамгаалах чадваргүй бие махбодийн эсвэл сэтгэцийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, монгол хэлээр ойлголцдоггүй бол шүүхээс уг этгээдэд өмгөөлөгч томилж өгөх ёстой. Хуулиар төлбөрийн чадваргүй яллагдагчид түүний хүсэлтээр төрөөс өмгөөлөгч гаргаж өгнө. Цагдан хоригдогсод өмгөөлөгч авах эрхээ ерөнхийдөө мэддэг ч буруу ташаа ойлголтын улмаас уг эрхээ тэр бүр эдэлж чаддаггүй. Тухайлбал, албадан саатуулагдсан этгээд хэрэг хянан шалгагдах ажиллагаа эхлэнгүүт өмгөөлөгч авах эрхтэй гэдгээ тэр болгон мэддэггүйн улмаас шүүхийн шатанд хэрэг хэлэлцэх хүртэл эрхээ эдэлдэггүй.
Хууль бус баривчилгаа: ХЭҮК нь аравдугаар сарын байдлаар хууль бусаар баривчилсан, дур мэдэн албадан саатуулсан, хугацаа хэтрүүлэн хорьсон гэх 25 гомдол хүлээн авсан бөгөөд эдгээр гомдлыг мөрдөн шалгуулахаар шилжүүлсэн байна. Тэдний мэдээлснээр мөрдөн байцаалт явуулах эрх бүхий газраас сэжигтнүүдийг мөрдөн шалгахдаа заримдаа шүүгчийн захирамжгүйгээр, зарим тохиолдолд нууцаар саатуулсан төдийгүй цагдаа сэжигтэнд таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа батлан даалтад өгөх, оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах, цэргийн албан хаагчийг цэргийн ангийн удирдлагад харгалзан хянуулах зэрэг өөр бусад боломжууд байсаар атал юун түрүүнд баривчлан саатуулахыг урьтал болгодог байна. Хувийн батлан даалтаар ар гэр, хамаатан садан нь сэжигтнээр тооцогдож буй хүнийг батлан даалтаар авч болдог.
Засгийн газраас Ковид-19-ийн журмыг ялгавартай хэрэгжүүлж байгааг эсэргүүцсэн #NoDoubleStandard (ялгавартай байдлыг халах) хөдөлгөөний хоёр удирдагчийг цагдаагийн байгууллагаас цагдаагийн журам зааврыг мөрдөхөөс татгалзан, бусдыг доромжилсон хэмээн 30 хоногийн хугацаагаар аравдугаар сард баривчлан саатуулсан. Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос хууль хэрэгжүүлэгч байгууллагын албан хаагчдыг хэтэрхий хатуу хандсан хэмээн үзсэн.
2020 оны зургаадугаар сарын УИХ-ын сонгуулийн үед зарим парламентын гишүүд, УИХ-д нэр дэвшигчид болон хэд хэдэн нэр дэвшихээр горилогчид авилга, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр баривчлагдан саатуулагдаж, шүүгдэн, шүүхээр ял сонссон. Эдгээр яллагдагчдын зарим нь баривчлан саатуулсан, мөрдөн шалгасан цаг хугацааг сонгуультай холбоотой, дээрх үйл ажиллагаа хууль ёсны байсан эсэхийг давж заалдан шалгуулах боломжгүй байсан зэрэг талаар гомдол гаргасан.
Д. НЭЭЛТТЭЙ, ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХ ЗӨРЧИГДӨХ
Үндсэн хууль болон холбогдох хуулиар шүүх эрх мэдэл хараат бус байна гэж заасан боловч шүүхийн авлига, гуравдагч этгээдийн нөлөөлөл хэвээр байна гэж ТББ-ууд, хувийн хэвшлийнхэн мэдээлсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаанд гэм буруутайг нотлох баттай баримт тогтоогдохгүй байсаар байтал шүүх прокурорын эсэргүүцлийг сөрөн, гэм буруугүйд үзэх, эсвэл хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргах нь ховор байна. Хэрэгсэхгүй болговол тухайн эрүүгийн хэргүүдийг шүүхээс прокурорын нэмэлт мөрдөн байцаалтад удаа дараа буцаасан. Жишээ нь 2019-2020 онд давж заалдах шатны шүүхээс 502 эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд, 269 хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хууль хэрэгжүүлэх байгууллагад буцаажээ.
Улсын Их Хурал нэгдүгээр сард Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг баталснаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шүүхийн ерөнхий зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн шүүгчдийг түтгэлзүүлэх, ерөнхий прокурор болон ерөнхий прокурорын орлогчийг чөлөөлөх; УИХ-аар хэлэлцүүлэн АТГ-ын эрх бүхий албан тушаалтнуудыг албанаас нь чөлөөлөх эрх мэдлийг олгосон 2019 оны маргаантай заалтыг хүчингүй болгосон. Шинэчлэн найруулсан Шүүхийн тухай хуулиар Шүүхийн ерөнхий зөвлөлд бүтцийн өөрчлөлт хийгдэж хараат бус Шүүхийн сахилгын хороог байгуулан зөвхөн уг Сахилгын хороо нь шүүгчдийг чөлөөлөх онцгой эрхийг эдлэнэ хэмээн заасан байна.
Хуулиар төрийн нууц, насанд хүрээгүй яллагдагч, насанд хүрээгүй хохирогчтой хэргүүдээс бусад хэргүүдийг шүүхээр хэлэлцэхдээ олон нийт болон хэвлэл мэдээлэлд нээлттэй явуулна гэж заасан. Гэвч хэд хэдэн тохиолдолд шүүх ажиллагааг олон нийт болон хэвлэл мэдээлэлд нээлттэй явуулах яллагдагчдын хүсэлтэд шүүх хурлын байрны багтаамж бага эсвэл Ковид-19-тэй холбоотойгоор хүн хоорондын зай барих шаардлагыг хангах гэсэн хоёр шалтгаанаар хамтад нь татгалзсан хариу өгсөн. Ийм тохиолдолд шүүхүүд тухайн хэргийн шүүн хэлэлцэх ажиллагааны нээлт болон хаалтын ажиллагаанд тодорхой тооны хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцохыг ерөнхийдөө зөвшөөрч байсан.
ШҮҮХЭЭР ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА
Хуульд зааснаар хүн бүр шударга, нээлттэй шүүхээр хуульд заасан хугацаанд хэргээ шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд шүүх энэ эрхийг ерөнхийд нь хэрэгжүүлсэн.
Шүүгдэгч гэм буруутайг нь шүүхээр тогтоох хүртэл гэм буруугүйд тооцогдох бөгөөд ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй. Шүүгдэгч гэм буруутай нь тогтоогдож, шүүгдэгчээс төлбөрийг гаргуулахаар шүүх шийдээгүй л бол, дохионы хэлний хэлмэрч гаргаж өгөх зэргээр хэлмэрчлэх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ. Шүүгдэгч анхан шатны шүүхээр хэрэг нь хянан шийдвэрлэгдэх хуралд биечлэн оролцох (гэвч энэ нь давж заалдах шүүхэд хамаарахгүй); өөрийн сонгосон (эсвэл улсаас гаргаж өгсөн) өмгөөлөгчтэйгөө харьцах; өмгөөллөө хүлээн авах, бэлдэх хангалттай хугацаатай байх; гэрчтэй нүүрэлдэх; өөрийн гэрчийг дуудаж оролцуулах, нотлох баримт гаргаж өгөх; хүчээр мэдүүлэг өгөхгүй байх, гэм буруу хүлээхээр албадуулахгүй байх, давж заалдах зэрэг эрхтэй. ТББ-ууд, ажиглагчдын мэдээлснээр зарим тохиолдолд эрх бүхий байгууллагууд эдгээр эрхийг хэрэгжүүлээгүй бөгөөд шүүгч, прокурор болон шинжээч, гэрчүүдэд авлига өгөх, танил тал харах замаар үндэслэлгүй ял оноох, хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн ялын хэмжээг бууруулах тохиолдлууд гарчээ.
Процедурын явцад алдаа гарах, хуулийн уялдаа холбоо муу байгаа нь шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ихэвчлэн нөлөөлдөг. Улсын өмгөөлөгчдийн тоо хангалттай байдаг боловч улсаас өмгөөлөгч гаргаж өгөх нөхцөл байдал хязгаармагдмал. Гэхдээ эдгээр өмгөөлөгчийн үйлчилгээний чанар, мэргэжлийн ур чадвар жигд бус байдаг тул олон шүүгдэгч хууль зүйн туслалцаа авах эрхээ хангалттай эдэлж чадахгүй байв. Шүүгчид хэрэг хянан шийдвэрлэхдээ хангалттай нотлох баримт гэхээсээ хэргээ хүлээсэн эсэхэд гол төлөв тулгуурладаг. Үүнээс гадна төрийн албан хаагч, эрх мэдэлтнүүд, цагдаа, хууль сахиулах албаныхан гэрчийг сүрдүүлдэг, шүүх хуралд олон нийтийн оролцоо хязгаарлагдмал, шүүхийн шийдвэр гаргах үйл явц ил тод бус, шинэ Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрхэн үйлчлэх талаарх мэдлэг ойлголт дутмаг байгаад ТББ-ууд шүүмжлэлтэй хандаж байна.
УЛС ТӨРИЙН ХОРИГДОЛ БА ЦАГДАН ХОРИГДОГЧ
Улс төрийн хэргээр хоригдсон хоригдол, цагдан хоригдогч албан ёсоор бүртгэгдээгүй.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭЭР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА БА ХОХИРОЛ БАРАГДУУЛАЛТ
Хүний эрх зөрчсөн хэрэг маргааныг захиргааны болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх арга замаар барагдуулдаг. Засгийн газраас хүний эрхтэй холбоотой шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байх тохиолдол заримдаа гардаг.
ӨМЧ ХӨРӨНГИЙГ ХУРААХ БА НӨХӨН ТӨЛБӨР
ТББ-уудын мэдээлснээр дахин төлөвлөлт, бүтээн байгуулалтын зорилгоор төр засгаас зарим иргэдийг амьдарч байсан газраас нь хүчээр нүүлгэх асуудал гарсан ба ингэхдээ зүй зохистой нөхөн олговорыг өгөөгүй байна.
