Нэгдсэн хураангуй
Монгол улсын Үндсэн хуульд “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг” иргэний үндсэн эрх хэмээгээд хүнийг шашин шүтлэгийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглосон ба төр, шашны үйл ажиллагаа тусдаа байх ёстойг заасан. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар шашны байгууллагууд төрийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай бөгөөд шаардагдах бичиг баримтыг дэлгэрэнгүй хуульчилсан ч хэрэгжилттэй холбоотой нарийвчилсан журмыг орон нутгийн эрх баригчдын мэдэлд үлдээсэн. Шашин шүтэх, эс шүтэх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулахыг хуулиар хориглосон ч шашинд элсүүлэх зохицуулалт хязгаарлагдмал. “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 2018 онд эхлээд зогсонги байдалд орсон бөгөөд намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн жагсаалтанд орсныг эс тооцвол тус хуулийн нэмэлт өөрчлөлт, агуулга, явцын талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Улсын Их Хурлаас шашны үйл ажиллагааг зохицуулах хуулийг шинэчлэн баталтал засгийн газар шашны байгууллагыг шинээр бүртгэхийг хойшлуулах сонирхолтой байгаа тул шинээр бүртгүүлэх, бүртгэлээ сунгуулах зэрэгт удаашрал үргэлжилсэн хэвээр байна гэж христ болон буддын шашны зарим бүлэг мэдээлж байна. Ковид-19 цар тахлын улмаас жилийн ихэнх хугацаанд биечлэн оролцдог шашны бүх арга хэмжээг засгийн газар хориглосон бөгөөд уг хязгаарлалтыг цуцлахдаа шашны байгууллагуудынхыг бусад салбарын үйл ажиллагааныхаас хойш цуцалсан нь шашны эсрэг ялгаварлан гадуурхалт боллоо гэж зарим сүмийнхнийг бодоход хүргэсэн. 10 дугаар сараас эхлэн орон нутгийн засаг захиргаанаас тогтоосон урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөхѳѳ илэрхийлсэн “Хариуцлагын гэрээ” байгуулсан нѳхцѳлд шашны бүлгүүдийг уулзалт, цуглаан хийхийг зөвшөөрсөн. Нэгдүгээр сард засгийн газрын судалгааны байгууллага болох Аюулгүй байдал судлалын хүрээлэнгээс гаргасан өгүүлэлд тус улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын шашны бүлгүүд үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолд нөлөөлөхүйц түвшинд хүрсэн ба “Буддын шашны зонхилох байр суурийг төрөөс хүндэтгэн үзэх” ёстой гэжээ. Буддын болон бөөгийн шашнаас бусад “гадаадын” гэж нэрлэгддэг шашнуудын эсрэг олон нийтийн сөрөг хандлага байгаа талаар янз бүрийн шашны удирдлагууд хэлж байв. Зарим шашны бүлгүүд хүмүүнлэг болон буяны арга хэмжээг хамтран зохион байгуулсан.
АНУ-ын засгийн газрын ажилтнууд шашны эрх чөлөөний асуудлаар, тэр дундаа шашны байгууллагуудад тулгардаг виз, бүртгэлтэй холбоотой хүндрэлийн талаар Ерөнхийлөгчийн тамгын газар, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын их хурлын (УИХ) гишүүд, аймгуудын удирдлага, НИТХ зэрэг өндөр түвшний албаны хүмүүстэй уулзаж ярилцсан. Элчин сайд болон элчин сайдын яамны ажилтнууд Улаанбаатар хот дахь шашны тэргүүнүүдтэй тогтмол уулзаж, шашин шүтэх эрх чөлөө, түүнд хүндэтгэлтэй хандах байдлын талаар болон Ковид 19 цар тахлын үеийн хязгаарлалтууд тэдэнд хэрхэн нөлөөлж буй талаар ярилцсан. Ес, аравдугаар сард элчин сайд Баянхонгор, Дархан-Уул аймгуудын шашны тэргүүнүүдтэй уулзсан бол элчин сайдын яамны ажилтнууд Хэнтий, Баян-Өлгий, Ховд аймгуудад мөн адил уулзалтуудыг ес, аравдугаар сард хийсэн. Элчин сайдын яам мөн шашны эрх чөлөөг нийгмийн сүлжээгээр тогтмол дэмжсэн.
I хэсэг. Шашны хүн ам зүй
АНУ-ын Засгийн газрын тооцоолсноор Монгол улсын нийт хүн ам 3.2 сая. Нэгдүгээр сард болсон хүн амын нэгдсэн тооллогоор 15-аас дээш насны хүн амын 59.4 хувь өөрсдийгөө шашин шүтдэг гэж тодорхойлсон бол 40,6 хувь нь ямар нэг шашин шүтдэггүй гэжээ. Шашин шүтдэг хүмүүсийн 87.1 хувь нь будда, 5.4 хувь нь мусульман, 4.2 хувь нь бөө, 2.2 хувь нь христ, 1.1 хувь нь бусад шашин шүтдэг гэжээ. Монголын буддистуудын ихэнх нь Махаяана урсгалыг шүтдэг. Олон хүн бөөгийн шашны зан үйлийг өөр шашинтай, тухайлбал буддын шашинтай хослуулж хийдэг. Христийн шашинтнуудын дийлэнх нь протестант урсгалынхан ба үлдсэн нь Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм, Роман католик, Ёховагийн гэрчүүд, Оросын үнэн алдартны сүм, Дэлхийн энх тайван, эв нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо (Эв нэгдлийн сүм) зэрэг урсгалынхан болно. Монголын Бахайн нийгэмлэг гэх зэрэг шашны бүлгүүд мөн бий. Монгол улсын баруун хойно амьдардаг казахуудын ихэнх нь мусульман шашинтан болно.
II хэсэг. Шашны эрх чөлөөнд хандах засгийн газрын байр суурь Хууль, эрх зүйн хүрээ
Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх, эрх чөлөөний нэг бол “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө” юм. Шашин шүтлэгээс нь болж хүнийг ялгаварлан гадуурхахыг Үндсэн хуулиар хориглосон бөгөөд төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй гэж заасан. Мөн Үндсэн хуульд “Төр, сүм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна” гэдгийг тодотгосон байдаг. Үндсэн хуулинд зааснаар, хүн эрхээ эдлэхдээ улсын аюулгүй байдал, бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй ба нийгмийн хэв журмыг эвдэж болохгүй. Мөн Үндсэн хуулинд “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн байдаг. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд “Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй” гэж заасан.
Эрүүгийн хуулинд зааснаар, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, шашны байгууллагын үйл ажиллагаа, эсхүл шашны зан үйл үйлдэхэд саад учруулсан бол хувь хүнийг 450,000 – 2,700,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Хэрвээ шашны байгууллага, номлогч, лам, имам, бөө зэрэг шашны төлөөлөгч өөрийн шашны үзэл номлолоо бусдад хүчээр тулгасан, шахалт үзүүлсэн, хууран мэхэлж татан оруулсан, эсхүл шашны харгис үзэл номлолыг сурталчилсан бол 450,000-5,400,000 төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Зөрчлийн тухай хуулинд зааснаар, хүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулсан бол хүнийг 100,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,000,000 төгрөгөөр торгоно. Иргэний шашин шүтлэгийн байдлыг уг хүн өөрөө хүссэнээс бусад тохиолдолд албан баримт бичигт тусгасан, эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд сүм хийдийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон бол хүнийг 100,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,000,000 төгрөгөөр торгоно. Шашны байгууллага төрийн байгууллагын үүргийг эрхлэн гүйцэтгэсэн, улс төрийн үйл ажиллагаа явуулсан, эсхүл түүнд оролцсон, эсхүл санхүүжүүлсэн бол хүнийг 150,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,500,000 төгрөгөөр торгоно. Төрийн харьяалал бүхий сургууль, байгууллагад шашны сургалт, цугларалт зохион байгуулсан бол хүнийг 300,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 3,000,000 төгрөгөөр торгоно.
Төр, сүм хийдийн харилцааны хуулинд шашны үзэл номлолыг “хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх, тэдний эрүүл мэнд, ёс суртахуунд хохирол учруулах, санаа сэтгэлийг үймүүлэх замаар” дэлгэрүүлэхийг хориглодог. Мөн шашинд татан оруулахын тулд бэлэг сэлт ашиглахыг хориглодог. Хүүхдийн эрхийн тухай хуулинд хүүхэд шашин шүтэх, эс шүтэх эрхтэй гэж заасан.
Төр, сүм хийдийн харилцааны хуулинд шашны байгууллага Монголын ард түмний уламжлал, зан заншилд харшлах болон хүмүүнлэг бус үйл ажиллагаа явуулахыг хориглодог.