Е. ХУВИЙН БОЛОН ГЭР БҮЛИЙН АМЬДРАЛ, ОРОН БАЙРНЫ ХАЛДАШГҮЙ БАЙДАЛ, ЗАХИДАЛ ХАРИЛЦААНЫ НУУЦАД ХУУЛЬ БУСААР ХӨНДЛӨНГӨӨС ДУР МЭДЭН ОРОЛЦОХ
Хуулиар эдгээр үйлдлийг хориглодог бөгөөд төр засгийн зүгээс эдгээр хориог зөрчсөн гэх мэдээ гараагүй.
2 дугаар хэсэг. Иргэний эрх чөлөөг хүндэтгэх
А. ХЭВЛЭЛ БА БУСАД МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД БОЛОН ИРГЭДИЙН ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ
Хуульд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй байхаар заасан. Төр засгийн зүгээс энэ эрхийг ерөнхийдөө хүндэтгэсэн боловч агуулгын хязгаарлалт тавих, тусгай зөвшөөрөл олгох зэргээр зарим асуудал үүссэний сацуу сэтгүүлчдийг дарамталсан хэргүүд гарсан.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх: Зургадугаар сарын 15 буюу Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өдөр цар тахлын асуудлыг зохицуулж буй Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн гурван иргэний тэмцэгчдийг цагдаагийн байгууллагаас баривчлан саатуулж мөн өдрөө эргүүлэн сулласан.
Хэвлэл, мэдээлэл болон цахим мэдээллийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө: Ковид-19 цар тахалтай тэмцэх арга хэмжээний талаарх 2020 оны хуульд цар тахлын талаар худал мэдээлэл тараасан нь тогтоогдсон хувь хүн болон хуулийн этгээдэд торгууль ноогдуулахаар заасан. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудлаар дагнан ажилладаг дотоодын ТББ болох Глоб интернэшнл төвийн тэмдэглэснээр уг хуулиар тухайн редакцийн нийтлэл ташаа буюу худал мэдээлэл агуулж буй эсэхийг эхлээд цагдаагийн байгууллага тогтоохоор зохицуулжээ. Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс 2020 оны 12 дугаар сард 300 сэтгүүлчдийн дунд явуулсан судалгаагаар цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч Засгийн газраас улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаар хэвлэл мэдээлийн эрх чөлөө дордсон хэмээн судалгаанд хамрагсдын 50-иас дээш хувь нь үзсэн байна. 9 дүгээр сард хэсэг сурвалжлагчид УИХ-ын танхим/ордонд нэвтрэх эрхийг нь хассан Ковид-19-ийн журмыг эсэргүүцсэн.
Глоб интернэшнл төвийн (ГИТ) мэдээлсэнээр цагдаа, улс төрчид, томоохон бизнесийн байгууллагуудын зүгээс орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дарамталсаар байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшил, улс төрийн харьяалал олон нийтэд тэр болгон ил тод биш байна.
Хуулиар тухайн хувь хүнтэй холбоотой ноцтой баримт, мэдээллийг нуун дарагдуулах зорилгоор хүч хэрэглэхээр сүрдүүлсэн, хээл хахууль өгөхийг завдсан, өөр бусад аргаар айлган сүрдүүлсэн бол хэвлэл мэдээллийн байгууллага гомдол гаргах эрхтэй гэж заасан. Ийм тохиолдолд тухайн хэвлэл мэдээллийн байгууллага нь сүрдүүлсэн этгээдийн эсрэг эрүүгийн, эсвэл иргэний гомдол мэдүүлж болно. Гэм буруутай нь тогтоогдвол, тухайн этгээдийг торгох, нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, нэгээс зургаан сар хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.
Цензур, нэвтрүүлгийн агуулгыг хязгаарлах: Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ноос гаргасан журам зохицуулалтуудаар дижитал болон телевиз, радиогийн нэвтрүүлгийн агуулгад, тухайлбал илт хүчирхийллийг хориглох зэрэг ерөнхий нөхцөлөөр хориг хязгаарлалт тавьдаг. Телевиз, радио сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл өгөх чиг үүрэг бүхий ХХЗХ-ны дарга болон гишүүдийг олон нийттэй зөвшилцөхгүйгээр Засгийн газраас томилдог. Энэ томилгоо, дээрээс нь тусгай зөвшөөрөл олгох, тендер сонгон шалгаруулах үйл явц ил тод бус байдгаас радио давтамжийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг шударгаар үзүүлэх боломжийг хязгаарлаж, улс төрд танил талтай хүмүүст давуу тал олгож байна. Энэ байдал нь сэтгүүлчид өөртөө цензур тогтооход хүргэж байна.
Гүтгэх/доромжлох хууль: Гүтгэн доромжлохыг хуулиар зөрчил хэмээн үздэг бол сонгуулийн сурталчилгаа явагдах хугацаанд (ерөнхийдөө 18 хоног) гэмт хэрэг болдог байна. Гүтгэх, нэр төрийг гутаан доромжлох явдлыг зөрчил хэмээн үзвэл багавтар хэмжээний торгууль оногдуулдаг. Харин гэмт хэрэг хэмээн үзсэн тохиолдолд мэдэгдэхүйц өндөр торгууль ноогдуулах буюу нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял оноодог байна. Хэрэв хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр гүтгэн доромжилсон гэм буруутай нь тогтоогдвол үйл ажиллагаа явуулах эрхийг нь зургаан сарын хугацаанд түдгэлзүүлнэ.
Эрүүгийн хуулинд орсон 2020 оны нэмэлт өөрчлөлтөөр “илт хуурамч мэдээлэл тарааж хүний нэр хүнд, нэр төр, хуулийн этгээдийн бизнесийн нэр хүндэд хохирол учруулах” (гүтгэх доромжлох гэсэн хэргээс ялгаатай) гэсэн заалтыг эрүүгийн гэмт хэрэгт тооцох болж торгууль ноогдуулах, 240-270 цагийн нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлэх, зорчих эрхийг нэгээс гурван сараар хасах буюу дээрх шийтгэлийг хослуулан хэрэглэхээр заасан байна. Глоб интернэшнл төвийн мэдэгдсэнээр “илт хуурамч мэдээлэл” ба “хуурамч мэдээлэл тараах” гэдгийг нарийн тодорхойлж өгөөгүйн улмаас эрх мэдэлтнүүдийн зүгээс хуулийг дураараа хэрэглэх боломж олгож байна.
“Өглөөний сонин”-д нийтлэгдсэн “Мон-Атом” төрийн өмчит компаний талаарх тавдугаар сарын нийтлэлийн дараа уг компани хуурамч, буруу ташаа мэдээлэл тараан бизнесийн нэр хүндэд хохирол учруулсан хэмээн уг сонины эсрэг иргэний шүүхэд зарга үүсгэсэн. Дээрх компани сонингийн нүүр хуудсан дээр залруулга хийхийг шаардаж зуун сая төгрөгийн (35,100 ам доллар) нөхөн олговор нэхсэн. 11 дүгээр сарын байдлаар хэрэг шийдвэрлэгдээгүй байна.
ИНТЕРНЕТИЙН ЭРХ ЧӨЛӨӨ
Хуульд зааснаар хувь хүмүүс болон бүлэг, хамт олон интернетээр үзэл бодлоо тайван илэрхийлж болно. Төрийн эрх бүхий байгууллагаас хаагдсан вэбсайтуудын жагсаалтыг гаргаж, холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэх сайтуудыг уг жагсаалтад нэмж бүртгэсний дотор оюуны өмчтэй холбоотой сайтуудыг ч оруулсан. Шинээр хаагдсан вэб хуудаснуудын тоон мэдээлэл алга байна.
Ямар агуулга буюу контентыг зохисгүй гэж үзэж хориглох талаар журамд нарийвчлан тодорхойлоогүйгээс зохисгүй контентын хязгаарлалтыг өргөн хүрээнд тавьсан байна. Уг журамд заасны дагуу ачаалал ихтэй вэбсайтуудыг шүүлтүүрийн програм хангамж ашиглахыг шаардаж байгаа нь сэтгэгдэл үлдээсэн, мэдээллийг хуваалцсан хүмүүсийн интернет протокол хаягийг нийтэд дэлгэж байна.
Ковид-19-ын тусгаарлах төвийн үйл ажиллагааны тааруухан зохион байгуулалтын талаар Facebook хуудсанд гомдол бичсэн иргэнийг нэгдүгээр сард цагдаагийн байгууллагаас хуурамч мэдээлэл тараасан хэмээн үзсэн. Шүүхээс уг иргэнийг 500 000 төгрөгөөр (175 ам.доллар) торгох шийдвэр гаргасан боловч тэрээр зургадугаар сард шүүхийн шийдвэрийг амжилттай давж заалдсан.
10 сард өөрийн Twitter хуудаснаа Ерөнхий сайд болон Шадар сайдыг татвар төлөгчдийн мөнгийг шаардлагагүй төслүүдэд зарцуулж байна хэмээн шүүмжилсэн нэгэн эрэгтэйг Цагдаагийн ерөнхий газраас мөрдөн шалгасан. Түүнийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийг зөрчин өөрийн санаа бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр хүнд, нэр төрийг гутаасан хэмээн буруутгасан. Арваннэгдүгээр сарын байдлаар уг хэрэг шийдвэрлэгдээгүй байсан.
БОЛОВСРОЛЫН ЭРХ ЧӨЛӨӨ БА СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ
Ковид-19 цар тахлын улмаас Засгийн газраас авсан арга хэмжээнээс өөр боловсролын эрх чөлөө ба соёлын арга хэмжээнд төрөөс хязгаарлалт хийгээгүй.