Шашны бүлгүүд хууль ёсны үйл ажиллагаа явуулахын тулд орон нутаг, аймгийн эрх бүхий байгууллага болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт (УБЕГ) бүртгүүлдэг. Дотоодын хууль тогтоомжид шашны байгууллагын бүртгэлийн журамтай холбоотой нарийвчилсан заалт бараг тусгаагүй, бүртгэлийн хүчинтэй хугацааг хэрхэн тогтоохыг заагаагүй ба орон нутгийн эрх баригчид өөрсдөө журам боловсруулах эрх мэдэлтэй байдаг. Бүртгэлээ сунгуулахдаа шашны байгууллагууд (ихэнх тохиолдолд жил бүр) орон нутаг болон улсын түвшний төрийн олон байгууллагад хандах ёстой байдаг. Шашны байгууллагын салбар сүм, хийдүүдийн бүртгэл болон бүртгэлийн сунгалт толгой байгууллагаасаа тусдаа байхыг шаарддаг. Зарим орон нутгийн удирдлага 16-аас доош насны хүүхдийг эцэг эхийн бичгээр олгосон зөвшөөрлийн дагуу сүмийн үйл ажиллагаанд оролцуулахыг шаарддаг.
Шашны байгууллага бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө. Үүнд: бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ) эсвэл бусад орон нутгийн удирдлагын албан
бичиг, шашны байгууллагын товч танилцуулга, дүрэм, үүсгэн байгуулах баримт бичиг, тэргүүлэгчдийн жагсаалт, санхүүгийн мэдээлэл, өмч хөрөнгийн мэдүүлэг (үүнд үл хөдлөх хөрөнгө мөн орно), лизинг эсвэл түрээсийн гэрээ, шашны үйл ажиллагаа явуулах хүсэлтэй хувь хүний товч намтар болон сүсэгтэн олны тоо зэрэг болно. Албан ёсоор бүртгэсэн ИТХ-ын тогтоолыг УБЕГ-т өгч, улсын бүртгэлийн гэрчилгээ авдаг.
Шашны байгууллага бүртгэлээ сунгуулахын тулд орон нутгийн засаг захиргаанаас (дүүрэг/сум) тодорхойлолт авах шаардлагатай. Үүний дараа уг тодорхойлолтыг бусад бичиг баримтын хамтаар НИТХ юм уу харьяалагдах аймгийн ИТХ-д өгдөг. Сунгалт хийхийн өмнө ИТХ тухайн шашны байгууллагын албан байр, цуглааны байр зэрэгт шалгалт хийж, дутагдалтай зүйл байвал залруулах шаардлага тавьдаг. Холбогдох ИТХ-аас тухайн шашны байгууллагыг цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн тогтоол батлах ба уг шашны байгууллага тус тогтоолын хуулбарыг УБЕГ руу явуулдаг. Үүний дараа УБЕГ тухайн шашны байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийн ар талд шинэ хүчинтэй хугацааг оруулдаг.
Төрийн харьяаллын болон хувийн сургуулиуд дунд сургуулийн стандарт хөтөлбөрийг заахад зориулж улсаас санхүүжилт авах эрхтэй. Харин шашны хөтөлбөр заахад зориулж тэдэнд улсаас хөрөнгө гаргахыг хуулиар хориглосон.
Боловсролын тухай хуульд нийгэм, иргэний эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө бүхий шашны чиглэлийн сургалт, шашны зан үйл, бусад үйл ажиллагааг улсын санхүүжилтээр зохион байгуулахыг хориглоно. Дээрх хоригийг зөрчсөн тохиолдолд дүүрэг болон орон нутгийн ИТХ уг шашны байгууллагын бүртгэлийн сунгалт хийлгэх хүсэлтийг татгалзах эрхтэй.
Монгол улсын иргэний цэргийн үүрэг болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын хуульд зааснаар 18-25 насны Монгол Улсын эрэгтэй иргэд нэг жилийн хугацаатай цэргийн жинхэнэ алба хаах ёстой. Шашин шүтлэг, итгэл үнэмшлээрээ цэргийн алба хаахаас татгалзсан тохиолдолд цэргийн албыг дүйцүүлэн хаахтай холбоотой заалт байдаг. Үүнд гамшгаас хамгаалах, хил хамгаалалтад туслах, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох, эсхүл нэг цэрэгт жилд зарцуулах зардалтай тэнцэх хэмжээний мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах зэрэг орно.
Хөдөлмөрийн хуульд зааснаар бүх хуулийн этгээд (шашны байгууллага мөн орно) ажилд авах гадаад ажилтан бүрдээ тодорхой тооны монгол иргэнийг ногдуулан ажиллуулах ёстой. Засгийн газар жил бүр энэ харьцааны квотыг тогтоож тогтоол гаргадаг ба энэ квот нь хөдөлмөрийн зах зээлийн салбар бүрээр жил бүр өөрчлөгддөг. Тухайн жилийн квотын жагсаалтанд ороогүй байгууллагууд нийт ажилтныхаа 95 хувьд нь монгол иргэдийг авч ажиллуулах ёстой байдаг ба энэ 95 хувийн квотыг ханган биелүүлсэн тохиолдолд л гадаад ажилтан нэмж ажиллуулж болно. Гэхдээ жил бүр гаргадаг энэ тогтоолд шашны байгууллагыг гадаадын нэг иргэн тутамд доод тал нь таван монгол иргэн ажиллуулахыг зөвшөөрдөг агаад энэ 5:1 харьцааг бууруулахгүй байх ёстой.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулинд тус улсын үндэсний зан заншилд хохирол учруулж болох “хүмүүнлэг бус” шашны урсгал сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, шүтэхийг хориглодог. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд мөн дотоод, гадаадын шашны байгууллагыг “хүмүүнлэг бус” буюу үндэсний соёл заншилд сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон төстэй заалт байдаг.