Б. ТАЙВАН ЗАМААР ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙХ, ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ ЭРХ ЧӨЛӨӨ
Хуульд тайван замаар жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөтэй байхаар заасан бөгөөд төр эдгээр эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хүн хоорондын зай барих журамыг баримтлах зорилгоор шаардлагатай зохицуулалтыг хийснээс болж зарим бүлэг хүмүүс эдгээр хязгаарлалтуудын талаар гомдол илэрхийлж байсан.
В.ШАШНЫ ЭРХ ЧӨЛӨӨ
Холбогдох мэдээллийг АНУ-ын Төрийн департаментын Олон улсын шашны эрх чөлөөний тухай илтгэлээс https://www.state.gov/religiousfreedomreport/ хаягаар орж үзнэ үү.
Г. ШИЛЖИН СУУРЬШИХ, УЛС ОРНООС ЯВАХ ЭРХ ЧӨЛӨӨ
Хуульд иргэд улсынхаа нутаг дэвсгэр дээр чөлөөтэй зорчих, гадаад улсад явах, цагаачлах, эх орондоо буцаж ирэх эрхтэй байхаар заасан бөгөөд төр эдгээр эрхийг ерөнхийдөө хүндэтгэдэг. Ковид-19 цар тахлаас шалтгаалан улсаас явах, ирэх арилжааны нислэгүүдийг төрөөс зогсоосны улмаас гадаад орнуудад гацсан зарим иргэд нислэгийг бүхэлд нь хориглосон арга хэмжээг хэт чангадсан хэмээн шүүмжилсэн.
Д. ДОТООДДОО ШИЛЖИН СУУРЬШИХЫГ ХОРИГЛОСОН ИРГЭДИЙН СТАТУС БА ТЭДЭНТЭЙ ХАРЬЦАХ НЬ
Хамаарахгүй.
Е. ДҮРВЭГСДИЙГ ХАМГААЛАХ
Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас хүлээн зөвшөөрөгдсөн дүрвэгсэд, орогнол хүсэгчид болон бусад холбогдох иргэдийг хамгаалан туслалцаа үзүүлэхэд НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар болон бусад хүмүүнлэгийн байгууллагатай хамтран ажилласан.
Орогнол олгох: Хуулиар орогнол олгохыг зөвшөөрдөг бөгөөд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэх хугацаанд Засгийн газар Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэдэд хязгаарлагдмал хүрээнд хамгаалалт үзүүлсэн. Хуулиар тус улсаас албадан гаргах үндэслэлийг тодорхой заасан бөгөөд уг шаардлагыг хангаагүй орогнол хүсэгчдийг албадан гаргах эрх мэдлийг Гадаадын иргэн, харьяатын газар (тус улсын цагаачлалын алба) хэрэгжүүлдэг.
Хөдөлмөр эрхлэлт: Хуулиар дүрвэгсэд болон орогнол хүсэгчдэд тухайлсан эрх зүйн статус олгодоггүй, тэднийг хууль бус цагаач гэж үздэг тул хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгодоггүй.
Үндсэн үйлчилгээ авах эрх: Хуулиар дүрвэгсдийн статус олгодоггүй тул орогнол хүсэгчид ерөнхийдөө төрөөс үзүүлдэг эрүүл мэнд, боловсрол зэрэг суурь үйлчилгээг авах боломжгүй. Дүрвэгсэд, орогнол хүсэгчид нь НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссариатын дэмжлэгтэйгээр хувийн эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой.
Гуравдугаар хэсэг. Улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрх
Хуулиар иргэд засгийн газраа сонгох ээлжит чөлөөт, шударга сонгуульд бүх нийтийн, тэгш эрхийн үндсэн дээр нууц санал хураалтаар оролцох эрхээ эдэлдэг.
СОНГУУЛЬ БА УЛС ТӨРИЙН ОРОЛЦОО
Хамгийн сүүлд болж өнгөрсөн сонгууль: Ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 9-нд, хамгийн сүүлийн УИХ-ын сонгууль 2020 онд болсон. Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага (ЕАБХАБ) Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах зорилгоор олон улсын цөөн тоооны ажиглагчтай баг ирүүлсэн. Ажиглагчдын дүгнэснээр “Цар тахлын улмаас нэр дэвшигчид сонгогчидтойгоо нүүр тулан уулзах боломжгүй байсан ч сурталчилгааг чөлөөтэй явуулсан. Гэвч нэр дэвших, кампанит ажлаа явуулах, хэвлэн нийтлэх эрхтэй холбогдох хатуу чанга дүрэм журам нь олон улсын стандартад нийцэхгүй, сонгуулийн сурталчилгааны санхүүгийн ил тод байдал зэрэг нь сэтгэл зовниулсан асуудал хэвээр байв” гэжээ. Сонгуулийг сайн удирдан зохион байгуулсан хэмээн ажиглагчид үзсэн боловч тэгш бус нөөц бололцоо, сонгуулийн сурталчилгааны ажилд төрийн алба хаагчид оролцсон нь засгийн эрхийг барьж буй намын давуу талыг өсгөсөн гэдгийг тэмдэглэсэн.
2020 оноос үйлчилж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй гэж заасны дагуу зургаадугаар сарын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ардчилсан намын тухайн үеийн ерөнхийлөгчийг шүүх сонгуульд нэр дэвших эрхгүй болгосон. Түүнд энэхүү хязгаарлалт хамаарахгүй хэмээн ерөнхийлөгч асан Баттулга үзсэн бөгөөд мөн тэрээр Монгол Ардын намыг шүүхэд өгч тараахыг оролдсон боловч амжилтанд хүрээгүй.
Гадаадад оршин суугаа иргэд 2020 оны Их хурлын сонгуульд санал өгөх боломжгүй байсан бол зургаадугаар сарын Ерөнхийлөгчийн сонгуульд тухайн оронд суугаа дипломат төлөөлөгчдийн газраар дамжуулан саналаа өгсөн.
Эмэгтэйчүүд болон цөөнхийн оролцоо: Улс төрийн үйл явцад эмэгтэйчүүд, түүхэнд гадуурхагдсан буюу цөөнхийн төлөөлөл оролцох оролцоог хязгаарласан хууль тогтоомж байхгүй бөгөөд эдгээр хүмүүс улс төрийн үйл ажиллагаанд оролцсон. Сонгуулийн тухай хуульд зааснаар улс төрийн нам, эвслээс орон нутгийн болон үндэсний хэмжээний улс төрийн албанд томилогдох нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх ёстой. Улс төрийн намууд ерөнхийдөө энэ шаардлагыг биелүүлсэн. Жишээлбэл, УИХ-ын зургаадугаар сарын сонгуулийн үед олон янзын улс төрийн намууд болон эвслүүдээс нэр дэмшигчдийн ойролцоогоор 25 хувь нь эмэгтэйчүүд байв. Сонгуулийн тойрогт очиж саналаа өгсөн эмэгтэйчүүдийн тоо эрэгтэй сонгогчдоос 11 хувиар илүү байсан байна.
Дөрөвдүгээр хэсэг. Авлига ба төрийн үйл ажиллагаанд ил тод байдал дутагдах
Авлига төр засгийн бүх түвшинд өргөн хүрээг хамарсан хэвээр байна. Авлигатай тэмцэх хүчин чармайлтыг улс төржүүлж байгаа нь авлигатай үр дүнтэй тэмцэхэд саад тотгор учруулсаар байна. Албан тушаалтан авлига авсан тохиолдолд эрүүгийн ял шийтгүүлэхээр хуульд заасан ч төр засгаас уг хуулийг тэр бүр үр дүнтэй хэрэгжүүлдэггүй тул авлига бүх түвшинд байсаар байна. Авлигын шинжтэй үйл ажиллагаанд холбогдсон зарим албан тушаалтан ял шийтгэгдэхгүй өнгөрдөг. Засгийн газар 2016 онд баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зургаан жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг тав дах жилдээ хэрэгжүүлсэн. Эрүүгийн хуульд нийтийн албан хаагчид, төрийн эрх бүхий албан тушаалтнуудын авлига болон хээл хахуультай холбоотой хэргүүдэд хариуцлага хүлээлгэхээр заасан. Тухайлбал, тус хуулиар авлигын хэргээр шийтгүүлсэн этгээд цаашид нийтийн албанд тодорхой хугацаанд ажиллахгүй гэж заажээ. Авилга: Ерөнхий сайд авлигатай тэмцэх Засгийн газрын ажлын хэсгийг долдугаар сард байгуулсан. Улаанбаатар хотын Ерөнхий прокурор асан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдгээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс есдүгээр сард яллагдсан. Цагдаагийн нэгжлэгээр түүний гэрээс 199 сая төгрөг (70.000 ам.доллар) олдсон байна. Түүнд 14 сая төгрөгийн торгууль ноогдуулж нийтийн алба хашихыг хоёр жилээр хоригложээ.
Тавдугаар хэсэг. Хүний эрхийн зөрчлийг шалгадаг олон улсын болон дотоодын төрийн бус байгууллагуудад хандах төрийн хандлага
Дотоодын болон олон улсын хүний эрхийн олон байгууллага ерөнхийдөө төр засгийн ямар нэг саад хязгаарлалтгүйгээр хүний эрхтэй холбоотой хэргүүдийг судлан, үр дүнг нь мэдээлэх зэргээр үйл ажиллагаагаа явуулсан. Эрх мэдэл бүхий төрийн албан тушаалтнууд зарим тохиолдолд эдгээр байгууллагатай хамтран, үзэл санааг нь дэмжин ажиллажээ. Засгийн газрыг дэмжигчдийн зүгээс заримдаа тэдгээр ТББ-ыг “зохисгүй этгээдүүд”, “будлиан таригчид”, “гадаадын тагнуул”, эсвэл “төрийг эсэргүүцэгчид” гэх мэтээр тодорхойлдог.
Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль 7 дугаар сарын 1-ээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар хүний эрх хамгаалагчийг тодорхойлох, хөхиүлэн дэмжих, хамгаалах механизмыг бий болгосон байна.
Хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн байгууллагууд: ХЭҮК нь хүний эрхийн зөрчлийг хянах, бодлогод өөрчлөлт оруулахаар санал гаргах, хянах, хүний эрхийн ТББ-уудтай үйл ажиллагаагаа уялдуулах үүрэгтэй. ХЭҮК-ын зургаан гишүүн нь сонгон шалгаруулалтаар сонгогдож, УИХ-аас зургаан жилийн хугацаатай томилогдоно. Албаны хүмүүсийн мэдээлснээр УИХ-аас ХЭҮК-т хуваарилсан төсөв хангалтгүй хэвээр байгаа бөгөөд хяналт шалгалт явуулах, сургалт зохион байгуулах, олон нийтийн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх үйл ажиллагаа нь бүхэлдээ гадаад санхүүжилтийн эх үүсвэрээс хамааралтай. ХЭҮК-оос лесбиян, гей, бисексуал, трансжендер, ижил хүйстэн, интерсекс (ЛГБТИ+) хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, үндэстний цөөнхийн эрх гэх мэт улс төрийн маргаантай хүний эрхийн асуудлуудыг байнга дэмжсээр иржээ.
Хүний эрхийн асуудлуудыг харилцан хэлэлцэх талаар төр засаг, иргэний нийгмийнхэн зарим талаар хамтран ажилласан.
Зургаадугаар хэсэг. Ялгаварлан гадуурхалт, нийгмийн зүй бус харьцаа
ЭМЭГТЭЙЧҮҮД
Хүчин болон гэр бүлийн хүчирхийлэл: Эрүүгийн хуульд зааснаар хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эрх мэдлийн байр сууриа ашиглах (санхүүгийн болон албаны), хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй байдлыг ашиглах, эсвэл сэтгэцийн өвчний улмаас гэмт үйлдлийн хохирогч болсон, түр хугацаагаар сэтгэх чадваргүй болсон, мансууруулах бодис, согтууруулах ундааны нөлөөнд байхад хурьцал үйлдсэн бол нөхцөл байдлыг харгалзан нэгээс хорин жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл насаар нь хорих ялаар шийтгэхээр хуульчилсан. Эрүүгийн хуулиар эхнэр/нөхрөө хүчирхийлэх хэргийг гэмт хэрэгт тооцдог. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдог болсон бөгөөд хүчирхийлэл үйлдэгчдийг захиргааны болон эрүүгийн хуулийн аль алиных нь дагуу шийтгэж, эрүүгийн хэрэгт хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял өгдөг болсон. Төр засгаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн мэдээллийн нэгдсэн санг үндэсний хэмжээнд хөтөлж, хоёр дахь удаагаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд автоматаар эрүүгийн хуулиар хариуцлага тооцдог.
Анхаарал хандуулсаар байгаа хэдий ч гэр бүлийн хүчирхийлэл нь ноцтой бөгөөд өргөн хүрээтэй тархсан асуудал хэвээр байна. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв (ХЭҮТ) ТББ-ын мэдээлснээр Ковид-19-ын өндөржүүлсэн бэлэн байдлын үед нийтэд нь хөл хорио тогтоосон үед хүчирхийллийн талаар мэдүүлэхэд хохирогчдод бэрхшээлтэй байсан байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлыг Хууль сахиулахын их сургуулийн магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөр болон цагдаагийн нийт алба хаагчдын ажил үүргийн хуваарьт тусгаж өгчээ.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн мэдээлснээр 2020 оны хоёрдугаар хагаст гэр бүлийн хүчирхийлэл 25 хувиар өссөн. Энэ өсөлтийг тэд Ковид-19 цар тахлын улмаас сургуулиуд хаагдаж, хөдөлгөөний хязгаарлалт тавьсантай холбон үзэж байна. ХЭҮК-ийн жилийн тайланд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 30 хувиар өссөн гэжээ. Цар тахлын үед тогтоосон хэд хэдэн удаагийн хөл хорионы улмаас гэр бүлийн хүчирхийллийн хэргүүд өсч, хохирогчдын зүгээс туслалцаа авах боломжийг хязгаарласан байж болзошгүй хэмээн ХЭҮК-ийн мөн тайланд дурдсан байна.
ЦЕГ-аас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тусгай нэгжийг байгуулсан. Цагдаагийн байгууллага, төрөл бүрийн ТББ, орон нутгийн захиргаа, эмнэлгүүдийн ажиллуулдаг гэр бүлийн хүчирхийллийг даван туулагчдад зориулсан 20 хамгаалах байр, 17 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байна. Эдгээр хамгаалах байрууд нь ХЭҮТ-өөс боловсруулсан үйл ажиллагааны стандарт журмыг мөрддөг. Гол төлөв эмнэлгүүдийн байранд байрлах нэг цэгийн үйлчилгээний төвүүд хохирогчдыг 72 цаг хүртэл хугацаагаар байлгадаг. Хөдөө орон нутагт хамгаалах байрны тоо харьцангуй цөөн байгаа нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон, тусламж дэмжлэг шаардлагатай хүмүүсийн хувьд хүндрэл бэрхшээлтэй байна.
Бэлгийн дарамт: Эрүүгийн хуульд бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцдоггүй. ТББ-уудын хэлснээр зүй бусаар биеэ авч явах гэж юуг хэлэх талаар мэдлэг, нэгдсэн ойлголт байхгүй учраас уг асуудлын зааг хязгаарыг тогтооход бэрхшээл үүсэж байна. Гомдол хүлээн авсны дараа ХЭҮК шалгалт явуулж, улмаар ажил олгогч руу нь тухайн хэрэгт буруутгагдаж буй этгээдэд захиргааны шийтгэл ноогдуулахыг санал болгосон захидал илгээж болдог.
Нэгэн эмэгтэй Их Хурлын гишүүн Ц.Анандбазарыг 2019 онд Их Хуралд сонгогдхоосоо өмнө ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн дөрөвдүгээр сард гомдол гаргасан. Уг мэдэгдэл нь олон нийтийн дэмжлэгтэйгээр #MeTooMongolia хөдөлгөөн болон өрнөж, уг гишүүний нам, хууль тогтоогчид болон цагдаагийн байгууллагаас хохирогчийг хамгаалж, шударга ёсыг тогтоохыг шаардсан. Монгол Ардын Нам Ц.Анандбазарыг нам болон парламент дахь бүлгийн үйл ажиллагаанд оролцохыг түдгэлзүүлсэн. Аравдугаар сарын байдлаар уг хэрэг дээр эрх зүйн ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй байна.
Нөхөн үржихүйн эрх: Үр хөндөлт, үргүйдлийг төрийн байгууллагуудаас албадсан тохиолдол гараагүй. Эцэг эх буюу асран хүмүүжүүлэгчээс зөвшөөрөл урьдчилан авалгүйгээр охидыг эмэгтэйчүүдийн үзлэгт оруулахыг хориглосон заавар чиглэл Боловсрол шинжлэх ухааны яамнаас тавдугаар сард өгсөөр байхад зарим нэгэн хөдөөгийн сургуулиудад дээрх үйл ажиллагааг явуулсан тухай хоёр ч төрийн бус байгууллагаас батлан мэдэгдсэн байна. Уг үзлэг нь бэлгийн дарамт, бэлгийн замын өвчний шинж тэмдэг байгаа эсэхийг шалгах зорилготой гэх боловч олон нийт онгон эсэхийг мэдэх шалгалт гэж ойлгодог байна.
Бэлгийн хүчирхийллийг даван туулагчдад төрөөс бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. Хүчингийн хэргийн хохирогчдод жирэмслэлтээс яаралтай хамгаалах эмийг тав хоногийн дотор олгодог байна.
Ялгаварлан гадуурхал: Хуулиар эмэгтэй, эрэгтэй хүмүүс хууль эрх зүйн хувьд ижил статус, ижил эрхтэй байхын зэрэгцээ ижил хөдөлмөрт адил цалин хөлс авах, боловсрол эзэмшихэд ч тэгш эрхтэй байна гэж заасан. Эдгээр эрх нь ерөнхийдөө хангагддаг ч эмэгтэйчүүд хөдөлмөр эрхлэх дээр ялгаварлан гадуурхалд өртдөг. Арваннэгдүгээр сарын байдлаар ХЭҮК-т ялгаварлан гадуурхагдсан гэх 25 гомдол ирсэн ба эдгээрийн ес нь нийгмийн байдал, дөрөв нь хөгжлийн бэрхшээл, гурав нь үндэс угсаа, хоёр нь итгэл үнэмшил ба боловсрол, нэг нь нас, нэг нь өмчийн эзэмшил, нэг нь хөдөлмөр эрхлэлт, зургаа нь бэлгийн чиг баримжаагаар ялгаварлан гадуурхсан гэжээ.
Хуульд төрийн байгууллага, улс төрийн намуудад эмэгтэйчүүдийг оролцуулах албан ёсны квот тогтоож өгсөн. Мөн хуулиар нас, хүйс, гадаад төрхөөр ялгаварлан гадуурхахыг хориглодог боловч төрийн байгууллагууд энэ заалтыг хэрэгжүүлээгүй гэж зарим ТББ-ууд тэмдэглэжээ. Хуульд төрийн албаны улс төрийн албан тушаалд томилогдогсдын дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь засгийн газар, аймаг, нийслэлд доод тал нь 15 хувь, дүүрэгт 20 хувь, хороо, суманд 30 хувь байхаар тус тус заасан. Түүнчлэн улс төрийн намын удирдах албан тушаалтны 25 хувиас доошгүй хувийг эмэгтэйчүүд төлөөлөх ёстой гэж заасан байдаг. 2020 оны зургаадугаар сарын УИХ-ын сонгуулийн дараа эмэгтэйчүүдийн төлөөлөл ялимгүй өссөн боловч Засгийн газрын хэмжээнд өндөр албан тушаалд ажиллах эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй байна. Засгийн газрын 16 сайдаас дөрөв нь, УИХ-ын 76 гишүүнээс 13 нь эмэгтэй байна. Орон нутгийн сонгуулийн үед ихэнх газрууд хүйсийн квотыг баримталсан бол Баян-Өлгий аймагт аймаг болон сумын түвшинд тогтоосон квотод хүргэж чадаагүй.