Шашны үйл ажиллагаа явуулах гэж байгаа гадаадын иргэд шашны виз хүсэх ёстой агаад тус улсын үндэсний зан заншилд хохирол учруулж болох хүмүүнлэг бус шашны урсгалыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлахыг хориглодог. Гагцхүү бүртгэлтэй шашны байгууллага гадаад иргэнийг шашны визээр урих эрхтэй. Бусад төрлийн визээр ирсэн гадаадын иргэд шашныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулах хориотой (хувь хүний шашин шүтэхийг зөвшөөрнө). Хуульд зааснаар, “ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан” бол тус улсаас албадан гаргах үндэслэл болно.
Монгол Улс нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын гэрээний гишүүн орон юм.
Засгийн газрын үйл ажиллагаа
Засгийн газар 2018 оноос хойш шашны тухай хуулийг шинэчлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн ч талуудын санаа зовнисон байдлын улмаас энэ хууль 2021 оны сүүл хүртэл батлагдаагүй хойшилсон хэвээр байна гэж ажиглагчид үзэж байна. Намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн жагсаалтанд оруулсан ч гэсэн хуулийн төслийн явц, агуулгын талаар тодорхой мэдээлэл байхгүй байна. Шинээр бүртгүүлэх хүсэлт гаргасан шашны байгууллагуудыг бүртгэхгүй байгаагийн гол шалтгааныг хуулийн шинэчлэл хүлээгдэж байгаатай холбоотой гэж зарим албан тушаалтнууд хэлж байв.
Христ болон буддын шашны хэд хэдэн төлөөллүүдийн мэдэгдсэнээр засгийн газар Улаанбаатар хотод баригдсан шинэ шашны байгууллагын бүртгэлийг олгохгүй байсан. НИТХ-ын албан тушаалтны тайлбарласнаар, энэ нь шашны харилцааг зохицуулах хууль шинэчлэн батлагдахыг хүлээж буйтай холбоотой аж. Гэхдээ НИТХ үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагуудын сунгалтыг олгож байсан. Бүртгэл болон сунгалтын үйл ажиллагаа улсын хэмжээнд харилцан адилгүй байсан бөгөөд энэ нь ихэвчлэн орон нутгийн захиргааны ажилтнуудын ажлын арга барилаас хамаарч байсан. Шашны байгууллагын бүртгэл хүчинтэй байгаа үед л гадаадаас шашны ажилтан урих эрхтэй байдаг учир бүртгэлийн үйл ажиллагаа удаашрах нь шашны байгууллагад сөргөөр нөлөөлдөг гэж хэд хэдэн шашны бүлэг хэлж байв.
НИТХ бүртгэл болон сунгалтыг голдуу 1 жилээр өгдөг ба зарим шашны байгууллага сунгалт олгох процесс их удаашралтай байсан талаар мэдээлж байсан. Зарим орон нутгийн ИТХ бүртгэлийг 2-3 жилээр сунгах явдал байдаг. НИТХ-ын ажилтны хэлж буйгаар христийн шашны байгууллагууд шинээр бүртгүүлэх, бүртгэл сунгуулах өргөдлийн ихэнхийг эзэлдэг. Христийн шашны тэргүүнүүдийн хэлж буйгаар гадаад ажилтнууддаа шашны виз авахад тулгардаг гол хүндрэл нь тухайн шашны байгууллагын бүртгэлийн сунгалт хийгдэхгүй удаан саатдагтай холбоотой гэв. Бүртгүүлэх үйл явц хүндрэлтэй, байнгын шашны үйл ажиллагаа явуулах зориулалтын байр ажиллуулж хүчрэхгүй байх, мөн бүртгэл хариуцсан ажилтан солигдох зэргээс болоод зарим шашны бүлэг бүртгүүлэх хүсэлгүй байдаг талаар христийн болон бусад шашны бүлэг хэлсэн. Дээр нь, нэг захиргаанд харьяалагддаг салбар сүмүүд толгой байгууллагаасаа тусдаа бүртгүүлэх, бүртгэлээ сунгуулах шаардлагатай байдаг нь нэмэлт хүндрэл учруулж байгааг тэд хэлж байв.