Гэрлэлтээ цуцлуулсан эмэгтэйчүүд ихэнх тохиолдолд хүүхдээ асрамжиндаа авдаг бол, гэрлэлтээ цуцлуулсан нөхрүүд хүүхдийн тэтгэмж өгөхгүй байх явдал элбэг бөгөөд үүнийхээ төлөө торгууль төлдөггүй. Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийн мэдээлснээр гэр бүлийн дундын хөрөнгө, бизнес голдуу өрхийн тэргүүний нэр дээр бүртгэлтэй байдаг тул гэр бүл салах үед өмчлөх эрх нь нөхөрт шууд хадгалагдан үлдэх явдал байсаар байна.
Ерөнхий сайдаар ахлуулсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны (ХНХЯ) дэргэдэх Жендэрийн үндэсний хороо нь яамд, ТББ болон аймаг, орон нутгийн жендэрийн хорооны түвшинд эмэгтэйчүүдтэй холбоотой бодлогыг зохицуулж, тэдний эрх ашгийг хамгаалдаг. Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр (2017- 2021) болон холбогдох үйл ажиллагааны төлөвлөгөө нь эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлж, улс төр, нийгмийн амьдрал дахь эрх тэгш оролцоог хангах зорилготой.
АРЬС ӨНГӨ БУЮУ ҮНДЭСТЭН ЯСТНЫ ХҮЧИРХИЙЛЭЛ БА ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛ
Хуулиар арьс өнгө, үндэстний цөөнх, тэдний бүлгүүдийг хүчирхийлэл ба ялгаварлан гадуурхлаас хамгаалдаг. Төр засаг уг хуулийг үр дүнтэй хэрэгжүүлдэг. Улс орны хүн амын 96 хувь нь монгол үндэстэн. Улс орны баруун хэсэгт төвлөрөн амьдардаг казах үндэстний цөөнхөд тулгарсан ямарваа нэгэн нөцтой асуудал байхгүй. Хэт даврагч бүлгийн гишүүд Хятад, Вьетнам зэрэг гадаадын иргэдийг заримдаа дарамталдаг.
ХҮҮХЭД
Төрсний бүртгэл: Иргэний харьяаллыг эцэг эхийн аль нэгний харьяаллаар тогтоох ба төрөлтийг тэр даруйд нь бүртгэж, бүртгэлийн дугаарыг Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороо болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын хамтран боловсруулсан цахим системээр дамжуулан олгодог. Хүүхдийнхээ төрөлтийг бүртгүүлэхгүй бол төрийн үйлчилгээ авах боломжгүй болох эрсдэлтэй.
Хүүхэдтэй зүй бусаар харьцах: Эрүүгийн хуульд хүүхдийг хараа хяналтгүй орхих, донтох байдалд татан оруулах, эрүүгийн хэрэгт уруу татах, хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх, гуйлга гуйлгах, хүүхэд ашиглан садар самууныг сурталчлах зэрэг хүүхдийн эсрэг гэмт хэргүүдийг бүлэглэн хуульчилсан байна.
Хүүхэдтэй зүй бусаар харьцах, хүчирхийлэх явдал ноцтой асуудал байсан бөгөөд гол төлөв гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн зүй бус харьцааны хэлбэрээр илэрч байна. Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас (ГБХЗХГ) хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар дуудлага хүлээн авдаг хүүхдийн шууд утсыг тогтмол ажиллуулж, мөн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд зориулсан түр хамгаалах байр зэрэг шуурхай тусламжийн төвийг үргэлжлүүлэн ажиллуулж байгаа ажээ. Төрөөс ажиллуулж буй хамгаалах байрууд нь гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн зүй бус харьцаа, үл тоомсорлогдох, хараа хяналтгүй орхигдсон хохирогч хүүхдүүдэд үйлчилж ирсэн бөгөөд нэн эмзэг нөхцөлд байгаа хүүхдүүдэд зориулсан тусгай байр гаргах бололцоогүй байсан. ГБХЗХГ-аас хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд зориулсан нэмэлт хамгаалах байр ажиллуулах зорилгоор Улаанбаатар хотын нэгэн ТББ-д санхүүжилт өгсөн байна. ТББ-ын мэдээлснээр хүчирхийллийн хохирогч хүүхдүүдийг урт хугацаагаар халамж асаргаанд байлгах байрны зай талбай хангалтгүй байсан байна.
ГБХЗХГ-ийн мэдээлснээр, иргэд хүүхэдтэй зүй бус харьцсан тохиолдлуудыг тэр дор нь холбогдох газар, агентлагуудад мэдэгдэх үүрэгтэй хэмээн хуулинд заасны дагуу өнгөрсөн онуудад дээрх мэдээллийн тоо нэмэгдсэн гэх боловч тайлангийн жилд өмнөх 2019 онтой харьцуулбал хүүхэдтэй зүй бус харьсан мэдээллийн тоо 30 хувиар буурсан нь нэн тэргүүний мэдээлэгч болох сургууль, цэцэрлэг болон бусад боловсролын байгууллагууд нэгдүгээр сараас есдүгээр сарын хооронд Ковид-19 цар тахалтай холбоотой хязгаарлалтын хүрээнд хаагдсантай холбоотой гэжээ. ХЭҮК-ын мэдэгдсэнээр цар тахлын улмаас хүүхэд хүчирхийлэлд өртөх, үл тоомсорлогдох, хоол хүнс, тэжээлийн дутагдалд орох явдал өссөн байна. Ажилгүйдэл, ядуурлын байдал доройтож, өдрийн хоолоор үйлчилдэг сургуулиуд хаагдан, цар тахлын хязгаарлалтуудын улмаас хүүхэд, эцэг эхчүүдэд үзүүлэх нийгэм, сэтгэл зүйн туслалцаа дэмжлэг дутмаг байсан нь дээрх асуудалд нэрмээс болжээ.
Хүүхдээ хараа хяналтгүй орхих явдал бас байна. Үл тоомсорлох болон эцэг эхийн зүй бус харьцаанаас болж зарим хүүхдүүд өнчирч, гэр орноосоо дайжих явдал гарч байна. Эцэг эх нь зүй бус харьцсан хүүхдүүдийг түр хамгаалах байр луу явуулдаг гэж цагдаагийн ажилтнууд мэдэгдсэн ч олон хүүхдийг нөгөө л хүчирхийлэгч эцэг эхэд нь буцаасан тухай хөндлөнгийн ажиглагчид хэлж байна. ГБХЗХГ-ын мэдээлснээр улсын хэмжээнд зургаадугаар сарын байдлаар 2646 хүүхдэд 33 түр болон нэг цэгийн үйлчилгээний цэгүүдэд туслалцаа үзүүлсэн байна. Аймаг бүрт болон Улаанбаатар хотын бүх дүүргийн цагдаагийн нэгжүүдэд насанд хүрээгүйчүүдийн эсрэг буюу тэдний үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах үүрэг бүхий мэргэшсэн цагдаагийн алба хаагч байдаг.
Хүүхэд насандаа болон хүчээр гэр бүл болох: Хуульд заасан гэр бүл болох хамгийн доод нас 18 бөгөөд шүүхээр зөвшөөрөгдсөн тусгай нөхцөл байдалд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл авсны үндсэн дээр 16-18 нас байна гэж заажээ.
Хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашиглах: 18-аас доош насны хүүхдийг ашиг олох зорилгоор бэлгийн мөлжлөгт ашиглахыг хуулиар хориглосон хэдий ч ийм асуудал илэрсэн. Харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орох насны доод хязгаар 16 нас юм.
Насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэхгүй байх заалтыг зөрчсөн этгээдийг (16 хүрээгүй этгээдтэй хүч хэрэглэхгүй, хүч хэрэглэхээр заналхийлэхгүйгээр хурьцал үйлдсэн байхыг хэлнэ) таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Насанд хүрээгүй хүүхдийн биеийг үнэлүүлсэн, эсвэл бэлгийн мөлжлөгт ашигласан этгээдэд 20 хүртэлх жилээр, эсвэл хүндрүүлэх шалтгаантай гэж үзвэл бүх насаар нь шоронд хорих ял шийтгэл онооно. Эрүүгийн хуулиар хүүхдийг садар самуунд уруу татсан тохиолдолд оноох ялын дээд хэмжээ нь найман жилийн хорих ял байна. ГБХЗХГ-ын мэдээлснээр бэлгийн мөлжлөгтэй холбоотой 298 гомдол мэдүүлсний 98-д нь шүүх ял оноосон байна.
Олон улсын хэмжээнд хүүхэд хулгайлах: Монгол Улс 1980 онд батлагдсан Улс дамнан хулгайлагдсан хүүхдийг орон гэрт нь буцаах иргэний талуудын тухай Гаагийн конвенцод нэгдэн ороогүй. АНУ-ын Төрийн департаментаас жил тутам гаргадаг Эцэг, эхийн зүгээс хүүхдээ хулгайлах олон улсын гэмт хэргийн тухай тайланг дараах хаягаар орж үзнэ үү. https://travel.state.gov/content/travel/en/International-Parental-Child-Abduction/for- providers/legal-reports-and-data/reported-cases.html.
АНТИ СЕМИТИЗМ
Еврей хүн амын тоо маш цөөн, анти семитик үйлдэл гарсан тухай мэдээлэл ирээгүй. Тус улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нео-нацист гэгдэх үндсэрхэг үзэлтэй бүлгэмийнхэн еврейчүүд бус, харин Азийн бусад орны иргэд рүү дайрах хандлагатай.
ХҮНИЙ НАЙМАА
АНУ-ын Төрийн департаментын Хүний наймааны талаарх илтгэлийг https://www.state.gov/trafficking-in-persons-report/ хаягаар орж үзнэ үү.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН
Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ялгаварлан гадуурхахыг хуулиар хориглодог ба хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдгийг бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүн гэж тодорхойлжээ. Ерөнхий сайд өөрийн албанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрийн бодлогод зөвлөх үүрэг бүхий нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудал хариуцсан зөвлөхийн албан тушаалыг бий болгосон. Төр, засгийн газрын ихэнх барилга байгууламж тэргэнцэртэй хүн ороход боломжгүй, Улаанбаатар хотын цөөн хэдэн уулзвар л харааны бэрхшээлтэй явган зорчигчдод туслах дуут гарцаар тоноглогдсон байна.
Боловсрол эзэмшихэд ялгаварлан гадуурхахыг хориглосон тодорхой заалт байдаггүй ч, хуулиар хөгжлийн бэрхшээлтэй оюутан сурагчдыг боловсрол эзэмших орчин нөхцөлөөр хангаж өгөхийг төрөөс шаарддаг. Хуульд зааснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд суралцах боломжтой хэдий ч бодит байдал дээр ийнхүү боловсрол эзэмшихэд ихээхэн саад бэрхшээл тулгарч байна. Ихэнх сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургах орчныг бүрдүүлэхүйц дэд бүтэц, сайтар бэлтгэгдсэн ажилтан, алба хаагчаар гачигдаж байна.
Ерөнхий боловсролын сургуулиудад шаардлагатай багш нарыг бэлтгээгүй, туслах багш нарыг ажиллуулах тогтолцоо байхгүйн улмаас тэгш хамруулан сургах сургалтын орчинг бий болгоно гэсэн 2019 оны Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаал хараахан бүрэн хэрэгжээгүй байна. Ерөнхий боловсролын сургуульд элсүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо нэмэгдэж байгаа боловч зарим нэгэн сургууль авахаас татгалзсан гэсэн мэдээлэл байна.
Шинээр баригдах нийтийн барилга байгууламж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээг хангасан стандарттай байх хууль батлагдсан бөгөөд шинэ барилга байгууламжийн стандарт чанарыг хянан шалгах улсын комисст хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл ажиллаж байгаа ч, ихэнх шинэ барилга уг хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй. Нөгөөтэйгүүр, нийтийн тээврийн хэрэгслээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжгүй хэвээр байна. Улаанбаатар хотноо үйлчилгээнд гарч байгаа 964 нийтийн тээврийн автобусны зөвхөн найм нь тэргэнцэртэй хүнд үйлчлэхээр тоногдлогдсон бөгөөд эдгээр нь нийт 98 чиглэлийн зөвхөн нэгд нь явдаг болохыг Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооноос мэдэгджээ. ХЭҮТ-ийн мэдээлснээр гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хүлээн авах зарим нэгэн хамгаалалтын байрны нөхцлийг сайжруулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авахаар тохижуулсан байна.
Ковид-19 цар тахлын эдийн засгийн сөрөг үр нөлөөг багасгах үүднээс Засгийн газраас нэмэлт 100,000 төгрөгийг (35 ам доллар) хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зэрэг нийгмийн халамж үйлчилгээ авагсдад сар тутам нэмэлтээр олгосон байна.
ХДХВ БОЛОН ДОХ – НИЙГМИЙН ЖИГШИЛ
ХДХВ-ын халдвар, ДОХ-той хүмүүсийг илт ялгаварлан гадуурхдаггүй ч, нийгэмд тодорхой хэмжээний алагчлал оршсоор байна. Олон нийт ерөнхийдөө ХДХВ-ын халдвар болон ДОХ-ыг ижил хүйсийн хүнтэй бэлгийн харьцаанд орох явдалтай холбож ойлгодог нь тэднийг нийгмийн жигшил болон хөдөлмөр эрхлэхэд ялгаварлан гадуурхалтанд өртөхөд хүргэдэг.
БЭЛГИЙН ЧИГ БАРИМЖАА БА ХҮЙСИЙН БАРИМЖАА ИЛЭРХИЙЛЭЛД СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ, ГЭМТ ҮЙЛДДЭЛ БОЛОН БУСАД ЗҮЙ БУС ХАРЬЦАА
Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллээсээ болж ЛГБТКИ+ хүмүүс олон нийтийн дунд ч, ар гэртээ ч хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтад өртдөг. Хөдөө орон нутагт ЛГБТКИ+ хүмүүсийн талаарх олон нийтийн мэдлэг мэдээлэл хомс, цахим орчинд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах хүртээмж хязгаарлагдмал байдаг тул тэд нийслэл Улаанбаатар хотыг бодвол хөдөө орон нутагт ялгаварлан гадуурхалтанд өртөх нь элбэг, айдас түгшүүртэй байдаг тухай мэдээлжээ. ЛГБТ төв нь ЛГБТКИ+ хүмүүс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаар мэдээлэл хүлээж авсан бөгөөд эдгээрийн ихэнх нь гэр бүлийнхэндээ өөрийгөө илчилсэн, эсвэл гэр бүлийнхэн нь ЛГБТКИ+ болохыг нь мэдсэн гэх хүүхэд, залуус байжээ.
Архангай аймагт нутгийн хэсэг иргэд нийгмийн сүлжээнд олны танил болсон нэгэн ЛГБТКИ+ хүнийг нутгийн нэр хүндийг гутаасан хэмээн зодож гэмтээсэн. Цагдаагийн байгууллагаас хэргийг мөрдөн шалгаж байна.
Есдүгээр сард зохион байгуулагдсан Тэгш эрх, бахархлын өдрүүдээр Улаанбаатар хотын засаг даргын орлогч Facebook хуудсаараа ЛГБТКИ+ хүмүүсийг ялгаварлан гадуурхсан мэдэгдэл хийж автобусны зогсоолууд ба автобусны дотор ЛГБТИ төвөөс төлбөртэйгээр байрлуулсан Тэгш эрх, бахархлын өдрүүдийн сурталчилгааны хуудсыг авахыг тушаасан. Засаг даргын орлогчийн Facebook-т бичсэн зүйлийн дараа ЛГБТИ төвд үл мэдэгдэх хүмүүсээс амь насанд нь заналхийлсэн хэд хэдэн сүрдүүлэг ирсэн. ЛГБТИ төвөөс есдсүгээр сард цагдаад гомдол гаргасан боловч арваннэгдүгээр сарын байдлаар хэргийг мөрдөн шалгаж байна. ХЭҮК-оос Улаанбаатар хотын Засаг даргад хэд хэдэн заавар чиглэл өгч хотын захиргааны албан хаагчдын дунд Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон бэлгийн цөөнхийн эрхийн талаар ойлголт өгөх сургалт явуулж, олон нийтийн өмнө уучлал гуйх зэрэг шаардлагуудыг тавьсан.
ЛГБТКИ+ хүмүүсийн цуглуулсан баримтуудаас харахад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг албаныхны бэлгийн цөөнхийн талаарх ойлголт сул байгаагаас гадна дагалдан гарч болзошгүй ЛГБТКИ+ хүмүүсийн бие махбод, сэтгэл зүйн асуудлыг мэдэхгүй байна. Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй хүмүүст өөрсдийн бэлгийн чиг баримжааг мэдүүлэх нь тэднийг тохуурхах, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, төрийн бусад байгууллагуудад тэдний чиг баримжааны талаар мэдээлэх вий гэсэн айдас дагуулдаг хэмээн ЛГБТКИ+ хүмүүс хэлж байв.
ЛГБТКИ+ иргэдийг ажил хөдөлмөр эрхлэхэд ялгаварлан гадуурхсан гэсэн мэдээлэл бүртгэгдсэн.
Долдугаар хэсэг. Ажилчдын эрх
А. ЭВЛЭЛДЭН НЭГДЭХ ЭРХ ЧӨЛӨӨ, ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ ЭРХ
Хуульд зааснаар ажилчид урьдчилж зөвшөөрөл авах юм уу хэт өндөр шаардлага хангахгүйгээр өөрсдийн саналаар бие даасан үйлдвэрчний эвлэл, эсвэл мэргэжлийн байгууллага байгуулах, эвсэн нэгдэх эрхтэй. Хуулиар төрийн тусгай үйлчилгээ, онцгой албанд ажиллагсдаас бусад бүх ажилтны хувьд үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд ялгаварлан гадуурхалгүйгээр оролцох, ажил хаях, хамтын хэлэлцээ хийх эрхийг нь хамгаалсан байдаг. Түүнчлэн үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцсоны улмаас ажлаас халагдсан хүнийг ажилд нь буцааж авахыг хуульчилсан.
Улс орныг батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журам сахиулах үүрэг бүхий байгууллага, тэр дундаа цагдаагийн алба хаагчид, эрчим хүч, нийтийн усан хангамж, нийтийн тээвэр зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчид ажил хаях эрхгүй. Ажил хаялт зохион байгуулахаар төлөвлөж буй өдөр, үргэлжлэх хугацаа, оролцогчдын тоог дурдсан мэдэгдлийг ажил хаялтын өдөр болохоос таваас доошгүй өдрийн өмнө удирдлагад мэдэгдэх ба үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн олонх нь ажил хаялтыг дэмжсэн байх ёстой байдаг. Хамтын гэрээнд тусгасан зохицуулалттай холбогдолгүй асуудлаар ажил хаялт зохион байгуулахыг хуулиар хориглоно.
Хууль тогтоомжид хамтын хэлэлцээ хийх, эвлэлдэн нэгдэх эрхийг хамгаалдаг ба эдгээр эрх ихэнхдээ хангагддаг. Хөдөлмөрийн хууль албан бус секторт мөн хамаараалтай боловч барагтай мөрддөггүй байна. Ихэнхдээ торгууль ногдуулах замаар шийтгэх нь зөрчлийг арилгахад хангалттай бус байна. Ажилчид удирдлагуудын хооронд гарсан дийлэнх маргааныг Хөдөлмөрийн маргаан таслах гурван талт комиссоор шийдвэрлэдэг. Уг комиссын бүрэлдэхүүнд орон нутгийн засаг захиргаа, ажил олгогч, ажилтан болон түүнтэй хамт Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ)-ны төлөөлөгч ордог. МҮЭХ-ны мэдээлснээр шүүхээр шийдвэр гаргуулах үйл ажиллагаа маш их цаг хугацаа шаарддаг тул цаг, зардлаа хэмнэх үүднээс олон ажилтан маргаанаа зогсоодог.