Засгийн газар шашны байгууллагын бүртгэл болон сунгалтын үйл явцаар дамжуулж тэдний үйл ажиллагаа, сүм хийдийн болон гадаадаас ирсэн санваартны тоо, шашны үйл ажиллагаа явуулж байгаа гадаад иргэн, монгол иргэний тоон харьцаа болон барилга байгууламж нь аюулгүй байдал хангаж байгаа эсэх зэрэгт хяналт тавьдаг гэж НИТХ-ын албаны хүмүүс хэлж байв. Анх удаа бүртгүүлж буй болон сунгалт хийлгэх өргөдөлд “татгалзсан” хариу өгдөг нь угтаа татгалзсан биш харин шийдвэрийг хойшлуулсан гэсэн үг ба шалтгаан нь янз бүр. Жишээ нь: үүнд бичиг баримт дутуу, галын гарц байхгүй зэрэг үйл ажиллагаа явуулах газрын нөхцөл муу, эсвэл түрээсийн гэрээ байхгүй зэрэг шалтгаан орно. Ийм тохиолдолд тэд шаардлага хангаагүй шашны байгууллагуудад тухайн зөрчлөө арилгах зааварчилгаа өгдөг ба дараа нь ахин өргөдлөө өгөх боломжтой. Зарим христийн шашны бүлэг төрийн байгууллага холбогдох дүрэм журмыг өөр өөрөөр хэрэглэхээс гадна журмаа ойр ойрхон, урьдчилан мэдэгдэлгүйгээр сольдог гэж хэлжээ. Засгийн газар журмаа харилцан адилгүй мөрдөх, хүссэнээрээ тайлбарлах, эсвэл урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх зэрэг явдал байсан талаар зарим христийн шашны бүлэг мэдэгдсэн хэвээр байгаа. Бүртгэлийн болон сунгалтын үйл ажиллагаанд албаныхан өөрийн үзэмжээр хандах тохиолдол байдаг ба татгалзсан хариу авсан тохиолдолд давж заалдах тогтолцоо байдаггүйг зарим бүлгийнхэн хэлж байна.
Түр хугацаанд бүртгэлгүй үйл ажиллагаа явуулж буй байдал нь байгууллагыг нь санхүүгийн шалгалтанд өртөх, хууль зөрчсөн асуудалд оруулж мэдэх эрсдэлтэй байгааг зарим христийн шашны тэргүүнүүд илэрхийлсэн. Бүртгэлээ сунгуулах өргөдөл нь хүлээгдээд олон жил болж байгаа ч үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой байсан гэж нэлээн хэдэн шашны байгууллага мэдээлсэн.
Бөөгийн шашны тэргүүнүүд хэлэхдээ шашны байгууллага зөвшөөрөгдсөн байранд үйл ажиллагаа явуулах хуулийн шаардлага нь тэдний байгаль дэлхийтэй харьцаж хийдэг зан үйлд нь хязгаарлалт болж байна гэж байв.
Бүртгэлгүй сүмүүд өөрсдийгөө хуулийн этгээд болохыг нотолсон албан ёсны бичиг баримтгүйн улмаас газар эзэмших, түрээслэх, татварын тайлан өгөх, эсвэл албан ёсоор төрийн байгууллагатай харьцах боломжгүй юм. Бүртгэлгүй сүмийн гишүүд сүмийнхээ хэрэгцээнд зориулж хувиараа хөрөнгө эзэмших юм уу, түрээслэн үйл ажиллагаа явуулах байдал хэвээр байна. Орон нутгийн татварын байцаагчид, цагдаагийнхан болон бусад эрх бүхий байгууллагаас байн байн шалгалт хийдэг хэдий ч бодит байдал дээр бүртгэлгүй шашны байгууллагууд үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг талаар хэлсэн.
2020 онд Дархан-Уул аймгийн ИТХ сунгалтаа хугацаанд нь хийлгээгүй гэсэн шалтгаанаар 6 шашны байгууллагын бүртгэлийг цуцалсан байсныг энэ жил буцааж сэргээсэн гэж нэгэн христийн байгууллага мэдээлсэн.
Зургаадугаар сард сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Соёл, шашны бодлогын зөвлөхийн албан тушаалыг сэргээж уг албан тушаалд Д.Бум-Очирыг томилсон. Өмнөх Ерөнхийлөгч жил гаруйн өмнө энэ албан тушаалыг татан буулгасан бөгөөд энэ албан тушаал нь төр, шашны үйл хэрэг тусдаа байх Үндсэн хуулийн заалттай үл нийцсэн хэмээн тайлбарлаж байв.