Долдугаар сард Эрүүл мэндийн салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэл есөн өдрийн суулт Улаанбаатар хотод зохион байгуулсан. Ковид-19 өвчлөлийн огцом өсөлтөд дарагдсан эрүүл мэндийн салбарын ажилчид бие махбод, сэтгэцийн эрүүл мэнд болон санхүүгийн асуудалтай тулгарч цалин хөлс нэмэгдүүлэх, амь насны даатгал хийхийг шаардсан. Цалинг хоёр дахин нэмэхээр Засгийн газар зөвшөөрсөн боловч арваннэгдүгээр сарын байдлаар уг тохиролцоо биеллээ олоогүй байна. МҮЭХ Засгийн газартай амжилттай хэлэлцээ хийж нийтийн албанд ажиллагсд, тэр дундаа багш, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг ирэх жил нэмэгдүүлэхээр болсон.
Б. ХҮЧЭЭР БУЮУ АЛБАДАН ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОХ
Хуулийн дагуу оноосон ял шийтгэлээс бусад тохиолдолд хүчээр буюу албадан хөдөлмөр эрхлүүлэх бүх хэлбэрийг Үндсэн хуулиар хориглосон. Эрүүгийн хуульд албадан хөдөлмөр эрхлүүлсэн тохиолдолд торгууль ногдуулах болон хорих ялаар шийтгэхээр заасан ч, энэ нь ижил төрлийн хүнд гэмт хэргийн ялтай дүйцэхүйц биш юм. Төр засгийн зүгээс хуулийг хэрэгжүүлэхэд үр дүнтэй ажилллаж чадахгүй байна. Хяналт шалгалтыг зохих хэмжээнд хийдэггүй ба хяналтын байцаагч нар гэнэтийн хяналт шалгалт хийдэггүйгээс гадна албан бус секторт хууль хэрэгждэггүй.
Албадан хөдөлмөр эрхлүүлсэн тухай, тэр дундаа хүчээр биеийг нь үнэлүүлэх, гүйлга гуйлгах зэрэг хүүхдийг албадан ажил хийлгэсэн талаар зарим мэдээлэл гарч байсан боловч тухайн жилд хүчээр хөдөлмөр эрхлүүлсэн хэргээр ял шийтгэл оногдуулаагүй байна.
АНУ-ын Төрийн департаментын Хүний наймааны тухай тайланг https://www.state.gov/trafficking-in-persons-report/ хаягаар орж үзнэ үү.
В. ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙГ ХОРИГЛОХ БА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ НАСНЫ ДООД ХЯЗГААР
Хуулиар хүүхдийн хөдөлмөрийн бүх тэвчишгүй хэлбэрийг хориглосон. Хүүхдийг хүчээр хөдөлмөр эрхлүүлэх, боолчлох, хүүхдийг биеэ үнэлэхэд татан оролцуулах, хар тамхи санал болгох, хар тамхи үйлдвэрлэх, хууль бусаар наймаалахад ашиглавал хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Хуульд зааснаар 14 нас хүрээгүй хүн хөдөлмөр эрхлэхийг хориглодог. Албан бус сектор буюу өөрсдөө хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдэд энэхүү насны хязгаарлалт үйлчилдэггүй. Харин 14 нас хүрсэн хүүхэд гагцхүү мэргэжлийн баримжаатай болох, ажлын дадлага хийх зорилгоор эцэг эх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр долоо хоногт 30 хүртэлх цагийн хөдөлмөр эрхэлж болно. Хүүхэд 15 нас хүрээд эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр мэргэжлийн сургалтанд хамрагдах гэрээ байгуулж болно. ХНХЯ-ны сайдын тушаалаар 18 насанд хүрээгүй хүүхдийг уул уурхай, барилга байгууламж зэрэг аюултай мэргэжлээр ажиллуулах, хүнд хүчир ажил хийлгүүлэх, өвлийн улиралд хурдан морины уралдаанд унаач хүүхдээр (бусад улиралд 7 нас хүрсэн хүүхэд уралдаанд орж болно) ажиллуулах, шөнийн цагаар соёлын, циркийн болон ардын урлагийн арга хэмжээнд оролцуулах, согтууруулах ундаа зардаг бизнест ажиллах болон гудамжинд гар дээрээс наймаа эрхлэхийг тус тус хориглодог. Эдгээр хоригийг үл харгалзан хүүхдээр хурдан морь унуулах, гудамжинд гар дээрээс наймаа хийлгэх зэргээр хууль зөрчих явдал нийтлэг харагдаж байв.
Төр засгаас хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхгүй байна. Эрх баригчдын мэдээлж байгаагаар ихэнхдээ ажил олгогчид хууль тогтоомжийг зөрчиж, насанд хүрээгүй ажилтныг долоо хоногт 40-өөс дээш цаг ажиллуулж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага цалин хөлс өгдөг ажээ. Эдгээр хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэдэггүй бөгөөд шийтгэл нь адил төстэй ноцтой гэмт хэргийн шийтгэлтэй дүйцэхгүй болно. Хүүхдийн хөдөлмөр, тэр дундаа хүүхдээр хүчээр ажил хийлгэх явдал олон салбарт, тухайлбал зочид буудал, зоогийн газар, машин засварын газар, үйлдвэр, гар дээрээс наймаа эрхлэх, хог ухах, хүчээр гуйлга гуйлгах, арга хэмжээн дээр болон гудамжинд уран нугаралтын (үндэсний урлагийн нэг төрөл) үзүүлбэр хийлгэх, хууль бусаар биеийг нь үнэлэх явдал гарч байна (“Хүүхэд” гэсэн 6-р хэсгээс үзнэ үү). ГБХЗХГ болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ) цагдаагийн байгууллагатай хамтран машин угаалгын газар, гар аргаар олборлодог бичил уурхай, зах, үйлчилгээний төв, хогийн цэг, барилга, тээврийн газар болон мал аж ахуй зэрэг 304 бизнесийн байгууллагуудад хүүхдийн хөдөлмөрийн хяналт шалгалт хийсэн. Эдгээр газруудад 144 хүүхэд ажилладаг болохыг шалгалтаар илрүүлсэн. Хүүхэд олноор ажилладаг албан бус секторт МХЕГ-аас ямарваа нэгэн хяналт шалгалт явуулаагүй байна.
Хурдан морины уралдаанд хүүхдүүд морь унаж байгаад санаа зовж байгаагаа олон улсын байгууллагууд мэдэгдсээр байна. Монгол Улс дахь НҮБ-ын төлөөлөгчийн газраас “жилийн ямар ч үед 18-аас доош насны хүүхдээр унаач хийлгэхгүй байх хууль эрх зүйн болон бүхий л шаардлагатай арга хэмжээг нэн даруу авч хэрэгжүүлэхийг” Засгийн газраас шаардсан. Хүүхдүүд ихэвчлэн дөрвөөс таван насандаа морь унаж сурдаг ба бага насны хүүхдүүд үндэсний баяр наадмын үеэр 2-20 милийн зайд болдог уралдаанд хурдны морь унадаг уламжлалтай. Хурдан морины уралдаанд аюултай үе болох ид хүйтний үе буюу арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэл бүх унаач, тэр дундаа хүүхдээр морь унуулж уралдуулахыг хориглодог.
Ковид-19 цар тахлын улмаас үндэсний баяр наадмыг долдугаар сард цуцалсан боловч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны үндсэн дээр аймаг орон нутагт баяр наадам тэмдэглэхийг зөвшөөрсөн. МХЕГ-ын мэдээлснээр зургаан аймагт 1647 удаа хүүхдүүд морины уралдаанд оролцсон байна. Зургаадугаар сард Төв аймагт уралдаанд оролцож байсан 12 настай хүүхэд мориноос унаж нас барсан байна. Мөн сард морь унаж байсан 11 настай хүүхэд Архангай аймагт хүнд бэртсэн байна.
Унаач хүүхдүүдийг бүртгэх, даатгалд хамруулж, толгой, цээжний хамгаалалт заавал хэрэглүүлэх талаар хууль тогтоомж баталж, төр засаг, олон нийтийн зүгээс тэдний аюулгүй байдлыг илүүтэй анхаарах болсон ч хэрэгжилт нь тууштай бус байна. Хурдан морь унаачдыг уралдааны явцад бэртэж гэмтэх, амь нас эрсдэх тохиолдолд унаачдад болон үлдсэн гэр бүлд нь 20 сая хүртэлх төгрөгийн ($7,300) нөхөн төлбөр олгох даатгал хийгдсэн байх удирдамжтай.
ГБХЗХГ-аас 10,000 гаруй унаач хүүхдийг (ойролцоогоор 30,000 байдаг) цахим мэдээллийн санд бүртгэж, унаач хүүхдүүдийн бүртгэлийг илүү сайн хянах, долоогоос доош насны хүүхдийг унаач хийлгэхээс сэргийлэхийн тулд биометрийн мэдээлэл цуглуулсан байна. Гэхдээ Засгийн газраас жилд нэг удаа хурдан морины уралдаануудад хүүхдийн хөдөлмөрийн хяналт шалгалт хийдэг бөгөөд ийн шалгалт явуулахаас 48 цагийн өмнө мэдэгдэх ёстой байдаг.
АНУ-ын Хөдөлмөрийн департаментаас гаргасан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тайланг https://www.dol.gov/agencies/ilab/resources/reports/child-labor/findings хаягаар, Хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөрөөр үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний жагсаалтыг https://www.dol.gov/agencies/ilab/reports/child-labor/list-of-goods хаягаар орж үзнэ үү.
Г. АЖИЛ ЭРХЛЭЛТ, МЭРГЭЖЛЭЭР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАХ
Хүнийг ажил хөдөлмөр эрхлэх, мэргэжил эзэмшихэд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, бэлгийн ба хүйсийн баримжаа, хүйс, гэрлэлтийн байдал, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдалд нь үндэслэн ялгаварлан гадуурхахыг хуулиар хориглоно. Мөн “тухайн хүний биеийн эрүүл мэндийн байдал нь хөдөлмөр эрхлэхэд саад болохоор эсхүл ажлын байран дахь хөдөлмөрийн нөхцөл эрүүл мэндэд нь харшлахаар” биш л бол ажил олгогч өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой үндэслэлээс бусад тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг авч ажиллуулахаас татгалзахыг хориглосон. Хуульд зааснаар эрүүл мэндийн байдал нь хүндэрч ажил үүргээ биелүүлэхэд бэрхшээлтэй болсноос бусад тохиолдолд ажил олгогч ХДХВ/ДОХ-ын халдвар авсан хүнийг ажилд авахаас татгалзах, эсхүл ажлаас халахыг хориглодог. Эмэгтэйчүүдийг хүнд хүчир хөдөлмөр шаарддаг, нярай хүүхэд болон эхийн эрүүл мэндэд нөлөөлж болохуйц химийн бодистой харьцдаг зарим ажлын байранд ажиллуулахыг хуулиар хориглосон.
Төрөөс дээрх хуулийг хэрэгжүүлэх талаар хангалтгүй ажилласан бөгөөд хүйс, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг баримжаа, хүйсийн илэрхийлэл, ХДХВ-ын халдвартай гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлт, ажил мэргэжлээр ялгаварлан гадуурхсан явдал гарсан. Зөрчилд ногдуулах торгуулийн хэмжээ хангалтгүй байна. Ажилтан ялгаварлан гадуурхсан хэргээр шүүхэд хандах эрхтэй боловч шүүхий процесс удаан бөгөөд үр дүнгүй байна.
Хуулиар ажил олгогчдыг ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дотоод дүрэм журамдаа тусгаж, гомдлыг барагдуулах зэргээр арга хэмжээ авахыг зааж өгсөн ч, шийтгэл оноох тухай дурдаагүй. ХЭҮК-ын мэдээлснээр ажлын байранд бэлгийн дарамт үзүүлсэн гэх 11 гомдол хүлээн авч эдгээрээс гурван ажлын байранд хяналт шалгалт хийсэн байна. ХЭҮК-оос хоёр хэргийг мөрдөн шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Үндэсний статистикийн хорооноос 2020 онд хийсэн сүүлийн хүн амын тооллогоор эрэгтэйчүүдийн цалин эмэгтэйчүүдийнхээс дунджаар 20 хувь илүү байсан байна.
Хуулиар 25 болон түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт орон тооныхоо дөрөв болон түүнээс дээш хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулахыг шаардаж, ажиллуулаагүй тохиолдолд торгууль төлөхөөр хуульчилсан ч, бодит байдал дээр ажил олгогчид хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулахад хойрго ханддаг талаар ТББ-ууд мэдээлсэн. Төрийн байгууллагууд өөрсдөө дээрх квотын дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаггүй талаар тэд бас хэлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөллийн мэдээлснээр тэд ажилд орлоо ч нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх боломж байхгүй тул зарим үед ажлын байраа хадгалж чаддаггүй (“Хөгжлийн бэрхшээлтэй иргэд” гэсэн 6 дугаар хэсгийг үзнэ үү).
ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн хэлтэс нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бодлого, төслийг боловсруулж, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Төрийн болон ТББ-уудын мэдээлснээр, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авах тухайд ажил олгогчдын хандлага сайжраагүй ба ихэнх ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулахын оронд ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд торгууль төлөхийг илүүд үзсэн хэвээр байна.
ТББ-ууд, ХЭҮК, ЛГБТКИ+ хүмүүсийн мэдээлснээр компаниуд бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаагаа нээлттэй илэрхийлсэн ЛГБТКИ+ хүмүүсийг ажилд ихэнхдээ аваагүй, ажил дээрээ өөрийн байдлаа мэдэгдсэн ЛГБТКИ+ иргэдийг байнга ялгаварлан гадуурхаж байсны дотор ажлаас халах магадлал өндөр байжээ. Үүнээс гадна ЛГБТКИ+ хүмүүс хууль бусаар ажлаас халагдахад хүрвэл өөрийнх нь байдал цааш олон хүнд задрах вий гэдгээс болгоомжилж тухайн маргааныг шүүхээр шийдвэрлүүлдэггүй нь ялгаварлан гадуурхах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Гадаад ажилчдын хувьд хөдөлмөр эрхлэлттэй холбоотой зөрчил дээр бусад хөдөлмөр эрхэлдэг хүмүүстэй ижил түвшинд хамгаалалт авч чадаагүй.
Д. ХӨДӨЛМӨРИЙН ТААТАЙ НӨХЦӨЛ
Засгийн газар, МҮЭХ, Ажил олгогчдын холбооноос бүрдсэн Үндэсний гурван талт хороо нь жил тутам үндэсний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ядуурлын түвшнээс дээгүүр тогтоодог. Хуулиар долоо хоногийн ажлын цагийг 40 цагаар тогтоож илүү цагийн мөнгийг олгоно гэсэн хэдий ч бодит амьдрал дээр илүү цагийн цалинг олгох нь нэн ховор. Тус хууль албан бус секторын ажилчдад хамаардаггүй.
Засгийн газар хуулийг бүх салбарт үр дүнтэй хэрэгжүүлж чадахгүй байна. ХНХЯ хуулийг нийтийн албанд хэрэгжүүлдэг боловч хувийн секторт ажиллаж байгаа олон хүмүүс, ялангуяа орон нутгийн жижиг компаний ажилчид ажил олгогчийн амласан цалингаас бага хэмжээний цалин авдаг талаар МҮЭХ мэдээлсэн. Барилгын салбарын ажилчид өвлийн эрс хүйтэн нөхцөл байдлаас шалтгаалан ажлаа цөөн хэдэн сарын дотор дуусгахын тулд зарим үед удаан цагаар ажиллах шаардлагатай тулгардаг нь үйлдвэрлэлийн осол гаргах, гэмтэл бэртэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл мэнд: Хөдөлмөр, хоршоо, компанийн тухай хуулиудад гадаад, дотоодын ажилчдад эрх тэгш үйлчлэх хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартуудыг хуульчилж өгсөн. МХЕГ-ын үзэж буйгаар ихэнх стандартууд үеэ өнгөрөөсөн.
МХЕГ-т ажилладаг хөдөлмөрийн байцаагчид хөдөлмөрийн бүхий л хууль тогтоомжийг бүсийн болон орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хуулийг нэн даруй мөрдөхийг шаардах эрхтэй. Төрөөс дээрх хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлсэнгүй. Байцаагчид ерөнхийдөө албан бус секторт хяналт шалгалт явуулдаггүй. МХЕГ-ын мэдэгдэж байгаагаар хяналт шалгалтын ажлын ачаалал их байдаг тул байцаагчдыг хяналт шалгалтын арга техник, баримт нотолгоо цуглуулах талаар сайтар сургаж бэлтгэх шаардлагатай. Ковид-19 хорио цээрийн үед ихэнх байцаагчдыг тэргүүн шугамд татан ажиллуулсан учир тухайн жилийн зарим төлөвлөгөөт шалгалтыг явуулж чадаагүй байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандартыг зөрчсөн болон үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан компаниудад авч буй торгуулийн хэмжээ уг асуудлыг шийдвэрлэх хөшүүрэг болж чадахгүй байгааг МХЕГ хүлээн зөвшөөрсөн. МХЕГ-т гэнэтийн шалгалт хийх эрх мэдэл дутагдаж байна.
Үндэсний статистикийн хорооноос 2020 онд явуулсан сүүлийн хүн амын тооллогоор Монгол Улсад 4,039 гадаадын ажилчид байгаа бөгөөд тэдгээрийн 2,069 нь БНХАУ-ын иргэд байна. Хойд Солонгосын ажилчид Монголд бүртгэгдээгүй байна.
Ажилтан ажлын байраа алдахгүйгээр аюулгүй байдалд халтай нөхцөл байдлаас өөрийгөө авч гарах эрхтэй. МҮЭХ Монгол-Хятадын хил дээр тавигдсан хязгаарлалтууд, байрлах байргүйн улмаас өөрсдийн ачааны машинд удаан хугацаагаар, заримдаа хэдэн сараар хүлээх зэрэг хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй тулгарч байгаа нүүрсний машины жолооч нарт сэтгэл зөвниж байгаагаа илэрхийлсэн.
МХЕГ-аас компани, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн 700 гаруй ажилчдад ажлын байрны аюулгүй байдлын талаар 11 удаагийн сургалт, форум, яриа таниулга хийжээ. Наймдугаар сарын байдлаар 144 хүн аж үйлдвэрийн осолд орж, тэдгээрээс 14 нь амь насаа алдсан байна. Энэ нь өмнөх жилтэй харьцуулбал 54 ба 6-р тус тус бага байна.
Албан бус сектор: Албан бус секторт ижил үйлчлэх ёстой хууль хэрэгжээгүйн улмаас ажилчид эрхээ баталгаатай эдэлсэнгүй. Засгийн газрын тооцоолсноор 2020 онд газар тариалангаас бусад албан бус секторт 210,000 хүн (албан бус секторын 481,400 ажилчны 44 хувь нь) ажилласан бөгөөд ихэнх нь хотуудад төвлөрсөн байв (газар тариалангаас бусад секторт ажиллагсдын 90 хувь нь Улаанбаатар хотод байжээ). Амьжиргааны газар тариалан, мал аж ахуй, бичил уурхай зэрэг нь уг албан бус секторыг голчлон бүрдүүлж байна. Тэтгэврийн тухай хуулиар гэр бүлийн жижиг бизнес эрхлэгчид болон мал аж ахуй зэрэг албан бус эдийн засгийн салбарт ажиллагсдад тэтгэвэр, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд хамрагдах боломж олгодог. Эдгээр ажилчид эрүүл мэнд, боловсрол, нийгмийн үйлчилгээ авч, сайн дурын нийгмийн даатгалд хамрагдах боломжтой.