Нэг жил илүү хугацаанд бүртгэлээ сунгуулж чадахгүй байсан Cornerstone Church of All Nations сүм тавдугаар сард сунгуулсан байна. Сум, дүүргийн түвшний удирдлагуудтай эерэг харилцаатай байдаг ч НИТХ болон аймгийн зарим албан тушаалтнууд шашны байгууллагын эрх зүйн зохицуулалтыг сайн ойлгохгүйгээс бүртгэх, сунгах ажиллагаа удааширч байгааг бусад шашны бүлгүүд мэдээлсэн.
Ёховагийн гэрчүүдийн шашны нийгэмлэг тэдний Налайх дүүрэг дэх хуулийн этгээд “Ариун Библийн сайн мэдээг тунхаглагчид” (АБСМТ) байгууллагын бүртгэл хийгдээгүй хэвээр байгаа талаар мэдэгдсэн. НИТХ үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй байна гэсэн шалтгаанаар уг байгууллагын бүртгэлийг цуцалсныг хүчингүй болгосон 2017 оны анхан шатны шүүхийн шийдвэр байгаа хэдий ч хэрэгжээгүй хэвээр байгаа. НИТХ тэдний бүртгэлийг цуцалсан шийдвэрээ хүчингүй болгосон хэдий ч зохих сунгалтыг нь олгоогүй байгаа. Аравдугаар сарын байдлаар тэд шинээр өргөдөл гаргасан байсан бөгөөд дүүргийн ИТХ-ын шийдвэрийг хүлээж байсан.
Нэгдүгээр сард гарсан Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын Хүний эрхийн тайланд шашны эрх чөлөөний асуудлаар өмнѳх онд ирүүлсэн нэг гомдлын талаар мэдээлсэн бөгөөд үүнд Завхан аймгийн нэгэн сумын ИТХ-ын даргыг христийн шашинтан байсан учраас сөрөг хүчний Ардчилсан Нам томилохоос татгалзсан гэжээ.
Шашны бүлгүүд татвар, харьяатын алба, орон нутгийн захиргаа, тагнуул болон бусад агентлагаас үе үе шалгалт ирдэг хэвээр гэж мэдэгдсэн. Шашны тэргүүнүүд хэлэхдээ иймэрхүү шалгалтууд 1-2 жилийн давтамжтай ирдэг бөгөөд зарим нэг нь бүртгэлээ сунгуулах өргөдөл өгсөнтэй холбоотойгоор ирдэг гэж байв. Ковид-19 цар тахлын хязгаарлалтаас шалтгаалж шашны байгууллагууд жилийн ихэнх хугацаанд хаалттай байсан учир засгийн газар төлөвлөснөөс өөр шалгалт хийгээгүй гэж шашны бүлгүүд хэлж байв.
Өмнөх жилүүдийн тайланд дурдаж байсан шиг орон нутгийн удирдлагууд “тархи угааж болзошгүй” гэсэн болгоомжлолын үүднээс хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчгүйгээр христийн шашны үйл ажиллагаанд оролцохыг хориглосон тохиолдол гараагүй байна. 16-аас доош насны хүүхэд сүмийн үйлчилгээнд оролцохын тулд эцэг эхээсээ бичгээр зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Сүмийн захиргаа уг зөвшөөрлийг хадгалдаг ба тодорхой албан тушаалтан асуух үед үзүүлдэг. Дээрх шаардлага нь бусад шашныхныг бодвол христийн шашныханд илүү чанга мөрдөгддөг гэж тэд хэлж байв.
Зарим гадаадын иргэн шашны виз авахад хүндрэлтэй тулгарч байгаа хэвээр байна. Шашны байгууллагууд нэг гадаад ажилтан авахад доод тал нь 5 монгол иргэн ажиллуулах хуулийг шаардлагаас болоод квотод хүрэх хангалттай тооны монгол хүмүүсийг ажиллуулах санхүүгийн боломжгүй байдаг талаар хэлж байсан. Христийн шашны бүлгүүдийн мэдээлснээр тус улсад ирж буй шашин түгээгч нар гол төлөв шашны бус ажлаар, өөр төрлийн визээр ирдэг (оюутны, ажил хэргийн гэх мэт). Ингэснээр тэдний оролцож болох шашны үйл ажиллагааны хүрээ ихээхэн хязгаарлагддаг бөгөөд тэд хуулийн хүрээнд юу хийж болох вэ гэдэг нь өөр өөрөөр тайлбарлагддаг тул албадан буцаагдах магадлал өндөр болдог. Тайлангийн жилд гэхдээ ийм тохиолдол бүртгэгдээгүй байна.
Шашны визийн хүчинтэй хугацаа нь ажилладаг шашны байгууллагынх нь бүртгэлийн хугацаатай адил байдаг тул энэ нь бас нэгэн хүндрэл болдгийг зарим христийн шашны бүлэг хэлж байв. Шашны байгууллагынх нь бүртгэл зөвшөөрөгдөх, эсхүл бүртгэл нь сунгагдахаас нааш гадаадын иргэд шашны визээ авах болон сунгуулах боломжгүй юм. Визийн хүчинтэй хугацаа нь уригч байгууллагын бүртгэлийн хугацаатай ижил бөгөөд тэр хугацаанаас хэтэрч болдоггүй. Ковид-19 цар тахлаас үүдэж хил хаалттай байсан нь шашны бүлгүүд гадаад ажилтан урьж авчрахад мөн хүндрэл үүсгэсэн байна.
Ковид-19 цар тахлын улмаас жилийн ихэнх хугацаанд биечлэн оролцдог шашны бүх арга хэмжээг засгийн газар хориглосон. Гэсэн хэдий ч аравдугаар сараас эхлэн орон нутгийн засаг захиргаанаас тогтоосон урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөхѳѳ илэрхийлсэн “Хариуцлагын гэрээ” байгуулсан нѳхцѳлд шашны байгууллагууд дотор хийдэг уулзалт, цуглаанаа сэргээх боломжтой болсон.
Цар тахлыг хязгаарлалтыг цуцлахдаа засгийн газар ресторан, кино театр зэрэг байгууллагуудын хязгаарлалтыг цуцалснаас нэлээн хойш цуцалсан нь шашны эсрэг ялгаварлан гадуурхалт боллоо гэж зарим шашны бүлгийнхэн хэлсэн. Оны эцэс гэхэд шашны байгууллагууд бүгд ажиллаж эхлээгүй байсан бөгөөд үүнд “Хариуцлагын гэрээ” хийх үйл явц цаг авдаг, мөн орон нутгийн удирдлага байранд нь шалгалт хийх шаардлагатай байсан зэрэг зүйл нөлөөлжээ.
Хуульд хэдийгээр шашин шүтлэг, итгэл үнэмшлээрээ цэргийн алба хаахаас татгалзахыг иргэнд зөвшөөрдөг боловч Ёховагийн гэрчүүдийн төлөөллийн хэлснээр цэргийн албыг дүйцүүлэн хаахын тулд орон нутгийн цэргийн байгууллагын удирдлага дор 2 долоо хоногийн цэргийн сургалтад заавал хамрагдах ёстой байдаг. Цэргийн албыг дүйцүүлэн хаах өөр нэг хэлбэр бол нэг цэрэгт жилд зарцуулах зардалтай тэнцэх хэмжээний мөнгөн төлбөрийн хэлбэрээр дүйцүүлэн хаах байдаг ба энэ нь тэдний ихэнх гишүүдэд санхүүгийн дарамт болох хэмжээний мөнгөн дүн байдаг гэжээ. Цар тахлаас шалтгаалаад энэ жил Ёховагийн гэрчүүдийн гишүүдээс цэргийн албанд дуудагдсан хүн байхгүй байна.
Нэгдүгээр сард УИХ-ын 54 гишүүн “Бурхан шашин, соёлын биет болон биет бус өв соёлыг сэргээн хөгжүүлэхэд нөхөн олговор олгох тухай” хуулийн төслийг өргөн барьсан. 1930-аад оны коммунист засаглалын улмаас учирсан соёлын бодит хохирлыг арилгах зорилгоор Буддын шашны биет болон биет бус соёлын өвийг сэргээн засварлах төсөлд улсын төсвийн 0.1 хувийг зарцуулахаар уг хуулийн төсөлд тусгажээ. Гэвч төсѳвт хүндрэлтэй гэх үндэслэлээр УИХ-ын байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцэхийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Төр засгийн зүгээс шашин, түүх, соёлын чухал төвүүд гэж үзсэн буддын шашны газруудыг сэргээн засварлахад зориулж санхүүжилт хуваарилсан.
Нэгдүгээр сард засгийн газрын судалгааны байгууллага болох Аюулгүй байдал судлалын хүрээлэнгээс гаргасан “Шашны үзэл санаа ба терроризмын аюул” нэртэй судалгааны өгүүлэлд гадаадын шашны нөлөөний болзошгүй эрсдэлийн тухай бичжээ. Тус улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын шашны бүлгүүд үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолд нөлөөлөхүйц түвшинд хүрсэн ба “Буддын шашны зонхилох байр суурийг төрөөс хүндэтгэн үзэх” ёстой гэсэн дүгнэлтийг хийсэн байна.
III Хэсэг. Шашны эрх чөлөөнд хандах нийгмийн хандлага
“Гадаадын” шашны бүлгүүд гэдэгт буддын болон бөөгийн шашнаас бусад шашныг авч үздэг ба тэдний эсрэг сөрөг хандлага байдгийг өөр өөр шашны тэргүүнүүд хэлж байсан. Нэгдүгээр сард гарсан ХЭҮК-ын Хүний эрхийн тайланд дурдсанаар, өмнөх онд нэгэн иргэн шашны эрх чөлөөтэй холбоотой асуудлаар гаргасан гомдолдоо нэг христийн сүмийг “хүчээр шашинд элсүүлэх” үйл ажиллагаа явуулсан гэсэн байна. Шашны бүлгүүд хамтран хүмүүнлэг болон буяны үйл ажиллагаа зохион байгуулсан. Тухайлбал, Монголын Мусульман шашинтнуудын нийгэмлэгүүдийн холбоо, Есүс Христийн Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм хамтран аравдугаар сард Баян-Өлгий аймагт хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлсэн. 60 сая төгрөгийн ($21,100) өртөгтэй уг төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн хүүхдүүдэд дулаан хөнжил, ширээ, сандал ѳгсѳн байна. Тавдугаар сарын 26-ны өдөр тохиосон Бурхан багшийн их дүйчин өдөр Дашчойлин хийд, Есүс Христийн Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм хамтран олон нийтэд шашинд хүндэтгэлтэй хандах явдлыг таниулах зорилгоор Улаанбаатар хотын төв талбайг цэвэрлэсэн. Энэ арга хэмжээнд уг хоёр бүлгийн 50 орчим сайн дурынхан оролцсон бөгөөд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр энэ тухай өргөн мэдээлсэн.
IV Хэсэг. АНУ-ын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа
АНУ-ын элчин сайд болон бусад ажилтнууд шашны эрх чөлөөний асуудлаар, мөн шашны байгууллагуудын мэдээлдэг бүртгэл, визтэй холбоотой бэрхшээл зэрэг АНУ-ын засгийн газрын зовниж буй асуудлын талаар засгийн газрын албан тушаалтнуудтай орон нутаг, аймаг, улсын түвшинд уулзаж ярилцсан. АНУ-ын элчин сайд, элчин сайдын яамны бусад ажилтнууд УИХ-ын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яамны өндөр албан тушаалын хүмүүс, НИТХ, аймгуудын удирдлагуудтай хийсэн уулзалтуудын үеэр шашны эрх чөлөөг хамгаалах хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг уриалж, төр, шашны бүлгүүд хоорондоо харилцан ярилцаж байхын чухлыг онцлон тэмдэглэж байв.
Элчин сайд шашны түүхийн дурсгалт газар, сүм хийдүүдэд тогтмол зочилж, Улаанбаатар хотоос гадагш хөдөө орон нутагт ажиллахдаа тухайн нутгийн шашны тэргүүнүүдтэй уулзаж ярилцсан. Арваннэгдүгээр сард элчин сайд Улаанбаатар хотод будда, христ, мусульман болон бусад шашны удирдлагуудтай дугуй ширээний уулзалт зохион байгуулсан. Ес, аравдугаар саруудад тэрээр Баянхонгор, Дархан-Уул аймагт орон нутгийн будда, христ болон мусульман шашны удирдлагуудтай уулзаж, хөдөө орон нутаг дахь шашин шүтэх эрх чөлөөний байдлын талаар шашин хоорондын хэлэлцүүлэг хийсэн. Аравдугаар сард элчин сайд католик шашны удирдлагуудыг хүлээн авч, тэдний үйл ажиллагаанд Ковид-19 цар тахлын үеийн хязгаарлалтууд хэрхэн нөлөөлж байгаа талаар мэдээлэл авсан. Мѳн ес, аравдугаар саруудад элчин сайдын яамны ажилтан Хэнтий, Ховд, Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдлагуудтай шашны эрх чөлөө, шашинд хүндэтгэлтэй хандахын ач холбогдлын талаар ярилцаж, орон нутгийн будда, мусульман, христийн шашны удирдлагуудтай уулзсан. Элчин сайдын яам шашны эрх чөлөөг олон нийтийн сүлжээгээр тогтмол дэмжиж байв. Жишээ нь, элчин сайд шашны дурсгалт газарт зочилсон талаар болон өөр өөр шашны бүлгийн тэргүүнүүдтэй хийсэн уулзалтуудынхаа талаар монгол, англи хэл дээр жиргээ бичсэн.